Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 1106

 

 

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/00470 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “М” ХХК-д холбогдох

 

Хамтран ажиллах гэрээний үүрэгт 4 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж” ХХК, “М” ХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 16-03/16/0036 тоот хамтран ажиллах гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан. Уг гэрээгээр “М” ХХК нь Зиндаа сэтгүүлийн Стандарт буланд 5-8 нүүр материал нийтлүүлэх, Зиндаа сэтгүүлээс 20 ширхэгийг тогтмол захиалах үүрэг хүлээсэн бөгөөд сэтгүүл захиалгын хөлс 4 000 000 төгрөгийг улиралд нэг удаа төлөхөөр харилцан тохиролцсон. “Ж” ХХК нь Зиндаа сэтгүүлийн 4 удаагийн Стандарт буланд “М” ХХК-ийн мэдээллийн эхийг бэлтгэж нийтэлсэн бөгөөд дугаар тус бүрээс 20 ширхэгийг захиалагч талд нийлүүлж гэрээний дагуу төлбөрөө төлөхийг шаардсан боловч гүйцэтгэгч тал үүргээ биелүүлэхгүй байгаа тул нийт 80 ширхэг сэтгүүлийн төлбөр болох 4 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Талуудын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр № 16-03/16/0036 тоот Хамтран ажиллах гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т зааснаар талууд хуулийн этгээд байгуулахгүйгээр үйл ажиллагаагаа нэгтгэн ашиг олох зорилгоор тус гэрээг байгуулсан бөгөөд хамтран ажиллах гэрээний гол зорилго нь “Ж" ХХК болон “М” ХХК-иудын хамтын ажиллагааны үр дүнд тодорхой хэмжээний бизнесийн ашиг олох зорилго бүхий гэрээ юм. “Мон сертф” ХХК-ийн зүгээс гэрээний 1.2-т заагдсан Олон улсын стандартын мэдээ, мэдээллийг тогтмол бэлтгэн 5-6 нүүр материалыг тухай бүр хүргүүлж байсан бөгөөд дэлхийн стандартын талаар үүргийн дагуу олон нийтэд мэдээлж байсан. Хамтран ажиллах гэрээний хэрэгжилт хангалтгүй байгаа талаар “М” ХХК-ийн зүгээс удаа дараа шаардлага тавьж, сонгогдсон ажилтнуудаа тогтмол болж байгаа сургалтад хамруулах талаар гэрээний заалт зөрчигдөж байгааг сануулан улмаар 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 17\030 тоот албан бичгээр хамтран ажиллах гэрээний үндсэн нөхцөл зөрчигдөж байгааг сануулсан байдаг. Хамтран ажиллах гэрээний гол нөхцлүүд зөрчигдөж байгаагаас хамааран нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэрээний 2.1 дэх үүрэг хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүссэн. Өөрөөр хэлбэл, хамтран ажиллах гэрээнээс гарсан үр дагаврыг талууд хуульд заасны дагуу хамтран хариуцдаг буюу ашиг олсон тохиолдолд ашгийг хувиарлах болон алдагдалтай ажилласан тохиолдолд хамтын хариуцлага хүлээх үүрэг алдагдаж хамтран ажиллах гэрээний 5.8-д заасан харилцан тохиролцох талаар арга хэмжээ авалгүйгээр шууд шүүхийн журмаар шийдвэрлэх болсон нь харилцагч талын зүгээс гэрээний үүргээ биелүүлэх арга хэмжээ аваагүй гэж үзэж байна. Хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ Б тал болох “Ж” ХХК-ийн зүгээс биелүүлээгүйн улмаас А тал болох “М” ХХК нь үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон. Хамтран ажиллах гэрээгээр тохиролцсон үндсэн үйл ажиллагаа явагдаагүй тул тус Зиндаа сэтгүүлийг худалдан авах үүргийг хүлээх боломжгүй байна. Гэрээний үндсэн нөхцөл хэрэгжээгүй, үндсэн үүргийг дагалдан гарах бусад үүргийг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн учир хамтран ажиллах гэрээний дагуу аль нэг тал давуу эрх эдлэх боломжгүй юм. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар талууд хамтран ажиллах гэрээнд тэгш эрх, үүрэгтэй оролцоно. Иймд нэхэмжлэлийн шаардлага бүхий 4 000 000 төгрөгийг А тал болох “М” ХХК нь төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Б тал болох “Ж” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэхүү сэтгүүл нь хамтран ажиллах гэрээний гол зорилгод ямар нэгэн хамаарал ач холбогдолгүй сэтгүүл юм гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.9-д заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-иас 4 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78 950 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч “М” ХХК-иас 78 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан хэдий ч хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Шүүх шийдвэртээ тус гэрээний 2.1-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн боловч хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд гэрээний үүрэг хэрэгжээгүй талаар нэхэмжлэгч тал маргадаггүй буюу гэрээний гол нөхцөл биелэгдээгүй талуудын хэн нь ч маргахгүй хүлээн зөвшөөрдөг. Шүүх хариуцагч нь тухайн гэрээний улмаас манайд алдагдал хүлээсэн гэдэг боловч алдагдал үүссэн эсэх нь тодорхойгүй байх тул шүүх түүний татгалзал үндэслэлгүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, талууд маргаагүй хүлээн зөвшөөрсөн асуудалд шүүх дүгнэлт хийж нэхэмжлэгчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн. Хамтран ажиллах гэрээ нь гэрээлэгч талуудын тэгш эрхийн зарчмын хүрээнд агуулгын хувьд зөвхөн хэлбэрийн төдий биш харин хэн нэгэн үндэслэлгүйгээр давуу эрх эдлэхгүй байх ёстой. Гэрээ хэрэгжээгүй байхад нэг тал нөгөө талдаа өөрийн бизнесийн үйл ажиллагаагаар өргөжүүлсэн гэрээний гол нөхцөл биш үүргийг биелүүлэхийг шаардсан байдаг. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11 дэх заалтыг тайлбарлахдаа хамтын ажиллагааны улмаас бий болсон хохирлыг гэрээний талууд хамтран хариуцна гэсэн байдаг. Энэ нь тухайн гэрээнд заасан хамтын ажиллагааны улмаас алдагдал бий болсон тохиолдолд хамтран хариуцах ёстой гэж тайлбарлажээ. Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11 дэх заалт нь ашиг алдагдлын талаар талууд харилцан тохиролцоогүй тохиолдолд тэгш эрхийн зарчимд тулгуурлан гэрээний дагуу ашиг алдагдлаа хувь хэмжээнд нийцүүлэн хуваахаар заасан байна. Гэрээ хэрэгжих боломжгүй болсон нөхцөл байдал үүссэн байгааг гэрээний улмаас алдагдал үүсээгүй гэж үзэж шийдэх боломжгүй юм. Хэрвээ энэ гэрээ байгуулагдаагүй хариуцагч тал, нэхэмжлэгч тал ашиг олох сонирхолтой нэгдээгүй бол тухайн сэтгүүлийн дугаарыг худалдан авах хүсэл сонирхол болоод эрх зүйн үр дагавар хариуцагч талд үүсэхгүй байх байсныг анхан шатны шүүх харгалзан үзээгүй. Иргэний эрх зүйн харилцааны диспозитив зарчим алдагдаж, анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Гэвч гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй буюу гэрээ анхнаасаа бодит байдлаар хэрэгжээгүй тохиолдолд гэрээний үндсэн үүргээс гаднах нэмэлт үүргийн гүйцэтгэлийг биелүүлэхийг шаардах эрх үүсэх боломжгүй. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар тэгш эрх шударга байдлын зарчим алдагдаж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан 80 ширхэг сэтгүүлийн төлбөр 4 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 16-03/16/0036 тоот хамтран ажиллах гэрээ  байгуулж, уг гэрээгээр “Ж” ХХК нь “Зиндаа” сэтгүүлийн дугаар бүрт “М” ХХК-ийн 5-8 нүүр материалыг үнэ төлбөргүй нийтлэх, “М” ХХК нь “Зиндаа” сэтгүүлийн дугаар бүрээс 20 ширхэгийг тогтмол захиалж, үнийг төлөх, зохигчид zindaa.mn сайтыг хамтран эзэмшиж ажиллуулахдаа “М” ХХК нь zindaa.mn сайтын агуулга, бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох, “Ж” ХХК нь zindaa.mn сайтын программ хангамжийг өөрийн зардлаар гүйцэтгэж, уг сайтаар сургалт явуулах бүртгэлийг онлайн хэлбэрээр явуулах, “Ж” ХХК нь  сургалтуудад долоогоос дээш тооны сонгогч хамруулах, төлбөрийг 80:20 хувиар хуваан авахаар талууд тохиролцсон, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

