Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 213/МА2022/00005

 

Ш.*******н нэхэмжлэлтэй

Х.*******, Баянхонгор аймгийн Газрын харилцаа,

барилга хот байгуулалтын газарт холбогдох иргэний хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 131/ШШ2021/00677 дугаар шийдвэртэй,

 Нэхэмжлэгч Шийрэвийн *******н нэхэмжлэлтэй,

 Хариуцагч Хаянхярваагийн *******

 Хариуцагч Баянхонгор аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус холбогдох

Авто машинд учруулсан гэм хорын хохирлын 8 790 000 төгрөгийг гаргуулах иргэний хэргийг хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Алтангэрэлийн гаргасан давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганчимэг, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Номинчулуун, төрийг төлөөлж Прокурор Э.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Цогдэлгэр нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянхонгор аймгийн Богд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Х.Зоригт нь ланд круйзер /land cruiser/ маркийн 11-66 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож, миний эзэмшлийн ланд100 /land 100/ маркийн 00-74 УБЕ дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж хохирол учруулсан. Энэхүү хэрэгт зөрчлийн хэрэг үүсгэн №00016744 шийтгэврээр Х.Зоригийг 400.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн. Иймд хохирол болох 9.750.000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгч Ш.******* анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Намайг Баянхонгор аймгийн Богд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр замд явж байхад миний урдаас Land cruiser маркийн автомашин их хурдтай гарч ирсэн тэр машины урд Land cruiser 80 маркийн авто машинтай жолооч 60 миллийн хурдтай явж байсан гэдэг тэр Land cruiser 80 маркийн машиныг Land cruiser маркийн автомашин гүйцэж түрүүлэх гэж яваад миний Land 100 маркийн авто машиныг мөргөж надад хохирол учруулсан. Тухайн үед цагдаа дуудаж цагдаа нар 1 цагийн дараа хэргийн газарт ирсэн. Ирээд тэнд байсан бүх машины жолооч нарын согтуурлын зэргийг шалгасан Land cruiser маркийн автомашины жолооч Х.Зориг согтуугаар машинаа жолоодож байсан нь тогтоогдсон. Тэр үед жолоо барьж явсан Х.Зориг нь миний буруу учир бүх хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн байдаг. Ингээд би машинаа Улаанбаатар хот руу ачуулсан юм. Тэгээд Улаанбаатар хот руу машин ачуулсны дараа шүүхийн журмаар асуудлаа шийдвэрлүүлэхээр болж би шүүхэд хандсан.

Тухайн үед жолооч Х.Зориг нь урдаа явсан 60 миллийн хурдтай тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийн тулд ойролцоогоор 80 миллийн хурд авч миний машинтай мөргөлдсөн байдаг. Их хурдтай явж байсан учир миний машин хойшоо түрэгдэж байрнаасаа хөтөлсөн болохоос замаас гарч зогссон машиныг би очиж мөргөсөн зүйл байгаагүй гэжээ.

Хариуцагч Х.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Х.******* би Шийрэв овогтой *******н нэхэмжлэлтэй холбоотой дараах тайлбарыг хүргүүлж байна.

Миний бие Баянхонгор аймгийн Богд суманд 11-66 БНХ автомашин жолоодож яваад осол гаргасан юм. Осол гаргахад миний буруутай үйлдэл байсан ба үүнийгээ хүлээн зөвшөөрсөн боловч нөгөө мөргөсөн машины жолооч надаас илүү буруутай байсан гэж үздэг үнэхээр ч бодит байдал дээр бүгд тодорхой байдаг. Энэ талаар хийсэн цагдаагийн шалгалт нь үнэн шударгаар шалгаагүй зөвхөн намайг л буруутгах зорилгоор явагдсан гэж үздэг энэ талаар би цагдаагийн байцаагч нарт бүгдийг хэлсэн боловч зөрчил гэдэг үүднээс тоож үздэггүй юм байна лээ.

Анх шалгасан Богд сумын цагдаа Мөнхтогоо газар дээр очиход мөргөлдсөн машины жолооч нарыг согтуурал хэмжих багаж үлээлгээд намайг согтуу байна чиний буруу гэж хэлээд шууд сумын төв рүү авчирсан. Би тухайн үед цагдаад өмнөөс маш хурц гэрэлтэй машин гарч ирсэн би замаа чөлөөлөөд замын баруун гар талд гарсан байхад мөргөлөө миний буруу байхгүй шүү дээ гэхэд чиний буруу гэж хэлээд миний үгийг тоохгүйгээр барахгүй нөгөө мөргөлдсөн машины жолоочийн талд та нар хохирлоо төлүүлж ав гэж ямар ч шалгалт явуулахгүйгээр шийдвэр гаргаж, чиний буруу учраас машиныг ачиж яв гэх зэргээр нөгөө талд үйлчилж эхэлсэн. Учир нь ямар ч хэмжилт шалгалт явуулахгүйгээр ингэж шийдвэрлэж дайрсан нь танил тал, найз нөхдийн эсвэл шан харамжийн холбоотой байна уу? гэх сэтгэгдэл төрсөн. Маргааш өдөр би шалгуулья миний айраг пиво уусан буруу харин нөгөө жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж хэлж мөргөлдсөн газраа ирж хэмжилт хийлгэсэн. Бодит байдал дээр би дүрмийн дагуу замаа чөлөөлж, замын баруун талдаа бүр замаасаа гарсан байхад 00-74 УБЕ машин мөргөсөн байдал тодорхой байсан бөгөөд үүнийг зураг авч үзлэг хийсэн. Цагдаа Мөнхтогоо үзлэг хийхдээ өөрөө ослыг харж байсан юм шиг намайг замаа чөлөөлж явж байснаа буцаж эргэж мөргөсөн мэтээр бичиж би 2 удаа тормос гишгэсэн дугуйны мөр байсныг нэг удаа гэж, тод мөр байсныг бүдэг мөр мэтээр сонин байдлаар бичсэнийг сүүлд нь би мэдсэн. Тэгээд ослын акт гаргах болсон намайг буруутай гэж гаргасан. Тэгээд би дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гээд дахин дүгнэлт гаргуулсан мөн л намайг буруутай гэж үзсэн. Мөн дүгнэлтийг би хүлээн зөвшөөрөхгүй гээд 5 зүйлээр миний зөв байх үндэслэл бүхий гомдлоо бичгээр гаргасан боловч цагдаа нь ч тоосонгүй, прокурор нь ч хүлээн авах боломжгүй гэсэн. Би бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргасан ахлах байцаагчаас нь яагаад худлаа дүгнэлт гаргаад байгаа юм бэ гэхэд бид гаргасан та гомдолтой бол тээврийн цагдаагийн газарт дүгнэлт гаргах эрхтэй гэсэн.

Миний бие олон газар гомдол хүсэлтээ гаргасан боловч хүлээн авахгүй байна. Нөгөө талаар дүгнэлт гаргахдаа би зам тавьж өгөөд байхад нөгөө замаа чөлөөлөөгүй мөргөсөн машиныг замаа чөлөөлж өгсөн байна гэх мэтээр дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Миний хувьд 30 гаран жил жолооч хийж байна энэ дүгнэлтийг хэтэрхий худлаа гараад байгаа учир гомдол гаргаж байгаа юм. Би албаны машин барьдаг тэр машиныг нь 7 сая төгрөгөөр засаж өгсөн гэтэл буруутай жолоочийн машиныг бас төлөх болоод байдаг шударга ёс хаана байна. Миний хувьд айраг пиво ууснаа хүлээн зөвшөөрч жолоодох эрхээ хасуулж торгууль хүлээж ажлаасаа халагдсан байгаа энэ талаар миний буруу учир гомдол гаргахгүй.

1. 1.1 буюу Замын хөдөлгөөний дүрмийн 11.6 зөрчсөн буруутай гэсэн нь бодит байдал дээр энэ нь жолооч Х.******* буруугүй болох зорчих замын хамгийн баруун талын замаар явж байсан мөн өмнөөс ирж байгаа тээврийн хэрэгсэлтэй зөрөхийн тулд би замаа чөлөөлж дүрмийн дагуу баруун тал руугаа чиглэлээ замаас гараад явж байх үед миний машиныг хажуу зүүн гар талын урд гупер карлан луу хажуу талаас мөргөсөн нь бүх баримтаар тодорхой өөрөөр хэлбэл мөргөлдсөн осол замын зорчих хэсгийн баруун талд буюу замаас гарсан цэг дээр болсон.

Би зүүн гар луу буцаж эргэх үйлдэл хийгээгүй харин 2 автомашин мөргөлдөх үед миний машины хойд хэсэг мөргөлтийн хүчний үйлчлэлээр зүүн гар чиглэлтэй зогссоныг намайг зүүн гарлуугаа дарсан гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

2. 1.2 буюу Замын хөдөлгөөний дүрмийн 11.1 зөрчсөн гэжээ... тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно гэж заажээ. Энэ заалтаар жолооч Х.******* миний биеийг буруутгах үндэслэлгүй харин 00-74УБЕ машины жолоочийг буруутгах үндэслэл болно гэж үзэж байна. Энэ хэргийн газрын фото зураг, замын зорчиж явсан замыг тэн хагасыг битгий хэл бүрэн замыг эзлэж миний талд буюу баруун гар талд осол болсон билээ. Иймээс энэ заалт миний буруу биш 00-74 УБЕ тээврийн хэрэгслийн жолоочийн буруу гэж үзэж байгаа.

3. 3-р заалт буюу хэрэгт авагдсан нотлох баримт, гэрэл зураг, зорчигчийн мэдүүлэгээс үзэхэд Ланд 100 буюу 00-74 УБЕ улсын дугаартай автомашин нь зам тавьж өгсөн байх үндэслэлтэй гэжээ үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ заалтыг гаргахдаа бичиглэл утга, агуулгын алдаа гарав уу гэж үзэхэд хүрлээ. Замыг чөлөөлж баруун гар тал руугаа гаргаж тавьсан машин нь 11-66 БНХ улсын дугаартай миний машин. Нөгөө 00-74 УБЕ автомашин нь зорчиж яваа чиглэлийн эсрэг урсгалдаа орж бүтэн замыг туулж миний машиныг мөргөсөн. Гэтэл замаа чөлөөлсөн гэж дүгнэснийг ойлгохгүй байна.

4. Шинжээч А.Эрдэнэбалын 2019.10.23-ны өдрийн 53-р шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь дээр бичсэн 3 үндэслэлээр зөвшөөрөхгүй байна.

5. Иймд Улаанбаатар хотын Тээврийн цагдаагийн газрын мэргэжлийн шинжээч нараар дахин дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаж байна.Энэ ослын маргааныг шийдвэрлэхийн тулд зорчиж явсан замын өргөн, осол гарсан цэг замын аль хэсэгт / хэмжилт / болсонг нарийн тодорхойлж бүдүүвч гар зураглал, схем үйлдэж тодорхой болсны дараа дүгнэлт үндэслэлтэй үнэн зөв шударга гарна гэж миний бие бодож байна. Иймээс хэргийн газар дахин үзлэг шалтгааныг 2 талын холбогдох гэрч, хүмүүсийг байлцуулж хийж үнэн зөв шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганчимэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэг 2019 оны 10 дугаар сарын 16-ны орой болсон байдаг. Намайг Заг сумын заг тооцооны төвд албан томилолтоор явж байхад миний нөхөр Х.Зориг нь орой 22 цагийн үед над руу залгаж осол гарсан талаар хэлж, машин дотор сууж явсан хүмүүсийн биеийн байдал гайгүй байгаа талаар ярьсан байдаг. Ингээд маргааш өглөө нь Ш.******* болон эхнэр, хүүхдийг эмнэлэгт үзүүлж байгаа гээд эмчилгээний зардалд 140,000 төгрөг өгсөн. Би Богд суманд очиж н.Мөнхтогоо гэх цагдаагийн ажилтантай уулзаж хэнийх нь буруу байсан талаар тодруулахад одоогоор шууд хэлэх боломжгүй 14-20 хоногийн дараа дүгнэлт нь гарна гэж хэлсэн. Ингээд би нөхрийнхөө ажлын Land cruiser маркийн автомашиныг ачуулахаар хэргийн газарт очиход миний нөхрийн унаж явсан тээврийн хэрэгслийн урд зүүн талын карлан нь сүйдсэн байдалтай, замын баруун талд осол болсон байсан. Би энэ хэргийн газрын байр байдлыг хараад миний нөхрийн буруу 100 хувь биш байна гэж үзсэн учир цагдаагийн байгууллагад үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсэж өргөдөл гаргасан. Энэ хугацаанд 9999 дугаарын утастай Ш.*******н ах гэх хүн залгаж намайг байнга дарамталж байсан. Бид Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын авто машиныг 7,000,000 гаран төгрөг гаргаж бүрэн засвар хийж өгсөн учир дахин Ш.*******д 7,000,000 төгрөг төлөх боломжгүй юм. Нэгэнт миний нөхөр байгууллагын авто машинаар албан томилолтоор явж байсан учир энэ хохирол төлбөрийг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газартай хувааж төлөх нь зүйтэй гэж бодож байна. Осол болсон газар нь хоёр л машин зөрөх боломжтой нарийн зам байгаагүй өргөн зам байсан. Ш.******* өөрөө эрүүл саруул явж байсан байж зүүн гар талаа бариад зөрөөд явах боломж байсан гэж бодож байна. Миний нөхөр Х.Зоригийн унаж явсан тээврийн хэрэгсэл баруун гар талдаа замаа чөлөөлөөд зогссон, зүүн талаараа мөргүүлсэн байдалтай байсан. Тухайн үед хэргийн газарт ажилласан цагдаагийн ажилтан эд мөрийн баримтаар зураг авах боломж олгоогүй байдаг. Манай нөхрийн хувьд 2008 оноос архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байж байгаад 2018 оноос айраг, пиво бага зэрэг уудаг болсон гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Алтангэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Ш.*******н нэхэмжлэлтэй Х.*******д холбогдох иргэний хэрэгт манай байгууллагыг хамтран хариуцагчаар татсан шүүгчийн захирамжийн дагуу доорхи тайлбарыг хүргүүлж байна.

Манай байгууллагын БНХ-1166 Ланд-76 маркын автомашин нь байгууллагын өмчлөлд бүртгэлтэй, автомашины техникийн үзлэг, оношлогоонд тогтмол жил бүр хамрагдаж байсан, бүрэн бүтэн, эвдрэл гэмтэлгүй, автозам ашиглалтын төлбөр 35000, үзлэг оношлогооны 44000, АБӨЯХАТ-ын татвар 117600 төгрөг хугацаанд нь төлсөн байна. Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга Н.Мөнхбаатар ахлаж 5 сумд ажиллахаар 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 7 хоногоор томилогдож ажлын хэсгийнхэн говийн сумдаар явсан. Томилогдсон хугацаа урт байсан тул оройтсон газраа хоноглох, амрах ёстой гэдгийг ажлын хэсгийнхэнд хэлж явуулсан. Жолооч Х.******* нь автомашины бүрэн бүтэн байдлаас бус согтууруулах ундаа хэрэглэсний улмаас осол гарсан болох нь нотлогдож байна. Иймд манай байгууллага Ш.*******н нэхэмжилсэн хохирлыг төлөх боломжгүй юм гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэцэнбилэг анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Манай байгууллага 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Барилга хөгжлийн төвийн инженерүүдийн хамт барилга хүлээж авахаар 7 суманд ажиллах ажлын хэсэгт томилогдон явж байсан. Хамгийн эхэнд Богд сумын Соёлын төвд хяналт хийж улсын комиссоос барилга хүлээн авахад тодорхой хэмжээний үйл ажиллагаа явагдаж хоол унд, айраг ууцгаасан байдаг. Ингээд замд гараад Богд сумаас 10 гаруй километрийн зайд тал дээр энэ зам тээврийн осол гарсан. Жолооч Х.*******гийн хувьд айраг дээрээ пиво хольж уусан байж магадгүй согтуурлын зэрэг нь өндөр гарсан байсан. Түүний хувьд жолоогоо барихдаа замынхаа баруун гар талын барьж явсан бөгөөд замын баруун гар талд энэ зам тээврийн осол гарсан байдаг. Ш.******* жолоочийн хувьд замын зүүн гар талаар явж байсан хэрнээ баруун талд хоёр машин мөргөлдсөн байдаг. Жолооч Х.******* нь байгууллагын автомашиныг янзалж байгууллагыг хохиролгүй болгосон байдаг. Миний зүгээс харж байгаагаар тухайн зам тээврийн осол болоход жолооч Х.******* тодорхой хэмжээний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буруутай байгаа хэдий ч жолооны дүрмээрээ баруун гар талаа барьж явсан учир энд жолооч Ш.*******н буруу тодорхой хэмжээгээр байсан байна гэж үзэж байна. Тухайн үед хэргийн газарт үзлэг хийсэн цагдаагийн ажилтан н.Мөнхтогоо нь Ш.*******н талд ажилласан юм болов уу гэсэн хардлага төрж байна. Учир нь хэргийн бодит байдлыг тогтооход шаардлага хангасан зураг нэг ч авагдаагүй, материал дутуу бүрдүүлсэн байдаг. Манай байгууллагын хүмүүс тухайн үед зураг авах гэтэл огт зураг авуулаагүй, зураг авах шаардлага байхгүй гэж хэлсэн байдаг. Жолооч Х.Зориг нь согтуу байсан гэдгээрээ бурууддагаас биш дүрмийн хувьд буруугүй байсан гэж хажууд нь байсан хүмүүс нь тайлбарладаг гэжээ.

 Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Баянхонгор аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас гэм хорын хохиролд 8.790.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.*******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас улсын тэмдэгтийн хураамжид 155.590 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.*******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан шинжээчийн ажлын хөлс 150.000 төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас гаргуулж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Ш.*******н нэхэмжлэлтэй сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 131/ШШ2021/00677 дугаар шийдвэрийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гардаж авсан бөгөөд дараах гомдлыг гаргаж байна.

1. Х.******* нь 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Т.Норовтой хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн гэрээний 5.2-т жолооч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад ажил олгогчид учруулсан эд хөрөнгийн хохирлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 131-135 зүйлүүдэд заасны дагуу хариуцна. Хөдөлмөрийн тухай хуулийн 135.1.5. /согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байгаагүй үедээ байгууллагад хохирол учруулсан/-т зааснаар эд хөрөнгийн хариуцлагыг бүрэн хариуцна гэж хүлээн зөвшөөрөн гарын үсэг зурсан байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6 /Замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийг техникийн хувьд бүрэн бүтэн байлгах үүргийг тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч, өмчлөгч, буюу ашиглагч этгээд хүлээнэ./ дахь заалтыг ханган Ланд круйзер-76 маркийн 11-66 БНХ тээврийн хэрэгслийг 2019 оны 03 сарын 18-ны өдөр техникийн хяналт үзлэг оношилгоонд хамруулсан, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлсөн, тээврийн хэрэгслийг даатгуулсан үйлдэл нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангасан байсан. 2019 оны 10 сарын 16-ны өдөр тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлаас шалтгаалсан осол гараагүй манай байгууллага хариуцлага хүлээхгүй байх үндэслэлтэй.

2. 2019 оны 10 дугаар 16-ны орой 20 цагийн үед осол болсон газарт Богд сумын цагдаа Ж.Мөнхтогоо нь хэргийн газрын үзлэг хийхдээ согтуурал хэмжих багажаар харилцан мөргөлдсөн жолооч нарыг согтуурлыг хэмжсэн гэсэн боловч согтуурлын зэрэг тогтоогдсон. Х.*******гийн талаар мэдээлэл байхаас харилцан мөргөлдсөн жолооч Ш.*******н багаж үлээлгэсэн согтуурлын зэрэг тогтоосон тэмдэглэл, Замын хөдөлгөөний дүрмийн 9.14. /өөдөөс яваа тээврийн хэрэгслийн жолоочид холын гэрлээ ойрын гэрэлд шилжүүлэхийг анхааруулах зорилгоор/-т зааснаар тухайн үед 00-74 маркийн машин унаж явсан Ш.******* нь гэрлээ шилжүүлсэн байсан эсэх талаар тэмдэглэл огт тусгагдаагүй.

Х.*******гийн жолоодсон 11-66 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, замын зорчих хэсгийн хамгийн баруун талын замаар хөдөлгөөн үйлдэж явсан, өөдөөс ирж байгаа тээврийн хэрэгсэлтэй зөрөхийн тулд замаа чөлөөлж дүрмийн дагуу баруун тал руугаа замаас гарч зорчиж явсан замаа бүрэн чөлөөлж өгсөн байхад 00-74 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 11-66 БНХ улсын дугаартай тээрийн хэрэгслийн зүүн гар талын урд гупер, карлан луу хажуу талаас мөргөсөн нь хэргийн газрын үзлэг фото зургаар тодорхой байна. Өөрөөр хэлбэл мөргөлдсөн осол замын зорчих хэсгийн баруун талд буюу замаас гарсан цэг дээр болсон байна.

