Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 324

 

Б.Б, Ш.Т, Л.М

     нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, шүүгдэгч Ш.Т, Л.М, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, Д.Бум-Аюуш, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 176 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018  оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 389 дүгээр магадлалтай, 201725012051 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч, шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1977 онд төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Монгол овогт Б-ийн Б,

2. Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, био технологич мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Тайж овогт Ш-ийн Т,

3. Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Л-ын М  нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Б-г хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,  Ш.Т, Л.М нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч тус бүрт 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан зүйлчилж, ял шийтгэхээр өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Шүүгдэгч Б.Б-гийн үйлдэлд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэглэсэн нь буруу гэж үзэж байна. Учир нь хэрэг явдал 2017 оны 05 дугаар сарын 29-нд буюу өмнөх 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх үед гарсан юм. Шүүх үүнийг тогтоолдоо тусган хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ давтан, бүлэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт оногдуулах ял, эрүүгийн хариуцлага...хөнгөрсөн гэж илт буруу ойлгож дүгнэсэн. Хохирогч нарын биед гэмтэл учирсан болох нь 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэх боломжтой байтал 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар шууд татсан нь “...хэргийг дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан 2002 оны Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон 2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг ноцтойгоор зөрчжээ. Үүнээс хамаарч хуулийг зөв буцаан хэрэглэж чадахгүй алдаанд шүүхийг хүргэсэн болно. 2015 оны Эрүүгийн хуулиар “хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн хүндрүүлэх шинж шинээр бий болж, энэхүү шинжийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө” гэж хуульд заасан байхад түүнээс өмнө үйлдэгдсэн хэрэгт энэхүү шинээр орж ирсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хэрэглэсэн нь буруу байна.Эрүүгийн шинэ хуулийг дагаж мөрдөх журмын тухай Улсын дээд шүүхийн 264 дүгээр тогтоолын 5 дахь заалтад... шинэ хуульд гэмт хэрэгт шинээр тооцохоор  заасан зүйл, хэсгүүдийг... хууль үйлчилсэн... өдрийн 00 цагаас хойш үйлдэгдсэн гэмт хэргийн тухайд хэрэглэнэ” гэж заасантай нэгэн адил утгаар ойлгох учиртай байсан. Нөгөө талаас хүндрүүлсэн буюу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхийг хуулиар хориглосон зарчим мөн алдагдсан. Шүүгдэгчийн үйлдэл нь давтан гэмт хэргийн шинжгүй атал шүүх давтан буюу 2 түүнээс олон хүний биед гэмтэл учруулсан гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйл болон 99 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “давтан” гэх ойлголт нь 2015 оны Эрүүгийн хуулиар хүчингүй болсон нэг талаас, нөгөө талаас шүүгдэгчийн үйлдлийг давтан гэж зүйлчлээгүйг анхаарах ёстой. Үйл явдлын хувьд үргэлжилсэн үйлдэлтэй “нэг” гэмт хэрэг юм. Учир нь тэрээр хэдийгээр 2 хүний биед гэмтэл учруулсан гэж байгаа боловч нэг цаг хугацаанд, эхлэл төгсгөлтэй, нэг санаа бодлын хүрээнд л хэд хэдэн үйлдэл хийсэн болно. Ийм хэргийг эрүүгийн эрх зүйн онолд “үргэлжилсэн” үйлдэлтэй нэг гэмт хэрэг гэж үздэг. Тухайлбал үргэлжилсэн гэдэг нь “гэмт этгээд эхлэл, төгсгөл нэгтэй, нэг санаа бодлын хүрээнд, хэд хэдэн үйлдлээр, гол төлөв нэг эх сурвалжид, хууль бусаар, ...халдахыг ойлгоно” гэж Улсын дээд шүүхийн Эрүүгийн хуулийн 3 дугаар бүлгийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай 259 дүгээр тогтоолд заасан байна. 2015 оны Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчлан заажээ. Дээрх онол, практик, хууль зүйн нэгдмэл ойлголт байсаар атал хэргийг буруу зүйлчилж, мөрдөгчийн хууль зөрчсөн алдааг шүүх зөвтгөж байгаад гомдолтой байна. Б.Б- нарын үйлдэл нь 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр үйлдэгдсэнээс хойш хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш хэлсэн саналдаа “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Хэрэг Улсын дээд шүүхээр хянагдаж байх хугацаанд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжтой байна. Иймээс шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд прокурор Ц.Насанбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөхөөс өмнө үйлдэгдсэн тул хууль хэрэглээний хувьд 2002 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэх нь зүйтэй. Мөн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч, шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Б, Ш.Т, Л.М нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Б- нь 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 412-232 тоотод иргэн Ш.Т, Л.М нартай маргалдан зодолдож хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Ш.Т, Л.М нар нь бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 412-232 тоотод иргэн Б.Б-г зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б, Ш.Т, Л.М нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Б.Б-г хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,  Ш.Т, Л.М нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч нарт хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Шүүгдэгч Б.Б, Ш.Т, Л.М  нар 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байх үед хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн байх бөгөөд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар энэхүү гэмт хэрэгт оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэсэн үндэслэлээр хууль буцаан хэрэглэж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.

2015 оны Эрүүгийн хуулийн арав, арван нэг, арван хоёрдугаар бүлэг буюу хүний амьд явах эрх, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийн тухайд хүндрүүлэх бүрэлдэхүүн болгон хуульчилсан “хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн шинж нь 2002 оны Эрүүгийн хуульд тусгагдсан нэг төрлийн гэмт хэргийг “давтан” үйлдсэн шинжтэй тохирч буй тул шинэ зохицуулалт гэж үзэхгүй болно. Иймээс Б.Б-гийн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилснийг Эрүүгийн шинэ хуулиар бий болсон хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хэрэглэж эрх зүйн байдлыг дордуулсан гэж дүгнэхгүй.

Харин Б.Б, Ш.Т, Л.М нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үед шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан 1 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдож байна.   

Иймд шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнийн гаргасан гомдлын “хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох” тухай хэсгийг хүлээн авч, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд энэ талаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 176 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018  оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 389 дүгээр магадлалд:

“Шүүгдэгч Б.Б, Ш.Т, Л.М нарт холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн өөрчлөлтийг оруулж шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                       

 

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН