Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 131/ШШ2020/01286

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төрийн банк ХХК-д холбогдох 

Хадгаламжийн хүүгийн зөрүү 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 10 сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч байгууллагын төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Жавзансүрэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1964 онд төрсөн 56 настай. Ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант 10-р багийн Шинэ төгөлийн 131-т амьдардаг. 33 жил төрийн албанд ажилласан энэ хугацаанд ямар нэг хууль зөрчсөн зүйл гаргаж ял шийтгэл хүлээж байгаагүй. Төрийн захиргааны тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан. Одоо Орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байна. Би 2018 оны 05-р сарын 23-ны өдөр Төрийн банкны Баянхонгор аймаг дахь салбарт хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулсан юм. Жилийн дараа 2019 оны 05 сарын 23-ны өдрийн өглөө ажилдаа гарахын өмнө эхнэр ******* хугацаатай хадгаламжийн чинь хугацаа өнөөдрөөр дуусаж байгаа юм байна, мөнгө авах хэрэггүй чи очоод нэг жилээр сунгуулчих гэсэн. Ингээд би үдээс хойш Төрийн банк дээр очоод теллерт нь миний хадгаламжийг нэг жилээр сунгаад өгнө үү гэсэн хүсэлт тавьсан, сунгачихлаа гээд миний дэвтрийг буцааж өгсөн. Гэтэл 2020 онд дахин сунгуулаад хүү бодуултал бүтэн жилийн турш хугацаагүй хадгаламжийн хүү бодож хүүгийн зөрүү 2.000.000 төгрөгөөр хохироожээ. 2018 оны 5-р сарын 23-ны өдрийн дугаар 232100645361 гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т гэрээний хугацаа дуусахад талуудын аль нэг нь гэрээ цуцлах хүсэлтээ гаргаагүй бол уг гэрээг энэхүү гэрээний 2.12-т заасан удаагаар цаашид үргэлжлүүлэн сунгана..гэж заасан, гэтэл миний бие өөрийн биеэр очоод энэ хадгаламжийн хугацааг нэг жилээр сунгаад өгөөч ээ гэж хүсэлт тавиад байхад сунгаж өгсөнгүй.

Мөн гэрээний дөрөв дүгээр зүйлийн / банкны эрх, үүрэг/ 4.2-т өөрийн буруутай үйлдлийн улмаас данс эзэмшигчдэд учруулсан хохирлыг нотлогдсон хэмжээгээр хариуцан нөхөн төлнө гэж заасны дагуу хугацаатай хадгаламжийн хүүгийн зөрүү болох 2.000.000 төгрөгийг Төрийн банкны Баянхонгор дахь салбараас гаргуулж миний хохирлыг барагдуулж өгнө үү... гэжээ. 

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Төрийн банкинд нэг жилийн хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулсан. Нэг жилийн хугацаатай хадгалуулсан болохоор, нэг жилийн дараа тэр өдрөө сунгана гэсэн ойлголттой Төрийн банкны теллер дээр дэвтрээ авч очин сунгах талаар хүсэлт гаргасан. Теллер нь компьютер дээрээ юм харж бичээд таны хүсэлтийн дагуу жилийн хугацаатай сунгачихсан гэж хэлсэн. Би бүтэн жилийн хугацаанд ямар нэгэн зарлагын гүйлгээ хийгээгүй, бүтэн жилээр сунгачихсан, хүү нь хугацаагүй хадгаламжийн хүүгээр биш, хугацаатай хадгаламжийн хүүгээр нийлмэл хүү бодох юм байна гэсэн ойлголттой байсан. Бүтэн жилийн дараа хадгаламжийн хүү бодуултал, хугацаагүй хадгаламжаар сунгачихсан байсан. Төрийн банкны теллер болон дэд захирал, ерөнхий нягтлан бодогч нарт миний хохирлыг барагдуулаад өгөөч, танай банкинд ямар нэгэн хохирол байхгүй, санамсаргүй гаргасан алдаагаа залруулаад зөрүүг нь бодоод өгөөч гээд ерөнхий нягтлан бодогчоор нь тооцоо хийлгэж, 2.000.000 төгрөгийн зөрүү байгаа талаар мэдсэн. Дэд захирал н.Ганхүүтэй уулзсан боловч, хадгаламжийн хүүгийн зөрүү бодож өгөх боломжгүй гэж мэдэгдсэн болохоор би шүүхэд хандсан. Үүнээс хойш 6 сар өнгөрч байна. Энэ хугацаанд хадгаламжийн хүүгийн зөрүү 2.000.000 төгрөгөнд хүү бодогдож явах ёстой. Гэтэл 200.000 төгрөгөөр нэмж хохироож байгаа, мөн Төрийн банканд ямар нэгэн хохирол учирсан зүйл байхгүй. Банк нь нэг хүний хадгаламжийг аваад өөр этгээдүүдэд хүүтэй зээлүүлж, хүүгийн зөрүүнээс ашиг олж үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага. Хадгаламжийн хүүгийн зөрүү 2.000.000 төгрөгийг Төрийн банкны Баянхонгор салбараас гаргуулж, миний хохирлыг барагдуулж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