Дээрх гэрээнээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт хамаарах үүргийг харилцан хүлээсэн холимог гэрээ байгуулагдсан байх боловч зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний төлбөр төлөх үүрэгтэй холбоотой маргаан үүссэн байх тул Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт заасны дагуу тайлбарлах нь хуульд нийцнэ.

 

Хариуцагч нь татгалзлаа нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн сургалтын баталгаажуулалт захиалга олоход туслах, zindaa.mn сайт ажиллуулах, дэлхийн стандартын талаар иргэд олон нийтэд шинэ мэдээллийг цаг алдалгүй хүргэх, сонгогдсон ажилтнуудаа тогтмол сургалтад хамруулах заалт биелэгдээгүйгээс хариуцагч нь 80 ширхэг сэтгүүлийн үнэ 4 000 000 төгрөг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж тайлбарлажээ.

 

Хэргийн 26 дугаар талд хариуцагч нь нэхэмжлэгчид хамтран ажиллах гэрээний 2.4, 2.5, 3.3, 3.4, 3.5, 3.6, 3.7 дахь заалтууд хэрэгжээгүй тул хамтран ажиллах гэрээг дуусгавар болгох талаар мэдэгдсэн баримт болон талуудын тайлбараас дүгнэвэл талууд хамтран ажиллах гэрээгээр zindaa.mn сайт ажиллуулах, дэлхийн стандартын талаарх мэдээллийг иргэд олон нийтэд цаг алдалгүй хүргэх, “Жамух интернэйшнл” ХХК нь “Мон сертф” ХХК-ийн сургалтын бүртгэлийг онлайн хэлбэрээр явуулах, сургалтад долоогоос дээш тооны сонсогч хамруулах заалт биелэгдээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

 Харин нэхэмжлэгч нь гэрээний дагуу Зиндаа сэтгүүлийн 2016/2 №01/501, 2017/01 №02/502, 2017/02 №03/503, 2017/04 №04/504 дугааруудад гэрээнд зааснаар “Мон сертф” ХХК-ийн олон улсын стандартын талаарх мэдээллийг 5-8 нүүрэнд нийтэлж, тухайн сэтгүүлийн дугаарууд нийт 80 ширхэгийг хариуцагчид нэхэмжлэхээр хүлээлгэн өгсөн болох нь талуудын тайлбар болон хэргийн 10, 32-57 дугаар талд авагдсан 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн нэхэмжлэх, Зиндаа сэтгүүлийн хуулбар баримтуудаар тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй болно.

 

Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн сэтгүүлийн үнэ 4 000 000 төгрөгийг төлөх үүргээ биелээгүй тул нэхэмжлэгч шаардах эрхтэй талаар шүүх зөв дүгнэжээ.

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хариуцагч “М” ХХК-иас 4 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь зөв тул Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг тогтоох хэсгийн нэг дэх заалтад баримталсаныг өөрчлөх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

            Талууд маргаагүй хүлээн зөвшөөрсөн асуудалд шүүх дүгнэлт хийж нэхэмжлэгчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2018/00470 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

 

                                         ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