Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2022/0768

 

 

      2022         11          08                                     128/ШШ2022/0768

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Э********** 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Н.Г ************

Гуравдагч этгээд: А.А *************

Нэхэмжлэлийн шаардлага: “Н.Г******-д Я зусланд 500 м.кв газрыг эзэмшүүлэхээр олгосон 2002 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн **** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны  4 дүгээр сарын 25-ны өдрийн А/227 дугаар захирамжийн А.А-д Я зусланд 500 м.кв газрыг эзэмших эрхийг шилжүүлсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Э******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б******, Б.С******, Ш.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  өмгөөлөгч Ж.Г********* гуравдагч этгээд А.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О *********нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч анх шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон түүний үндэслэлдээ: "Иргэн Н.Э******* намайг Н хорооны авто баазад жолоочоор ажиллаж байхад, надад манай авто баазаас *-ны лагерьт 1991 онд зуслангийн 2 давхар байшингаар шагнасан юм. Ингээд жолооч Н.Э******** би энэ лагерьтаа өнөөдрийг хүртэл 31 жил зундаа зусаж амьдарч байна. Гэтэл 2002 онд миний зуслангийн 190 м урттай хайсан хашаанд н.Г***** гэх эмэгтэй дайрч буугаад хэрүүл хийж эхэлсэн. Иргэн Н.Э******** би энэ Н.Г****** гэх эмэгтэйн хууль бусаар авирлаад байгаа үйлдлүүдийг шалгуулахаар төрийн болон хууль хяналтын бүх байгууллагуудаар тасралтгүй явсан ч өнөөдрийг хүртэл шударгаар шалгуулж чадаагүй. Иргэн Н.Г***** гэх энэ эмэгтэй Чингэлтэй дүүргийн Газрын албаны газар зохион байгуулагчид анх авилгал өгч манай хашааны газраас 2/3-ыг луйвардаж авсныг, иргэн Н.Э******** би бүр сүүлд нь 2015 онд өөрийнхөө хамгийн бага хүү Э.Т-г 18 нас хүрсэн учраас би 3 хүүхдүүддээ зуслангийнхаа газрыг яг тэгш тэнцүү 3 хувааж өгөх гээд Чингэлтэй дүүргийн Газрын албан дээр очоод л бусдад газраа алдаж луйвардуулснаа мэдсэн. Иргэн Н.Г***** нь нөхрөөсөө салаад манай хашааны газрын 1/3-ыг анх 2015 онд иргэн А.А****-д зарсныг, иргэн Н.Э******** би мэдээд Чингэлтэй дүүргийн Газрын албанд "маргаантай" гэж тэмдэглүүлсэн байсныг 2017 онд иргэн Н.Г***** нь "маргаантай" гэсэн тэмдэглэгээг арилгуулж, иргэн А.А******-с газар зарсан мөнгөө аваад, өөрийнхөө н.Г***** гэсэн нэрийг Н.С******* гэдэг нэрээр солиод 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Ирланд улс руу гарч явсныг, иргэн Н.Э******** би Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1847 шийдвэрээр улс орон даяар зарлуулж, эрэн сурвалжлуулж байж тогтоолгосон. Чингэлтэй дүүргийн Газрын албаны газар зохион байгуулалтын авсан авлигал, ашиг сонирхлын зөрчил нь дараах байдлаар нотлогддог.

1/ “Газар нь төрийн мэдэлд байна” гэсэн заалт маш ноцтойгоор зөрчигдсөн, энэ нь хуулиар бол "эзэмшиж" байгаа газраа иргэд хоорондоо худалдах, худалдан авахыг хориглоно гэж заасан байдаг. Тэгвэл иргэн Н.Г***** нь эзэмшиж байгаа газраа иргэн А.А******-д бэлэглэж байна гэх нэрээр худалдаж төр засгийг хуурч залилангийн гэмт хэрэг хийсэн. Мөн газар худалдсан мөнгөөрөө Ирланд улс руу ниссэн цаг хугацаа нь яг таарч тохирдог.

2/ "Иргэдийн эзэмшиж, өмчилж байгаа газар нь бусдын эзэмшиж, өмчилж байгаа газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй байна." гэсэн заалт маш ноцтой байдлаар зөрчигдсөн. Энэ нь Чингэлтэй дүүргийн Газрын албаны мэдээллийн санд иргэн Н.Э******** нь 460 м² газар эзэмшиж байгаа гэсэн миний мэдээлэл юу ч байдаггүй. Тэгсэн мөртлөө Чингэлтэй дүүргийн Газрын албаны архивд иргэн Н.Э******** миний газар эзэмшихээр хүсэж өгсөн материалууд бүгд байдаг. Тэр ч байтугай УБ хотын зуслангийн товчооноос надад өгсөн, миний 1992 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 1623 дугаартай "Зуслангийн сууцны үнэмлэх"-ийг эх хувиар нь аваад архивдаа хийчихээд өнөөдрийг хүртэл надад буцааж өгдөггүй. Иргэн Н.Г**** нь манай бааз байгууллагын хүн биш учраас бусдад авилгал өгч бүх хууль бус үйлдлүүдийг газар зохион байгуулагчаар хийлгэсэн байдаг.

3/ Газар зохион байгуулалтын алба нь "Иргэдийн эзэмшиж, өмчилж авах гэж байгаа газрын талаар бусадтай маргаантай байгаа эсэхийг хянаж нягтална" гэсэн заалт маш ноцтой байдлаар зөрчигдсөн. Энэ нь иргэн Н.Э******** миний 1 л хашааг дотор нь 3 хуваагаад Н.Г**** нь зараад байхад надаас бусадтай маргаантай байгаа эсэхийг огт нягталж, лавлаж асуугаагүй" гэжээ.

2. Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Яргайтын зусланд 500 м.кв газрыг Н.Г****-д эзэмшүүлэхээр олгосон 2002 оны **** дүгээр гэрчилгээг хүчингүй болгуулах, Яргайтын зусланд 500 м.кв газрыг 2017 оны А/227 дугаар захирамжаар А.А******-д шилжүүлэн эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ. А.А*****-ны хашаалсан газрын бүх хэсэг миний газар учраас бүхэлд нь маргаж байгаа. 

Хавтаст хэргийн 10 дахь хуудаст 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлсэн гэрчилгээ байгаа. Газар эзэмших хүсэлт гаргахдаа 5 бичиг баримтыг бүрдүүлж өгсөн. Нэгдүгээрт гараар бичсэн өргөдөл, хавтаст хэргийн 9 дэх хуудаст байгаа гараар зурсан кадастрын зураг, хавтаст хэргийн 7 дахь хуудаст авагдсан иргэний үнэмлэхийн хуулбар,  банкны хуулга, зуслангийн үнэмлэх гэсэн эдгээр баримтыг бүрдүүлсний үндсэн дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан. Энэ хэрэг өмнө нь С.О**** шүүгч дээр байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг дээр дурдсан баримтыг өгөөгүй гэж хэлсэн. Зөвхөн Н.Э*********-н зуслангийн сууцны үнэмлэх эх хувиараа байгаа гэсэн. Зуслангийн үнэмлэх дээр архивын тэмдэг дарж өгсөн хэрнээ байхгүй гэж худал ярьдаг. Миний нэр дээр нийт 3 газар байдаг бөгөөд үүний нэг нь би өөрийн айлын ганц хүү учраас надад миний эцэг, эх газар өгсөн. Хоёр дахь газар нь солонгост ажиллаж байгаад авсан газар, гурав дахь газар нь одоо энэ маргаж байгаа газар юм. Өөрийн хүч хөдөлмөрөөр олж авсан газрыг төр, захиргааны байгууллагууд хууль бусаар авчихдаг. Маргааны гол зүйл болох Н.Г*****-д хэн гэдэг байцаагч газрыг шилжүүлснийг шүүх одоог хүртэл олж чадаагүй байгаа. Миний хувьд эдгээр гурван газрыг өөрийн олон жилийн хөдөлмөрөөр авсан учраас заавал үнэн учрыг нь олохыг хүсэж байна. Н.Г***** нь нэрээ өөрчилж Н.С******* болгосон байсан. Үүнийг би өөрөө цагдаагийн хэлтэс дээр очиж мэдсэн. Эдгээр ойлгомжгүй нөхцөл байдлыг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна.