 Төрийн банкны Баянхонгор салбарын харилцагч ******* нь 2018 оны 05 сарын 23-ны өдөр Төрийн банкны Баянхонгор салбарт өөрийн биеэр ирж 370 хоногийн хугацаатай малчны хадгаламжийн данс нээлгэсэн. Гэрээнд заасан нөхцөлийн дагуу 2019 оны 05 сарын 28-ны өдөр тус хадгаламжийн хугацаа дууссан бөгөөд авто сунгалт хийх заалт байхгүй. Мөн харилцагч гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2019 оны 05 сарын 28-ны өдөр өөрийн биеэр ирж бичгээр хүсэлт гаргаагүй тул сунгагдаагүй болно. Харилцагч ******* нь Төрийн банканд 2019 оны 05 сарын 23-ны өдөр ирж хадгаламжийн хугацаа сунгалт болон хадгаламжийн хүүгийн зөрүүтэй холбоотой өргөдөл гаргасан. Тус өргөдлийг үндэслэн шалгаж үзэхэд

1. Банкинд бичгээр гаргасан хүсэлт байхгүй.

2. Банкны программд гүйлгээ хийгдсэн нотлох баримт буюу гарын үсэг зурсан баримт байхгүй.

3. Банк, харилцагч 2 талын гэрээ байгуулсан зүйл байхгүй.

4. Банк гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2019 оны 05 сарын 23-ны өдөр урьдчилж хугацаа сунгах боломж байхгүй юм. Мөн Төрийн банкны Баянхонгор салбарын зүгээс Төв Төрийн банкны Дотоод хяналт шалгалтын газраар программын түвшинд 2019 оны 05 сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 сарын 31-ний хооронд санхүү бус гүйлгээг шалгуулсан бөгөөд 2019 оны 05 сарын 23-ны өдрийн 16 цаг 17 минутад Баянхонгор салбарын 6155 дугаартай теллер Л.Буянхишиг нь дансны дэвтэр хэвлэх, мэдээлэл авах үйлчилгээ хийсэн хандалт байна. Гүйлгээний ажилтны зүгээс тус хадгаламжийн дансны үлдэгдэл лавлах, хадгаламжийн хугацаа сунгах, хандалт хийгээгүй болох нь программын түвшинд болон бусад холбогдох баримтуудыг шалгаж үзэхэд нотлогдож байгаа болно гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Харилцагч ******* нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Банкинд хадгаламжийн хүү дутуу тооцсон гэж гомдол гаргасан. Хүсэлтийн дагуу Банкны зүгээс шалгаж үзэхэд тухайн харилцагч 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ирж гэрээгээ сунгасан гэж өөрийн амаар хэлсэн. Хугацаатай хадгаламж нь 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр дуусахаар гэрээтэй байсан. Харилцагч нь 5 хоногийн өмнө буюу гэрээний хугацаа дуусаагүй байхад ирж, хадгаламжаа сунгачхаад явсан талаар тайлбараа өгдөг. Банкны зүгээс хугацаатай мөнгөн хадгаламжийн журмаар тухайн хадгаламжийн хугацаа дуусаагүй байхад хадгаламжийг урьдчилж сунгах боломжгүй. Теллер дээр ирээд тухайн харилцагч дансны дэлгэрэнгүй лавлагаа хийлгэсэн, дансны үлдэгдэл лавласан үндэслэл байхгүй. Харилцагч ирээд дансны үлдэгдэл лавлуулаад, теллер тухайн хадгаламжийг сунгахын тулд тухайн данс руу нэвтэрч, хандаж орж, үлдэгдлийг шалгаж, хугацаатай, хугацаагүй талаар лавлаж үзэж хугацаа нь дууссан тохиолдолд хадгаламжийн сунгалт хийгддэг. Тухайн хадгаламжийн данс руу хандалт хийсэн, үлдэгдэл лавласан программын түвшний хандалт байхгүй байгаа. Теллер нь харилцагч дансны үлдэгдэл шалгуулъя, хэдэн төгрөг байгаа талаар мэдэх гэж хүсэлт тавиагүй байхад тухайн теллер, харилцагчийн хадгаламжийн дансны үлдэгдлийг шалгах, орж үзэх боломж байдаггүй. Теллерийн ёс зүй, дүрэм журамд заасан байдаг. Харилцагч нь сунгалт хийлгэчхээд явсан талаар амаар яриад байгаа боловч, нотлох баримт авч үзэхэд теллер дээр гүйлгээ хийсэн баримт байхгүй, хадгаламжийг сунгахын тулд программ дээр гүйлгээ хийдэг. Мөн хоёр тал харилцан тохиролцож гэрээний сунгалт хийсэн гэрээ байхгүй, тухайн харилцагч хадгаламжаа сунгуулах талаар, бичгээр гаргасан албан ёсны бичиг байхгүй байдаг. Тийм учраас харилцагчийн гаргасан гомдол нь ямар нэгэн нотлох баримт байхгүй, үндэслэлгүй гэж үзэж харилцагчийн гаргасан гомдлыг банк хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нэхэмжлэл, тайлбар, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч ******* нь Төрийн банк ХХК-ийн Баянхонгор аймаг дахь салбарт холбогдуулан хадгаламжийн хүүгийн зөрүү 2.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Төрийн банк ХХК эс зөвшөөрч маргасан байна.

 Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлдээ Төрийн банкны Баянхонгор аймаг дахь салбарыг хариуцагчаар зааж, тус салбарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан байх боловч Иргэний хуулийн 29-р зүйлийн 29.6-д: Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна гэж заасан байх тул энэ нэхэмжлэлийн хариуцагч нь Төрийн банк ХХК гэж үзсэн болно.

 Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч ******* болон Төрийн банк ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 454 дүгээр зүйлд заасан мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулсан, гэрээгээр хариуцагч Төрийн банк ХХК нь хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээсэн байх тул нэхэмжлэгч нь уг зүйл, хэсэгт зааснаар мөнгөн хадгаламжийг хүүгийн хамт хадгалагчаас шаардах эрхтэй байна.

 Нэхэмжлэгч ******* нь 2018 оны 05 сарын 23-ны өдөр Төрийн банк ХХК-ийн Баянхонгор салбартай 232100645361 дугаартай хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулан 5.000.000 сая төгрөгийг жилийн 13.60 хувийн хүүтэй 1 жилийн хугацаанд байгуулж хугацааны дундуур 2019 оны 05 сарын 23-ны өдөр хүртэл 25.000.000 төгрөг, 2020 оны 05 сарын 21-ний өдөр хүртэл 500.000 төгрөгийг тус тус нэмж хадгалуулсан болох нь хэрэгт баримтаар авагдсан *******ийн Төрийн банкин дахь 232100645361 дугаартай харилцах дансны мэдээлэл, 02018240 дугаартай Төрийн банкны хадгаламжийн дэвтэр, 2018 оны 05 сарын 23-ны өдрийн хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 Улмаар 2018 оны 05 сарын 23-ны өдрөөс 2019 оны 05 сарын 23-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаанд Төрийн банк ХХК нь *******ийн хугацаатай хадгаламжийн хүүд 2.823.432 төгрөгийг олгож, 2019 оны 05 сарын 28-ны өдөр гэрээний хугацаа дууссан үндэслэлээр бүтээгдэхүүнийг сольсон болох нь 232100645361 дугаартай дансны мэдээллээр нотлогдож байна.

