Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 121

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2018/001320/и

                                         

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум,  дугаар баг,  дугаар хороолол,  дугаар байр,  тоотод оршин суух, Х овогт М.О //-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Залуучууд театрт холбогдох

 

"2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 116 дугаартай “сахилгын шийтгэл ногдуулах тухай”, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 124 дугаартай “сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүйд тооцуулах тухай " иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ц, шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга   Н.Зориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэж лэгч М.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Миний бие Дархан-Уул аймгийн Залуучууд театрын ерөнхий нягтлан бодогчоор 2012 оноос өдийг хүртэл ажиллаж байна. Ажиллах хугацаандаа өмнөх удирдлагуудтай хэвийн ажилладаг байсан өнөөгийн удирдлага болох захирал А.Б хамтран ажиллахад хүнд нөхцлүүд гардаг, хэдий удирдлага боловч ажлаас гарах хүсэлтээ өг гэсэн дарамтыг байнга үзүүлдэг.

Энэ тухай захиргааны хэргийн шүүх хуралдаан дээр яригдаж тэмдэглэлд тусгагдаж байсан. Ийм хүнд нөхцөл байдаг учраас миний хувьд аль болох алдаа дутагдал гаргахгүй байхыг хичээдэг. Энэ бүхэн нь нягтлан бодогчийн хувьд түүний үгээр хүссэнээр нь байхгүй байсантай холбоотой гэж би ойлгодог.

Байгууллагын Залуучууд театрын даргын 2018.11.12-ны өдрийн 116 дугаартай сахилгын шийтгэл ногдулах тухай тушаалаар сануулах шийтгэл ногдуулсан удалгүй залуучууд театрын даргын 2018.11.30-ны өдрийн 124 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудаар үндсэн цалинг 20 хувиар 2 сар бууруулах шийтгэл оногдуулсан шийдвэр гаргалаа.

Уг шийдвэрийг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 1.7-д заасны дагуу шүүхээр хянуулахаар ийнхүү нэхэмжлэл гаргаж байна.

  1. Залуучууд театрын даргын 2018.11.12-ны өдрийн 116 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд “...хөдөлмөрийн гэрээний дагуух ажил олгогчоос хариуцуулсан ажил албан тушаалын үүрэгт ажлыг зөрчин ажлын хариуцлага алдсан тул...” гэж байна. Бодит байдал дээр би өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, албан тушаалын үүрэгт ажлыг зөрчсөн болохыг тогтоогоогүй байж сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн дотоод журамд нийцэхгүй байна. Залуучууд театрын 2018.11.30-ны өдрийн 124 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд Дархан-Уул аймаг дахь аудитын газрын 2018.11.21-ний өдрийн 04/38 тоот албан шаардлага болон бусад хууль журмын холбогдох заалтуудыг болон мөн адил ...ажил албан тушаалын үүрэгт ажлыг зөрчин... гэж үндэслэсэн байдаг боловч зөрчсөн талаар тогтоогоогүй, Дархан-Уул аймаг дахь аудитын газрын албан шаардлагыг үндэслэсэн нь Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэж байгаа.

Залуучууд театрын даргын дарамт шахалтаас болж миний хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байна гэж үзэж байгаа. Намайг цаашид ажиллуулахгүй байх зорилгоор арга хэмжээ авах нөхцөл болгож, улмаар дээрх 2 тушаалыг үндэслэн халах тушаалаа гаргах гэж байна.

Түүний хэлснээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхгүй болохоор дээрх арга хэмжээ авагдаж байгаа нь тодорхой юм.

Иймд миний хууль ёсны эрх ашгийг хамгаалж, Залуучууд театрын даргын 2018.11.12-ны өдрийн 116 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, Залуучууд театрын даргын 2018.11.30-ны өдрийн 124 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг хянан шалгаж өгнө үү.” гэв.

 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...Нэхэмжлэгч  М.О нь нэхэмжлэлдээ: Залуучууд театрын даргын 2018.11.16-ны өдрийн 116 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тушаалд хөдөлмөрийн гэрээний дагуух ажил олгогчоос хариуцуулсан ажил албан тушаалын үүрэгт ажлыг зөрчин, ажлын хариуцлага  алдсан тул гэж байна. Бодит байдал дээр би өгсөн үүрэг даалгаврыг  биелүүлээгүй, албан тушаалын үүрэгт ажлыг зөрчсөн болхыг тогтоогоогүй байж сахилгын шийтгэл ногдуулсан хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн дотоод журам нийцэхгүй байна” гэжээ.

Залуучууд театрын даргын 2018 оны 11.12 өдрийн №116 тоот, 2018 оны 11.30-ны өдрийн №124 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тушаалууд нь хууль эрх зүйн үндэслэлтэй  гарсан тушаал юм. Учир нь М.О нь тус байгууллагад ажиллах хугацаандаа:

Залуучууд театрын дотоод журам, Хөдөлмөрийн гэрээгээ удаа дараа зөрчин хөдөлмөрийн гэрээний 5.4-т ажилтан нь ажил олгогчийн хариуцуулсан ажил, албан тушаалын үүрэгт ажлыг ажлын байрны тодорхойлолтод онцгойлон тусгасан чиг үүргийн дагуу үнэнч шударга, хариуцлагатай гүйцэтгэж, эрхэлсэн ажилдаа үр дүнтэй, идэвхи санаачлагатай ажиллаж, байгууллагын эд хөрөнгийг зохистой, хэмнэлттэй зарцуулан, гүйцэтгэх ажил үүрэгтэй холбогдох хууль эрх зүйн акт, дүрэм журам, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам зэргийг хатуу мөрдөж, энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлж ажиллана гэсэн, мөн 5.5-т ажилтан нь байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг  хариуцлагатай биелүүлэн гүйцэтгэж ажиллах үүрэгтэй гэсэн зауултуудыг дараах байдлаар зөрчсөн. Үүнд:

-Ерөнхий нягтлан бодогч М.О нь Соёлын ажилтны 42 дахь жилийн баярын үеэр албан ёсны чөлөө зөвшөөрөл авалгүйгээр байгууллагын ажлыг цалгардуулан ажлаа орхин явсан. Үүнээс болж Засгийн газрын 2018 оны08 дугаар сарын 22-ны өдрийн 363, 364 дүгээр тогтоолын дагуу нийт албан хаагчдын цалинг 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлэх байсан бол манай байгууллага сарын сүүлчээр нэмэгдүүлэн олгосон болно.

Соёлын ажилтны баярын арга хэмжээнд зориулагдсан шагнал урамшууллын  хугацаанд нь шилжүүлэхгүй хүндрэл учруулсан. Энэ шагнал урамшууллын зүйлийг өөрийнх нь таньдаг хүнээс аваагүй шалтгаанаар мөнгийг нь удаан хугацаанд шилжүүлэхгүй хүндрэл учруулсан. Энэ шагнал урамшууллын зүйлийг Дархан захын Аяны анд нэртэй бэлэг дурсгалын газраас авсан бөгөөд хэзээ аваад, ямар хугацааны дараа мөнгийг нь шилжүүлсэн тухай баримт нь байгууллагын санхүүгийн баримтанд байгаа юмаа. Тухайн үед тэр газар ажиллаж байсан худалдагч иргэн н.Энхбилэг нь удаа дараа мөнгөө нэхэж утастсан боловч М.Онь шилжүүлэхгүй  байсаар 2018.10.15-ны өдрийг хүргэсэн байна. Энэ нь байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлж цаашид аливаа байгууллагатай хамтран ажиллахад үл итгэлцэл үүсч байна.

Эрдэнэт хотод болсон Э.О  нэрэмжит мэргэжлийн урлагийн байгууллагын төвийн бүсийн театр чуулгуудын уралдаанд Залуучууд театр 37 хүний бүрэлдэхүүнтэйгээр 5 хоногийн хугацаатай оролцсон энэ хугацаанд М.О нь томилолтоор ажиллаж буй албан хаагчдын болон байгууллагынхаа төлөө сэтгэл зоволгүй, авахад бэлэн болсон мөнгийг тухайн байгууллага дээр нь очоод хурдан хугацаанд шилжүүлчих боломж байсаар байтал өрөөнөөсөө утсаар яриад цаг алдаад байгаад байсан, мөн өөрөө явахгүй юмаа гэхэд аль нэг няраваа явуулаад хурдан шуурхай шийдэх боломж бүрэн байсаар байтал ямарч сэтгэлгүй хандаж хамт олныхоо төлөө сэтгэл зүрх гаргаж ажиллаагүйн улмаас уран бүтээлчид маань хүний газар хоол унд муутай өр зээл тавин явж ирсэн.

Иймд Залуучууд театрын захиргааны зөвлөлийн хурлаар оруулан хэлэлцүүлж М.О сануулах сахилгын шийтгэл ногдуулсан болно.

  1. Мөн М.Онь нэхэмжлэлдээ: Залуучууд театрын даргын 2018.11.30-ны өдрийн 124 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд Дархан-Уул аймаг дахь аудитын газрын 2018.11.21-ний өдрийн 04/38 тоот албан шаардлага блоон бусад үүрэгт ажлыг зөрчин гэж үндэслэсэн байдаг боловч зөрчин талаар тогтоогоогүй, Дархан-Уул аймаг дахь аудитын газрын албан шаардлагыг үндэслэсэн нь Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэж байна гэжээ.

-Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2018.11.21-ний өдрийн №04/38 тоот хариуцлага тооцох тухай албан шаардлагын дагуу Залуучууд театрын ерөнхий нягтлан М.О2018.11.30-ны өдрийн 124 тоот тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан. Уг тушаалыг гаргахдаа аймгийн Төрийн аудитоор С.Санжаажаваас шалтгааныг нь тодруулан асуусан. 12 дугаар сарын 30-ны өдрийн 12 цагаас өмнө хариуцлага тооцсон тушаалаа ирүүлэх шаардлагатай байна гэж хэлсэн. Иймд Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журам Хөдөлмөрийн гэрээний дагуу шат дараалан үндсэн цалинг 2 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Дээрхи зөрчлүүдийг гаргаж ажлын хариуцлага алдсан нь:

Хөдөлмөрийн тухай хуулийн 6.2-т Ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, хуулиар тогтоосон нууцад хамаарах ажил, үүрэгтэй нь холбоотой нууцыг хадгалах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй

5.4-т Ажилтан ажил олгогчоос хариуцуулсан ажил албан тушаалын үүрэгт ажлыг ажлын байрны тодорхойлолтонд онцгойлон тусгасан чиг үүргийн дагуу үнэнч шударга, хариуцлагатай гүйцэтгэж, эрхэлсэн ажилдаа үр дүнтэй, идэвхи санаачлагатай ажиллаж, байгууллагын эд хөрөнгийг зохистой, хэмнэлттэй зарцуулан, гүйцэтгэх ажил үүрэгтэй холбогдох хууль эрх зүйн акт, дүрэм журам, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам, зэргийг  хатуу мөрдөж, энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлж ажиллана.

5.5-т Ажилтан нь байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хариуцлагатай биелүүлэн гүйцэтгэж ажиллах үүрэгтэй.

6.2.1-т Ажилтан байгууллагын дэг журам, захиргаанаас баталсан бусад дүрэм журам, түүнчлэн хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар гаргасан театрын даргын тушаал, үүрэг даалгавар, шийдвэрийг зөрчсөн.

6.2.2-т Хөдөлмөрийн гэрээ болон дотоод журмаар хүлээсэн үүргээ 2 буюу түүнээс дээш удаа зохих ёсоор биелүүлээгүй зөрчсөн.

М.Онь ажил үүрэгтээ хандах хандлага муутай энэ нь байгууллагын санхүүтэй холбоотой ажил явуулахад удааширч хүндрэлтэй байдал үүсгэдэг.

Ямарваа нэгэн асуудлыг байнга хувийн өнцгөөс харж, албаны ажил хэргийг явуулахдаа өөрөөсөө зайлуулах, хариуцлага аас зайлсхийх зэргээр ами аргацаах зохисгүй байдлыг байнга гаргасаар ирсэн.

Төрийн албандаа ямагт чин сэтгэлээсээ өөриймсөг хандаж, албан үүргээ үр бүтээлтэй нартай гүцэтгэж, санаачилга гаргах талаар боломжтой бүх бололцоог бүрэн дүүрэн ашиглаж ажилладаггүй байдал, санхүүгийн үйл ажиллагаагаа ил тод байлгадаггүй, хамт олныхоо итгэлийг олох хэмжээнд харилцааны соёлыг эзэмшээгүй, эелдэг уриалагхан байдаггүй, байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг явуулахдаа элдэв чирэгдэл учруулахгүй хамгийн бага хугацаанд шийдвэрлэн хариу өгөх хэмжээнд үүрэгт ажлаа зохион байгуулан ажиллаж чадахгүй, ажилдаа хандаж байгаа хандлага муу зан харьцааны доголдолтой байдал зэргийнх нь талаар шаардлага тавихаар дарамталлаа гэж байнга эсэргүүцдэг энэ байдал нь Төрийн албан хаагчийн эрхэмлэх 9 зүйлийг зөрчөөд байна.

  1. Мөн М.Онь нэхэмжлэлдээ: Залуучууд театрын даргын дарамт шахалтаас болж миний хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байна гэж үзэж байгаа. Намайг цаашид ажиллуулахгүй байх зорилгоор арга хэмжээ авах нөхцөл болгож улмаар дээрх 2 тушаалыг үндэслэн халах тушаалаа гаргах гэж байна гэжээ.

Энэ нь зөвхөн М.О өөрийнх бодол гэж бодож байна. Миний зүгээс М.Оямар нэгэн байдлаар дарамт шахалт үзүүлээгүй бөгөөд үүнийг ажлын байнгын уялдаа холбоотой ажилладаг ажилтнууд гэрчлэх болно.

М.Онь ажил үүрэгтээ хандах хандлага муутай энэ байгууллагын санхүүтэй холбоотой ажил явуулахад удааширч хүндрэлтэй байдал үүсгэдэг. Ямарваа нэгэн асуудлыг байнга хувийн өнцгөөс харж, албаны ажил хэргийг явуулахдаа өөрөөсөө зайлуулах, хариуцлагаас зайлсхийх зэргээр амиа аргацаах зохисгүй байдлыг байнга гаргасаар ирсэн. Төрийн албандаа ямагт чинь сэтгэлээсээ өөриймсөг хандаж, албан үүргээ бүтээлтэй чанартай гүйцэтгэж, санаачилга гаргах талаар боломжтой бүх бололцоог бүрэн дүүрэн ашиглаж чаддаггүй байдал, санхүүгийн үйл ажиллагааг явуулахдаа элдэв чирэгдэл учруулахгүй хамгийн бага хугацаанд шийдвэрлэн хариу өгөх хэмжээнд харилцааны соёлыг эзэмшээгүй, эелдэг уриалагхан байдаггүй, байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг явуулахдаа элдэв чирэгдэл учруулахгүй хамгийн бага хугацаанд шийдвэрлэн хариу өгөх хэмжээнд үүрэгт ажлаа зохион байгуулан ажиллаж чадахгүй, ажилдаа хандаж байгаа хандлага муу, зан харьцааны доголдолтой байдал зэргийнх нь талаар шаардлага тавихаар дарамталлаа гэж байнга эсэргүүцдэг нэ байдал нь Төрийн албан хаагчийн эрхэмлэх 9-н  зүйлийг зөрчөөд байна.

 

Залуучууд театрын даргын 2018.11.12-ны өдрийн 116 тоот, 2018.11.30-ны өдрийн 124 тоот тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй тул М.О гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

      

Нэхэмжлэгч М.О нь хариуцагч Дархан-Уул аймгийн Залуучууд театрт холбогдуулан тус байгууллагын даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 116 дугаартай “сахилгын шийтгэл ногдуулах тухай”, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 124 дугаартай “сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүйд тооцуулах, тушаалаар суутгасан цалин 334960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч тал “...тус байгууллагын даргын тушаалууд нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн тайлбарыг гаргаж маргасан.

 

Хэрэгт авагдсан баримтаар

Нэхэмжлэгч М.О нь Дархан-Уул аймгийн Залуучууд театрт ерөнхий нягтлан бодогчоор ажилладаг бөгөөд тус байгууллагын даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 116 дугаартай тушаалаар сануулах сахилгын шийтгэлийг, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 124 дугаартай тушаалаар цалинг 20 хувиар 2 сар бууруулах сахилгын шийтгэлийг тус тус М.О ногдуулсан байна.

 

Залуучууд театрын захирлын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 116 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар “Ерөнхий нягтлан бодогч М овогтой О нь хөдөлмөрийн гэрээний дагуух ажил олгогчоос хариуцсан ажил албан тушаалын үүрэгт ажлыг зөрчин ажлын хариуцлага алдсан тул сануулах сахилгын шийтгэл ногдуулж” шийдвэрлэсэн боловч хэрэгт дээрх захирлын 116 дугаартай тушаалын үндэслэл болгосон хэсэг нь “Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 10.6.1, 10.8.2 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 5.4, 5.5 дахь заалтуудыг ...” , “...Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 10.6.1, 10.8.2 дахь заалт, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн захиргааны зөвлөлийн хурлын шийдвэр, Хөдөлмөрийн гэрээний 5.4, 5.5 дахь заалтуудыг...” гэж хоёр өөр байдлаар бичигдсэн тушаалууд авагдсан байна.

 

Өөрөөр хэлбэл Залуучууд театрын захирлын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 116 дугаартай тушаал нь хоёр өөр янзаар бичигдсэн тушаал гарсан байна.

