Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2018/00709

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 28 өдөр Дугаар Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, шүүгч С.Ганчимэг, Д.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э.А нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.С холбогдох,

Эрүүл мэндэд гэм хор учруулсны хохиролд 4.446.410 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 сарын 26-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч В.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г, хариуцагч Б.С, түүний өмгөөлөгч А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сурагч Э.Х нь сургууль дээрээ насанд хүрээгүй У.Мтай маргалдан түүнийг зодож У.Мын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт зэргийн гэмтэл учруулсан хэрэг үйлдсэн. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас хэрэг үүсгэн шалгаад улмаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хэргийг насанд хүрээгүй яллагдагч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. У.Мын биед учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт нь одоог хүртэл эмчлэгдэж мэс засал хийгдээгүй түүний эрүүл мэндэд учирсан гэм хор арилаагүй байна. Дээрх гэмтлүүд нь У.Мын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд түүний толгой байнга өвддөг болж улмаар хамар нь байнга бөглөрдөг болсон. Нэгэнт эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон учир У.Мын эрүүл мэндэд учирсан гэм хорын асуудлыг бид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэхээр болсон. У.Мын хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлтад мэс заслын төлбөр нь 3.200.000 төгрөгийн төлбөртэй, уг мэс заслыг Эм Би Жи Мед эмнэлгээр хийлгэхээр төлөвлөсөн байгаа. Төлбөрийг бүрэн төлснөөр мэс засал хийх өдрийг товлож хагалгааг хийнэ гэсэн хариуг тухайн эмнэлгээс бидэнд өгсөн. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт ...хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй гэж заасны дагуу бид хариуцагчаас мэс заслын төлбөрт шаардлагатай 3.200.000 төгрөгийг нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд хамрын ясны мэс заслын төлбөр 3.200.000 төгрөг, эмчилгээ, эм тарианы зардалд 300 000 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 800 000 төгрөг, нийт 4.300.000 төгрөгийг насанд хүрээгүй Э.Хгийн асран хамгаалагч Б.Сгаас гаргуулах нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан.

Сүүлд нэхэмжлэлийн шаардлагыг эмчилгээний зардлыг дутуу тооцсон учир баримтыг үндэслэн 146 410 төгрөгийн эм тарианы зардлыг нэмэгдүүлэн тооцож, хариуцагчаас нийтдээ 4 446 410 төгрөгийг гаргуулахаар нэмэгдүүлэн нэхэмжилснийг хариуцагч Б.Сгаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.С, түүний өмгөөлөгч А.М нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Э.Х нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 2-р сургуулийн 9 г ангидаа ангийн хүүхэд Цэнгүүнийг биеийн тамирын хичээлд орохдоо хариуцуулсан гэх гар утсыг У.М авахыг хүсэхэд нь надад хариуцуулсан гэх шалтгаанаар эсэргүүцэхэд У.М нь Э.Хгийн дух, нүд хавьцаа цохьсон. Э.Х эргүүлэн биеэ хамгаалах зорилгоор Ц.Мөнгөнбаярын нүүр рүү цохиж харилцан бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан байсан. 2017 оны 11 дүгээр сарын 02-ны орой Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт У.Мын ээж болох Э.А өргөдөг гаргасан. Бид мөн Э.Хгийн биед У.М эхэлж цохиж гэмтэл учруулсан хэмээн гомдол гаргасан. 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө СБД-ийн 2-р сургууль дээр 9 г ангид багш Мөнхзул, Агиймаа, Агиймаагийн ээж, миний бие Б.С, Э.Х, У.М гэсэн 6 хүмүүс уулзалдаж, харилцан бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан хэмээх шалтгаанаар гомдолгүй гэж гар барин тохиролцож эвлэрэн уулзацгаасан юм. Насан хүрээгүй У.М, Э.Х нар харицлан цохилцож бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдон Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан насанд хүрээгүй У.М, Э.Х нарт холбогдох эрүүгийн 1709000000147 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтыг үндэслэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Хэргийн материалд хохиролтой холбоотой нотлох баримт авагдаагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлдээ миний хүү Э.Хг У.Мыг л зодож гэмтэл учруулж гэмт хэрэг үйлдсэн мэтээр бичиж, тайлбарлаж байна. Мөн миний хүү Э.Хд хөнгөн гэмтэл учирсан бөгөөд тухайн гэмтэлтэй холбоотой эмнэлгийн тодорхой зардал гарсан. Миний хүү Э.Х сэтгэл санааны хямралд орж арьсны архаг харшил псохиаз нь сэдэрч эмчилгээ хийлгэж байна. Нүдэндээ цохиулсан хөхрөлт нь 3 долоо хоногийн дараа арилсан ба ер нь нүдний хараа муутай хүүхдийн хараанд хэрхэн нөлөөлснийг мэдэхгүй байна. Өсвөр ба шилжилтийн насны онцлогоос шалтгаалдаг юм уу хичээл сургуульдаа явах сонирхолгүй хямрах болсноор тус сургуулиас гарч Төв аймагт өвөө, эмээгийнх нь асрамжинд шилжүүлсэн. Хэсэг хугацааны дараа өмгөөлөгч Дамдинсүрэн гэдэг хүн 99818166 утсаар надтай холбогдож, Цагдаагийн газарт гаргасан өргөдөл дээрх 1 950 000 төгрөгнөөс баримт бүрдсэн гэх эмчилгээний 175 000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 800 000 төгрөг бүгд 975 000 төгрөг өгнө үү гэж шаардаж байсан. Нэхэмжлэлд 3 200 000 төгрөгийн хагалгаа хийлгэнэ гэсэн нь ямар ч үндэслэлгүй бөгөөд төлөвлөсөн зардлаа нэхэмжилсэн байна. У.М одоо ямар ч зовиургүй хамар нь хугарсан, мурийсан зүйлгүй сургуульдаа явж байгаа. Өмгөөллийн зардлыг нэхэмжилж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Иргэний хуульд заасны дагуу иргэн нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлэхдээ өмгөөлөгч авч эрх ашгаа хамгаалуулахаар заасан байдаг. Өмгөөлөгчийн зардлыг биднээс нэхэмжлэх эрхгүй тул зөвшөөрөхгүй байна. У.Мын хамрын яс хугарсан, хамрын таславчийн мурийлт зэрэг нь тухайн үеийн Э.Хгийн цохилтоос үүссэн гэж үзэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч Б.Сд холбогдуулан, хүү У.Мын эрүүл мэндэд гэм хор учруулсны хохиролд анх 4 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 146 410 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 4 416 410 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргадаг.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдлоо.

2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 9 г ангийн сурагч насанд хүрээгүй У.М, Э.Х нар маргалдан улмаар харилцан зодолдож, бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон боловч тэдгээрийг эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрээгүй гэх үндэслэлээр тэдэнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 49 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолын хуулбар, тэдгээрээс авсан мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 02, 06-ны өдрийн шинжээчийн 13773, 13767 дугаартай дүгнэлт зэргээр хөдөлбөргүй нотлогдож байна.

Нэхэмжлэгч Э.А нь насанд хүрээгүй хүү У.Мын эх, асран хамгаалагч нь, хариуцагч Б.С нь насанд хүрээгүй хүү Э.Хгийн эх, түүний асран хамгаалагч болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул тухай иргэний хэргийн зохигч гэх үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Э.А болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г нар хариуцагчаас эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд У.Мын хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлтад мэс засал хийлгэх шаардлагатай, түүний төлбөр болох 3 200 000 төгрөгийг, мөн эмчилгээ, эм тарианы зардлын 446 410 төгрөгийг, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн зардал 800 000 төгрөгийг буюу нийт 4 446 410 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.

Насанд хүрээгүй хүү У.Мын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулд цус хуралт, баруун тохой, баруун шуунд зулгаралт бүхий гэмтэл учирсан талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 10-11/ хэрэгт авагдсан байх боловч У.Мыг хаана ямар эмнэлгийн эмчид, хэдийд үзүүлж, ямар эмчилгээ хийлгэсэн болох, хийгдэж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Тодруулбал, хохирол учирсан У.Мын эрүүл мэндийн картыг хэрэгт бичгийн нотлох баримтаар гаргаж өгөөгүй байна.

а /38 дугаар тал/-ын Монос -н 2017-11-07- 4360 , мөн өдрийн 9500, 4000 төгрөгийн уудад , хэн гэдэг хүнд хэрэглэгдсэн, , 㺺㿿 39 дүгээр хуудсанд авагдсан 37550 төгрөгийн зарлагын баримт нь 2017-10-2-ны өдрийнх ба тухайн маргаанаас , эх .

Харин У.М нь MBG гэмтэл согогийн эмнэлгийн эмч Д.Баасанжавт 2018 оны 01 сарын 23-ны өдөр үзүүлж, эмнэлгийн ерөнхий үйлчилгээнд 30 000 төгрөг төлсөн болох нь эмчийн үзлэгийн хуудас, Эм Би Жи Мед-ийн төлбөрийн баримт /хх-ийн 15-16/-аар, ЭМЖЖ ХХК-ийн иргэнд очих баримт /орлогын ордер №671/-д бичигдсэн эмчилгээний орлого, үйлчлүүлэгч У.М 20000 төгрөгийг 2017/12/11 өдөр төлсөн, мөн тус компанийн орлогын ордер №504 Отологи амбулаторийн үзлэгт 25000 төгрөгийг 2017/12/11-ний өдөр төлсөн огноотой бичгийн баримтаас үзэхэд түүнийг тухайн эмнэлэгт үзүүлсэн гэж дүгнэхээр байгаа ч ямар эмчилгээ хийлгэсэн нь тодорхойгүй байна.

Дээр дурдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлж, У.Мын эмчилгээний зардалд зарцуулсан гэх 75 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

У.Мын хамар ясны хуучин хугарлыг засах мэс засал хийх, түүний төлбөр гэх 3 200 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж Эм Би Жи эмнэлгийн нэхэмжлэх хуудсыг баримтаар хавсаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хагалгаа бодитой хийгдээгүй байхад хагалгаа хийлгэнэ гэж төлбөр нэхэмжлэх эрхгүй гэж маргаж буй тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй. Тодруулбал, У.Мт хамар ясны хуучин хугарлыг засах мэс засал хийх шаардлагатай, түүний төлбөр 3 200 000 төгрөг гэж нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдохгүй байх тул шүүх хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ажлын хөлсөнд төлсөн 800 000 төгрөг гаргуулах шаардлагын талаар хэргийн 37 дугаар хуудсанд 2018 оны 01 дүгээр сарын 15-ны огноотой кассын орлогын ордерт Э.Агаас өмгөөлөгчийн хөлс 800 000 төгрөг төлсөн гэх баримт авагдсан боловч хэн гэдэг өмгөөлөгчид төлсөн, хэдийд ямар ажиллагаанд оролцуулсан эсэх нь тодорхойгүй бөгөөд бусад баримтаар давхар нотлогдохгүй байна.

Иймээс, нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.5-д заасан журмыг зөрчсөн байх тул баримтаар нотлогдож буй 75 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 4 341 410 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Сгаас 75 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 4 341 410 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86842 төгрөгийн 86093 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, илүү төлсөн 749 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч Б.Сгаас 4550 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э.Ад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.ГАНЧИМЭГ

 

Д.УРАНЧИМЭГ