Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2018/01211

 

 

 

 

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2018/01211

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.К ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н ХХК -д холбогдох,

57,904,933 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч У.Д, хариуцагчийн төлөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нобблложистикс ХХК нь 2014 оны 06 сарын 18-ны өдөр Номин карт ББСБ-аас NC/ЗГ070 тоот зээлийн NC/БГ070 тоот барьцааны гэрээг тус тус байгуулан 136,500,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн 1.49%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай авто машин худалдаж авах зориулалтаар зээлсэн.

Нобблложистикс ХХК 2015 оны 01 сараас хойш зээлийн гэрээнд заасан үүргээ удаа дараа ноцтой зөрчсөөр ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний хугацаа дууссан.

Энэ хугацаанд манай байгууллагаас хариуцагчид хандан удаа дараа зээл түүний хүүг төлөхийг шаардаж амаар болон бичгээр мэдэгдсэн боловч хариу тайлбар өгөөгүй өнөөдрийг хүрч байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасны дагуу Нобблложистикс ХХК-иас нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 72,999,452.95 төгрөг, хүүгийн төлбөрт 10,738,177.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 568,291.48 төгрөг, нийт 84,305,921.56 төгрөгийн тооцоо гарч байна.

Үүнээс 2789 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан борлуулсны үнийг хасч, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 55,478,301.32 төгрөг, хуримтлагдсан хүү 1,570,590.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 324,061.14 төгрөг, нийт 57,372,953.17 төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж байна.

Мөн зээлийн гэрээний 2.12-т заасны дагуу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дансанд улсын тэмдэгтийн хураамж нэрээр тушаасан 527,980 төгрөгийг, нэхэмжлэл гаргахад баталгаажуулсан нотариатын үйлчилгээний хураамж 4,000 төгрөгийг, бүгд 57,904,933.17 төгрөгийг гаргуулж Номин карт ББСБ ХХК-д олгож өгнө үү.

Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээнд заасан барьцаа эд хөрөнгө болох 2879 УНВ улсын дугаар бүхий Шевроле Каптива /Chevrolet Captiva/ маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангахаар шүүхийн шийдвэрт дурьдаж өгнө үү гэжээ.

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нобблложистикс ХХК нь 2014 оны 05 сарын 16-ны өдөр Номин трейдинг ХХК-тай Автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулан 2 ширхэг Шевроле Каптива /Chevrolet Captiva/ автомашиныг тус бүрийг 60,000,000 төгрөгөөр, Шевроле Тахое /Chevrolet Tahoe/ маркийн автомашиныг 75,000,000 төгрөгөөр, нийт 3 автомашиныг 195,000,000 төгрөгөөр худалдан авсан.

Автомашин худалдах, худалдан авах гэрээ-нд Нобблложистикс ХХК нь автомашины урьдчилгаа төлбөрт 30% буюу 58,500,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг 0%-ийн зээлийн нөхцөлд хамрагдан 24 сарын хугацаанд Номин юнион ББСБ-аар дамжуулан төлөхөөр харилцан тохиролцсон.

Номин карт ББСБ ХХК нь 2014 оны 06 сарын 18-ны өдрийн NC/ЗГ070 тоот гэрээгээр 136,500,000 төгрөгийг Нобблложистикс-ийн дансанд хийгээгүй, шилжүүлээгүй.

Нобблложистикс ХХК нь 3 ширхэг автомашины төлбөрт нийт 136,223,717 төгрөгийг төлсөн.

Иймд Нобблеложистикс ХХК нь Номин карт ББСБ ХХК-д төлбөр төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Номин карт ББСБ ХХК нь хариуцагч Нобблложистикс ХХК-д холбогдуулан, үндсэн зээл 72,999,452,95 төгрөг, хүү 10,738,177.13, нэмэгдүүлсэн хүү 568,291.48 төгрөг, нэхэмжлэлийг буцаасны улмаас улсын төсөвт үлдсэн улсын тэмдэгтийн хураамж 527,980 төгрөг, нотариатын зардал 4,000 төгрөг, нийт 84,837,901.56 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох 8478 УНИ, 2879 УНВ улсын дугаартай Шевроле Каптива /Chevrolet Captiva/ маркийн автомашинуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг худалдан борлуулсан дүнг зээлийн гэрээний үүргээс суутган тооцсон үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 55,478,301.32 төгрөг, хүү 1,570,590.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 324,061.14 төгрөг, нэхэмжлэлийг буцаасны улмаас улсын төсөвт үлдсэн улсын тэмдэгтийн хураамж 527,980 төгрөг, нотариатын зардал 4,000 төгрөг, нийт 57,904,933 төгрөгийг гаргуулах, 2879 УНВ улсын дугаартай Шевроле Каптива /Chevrolet Captiva/ маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Нэг. Талууд 2014 оны 06 сарын 18-ны өдөр NC/ЗГ070 тоот Зээлийн гэрээ байгуулж, Номин карт ББСБ ХХК нь автомашин худалдаж авах зориулалтаар 136,500,000 төгрөгийг 30 хоногийн 1.49%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэх, Нобблложистикс ХХК нь хавсралтаар тохиролцсон хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийг төлөх, зээл, зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Хариуцагч нь Нобблложистикс ХХК-ийн дансанд зээлийн мөнгөн хөрөнгө шилжин ороогүй учир зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй, зээл, барьцааны гэрээнд Нобблложистикс компанийн гүйцэтгэх захирал Максимилиан Реттенвендер гарын үсэг зураагүй, А.Содгэрэл гэх хүн тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаагүй, гүйцэтгэх захирал нь гадаад хүн учир автомашинуудыг лизингээр авч байгаа гэж ойлгосон гэж тайлбарлан маргадаг.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д ... мөнгөн хөрөнгийг ... зээлдэгчид шилжүүлэх гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдүүлэгч нь ... зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж, 21.4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж тус тус заажээ.

 

Үүнээс үзэхэд Номин карт ББСБ ХХК нь зээлдэгч Нобблложистикс ХХК-ийн эзэмшдэг дансанд зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэх нь хуульд нийцэхээр байна.

 

Хэрэгт авагдсан Зээлийн дансны хуулга гэх /хх-13х, 53х/ баримтад зээлдэгчийн зээлийн дансны дугаар тусгагдаагүй, мөн мөнгөн хөрөнгө-ийг хүлээн аваагүй гэсэн хариуцагч талын тайлбарыг нэхэмжлэгч тал баримтаар няцаагаагүй учир шүүх хариуцагчийн тайлбарыг үнэн зөв гэж үзэв.

 

Гэсэн хэдий ч хэргийн 97-р хуудаст авагдсан Нобблложистикс ХХК-ийн 100% хувьцаа эзэмшигч гэх Алмандин капитал ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн хурлын 2014 оны 06 сарын 13-ны өдрийн шийдвэрт Худалдан авах автомашины урьдчилгаа төлбөр 30 хувь болох 58,500,000 төгрөгийг бэлэн төлж үлдэгдэл 70% болох 136,500,000 төгрөгийг Номин карт ББСБ-аас 24 сарын хугацаатай зээлээр санхүүжүүлэхийг зөвшөөрсүгэй, Номин карт ББСБ-ын зээл болон барьцаа гэрээнд компанийг төлөөлж гарын үсэг зурах эрхийг Нобблложистикс ХХК-ийн гүйцэтгэх захирал /А.Содгэрэл/-д олгосугай гэж тус тус дурьдсанаас үзэхэд А.Содгэрэл гэх хүн тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаагүй, гүйцэтгэх захирал нь гадаад хүн учир автомашинуудыг лизингээр авч байгаа гэж ойлгосон гэсэн хариуцагчийн татгалзал бодит үнэнд нийцэхгүй байна.

 

Номин карт ББСБ ХХК-иас зээл авахаар шийдвэрлэсэн Алмандин капитал ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрт хувь нийлүүлэгч хэмээн Р.Максимилиан гарын үсэг зурсан байх тул автомашинуудыг лизингээр авч байгаа гэж ойлгосон гэж үзэх боломжгүй юм.

 

Номин карт ББСБ ХХК нь зээлийн гэрээний дагуу Шевролет Каптива /2ш/, Шевроле Тахое /1ш/ маркийн автомашины үлдэгдэл төлбөр 136,500,000 төгрөгийг санхүүжүүлсэн, үүний үр дүнд Нобблложистикс ХХК нь өөрийн эзэмшил, ашиглалтад автомашинуудыг шилжүүлэн авсан, улмаар эдгээр автомашинуудыг бусдад түрээслэн орлого олж байсан /хх-88-89х/ зэрэг үйл баримтаас дүгнэхэд Нобблложистикс ХХК-ийг зээл аваагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна хариуцагчийн татгалзаж буй үндэслэл нь түүнийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй дүгнэв.

 

Иймд хариуцагч Нобблложистикс ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн мөнгөн хөрөнгө, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул Номин карт ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

 

Зээлийн дансны хуулгаас үзэхэд 2018 оны 04 сарын 13-ны өдрийн байдлаар Нобблложистикс ХХК-ийн хүлээх зээлийн гэрээний үүрэг нь үндсэн зээл 55,478,30.32 төгрөг, хүү 1,570,590.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 324,061.14 төгрөг, нийт 57,372,953.17 төгрөг байх ба хариуцагч уг тооцоололтой маргадаггүй буюу өөрийн зүгээс уг тооцооллыг няцаасан тооцоолол гаргаж өгөөгүй. /хх-53х/

 

Хоёр. Талууд 2014 оны 06 сарын 18-ны өдөр NC/БГ070 тоот Барьцааны гэрээ байгуулж, Нобблложистикс ХХК-ийн худалдан авсан 4781 УБП улсын дугаартай Шевроле Тахое, 8478 УНИ улсын дугаартай Шевроле Каптива, 2879 УНВ улсын дугаартай Шевроле Каптива автомашинуудыг тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан агуулгыг тусгажээ.

