Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 21

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 131/ШШ2020/00919 дүгээр шийдвэртэй,

            Нэхэмжлэгч Ц.И ийн нэхэмжлэлтэй  

Хариуцагч Төрийн банк ХХК-д холбогдох

Хадгаламжийн хүүгийн зөрүү 2.000.000 төгрөг гаргуулахыг  хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.Ганхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Болор-Эрдэнийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.И , хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Нямцэрэн, нарийн бичгийн даргаар Д.Чимэдцэрэн нар оролцов. 

Нэхэмжлэгч Ц.И ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 1964 онд төрсөн. 56 настай. Ам бүл 4, 33 жил төрийн албанд ажилласан энэ хугацаанд ямар нэг хууль зөрчсөн зүйл гаргаж ял шийтгэл хүлээж байгаагүй.Төрийн захиргааны тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан. Одоо Орон нутгийн өмчийн газрын даргаар ажиллаж байна. Би 2018 оны 05-р сарын 23-ны өдөр Төрийн банкны Баянхонгор аймаг дахь салбарт хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулсан юм. Жилийн дараа 2019 оны 5 сарын 23-ны өдрийн өглөө ажилдаа гарахын өмнө эхнэр Д.Энхсайхан хугацаатай хадгаламжийн чинь хугацаа өнөөдрөөр дуусаж байгаа юм байна мөнгө авах хэрэггүй чи очоод нэг жилээр сунгуулчих гэсэн. Ингээд би үдээс хойш Төрийн банк дээр очоод теллерт нь миний хадгаламжийг нэг жилээр сунгаад өгнө үү гэсэн хүсэлт тавьсан сунгачихлаа гээд миний дэвтрийг буцааж өгсөн. Гэтэл 2020 онд дахин сунгуулаад хүү бодуултал бүтэн жилийн турш хугацаагүй хадгаламжийн хүү бодож хүүгийн зөрүү 2,0 сая төгрөгөөр хохироожээ. 2018 оны 5-р сарын 23-ны өдрийн дугаар 232100645361 гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т гэрээний хугацаа дуусахад талуудын аль нэг нь гэрээ цуцлах хүсэлтээ гаргаагүй бол уг гэрээг энэхүү гэрээний 2.12-т заасан удаагаар цаашид үргэлжлүүлэн сунгана..гэж заасан гэтэл миний бие өөрийн биеэр очоод энэ хадгаламжийн хугацааг нэг жилээр сунгаад өгөөч ээ гэж хүсэлт тавиад байхад сунгаж өгсөнгүй.

Мөн гэрээний дөрөв дүгээр зүйлийн / банкны эрх.үүрэг/ 4.2-т өөрийн буруутай үйлдлийн улмаас данс эзэмшигчдэд учруулсан хохирлыг нотлогдсон хэмжээгээр хариуцан нөхөн төлнө гэж заасны дагуу хугацаатай хадгаламжийн хүүний зөрүү болох 2,0 сая төгрөгийг Төрийн банкны Баянхонгор дахь салбараас гаргуулж миний хохирлыг барагдуулж өгнө үү...гэжээ.

Нэхэмжлэгч Ц.И  анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь Төрийн банк ХХК-ийн Баянхонгор тооцооны төвд 2018 оны 5  дугаар сарын 23-ны өдөр 5.000.000 сая төгрөгийг 1 жилийн хугацаагаар хугацаатай хадгаламж нээлгэн хадгалуулсан. Ингээд 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүртэл буюу 1 жилийн хугацаанд орлого нэмж хийсээр мөн өдрөө Төрийн банкны теллерт хандан хугацаатай хадгаламжийн хугацааг 1 жилээр сунгуулах хүсэлт гаргасан. Би хугацаатай хадгаламжийн хугацааг сунгачихлаа гэж бодсон. Дараа нь 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хугацаатай хадгаламжаа дахин 1 жилээр сунгуулан хүүг нь бодуулахад миний 2019 оны 5  дугаар сарын 23-ны өдрийн гэрээний сунгалтыг хийгээгүй, хугацаагүй хадгаламжийн хүүгээр хүүг бодсон байсан. Ингээд би уг асуудлыг мэдээд Төрийн банкны нягтлан бодогч дээр орж хүүгийн зөрүүг бодуулахад 2.000.000 төгрөгийн зөрүү байсан. 2020 оны 5  дугаар сарын байдлаар миний хугацаатай хадгаламжид 35.503.887 төгрөг байгаа юм. Би дээрх хугацаанд 25.500.000 төгрөгийн орлого нэмж, хүүгийн орлого бас орсон байсан юм. Энэ хугацаанд би хадгаламжаасаа огт мөнгө аваагүй, ингэсэн атлаа хадгаламжийн хугацаагаа хугацаагүй болгох ямар ч шаардлага байхгүй. Миний мөнгийг Төрийн банк энэ хугацаанд ашиглаж, ашиг олж л байсан байх. Иймд хадгаламжийн хүү 2.000.000 төгрөг гаргуулж өгнө үү. Хариуцагч тал хүүний зөрүү 2 сая төгрөг болж байгааг тухайн байгууллагын нягтлан бодогч өөрөө бодсон, хариуцагчийн төлөөлөгч энэ дүн дээр маргахгүй байгаа тул мэргэжлийн шинжээч томилуулах шаардлагагүй..гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.Ганхүү анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Төрийн банкны Баянхонгор салбарын харилцагч Ц.И  нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Төрийн банкны Баянхонгор салбарт өөрийн биеэр ирж 370 хоногийн хугацаатай малчны хадгаламжийн данс нээлгэсэн. Гэрээнд заасан нөхцөлийн дагуу 2019 оны 5  дугаар сарын 28-ны өдөр тус хадгаламжийн хугацаа дууссан бөгөөд авто сунгалт хийх заалт байхгүй. Мөн харилцагч гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2019 оны 5  дугаар сарын 28-ны өдөр өөрийн биеэр ирж бичгээр хүсэлт гаргаагүй тул сунгагдаагүй болно. Харилцагч Ц.И  нь Төрийн банканд 2019 оны 5 дугаар  сарын 23-ны өдөр ирж хадгаламжийн хугацаа сунгалт болон хадгаламжийн хүүний зөрүүтэй холбоотой өргөдөл гаргасан. Тус өргөдлийг үндэслэн шалгаж үзэхэд 1. Банкинд бичгээр гаргасан хүсэлт байхгүй. 2. Банкны программд гүйлгээ хийгдсэн нотлох баримт буюу гарын үсэг зурсан баримт байхгүй. 3. Банк, харилцагч 2 талын гэрээ байгуулсан зүйл байхгүй. 4. Банк гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2019 оны 5 дугаар  сарын 23-ны өдөр урьдчилж хугацаа сунгах боломж байхгүй юм. Мөн Төрийн банкны Баянхонгор салбарын зүгээс Төв Төрийн банкны Дотоод хяналт шалгалтын газраар программын төвшинд 2019 оны 5  дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 5  дугаар сарын 31-ний хооронд санхүүгийн  бус гүйлгээг шалгуулсан бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 16 цаг 17 минутанд Баянхонгор салбарын 6155 дугаартай теллер Л.Буянхишиг нь дансны дэвтэр хэвлэх, мэдээлэл авах үйлчилгээ хийсэн хандалт байна. Гүйлгээний ажилтны зүгээс тус хадгаламжийн дансны үлдэгдэл лавлах, хадгаламжийн хугацаа сунгах, хандалт хийгээгүй болох нь программын төвшинд болон бусад холбогдох баримтуудыг шалгаж үзэхэд нотлогдож байгаа болно..гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганхүү  анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа. Эвлэрэх боломжгүй. Ц.И  нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр манай банканд малчны 1 жилийн хугацаатай хадгаламж нээлгэсэн байдаг юм. Ингээд 2020 оны 5  дугаар сард харилцагч Ц.И  нь хугацаатай хадгаламжийн хүү дутуу бодсон үндэслэлээр гомдол гаргасныг хянахад тэрээр хадгаламжийн хугацаа сунгах хүсэлт гараагүй, теллерээс программд хугацаа сунгах хандалт хийгээгүй байсан. Манай байгууллага Төрийн банкны дээд шатандаа хүртэл хандсан боловч дээрх 2 сая төгрөгийг нөхөн гаргуулах боломжгүй байгаа юм. Харилцагч нь 2018 оны 5 дугаар  сарын 23-ны өдрөөс 2019 оны 5  дугаар сарын 23-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаанд хадгаламжийн дансандаа орлого нэмж байсан. Манай байгууллагын нягтлан бодогчоос мөн хугацааны орлогод ногдох хугацаатай хадгаламжийн хүүг, хугацаагүй хадгаламжийн хүүтэй харьцуулан хүүний зөрүүг 2.000.000 төгрөг гэж тогтоосон бол энэ мөнгөн дүн дээр маргах юм алга, шинжээч томилуулах шаардлага байхгүй...гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д заасныг баримтлан Төрийн банк ХХК-ийн Баянхонгор салбараас хугацаатай хадгаламжийн хүү 2.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.И өд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.И ийн нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 46950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Төрийн банк ХХК-ийн Баянхонгор салбараас улсын тэмдэгтийн хураамж 46950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.И өд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.Ганхүү  тус  шүүхэд гаргасан гомдолдоо:

 

...Төрийн банкны Баянхонгор салбар нь харилцагч Ц.И тэй холбоотой шүүхийн шийдвэрт дараах тайлбар нотлох баримтуудыг бүрдүүлж өгсөн. Үүнд:

1. 2018/05/23-ны өдөр 2-тал тохиролцон бичгээр байгуулсан хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ,

2. Төрийн банкны Дотоод хяналт, шалгалтын газраар шалгуулсан Санхүүгийн бус гүйлгээний тайлан мэдээ 2019/05/01-2019/05/31 хоорондох,

3. Банкны эрх бүхий төлөөлөгчийн тайлбар, албан тоот мэдүүлгүүд гэх мэт бусад холбогдох бичиг баримтуудыг нотлох баримт болгосон.

 

“Иргэний хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.3. “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ.” гэж заасны дагуу хугацаатай мөнгөн хадгаламжтай холбоотой харилцааг “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль”-иар илүү нарийвчлан зохицуулсан.

 

Харилцагч Ц.И  нь Төрийн банктай 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр №232100645361 дугаартай “Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ”-г талууд харилцан тохиролцож 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 370 хоногийн хугацаатай байгуулсан.

Тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.13-т “Хугацаа дуусахад гэрээг мөн хугацаагаар автоматаар сунгахудаа0 буюу сунгахгүй”, мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.14. “Гэрээний хугацаа дуусах үед сунгах хүсэлтээ бичгээр гаргаагүй, гэрээг сунгах захиалга өгөөгүй болон автоматаар сунгах захиалга биелж хугацаа нь дууссан хугацаатай хадгаламжийн данс хугацаагүй хадгаламжийн данс руу шилжинэ.” гэж талууд харилцан тохиролцож хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээг байгуулсан.

Харилцагч Ц.И  нь хугацаатай хадгаламжийн гэрээний хугацааг сунгуулах талаар хүсэлт гаргаагүй бөгөөд хугацаа сунгах талаар бодитоор үйлдэл хийсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Мөн “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Гэрээнд заасан хугацаа дууссан боловч хадгалуулагч хадгалуулсан мөнгөө буцаан авах тухай, эсхүл гэрээг дахин сунгуулах шаардлага тавиагүй бол уг мөнгөн хадгаламжийг хугацаагүй мөнгөн хадгаламжид тооцож, хүүг хугацаагүй мөнгөн хадгаламжийн адил хэмжээгээр бодно. ...” гэж хуульчилсан тул хуульд заасны дагуу Төрийн банк нь харилцагчийн хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээний хугацаа дууссан тул хугацаагүй хадгаламжийн данс руу холбогдох хууль болон талууд гэрээнд тохирсны дагуу шилжүүлсэн болно.

Анхан шатны шүүх нь ИХШХШтХ-ийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасны дагуу бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг хариуцагч татгалзлаа нотлох баримтыг шүүхэд гаргасан байтал тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж заасны дагуу хэрэгт хамааралтай нотлох баримтыг анхан шатны шүүхээс үгүйсгэж байгаа нь нотлох баримтыг ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэх, холбогдох хуулийг зөрчиж хүүг тооцон олгохоор шийдвэрлэсэн  нь илтэд хууль зүйн зөрчилтэй шийдвэр гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07-р сарын 30-ны өдрийн шүүхийн 131/ШШ2020/00919 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, мөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                                                                  ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Ц.И  нь Төрийн банк ХХК-ийн Баянхонгор аймаг дахь  салбарт холбогдуулан  мөнгөн хадгаламжийн хүүгийн зөрүү 2.000.000 төгрөг гаргуулахыг  хүсэж анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх  Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д заасныг баримтлан Төрийн банк ХХК-ийн Баянхонгор  аймаг дахь салбараас хугацаатай хадгаламжийн хүү 2.000.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.И өд олгож шийдвэрлэснийг   Төрийн банк ХХК-ийн Баянхонгор аймаг дахь  салбарын төлөөлөгч Л.Ганхүү эс зөвшөөрч гомдол гаргасны дагуу Давж заалдах шатны шүүх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр  хэргийг бүхэлд  нь хянахад:

Нэхэмжлэгч Ц.И  нь   хугацаатай  мөнгөн хадгаламжийн хугацааг сунгуулсан тул хүүгийн зөрүү  2.000.000 төгрөгийг гаргуулна гэж,  хариуцагч Төрийн банк ХХК-ийн Баянхонгор аймаг дахь салбарын төлөөлөгч Л.Ганхүү  харилцагч Ц.И  нь хугацаатай хадгаламжийн гэрээний хугацааг сунгуулах талаар хүсэлт гаргаагүй, хугацаа сунгах талаар бодитоор үйлдэл хийгээгүй тул  хадгаламжийн хүүний зөрүүний  2 000 000 төгрөгийг  олгохгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Ц.И  нь  анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Төрийн банк ХХК-ийн Баянхонгор аймаг дахь салбарыг   хариуцагчаар заасан байхад анхан шатны шүүх хэргийн оролцогч буюу хариуцагчийг зөв тодорхойлолгүйгээр   Төрийн банк ХХК-ийн салбарт холбогдуулан иргэний хэрэг үүсгэж улмаар салбараас томилогдсон төлөөлөгчид  Ц.И ийн нэхэмжлэлийн хувийг гардуулж хэргийг эцэслэн шийдвэрлэн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  журмыг ноцтой зөрчжээ.

 

Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д “ хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна” гэж заасан тул  Төрийн  банк ХХК-ийн Баянхонгор аймаг дахь салбар нь  бие даасан хуулийн этгээдийн эрхгүй,    харин  Төрийн банк ХХК-иас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр  шүүхэд  хариуцагчаар  оролцох эрх нь  үүсдэг.

 

Хуулийн этгээд өөрийн ажилтнаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгээ төлөөлүүлэхээр итгэмжлэл олгож, хуулийн этгээдийг төлөөлж буй этгээд төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн байгууллагын эрх баригчийн гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан баримт бичгийг шүүхэд   гаргаж өгнө.

“Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл бусад баримт бичгээр тодорхойлно”,”төлөөлөгч нь өөрийн бүрэн эрхийг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ” гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.3-д тус, тус зааснаас үзэхэд төлөөлүүлэгчийг төлөөлөгч бүрэн төлөөлөх эрхтэй эсэхийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зайлшгүй тогтоох шаардлагатай  байхад  анхааралгүйгээр хэргийг шийдвэрлэсэн  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,  хэргийг дахин  шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн  үзэв.

 Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэлээр  иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 131/ШШ2020/00919 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож байх тул    хариуцагч байгууллагын  гомдолд дүгнэлт хийх боломжгүй юм.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйүлийн 59.3-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1.Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн

2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 131/ШШ2020/00919 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3-д зааснаар  хариуцагч байгууллагын   давж заалдах гомдол гаргахдаа  тэмдэгтийн хураамжид төлсөн 46950 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу  тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл  зохигч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.