Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 131/ШШ2021/00677

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гангэрэл даргалж, бүрэлдэхүүнд шүүгч О.Батдорж, Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: багт оршин суух, ******* регистрийн дугаартай, *******н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 36-4 тоотод оршин суух, ВЮ66072913 регистрийн дугаартай, *******,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газарт тус тус холбогдох

Гэм хорын хохиролд 8 790 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******гийн өмгөөлөгч Д.Мэндээ, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Должинсүрэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянхонгор аймгийн Богд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр *******т нь ланд круйзер /land cruiser/ маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож, миний эзэмшлийн ланд100 /land 100/ маркийн 00-74 УБЕ дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж хохирол учруулсан. Энэхүү хэрэгт зөрчлийн хэрэг үүсгэн №00016744 шийтгэврээр *******ийг 400.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн. Иймд хохирол болох 9.750.000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг Баянхонгор аймгийн Богд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр замд явж байхад миний урдаас Land cruiser маркийн автомашин их хурдтай гарч ирсэн тэр машины урд Land cruiser 80 маркийн авто машинтай жолооч 60 миллийн хурдтай явж байсан гэдэг тэр Land cruiser 80 маркийн машиныг Land cruiser маркийн автомашин гүйцэж түрүүлэх гэж яваад миний Land 100 маркийн авто машиныг мөргөж надад хохирол учруулсан. Тухайн үед цагдаа дуудаж цагдаа нар 1 цагийн дараа хэргийн газарт ирсэн. Ирээд тэнд байсан бүх машины жолооч нарын согтуурлын зэргийг шалгасан Land cruiser маркийн автомашины жолооч ******* согтуугаар машинаа жолоодож байсан нь тогтоогдсон. Тэр үед жолоо барьж явсан ******* нь миний буруу учир бүх хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн байдаг. Ингээд би машинаа Улаанбаатар хот руу ачуулсан юм. Тэгээд Улаанбаатар хот руу машин ачуулсны дараа шүүхийн журмаар асуудлаа шийдвэрлүүлэхээр болж би шүүхэд хандсан.

Тухайн үед жолооч ******* нь урдаа явсан 60 миллийн хурдтай тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийн тулд ойролцоогоор 80 миллийн хурд авч миний машинтай мөргөлдсөн байдаг. Их хурдтай явж байсан учир миний машин хойшоо түрэгдэж байрнаасаа хөтөлсөн болохоос замаас гарч зогссон машиныг би очиж мөргөсөн зүйл байгаагүй гэв.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: ******* би н нэхэмжлэлтэй холбоотой дараах тайлбарыг хүргүүлж байна.

Миний бие Баянхонгор аймгийн Богд суманд автомашин жолоодож яваад осол гаргасан юм. Осол гаргахад миний буруутай үйлдэл байсан ба үүнийгээ хүлээн зөвшөөрсөн боловч -өгөө мөргөсөн машины жолооч надаас илүү буруутай байсан гэж үздэг үнэхээр ч бодит байдал дээр бүгд тодорхой байдаг. Энэ талаар хийсэн цагдаагийн шалгалт нь үнэн шударгаар шалгаагүй зөвхөн намайг л буруутгах зорилгоор явагдсан гэж үздэг энэ талаар би цагдаагийн байцаагч нарт бүгдийг хэлсэн боловч зөрчил гэдэг үүднээс тоож үздэггүй юм байна лээ.

Анх шалгасан Богд сумын цагдаа газар дээр очиход мөргөлдсөн машины жолооч нарыг согтуурал хэмжих багаж үлээлгээд намайг согтуу байна чиний буруу гэж хэлээд шууд сумын төв рүү авчирсан. Би тухайн үед цагдаад өмнөөс маш хурц гэрэлтэй машин гарч ирсэн би замаа чөлөөлөөд замын баруун гар талд гарсан байхад мөргөлөө миний буруу байхгүй шүү дээ гэхэд чиний буруу гэж хэлээд миний үгийг тоохгүйгээр барахгүй нөгөө мөргөлдсөн машины жолоочийн талд та нар хохирлоо төлүүлж ав гэж ямар ч шалгалт явуулахгүйгээр шийдвэр гаргаж, чиний буруу учраас машиныг ачиж яв гэх зэргээр нөгөө талд үйлчилж эхэлсэн. Учир нь ямар ч хэмжилт шалгалт явуулахгүйгээр ингэж шийдвэрлэж дайрсан нь танил тал, найз нөхдийн эсвэл шан харамжийн холбоотой байна уу? гэх сэтгэгдэл төрсөн.