 

Гэтэл Нобблложистикс ХХК-ийн бэлнээр болон зээлийн хөрөнгөөр үнийг нь бүрэн төлсөн автомашинууд нь барьцаалагч буюу Номин карт ББСБ ХХК-ийн өөрийнх нь өмчлөлд бүртгэлтэй, улмаар өөрийн өмчлөлд бүртгэлтэй автомашинуудыг өөртөө барьцаалсан нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д нийцээгүй байна. /хх-11-12х, 37-39х/

Дээр дурьдсан гэрээ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан Фидуцийн гэрээний шинжийг агуулж байна гэж үзэх үндэслэлтэй.

 

Номин карт ББСБ ХХК-ийн дээрх үйлдэл нь цаашид өөрийн дураар Нобблложистикс ХХК-ийн эзэмшил, ашиглалтад байгаа автомашинуудыг хураан авах, түргэн борлогдох гэх үнээр автомашинуудыг бусдад хямдхан худалдан борлуулах боломжийг олгосон байх ба энэ нь зээлдэгч Нобблложистикс ХХК-ийн эрх ашгийг хөндөх үр дагаварт хүргэжээ.

 

Гурав. Шүүх талуудын хооронд үүссэн харилцааны нөхцөл байдлыг харгалзан Нобблложистикс ХХК-ийн зээлийн гэрээний дагуу хүлээх үүргийг дараах байдлаар тооцох нь шударга ёсонд нийцнэ гэж үзэв.

 

Номин карт ББСБ ХХК нь 4781УБП улсын дугаартай Шевроле Тахое, 8478 УНИ улсын дугаартай Шевроле Каптива автомашинуудыг хариуцагчаас хураан авч, түргэн борлогдох гэх үнээр бусдад худалдан борлуулж, зээлийн гэрээний үүргээс нийт 54,393,220 төгрөгийг үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн дүнгээс хасч тооцсон байна.

 

Барьцаа хөрөнгө болох автомашинуудын өмчлөл өөрийн нэр дээр бүртгэлтэй байгаа давуу байдлыг ашиглан нэгдмэл сонирхол бүхий Номин трейдинг ХХК-д түргэн борлогдох гэх үнээр хямд худалдсаныг зах зээлийн үнээр худалдсан гэж үзэх боломжгүй, улмаар зүйд нийцэхгүй гэж үзэв.

 

Нөгөө талаар тусгай зөвшөөрөл бүхий этгээд гаргасан эсэх нь тодорхойгүй, үнэлгээг ямар арга, хэрэгсэл ашиглаж тооцсон нь тодорхойгүй үндэслэлээр хариуцагч талаас гаргасан Итгэлт эстимэйт ХХК-ийн тогтоосон үнэлгээг баримтлах боломжгүй байна.

 

Харин Талуудын харилцан тохиролцсон үнэлгээ буюу Барьцааны гэрээ-нд тусгагдсан үнийн дүнгээр автомашиныг худалдан борлуулах үнийг тодорхойлох нь аль аль талын эрх ашигт нийцнэ гэж үзэв.

 

Ийнхүү тооцоход (54,600,000 + 40,950,000) 54,393,220 = 41,156,780 төгрөгийн зөрүү гарч байх буюу уг дүнг зээлийн гэрээний үүргээс хасч тооцон 57,372,953 41,156,780 төгрөг = 16,216,173 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Дөрөв. нэхэмжлэлийг буцаасны улмаас улсын төсөвт үлдсэн улсын тэмдэгтийн хураамж 527,980 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй буюу нэхэмжлэгчийн өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас гарсан зардал байх тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Тав. Нотариатын зардал 4,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, хариуцагч зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь шүүхэд хандах болсон, улмаар нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр нотлох баримтыг гаргаж өгөх, цуглуулахад гарч байгаа зардал тул уг шаардлагыг хангах нь зүйтэй.

 

Зургаа. Барьцаа хөрөнгө болох 2879 УНВ улсын дугаартай Шевроле Каптива /Chevrolet Captiva/ маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд, талуудын хооронд байгуулагдсан Барьцааны гэрээ гэх гэрээ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан Фидуцийн гэрээний шинжийг агуулж байх тул нэхэмжлэгчийн уг шаардлага үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.     Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар хариуцагч Нобблложистикс ХХК-иас 16,220,173 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Номин карт ББСБ ХХК-д олгож, үлдэх 41,685,760 төгрөгт холбогдох шаардлага болон 2879 УНВ улсын дугаартай Шевроле Каптива /Chevrolet Captiva/ маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 582,140 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 70,200 төгрөгийг Номин карт ББСБ ХХК-иас гаргуулан улсын төсөвт оруулж, хариуцагч Нобблложистикс ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 239,051 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Номин карт ББСБ ХХК-д буцаан олгосугай.

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР