Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 44

 

М.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/01320/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж , шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  01 дүгээр сарын 28-ны өдрийн 121 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч М.О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймгийн Залуучууд театрт холбогдох

"2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 116 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 124 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг хүчингүйд тооцуулах” тухай   иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Адилбишийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч М.О-аас:

...Миний бие Дархан-Уул аймгийн Залуучууд театрын ерөнхий нягтлан бодогчоор 2012 оноос өдийг хүртэл ажиллаж байна. Ажиллах хугацаандаа өмнөх удирдлагуудтай хэвийн ажилладаг байсан захирал А.Б-тэй хамтран ажиллахад хүнд нөхцөлүүд гардаг. Залуучууд театрын даргын 2018.11.12-ны өдрийн 116 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар сануулах шийтгэл ногдуулсан удалгүй залуучууд театрын даргын 2018.11.30-ны өдрийн 124 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудаар үндсэн цалинг 20 хувиар 2 сар бууруулах шийтгэл оногдуулсан шийдвэр гаргалаа. Уг шийдвэрийг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасны дагуу шүүхээр хянуулахаар ийнхүү нэхэмжлэл гаргаж байна.

1.   Залуучууд театрын даргын 2018.11.12-ны өдрийн 116 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд ...хөдөлмөрийн гэрээний дагуух ажил олгогчоос хариуцуулсан ажил албан тушаалын үүрэгт ажлыг зөрчин ажлын хариуцлага алдсан тул... гэж байна. Бодит байдал дээр би өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, албан тушаалын үүрэгт ажлыг зөрчсөн болохыг тогтоогоогүй байж сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн дотоод журамд нийцэхгүй байна. Залуучууд театрын 2018.11.30-ны өдрийн 124 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд Дархан-Уул аймаг дахь Аудитын газрын 2018.11.21-ний өдрийн 04/38 тоот албан шаардлага болон бусад хууль журмын холбогдох заалтуудыг болон мөн адил ...ажил албан тушаалын үүрэгт ажлыг зөрчин... гэж үндэслэсэн байдаг боловч зөрчсөн талаар тогтоогоогүй, Дархан-Уул аймаг дахь аудитын газрын албан шаардлагыг үндэслэсэн нь Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэж байгаа. Иймд миний хууль ёсны эрх ашгийг хамгаалж, Залуучууд театрын даргын 2018.11.12-ны өдрийн 116 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, Залуучууд театрын даргын 2018.11.30-ны өдрийн 124 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг хянан шалгаж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Адилбишээс:

“...Нэхэмжлэгч М.О- нь нэхэмжлэлдээ: Залуучууд театрын даргын 2018.11.16-ны өдрийн 116 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тушаалд хөдөлмөрийн гэрээний дагуух ажил олгогчоос хариуцуулсан ажил албан тушаалын үүрэгт ажлыг зөрчин, ажлын хариуцлага алдсан тул гэж байна. Бодит байдал дээр би өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, албан тушаалын үүрэгт ажлыг зөрчсөн болохыг тогтоогоогүй байж сахилгын шийтгэл ногдуулсан хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн дотоод журам нийцэхгүй байна гэжээ.” Залуучууд театрын даргын 2018 оны 11.12 өдрийн №116 тоот, 2018 оны 11.30-ны өдрийн №124 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тушаалууд нь хууль эрх зүйн үндэслэлтэй гарсан тушаал юм. Учир нь М.О- нь тус байгууллагад ажиллах хугацаандаа: Залуучууд театрын дотоод журам, Хөдөлмөрийн гэрээгээ удаа дараа зөрчин хөдөлмөрийн гэрээний 5.4-т ажилтан нь ажил олгогчийн хариуцуулсан ажил, албан тушаалын үүрэгт ажлыг ажлын байрны тодорхойлолтод онцгойлон тусгасан чиг үүргийн дагуу үнэнч шударга, хариуцлагатай гүйцэтгэж, эрхэлсэн ажилдаа үр дүнтэй, идэвх санаачилгатай ажиллаж, байгууллагын эд хөрөнгийг зохистой, хэмнэлттэй зарцуулан, гүйцэтгэх ажил үүрэгтэй холбогдох хууль эрх зүйн акт, дүрэм журам, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам зэргийг хатуу мөрдөж, энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлж ажиллана гэсэн, мөн 5.5-т ажилтан нь байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хариуцлагатай биелүүлэн гүйцэтгэж ажиллах үүрэгтэй гэсэн заалтуудыг дараах байдлаар зөрчсөн. Үүнд:

-Ерөнхий нягтлан бодогч М.О- нь Соёлын ажилтны 42 дахь жилийн баярын үеэр албан ёсны чөлөө зөвшөөрөл авалгүйгээр байгууллагын ажлыг цалгардуулан ажлаа орхин явсан. Үүнээс болж Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 363, 364 дүгээр тогтоолын дагуу нийт албан хаагчдын цалинг 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлэх байсан бол манай байгууллага сарын сүүлчээр нэмэгдүүлэн олгосон болно.

