Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2017/02995

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 26 өдөр

      Дугаар 181/ШШ2018/0

                  Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:

Хариуцагч:

хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 12 сарын 07-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Элбэгжаргал, өмгөөлөгч О.Мөнгөнчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавзанханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Жамух Интернэйшил” ХХК, “” ХХК-ууд 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 16-03/16/0036 тоот хамтран ажиллах гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан. Тухайн гэрээгээр “” ХХК нь Зиндаа сэтгүүлийн Стандарт буланд 5-8 нүүр материал нийтлүүлэх, Зиндаа сэтгүүлээс 20 ширхэгийг тогтмол захиалах үүрэг хүлээсэн бөгөөд сэтгүүл захиалгын хөлс 4 000 000 төгрөгийг улиралд нэг удаа төлөхөөр харилцан тохиролцсон.

“Жамух Интернэйшил” ХХК нь Зиндаа сэтгүүлийн 4 удаагийн Стандарт буланд “” ХХК-ийн мэдээллийн эхийг бэлтгэж нийтэлсэн бөгөөд дугаар тус бүрээс 20 ширхэгийг захиалагч талд нийлүүлж гэрээний дагуу төлбөрөө төлөхийг шаардсан боловч гүйцэтгэгч тал үүргээ биелүүлэхгүй байгаа тул нийт 80 ширхэг сэтгүүлийн төлбөр болох 4 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Жамух Интернэйшил” ХХК-ийн нэхэмжлэлтэй “” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч байна. Талуудын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр № 16-03/16/0036 тоот Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т зааснаар талууд хуулийн этгээд байгуулахгүйгээр үйл ажиллагаагаа нэгтгэн ашиг олох зорилгоор тус гэрээг байгуулсан бөгөөд хамтран ажиллах гэрээний гол зорилго нь “Жамух Интернэйшил" ХХК болон “” ХХК нарын хамтын ажиллагааны үр дүнд тодорхой хэмжээний бизнесийн ашиг олох зорилго бүхий гэрээ юм. Хамтран ажиллах гэрээний 1.2-т талууд энэхүү гэрээнд ямар зорилтыг хэрэгжүүлэн ажиллах талаар буюу гэрээний талуудын гүйцэтгэх үүргийн талаар заасан байдаг. Үүнд: “Монсертф” ХХК-ний үндсэн үйл ажиллагаа болох олон улсын стандартын сургалт, баталгаажуулалтын захиалга олоход Б тал туслах, ‘Жамух Интернэйшил” ХХК-ийн үндсэн сайтыг талууд хамтран ажиллуулах, дэлхийн стандартын талаар иргэд олон нийтэд шинэ соргог мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэх, ‘Жамух Интернэйшил” ХХК-ийн сонгогдсон ажилтнууд олон улсын стандартын асуудлаар мэргэшүүлэх, “Зиндаа” сэтгүүлд cap бүр 5-8 нүүр бүхий олон улсын стандартын талаарх мэдээлэл бэлтгэж нийтлэх гэж заасан байдаг.

“Монсертф” ХХК-ний зүгээс гэрээний 1.2-т заагдсан Олон улсын стандартын мэдээ, мэдээллийг тогтмол бэлтгэн 5-6 нүүр материалыг тухай бүр хүргүүлж байсан бөгөөд дэлхийн стандартын талаар үүргийн дагуу олон нийтэд мэдээлж байсан. Хамтран ажиллах гэрээний хэрэгжилт хангалтгүй байгаа талаар Монсертф ХХК-ийн зүгээс удаа дараа шаардлага тавьж, сонгогдсон ажилтнуудаа тогтмол болж байгаа сургалтанд хамруулах талаар гэрээний заалт зөрчигдөж байгааг сануулан улмаар 2017 оны 06 сарын 02-ны өдрийн 17\030 тоот албан бичгээр хамтран ажиллах гэрээний үндсэн нөхцөл зөрчигдөж байгааг сануулсан байдаг. Хамтран ажиллах гэрээний гол нөхцлүүд зөрчигдөж байгаагаас хамааран нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан гэрээний 2.1 дэх үүрэг хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүссэн. Өөрөөр хэлбэл, хамтран ажиллах гэрээнээс гарсан үр дагаврыг талууд хуульд заасны дагуу хамтран хариуцдаг буюу ашиг олсон тохиолдолд ашгийг хувиарлах болон алдагдалтай ажилласан тохиолдолд хамтын хариуцлага хүлээх үүрэг алдагдаж хамтран ажиллах гэрээний 5.8-д заасан харилцан тохиролцох талаар арга хэмжээ авалгүйгээр шууд шүүхийн журмаар шийдвэрлэх болсон нь харилцагч талын зүгээс гэрээний үүргээ биелүүлэх арга хэмжээ аваагүй гэж үзэж байна. Хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ Б тал болох ХХК-ийн зүгээс биелүүлээгүйн улмаас А тал болох Монсертф ХХК нь үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон. Хамтран ажиллах гэрээгээр тохиролцсон үндсэн үйл ажиллагаа явагдаагүй тул тус Зиндаа сэтгүүлийг худалдан авах үүргийг хүлээх боломжгүй байна. Гэрээний үндсэн нөхцөл хэрэгжээгүй, үндсэн үүргийг дагалдан гарах бусад үүргийг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн учир хамтран ажиллах гэрээний дагуу аль нэг тал давуу эрх эдлэх боломжгүй юм. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан болон 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар талууд хамтран ажиллах гэрээнд тэгш эрх, үүрэгтэй оролцоно. Мөн Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-д “хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна гэж заасан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлага бүхий 4 000 000 төгрөгийг А тал болох Монсертф ХХК нь төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Б тал болох ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэхүү сэтгүүл нь хамтран ажиллах гэрээний гол зорилгод ямар нэгэн хамаарал ач холбогдолгүй сэтгүүл юм гэв.

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ”Жамух Интернэйшил” ХХК нь хариуцагч  ХХК-д холбогдуулан 80 ширхэг сэтгүүлийн төлбөр 4 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна. 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

“” ХХК нь “Жамух Интернэйшил” ХХК-тай 2016 оны 11 сарын 17-ны өдөр 16-03/16/0036 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээний 2.1-д “Зиндаа сэтгүүлийн дугаар бүрт 5-8 нүүр материалыг үнэ төлбөргүй нийтлэнэ”, мөн 2.2-т “Зиндаа сэтгүүлээс 20 ширхэгийг тогтмол захиална. Төлбөрийг улиралд 1 удаа улирлын дунд сарын 20-нд “Жамух Интернэйшнл” ХХК-ийн Хаан банкны 5028693951 тоот дансанд тогтмол хийнэ” гэж зохигчид харилцан тохиролцон гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ.

Тус гэрээ нь агуулга, зорилго болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн хувьд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж зохицуулсны дагуу хийгдсэн Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Уг гэрээ нь субъект, субъектив тал болон агуулга, хэлбэрийн хувьд хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч нь дээр дурдсан гэрээний дагуу 2.1-д “Зиндаа сэтгүүлийн дугаар бүрт 5-8 нүүр материалыг үнэ төлбөргүй нийтлэнэ”, мөн 2.2-т “Зиндаа сэтгүүлээс 20 ширхэгийг тогтмол захиална. Төлбөрийг улиралд 1 удаа улирлын дунд сарын 20-нд “Жамух Интернэйшнл” ХХК-ийн Хаан банкны 5028693951 тоот дансанд тогтмол хийнэ” гэж заасан заалтыг хариуцагчийг биелүүлээгүй гэж Зиндаа сэтгүүлийн 2016/12 №01/501, 2017/01 №02/502, 2017/02 №03/503, 2017/04 №04/504 дугаарууд буюу 80 ширхэгийн үнэ 4 000 000 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.

Зохигчид гэрээнд заасны дагуу хэвлэн нийтлэгдсэн Зиндаа сэтгүүлийн 2016/12 №01/501, 2017/01 №02/502, 2017/02 №03/503, 2017/04 №04/504 дугаарууд буюу 80 ширхэгийг нэхэмжлэгч “Жамух Интернэйшил” ХХК нь хариуцагч “” ХХК-д хүлээлгэн өгсөн, сэтгүүлийн үнийг төлөөгүй талаар маргаангүй боловч хариуцагч тухайн гэрээний 3.3-т “Zindaa.mn сайтын standart.zindaa.mn домэйн нэр бүхий дэд сайтын программ хангамжийг өөрийн зардлаар гүйцэтгэж, гэрээний хугацаанд А талтай хамтран эзэмшинэ”, 3.7-д “А талын сарын сургалтын хөтөлбөрт тусгагдсан сургалтуудад тус бүр долоогоос дээш тооны сонсогч хамруулна” гэж заасан заалтуудыг нэхэмжлэгч тал биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан гэрээний 2.1 дэх үүрэг хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж маргаж байна.

Хариуцагчийн энэхүү маргаж буй татгалзлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ. Тухайлбал, зохигч талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний 3.3, 3.7-д заасан заалт хэрэгжээгүй талаар талууд харилцан тайлбарлаж байгаа боловч тухайн гэрээ нь 2016 оны 11 сарын 03-ны өдрөөс 2021 оны 11 сарын 03-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай байгуулагдсан байх тул энэхүү хугацаанд талууд гэрээнд заасан үүргээ хэн аль нь хэрэгжүүлэх боломжтой.

Иргэний хуулийн 212 дугаар зүйлийн 212.1-д “Хууль буюу гэрээнд өөрөө заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол хэд хэдэн үүргээс аль нэгийг нь сонгож гүйцэтгэх эрхийг үүрэг гүйцэтгэгч эдэлнэ”, 212.2-т “Үүрэг гүйцэтгэгч гүйцэтгэвэл зохих хэд хэдэн үйлдлийн аль нэгээс татгалзах эрхтэй бол татгалзсан тохиолдолд үлдсэн үйлдлийг гүйцэтгэх үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж зааснаар тухайн гэрээний 3.3, 3.7-д заасан заалтыг сонгон хэрэгжүүлэх үүрэг нь хэвээр үлдэнэ.

Нэхэмжлэгч ХХК нь хамтран ажиллах гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэж өөрийн зүгээс бодитой зардал гарган, Зиндаа сэтгүүлийн 2016/12 №01/501, 2017/01 №02/502, 2017/02 №03/503, 2017/04 №04/504 дугааруудад гэрээнд зааснаар хариуцагч Монсертф ХХК-ийн Олон улсын стандартын талаархи мэдээллийг 5-8 нүүрэнд нийтэлж, тухайн сэтгүүлийн дугаарууд /4 дугаар х 20 ширхэг/ нийт 80 ширхэгийг хариуцагчид нэхэмжлэхээр хүлээлгэн өгсөн болох нь зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан Зиндаа сэтгүүлийн хуулбаруудаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.9-д “Гэрээний тал бүр аливаа оролцогч талаас гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардаж болно” гэсний дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэстэй гэж үзнэ.

Мөн хуулийн 478.11-д “Хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцана” гэж заасан нь тухайн гэрээнд заасан хамтын үйл ажиллагааны улмаас алдагдал бий болсон тохиолдолд хамтран хариуцах ёстой. Хамтын үйл ажиллагааг талуудын нэг нь, эсхүл зарим нь эрхлэн гүйцэтгэсэн, зарим нь оролцохоос татгалзсан байхаас үл хамааран үйл ажиллагааны улмаас үүссэн алдагдлыг хамтран ажиллах гэрээний оролцоог талууд хамтран хариуцах үүрэгтэй. Энэхүү алдагдлыг хариуцах хэмжээг талууд гэрээгээр тохиролцон өөрөөр тогтоохыг хуулиар хориглоогүй байна.

Хариуцагч нь тухайн гэрээний улмаас манайд алдагдал үүссэн гэж тайлбарладаг боловч алдагдал үүссэн эсэх нь тодорхойгүй байх тул шүүх түүний татгалзал үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.9-д заасныг баримтлан хариуцагч  ХХК-иас 4 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78 950 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч  ХХК-иас 78 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ТҮМЭНЦЭЦЭГ