Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 45

 

С.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                                                                             Хэргийн индекс: 135/2018/00927/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж , шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  01 дүгээр сарын 15-ны өдрийн 79 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Х-д холбогдох

"Зээлийн гэрээний үүрэгт 75.275.416 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагч Д.Х-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сугар нарын давж заалдсан гомдлыг үндэслэн

          Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сугар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, хариуцагч Д.Х-, хариуцагчийн өмгөөлөгч П.Буманзаяа,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч С.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сугар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Б- болон Д.Х- нар нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Тус гэрээгээр С.Б- нь Д.Х-д 54.324.662 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл буюу 1 жилийн хугацаатай,  сарын 1,2 хувийн хүүтэй, сар бүрийн 05-ны өдрийн дотор зээл, хүүд 3.000.000 төгрөг төлөхөөр тохиролцон зээлдүүлсэн билээ.

Д.Х- 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд нийт хүүгийн төлбөрт 3.259.479 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 7.740.521 төгрөгийг төлсөн байдаг. Ингээд Д.Х-аас зээлийн төлбөрийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн хүү болон зээлийн үндсэн төлбөрийг нэг ч удаа төлөөгүй зээлдүүлэгч намайг хохироогоод байна.

Иймд тус зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 46.813.069 төгрөгийн хүү нэг сард 561.757 төгрөг бөгөөд 6 сарын 3.370.542 төгрөг, нийт 50.183.611 төгрөг, түүний алданги 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх алданги 189 хоног бөгөөд 18.969.404 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойших хугацааны алдангийг 6.122.401 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт 75.275.416 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Х-аас:

Миний бие нь 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүргэн ах болох С.Б-тэй аман гэрээ хийж сарын 1,2 хувийн хүүтэйгээр сар бүр 3 сая төгрөг төлөхөөр 71.134.670 төгрөг өөрийн Худалдаа хөгжлийн банкны дансаар шилжүүлж авсан болно.

Ингээд 2016 оны 9 сард 2.000.000 төгрөг, 10 сард 3.000.000 төгрөг, 11 сард 3.000.000 төгрөг, 12 сард 3.000.000 төгрөг, 2017 оны 1 сард 3.000.000 төгрөг, 2 сард 3.000.000 төгрөг, 3 сард 3.000.000 төгрөг, 4 сард 3.000.000 төгрөг, 5 сард 1.000.000 төгрөг, 6 сард 348.104 төгрөг, 7 сард 5.000.000 төгрөг, нийт 24.848.106 төгрөг төлсөн.

2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр С.Б- нь 54.324.662 төгрөг /хүүгийн хамт/ гэрээ хийе гээд зээлийн гэрээ байгуулсан. Үүнээс хойш 2017 оны 8 сард 3.000.000 төгрөг, 9 сард 3.000.000 төгрөг, 10 сард 2.000.000 төгрөг, 11 сард 2.000.000 төгрөг, 12 сард 1.000.000 төгрөг, нийт 11.000.000 төгрөг төлсөн байдаг

Ингээд С.Б- ахаас зээлсэн 71.134.670 төгрөгөөс хүүгүйгээр 35.848.106,06 төгрөг төлсөн байна. С.Б- ах болон миний хийсэн тооцоо баримтаар С.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сугар нь дахин хүүгийн алданги гэж 6.122.401 төгрөг нэхэмжилсэн байна.

Амьдралын байдал, банкны зээлүүд нэхэгдээд ямар ч хүү, алданги төлөх боломжгүй болж байгаа тул үндсэн мөнгө болох 71.134.670 төгрөгийн үлдэгдэл 35.286.563,94 төгрөгийг төлөх боломжтой. Харин хүү, алданги гэж нэхэмжилсэн 39.988.347,06 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хийсэн гэрээнд тусгагдсан 54.324.662 төгрөг нь өмнөх 71.134.670 төгрөгийн үлдэгдэл ба хүүгийн хамт 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс хойш миний дансанд 54.324.662 төгрөг орж ирээгүй болно. Уг гэрээний 7-д зээлдүүлэгч гэрээнд заасан мөнгийг зээлдүүлэгчид хүлээлгэн өгч, гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно гэснийг анхаарч үзнэ үү гэжээ.

             Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 79 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д.Х-аас 50.785.814 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Б-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 24.489.602 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 619.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид 411.879 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Б-т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Х- давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрээр 50.785.814 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Б-т олгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагч Д.Х- миний бие 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр С.Б-тэй аман хэлцэл хийж 71.134.670 зээлсэн. 2016 оны 09 сараас 2017 оны 07 сар хүртэл нийт 24.848.106,06 шилжүүлсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын байдлаар 46.286.564 төгрөгийн үлдэгдэлтэй. Гэтэл 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн үлдэгдэл мөнгө гээд 54.324.245 төгрөг гэж тооцож гэрээ байгуулсан. Энэ гэрээг байгуулснаас хойш С.Б-т 11.000.000 төгрөг төлсөн. 71.134.670 төгрөг зээлдүүлэхдээ зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй учир 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан шаардлага хангаагүй тул хүү төлөх шаардлагагүй.

Иймд 1. хүү бодогдож 54.324.662,02 төгрөг болгон хийсэн.

2. Хийсэн гэрээний 54.324.662,02 төгрөг миний дансанд ороогүй зэрэг байдлуудаас харахад хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэхээр байна.

Миний бие аман хэлцэл хийж зээлсэн 71.134.670 төгрөгөөс 35.848.106 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 35.295.110 төлөх боломжтой.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлдүүлэгч хүү алданги шаардах эрх үүсэхгүй байх тул зээлдэгч миний дээрх хугацаанд төлсөн 35.848.106 төгрөгийг үндсэн зээл болох 71.134.670 төгрөгөөс хасч үлдэгдэл 35.295.110 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сугар давж заалдсан гомдолдлоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах давж заалдах шатны гомдлыг гаргаж байна. С.Б- болон Д.Х- нар нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр С.Б- нь Д.Х-д 54.324.662 төгрөгийг 2018 оны 08 сарын 08-ны өдөр хүртэл буюу 1 жилийн хугацаатай, нэг сарын 1.2 хувийн хүүтэй, сар бүрийн 05-ны өдрийн дотор зээл, хүүний хамт 3.000.000 төгрөг төлөхөөр тохиролцон, зээлдүүлсэн билээ. Д.Х- 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 02 сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд нийт хүүгийн төлбөрт 3.259.479 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 7.740.521 төгрөгийг төлсөн байдаг. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2018 оны 08 дугаар сарын өдрийн байдлаар 69.153.015 төгрөг нэхэмжилсэн бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 6.122.401 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 75.275.416 төгрөг нэхэмжилсэн гэтэл шүүхээс шүүхэд маргаан үүссэн хугацааны алдангийг хангах боломжгүй гэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Шүүх гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шийдвэр гаргаж, гэрээг дүгнэж байгаа учир түүнээс өмнөх алдангийг хангаж шийдвэрлэх ёстой. Иймээс С.Б-ээс Д.Х-д холбогдуулан 6.122.401 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сугар давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:

            Хариуцагч Д.Х-ы давж заалдсан гомдолтой танилцаад түүний гомдолд хариу тайлбар хийлээ.

1. Хүү бодогдож 54.324.662,02 төгрөг болсон энэ мөнгө дансанд орж ирээгүй гэсэн ойлгомжтой. Урьд амаар гэрээгээ хийгээд хүүгээ тохироод 71.134.670 төгрөгийн дансаар С.Б-ээс Д.Х- дансаараа авсан нь банкны баримтаар батлагддаг. Энэ баримтыг шүүхэд нотлох баримт болгон өгсөн ба шүүх шийдвэртээ энэ талаар маргаагүй гэж дүгнэсэн. Иргэний хууль 466 дугаар зүйлийн 466.1, 466.5-д зээлийн гэрээний дагуу хүү тооцож болно гэснээр тохиролцоод эцсийн үлдэгдэл 54.324.662,02 төгрөг гэж зээлийн гэрээг бичгийн хэлбэрт оруулсан иймээс энэ гэрээний үлдэгдэл дүн 54.324.662,02 төгрөг өөрчлөгдөх учиргүй. Зээлийн хүү 8.083.098 төгрөгийг хариуцагч сайн дураараа төлөхөөр зөвшөөрч нэхэмжлэгч талтай өөрийн хүсэл зоригоороо бичгийн гэрээгээр тохиролцсон эрхийг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 заалт хязгаарлахгүй гэж шүүх үндэстэй дүгнэлт хийсэн байна.

2. 54.324.662,02 төгрөг бичгийн гэрээ хийсэн 2018.08.08 ний өдрөөс хойш миний дансанд ороогүй гэжээ. Энэ бүр ч ойлгомжтой. Урьд амаар гэрээ хийж авсан зээлийн үлдэгдлийг дээр дурдсанаар тооцоо хийгээд гэрээ байгуулсан нь маргаангүй байна. Иймд энэ өдрөөс мөнгө орно гэдэг ойлголт огт байхгүй. Иймээс энэ тохиолдолд хариуцагчийн гомдолдоо дурдсан Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх заалтыг хүлээн авах боломж үүсэхгүй байна.

3. Хариуцагч алданги төлөхгүй гэж гомдох эрхгүй этгээд. Зээлээ гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги төлөх үүрэг хүлээсэн хүн. Иймд хариуцагчийн шүүхийн шийдвэрт заасан 50.785.814 төгрөгийг 35.295.110 болгон өөрчилж өгөхийг хүссэн гомдлыг хүлээн авах хууль болоод гэрээнд заасан үндэс байхгүй учир гомдлыг хэрэгсэхгүй болгож өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсч байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сугар давж заалдсан гомдлынхоо нэмэлт тайлбартаа:

            ... хариуцагч төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд шүүх алданги тооцох ёстой. Гэтэл зөвхөн гэрээний хугацаа дууссан гэсэн буруу үндэслэл зааж алдангийг дутуу тооцсон талаар гомдол гаргасан тул энэ гомдлыг хангах үндэстэй гэж үзэж байна. ...гэрээний хугацааг хэтрүүлснээс эхэлж шүүх хуралдаан болох хүртэл хугацаагаар алдангийг тооцож хариуцагчаар төлүүлэх нь зөв юм. Энэ талаар Иргэний хуулийн 232 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь /хариуцагч Х-, хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас /0.2/ хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж маш ойлгомжтой заасан байна.

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргасныг хангаж, шүүхийн алданги тооцсон сүүлчийн 2018.08.14-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гаргасан 2019.01.15-ны өдөр хүртэлх 150 хоногийн хугацааны алдангийг /150*100.367=15.055.050 төгрөг байх байсан/ дээр дурдсан хуулийн дагуу 6.122.401 төгрөгийг нэмж гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсч байна гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч С.Б- хариуцагч Д.Х-д холбогдуулан зээлийн гэрээний  үүрэгт үндсэн зээл 46.813.069 төгрөг, хүү 3.370.542 төгрөг, 189 хоногийн алданги  18.969.404 төгрөг гаргуулахаар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 6.122.401 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 75.275.416 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч Д.Х- “...2016 оны 02 дугаар сарын 24-нд...,  ...С.Б-тэй аман гэрээ хийж сарын 1,2 хувийн хүүтэй, 71.134.670 төгрөг...,  ...авсан...,  ...24.848.106 төгрөг төлсөн..., ...2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 54.324.662 төгрөг зээлсэн гэрээ  байгуулсан..., ...11.000.000 төгрөг төлсөн..., ...71.134.670 төгрөгөөс хүүгүйгээр  35.848.106 төгрөг төлсөн..., ...35.286.563 төгрөг төлөх боломжтой..., ...2017 оны 8 дугаар сарын  08-нд миний дансанд  54.324.662 төгрөг  орж ирээгүй...” гэж  маргажээ.

            Анхан  шатны шүүх  зохигчдын хооронд   2016 оны  02 дугаар сарын 24-ний өдөр  71.134.670 төгрөгийг, сарын 1,2 хувийн хүүтэй зээлүүлэхээр зээлийн гэрээг амаар  байгуулсан, 24.848.106 төгрөг төлсөн,  талуудын хооронд нөхөж  байгуулсан зээлийн  гэрээгээр 54.324.662 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 1,2 хувийн хүүтэй, хугацаа  хэтрүүлвэл  0,2 хувийн алданги төлөхөөр харилцан тохирсон нь Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн  232.3-т  нийцсэн гэж дүгнээд 50.785.814 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, 24.489.602 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч, хариуцагч нар  зөвшөөрөхгүй  давж заалдах гомдол гаргажээ.

            Нэхэмжлэгч С.Б- нь дээрх нэхэмжлэлийн  шаардлага, үндэслэлээ нотолж 2017 оны 8 дугаар сарын 08-ний өдөр байгуулсан  зээлийн  гэрээг  ирүүлжээ. \хэргийн 5 дугаар тал\

            Зохигчид нь 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Зээлийн гэрээ  байгуулж, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний  үүргийн  үлдэх хэсэг болох 54.324.662 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 1,2 хувийн хүү төлөх,  хугацаа хэтрүүлвэл хоногийн 0,2 хувийн алданги төлөхөөр тохирсон  нь Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн  282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан шаардлагыг зөрчөөгүй хуулийн хүчин төгөлдөр гэрээ  байгуулсан гэж үзнэ.

            Дээрх гэрээний дагуу С.Б- нь 54.324.662 төгрөг  шилжүүлэх,  Д.Х- нь  гэрээний хугацаанд үндсэн зээл болон зээлийн хүүд 7.822.512 төгрөг, нийт  62.147.413 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээж, гэрээний хугацаанд нийт 11.000.000 төгрөг буцаан төлсөн болох нь зохигчдын тайлбараар  тогтоогдсон байна.

Шүүх талуудын хооронд зээлийн гэрээ  байгуулагдсан гэж дүгнэсэн нь зөв.

Харин алданги нь гүйцэтгээгүй  үүргийн үнийн дүнгээс  тооцогдох, гэрээний үүрэг биелүүлэх хугацаа хэтэрсэн  үеэс эхэлж тооцогдох, гэрээний үндсэн үүрэг биелүүлэх хугацаа өнгөрсөн нь алданги тооцох үндэслэл болох  гэсэн хуулийн агуулгыг буруу  тайлбарласан, гэрээний хугацаа дууссан тул  алданги нэхэмжлэх эрхгүй гэж  дүгнэж  шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6-д заасантай нийцээгүй байна.

Алданги нь үүрэг гүйцэтгэх хугацаа дуусах хүртэл тооцогдох хууль зүйн зохицуулалтай бөгөөд  энд хугацаа хамаарахгүй  гагцхүү  гүйцэтгээгүй  үүргийн   үнийн дүнгийн  50 хувиас  хэтрэхгүй байх хуулийн  хязгаарлалттай.

Гэрээний хугацаа нь 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс эхэлж 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болж байх тул  энэ хугацаанаас  хойш  гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,2 хувийн алданги төлөх ба нэхэмжлэгчийн   алданги гаргуулах  шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэх  үндэслэлтэй.

Үүнд: гэрээгээр хүлээсэн үүрэг буюу үндсэн зээл, хүү 54.324.662 + 7.822.512 = 62.147.413 төгрөг төлөхөөс  төлсөн 11.000.000 төгрөгийг хасвал биелэгдээгүй үүрэг нь 51.147.413 төгрөг, алданги гаргуулах хугацааг 2018 оны 8 дугаар сарын 08-аас    шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл 158 хоногийн 16.162.582 төгрөгийн хамт   67.309.995 төгрөг төлөхөөр байна. Гэвч нэхэмжлэгч С.Б- нь шүүхийн шийдвэрийг Д.Х-аас 50.785.814 төгрөг гаргуулсан дээр нэмж 6.122.401 төгрөг гаргуулахаар  гомдол гаргасан  учир  энэ хэмжээгээр өөрчлөлт оруулж  байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг дээрх үндэслэлээр хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь  зүйтэй  гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хариуцагч Д.Х-ы давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 79 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын  “...хариуцагч Д.Х-аас 50.785.814 төгрөг гаргуулж..., гэснийг “...хариуцагч Д.Х-аас 56.908.215 төгрөг гаргуулж..., гэж “...24.489.602 төгрөгийг...” гэснийг  “...18.367.201 төгрөгийг...” гэж, 2 дугаар заалтын “...411.879 төгрөгийг...” гэснийг  “...442.491  төгрөгийг...” гэж тус тус  өөрчлөлт оруулж,  шийдвэрийн бусад  заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан  улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 337.191  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс төлсөн 112.909 төгрөгийг  шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.     

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

    

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ   

                                                                ШҮҮГЧИД                                     Л.АМАРСАНАА

                                                                                                                      С.ЭНХЖАРГАЛ