Маргааш өдөр би шалгуулъя миний айраг пиво уусан буруу харин нөгөө жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж хэлж мөргөлдсөн газраа ирж хэмжилт хийлгэсэн. Бодит байдал дээр би дүрмийн дагуу замаа чөлөөлж, замын баруун талдаа бүр замаасаа гарсан байхад 00-74 УБЕ машин мөргөсөн байдал тодорхой байсан бөгөөд үүнийг зураг авч үзлэг хийсэн.

Цагдаа үзлэг хийхдээ өөрөө ослыг харж байсан юм шиг намайг замаа чөлөөлж явж байснаа буцаж эргэж мөргөсөн мэтээр бичиж би 2 удаа тоормос гишгэсэн дугуйны мөр байсныг нэг удаа гэж, тод мөр байсныг бүдэг мөр мэтээр сонин байдлаар бичсэнийг сүүлд нь би мэдсэн. Тэгээд ослын акт гаргах болсон намайг буруутай гэж гаргасан. Тэгээд би дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гээд дахин дүгнэлт гаргуулсан мөн л намайг буруутай гэж үзсэн. Мөн дүгнэлтийг би хүлээн зөвшөөрөхгүй гээд 5 зүйлээр миний зөв байх үндэслэл бүхий гомдлоо бичгээр гаргасан боловч цагдаа нь ч тоосонгүй, прокурор нь ч хүлээн авах боломжгүй гэсэн. Би бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргасан ахлах байцаагчаас нь яагаад худлаа дүгнэлт гаргаад байгаа юм бэ гэхэд бид гаргасан та гомдолтой бол тээврийн цагдаагийн газарт дүгнэлт гаргах эрхтэй гэсэн.

Миний бие олон газар гомдол хүсэлтээ гаргасан боловч хүлээн авахгүй байна. Нөгөө талаар дүгнэлт гаргахдаа би зам тавьж өгөөд байхад нөгөө замаа чөлөөлөөгүй мөргөсөн машиныг замаа чөлөөлж өгсөн байна гэх мэтээр дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Миний хувьд 30 гаран жил жолооч хийж байна энэ дүгнэлтийг хэтэрхий худлаа гараад байгаа учир гомдол гаргаж байгаа юм. Би албаны машин барьдаг тэр машиныг нь 7 сая төгрөгөөр засаж өгсөн гэтэл буруутай жолоочийн машиныг бас төлөх болоод байдаг шударга ёс хаана байна. Миний хувьд айраг пиво ууснаа хүлээн зөвшөөрч жолоодох эрхээ хасуулж торгууль хүлээж ажлаасаа халагдсан байгаа энэ талаар миний буруу учир гомдол гаргахгүй.

1. 1.1 буюу Замын хөдөлгөөний дүрмийн 11.6 зөрчсөн буруутай гэсэн нь бодит байдал дээр энэ нь жолооч ******* буруугүй болох зорчих замын хамгийн баруун талын замаар явж байсан мөн өмнөөс ирж байгаа тээврийн хэрэгсэлтэй зөрөхийн тулд би замаа чөлөөлж дүрмийн дагуу баруун тал руугаа чиглэлээ замаас гараад явж байх үед миний машиныг хажуу зүүн гар талын урд гупер карлан луу хажуу талаас мөргөсөн нь бүх баримтаар тодорхой өөрөөр хэлбэл мөргөлдсөн осол замын зорчих хэсгийн баруун талд буюу замаас гарсан цэг дээр болсон.

Би зүүн гар луу буцаж эргэх үйлдэл хийгээгүй харин 2 автомашин мөргөлдөх үед миний машины хойд хэсэг мөргөлтийн хүчний үйлчлэлээр зүүн гар чиглэлтэй зогссоныг намайг зүүн гар луугаа дарсан гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

2. 1.2 буюу Замын хөдөлгөөний дүрмийн 11.1 зөрчсөн гэжээ... тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно гэж заажээ. Энэ заалтаар жолооч ******* миний биеийг буруутгах үндэслэлгүй харин 00-74УБЕ машины жолоочийг буруутгах үндэслэл болно гэж үзэж байна. Энэ хэргийн газрын фото зураг, замын зорчиж явсан замыг тэн хагасыг битгий хэл бүрэн замыг эзэлж миний талд буюу баруун гар талд осол болсон билээ. Иймээс энэ заалт миний буруу биш 00-74 УБЕ тээврийн хэрэгслийн жолоочийн буруу гэж үзэж байгаа.

