Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1346

 

“О-А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг, бүрэлдэхүүнд шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/00749 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч “О-А” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Т-А” ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2 192 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний дагуу ажлыг гүйцэтгэхэд шаардагдсан нэмэлт зардал 2 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Оюунтуяа, хариуцагчийн төлөөлөгч Ж.Шижир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч “О-А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр "Т-А" ХХК-иар цахим худалдааны вэб сайтыг хийлгэхээр гэрээ байгуулж, 1 сарын хугацаанд 2 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр болсон. Уг ажлыг 2014 оны 10 сарын 23-наас 2014 оны 10 сарын 24-ний хооронд хийж гүйцэтгэж дуусгахаар гэрээнд заасан боловч хариуцагч нь хугацаандаа  үүргээ биелүүлээгүй. Гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардаж хугацаа олгож байсан боловч хугацаа алдан зардал мөнгөөр хохирсон, гомдолтой байгаа тул  гэрээг цуцалж гэрээний төлбөр болох 2 000 000 төгрөг, ашиглаагүй төлсөн хостын төлбөр болох 192 000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч "Т-А" ХХК-ийн захирал Ж.Шижир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч тал удаа дараа гэрээний дагуу гүйцэтгүүлсэн вэб сайтаа өөрчлүүлэх талаар харилцан ярилцаж, дахин дахин түүний тавьсан саналынх нь дагуу хийж гүйцэтгэсэн. Манай хийсэн вэб сайтын нэрийг өөрсдөө өөрчилсөн нь тухайн вэб сайтын шаардлагыг хангахгүй болгоход нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд түүний нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч "Т-А" ХХК-ийн захирал Ж.Шижир шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай байгууллага нь хариуцагч талтай 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж хариуцагч талын захиалсан вэб сайтыг хариуцагч тал нь http://mmix.mn хаягаар нь ашиглан үйл ажиллагаа явуулсаар байгаа. Хариуцагч тал нь гэрээ байгуулсанаас хойшхи хугацаанд гэрээнд огт заагдаагүй, дурдаагүй олон ажлуудыг манайхаар гүйцэтгүүлсээр ирсэн.  Энэ хугацаанд бид нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахын тулд гэрээний үнийн дүнгээс хэтэрсэн нэмэлт зардлууд гарсан.  Бидний байгуулсан гэрээ нь үр дүнгийн тоо хэмжээ заагаагүй тул бидний хийж гүйцэтгэсэн ажлыг биет байдлын доголдолтой гэж үзэх үндэслэлгүй. Хариуцагч талын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь шаардлага гаргах хугацаанаас хэтэрсэн. "Т-А" ХХК-иас ажил гүйцэтгэхэд шаардагдсан нэмэлт зардал болох 2 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч "О-А" ХХК-ийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: нэхэмжлэгч нь стандарт шаардлага хангахуйц үйл ажиллагаа бүхий худалдааны вэб сайт хийж өгөх хүсэлтийг тавьсан бөгөөд гэрээний төлбөрийг өөрийн үүрэг хариуцлагыг ухамсарлан 100% төлсөн байгаа боловч гэрээ байгуулсанаас хойш одоог хүртэл сайтыг хүлээн авч ажил үйлчилгээгээ явуулах боломжгүй байгаа бөгөөд гуравдагч талтай хийсэн хамтын ажиллагааны гэрээ цуцлагдан, олох байсан орлогоо алдсан, цаг хугацаа хөрөнгө мөнгө, нэр төрөөр хохирч байгаад гомдолтой байна. Эвлэрлийн зарчмаар хандаж доголдлыг арилгах цаг хугацааг нөгөө талдаа хангалттай өгсөн боловч худалдааны сайтад тавигдах үндсэн шалгуурыг хангахгүй байгаа тул тухайн сайтыг 2 талын байгуулсан гэрээний 3.4-д дурдсаны дагуу ажлын акт үйлдэн сайтыг хүлээн авах боломжгүй байгаа. Иймд нэхэмжлэгч тал нь хуулийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарласан үр дүнгийн доголдлыг хариуцах үүрэгтэй тул дээрх нэхэмжилж буй хөлс нь хуулийн дагуу үндэслэлгүй гэж үзэж байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 352 дугаар зүйлийн 352.5.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч "Т-А" ХХК-аас 2 192 000 төгрөгийг гаргуулан нэхэмжпэгч "О-А" ХХК-д олгуулж, хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан, ажпыг гүйцэтгэхэд шаардагдсан нэмэлт зардал 2 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50 022 төгрөгийг, мөн хариуцагчаас төлсөн 46 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Т-А" ХХК-иас 50 022 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "О-А" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч "Т-А" ХХК давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрт  "Иймээс хариуцагчаас нэхэмжлэгч талд хүргүүлсэн хэргийн 7-8 дугаар талд авагдсан бичиг баримтыг үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс хойш 14 хоногоор тооцон, гэрээт ажлыг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн байна гэж дүгнэлээ" гэсэн атлаа гомдлын шаардлага гаргах хугацааг 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөр заасан байгаа нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан гомдолын шаардлага гаргах 1 жилийн хугацааг шүүгч илтэд буруу тооцоолсон байна. (Хуульд зааснаар 1 жилээр биш 2 жилээр тооцсон), гэж үзэн өөрөөр хэлбэл 2015 оны 10 сарын 22 өдөр талууд ажил хүлээлцсэн гэж үзвэл нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 349.1 дэх хэсэгт заасны дагуу 2016 оны 10 сарын 22 өдрөөс өмнө гомдол гаргах ёстой атал шүүгч үүнийг 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэж заасан нь өөрөө гомдол гаргах хуульд заасан хугацааг 1 жилээр хэтрүүлэн тооцолсон байна гэж үзэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

  ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах шаардлагатай.

Нэхэмжлэгч "О-А" ХХК нь хариуцагч "Т-А" ХХК-д холбогдуулан 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, ажлын хөлсөнд төлсөн 2 192 000 төгрөгийг буцаан  гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ажлын нэмэлт зардал 2 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн хийсэн цахим худалдааны вэб сайтыг хүлээн авч ажил үйлчилгээгээ явуулах боломжгүй, шаардлага хангаагүйгээс болж гуравдагч талтай хийсэн хамтын ажиллагааны гэрээ цуцлагдан, олох байсан орлогоо алдсан тул гэрээнээс татгалзаж, төлбөрт төлсөн 2 192 000  төгрөгийг буцаан гаргуулахыг шаарджээ. Хариуцагч нь  нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж, гэрээнд заасан шаардлагын дагуу ажлыг хийж өгсөн гэж тайлбарлан, нэхэмжлэгч серверийн нэр сольсоноос өөрсдөө алдаа гаргасан гэж мэтгэлцжээ.

Дээрх байдлаас үзвэл зохигчид гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн доголдлын талаар шүүхэд маргажээ

Зохигчдын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 95 дугаартай "Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр "Т-А" ХХК нь "О-А" ХХК-ийн захиалгын дагуу захиалагч байгууллагын хэрэглэгчдэд зориулсан вэб динамик вэб хуудсыг хийж гүйцэтгэх, "О-А" ХХК нь ажлын хөлсөнд 2 000 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон гэрээний нөхцөл, зохигчдын тайлбар зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, нэхэмжлэгч "О-А" ХХК нь гэрээнд заасан ажлын хөлс 2 000 000 төгрөгийг болон хостны үнэ гэж  192 000 төгрөгийг төлсөн, талууд харилцан тохиролцож гэрээний үргэлжлэх хугацааг 2015 оны 10 дугаар 09-ний өдөр, 10 сарын 22-ны өдөр хүртэл тус тус  сунгаж байсан болох нь зохигчдын тайлбар, хэргийн 7-8 дугаар талд авагдсан бичгийн баримтаар нотлогдсон байна.

Мөн шүүхээс томилогдсон ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны сургуулийн шинжээч Б.Гүндсамбуугийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн дүгнэлтээр  "...Шинжилгээнд ирүүлсэн \www.mymmix.com хаягтай вэб сайт нь худалдааны вэб сайтад тавигдах үндсэн шаардлага, хэрэглээг бүрэн хангаагүй байна" гэж дүгнэсэн тул хариуцагч "Т-А" ХХК нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.6-д тус тус заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Шинжээчийн дээрх дүгнэлттэй хариуцагч танилцсан боловч ямар нэгэн хүсэлт гаргаагүй байна. /хх-ийн 119, 121/

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт “ гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж заасан тул шүүх нэхэмжпэгч "О-А" ХХК нь хариуцагч "Т-А" ХХК-тай байгуулсан гэрээг ажил гүйцэтгэгч ноцтой зөрчсөний улмаас цуцалж гүйцэтгэсэн ажил доголдолтой чанарын шаардлага хангаагүйгээс гэрээнд зааснаар төлсөн 2 000 000 төгрөгийг, мөн хостны үнэд төлсөн 192 000 төгрөгийг тус тус буцаан гаргуулсан нь үндэслэлтэй.

Анхан шатны шүүхээс хэргийн 7-8 дугаар талд авагдсан бичгийн баримтыг үндэслэн ажлын үр дүнг хүлээлцсэн хугацааг 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс хойш 14-20 хоногоор тооцон, гэрээт ажлыг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн байна гэж дүгнэсэн ба давж заалдах шатны шүүх хуралдаанд энэ талаар тодруулахад зохигчид хэн аль нь захиалагч 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ажил гүйцэтгэгч талд цахим хэлбэрээр гомдлын шаардлага гаргаж байсан талаар тайлбарласан тул хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан ажлын нэмэлт зардал  2 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ  нотлох хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй ба холбогдох баримтыг гаргаж нотлоогүй тул шүүх түүний сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,  шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг талаар хариуцагч давж заалдах гомдол гаргагүй болно.

Харин шүүх нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээг цуцлах шаардлага гаргасан байхад холбогдох хуулийг баримтлаагүй нь буруу байх тул шүүхийн шийдвэрт энэ үндэслэлээр өөрчлөлт оруулна.