 

Хариуцагч тал “...116 дугаартай тушаалд захиргааны зөвлөлийн хурлын шийдвэрийг тусгаагүй байсан учир засаж  2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн захиргааны зөвлөлийн хурлын шийдвэр гэж оруулан зассан зөв тушаалаа нягтлан М.О гардуулсан. Буруу гаргасан ганц тушаалаа балансын тооцоо хийдэг учир холбогдох албан тушаалтанд устгуулахаар өгсөн. Өөрөөр хэлбэл нэг 116 дугаартай тушаал гарсан. Харин устгалд оруулахаар өгсөн буруу гарсан ганц тушаалыг М.О нь олж авчихаад хэрэгт ашиглаж байна...” гэсэн тайлбарыг гаргасан боловч энэхүү тайлбартай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Залуучууд театрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 124 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах” тухай тушаалаар “Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Хөдөлмөрийн дотоод журмын 10.6.2, 10.8.4 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 5.4 дахь заалт, Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 04/38 тоот албан шаардлагыг тус тус үндэслэн Ерөнхий нягтлан бодогч М овогтой О нь хөдөлмөрийн гэрээний дагуух ажил албан тушаалын үүрэгт ажлыг зөрчин, шаардлагатай мэдээллийг цаг хугацаанд нь мэдэгдээгүй ажлын хариуцлага алдсан тул үндсэн цалинг 20 хувиар 2 сар бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан” бөгөөд уг тушаалын дагуу нэхэмжлэгч  М.О12 дугаар сарын цалингаас 167,450 төгрөгийг, 1 сарын цалингаас 157,288 төгрөгийг нийт 324,738 төгрөгийг суутгасан болох нь хэрэгт авагдсан М.О2018, 2019 оны цалингийн цэсээр тогтоогдож байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр  дээрх хоёр сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэлээ “...ерөнхий нягтлан бодогч М.О нь 2018 оны 10 дугаар сард манай театрын уран бүтээлчид Эрдэнэт хот руу 37 хүний бүрэлдэхүүнтэй тоглолт хийхээр явсан бөгөөд тухайн ажилчдын томилолт болон хоолны зардлыг хандив өгөх байгууллагуудаас цуглуулан авч шилжүүлэх байсан боловч шилжүүлээгүй, энэ талаар уран бүтээлчид гомдолтой байсан, 2018 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр соёлын ажилтны баярыг тэмдэглэдэг. Уг баярт холбогдуулан уралдаан зохион байгуулсан боловч медаль авсан хүний шагналын мөнгийг шилжүүлж өгөөгүй, тухайн хүн нь гомдолтой байсан. Тэрээр ажлаа тасалсан  зэрэг зөрчил гаргасан ба аудитын газрын албан шаардлагын дагуу М.О дээрх сахилгын шийтгэлийг ногдуулсан...” гэж тайлбарласан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-т “Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна”, 131.1.1-т “сануулах”, 131.1.2-т “үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;” сахилгын шийтгэл ногдуулна гэж тус тус заасан байна.

 

Залуучууд театрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 116 дугаартай тушаал, мөн даргын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 124 дугаартай тушаалын үндэслэлд М.О хэзээ гаргасан ямар гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг нь сахилгын шийтгэлд тооцон Хөдөлмөрийн тухай хуульд заасан дээрх сахилгын арга хэмжээг авсан болохыг заагаагүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч тал нягтлан бодогч М.О 2018 оны 09, 10 дугаар сард байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг зөрчсөн гэсэн тайлбарыг гаргасан боловч энэхүү гаргасан зөрчлийн талаар дээрх хоёр сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд дурьдаагүй байна.

 

Дээрх тушаалуудад М.О хэзээ гаргасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйд  сахилгын шийтгэл ногдуулсныг тусгаагүй байгаа учраас шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т  сахилгын зөрчилд арга хэмжээ авах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх, 131.1.3-т сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулсан эсэхийг хянах хууль зүйн үндэслэл байхгүй байна.

 

Мөн тус байгууллагын захирлын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 124 дугаартай тушаалын үндэслэл болсон Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 04/38 дугаартай “Хариуцлага тооцох тухай” албан шаардлага нь хүчингүй болсон болох нь хэрэгт авагдсан Үндэсний аудитын газрын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03/49 дугаартай албан бичиг, Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 47 дугаартай албан бичгээр тус тус тогтоогдож байгаа болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч М.О сахилгын шийтгэл ногдуулсан Залуучууд театрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 116 дугаартай тушаал, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 124 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгож, тус байгууллагын даргын 124 дугаартай тушаалын дагуу суутгагдсан цалин 324,738 төгрөгийг хариуцагчаас гаргуулан Нэхэмжлэгч ид олгож, илүү нэхэж илсэн цалин 10,222 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-т заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Залуучууд театрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 116 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 124 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг тус тус хүчингүй болгож, хариуцагчаас 324,738 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.О олгож, нэхэмжлэлийн үлдэх 10,222 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 80592  /10392+70,200/  төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай. 

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      З.ТУНГАЛАГМАА