3556 төгрөгөөр байгууллагаасаа авсан байшин одоо манай хашаанд байгаа. 2004 онд 3 айлын газрыг агаарын зургаар тэмдэглэж эзэмших  хүсэлт гаргасан, үлдсэн 2 айлын газрыг эзэмшүүлээгүй, дутуу эзэмшүүлсэн гэж гомдол гаргаагүй. “Миний бага хүүг насанд хүрэхэд газрыг 3 хувааж авмаар байгаа юм” гэхэд дүүргийн газар зохион байгуулагч надад “боломжтой” гэж хэлж байсан. Газрын гэрчилгээг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Эдгээр баримтыг Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас надад хуулбарлаж өгсөн. Кадастрын мэдээллийн санд бүртгүүлье гэж хандах хүн нь би биш. Газрын алба бүртгэх ёстой. Хэргийн 9 дүгээр хуудсанд байгаа агаарын зургийг 2004 онд газар эзэмших хүсэлт гаргахдаа өгсөн. Эргэлтийн цэгийг тогтоолгоё гэж хандаж байгаагүй, гараар зурсан учраас зөрж магадгүй гэж үзсэн.

Одоо хашаалсан байгаа газар 460 м.кв. 2001 онд Б гэж хүнээр хашаа бариулахад хэдэн метр гэж байсан байна, тэр хэмжээгээр хашаалсан байсан. Эцэг хүнийхээ хувьд өөрийн 3 хүүхдүүддээ газраа авч өгөх хүсэлтэй байна. Хүүхдээ насанд хүрсэн хойно нь хүүхдийнхээ нэрээр газар эзэмших хүсэлт гаргаж байсан. Авлига авсан хүмүүс бүртгэж аваагүй. 2015 онд газар эзэмших хүсэлт гаргахдаа кадастр хийлгээгүй, хэрэгт байгаа энэ агаарын зургаар хүсэлтээ гаргасан.” гэв.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "Н.Э********* нэхэмжлэлтэй иргэн Н.Г*****, А.А****** нарт холбогдох газрын маргаантай асуудлыг судалж үзлээ. Тус дүүргийн ** дүгээр хороо /одоогоор/ Я зусланд иргэн Н.Г******-д дүүргийн Засаг даргын 2002 оны А/274 дугаар захирамжаар 500 м2 газрыг эзэмшүүлж, 2005 оны А/153 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгаж ******* дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

Мөн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Н.Г***** нь ************** дугаар бүхий нэгж талбарын газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн А.А-д шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу 2017 оны А/227 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн нэр шилжүүлж ****** дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

Иргэн Н.Э********* нь тухайн үеийн Улаанбаатар хотын зуслангийн товчооноос авсан 1991 оны зуслангийн сууцны үнэмлэхтэй байсан бөгөөд 2004 оны 09 дугаар сарын 07-ны өдөр тус дүүргийн ** дүгээр хороо Я зусланд газар эзэмших хүсэлт гаргасны дагуу дүүргийн Засаг даргын 2004 оны А/172 дугаар захирамжаар 460 м2 газар эзэмшүүлсэн байна.

Иймд Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3, 13 дугаар зүйлийн 13.2.4, 16 дугаар зүйлд зааснаар өмчлөл, эзэмшилд байгаа газрыг газрын улсын бүртгэлд бүртгэх үндсэн нэгж нь эдлэн газар, нэгж талбар байх бөгөөд нэгж талбар нь оноосон дугаартай, эргэлтийн цэгээр хязгаарлагдсан тодорхой хил хязгаартай, нэгж талбарын дугаараар газрын улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл, иргэн хуулийн этгээдэд эзэмшүүлж, өмчлүүлсэн газрын байршил нь кадастрын зургийн солбицлын цэгийн байршлаар тодорхойлогдох ёстой.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газрын байршил нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна." гэсэн заалтыг зөрчиж байна.