3. 3-р заалт буюу хэрэгт авагдсан нотлох баримт, гэрэл зураг, зорчигчийн мэдүүлгээс үзэхэд Ланд 100 буюу 00-74 УБЕ улсын дугаартай автомашин нь зам тавьж өгсөн байх үндэслэлтэй гэжээ үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ заалтыг гаргахдаа бичиглэл утга, агуулгын алдаа гарав уу гэж үзэхэд хүрлээ. Замыг чөлөөлж баруун гар тал руугаа гаргаж тавьсан машин нь улсын дугаартай миний машин. Нөгөө 00-74 УБЕ автомашин нь зорчиж яваа чиглэлийн эсрэг урсгалдаа орж бүтэн замыг туулж миний машиныг мөргөсөн. Гэтэл замаа чөлөөлсөн гэж дүгнэснийг ойлгохгүй байна.

4. Шинжээч ын 2019.10.23-ны өдрийн 53-р шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь дээр бичсэн 3 үндэслэлээр зөвшөөрөхгүй байна.

5. Иймд Улаанбаатар хотын Тээврийн цагдаагийн газрын мэргэжлийн шинжээч нараар дахин дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаж байна.Энэ ослын маргааныг шийдвэрлэхийн тулд зорчиж явсан замын өргөн, осол гарсан цэг замын аль хэсэгт / хэмжилт / болсныг нарийн тодорхойлж бүдүүвч гар зураглал, схем үйлдэж тодорхой болсны дараа дүгнэлт үндэслэлтэй үнэн зөв шударга гарна гэж миний бие бодож байна. Иймээс хэргийн газар дахин үзлэг шалтгааныг 2 талын холбогдох гэрч, хүмүүсийг байлцуулж хийж үнэн зөв шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэг 2019 оны 10 дугаар сарын 16-ны орой болсон байдаг. Намайг Заг сумын заг тооцооны төвд албан томилолтоор явж байхад миний нөхөр ******* нь орой 22 цагийн үед над руу залгаж осол гарсан талаар хэлж, машин дотор сууж явсан хүмүүсийн биеийн байдал гайгүй байгаа талаар ярьсан байдаг. Ингээд маргааш өглөө нь ******* болон эхнэр, хүүхдийг эмнэлэгт үзүүлж байгаа гээд эмчилгээний зардалд 140,000 төгрөг өгсөн. Би Богд суманд очиж н. гэх цагдаагийн ажилтантай уулзаж хэнийх нь буруу байсан талаар тодруулахад одоогоор шууд хэлэх боломжгүй 14-20 хоногийн дараа дүгнэлт нь гарна гэж хэлсэн. Ингээд би нөхрийнхөө ажлын Land cruiser маркийн автомашиныг ачуулахаар хэргийн газарт очиход миний нөхрийн унаж явсан тээврийн хэрэгслийн урд зүүн талын карлан нь сүйдсэн байдалтай, замын баруун талд осол болсон байсан. Би энэ хэргийн газрын байр байдлыг хараад миний нөхрийн буруу 100 хувь биш байна гэж үзсэн учир цагдаагийн байгууллагад үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсэж өргөдөл гаргасан. Энэ хугацаанд 9999 дугаарын утастай *******н ах гэх хүн залгаж намайг байнга дарамталж байсан. Бид Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын авто машиныг 7,000,000 гаран төгрөг гаргаж бүрэн засвар хийж өгсөн учир дахин *******д 7,000,000 төгрөг төлөх боломжгүй юм. Нэгэнт миний нөхөр байгууллагын авто машинаар албан томилолтоор явж байсан учир энэ хохирол төлбөрийг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газартай хувааж төлөх нь зүйтэй гэж бодож байна

Осол болсон газар нь хоёр л машин зөрөх боломжтой нарийн зам байгаагүй өргөн зам байсан. ******* өөрөө эрүүл саруул явж байсан байж зүүн гар талаа бариад зөрөөд явах боломж байсан гэж бодож байна. Миний нөхөр *******ийн унаж явсан тээврийн хэрэгсэл баруун гар талдаа замаа чөлөөлөөд зогссон, зүүн талаараа мөргүүлсэн байдалтай байсан. Тухайн үед хэргийн газарт ажилласан цагдаагийн ажилтан эд мөрийн баримтаар зураг авах боломж олгоогүй байдаг. Манай нөхрийн хувьд 2008 оноос архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байж байгаад 2018 оноос айраг, пиво бага зэрэг уудаг болсон гэв.

