Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 132/ШШ2020/00023

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   ******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******ийн ******* -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн Засаг даргад холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2019/00528/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

         Нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч М., М.,

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******ийн *******, гэрч Д.*******, Б.*******, нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие боловсролын салбарт тасралтгүй 30 жил ажилласан. 2006 оны 4 сараас 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаад 2016 оны 9 дүгээр сараас 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа 2016-2018 онд үр дүнгийн гэрээ 91-96 “А” үнэлэгдэж байсан. 2016, 2018 онуудад сумын шилдэг ажилтан, 2018 онд аймгийн тэргүүний ажилтан болсон. Ингэж ажиллахдаа цэцэрлэгийн гаднах орчны шинэчлэл, багшийн шинэчлэл, хүүхдийн хөгжил шинэчлэл, техник технологийн шинэчлэлийг хийсэн. Ингэснээр эрхлэгчийн үүрэг болон аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлж ажиллаж байсан. Аймагтаа 12, бүсэд 4, улсад 3 удаа үйл ажиллагаагаа танилцуулж ажилласан.

2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр “Эко цэцэрлэг” шалгаруулах болзолт уралдаан, “Бүтээлч багш” шалгаруулах уралдаан, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 21 заалт бүхий зөвлөмж ирсэн. Эдгээр уралдаан, шалгаруулалт зөвлөмж нь хугацаатай, төсөв шаардсан ажлууд байсан. Төсөв  шаардлагатай байсан тул Боловсрол соёлын газар болон бусад байгууллагад хүсэлт хүргүүлж ажилласан. Хүсэлт шийдэгдэж ирээгүй. Нэлээдгүй бүтээлч ажил хийх хэрэгцээ гарч ирсэн тул баг хамт олноороо хэлэлцэж байгаад цалингийн зардлаас мөнгө гаргаж ажлаа хийхээр шийдвэрлэсэн. Зориулалтын дагуу төсвөөс мөнгө гаргах ёстой байсан тул хүний нэр дээр цалин гаргасан. “Эко цэцэрлэг” шалгаруулах удирдамжийн хүрээнд 6 хүлэмж барьж, явган хүний замыг цементэлсэн. 45 ширхэг чацарганы мод тарьж, хүүхэд суух сүүдрэвч барьсан. Ингэснээр хүүхэд бодит орчинд сурч хүмүүжих нөхцөл бүрдэж улсад байхгүй цэцэрлэг болгосон.

******* хотын аварга шалгаруулах тэмцээнд найрал дууны хувцас оёулахаас гадна, театраас хувцас түрээсэлсэн. Энэ тэмцээнд манайх хэд хэдэн төрөлд амжилттай оролцсон.

Мөн бүтээлч багш шалгаруулах уралдаанд н.Гэрэлчимэг багш оролцсон ба үүнд хөрөнгө зарцуулснаар бүтээлч багш болсон.

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 21 заалт бүхий зөвлөмжийн дагуу гаднах хүнс хадгалах агуулах шаардлага хангахгүй байсан тул өөрийн цэцэрлэгийн эзэмшил газар дээр байсан шовгорыг худалдан авч гал тогооны тоног төхөөрөмж, тогоочийн хувцасыг шинэчилсэн. Мөн манай цэцэрлэг шатрын “Цодгор хүү” тэмцээнийг зохион байгуулсан. Бүгд бүтээлч ажил болсон. Би өөрөө мөнгийг бэлнээр авч байгаагүй,  Мөнгийг нярав зарцуулж байсан. Авсан эд зүйл бүгд анхан шатны баримттай, бараа материалын дансанд орлогоор авагдсан. 2019 оны санхүүгийн тайланд тусгагдсан. Хийсэн ажил маань хэн нэгнийг хохироосон зүйл байхгүй. Хэн нэгэнд эд хөрөнгийн хохирол учруулаагүй тул өөрийгөө сахилгын шийтгэл гаргасан гэж үзэхгүй байна. Хийсэн бүх зүйл маань хүмүүсийн нүдэн дээр ил байхад тогтоох үйл ажиллагаа хийлгүй ажлаас халсныг үндэслэлгүй гэж үзэж байна. Хүн мөрөөдөөд үр дүнд хүрдэггүй. Би урсгалаараа урсагч байхыг хүсээгүй. Элгээ эвхэж суугаад цалин авдаг хүн байхыг хүсээгүй. Хэн ч ордоггүй цэцэрлэгийг түмэн ордог цэцэрлэг болгосон. Ажлаас халагдсандаа гомдолтой байна. Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч ******* аймгийн Засаг дарга З.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албанаас ******* сумын 7 дугаар цэцэрлэгийн 2017, 2018, 2019 оны эхний 7 дугаар сарын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд холбогдох хууль, эрх зүйн актуудын хэрэгжилтийг шалгаж, зөрчил дутагдал илэрсэн тохиолдолд холбогдох хуулийн дагуу шийдвэрлэх, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, цаашид давтан гаргахгүй байх талаар мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөө өгөх зорилгоор Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Оюун 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж гүйцэтгэжээ. Уг шалгалтаар:

Цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/2 дугаартай тушаалаар иргэн З.*******ыг галч, харуулын албан тушаалд ажиллуулахаар 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс томилсон боловч З.******* нь 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс огт ажиллаагүй байхад харуулын албан тушаалд 2019 оны 03, 04, 05, 06 саруудад ажилласнаар хуурамч баримт бүрдүүлэн иргэн З.*******ын нэр дээр нийт 2 642 760 төгрөгийн цалин бодож, батлагдсан төсвийг зориулалтыг бусаар зарцуулсан.

Цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/29 дугаартай тушаалаар ахлах бүлгийн багш Ч.ийг өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргасан гэж чөлөөлж, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/30 дугаартай тушаалаар ахлах бүлгийн туслах багшаар Б.ийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс томилсон. Гэвч ахлах бүлгийн туслах багш Ч. нь 2018 оны  10 дугаар сард ажиллаагүй, түүний оронд туслах багшаар Б.ийг ажиллуулсан ч байгууллагын дарга чөлөөлсөн, томилсон тушаал гаргаагүй, харуул Б. туслах багш Ч.ийг ажиллаагүй байхад ажилласнаар, туслах багш Б.ийг ажилласнаар бүртгэж тэмдэглэсэн мөртлөө ажиллаагүйгээр ажлын цагийн тооцоо гаргаж өгсөн. Эрхлэгч, нягтлан бодогч нар ажлын цагийн тооцоог хянаж, шалгасан хэдий ч туслах багш Ч.т 10 дугаар сард бүтэн ажиллснаар гарт 514 770 төгрөгийн цалин бодож олгосон, харин туслах багш Б.т 10 дугаар сард гарт олгох цалинг 460 391 төгрөгөөр тооцсон ба зөрүү 54 379 төгрөгийг илүү бодож туслах багшаар ажиллаж байсан Ч.т олгосон.

Цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/12 дугаартай тушаалаар тогоочийн албан тушаалд тогооч бус машинист мэргэжилтэй иргэн Ч.ыг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс ажлын 6 өдөр тогоочоор  ажиллуулахаар шийдвэрлэн цалин 123 844 төгрөг, мөн эрхлэгчийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/11 дугаартай тушаалаар жижүүрийн албан тушаалд томилсон Ч. гэх иргэн 2019 оны 07 дугаар сард огт ажиллаагүй байхад жижүүрийн албан тушаалд ажилласнаар хуурамч баримт бүрдүүлэн иргэн Ч.ын нэр дээр цалин бодож 600 754 төгрөг нийт 724 598 төгрөгийн цалин олгож, батлагдсан төсвийг зориулалт бусаар зарцуулсан.

Тус цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байсан Ш. нь 2019 оны 01 дүгээр сараас хойш огт ажиллаагүй байхад чөлөөлсөн шийдвэр гаргалгүйгээр туслах багшийн албан тушаалд 2019 оны 01, 02, 03, 04, 05, 06 дугаар саруудад ажилласнаар хуурамч баримт бүрдүүлэн ажлаас гарсан Ш.ын нэр дээр 4 184 266 төгрөгийн цалин бодож, үүнээс туслах багшийн албан тушаалд томилсон шийдвэр гаргалгүй гал тогооны туслах ажилтан Э.Эрдэнэсувдыг ажиллуулж, туслах багшаар ажилласан цалингийн зөрүүд 1 586 400 төгрөг өгч, үлдэгдэл 2 597 866 төгрөгийг няравын дансаар дамжуулан авч, батлагдсан төсвийг зориулалт бусаар зарцуулсан. Дээрх зөрчлүүд нь ******* аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны Улсын ахлах байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 20-01-04/18, 20-01-04/19, 20-01-04/20, 20-01-04/23 дугаар актуудаар тогтоогдож, 20-01-04/20 дугаар актыг шалгалтын явцад төлж барагдуулсан тухай тус албанаас хяналт шалгалтын танилцуулга ирүүлсэн тул Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулсны үндсэн дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, ******* аймгийн Засаг дарга, Цэцэрлэгийн эрхлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйл /гэрээг өөрчлөх, дуусгавар болгох, цуцлах/-ийн 6.3 /Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан "... ноцтой зөрчил.../-д дараах зөрчлийг тооцож ажил олгогчийн санаачлагаар гэрээг цуцалж ажлаас хална./-ийн 6.3.6 /байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, үрэгдүүлсэн, ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн нь холбогдох байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон/, 6.3.9 /санхүүгийн зөрчил гаргасан нь мэргэжлийн байгууллагуудын акт, дүгнэлтээр тогтоогдсон/ дэх заалтыг үндэслэн Б.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан болно.

Иймд ******* сумын 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт холбогдох бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.*******ийг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэлээр Аймгийн Засаг даргын захирамжаар ажлаас нь халсан. Хуурамч бичиг баримт бүрдүүлж цалингийн сангаас мөнгө гаргаж зориулалтын бусаар зарцуулсан. Аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албанаас 7 дугаар цэцэрлэгийн 2017, 2018, 2019 оны эхний 6 дугаар сарын санхүүгийн үйл ажиллагаанд шалгалтыг Санхүүгийн хяналтын улсын байцаагч н.Оюун хийсэн. Уг шалгалтаар тогооч биш хүнийг тогоочоор авч ажиллуулж 2 642 760 төгрөгийг З.*******т, туслах багш Ш.т 10 дугаар сард ажиллаагүй байхад бүтэн ажилласнаар тооцож 514 770 төгрөгийг бодож олгосон. Машинист мэргэжилтэй Ч.ыг тогоочоор ажиллуулахаар шийдвэрлэж цалин олгосон. Жижүүрийн албан тушаалд томилсон Ч.ыг ажиллаагүй байхад ажилласнаар тооцож цалин олгосон. Мөн туслах багш Ш. 2019 оны 1 дүгээр сараас хойш ажлаагүй байхад 4 184 266 төгрөгийн цалин бодож туслах багшийн ажилд томилсон шийдвэр гаргалгүйгээр гал тоооны туслах ажилтан Э.Эрдэнэсувдыг ажиллуулж цалингийн зөрүүд 1 586 400 төгрөг өгч үлдэх 2 597 866 төгрөгийг няравын дансаар дамжуулан авч зориулалт бусаар зарцуулсан гэх зөрчлүүд нь Санхүүгийн хяналт аудитын улсын байцаагчийн актаар тогтоогдсон. Ийм зөрчил илэрсэн тул сонсох ажиллагааг явуулж Хөдөлмөрийн гэрээний 6.3.6-д зааснаар ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн, 6.3.9-д зааснаар санхүүгийн зөрчил гаргасан нь баримтаар тогтоогдсон гэж үүзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг баримтлан ажлаас халсан. Эрх мэдлээ хэтрүүлсэн нь санхүүгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон. Олон сайхан зүйл хийснийг үгүйсгээгүй. Зөрчил илрүүлснээс хойш 1 сарын дотор шийтгэл ногдуулна гэсний дагуу ажлаас халсан гэв.

Шүүх хуралдаанд гэрч Д.******* мэдүүлэхдээ: Туслах багшаар ажиллаж байсан Ч.ын нэр дээр цалин гаргаж цэцэрлэгт эд зүйл авсан. Орлого үүсгэж байгууллагын эд хөрөнгөөр бүртгэсэн. Ч.ын цалин миний данс руу орж байсан. Байгууллагад өмч хөрөнгө авснаас биш хувьдаа авч ашигласан зүйл байхгүй. Дансанд орж ирж байгаа мөнгийг ажиллаагүй хүний цалин гэдгийг мэдэж байсан. Хууль бус болохыг дарга, нягтлан хоёрт хэлж байсан гэв.

Шүүх хуралдаанд гэрч Б.******* мэдүүлэхдээ: Миний бие тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор 2009 оны 10 дугаар сараас 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл ажиллаж байгаад ажлаасаа чөлөөлөгдөж, тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хавсран ажилласан. Цэцэрлэгийн төсөвт 6 552 739 төгрөг байгаагүй. Цалингийн сангаас мөнгө гаргаж хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаандаа зарцуулж хөрөнгө авсан. Эд зүйлийг байгууллагын хөрөнгөнд орлогоор тусгаж анхан шатны баримтанд бүртгэж авсан. 2019 оны санхүүгийн тайланд бүгд тусгагдсан байгаа. Хувьдаа авч ашигласан зүйл байхгүй. Төсөв мөнгө хүрэхгүй байсан тул хамт олны хурлаар шийдвэрлэж цалингийн сангаас мөнгө гаргасан. Ажил явуулахад төсөв хүрэхгүй байгаа гэдгийг бүгд мэдэж байсан. Цэцэрлэгийн тохижилтын ажлыг хийхдээ багш, ажилчдаасаа мөнгө хурааж хийдэг байсан. Цалингийн сангаас мөнгө гаргая гэдгийг хамт олны хурлаар шийдвэрлэсэн. Цагийн бүртгэлээ хянасан. Ажиллаагүй хүн дээр цалин гаргаж байгаа гэдгийг ч мэдэж байсан. Гэхдээ хамт олны хурлаараа шийдвэрлээд анхан шатны баримтанд тусгаж, санхүүгийн тайлан гаргасан байгаа. Ш. багш 3 сарын чөлөө хүсээд нийгмийн даатгалын шимтгэлээ тасалмааргүй байна гэж байсан. Хамт олны хурал хийгээд ар гэрийнх нь байдлыг харгалзан үзээд цалинг нь гаргаж шимтгэлийг нь төлж байсан. н.*******ын хувьд манайд 2018 онд засварын ажил хийж байсан. 2019 онд 1 сарын хугацаанд гэрээгээр ажиллаж байсан. Санхүүгийн зөрчил гэдгийг мэдэж байсан гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь ******* аймгийн Засаг даргад холбогдуулан ******* сумын 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “Б.******* нь эрх мэдлээ хэтрүүлэн төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчлийг гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

Нэхэмжлэгч Б.******* нь 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс ******* аймгийн ******* сумын 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон ажиллаж байсан ба ******* аймгийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн Б/68 дугаартай захирамжаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь халсан байна. /хэргийн 2 дугаар тал/

Б.*******ийг ажлаас чөлөөлөхдөө төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, санхүүгийн зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзэж Төсвийн тухай хуулийн 16.5.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэсэн байна.

Нэхэмжлэгч талын өмгөөлөгч нар хөдөлмөрийн гэрээнд ажилтан албан хаагчийн цалинг тохиролцоогүй байгаа нь хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т заасныг зөрчсөн, гэрээний гол нөхцлийг тохиролцоогүй тул хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхгүй. Хөдөлмөрийн гэрээ хуулийн дагуу байгуулагдаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сахилгын арга хэмжээ авах эрхгүй, мөн хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан байхад сахилгын арга хэмжээ авсан нь буруу, цэцэрлэгийн эрхлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Боловсрол, соёлын газрын даргын саналыг аваагүй, ажил олгогчийн нэр хүнд гутаагдсан, эд хөрөнгийн хохирол учирсан гэх үндэслэл тогтоогдоогүй байхад ажлаас халсан нь буруу гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тус тус тайлбарласан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй” гэж, 23.2.2-т “энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай” гэж, 23.3-д “Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч ******* аймгийн Засаг дарга нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдаж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хэргийн 6-9 дүгээр тал/

Хөдөлмөрийн гэрээ нь хэлцлийн нэг хэлбэр бөгөөд хэлцэл хийхэд тавигдах шаардлагыг хангасан байхыг шаарддаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээнд тохирох нөхцлийг заасан байх бөгөөд 21.1.3“үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээг тохирно” гэжээ.

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 1.4-т үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээг “Монгол улсын Засгийн газраас тогтоосон албан тушаалын ангиллын дагуу цалинг тогтоож, тэтгэмж нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшууллыг зохих журмын дагуу олгоно” гэж тохиролцсон байна.

Хөдөлмөрийн гэрээг 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаагаар байгуулсан байх бөгөөд хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан хэдий ч талууд түүнийг цуцлах талаар санал тавиагүй, ажилтан ажлаа гүйцэтгэж байсан тул гэрээ анх заасан хугацаагаар сунгагдсан гэж үзэхээр байна.

Иймд талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар  хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгагдсан гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах”-аар заасан.

       Ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх ашиг сонирхолд нь нөлөөлхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл эс үйлдэл байхыг ойлгохоос гадна гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардана.

        Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-д “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ноцтой зөрчил” ...-д дараах зөрчлийг тооцож ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцалж ажлаас хална”,  6.3.6-д “байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, үрэгдүүлсэн, ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн нь холбогдох байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон”, 6.3.9-д” санхүүгийн зөрчил гаргасан нь мэргэжлийн байгууллагуудын акт дүгнэлтээр тогтоодсон” гэж тус тус заажээ.

       Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.17, 14.2.10-д тус тус зааснаар Аймгийн Засаг дарга төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр хуульчилсан бөгөөд Аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албанаас ******* сумын 7 дугаар цэцэрлэгийн 2017, 2018, 2019 оны эхний 7 сарын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд  шалгалт хийж уг шалгалтаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/2 дугаар тушаалаар иргэн З.*******ыг галч, харуулын албан тушаалд ажиллуулахаар 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс томилсон боловч түүнийг огт ажиллаагүй байхад харуулын албан тушаалд 2019 оны 03, 04, 05, 06 саруудад ажилласнаар хуурамч баримт бүрдүүлэн нийт 2 642 760 төгрөгийн цалин бодож, зарцуулсан, мөн эрхлэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/29 дугаартай тушаалаар ахлах бүлгийн багш Ч.ийг өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргасан гэж чөлөөлж, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/30 дугаартай тушаалаар ахлах бүлгийн туслах багшаар Б.ийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс томилсон боловч ахлах бүлгийн туслах багш Ч. нь 2018 оны 10 дугаар сард ажиллаагүй, түүний оронд туслах багшаар Б.ийг ажиллуулсан ч байгууллагын дарга чөлөөлсөн, томилсон тушаал гаргаагүй, туслах багш Ч.т 10 дугаар сард бүтэн ажиллснаар 514 770 төгрөгийн цалин бодож олгосон, харин туслах багш Б.т 10 дугаар сард цалин 460 391 төгрөгөөр тооцсон ба зөрүү 54 379 төгрөгийг илүү бодож туслах багшаар ажиллаж байсан Ч.т олгосон, мөн эрхлэгчийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/12 дугаартай тушаалаар тогоочийн албан тушаалд тогооч бус машинист мэргэжилтэй иргэн Ч.ыг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс ажлын 6 өдөр тогоочоор ажиллуулахаар шийдвэрлэн цалин 123 844 төгрөг, мөн эрхлэгчийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/11 дугаартай тушаалаар жижүүрийн албан тушаалд томилсон Ч.ыг 2019 оны 07 дугаар сард огт ажиллаагүй байхад жижүүрийн албан тушаалд ажилласнаар хуурамч баримт бүрдүүлэн түүний нэр дээр цалин бодож 600 754 төгрөг нийт 724 598 төгрөгийн цалин олгосон, туслах багшаар ажиллаж байсан Ш. нь 2019 оны 01 дүгээр сараас хойш огт ажиллаагүй байхад чөлөөлсөн шийдвэр гаргалгүйгээр туслах багшийн албан тушаалд 2019 оны 01, 02, 03, 04, 05, 06 саруудад ажилласнаар хуурамч баримт бүрдүүлэн ажлаас гарсан Ш.ын нэр дээр 4 184 266 төгрөгийн цалин бодож, үүнээс туслах багшийн албан тушаалд томилсон шийдвэр гаргалгүй гал тогооны туслах ажилтан Э.Эрдэнэсувдыг ажиллуулж, туслах багшаар ажилласан цалингийн зөрүүд 1 586 400 төгрөг өгч, үлдэгдэл 2 597 866 төгрөгийг няравын дансаар дамжуулан авч, батлагдсан төсвийг зориулалт бусаар зарцуулсан гэх зөрчлүүдийг илрүүлжээ.  

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Төсвийн байгууллага нь түүний үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий төсвийн шууд захирагчтай байна” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.38“төсвийн шууд захирагч” гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг хэлнэ” гэж, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д “төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн  шууд захирагч байна” гэж тус тус заасан.

Дээрх хуулийн заалтаас үзвэл нэхэмжлэгч Б.******* нь төсвийн байгууллагын буюу цэцэрлэгийн төсвийн шууд захирагч байх бөгөөд тэрээр Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох”  гэж, 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах бүрэн эрхтэй” гэж тус тус заасны дагуу төсвийн хөрөнгийг батлагдсан төсөв зориулалтын дагуу зарцуулах эрх бүхий этгээд юм. Гэтэл тэрээр батлагдсан төсвийг зориулалтын бусаар зарцуулж санхүүгийн зөрчил гаргасан нь ******* аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны Улсын ахлах байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 20-01-04/18, 20-01-04/19, 20-01-04/20, 20-01-04/23 дугаартай актуудаар тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл Б.******* нь хууль бусаар баримт бүрдүүлж цалингийн төсвийг зориулалтын бусаар зарцуулсан гэж үзэхээр байна. /хэргийн 23-46 дугаар тал/

Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д ”аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэж хуульчилжээ.

Ажил олгогчоос цэцэрлэгийн эрхлэгч Б.*******ийн ажлын үр дүнг 91-96 хувьтай “А” үнэлгээгээр үнэлж, үр дүнгийн урамшуулал олгож байсан нь “үр дүнгийн урамшуулал олгох тухай” ******* аймгийн Засаг даргын захирамжууд, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний тайлангаар /хэргийн 151-164, 180-186, 193-220 дугаар тал/ тогтоогдож байгаа хэдий ч тэрээр хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчил гаргасан нь баримтаар тогтоогдсон тул ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болсон байна. Өөрөөр хэлбэл дээрх хуульд заасны дагуу үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, чөлөөлөх асуудлыг Аймаг нийслэлийн Засаг даргад олгосон хэдий ч ажилтан Хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчил гаргасан нь ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болсон гэж үзэхээр байна. 

Иймд ******* аймгийн Засаг даргад холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар ******* аймгийн Засаг даргад холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

  

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.МЯГМАРСҮРЭН