Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 131/ШШ2021/00234

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүгч О.Батдорж, шүүгч Т.Гангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******д холбогдох автомашинд хохирол учруулснаас үүссэн гэм хорын хохирол 5.886.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч З.Пүрэвдалай, нэхэмжлэгч А.*******, өмгөөлөгч , хариуцагчийн төлөөлөгч , өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Золцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

А.******* би 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотоос 18 цагийн орчим өөрийн эзэмшлийн ТОҮОТА PRIUS 20 маркийн улсын дугаартай автомашинаар Баянхонгор аймгийн төвд байрлах гэр рүүгээ явахаар хамт хань болж явах гэх танилын ТОҮОТА PRIUS 10 маркийн автомашинтай хамт гараад Улаанбаатар хотоос 130км зайтай явж байгаад замдаа Төв аймгийн Лүн сумын Урьхан гэх хоолны газар зогсож хамт явж байсан машинаа хүлээгээд ирэхээр нь өөрийн машинд сууж явсан өөрийн дүү болох хамт явж байсан ТОҮОТА PRIUS 10 маркийн автомашин руу суулгасан. Учир нь манай дүү архи уусан байсан. Миний бие спиртийн харшилтай харшил хөдлөөд байхаар нь дүүгээ хамт явж байсан машин руу орж суулгасан. Гэтэл миний машинд дүүтэй зөрөөд нөгөө машинаас Д.******* гэх залуу орж ирж миний машинд хамт сууж явсан.

Ингээд Урьхан хоолны газрын гаднаас хөдлөөд Өвөрхангай аймгаас наана 70км орчим зайд явж байтал хамт явж байсан машины клим нь салаад би зогссон.

Буцаад хөдлөх үед миний машинд сууж явсан Д.******* гэх залуу би том болон жижиг тэрэг барьдаг таны машиныг бариад жаахан явах уу гэхээр нь чи машин сайн барьж чадах уу...бичиг баримт чинь байгаа юу...гэж асууж байгаад байгаа.. гэхээр нь хүлээн зөвшөөрөөд машинаа бариулсан.

Миний машиныг бариад 50км яваад машин гүйцэд түрүүлэх үйлдэл хийж байгаад жолоо алдаж машиныг маань унагааж машины гадна болон дотор талд нэлээдгүй гэмтэл учирсан. Тухайн үед Д.******* ...миний буруу би машинд чинь учруулсан бүх хохирлоо төлнө гэхээр нь цагдаагийн байгууллагад мэдээлэлгүйгээр бид тухайн осол гарсан замаасаа хөдлөөд Өвөрхангай аймгийн төв рүү орж аймгийн Цагдаагийн газар нь очиж тухайн мэдээлэл болон гомдлын талаар авто замын цагдаа Батцэрэн гэх хүнд хэлтэл Машиндаа үнэлгээ гаргуулаад ир гээд Өвөрхангай аймгийн Хөрөнгийн үнэлгээ төслийн ЛЭНДС ХХК-ийн үнэлгээчин гэх хүнээр ТОҮОТА PRIUS 20 маркийн авто машины хохирол, эвдрэл гэмтлийн үнэлгээг гаргуулаад дахин байцаагч Батцэрэн дээр очтол ...та нар хоорондоо тохирч байгаа бол яах вэ.. хол газрын хүмүүс хоорондоо зохицоо..., Д.*******д хандаж энэ хүний машинд нь учруулсан хохирлоо барагдуулаарай гээд бид нарыг явуулсан.

Ингээд миний бие Баянхонгор аймагт 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ирээд, ирсэн өдрөөс хойш Д.*******гоос машинд учруулсан хохирлоо төлөхийг удаа дараа шаардсан болов ч одоог хүртэл миний хохирол гомдлыг барагдуулахгүй харин ч урдаас төлөх боломжгүй, заримыг нь төлнө гэх мэтээр ярьж хохирлыг маань барагдуулахгүй байгаа учир дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Д.*******гоос машинд учруулсан таван сая хоёр зуун гучин зургаан мянган төгрөг /5.236.000/, Үнэлгээний зардал болох 300.000 төгрөг, аймгийн төвөөс Улаанбаатар хот руу машин ачиж явах зардал 350.000 төгрөг нийт 5.886.000 төгрөгийг Баянхонгор сумын 5 дугаар багийн 10-6 тоотод оршин суух Д.*******гоос гаргуулж өгнө үү.. гэжээ.

Нэхэмжлэгч А.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тухайн өдөр машин унасны дараа миний бие сандраад өөрийн охин рүү утсаар ярьж машинаа хүнээр унуулж яваад унагачихлаа одоо яах уу гэхэд охин маань хүн амьтнаас асууя гээд хэлсэн. Иргээд надруу яриад харъяалах газрын замын цагдаад үзүүл гэсэн. Тухайн үед машинд салхины шил хагарсан, копут цөмөрсөн, борооны хаалт урд хаалтууд эвдэрсэн, зүүн хойд, зүүн урд хаалганууд цөмөрсөн, зүүн толь хагарсан, дээд бардаак цөмөрсөн, баруун хойд талын хаалганы дээд талын рам цөмөрсөн гэх зэрэг үнэлгээнд заагдсан гэмтлүүд машинд учирсан байсан. Харин машины мотор машин унаснаас хойш дугараад яваад байсан.

Ингээд миний бие Баянхонгор аймагт амьдардаг болохоор Баянхонгор аймгийн цагдаад хандах юм байна гэж ойлгоод машинаа унаад Өвөрхангай аймаг руу орохоор явж байхад машины мотор дугараад байхаар нь шүбээ татаад үзэхэд масло байхгүй болсон байсан. Ингээд масло нэмээд нилээн байлгаж байгаад хөдлөөд Баянхонгор аймаг руу явсан. ******* мотор дугарч байгааг өөрөө мэдэж байсан. Бид хоорондоо хүртэл ярьж байсан. Баянхонгор аймаг руу орж ирээд шууд замын цагдаа тэй бид нар уулзахад та нар Өвөрхангай аймаг руу буцаад яваа тэнд замын цагдаад ханд харин би замын постуудтай яръя гэж хэлсэн. Ингээд би маргааш өглөө нь Өвөрхангай айгруу явахаар гараад *******той утсаар холбогдоод хамт явъя гэхэд би араас чинь очно гээд үлдсэн. Өвөрхангай аймагт очоод замын цагдаагийн байцаагч Батцэрэнтэй уулзахад үнэлгээ гаргуулаад ир гээд үнэлгээчин дуудаж өгсөн. Ингээд миний бие автомашиндаа учирсан гэмтэлд үнэлгээ гаргуулсан. Үнэлгээ хийлгэх үед үнэлгээчин маань мотор чинь дугараад байна. машин чинь асаалттай дээшээ харж унасан юм чинь ямар нэгэн асуудал моторт чинь байна..хамт явж үзүүлье гээд оношилгооны газарт үзүүлэхэд 2 шатун дуу орсон байна үүнийг солиулах мөн кришикний жийрэг солиулах хэрэгтэй гээд тус тус солиулсан. Мөн энэ гэмтлүүд нь машин унаснаас үүдэн тос масло агаар шүүгч рүүгээ масло нь шүүдэснээс эдгээр гэмтлүүд үүссэн гэсэн. Ингээд шатун, агаар шүүгч, кришикний жийрэг зэргийг солиулсан. Үнэлгээчин эдгээр гэмтлүүдийг өөрийн нүдээр харж үзээд үнэлгээ гаргасан. Үнэлгээ гаргасны дараа ******* үнэлгээг харсан, замын цагдаагийн дэргэд хүртэл үнэлээг хүлээн зөвшөөрч 2 хувааж төлнө гэж байсан. Д.******* хүлээн зөвшөөрсөн болохоор Өвөрхангай аймгийн замын цагдаа Батцэрэн нь *******д арга хэмжээ авалгүйгээр түүнийг надад учруулсан хохирлыг бүрэн төлөөрэй гээд түүнд итгээд явуулсан. Гэтэл ******* нь Баянхонгор аймагт ирэнгүүтээ надаас зугтаад сураг чимээгүй алга болсон. Ингээд миний бие шүүхэд хандсан. Миний бие түүнд итгэл хүлээлгээд хохирлыг бүрэн барагдуулах байх гэж харсаар ирсэн. Өвөрхангай аймгийн Замын цагдаа нь биднийг харилцан эвлэрсэн тул зөрчлийн хэрэг нээн шалгах шаардлагагүй гэж үзсэн. Хэргийн газар болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, дүгнэлт гаргаагүй юм. Үнэлгээний хувьд үнэлгээчин машины эвдрэл гэмтлийг нэг бүрчлэн үзэж гаргасан. Хэдийгээр машин хөлөөрөө явж байсан ч кузов нь гажсан учир заавал солих шаардлагатай гэсэн. Засвар үйлчилгээг нэг бүрчлэн хийж үнэлгээг гаргасан. Машиныг засахдаа Улаанбаатар хотруу ачуулах тул 350.000 төгрөгөөр тооцсон. Үнэлгээ хийлгэсний хөлс 300.000 төгрөгийг би төлсөн..гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг бүрэн дэмжиж байна. Хэрэг осол болох үед зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь гарсан зардлыг 2 хуваан төлнө гэсэн тул цагдаагаар шалгуулаагүй. Гэвч осол болсон, гэм буруутай талаар хариуцагч нь хүлээн зөвшөөрдөг тул маргах зүйлгүй байна. Нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг мэргэжлийн үнэлгээчнээр нэг бүрчлэн үнэлүүлж дүгнэлт гаргуулсан. Иймд Иргэний хуулийн 497.1, 510.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү..гэв.

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

2020 оны 10 дугаар сард А.*******тэй хамт Баянхонгор аймаг явж байсан юм. А.******* нь жаахан үүрэглээд, ядраад байна гээд байсан ба миний дүү машин бариад жаахан яваатхаач ээ гэж надаас гуйсан. Би машиныг нь жолоодож яваад замын хажуу руу ойчсон юм. Хүн гэмтэж бэртээгүй машины салхины шил, урд копут, 1 толь, борооны хаалт зэрэг нь эвдэрсэн байсан. Харин машиныг босгохдоо хүмүүс хүчтэй түлхэж хаалгыг нь бага зэрэг цөмлөсөн байсан. Тэр үед би цагдаа дуудъя, даатгал дуудъя гэсэн ч А.******* нь Дуугүй наад машин босгоотох, хүний машин унагаачихаад яасан ичдэггүй юм гээд загнаад мөн дүү нь согтуу байж байгаад намайг хэд, хэдэн удаа цохьсон. А.Батчмэг Өвөрхангай аймагт үнэлгээ гаргуулсан байсан. Би мэдээгүй. Энэ үнэлгээ нь гэсэн өөр машин дээр үнэлгээ хийлгэсэн байсан. А.*******ийн машин бол гэсэн машин юм. Үнэлгээ хийлгэсэн өөр машин буюу гэдэг машины эвдрэл нь хаалга зүүн хойд, салхины шил урд, копут, хаалга зүүн урд, кузов, толь зүүн, борооны хаалт 2, шатун 2 ш, кришикний жийрэг, агаар шүүгч гэх мэт эвдрэл үнэлсэн байсан. А.*******ийн машин бол салхины шил, копут, борооны хаалт, хаалга эвдрэлтэй байсан. Өөрөөр хэлбэл ******* өөрийн машинаа хөлөөр нь аймагруу орж ирсэн. Буцаад үнэлгээ хийлгэхээр Өвөрхангай аймаг явсан. Буцаад аймагт ирсэн юм. Тийм машин кришик, шатун, кузов эвдэрсэн байх боломжгүй юм. Тийм эвдрэлтэй бол унасан газраасаа ч хөдлөхгүй юм. Үнэлгээг зөвшөөрөхгүй байна. Учир нь өөр машины үнэлгээ юм. А.*******ийн машины эвдрэлийг засах сэлбэгийн зах зээлийн ханш 1.200.000 төгрөгөнд бүрэн багтана.

Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Бодит хохирол, үнэлгээг үндэслэж эвлэрэхэд татгалзах зүйлгүй..гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үнэлгээний зарим хэсгийг буюу кузов бүрэн солих, шатуун солих, ажлын хөлс зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Осол гаргасан гэм буруугаа ойлгож байна. Өвөрхангай аймагт үнэлгээ гаргахад ******* нь биечлэн очоогүй. Нэхэмжлэгч өөрөө яваад үнэлгээ гаргуулсан байсан. Машиныг манай нөхөр өөрөө барьж явъя гэж гуйгаагүй гэсэн. Нэхэмжлэгч өөрөө нойр хүрээд ядраад байна гэж машинаа бариулчихаад эцэст нь ийм зүйл болсонд гомдолтой байна..гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний үйлчлүүлэгч Д.******* нь хэдийгээр бусдын машиныг жолоодож яваад осол гаргаж, автомашинд хохирол учруулсан болохоо ойлгож байгаа ч түүнийг автомашин жолоодож яваад зам тээврийн осол гаргасан нь Зөрчлийн болон Эрүүгийн хуульд заасан гэм буруутай талаар шалгаж, тогтоосон акт, шийдвэр гараагүй. Үнэлгээний хувьд зарим эд ангийн үнэлгээ бодит байдалд нийцэхгүй байна.

Тухайлбал: Автомашин нь өөрөө хөлөөрөө зүгээр явж байхад кузов бүрэн солино, зарим эд ангийг засварлах боломжтой байхад солино гэж дүгнэлт гаргуулсан байгааг зөвшөөрөхгүй байгаа. Энэ машиныг бүрэн хэмжээнд засварлаж, хуучин байдалд оруулахад 850.000 орчим төгрөгийн бодит зардал гарахаар байна. Осол болоход нэхэмжлэгч нь өөрийн машиныг хариуцагчаар гуйж жолоодуулсан тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д зааснаар хохирлыг автомашины өмчлөгч, эзэмшигч хариуцах тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү..гэв.

Иргэдийн төлөөлөгч З.Пүрэвдалай шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч нь нэхэмжлэлийг хариуцах нь зүйтэй гэж дүгнэж байна..гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан автомашинд хохирол учруулснаас үүссэн гэм хорын хохирол 5.886.000 төгрөг гаргуулахыг хүсэн шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч А.******* нь 2020 оны 10 сарын 23-ны өдөр Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд өөрийн эзэмшлийн Toyota prius 20 маркийн улсын дугаартай автомашинаар зорчих явцад тухайн автомашинд зорчиж явсан Д.******* нь автомашиныг түр хугацаагаар жолоодох үедээ зам тээврийн осол гарган автомашинд хохирол учруулсан тул холбогдох зардлыг гаргуулна.. гэж шаардах эрхээ тодорхойлсон бол хариуцагч Д.******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнийн дүнг зөвшөөрөхгүй, бодит байдалд нийцэхгүй үнэлгээгээр хохирол шаардаж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж татгалзлалаа тайлбарласан байна.

Үйл баримтаар Д.******* нь 2020 оны 10 сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн нутагт А.*******ийн эзэмшлийн улсын дугаартай Toyota prius 20 маркийн автомашиныг жолоодож явахдаа зам тээврийн осол гарган түүний автомашинд хохирол учруулсан болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 8 дугаар зүйлд зааснаар гэм хорын хохирол нэхэмжлэх эрх үүссэн, нэхэмжлэгч нь эд хөрөнгийн хохирлоо мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар буруутай этгээдээс шаардах эрхтэй гэж үзнэ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад үндэслэж дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.7-д Нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө..гэж тус тус нэхэмжлэгчийн үүргийг хуулиар тодорхойлжээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн бичмэл нотлох баримтуудаар үйл явдал болох цаг хугацаанд Д.******* нь А.*******ийн эзэмшлийн улсын дугаартай автомашиныг осолдуулж автомашинд эвдрэл, гэмтэл учруулсан болох нь нотлогдон, тогтоогдсон байна.

Тухайлбал: Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эмчийн 2020 оны 10 сарын 23-ны өдрийн үзлэг хийсэн тодорхойлолтоор авто ослын улмаас А.*******ийн биед тархины доргилт, баруун мөр орчмын зөөлөн эдийн гэмтэл учирсан гэсэн бол ийн биед тархины доргилт гэсэн онош тус тус тавигдаж, хэвтрийн дэглэм баримтлахыг зөвлөсөн байна.

Түүнчлэн Хөрөнгийн үнэлгээний Лэндс ХХК-ийн үнэлгээчин 2020 оны 10 сарын 24-ний өдрийн 10/27 дугаар үнэлгээний тайлангаар А.*******ийн хүсэлтийн дагуу 2020 оны 10 сарын 24-ний өдөр улсын дугаартай Toyota prius 20 маркийн автомашинд үзлэг хийж, хохирлыг тодорхойлон үнэлгээ гаргасан тухай тайланг гаргасан бол гэрч шүүхэд өгсөн мэдүүлэгтээ автомашины осол гэмтлийг Д.******* нь автомашин жолоодох явцдаа гаргасан болохыг мэдүүлжээ.

Мөн хариуцагч, түүний төлөөлөгч нар нь тухайн цаг хугацаанд Д.******* нь А.*******ийн автомашиныг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргасан болохыг хүлээн зөвшөөрсөн, энэ нь бусдын буруутай үйл ажиллагаа болон бусад гадны хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн тухай тайлбар, няцаалт өгөөгүй байна.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас өөрийн эд хөрөнгөнд учирсан хохирол, зардлыг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хариуцагчийн хууль бус үйлдэл нь нэхэмжлэгчид учирсан хохиролтой шалтгаант холбоотой байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо автомашиныг засварлах зорилгоор Улаанбаатар хот руу тээвэрлүүлэхэд гарах зардал 350.000 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэсний төлбөр 300.000 төгрөг, автомашины хохирлын үнэлгээ 5.236.000 төгрөг нийт 5.886.000 төгрөгийн хохирол, төлбөр гаргуулна гэсэнтэй танилцаад тухайн шаардлага нь хариуцагчийн хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэх, хохирол, төлбөр бодитой гарсан эсэх, хэргийн үйл баримттай тохирч байгаа эсэхийг нэг бүрчлэн хянаад дараахь хохирол, зардлыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Үүнд: Хөрөнгийн үнэлгээний Лэндс ХХК-ийн 2020 оны 10 сарын 24-ний өдрийн 10/27 дугаартай үнэлгээний тайлангаар А.*******ийн автомашинд учирсан хохирол, зардлыг тодорхойлсон байна.

Тайлангаар автомашины эд ангийг солих засахад гарах шууд зардал 3.351.000 төгрөг, шууд бус буюу эвдэрч гэмтсэн эд ангийг солих, засварлахад гарах зардал 1.885.000 төгрөг нийт 5.236.000 төгрөгийн зардал гарна гэж тодорхойлжээ.

Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрэл зураг зэргээр тухайн автомашин нь осолд орсны дараа Өвөрхангай аймгаас Баянхонгор аймаг, Баянхонгор аймгаас Өвөрхангай аймгийн чиглэлд 400 гаран км замд хэвийн зорчиж байсан, техникийн бүрэн бүтэн байдал, явах эд ангийн хувьд хөдөлгөөнд оролцох боломжгүй гэсэн талаар мэргэжлийн техникийн шинжээчийн дүгнэлт гараагүй, энэ талын нотлох баримт нэхэмжлэгчээс гаргаж ирүүлээгүй зэргийг харгалзан 10/27 дугаар үнэлгээний тайлангийн 5 дахь хэсэгт бичигдсэн Кузов солих гэснийг бодит байдалд нийцээгүй, эд ангийг сэргээн, засварлах боломжтой гэж үзэн үнийн 50 хувь буюу 1.250.000 төгрөг, автомашиныг Улаанбаатар хотруу зайлшгүй тээвэрлэх шаардлагатай эсэх, энэ төлбөрт 350.000 төгрөгийн зардал бодитой гарах талаар нэхэмжлэгч нь нотлоогүй байгааг дүгнэн энэ мөнгийг тус тус хариуцагчаас гаргуулах боломжгүй гэж дүгнэв.