Хариуцагч *******гийн өмгөөлөгч Д.Мэндээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч *******гийн өмгөөлөгчөөр оролцож байна. Монгол улсын замын хөдөлгөөн нь баруун гарын дүрэмтэй байдаг. Тухайн осол нь замынхаа баруун гар талд болсон байгаа нь хэргийн газрын зургаар тодорхой харагддаг. Үүн дээр дүгнэлт гаргахдаа хоёр мөргөлдсөн жолоочийн байр суурийг өөрчилж зүүн талд явж байсан жолооч баруун талд гарч, баруун талаар зорчиж байсан машин нь зүүн талд гэсэн буруудсан байдалтай дүгнэлт эхнээсээ гарсан байдаг. Мөн зам тавьж өгсөн дугуйны мөр нь хариуцагчийн машины дугуйны мөрөөр гарсан байдаг гэтэл зорчих хэсэгт зам тавьж өгөөгүй машины буруутай үйлдэл байгаа байдлыг зөрүүлж бичсэн эсэх, яагаад ингэж буруу бичигдсэн нь эргэлзээтэй байсан учир энэ алдааг засуулахаар шинжээчийн дүгнэлт дахин гаргуулахаар хандсан боловч нэг дүгнэлт нь дахин давтаж гарсан. Ийм учраас прокурорын байгууллага болон замын цагдаагийн байгууллагад энэ асуудлыг дахин тогтоолгохоор хандсан боловч зөрчлийн хэргийн хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хаагдсан. Эцсийн дүндээ шинжээч томилуулаад энэ байдлыг дахин тогтооход мэдлэг, ур чадвар хүрэхгүй гэсэн үндэслэлээр хаагдаж байгаад тун харамсалтай байна. Тиймээс мэдлэг, ур чадвар нь хүрэх шинжээч нарыг дахин томилж өгнө үү гэсэн хүсэлтэй байгаа. Мөн хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийн тухайд нэхэмжлэгчийн машины арам, краказ эвдэрсэн гэж үнэлгээний тайланд байдаг боловч хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зураг дээр нэхэмжлэгчийн машины дээрх эд анги эвдэрсэн талаар баримт байдаггүй учир хөрөнгийн үнэлгээний энэ хэсгийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Эцэст нь хэлэхэд *******гийн унаж явсан тээврийн хэрэгсэл нь байгууллагын машин байсан бөгөөд тухайн үед хамт явж байсан ажилчид дарга цэрэг гэлтгүй бүгд архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн байсан учир үүн дээр төрийн албан хаагч нар хариуцлагатай хандах ёстой байсан гэж үзэж байгаа тиймээс энэ хариуцлагыг хамтран хүлээх нь зүйтэй гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн *******н нэхэмжлэлтэй *******д холбогдох иргэний хэрэгт манай байгууллагыг хамтран хариуцагчаар татсан шүүгчийн захирамжийн дагуу доорхи тайлбарыг хүргүүлж байна.

Манай байгууллагын Ланд-76 маркийн автомашин нь байгууллагын өмчлөлд бүртгэлтэй, автомашины техникийн үзлэг, оношилгоонд тогтмол жил бүр хамрагдаж байсан, бүрэн бүтэн, эвдрэл гэмтэлгүй, автозам ашиглалтын төлбөр 35000, үзлэг оношилгооны 44000, АБӨЯХАТ-ын татвар 117600 төгрөг хугацаанд нь төлсөн байна. Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга Н.Мөнхбаатар ахалж 5 сумд ажиллахаар 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 7 хоногоор томилогдож ажлын хэсгийнхэн говийн сумдаар явсан. Томилогдсон хугацаа урт байсан тул оройтсон газраа хоноглох, амрах ёстой гэдгийг ажлын хэсгийнхэнд хэлж явуулсан. Жолооч ******* нь автомашины бүрэн бүтэн байдлаас бус согтууруулах ундаа хэрэглэсний улмаас осол гарсан болох нь нотлогдож байна. Иймд манай байгууллага *******н нэхэмжилсэн хохирлыг төлөх боломжгүй юм гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Барилга хөгжлийн төвийн инженерүүдийн хамт барилга хүлээж авахаар 7 суманд ажиллах ажлын хэсэгт томилогдон явж байсан. Хамгийн эхэнд Богд сумын Соёлын төвд хяналт хийж улсын комиссоос барилга хүлээн авахад тодорхой хэмжээний үйл ажиллагаа явагдаж хоол унд, айраг ууцгаасан байдаг. Ингээд замд гараад Богд сумаас 10 гаруй километрийн зайд тал дээр энэ зам тээврийн осол гарсан. Жолооч *******гийн хувьд айраг дээрээ пиво хольж уусан байж магадгүй согтуурлын зэрэг нь өндөр гарсан байсан. Түүний хувьд жолоогоо барихдаа замынхаа баруун гар талын барьж явсан бөгөөд замын баруун гар талд энэ зам тээврийн осол гарсан байдаг. ******* жолоочийн хувьд замын зүүн гар талаар явж байсан хэрнээ баруун талд хоёр машин мөргөлдсөн байдаг. Жолооч ******* нь байгууллагын автомашиныг янзалж байгууллагыг хохиролгүй болгосон байдаг. Миний зүгээс харж байгаагаар тухайн зам тээврийн осол болоход жолооч ******* тодорхой хэмжээний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буруутай байгаа хэдий ч жолооны дүрмээрээ баруун гар талаа барьж явсан учир энд жолооч *******н буруу тодорхой хэмжээгээр байсан байна гэж үзэж байна.

Тухайн үед хэргийн газарт үзлэг хийсэн цагдаагийн ажилтан н. нь *******н талд ажилласан юм болов уу гэсэн хардлага төрж байна. Учир нь хэргийн бодит байдлыг тогтооход шаардлага хангасан зураг нэг ч авагдаагүй, материал дутуу бүрдүүлсэн байдаг. Манай байгууллагын хүмүүс тухайн үед зураг авах гэтэл огт зураг авуулаагүй, зураг авах шаардлага байхгүй гэж хэлсэн байдаг. Жолооч ******* нь согтуу байсан гэдгээрээ бурууддагаас биш дүрмийн хувьд буруугүй байсан гэж хажууд нь байсан хүмүүс нь тайлбарладаг гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

*******гаас тус шүүхэд хандан Зам тээврийн ослын улмаас автомашинд учруулсан гэм хорын хохиролд 9 750 000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон ******* нарт холбогдуулан гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, гэм хорын хохиролд 8 790 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан, үүнийг эс зөвшөөрч хариуцагч нараас ...зам тээврийн осол гаргахад гэм буруугүй гэж маргасан.

Шүүхээс зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бүх нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас гэм хорын хохиролд 8 790 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэлээ.

Нэг. Хэргийн үйл баримтын талаар:

1. Баянхонгор аймгийн Богд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хөөврийн хаяа гэх газарт 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч *******н жолоодон явсан 0074УБЕ улсын дугаартай, ланд круйзер 100 маркийн автомашиныг хариуцагч *******гийн жолоодон явсан улсын дугаартай, ланд круйзер 70 маркийн автомашинаар мөргөж, зам тээврийн осол гаргасан. Уг ослыг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас зөрчлийн 1914000547 дугаар хэрэг нээн шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсны эцэст Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг ******* гаргасныг тогтоож, шийтгэлийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 16774 дугаартай хуудсаар 400 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан[1], шийтгэлийн хуудас хүчин төгөлдөр болсон.

2. Хариуцагч *******гийн дээрх зам тээврийн осол гаргах үед жолоодон явсан улсын дугаартай, ланд круйзер 70 маркийн автомашин нь Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын эзэмшлийн эд хөрөнгө[2] бөгөөд хариуцагч ******* нь тус байгууллагад хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр жолоочийн албан тушаалыг эрхэлдэг[3], тухайн ослыг гаргах үедээ нь албан томилолтоор Богд суманд ажиллаж байсан болох нь тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй.

3. Зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч *******н автомашинд 8 790 000 төгрөгийн хохирол учирсан нь шүүхээс томилогдсон шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлтээр[4] тогтоогдсон, шинжээчийн тус дүгнэлт болон үнэлгээний дүн, гэм хорын хэмжээний талаар зохигчид маргадаггүй.

Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл, эрх бүхий этгээд болох цагдаагийн байгууллагаас зөрчлийн 1914000547 дугаартай хэргийг шалган шийдвэрлэж, зам тээврийн осол гарсан шалтгаан нь хариуцагч *******гийн Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл болохыг тогтоосон, тус ослын улмаас нэхэмжлэгч *******н эзэмшлийн ланд круйзер 100 маркийн автомашинд 8 790 000 төгрөгийн хохирол учирсан нь нотлогдсон, гэм буруу, хохирол хооронд шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байна.

Хариуцагч нараас зам тээврийн осол гаргахад гэм буруугүй, шийтгэлийн хуудсаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж торгох шийтгэл оногдуулсан болохоос замын хөдөлгөөний өөр дүрэм зөрчсөн болохыг тогтоогоогүй гэж маргасныг шүүх хүлээн авах боломжгүй, дээр дурдсанчлан нэхэмжлэгч *******н эд хөрөнгөд хохирол учруулсан зам тээврийн ослыг шалгаад осол гарсан шалтгаан нь хариуцагч *******гийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл болохыг тогтоосон байхад түүнийг гэм буруугүй гэж үзэх үндэслэлгүй, нэгэнт хүчин төгөлдөр шийтгэлийн хуудсаар зам тээврийн осолд хариуцагч *******г гэм буруутай болохыг тогтоосон, үүнийг үгүйсгэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна.

Мөн хариуцагч нараас зам тээврийн осолд нэхэмжлэгч *******г буруутай гэж маргах боловч зөрчлийн 1914000547 дугаар хэргийн материалд түүнийг осол гаргахад гэм буруутай болохыг тогтоосон ямар ч баримт байхгүй, үүнээс гадна иргэний хэргийн шүүхээс зам тээврийн ослыг шалган тогтоох эрхгүй, нэгэнт нотлогдсон үйл баримтыг дахин нотлохгүй, түүнчлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хууль бус гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй тул зөрчлийн хэргийн материал, шийтгэлийн хуудсыг шүүх үнэлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нийцнэ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр зам тээврийн ослыг шалтгааныг дахин тогтоолгохоор шинжээч томилсон боловч Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн алба шинжилгээ хийх эрхгүй[5] гэж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжээчийн дүгнэлт гаргахад зөрчлийн хэрэгт авагдсан баримтын хүрээнд дахин дүгнэлт гаргахад тусгай мэдлэг хүрэлцэхгүй[6] гэж тус тус шинжилгээ хийх боломжгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 Хоёр: Хууль зүйн үндэслэлийн талаар:

1. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д зааснаар хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж, мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* нь осол гарах үед тус автомашиныг эзэмшиж, ашиглаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.

Нэхэмжлэгч *******н авто машинд учирсан 8 790 000 төгрөгийн хохирол, хариуцагч *******гийн Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан зөрчил хооронд шалтгаант холбоотой тул нэхэмжлэгч ******* өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

3. Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээхээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зохицуулсан, мөн тээврийн хэрэгслийг эзэмшигчийн хувьд тухайн тээврийн хэрэгслийн ашиглалтаас бусдад учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэйг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д заасан.

Хариуцагч ******* хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр Баянхонгор аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт жолоочийн албан тушаалыг эрхэлдэг байсан, зам тээврийн ослыг албан томилолтоор ажиллаж байх үедээ гаргасан, албан тушаалын чиг үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээр бусдад гэм хор учруулсан болох нь тогтоогдсон тул ажил олгогч Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар хариуцлагыг хүлээх учиртай.

Иймд нэхэмжлэгч *******н авто машинд учруулсан 8 790 000 төгрөгийн гэм хорын хохирлыг Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар хариуцан арилгах үүрэгтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Харин Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5.-д зааснаар хуулийн 498.1-д заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь нэхэмжлэгчид төлөх төлбөрийн хэмжээгээр хохирсон гэж үзвэл гэм буруутай этгээдэд холбогдуулан шаардлага гаргах эрх нь нээлттэй.

Гурав. Улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн зардлын талаар

1. Шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь шинжээчийн зардал 150 000 төгрөгийг нэхэмжилж, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэх ирүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлд шүүхийн зардалд шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үүрэгт ажилд нь хамаарахгүй бол ажлын хөлс хамаарахаар заасан бол мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ.. гэжээ. Иймд шинжээчийн ажлын хөлс 150 000 төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.1-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас нэхэмжлэлийн багасгасан шаардлагын хэмжээгээр нэхэмжлэлийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 155 590 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Баянхонгор аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас гэм хорын хохиролд 8 790 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас улсын тэмдэгтийн хураамжид 155 590 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан шинжээчийн ажлын хөлс 150 000 төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас гаргуулж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ

ШҮҮГЧ О.БАТДОРЖ

ШҮҮГЧ Б.МӨНХБАТ