Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 79

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2018/00927/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .........дүүргийн ........... хороо ........... дүгээр байрны ............тоотод оршин суух ..... овогт С.Б....../РД:............ /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............ аймгийн .............. сум .............. баг ............ хороолол ............. гудамж ........ тоотод оршин суух .......... овгийн Д.Х- /............./-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 75,275,416 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сугар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, хариуцагч Д.Х-, хариуцагчийн өмгөөлөгч П.Буманзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сугар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  С.Б- болон Д.Х- нар нь 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Тус гэрээгээр С.Б- нь Д.Х-д 54,324,662 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл буюу 1 жилийн хугацаатай, нэг сарын 1,2 хувийн хүүтэй, сар бүрийн 05-ны өдрийн дотор зээл, хүүний хамт 3,000,000 төгрөг төлөхөөр тохиролцон зээлдүүлсэн билээ. Д.Х- 2017 оны 09 дүгээр сарын        11-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд нийт хүүгийн төлбөрт 3,259,479 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 7,740,521 төгрөгийг төлсөн байдаг. Ингээд Д.Х-аас зээлийн төлбөрийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн хүү болон зээлийн үндсэн төлбөрийг нэг ч удаа төлөөгүй зээлдүүлэгч намайг хохироогоод байна. Иймд тус зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 46,813,069 төгрөгийн хүү нэг сард 561,757 төгрөг бөгөөд 6 сарын 3,370,542 төгрөг, нийт 50,183,611 төгрөг, түүний алданги 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх алданги 189 хоног бөгөөд 18,969,404 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойшхи хугацааны алдангийг 6,122,401 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт 75,275,416 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Х- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүргэн ах болох С.Б-тэй аман гэрээ хийж сарын 1,2 хувийн хүүтэйгээр сар бүр 3 сая төгрөг төлөхөөр 71,134,670 төгрөг өөрийн Худалдаа хөгжлийн банкны дансаар шилжүүлж авсан болно. Ингээд 2016 оны 9 сард 2,000,000 төгрөг, 10 сард 3,000,000 төгрөг, 11 сард 3,000,000 төгрөг, 12 сард 3,000,000 төгрөг, 2017 оны 1 сард 3,000,000 төгрөг, 2 сард 3,000,000 төгрөг, 3 сард 3,000,000 төгрөг, 4 сард 3,000,000 төгрөг, 5 сард 1,000,000 төгрөг, 6 сард 348,104 төгрөг, 7 сард 5,000,000 төгрөг, нийт 24,848,106 төгрөг төлсөн. 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Батбилэг нь 54,324,662 төгрөг /хүүгийн хамт/ гэрээ хийе гээд зээлийн гэрээ байгуулсан. Үүнээс хойш 2017 оны 8 сард 3,000,000 төгрөг, 9 сард 3,000,000 төгрөг, 10 сард 2,000,000 төгрөг, 11 сард 2,000,000 төгрөг, 12 сард 1,000,000 төгрөг, нийт 11,000,000 төгрөг төлсөн байдаг. Ингээд С.Б- ахаас зээлсэн 71,134,670 төгрөгөөс хүүгүйгээр 35,848,106.06 төгрөг төлсөн байна. Батбилэг ах болон миний хийсэн тооцоо баримтаар С.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сугар нь дахин хүүгийн алданги гэж 6,122,401 төгрөг нэхэмжилсэн байна. Амьдралын байдал, банкны зээлүүд нэхэгдээд ямар ч хүү, алданги төлөх боломжгүй болж байгаа тул үндсэн мөнгө болох 71,134,670 төгрөгийн үлдэгдэл 35,286,563.94 төгрөгийг төлөх боломжтой. Харин хүү, алданги гэж нэхэмжилсэн 39,988,347.06 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хийсэн гэрээнд тусгагдсан 54,324,662 төгрөг нь өмнөх 71,134,670 төгрөгийн үлдэгдэл ба хүүгийн хамт 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс хойш миний дансанд 54,324,662 төгрөг орж ирээгүй болно. Уг гэрээний 7-д зээлдүүлэгч гэрээнд заасан мөнгийг зээлдүүлэгчид хүлээлгэн өгч, гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно гэснийг анхаарч үзнэ үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Б- нь хариуцагч Д.Х-аас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 46,813,069 төгрөг, зээлийн хүү 3,370,542 төгрөг, алданги 25,091,805 төгрөг, нийт 75,275,416 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлээс 35,295,110 төгрөгт холбогдох шаардлагыг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгуулахаар маргав.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч С.Б- нь 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч Д.Х-д 71,134,670 төгрөгийг сарын 1,2 хувийн хүүтэй зээлдүүлэх, хариуцагч Д.Х- нь сар бүр 3,000,000 төгрөгөөр зээлийг төлж барагдуулахаар амаар харилцан тохиролцож, уг гэрээний дагуу зээлдүүлэгч нь 71,134,670 төгрөгийг шилжүүлсэн, зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтөд 35,848,106.06 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбар, Худалдаа хөгжлийн банк дахь хариуцагчийн харилцах дансны гүйлгээний хуулга /хх 32/ зэрэг баримтаар тогтоогдож байна. Энэхүү үйл баримтуудын талаар талууд маргаагүй. 

 

Харин талууд 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр дээрх зээлийн гэрээг бичгийн хэлбэрт оруулан нөхөж байгуулсан байх бөгөөд ийнхүү гэрээг байгуулахдаа зээлийн гэрээний зүйлийг 54,324,662 төгрөгөөр тодорхойлж, 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 1,2 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,2 хувиар алданги тооцохоор тохиролцжээ. /хх 5/

 

Зохигчдын хооронд төлбөртэй буюу хүү тохирч мөнгө зээлдүүлсэн, гэрээний нөгөө тал нь зээлийг буцааж төлөх үүрэг хүлээсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Хариуцагчаас татгалзлын үндэслэлээ “Зээлдэгч 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 71,134,670 төгрөгийг зээлдүүлэхдээ зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, мөн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулахдаа 54,324,662 төгрөгийг зээлдэгчид бодитоор шилжүүлээгүй тул зээлийн гэрээ байгуулагдсанд тооцохгүй. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлдүүлэгч хүү алданги шаардах эрхгүй тул зээлдэгчийн энэ хугацаанд төлсөн нийт 35,848,106 төгрөгийг зээлийн үндсэн төлбөр 71,134,670 төгрөгөөс хасаж, үлдэгдэл 35,295,110 төгрөгийг төлнө. Нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлаж байна.

 

Ийнхүү зохигчдын хооронд эхлээд амаар, дараа нь тухайн гэрээг бичгийн хэлбэрт оруулж зээлийн гэрээ байгуулагдсан нь хүчин төгөлдөр эсэх, энэхүү гэрээний дагуу талууд үүрэг хүлээх эсэх асуудал маргааны зүйл болж байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасны дагуу зээлдүүлэгч С.Б- нь 71,134,670 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зээлдэгч Д.Х-д шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Харин зээлдэгч Д.Х- нь гэрээг нөхөж байгуулах хүртэл зээлийн эргэн төлөлтөд 24,848,106 төгрөг төлсөн байх бөгөөд талууд бичгээр гэрээг нөхөж байгуулахдаа зээлийн гэрээний зүйлийг 54,324,662 төгрөгөөр тодорхойлсон байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул зээлийн гэрээг нөхөж байгуулахдаа гэрээний зүйлийн хэмжээ, хүлээх үүргийг тодорхойлж, нөхцөл тохирч гэрээг бичгээр байгуулсан нь хууль зөрчихгүй юм.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа “Д.Х- миний бие нь 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүргэн ах болох С.Б-тэй аман гэрээ хийж сарын 1,2 хувийн хүүтэйгээр сар болгон 3 сая төгрөг төлөхөөр 71,134,670 төгрөг өөрийн Худалдаа хөгжлийн банкны дансаар шилжүүлж авсан” гэж тайлбарласан /хх 73/ ба тэрээр зээлийн гэрээг бичгээр байгуулах хүртэл зээлийн эргэн төлөлтөд 24,848,106 төгрөг төлсөн атлаа гэрээг бичгээр байгуулахдаа зээлийн үндсэн төлбөрийг 54,324,662 төгрөгөөр тодорхойлсноос үзэхэд зээлдэгч 8,038,098 төгрөг /71,134,670-54,324,662=16,810,008 24,848,106-16,810,008=8,038,098/-ийг 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх 18 сарын зээлийн хүүгийн төлбөрт сайн дураар төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийх бөгөөд “энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан. Хүү авах эрхийг зээлдүүлэгч эдэлдэг учир хуулийн дээрх хязгаарлалт зээлдүүлэгчийн шаардах эрхэд хамааралтай болно. Харин бичгээр байгуулсан зээлийн гэрээгүй боловч сайн дураар 8,038,098 төгрөгийн зээлийн хүү төлөхийг зөвшөөрсөн зээлдэгчийн эрхийг дээрх зохицуулалт хязгаарлахгүй болно.

 

Ийнхүү зээлдэгч зээлийн хүү сайн дураар төлснийг буруу гэж үзэх, улмаар уг төлбөрийг үндсэн зээлээс хасах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч С.Б- гэрээний дагуу зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх тул хариуцагч Д.Х-аас гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

 

Мөн талуудын хооронд нөхөж байгуулсан зээлийн гэрээгээр 54,324,662 төгрөг 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 1 жилийн хугацаатай, сарын 1,2 хувийн хүүтэй, зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутам 0.2 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 282 дугаар зүйлийн 282.3-т заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч нь хүү, алданги нэхэмжлэх эрхтэй байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр зээлийн гэрээний үүргийг тодорхойлбол, зээлдэгч 71,134,670 төгрөгөөс үндсэн зээлийн төлбөрт 16,810,008 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх 18 сарын зээлийн хүүгийн төлбөрт 8,038,098 төгрөг төлсөн байна.

            Зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 54,324,662 төгрөгөөс зээлдэгч 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл зээлийн төлбөрт 11,000,000 төгрөг төлсөн байх бөгөөд үүнээс 3,259,479 төгрөгийг 6 сарын зээлийн хүүгийн төлбөрт, 7,740,521 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрт тооцсон нэхэмжлэгчийн тооцоололтой хариуцагч маргаагүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 46,813,069 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 6 сарын зээлийн хүү 3,370,542 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 6 хоногийн алданги 602,203 төгрөг, нийт 50,785,814 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин талууд гэрээндээ “хугацаа хэтэрсний хоног тутмын 0.2 хувиар алданги тооцно” гэж төлбөрийг хугацаандаа төлөөгүйгээс хүлээх хариуцлагыг тохиролцсон байх ба гэрээний хугацаа 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр дуусахаар заасан байна.

Иймд 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын             13-ны өдөр хүртэлх хугацаа нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасан хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй байх тул зээлдүүлэгч энэ хугацааны алданги шаардах эрхгүй юм. Мөн нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааны хариуцлагыг хариуцагчид хамааруулах үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлээс үлдэх алданги 24,489,602 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

              ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д.Х-аас 50,785,814 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Б-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 24,489,602 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 619,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид 411,879 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Б-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ч.БАТЧИМЭГ