Соёлын ажилтны баярын арга хэмжээнд зориулагдсан шагнал урамшууллын хугацаанд нь шилжүүлэхгүй хүндрэл учруулсан. Энэ шагнал урамшууллын зүйлийг өөрийнх нь таньдаг хүнээс аваагүй шалтгаанаар мөнгийг нь удаан хугацаанд шилжүүлэхгүй хүндрэл учруулсан. Энэ шагнал урамшууллын зүйлийг Дархан захын Аяны анд нэртэй бэлэг дурсгалын газраас авсан бөгөөд хэзээ аваад, ямар хугацааны дараа мөнгийг нь шилжүүлсэн тухай баримт нь байгууллагын санхүүгийн баримтанд байгаа юмаа. Тухайн үед тэр газар ажиллаж байсан худалдагч иргэн н.Энхбилэг нь удаа дараа мөнгөө нэхэж утастсан боловч М.О- нь шилжүүлэхгүй байсаар 2018.10.15-ны өдрийг хүргэсэн байна. Энэ нь байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлж цаашид аливаа байгууллагатай хамтран ажиллахад үл итгэлцэл үүсч байна.

Эрдэнэт хотод болсон Э.Оюуны нэрэмжит мэргэжлийн урлагийн байгууллагын төвийн бүсийн театр чуулгуудын уралдаанд Залуучууд театр 37 хүний бүрэлдэхүүнтэйгээр 5 хоногийн хугацаатай оролцсон энэ хугацаанд М.О- нь томилолтоор ажиллаж буй албан хаагчдын болон байгууллагынхаа төлөө сэтгэл зоволгүй, авахад бэлэн болсон мөнгийг тухайн байгууллага дээр нь очоод хурдан хугацаанд шилжүүлчих боломж байсаар байтал өрөөнөөсөө утсаар яриад цаг алдаад байгаад байсан, мөн өөрөө явахгүй юмаа гэхэд аль нэг няраваа явуулаад хурдан шуурхай шийдэх боломж бүрэн байсаар байтал ямар ч сэтгэлгүй хандаж хамт олныхоо төлөө сэтгэл зүрх гаргаж ажиллаагүйн улмаас уран бүтээлчид маань хүний газар хоол унд муутай өр зээл тавин явж ирсэн. Иймд Залуучууд театрын захиргааны зөвлөлийн хурлаар оруулан хэлэлцүүлж М.О-т сануулах сахилгын шийтгэл ногдуулсан болно.

2.   Мөн М.О- нь нэхэмжлэлдээ: Залуучууд театрын даргын 2018.11.30-ны өдрийн 124 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд Дархан-Уул аймаг дахь аудитын газрын 2018.11.21-ний өдрийн 04/38 тоот албан шаардлага болон бусад үүрэгт ажлыг зөрчин гэж үндэслэсэн байдаг боловч зөрчин талаар тогтоогоогүй, Дархан-Уул аймаг дахь аудитын газрын албан шаардлагыг үндэслэсэн нь Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэж байна гэжээ.

-Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2018.11.21-ний өдрийн №04/38 тоот хариуцлага тооцох тухай албан шаардлагын дагуу Залуучууд театрын ерөнхий нягтлан М.О-т 2018.11.30-ны өдрийн 124 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. Уг тушаалыг гаргахдаа аймгийн Төрийн аудитоор С.Санжаажаваас шалтгааныг нь тодруулан асуусан. 12 дугаар сарын 30-ны өдрийн 12 цагаас өмнө хариуцлага тооцсон тушаалаа ирүүлэх шаардлагатай байна гэж хэлсэн. Иймд Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журам Хөдөлмөрийн гэрээний дагуу шат дараалан үндсэн цалинг 2 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Дээрх зөрчлүүдийг гаргаж ажлын хариуцлага алдсан нь:

Хөдөлмөрийн тухай хуулийн 6.2-т Ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, хуулиар тогтоосон нууцад хамаарах ажил, үүрэгтэй нь холбоотой нууцыг хадгалах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй

5.4-т Ажилтан ажил олгогчоос хариуцуулсан ажил албан тушаалын үүрэгт ажлыг ажлын байрны тодорхойлолтод онцгойлон тусгасан чиг үүргийн дагуу үнэнч шударга, хариуцлагатай гүйцэтгэж, эрхэлсэн ажилдаа үр дүнтэй, идэвх санаачилгатай ажиллаж, байгууллагын эд хөрөнгийг зохистой, хэмнэлттэй зарцуулан, гүйцэтгэх ажил үүрэгтэй холбогдох хууль эрх зүйн акт, дүрэм журам, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам, зэргийг хатуу мөрдөж, энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлж ажиллана.

5.5-т Ажилтан нь байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хариуцлагатай биелүүлэн гүйцэтгэж ажиллах үүрэгтэй.

6.2.1-т Ажилтан байгууллагын дэг журам, захиргаанаас баталсан бусад дүрэм журам, түүнчлэн хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар гаргасан театрын даргын тушаал, үүрэг даалгавар, шийдвэрийг зөрчсөн.

6.2.2-т Хөдөлмөрийн гэрээ болон дотоод журмаар хүлээсэн үүргээ 2 буюу түүнээс дээш удаа зохих ёсоор биелүүлээгүй зөрчсөн.

М.О- нь ажил үүрэгтээ хандах хандлага муутай энэ нь байгууллагын санхүүтэй холбоотой ажил явуулахад удааширч хүндрэлтэй байдал үүсгэдэг.

3. Мөн М.О- нь нэхэмжлэлдээ: Залуучууд театрын даргын дарамт шахалтаас болж миний хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байна гэж үзэж байгаа. Намайг цаашид ажиллуулахгүй байх зорилгоор арга хэмжээ авах нөхцөл болгож улмаар дээрх 2 тушаалыг үндэслэн халах тушаалаа гаргах гэж байна гэжээ.

Залуучууд театрын даргын 2018.11.12-ны өдрийн 116 тоот, 2018.11.30-ны өдрийн 124 тоот тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй тул М.О-ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

             Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 121 дүгээр шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-т заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Залуучууд театрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 116 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 124 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, хариуцагчаас 324.738 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.О-т олгож, нэхэмжлэлийн үлдэх 10.222 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 80.592 /10.392+70.200/ төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Адилбиш давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэлд тодорхой тусгасны дагуу, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, хөдөлмөрийн дотоод журмын 10.6.1, 10.8.2, хөдөлмөрийн гэрээний 5.4, 5.5 дахь заалтыг тус тус үндэслэн ерөнхий нягтлан М.О-т сануулах арга хэмжээ авсан нь үндэслэлтэй хавтаст хэрэгт ЭХШХШ тухай хуулийн 38 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтыг хавсаргасныг шүүх яаж үнэлсэн нь тодорхой бус, зөвхөн 116 дугаар тушаалд заагаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

2. 3алуучууд театрын даргын 2018.11.30-ны  124 дүгээр тушаалын үндэслэлд Дархан-Уул аймаг дахь Аудитын газрын 04/38 тоот албан шаардлагыг үндэслэн ерөнхий нягтлан М.О-т хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-д зааснаар цалингийн 20% -иар бууруулан сахилгын арга хэмжээ авсан үндэслэлтэй:

- Арга хэмжээ авсан тухай нотлох баримтыг хавтаст хэрэгт хавсаргасныг шүүх яаж үнэлсэн нь шийдвэрт тусгагдаагүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

3. Төрийн аудитын газрын 2018.11.21 -ний өдрийн 04/38 дугаартай “Хариуцлага тооцох тухай” шийдвэрт /Төрийн аудитын байгууллагаас тавьсан албан шаардлагыг заасан хугацаанд биелүүлээгүй бол ажпаас халах арга хэмжээ авна / гэжээ. Иймд дээрх газрын шийдвэрийг биелүүлсэн дарга А.Болорсүхийн 124 дүгээр тушаал үндэслэлтэй гарсан. Гэтэл Аудитын газраас 2019.01.10-ны 03/49 дүгээр албан бичгээр 50 хоногийн дараа ирүүлсэн бичгийг үндэслэн 124 дүгээр тушаалыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. А.Болорсүх даргын 124 дүгээр тушаал үндэслэлтэй учир хариуцлага буруу тооцуулсан Аудитын газраас М.О- 324.738 төгрөгийг нэхэмжлэн авах үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож М.О-т хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 -д зааснаар сануулах арга хэмжээг хэвээр үлдээж , хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 -д заасан үндэслэл байгаа эсэхийг тогтоож дарга А.Болорсүхийн 124 дүгээр тушаал хууль зөрчөөгүй гэдгийг тогтоож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн  маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч М.О- нь Дархан-Уул аймгийн Залуучууд театрын даргын   2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 116,  2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн  124 дүгээр тушаалуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч   зөвшөөрөөгүй  байна.

Анхан шатны шүүх М.О-т сахилгын шийтгэл ногдуулсан 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 116  дугаар тушаалд баримталсан Хөдөлмөрийн хуулийн заалт байгууллагын дотоод журмын заалт, хөдөлмөрийн гэрээний заалтууд нь 2018 оны  11 дүгээр сарын 02-ны өдрийн  захиргааны зөвлөлийн  хурлын шийдвэрийн заалтууд нь хоёр өөр бичигдсэн, 116, 124 дүгээр тушаалын үндэслэлд хэзээ гаргасан ямар гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг нь  сахилгын шийтгэлд тооцсон болохыг заагаагүй гэж тус тус дүгнэсэн нь  Хөдөлмөрийн тухай хуулийн  128 дугаар зүйлийн 128.1.7-д заасан  зохицуулалтад нийцжээ.

Ажилтныг ажилд авсан болон ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил, тушаалын үндэслэлтэй тохирч байх нь хуульд нийцэх юм.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар,  үр дагаварт тохирсон шийтгэлийн  хэлбэрийг сонгох, тушаалд заасан зөрчлийг шалгасан талаарх материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар  зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлсний эцэст зөв шийдвэр гаргаж  байх нь  Хөдөлмөрийн хуулийн агуулгад тохирох юм.

Ажилтан М.О-т ажил олгогчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн  116 дугаар тушаалаар “ажил олгогчоос хариуцуулсан ажил албан тушаалын үүрэгт ажлыг зөрчин ажлын хариуцлага алдсан тул сануулах сахилгын шийтгэл  ногдуулсан ба   Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 10.6.1, 10.8.2 дахь заалт, Хөдөлмөрийн  гэрээний  5.4, 5.5-д заасныг,

2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 124 дүгээр тушаалаар “хөдөлмөрийн гэрээний дагуух ажил албан тушаалын үүрэгт ажлыг зөрчин, шаардлагатай мэдээллийг  цаг хугацаанд нь мэдээлээгүй ажлын  хариуцлага алдсан тул үндсэн цалинг  20 хувиар хоёр сар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан  ба Хөдөлмөрийн тухай хуулийн  131 дүгээр зүйлийн 131.1.2 дах заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 10.6.6, 10.8.4 дэх заалт, Хөдөлмөрийн гэрээний 5.4 дэх заалт, Дархан-Уул аймгийн Төрийн Аудитын газрын 2018 оны 11 дүгээр сарын  21-ний өдрийн  04\38 тоот  албан шаардлагыг тус тус  үндэслэл болгожээ.

Хариуцагч нь 116 дугаар тушаалын үндэслэлийг нотолсон баримтаар 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэл \хэргийн 23 дугаар тал\-ийг ирүүлсэн, тэмдэглэлээс үзэхэд М.О- сахилгын ямар зөрчил гаргасан, зөрчлийн шинж байдал, үр дагаврын хир хэмжээг  бүрэн  тогтоож  чадаагүй, цагийн бүртгэл, орлого, зарлагын баримт бүхий нотлох баримтууд нь тэмдэглэлд дурдагдаагүй, тушаалын үндэслэлтэй холбоогүй байна.

Ажил олгогчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 124 дүгээр тушаалын үндэслэл болсон Дархан-Уул аймаг дахь Төрийн Аудитын газрын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 04\38  тоот албан шаардлага \хэргийн  39 дүгээр тал\  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн  хурлаар хэлэлцэн хүчингүй болгосон  тухай  2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 47 тоот албан бичгийг \хэргийн 72 дугаар тал\  эрх бүхий байгууллагаас ирүүлсэн байх тул  М.О-ын цалинг 20 хувиар бууруулах сахилгын  шийтгэл  ногдуулсан тушаалыг  Хөдөлмөрийн хуулийг  зөрчсөн гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг  зөрчөөгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангаж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй үнэн зөв талаас нь  үнэлж, дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн давж заалдсан гомдлыг  хангахгүй  гэж  шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 121 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

                                    

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ

                                                                ШҮҮГЧИД                                     Л.АМАРСАНАА    

                                                                                                                      С.ЭНХЖАРГАЛ