Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 00958

 

          Х-ийн нэхэмжлэлтэй,

               иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

    Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/00182 дугаар шийдвэртэй, Х-ийн нэхэмжлэлтэй, “Т” ХХК-д холбогдох

           Нийгмийн даатгалын шимтгэл, алданги нийт 83 354 783 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, У.З, Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

   Нэхэмжлэгч Х шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцагч “Т” ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт “Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу cap тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т “Өмчийн бүх хэвшлийн аж ахуй нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн” албан журмаар даатгуулна гэж, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр cap бүр тооцож тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын дансанд шилжүүлнэ” гэж, мөн хуулийн  17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт хэсэгт заасныг тус тус зөрчин 2017 оны 10 дугаар сарын 05-ны байдлаар ажиллагсадынхаа нийгмийн даатгалын шимтгэл 55 569 855 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 27 784 928 төгрөг, нийт 83 354 783 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Дээрх зөрчлийн улмаас тус компаний даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах, өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна.

   Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 354 дүгээр “Дүрэм, журам батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм”-ийн 3 дахь хэсгийн 3.3.1-т заасныг тус тус үндэслэн 83 354 783 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч “Т” ХХК-иас гаргуулж шимтгэл, алдангийг барагдуулж өгнө үү гэжээ.

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага 2007 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс улсын бүртгэлд бүртгэгдсэн, үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний компани бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэл 55 569 855 төгрөгийн өртэй нь үнэн. Манай компани улирлын чанартай ажилладаг, 2017 онд дараах шалтгааны улмаас өр төлбөрөө барагдуулж чадаагүй юм. Үүнд: 2017 оны 04 дүгээр сард тусгай зөвшөөрөл дууссан бөгөөд сунгалт нь 2017 оны 08 дугаар сард хийгдсэн. Ерөнхийлөгчийн сонгуультай уялдуулаад тэсрэх чиглэлийн бүх байгууллагын үйл ажиллагааг үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зогсоож, төрийн байгууллагуудын хурал хойшилсон. 2015-2016 онд ажилчиддаа байнгын ажлын байраар хангах зорилгоор Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт тэсрэх бодисын үйлдвэр барьж байгуулах бүтээн байгуулалтын ажилд олсон ашгаа зарцуулсан. Бусад хамтран ажилласан байгууллагуудаас авах авлага хугацаандаа орж ирээгүй нь бидний татварт төлөхөөр төлөвлөсөн төлбөр бүрдээгүй. Манай байгууллага хугацаа хэтрүүлсэн алданги 27 784 928 төгрөгийг төлөх боломжгүй тул ниймгийн даатгалын шимтгэл 55 569 855 төгрөгийг график гарган төлөх хүсэлтэй байна гэжээ.

    Шүүх: Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан хариуцагч Т ХХК-иас 83 354 783 төгрөг гаргуулж Х-т олгож,

  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба хариуцагч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 574 724 төгрөг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

        Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Манай комнани ниймгийн даатгалын шимтгэлд 55 569 855 төгрөг төлөх үүрэгтэй. Уг төлбөрийг хугацаандаа төлж чадаагүй шалтгаан нь компани "Уул уурхайн тэсэлгээ, тэсрэх бодис үйлдвэрлэж, тээвэрлэх" үндсэн ажил үйлчилгээг эрхэлдэгтэй холбоотой үүссэн бодит нөхцөл байдлаас үүдсэн юм. Удаа дараагийн ээлжит сонгууль, АСЕМ-ийн уулзалт зэргээс ажил үйлчилгээгээ цаг тухайд нь хийж чадалгүй байсаар эдийн засгийн хямралд өртөж, ажиллах боломжгүй болсныг харгалзан үзэхийг Х-т хүсэлт гаргаж манай төлбөрт ногдох алдангийг тооцолгүйгээр төлбөрөө төлөх боломжоор хангаж өгөхийг хүссэн албан бичиг уламжилсан хариуг аваагүй байхад шүүх шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хүлээн авалгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

        Манай компани өмнөх шүүх хуралдаанд хоёр талаас эвлэрч хэлэлцэхээр болж шүүх хуралдааныг хойшлуулсан ба нэхэмжлэгч байгууллад алдангиас чөлөөлүүлэх хүсэлтээ бичгээр гаргасан байхад манай хариуг өгөлгүй хууль зөрчиж нэхэмжлэлийн зарим хэсгийг хасч алдангиас чөлөөлүүлэх эрхийг минь зөрчиж шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх боломжийг эдлүүлээгүй болно. Уг байдлыг хянаж, шийдвэр гаргах Нийгмийн даатгалын ерөнхий газарт хандаж маргааныг шийдвэрлүүлэх хууль журам байсаар байтал компанид энэхүү эрхийг олголгүй хэрэг маргааныг шийдвэрлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

      Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

      Нэхэмжлэгч Х нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан гаргасан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 55 569 855 төгрөг, алданги 27 784 928 төгрөг нийт 83 354 783 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаснаас хариуцагч нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг зөвшөөрч, алданги төлөхгүй гэж маргажээ.

      Хэрэгт авагдсан Х-ийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 15000164, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 16000064, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 16000222 дугаар албан шаардлагаа, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаар уулзалтын тэмдэглэл, 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн тооцоо нийлсэн акт зэрэг нотлох баримтаар  хариуцагч “Т” ХХК 2015-2017 оны нийгмийн даатгалын шимтгэлд нийт 55 569 855 төгрөгийг хуульд заасан хугацаанд төлөөгүй болох нь тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна. 

       Ажил олгогчийн хувиар хариуцагч “Т” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын санд шилжүүлээгүй нь тогтоогдсон тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт тус тус заасан буюу хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

     Иймд нэхэмжлэгч Х нь хариуцагч “Т” ХХК-иас Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцож шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Х нь хариуцагч байгууллагааас нийгмийн даатгалын хэлтэст шимтгэл төлөх хуульд заасан үүргийг гүйцэтгүүлж, уг үүргээ хугацаандаа биелүүлээгүй хариуцлагад алдангийг тооцох үндэслэлтэй. Энэ талаарх  анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

       Хариуцагчийн төлөөлөгч “Х-т алданги тооцуулахгүй төлбөрөө төлөх боломжоор хангуулах хүсэлт гаргасан байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь шүүхээс гадуур урьдчилсан шийдвэрлэх журам зөрчсөн” гэж гомдол гаргасан бөгөөд энэ талаарх хүсэлт хэрэгт авагдаагүй, түүнчлэн хуулиар тогтоосон алданги төлөх үүргээс чөлөөлөх, хөнгөлөх, даалгах эрх хэмжээ шүүхэд олгогдоогүй, дээрх хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журамд хамаарахгүй байх тул давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

       Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/00182 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  574 723,92 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.БАТЗОРИГ

                                                       ШҮҮГЧИД                                          Т.ТУЯА

                                                                                                                  Д.БАЙГАЛМАА