Мөн Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс ирсэн дүгнэлтээр “мэдлэгээс хэтэрсэн” тул дүгнэлт гаргах боломжгүй гэсэн нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн нарын дүгнэлтүүд хоорондоо хэт зөрчилдсөн, шүүгч нар нэг талыг барьж шийдвэр гаргаж, эрх мэдлээ урвуулан ашигласан байх магадлалтай байгаа тул сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 131/ШШ2021/00677 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Газрын харилцааны албыг хариуцагчаар татсан нь буруу, ашиг сонирхлын зөрчилтэй болсон гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагч байгууллагын Д.Алтангэрэлийн давж заалдах журмаар бичсэн гомдлын үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянахад:

Нэхэмжлэгч Ш.******* нь Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон Х.******* нарт холбогдуулан өөрийн эзэмшлийн Ланд100 маркийн 00-74 УБЕ дугаартай тээврийн хэрэгсэлд зам тээврийн ослын учруулсан гэм хорын хохиролд 9 750 000 төгрөгийг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийн шаардлагаасаа анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 8 790 000 төгрөг болгон багасгажээ.

 Дээрх шаардлагыг хариуцагч нар эс зөвшөөрч маргаан үүсгэжээ.

Анхан шатны шүүх зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бүх нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас гэм хорын хохиролд 8 790 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.*******д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчөөгүй байна.

Баянхонгор аймгийн Богд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хөөврийн хаяа гэх газарт 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр, нэхэмжлэгч Ш.******* нь өөрийн эзэмшлийн 0074УБЕ улсын дугаартай, ланд круйзер 100 маркийн автомашиныг жолоодож явахдаа Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын өмчлөлийн, хариуцагч Х.*******гийн жолоодож томилолтоор ажил үүрэг гүйцэтгэж явж байсан 1166 БНХ улсын дугаартай, ланд круйзер 70 маркийн автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан хэргийн үйл баримт болжээ.

Дээрх осолд хариуцагч Х.*******г согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу 400 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан, шийтгэлийн хуудас хүчин төгөлдөр болсон байна.

Зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Ш.*******н автомашинд 8 790 000 төгрөгийн хохирол учирсан болох нь дүгнэлтийг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлтээр тогтоогдсон, энэ асуудлаар зохигчид маргаангүй байна.

 Хариуцагч нар нь хариуцагч Х.*******д согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлдээ буруутай зам тээврийн осол гаргахад гэм буруугүй, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болохыг тогтоогоогүй гэм хорын хохирлыг төлөхгүй гэж маргажээ.

 Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч Ш.*******н эд хөрөнгөд хохирол учруулсан зам тээврийн ослыг шалгаад осол гарсан шалтгаан нь хариуцагч Х.*******гийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл болохыг тогтоосон байхад түүнийг гэм буруугүй гэж үзэх үндэслэлгүй, нэгэнт хүчин төгөлдөр шийтгэлийн хуудсаар зам тээврийн осолд хариуцагч Х.*******г гэм буруутай болохыг тогтоосон, үүнийг үгүйсгэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна” гэх дүгнэлт хуулийн үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцжээ.

Мөн түүнчлэн нэхэмжлэгч Ш.*******н авто машинд учирсан 8 790 000 төгрөгийн хохирол нь хариуцагч Х.*******гийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан зөрчилтэй шалтгаант холбоотой, нэхэмжлэгч Ш.******* нь өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг буруутай этгээдээс гаргуулахаар шаардах эрхтэй юм.

Харин Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдлээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж, мөн 498 дугаар зүйлийн 498.2-д “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн, гэм буруутай үйлдэл/ эс үйлдэхүй/-н улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэмт хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу, төр хариуцан арилгана” гэж тус тус заасан нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5.-д заасан хуулийн 498.1, 498.2-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасныг хэрэглэх үндэслэл болж байна.

Харин хариуцагч Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь гэм буруутай этгээдэд холбогдуулан шаардлага гаргах эрх нь нээлттэй болох нь дээрх хуулийн заалтаар тодорхой илэрхийлэгдэж байна.

Иймд анхан шатны шүүх нь Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

167 дугаар зүйлийн 167. 1 -д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 131/ШШ2021/00677 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хариуцагч байгууллагын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155590 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч талууд давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

 ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

Г.УЛАМБАЯР