Харин Хөрөнгийн үнэлгээний Лэндс ХХК-ийн 2020 оны 10 сарын 24-ний өдрийн 10/27 дугаартай үнэлгээний тайлангаар тогтоогдсон бусад шууд болон шууд бус зардал болох 3.986.000 төгрөгийн хохирол, зардал нь зайлшгүй гарах зардал, төлбөр гэж үзэх тул хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Үнэлгээчин хөрөнгийн үнэлгээ хийсэн бол үйлчлүүлэгчээс үйлчилгээний хөлс авна.. гэсний дагуу нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг мэргэжлийн үнэлгээчнээр тогтоолгох зорилгоор үйлчилгээний хөлсөнд 300.000 төгрөг төлсөн болох нь Лэндс ХХК-ийн 2020 оны 10 сарын 23-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдсон, энэ нь нэхэмжлэгчийн зүгээс гарсан бодит хохиролд оруулан тооцох үндэслэлтэй байх тул хариуцагчаас энэ төлбөрийг гаргуулах нь зүйтэй байна.

Тодруулбал Иргэний хуулийн 229 дугаар зүйлийн 229.1-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй..гэж заасан бол бодит хохирол гэдэгт бусдын хууль бус үйлдлээс учирсан шууд болон шууд бус хохирлыг оруулан тооцдог болохыг тайлбарлах нь зүйтэй байна.

Хариуцагч болон түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа автомашинд учирсан бодит гэмтлийг засварлаж өмнөх байдалд нь сэргээх боломжтой, эд ангийг засварлахад гарах зардлыг төлнө, бусад зардлыг төлөхгүй гэж татгалзлалаа тайлбарлаж байгаач нэхэмжлэгчид хохирол учирснаас хойш тодорхой цаг хугацаа өнгөрсөн, энэ хугацаанд хариуцагч хохирлыг арилгаагүй байгаагаас дүгнэхэд нэхэмжлэгч нь эрхээ сэргээлгэхээр хариуцагчид тодорхой хугацаа тогтоож өгсөн, энэ хугацаанд хариуцагч нь үүргээ гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгчийн зүгээс гэм хорыг мөнгөөр гүйцэтгэхийг шаардаж байгаа нь үндэслэлтэй гэж үзсэн болно.

Мөн хариуцагч нь дээрх автомашиныг түүний эзэмшигчийн зөвшөөрлөөр жолоодох явцдаа тухайн эд хөрөнгөд хохирол учруулсан, тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан бусад этгээдэд гэм хор учруулаагүй байх тул уг үйлдлийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэх шаардлагагүй гэж үзсэн болохыг тайлбарлав.

Иймд хариуцагч Д.*******гоос бусдын эд хөрөнгөнд учруулсан хохирол 4.286.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.600.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанд оролцож хэргийн үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар бичгээр дүгнэлт гаргасан иргэдийн төлөөлөгчөөс хариуцагч нь нэхэмжлэлийг хариуцах нь зүйтэй гэж дүгнэсэн болохыг шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгав.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109.126 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангаж шийдвэрлэсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 83526 төгрөгийг хариуцагч Д.*******гоос гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.*******гоос бусдын эд хөрөнгөнд учруулсан хохирол 4.286.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.600.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109.126 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гоос улсын тэмдэгтийн хураамж 83.526 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ

ШҮҮГЧ О.БАТДОРЖ

ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