Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2018/00749

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2018/00749

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 

Хариуцагч: ,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2 192 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, мөн гэрээний дагуу ажлыг гүйцэтгэхэд шаардагдсан нэмэлт зардал 2 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Оюунтуяа, хариуцагчийн төлөөлөгч Ж.Шижир, нарийн бичгийн даргаар Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК (рд:5866065) нь 2014 оны 09 сарын 23-ны өдөр*******ХХК (рд:5418097)-аар цахим худалдааны вэб сайтыг хийлгэхээр гэрээ байгуулж, 1 сарн хугацаанд 2 сая төгрөгөөр хийж гүйцэтгэхээр болсон.

Гэрээ хийсэн өдрөөс өмнө, нэхэмжлэх бичсэн өдөр буюу 2014 оны 9 сарын 9-ны өдөр төлбөрийн 50 хувь 1 сая төгрөгийг төлсөн. Уг ажлыг 2014 оны 10 сарын 23-наас 2014 оны 10 сарын 24-ны өдөр хийж гүйцэтгэж дуусгахаар гэрээнд заасан боловч хугацаандаа ашиглалтад ороогүй. Үлдэгдэл төлбөрийг, 2014 оны 12 сарын 1-ний өдөр, захиалгат ажлыг 1 сарын 1-ний өдөр хугацаанд найдвартай дуусахад бэлэн болсон гэж авлан гуйж авсан. Гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардан хангалттай цаг хугацаа боломж олгосон боловч хэрэгжүүлээгүй, шаардах үед давхар ажилтай байна завгүй амжихгүй байна гэсээр маш их цаг алдуулж байсан бөгөөд тухайн сайтыг ажиллуулсанаар хамтарч ажиллах байсан байгууллагуудын гэрээ цуцлагдах, нэр хүнд сэвтэх, ажил хойшлон цаг алдах, зардал мөнгө зэргээр хохирсон бөгөөд бусдын ажлыг алдагдуулсанаа ухамсарлахгүй шалтаг шалтгаан тоочиж хариуцлагагүй, ёс зүйгүй байгаа байдалд маш гомдолтой байгаа тул гэрээг цуцалж гэрээний төлбөр болох 2 сая төгрөгийг 100 хувь буцаан олгуулах хүсэлтэй байна. Мөн ашиглаагүй төлсөн хостны төлбөр болох 192000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой тэмдэгтийн хураамж болон бусад зардлыг хариуцагч байгууллагаас гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэл нь ажил гүйцэтгэх гэрээнд гомдлын шаардлага гаргах Монгол Улсын Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д заасан хугацаанаас хэтэрсэн байгаа тул нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Манайх тухайн гэрээний дагуу ажлыг гүйцэтгэсэн. Харин ч нэхэмжлэгч тал удаа дараа гэрээний дагуу гүйцэтгүүлсэн вэб сайтаа өөрчлүүлэх талаар харилцан ярилцаж, дахин дахин түүний тавьсан саналынх нь дагуу хийж гүйцэтгэсэн. Манай хийсэн вэб сайтын нэрийг өөрсдөө өөрчилсөн нь тухайн вэб сайтын шаардлагыг хангахгүй болгоход нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд түүний нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Том амжилт ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Гэрээний шаардлагаас давуулан биелүүлсэн ажлын хөлс 2.000.000 төгрөг (хоёр сая төгрөг)-ийг гаргуулахаар сөрөг шаардлага гаргасан.

Манай байгууллага нь хариуцагч талтай 2014 оны 9 сарын 23 өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж хариуцагч талын захиалсан вэб сайт бүтээх ажлыг Монгол Улсын Иргэний хуулийн 343.2 болон 353.2 заасны дагуу ямар нэгэн үр дүнгийн доголдолгүйгээр хийж гүйцэтгэсэн бөгөөд өнөөдөр ч гэсэн бид бүхний хийж гүйцэтгэсэн вэб сайтыг хариуцагч тал нь Монгол Улсын Иргэний хуулийн 343.3 заасны дагуу http://mmix.mn хаягаар нь ашиглан үйл ажиллагаа явуулсаар байгаа.

Хариуцагч тал нь гэрээ байгуулсанаас хойшхи хугацаанд гэрээнд огт заагдаагүй, дурдаагүй олон ажлуудыг Монгол Улсын Иргэний хуулийн 348.2 заалтыг зөрчин манайхаар гүйцэтгүүлсээр ирсэн бөгөөд тухайн ажил бүрийг манай талаас Монгол Улсын Иргэний хуулийн 348.1-г баримтлан тохиролцсон хугацаандаа хийж гүйцэтгэсэн. Энэ хугацаанд бид нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахын тулд гэрээний үнийн дүнгээс хэтэрсэн. Энэ тухайгаа тэднийд Монгол Улсын Иргэний хуулийн 345.2 заасны дагуу цаг бүрт нь мэдэгдсэн боловч хариуцагч талаас ямар нэгэн арга хэмжээ авч байгаагүй. Хариуцагч талын шүүхэд гаргасан баримт материалд манай талыг биет байдлын доголдолтой ажил гүйцэтгэсэн тухай дурдсан байсан. Бид бүхний байгуулсан гэрээ нь Монгол Улсын Иргэний хуулийн 353.3 заасны дагуу үр дүнгийн тоо хэмжээ заагаагүй тул бидний хийж гүйцэтгэсэн ажлыг биет байдлын доголдолтой гэж үзэх үндэслэлгүй. Иймд хариуцагч талын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Монгол Улсын Иргэний хуулийн 349.1 заасан гомдлын шаардлага гаргах хугацаанаас хэтэрснийг мөн Монгол Улсын Иргэний хуулийн 352.5.3, 346.1-г тус тус үндэслэн хариуцагч талын ажлыг гүйцэтгэхэд шаардагдсан нэмэлт зардал болох 2.000.000 (Хоёр сая төгрөг)-ийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч тал нэхэмжлэгч талд стандарт шаардлага хангахуйц үйл ажиллагаа бүхий худалдааны вэб сайт хийж өгөх хүсэлтийг тавьсан бөгөөд нэхэмжлэгч талын санал болгосон гэрээний дүнг тухайн үеийн ханш, ижил төстэй байгууллагуудын үнийн саналтай харьцуулан, ямар нэг нэмэлт төлбөрийг 2 талын байгуулсан гэрээний 3.4-т заасны дагуу тохирч, гэрээний төлбөрийг өөрийн үүрэг хариуцлагыг ухамсарлан 100% төлсөн байгаа боловч гэрээ байгуулсанаас хойш одоог хүртэл сайтыг хүлээн авч ажил үйлчилгээгээ явуулах боломжгүй байгаа бөгөөд гуравдагч талтай хийсэн хамтын ажиллагааны гэрээ цуцлагдан, олох байсан орлогоо алдсан, цаг хугацаа хөрөнгө мөнгө, нэр төрөөр хохирч байгаад гомдолтой байна. Нэхэмжлэгч тал нь 2 талын байгуулсан гэрээний 2.1-д заасан хугацааг хэтрүүлсэн, 2 талын байгуулсан гэрээний 4.1-т гүйцэтгэгч нь захиалагчийн өгсөн зааварчилгааны дагуу гэрээнд заасан хугацаанд чанартай хийж гүйцэтгэх, тус гэрээний 4.2-т гүйцэтгэгч нь гэрээт ажлын чанар болон, гүйцэтгэлийн талаар захиалагчаас тавьсан шаардлагыг биелүүлэх бөгөөд гэрээт ажлыг аливаа алдаа доголдолтой гүйцэтгэсэн тохиолдолд заалтыг удаа дараа ноцтойгоор зөрчсөн ба тухайн хийсэн ажил нь алдаа доголдол ихтэй цахим худалдааны сайтад тавигдах үндсэн шаардлага, үүрэг зориулалтаа хангахгүй, захиалагчийн хүсэлт, шаардлагад нийцэхгүй байгаа бөгөөд Монгол Улсын Иргэний хуулийн 43.2; 350.1.6 заалтуудыг зөрчсөн. Хариуцагч тал эвлэрлийн зарчмаар хандаж доголдлыг арилгах цаг хугацааг нэхэмжлэгч талд хангалттай өгсөн боловч өөр ажил давхар хийж хариуцагч талын захиалсан ажлыг хойш тавих зэргээр ажлыг сунжруулах ёс зүйгүй байдал удаа дараа гаргасан мөн Монгол Улсын Иргэний хуулийн 350.1.1 заалтыг биелүүлээгүй тул 2 талын байгуулсан гэрээний 5.1.1; 5.1.2-т заасны дагуу гэрээг цуцлах хүсэлтэй байна. Нэхэмжлэгч талын хийсэн сайт нь Монгол Улсын Иргэний хуулийн 342.2; 350.1.6 заалтууд, 2 талын байгуулсан гэрээний 4.1; 4.2 заалтуудыг хангаагүй, үр дүнгийн доголдолтой, худалдааны сайтад тавигдах үндсэн шалгуурыг хангахгүй байгаа тул тухайн сайтыг 2 талын байгуулсан гэрээний 3.4-д дурдсаны дагуу ажлын акт үйлдэн сайтыг хүлээн авах боломжгүй байгаа.

Иймд нэхэмжлэгч тал нь хуулийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарласан үр дүнгийн доголдолыг Монгол Улсын Иргэний хуулийн 350.1.7 заалтад заасны дагуу хариуцах үүрэгтэй тул дээрх нэхэмжилж буй хөлс нь хуулийн дагуу үндэслэлгүй гэж үзэж байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Оюунаа Александр ХХК нь хариуцагч Том амжилт ХХК-д холбогдуулан 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан 95 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-ний үүрэгт 2 192 000 төгрөг гаргуулах,

Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан ажлыг гүйцэтгэхэд шаардагдсан нэмэлт зардал 2 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж, нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй, гэрээний зүйл болох вэб сайтыг биет байдлын доголдолтой талаар талууд маргаж байна.

Шүүх, хэргийг хянан хэлэлцэхэд доорх үйл баримт тогтоогдож байна.

2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 95 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-гээр Том амжилт ХХК нь Оюунаа Александр ХХК-ийн захиалгын дагуу Захиалагч байгууллагын хэрэглэгчдэд зориулсан вэб динамик вэб хуудсыг хийж гүйцэтгэх, Оюунаа Александр ХХК нь ажлын хөлсөнд 2 000 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.х-ийн 5-6 дугаар тал/.

Тухайн гэрээнд гүйцэтгэх ажлыг 2014 оны 9 сарын 23-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хооронд хийхээр, ажлын хөлсийг гэрээний үнийн дүнгийн 50 хувь болох 1 000 000 төгрөгийг гүйцэтгэгчийн нэхэмжлэлийг үндэслэн, талууд гарын үсэг зурснаас хойш ажлын 3 хоногт багтаан шилжүүлэх, үлдэх үнийн дүнгийн 50 хувь болох 1 000 000 төгрөгийг ажил хүлээлцэх акт үйлдсэний дараа гүйцэтгэгчийн нэхэмжлэлийг үндэслэн шилжүүлэхээр тус тус тохиролцсон байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй ба энэхүү гэрээгээр тохирсон хөлс төлөх үүргийг Оюунаа Александр ХХК хүлээж, гэрээнд заасан ажлын хөлс 2 000 000 төгрөгийг, мөн хостны үнэд 192 000 төгрөгийг тус тус төлсөн болох нь хэргийн 13-15 дугаар талд авагдсан бичгийн баримтаар нотлогдож байна.

Иргэний хуулийн 349 дугаар зүйлийн 349.1 дэх заалтад Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухайн гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч Оюунаа Александр ХХК нь хариуцагч Том амжилт ХХК-аас ажил гүйцэтгэгч гэрээг зөрчсөний улмаас гүйцэтгэсэн ажил доголдолтой чанарын шаардлага хангаагүйгээс гэрээнд зааснаар төлсөн 2 000 000 төгрөгийг, мөн хостны үнэд төлсөн 192 000 төгрөгийг тус тус буцаан авахаар шаардаж байна.

Хариуцагч Том амжилт ХХК нь тухайн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь шүүхээс даалгасны дагуу шинжээчийн гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн шинжээч Б.Гүндсамбуугийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн www.mymmix.com хаягтай вэб сайтад тавигдах үндсэн шаардлага, хэрэглээг бүрэн хангаагүй байна гэснээр нотлогдон тогтоогдож байна.

Оюунаа Александр ХХК болон Том амжилт ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 4 дүгээр зүйлийн 1-д Гүйцэтгэгч нь ажлыг Захиалагчийн өгсөн зааварчилгааны дагуу энэхүү гэрээнд заасан хугацаанд чанартай хийж гүйцэтгэнэ, 2-т Гүйцэтгэгч нь гэрээт ажлын чанар болон гүйцэтгэлийн талаар захиалагчаас тавьсан шаардлагыг биелүүлэх бөгөөд гэрээт ажлыг аливаа алдаа доголдолтой гүйцэтгэсэн тохиолдолд алдаа доголдолыг тухай бүрд нь дахин гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгнө, гэрээний 5 дугаар зүйлийн 2-т Гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эсвэл зохих ёсоор биелүүлээгүй нь 1/.Гүйцэтгэгч удаа дараа буюу хоёроос дээш удаа ажлыг чанарын шаардлага хангахгүйгээр гүйцэтгэсэн, 2/. Гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажил нь доголдолтой, захиалагчийн шаардлагад нийцээгүй тохиолдолд ажлыг хүлээн авч хөлс төлөхөөс татгалзан, гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхтэй гэж тус тус заажээ.

Хариуцагч Том амжилт ХХК нь гэрээт ажлыг гэрээнд заасан хугацаанд бүрэн гүйцэтгээгүй, чанарын шаардлага хангаагүй гүйцэтгэсэн байдал нь хэргийн 7 дугаар талд авагдсан Том амжилт ХХК-ийн захирал Ж.Шижирийн mmix.mn сайтыг 2015 оны 10 сарын 9-нд бүрэн дуусгана. Энэхүү хугацаанд дуусгаж чадахгүй бол 1 өдрийн 0,2 хувийн алданги тооцно мөн нэмж 1 вэб мастер ажиллана гэсэн, мөн хэргийн 8 дугаар талд авагдсан Том амжилт ХХК-ийн захирлын 2015 оны 10-р сарын 22-ны өдрийн Оюунаа Александр ХХК-д хүргүүлсэн Танайх манайд өгсөн нэмэлт ажлыг хийх хугацаа 14-20 хоногт үнэ төлбөргүй хийнэ. Цаашид нэмэлт ажлыг үнэ төлбөргүй хийж гүйцэтгэхгүй болно. Энэхүү хугацаанд дуусахгүй бол өдрийн 0.2 хувийн алданги тооцно гэсэн бичгийн баримтуудаар нотлогдож байна.

Талууд гэрээний 3 дугаар зүйлийн 4-т Ажил хүлээлцэх акт үйлдсэний дараа засвар хийгдэх нөхцөлд ажлын хөлсийг тухайн үед талууд харилцан тохиролцоно гэж заасан боловч тухайн ажлыг гүйцэтгэгч нь захиалагчид хэдийд хүлээлгэн өгсөн болох нь тодорхойгүй ба энэ талаар бичгийн нотлох баримт авагдаагүй, талууд ажлыг хүлээлцсэн акт үйлдээгүй гэж тус тус тайлбарласан болно.

Иймээс, хариуцагчаас нэхэмжлэгч талд хүргүүлсэн хэргийн 7-8 дугаар талд авагдсан бичгийн баримтыг үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс хойш 14-20 хоногоор тооцон, гэрээт ажлыг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн байна гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1, 349.2, 349.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч тал 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс хойш гомдлын шаардлагыг 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн дотор гаргах хуульд заасан хугацаанд буюу 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна. Иймд хуульд заасан хугацаанд гомдлын шаардлага гаргасан гэж шүүх дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан ажлыг гүйцэтгэхэд шаардагдсан нэмэлт зардал 2 000 000 төгрөг гаргуулах сөрөг шаардлагын тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ... гэж заасны дагуу хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан дээрх сөрөг нэхэмжлэлийг шүүх дараах үндэслэлээр дүгнэв.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй ба холбогдох баримтыг гаргаж нотлоогүй байна. Тэрээр талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үүргээ хариуцагч бүрэн биелүүлээгүй талаар дүгнэлт хийж, хариуцагчийн гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, шүүхээс маргаан бүхий вэб сайтад үзлэг хийж, бэхжүүлсэн талаархи тэмдэглэл зэргээр тус тус нотлогдсон тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнээд, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 352 дугаар зүйлийн 352.5.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Том Амжилт ХХК-аас 2 192 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Оюунаа Александр ХХК-д олгуулж, хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан, ажлыг гүйцэтгэхэд шаардагдсан нэмэлт зардал 2 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50 022 төгрөгийг, мөн хариуцагчаас төлсөн 46 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Том амжилт ХХК-иас 50 022 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Оюунаа Александр ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогу хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явуулахыг шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