Мөн иргэн Н.Э********* нэр дээр 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар тус дүүргийн газрын кадастрын мэдээллийн сангийн программд эзэмшил болон ашиглалт бүхий газар бүртгэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхлээр нь хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “2015 онд нэгдсэн программ байгаагүй учраас 2015 онд гаргасан гэх хүсэлтийг одоо хайгаад олдохгүй байна. Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшилд байна гэж өгсөн хариуг хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн. Зуслангийн үнэмлэхийг дүүргийн Газар зохион байгуулалтын албаны архиваас өгч байсан. Н.Г*****-д эзэмшүүлсэн газар дээр 2015 онд хүүгийнхээ нэр дээр газар эзэмших хүсэлт гаргаж байсан бөгөөд түүнээс өмнө ямар нэгэн байдлаар газар эзэмших хүсэлт өгч байгаагүй учраас эрх зүйн харилцаа үүсээгүй. Маргаан бүхий газар нь Н.Э*********-н эзэмшлийн газар гэсэн баримт байхгүй.” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч тайлбартаа: “Нэхэмжлэгч өөрийн ямар эрх зөрчигдөж байгааг тодорхой хэлэх, авилгалтай холбоотой зүйлийн талаар шүүх рүү  хэт дайрч болохгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д тодорхой зааж өгсөн. Зөрчигдөж байгаа эрх, зөрчигдөж болзошгүй эрхийг хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Нэхэмжлэгчийн хуульд заасан ямар эрх ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа нь тодорхой бус байна. Нэхэмжлэгч Н.Г*****-д холбогдох болон А.А******-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодруулсан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл уг газрыг 2000 оноос эхлэн эзэмших эрх гарсан бөгөөд Н.Г**** болон А.А******* нарт эзэмшүүлж байсан гэсэн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан. Газар эзэмших эрхээ тодорхойлохоор нэхэмжлэл гаргаж байгаа бөгөөд энэ нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар өмчлөх, шаардах эрхтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж ойлгож байна. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй хэдий ч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус ойлгомжгүй байна. Эс үйлдэхүй болохыг тогтоолгох гэж байгаа юм уу? Эсвэл хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа юу гэдэг нь тодорхойгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгчид өөрийн зөрчигдсөн эрх ашгаа сэргээлгэхээр шүүхэд хандах хангалттай хугацаа байсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр  зүйлд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна. Хариуцагчийн зүгээс гаргасан захиргааны актууд хуульд нийцсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

6. Гуравдагч этгээд А.А******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: "Иргэн Н.Э********* гаргасан нэхэмжлэлд дурдсан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/227 тоот захирамжаар Я зусланд 500 м2 газрыг миний бие А.А*******-д эзэмшүүлэхээр олгосон хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлагатай хэрэгт дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Миний бие 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Н.Г*****-с Чингэлтэй дүүргийн **-р хороо Я-н Б аманд байрлах 500 м2 хэмжээтэй зуслангийн зориулалттай газар эзэмших эрхийг шилжүүлж авсан. Тухайн үед би Газрын алба болон холбогдох бусад газруудаас тус газартай холбоотой ямар нэгэн маргаан байгаа эсэхийг нягтлахад ямар нэгэн маргаангүй байсан тул хууль тогтоомжийн дагуу холбогдох албан тушаалтны шийдвэрийн дагуу албан ёсоор өөрийн нэр дээр шилжүүлэн авч, хууль ёсны дагуу эзэмшиж, энэ үеэс эхлэн тус газарт байнга зусдаг. Энэ талаар ч иргэн Н.Э********* мэддэг. Гэтэл иргэн Н.Э********* нь 2015 онд энэ талаар мэдсэн гэх боловч тухайн газар бусдад шилжиж, тодорхой хэмжээгээр бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж 2022 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул иргэн Н.Э********* гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү" гэжээ.

7. Гуравдагч этгээд А.А******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Миний хувьд хуульд заасан бүх шаардлагыг хангаж, бүх баримт бичгийг бүрдүүлэн тухайн газрыг худалдаж авсан. Нэхэмжлэгч мөн утсаар ярьж дарамталж байсныг холбогдох байгууллагуудад нь хандах нь зөв байх гэж бодож байна.” гэв.

8. Гуравдагч этгээд Н.Г****-н эцэг Ж.Н********-р дамжуулан гаргасан гэх шүүхэд ирүүлсэн тайлбарт: Н.Э********* нэхэмжлэлтэй Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр Н.Г****-г татаж оролцуулахаар шийдвэрлэжээ. Цаашид энэ хэрэг дээр оролцох шаардлагагүй учир оролцуулахгүйгээр шүүх хуралдаан хийхэд татгалзах зүйлгүй гэж Ирланд улсаас охин Н.Г***** шүүхэд дамжуулахыг хүссэн учир тайлбар бичив. Учир нь Ирланд улсад элчин сайдын яам болон консул байдаггүй учир итгэмжлэл хийхэд хүндрэлтэй байна. Учир иймд төлөөлөл болон захиргааны хэргийн шүүхэд дамжуулан хэлэхийг хүссэнээр тайлбар бичив.” гэжээ.    

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Хуульд заасан журмаар цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

1. Нэхэмжлэгч Н.Э********* нь Яргайт зуслангийн сууцны зориулалтаар 20х23 м газар эзэмшихийг хүссэн өргөдөл 2004 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр гаргаснаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 172 дугаар захирамжаар Н.Э********* Яргайтад 460 м.кв хэмжээгээр зуслангийн сууц бүхий газрыг эзэмшүүлж[1], уг захирамжийг үндэслэн түүнд 460 м.кв газар 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийн ******* дугаартай гэрчилгээг 2004 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр олгосон[2], гэрчилгээний хугацаа сунгуулаагүй байна.

2. Гуравдагч этгээд Н.Г****-д 2002 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Яргайтын б гэх байршилд 500 м.кв газар эзэмших эрхийн **** дугаартай гэрчилгээ олгож, 2003 оны 02 дугаар сарын 24-нд гэрээ байгуулсан[3] байдаг. Н.Г*****-н 2005 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гаргасан “зуслангийн газрын эзэмших хугацааг 15 жилээр сунгуулах” хүсэлтээр дүүргийн Засаг даргын 2005 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 153 дугаар захирамжаар Я б байршилд 500 м.кв эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгаж, ******* дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ[4].

Улмаар 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Н.Г***** нь нэгж талбарын *************** дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн А.А******-д шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/227 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн нэр шилжүүлж ****** дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ гуравдагч этгээд А.А-д олгосон байна.[5]

3. Гуравдагч этгээд А.А******* нь Н.Г*****-с шилжүүлэн авсан дээрх нэгж талбарын *************** дугаартай 500 м.кв газраас гадна уг газрын хойд талд залгаа байрших 526 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн А/402 дугаар захирамжаар Ц.Б*****-с шилжүүлэн эзэмшсэн бөгөөд нэгж талбарын ************** дугаартай уг 526 м.кв газрыг эзэмших эрх дүүргийн Засаг даргын 2012 оны А/186 дугаар захирамжаар анх Э.О******-д олгогдож[6], 2015 оны А/209 дүгээр захирамжаар Ц.Б*******-д эзэмших эрх шилжиж[7], ийнхүү 2015 оны А/402 дугаар захирамжаар А.А*******-д шилжсэн[8] байдаг.

Гуравдагч этгээд А.А*******- нь дээрх 2 газрыг нийлүүлэн хашаалж эзэмшиж байх бөгөөд нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад А.А******-ны хашаалсан 2 айлын газар бүхэлдээ өөрийнх нь эзэмшихийг хүсэж байсан газар гэж тайлбарладаг ч нэхэмжлэлийн шаардлагаа “Н.Г*****-д Яргайт зусланд  500 м.кв газрыг эзэмшүүлэхээр олгосон газар эзэмших эрхийн **** дугаартай гэрчилгээг, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны  4 дүгээр сарын 25-ны өдрийн А/227 дугаар захирамжийн А.А-д Яргайт зусланд 500 м.кв газрыг эзэмших эрхийг шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах” хэмээн нэгж талбарын *************** дугаартай 500 м.кв газрыг Н.Г*****-д эзэмшүүлсэн, А.А******-д эзэмших эрх шилжүүлсэн шийдвэрүүдтэй холбогдуулан тодорхойлсон болохыг дурьдах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл Ц.Б*******-с А.А*******-д 2015 оны А402 дугаар захирамжаар эзэмших эрх шилжүүлсэн нэгж талбарын **************** дугаартай 526 м.кв газрын эзэмших эрх олгосон шийдвэр нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.   

Хоёр. Дээрх үйл баримтуудад хууль зүйн дүгнэлт хийгээд дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгч Н.Э********* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч нь 1991 онд байгууллагаасаа авсан зуслангийн сууцыг оруулан 3 айлын газрыг эзэмшихээр 2001 онд хайсан хашаа бариулж, 2004 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан байхад уг газрыг бусдад эзэмшүүлсэн нь хууль бус гэж маргасан нь үндэслэлгүй байна.

1.1 Тэрээр 1991 онд үнийг нь тушааж байгууллагаасаа авсан гэх зуслангийн зөвшөөрөлтэй сууц бүхий газрыг 2004 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 20х23 м хэмжээгээр эзэмших хүсэлтээ гаргаж, дүүргийн Засаг даргын 2004 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 172 дугаар захирамжаар 460 м.кв хэмжээгээр эзэмшиж байгаа, энэ нь Н.Г*****-с А.А*******-д шилжүүлсэн газартай давхцалгүй, зэргэлдээ байршилд тул газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж буй  газарт нь халдсан захиргааны аливаа шийдвэр гараагүй байна.

Газар эзэмших эрхийн 2004 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр олгогдсон ******** дугаартай гэрчилгээнд заасан 460 м.кв хэмжээгээр хашаалсан байгаа, уг газарт зуслангийн сууц нь байрлаж байгаатай талууд маргаагүй бөгөөд “хүүхдүүдээ насанд хүрэхээр эзэмшүүлэх гэж байсан” гэх нэхэмжлэгчийн тайлбар нь газрын эзэмших эрх олгосон шийдвэртэй маргах эрхийн үндэслэл болохгүй.

1.2 Нэхэмжлэгчээс 2004 онд гаргасан газар эзэмших хүсэлтдээ хавсаргаж өгсөн гэх Улаанбаатар хотын зуслангийн товчооноос 1992 онд олгосон зуслангийн зөвшөөрөл[9], зуслангийн байрны үнэ 3,556.35 төгрөг тушаасан 1991 оны баримт[10], хог цэвэрлэгээний хураамж төлсөн баримт[11] зэрэг нь зуслангийн сууцыг эзэмших эрхийг тодорхойлохоос бус тухайн байршилд аливаа газар эзэмших эрх үүсгэхгүй, өөрөөр хэлбэл зуслангийн сууц эзэмших эрх нь түүний доорх болон орчны газрыг эзэмших эрх үүсгэхгүй тул түүнийг 1991 оноос хойш тухайн газрыг эзэмшиж байсан гэж үзэхгүй. 

Учир нь Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч бөгөөд төрийн өмчийн газрыг Газрын тухай хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлтийг үндэслэн эрх бүхий этгээдийн шийдвэрээр тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор эрхийн гэрчилгээ, гэрээний үндсэн дээр эзэмшүүлдэг.

1.3 Газрын тухай хуулиар газар эзэмших хүсэлтийг хэрхэн гаргах, юу бүрдүүлж хавсаргахыг тодорхой хуульчилсан, тухайлбал эзэмших хүсэлт гаргаж буй тухайн газрын хил зааг, хэмжээ, эргэлтийн цэгийг тодорхойлсон байршлын зургийг хавсаргахаар заажээ.

Нэхэмжлэгч нь “хэргийн 1 дүгээр хавтасны 9 дүгээр хуудаст авагдсан агаарын зургийг[12] хүсэлт гаргасан газрын байршлын зураг” гэж, тодруулбал өөрийн зуслангийн сууц бүхий 460 м.кв газраас гадна гуравдагч этгээд А.А*******-ны эзэмших эрх шилжүүлэн авсан 2 нэгж талбарыг эзэмшихээр 2004 онд хүсэлт гаргасан гэж тайлбарлах ч, уг агаарын зургийг Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т заасан “эзэмших газрын ... хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг” гэж үзэхгүй, өөрөөр хэлбэл хуулиар тавьсан эзэмшихийг хүсэж буй газрынхаа хил зааг, хэмжээг эргэлтийн цэгээр тодорхойлсон кадастрын зураг үйлдсэн байх шаардлагыг хангаагүй байжээ. Тиймээс газрын хил заагийг харуулсан эргэлтийн цэг бүхий кадастрын зураг газар эзэмших хүсэлтдээ хавсаргаагүй байх тул агаарын зурагт тэмдэглэгдсэн хэлбэр, байршил, хэмжээгээр буюу одоо гуравдагч этгээд А.А******-ны хашаалсан, эзэмших эрхийг шилжүүлэн авсан 2 нэгж талбарт нэхэмжлэгч нь 2004 онд газар эзэмших хүсэлт гаргаж байсан гэж үзэхгүй. 

1.4 Үүнээс гадна нэхэмжлэгч Н.Э********* 2004 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр гаргасан газар эзэмших өргөдөлд эзэмшихийг хүссэн газрын хэмжээг “20х23 м” гэж заасан байх тул  Н.Э********* гаргасан энэ хүсэлтийг үндэслэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 172 дугаар захирамж, уг захирамжийг үндэслэн олгосон 2004 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ******** дугаартай гэрчилгээгээр Н.Э********* зуслангийн сууц бүхий газрыг 460 м.кв буюу хүсэлтэд заасан хэмжээгээр эзэмшүүлсэн, нэхэмжлэгч нь “хүсэлт гаргасан газрыг нь дутуу эзэмшүүлсэн” гэж тухайн үед ч маргаагүй, одоо ч маргахгүй байна.

1.5  Ийнхүү нэхэмжлэгч нь 1991 онд байгууллагаасаа авсан гэх зуслангийн сууц бүхий газрыг 2004 онд эзэмших хүсэлтээ гаргаж эзэмших эрхийн гэрчилгээ авсан байх бөгөөд үүнээс өмнө 2002 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн **** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр түүний зуслангийн сууц бүхий эзэмшил газрын баруун талд залгаа байрших нэгж талбарын ****************** дугаартай 500 м.кв газрыг гуравдагч этгээд Н.Г***** эзэмшиж байсан, Н.Г****-д эзэмшүүлэхээс өмнө уг газарт нэхэмжлэгч Н.Э********* эзэмших эрх үүсээгүйн дээр, тэрээр эзэмших хүсэлт гаргаж байгаагүй тул Н.Г*****-д газар эзэмших эрх олгосон шийдвэр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

1.6 Нэхэмжлэгчийн 2004 онд  гаргасан газар эзэмших хүсэлтэд түүнд эзэмшүүлсэн 460 м.кв газраас бусад газар хамаарна гэж үзэх үндэслэлгүй байх тул Э.О*****-н 2012 онд гаргасан газар эзэмших хүсэлтээр, Г***** ХХК-иар 2012 онд үйлдүүлсэн кадастрын зургаар 2012 оны А/186 дугаар захирамжаар түүнд 526 м.кв газрыг эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай ямар нэг байдлаар давхцаагүй байна” гэснийг зөрчөөгүй байна. Улмаар газар эзэмших эрхийг Ц.Б******-д шилжүүлсэн 2015 оны А/209, А.А******-д шилжүүлсэн мөн оны А/402 дугаартай захирамжуудын холбогдох хэсгүүд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд нийцсэн, нэхэмжлэгчийн Газрын тухай хуулиар олгогдсон субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.   

2. Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах, баталгаажуулахаар бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх нь Газрын тухай хуулиар газар эзэмшигчид олгогдсон хууль зүйн боломж бөгөөд 2005 оны 153 дугаар захирамжаар Н.Г******-н 2002 оны **** дугаартай гэрчилгээгээр эзэмшиж байсан газрын эзэмших эрхийг баталгаажуулсан нь дүүргийн Засаг даргын эрх хэмжээний болон хууль тогтоомжийн зохицуулалтын хүрээнд байна.

3. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар газар эзэмшигч нь эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж болох бөгөөд Н.Г*****-с А.А******-д газар эзэмших эрх шилжүүлэх талаарх тэдгээрийн бичгээр гаргасан хүсэлт, нотариатаар гэрчлүүлсэн гэрээг үндэслэн хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн дүүргийн Засаг даргын 2017 оны А/227 дугаар захирамжийн холбогдох хэсэг нь мөн зүйлийн 38.4-т заасан дүүргийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд гарсан бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.  

4. Нэхэмжлэгч нь 2015 онд маргаанд хамаарах газрыг эзэмших хүсэлт гаргасан гэж тайлбарладаг бөгөөд хүсэлт болон холбогдох баримтууд өргөдөл гомдлын бүртгэлд авагдаагүй, хариуцагч нь 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Н.Э*****, Э.Т****** нар газар эзэмших хүсэлт ирүүлээгүй[13] гэх ч, Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1163 тоот албан бичгээр Нийслэлийн Өмчийн харилцааны газарт, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1243 тоот албан бичгээр Н.Э******-т “Яргайт зусланд иргэн Н.Э********* хүсэлт гаргасан газар нь дүүргийн Засаг даргын 2005 оны 153 дугаар захирамжаар Н.Г******-н газар эзэмших эрхийн хугацаа сунгасан, 2012 оны А/186 дугаар захирамжаар Э.О******-д эзэмших эрх олгосон газар байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” хэсгийг зөрчиж байгаа тул шийдвэрлэх боломжгүй” гэж хариу өгснөөс үзэхэд ийнхүү 2015 онд одоо гуравдагч этгээдийн эзэмшиж буй 2 нэгж талбарт газар эзэмших хүсэлт гаргаж байсан гэж үзэхээр байна.

Хэдий ийм ч 2015 онд эзэмших хүсэлт гаргасан гэх 2 нэгж талбарт 2005 оны 153 дугаар захирамжаар Н.Г*****-н газар эзэмших эрхийг баталгаажуулж, 2012 оны А/186 дугаар захирамжаар Э.О******-д эзэмших эрх олгосон байсан тул дүүргийн Газрын албанаас тухайн газар нь бусдад эзэмшүүлсэн газар гэсэн үндэслэлээр Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар татгалзаж байсан нь хуульд нийцсэн, үндэслэлтэй байна.

5. Хэдийгээр газар эзэмших эрхээ шилжүүлсэн ч нэхэмжлэлийн шаардлагаар хэргийг шийдвэрлэхэд эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гэх агуулгаар маргаан бүхий газрын анхны эзэмшигч Н.Г******-г бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татсан боловч тэрээр Монгол Улсын хилээр 2017 онд гарсан[14], Ирланд улсад амьдардаг гэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар тодорхой ажиллагаа шүүхээс хийсэн боловч маргаанд хамаарах газрын эзэмших эрхийг итгэмжлэлээр төлөөлөн шилжүүлсэн түүний эцэг Ж.Н****** “Н.Г**** гуравдагч этгээдээр оролцохгүйг дамжуулахыг хүссэн” гэх тайлбар бичгээр ирүүлснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулахгүй үндэслэлээр хэргийн бусад оролцогчдын хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг түүнийг оролцуулахгүйгээр хийсэн болно.  

6. Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газрын хувийн хэргээс хуулбарлан ирүүлсэн Н.Г*****-д Яргайтад зуслангийн зориулалтаар 500 м.кв газар эзэмшүүлсэн 2002 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн **** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд уг гэрчилгээг олгох үндэслэл болсон шийдвэрийн дугаар уншигдахгүй хуулбарлагдсан[15], мөн уг гэрчилгээний дугаар бүхий газар ашиглах тухай 2003 оны 2 дугаар сарын 24-нд байгуулагдсан гэрээнд газар ашиглах эрх олгосон шийдвэрийн дугаарыг “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2002 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 274 дүгээр захирамж” гэж бичигдсэн ч энэ огноо, дугаар бүхий иргэдийн газар ашиглах эрхийг баталгаажуулсан захирамжийн хавсралтад Н.Г*******-н нэр байхгүй, өөрөөр хэлбэл газар ашиглах гэрээнд заасан шийдвэрийн огноо, дугаар алдаатай байх ч энэ нь нэхэмжлэлийг хангах үндэслэлд хамаарахгүй гэж үзсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2.2, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Н.Г****-д Яргайт зусланд 500 м.кв газрыг эзэмшүүлэхээр олгосон 2002 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн **** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны  4 дүгээр сарын 25-ны өдрийн А/227 дугаар захирамжийн А.А-д Яргайт зусланд 500 м.кв газрыг эзэмших эрхийг шилжүүлсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгч Н.Э*********-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ХАЛИУНА

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 1 дүгээр хавтсын 76-77 дугаар хуудас

[2] Хэргийн 1 дүгээр хавтсын 10 дугаар хуудас

[3] Хэргийн 1 дүгээр хавтсын 40, 42-43, 2 дугаар хавтсын 10-12  дугаар хуудас

[4] Хэргийн 1 дүгээр хавтсын 39-44, 74-75, 2 дугаар хавтсын 4-5 дугаар хуудас

[5] Хэргийн 1 дүгээр хавтсын 45-60, 68-73 дугаар хуудас

[6] Хэргийн 1 дүгээр хавтсын 211-218 дугаар хуудас

[7] Хэргийн 1 дүгээр хавтсын 219-229 дүгээр хуудас

[8] Хэргийн 1 дүгээр хавтсын 230-236 дугаар хуудас

[9] Хэргийн 1 дүгээр хавтсын 8 дугаар хуудас

[10] Хэргийн 1 дүгээр хавстын 4 дүгээр хуудас

[11] Хэргийн 1 дүгээр хавтсын 6 дугаар хуудас

[12] Хэргийн 1 дүгээр хавтсын 9 дүгээр хуудас

[13] Хэргийн 2 дугаар хавтсын 33 дугаар хуудас

[14] Хэргийн 2 дугаар хавтсын 23 дугаар хуудас

[15] Хэргийн 2 дугаар хавтсын 10 дугаар хуудас