 Түүнчлэн Төрийн банк ХХК нь *******ийн хадгаламжийн хүүд 2019 оны 05 сарын 23-ны өдрөөс 2020 оны 05 сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд 2.119.825 төгрөгийн хүү олгосон байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй бөгөөд 2018-2019 оны 1 жилийн хугацаатай хадгаламжийн гэрээний хүүд хариуцагч тал 2.823.432 төгрөг төлж байсан, үүнд 2018 оны 05 сарын 23-ны өдрөөс 2018 оны 10 сарын 12-ны өдөр хүртэл 5 сая төгрөгт, 2018 оны 12 сарын 19-ний өдрөөс хойш 30 сая төгрөгт тус тус хүү бодсон бол 2019-2020 оны бүтэн жилийн хадгаламжийн хүүгийн төлбөрт 2.119.825 төгрөг төлсөн байдлаас дүгнэвэл хариуцагч тал нь нэхэмжлэгч талын тухайн жилийн хадгаламжийн хүүг бууруулан тооцсон гэх үндэслэл тогтоогдож байна.

Хариуцагч талаас нэхэмжлэлийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нь 2019 оны 05 сарын 23-ны өдөр хугацаатай хадгаламжийн хугацааг сунгах хүсэлтээ бичгээр ирүүлээгүй, гэрээ байгуулаагүй тул хугацаатай хадгаламжийн гэрээний хугацааг мөн хугацаагаар сунгасан гэж үзэхгүй хэмээн татгалзлаа тайлбарлаж байгаа боловч энэ байдал нь 2018 оны 05 сарын 23-ны өдрийн 232100645361 дугаар гэрээний 5 дугаар зүйлийн 5.2, Иргэний хуулийн 455-р зүйлийн 455.3-д: Мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой хугацаагаар байгуулсан бол банк уг хугацаа дууссаны дараа хадгалуулагчийн анхны шаардлагаар хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөх бөгөөд гэрээнд заасан хугацаа дууссан боловч хадгалуулагч мөнгөө буцаан авах шаардлага тавиагүй бол уг гэрээг цаашид тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцно,

хуулийн 455-р зүйлийн 455.4-д: Тодорхой хугацаагаар байгуулсан гэрээг банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нэг талын санаачилгаар өөрчлөх, хугацаанаас нь өмнө цуцлах эрхгүй, гэсэн гэрээний болон хуулийн зүйл заалтуудаар няцаагдаж байна.

Мөн зохигчдын хооронд байгуулсан 232100645361 дугаартай Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ-ний 2.14-д заасны дагуу нэхэмжлэгч нь хадгаламжийн гэрээний хугацааг тухайн нөхцлөөр сунгах захиалга өгсөн болох нь нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан ... 2019 оны 05 сарын 23-ны өдрийн өглөө эхнэр ******* хугацаатай хадгаламжийн чинь хугацаа өнөөдрөөр дуусаж байна, мөнгө авах хэрэггүй, чи очоод нэг жилээр сунгуулчих гэхээр нь би үдээс хойш нь Төрийн банкин дээр очоод теллерт нь миний хадгаламжийг нэг жилээр сунгаад өгнө үү гэсэн хүсэлт тавьсан, теллер нь сунгачихлаа гээд миний дэвтрийг буцааж өгсөн гэх тайлбар,

хариуцагч байгууллагын төлөөлөгч *******гийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан ... *******ийн гомдлын дагуу түүний хадгаламжийн дансны 2019 оны 05 сарын 01-ны өдрөөс 2019 оны 05 сарын 31-ны хугацааны гүйлгээг Төв Төрийн банкны Дотоод хяналт шалгалтын газарт хүсэлт тавьж шалгуулж үзэхэд 2019 оны 05 сарын 23-ны өдрийн 16:17 цагт Баянхонгор салбарын 6155 дугаартай теллер Л.Буянхишиг нь дансны дэвтэр хэвлэх, мэдээлэл авах үйлчилгээ хийсэн хандалт байдаг гэх тайлбар,

Төрийн банкны Баянхонгор салбарын 2020 оны 06 сарын 30-ны өдрийн 43/ 578 тоот албан бичиг зэрэг тайлбар, нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин хариуцагч Төрийн банк ХХК нь 232100645361 дугаартай Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулинд зааснаар үйлчлүүлэгч /хадгалуулагч/-ид өөрийн үйл ажиллагаатай холбогдсон үнэн зөв мэдээлэл, зөвлөгөө өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Иймд *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Төрийн банк ХХК-аас хадгаламжийн хүүний зөрүү 2.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******өд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 46.950 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төрийн банк ХХК-аас 46.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******өд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 454-р зүйлийн 454.1-д заасныг баримтлан Төрийн банк ХХК-аас хадгаламжийн хүү 2.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******өд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 46.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төрийн банк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 46.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******өд олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120-р зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН