Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 10

 

 Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Б.Баттөр, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 23 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.М ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч Б.М ийн давж заалдах гомдлоор 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

   Нэхэмжлэгч                                   Б.М

   Нэхэмжлэгчийн өмгөөлөгч           М.Ганзориг, Э.Түмэнбаяр

   Хариуцагч байгуулллагын  итгэмжлэгдсэн төлөөлөгч          Б.О            

   Нарийн бичгийн дарга                  Б.Энхзул нар оролцов.

Нэхэмжлэгч Б.М  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие боловсролын салбарт тасралтгүй ЗО жил ажилласан. 2006 оны 4 сараас 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаад 2016 оны 9 дүгээр сараас 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа 2016-2018 онд үр дүнгийн гэрээ 91-96 "А" үнэлэгдэж байсан. 2016, 2018 онуудад сумын шилдэг ажилтан, 2018 онд аймгийн тэргүүний ажилтан болсон. Ингэж ажиллахдаа цэцэрлэгийн гаднах орчны шинэчлэл, багшийн шинэчлэл, хүүхдийн хөгжил шинэчлэл, техник технологийн шинэчлэлийгхийсэн. Ингэснээр эрхлэгчийн үүрэг болон аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлж ажиллаж байсан. Аймагтаа 12, бүсэд 4, улсад 3 удаа үйл ажиллагаагаа танилцуулж ажилласан. 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдөр "Эко цэцэрлэг" шалгаруулах болзолт уралдаан, "Бүтээлч багш" шалгаруулах уралдаан, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 21 заалт бүхий зөвлөмж ирсэн. Эдгээр уралдаан, шалгаруулалт зөвлөмж нь хугацаатай, төсөв шаардсан ажлууд байсан. Төсөв шаардлагатай байсан тул Боловсрол соёлын газар болон бусад байгууллагад хүсэлт хүргүүлж ажилласан. Хүсэлт 1 шийдэгдэж ирээгүй. Нэлээдгүй бүтээлч ажил хийх хэрэгцээ гарч ирсэн тул баг хамт олноороо хэлэлцэж байгаад цалингийн зардлаас мөнгө гаргаж ажлаа хийхээр шийдвэрлэсэн. Зориулалтын дагуу төсвөөс мөнгө гаргах ёстой байсан тул хүний нэр дээр цалин гаргасан. "Эко цэцэрлэг" шалгаруулах удирдамжийн хүрээнд 6 хүлэмж барьж, явган хүний замыг цементэлсэн. 45 ширхэг чацарганы мод тарьж, хүүхэд суух сүүдрэвч барьсан. Ингэснээр хүүхэд бодит орчинд сурч хүмүүжих нөхцөл бүрдэж улсад байхгүй цэцэрлэг болгосон. Булган хотын аварга шалгаруулах тэмцээнд найрал дууны хувцас оёулахаас гадна, театраас хувцас түрээсэлсэн. Энэ тэмцээнд манайх хэд хэдэн төрөлд амжилттай оролцсон. Мөн бүтээлч багш шалгаруулах уралдаанд н.Г багш оролцсон ба үүнд хөрөнгө зарцуулснаар бүтээлч багш болсон. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 21 заалт бүхий зөвлөмжийн дагуу гаднах хүнс хадгалах агуулах шаардлага хангахгүй байсан тул өөрийн цэцэрлэгийн эзэмшил газар дээр байсан шовгорыг худалдан авч гал тогооны тоног төхөөрөмж, тогоочийн хувцасыг шинэчилсэн. Мөн манай цэцэрлэг шатрын "Цодгор хүү" тэмцээнийг зохион байгуулсан. Бүгд бүтээлч ажил болсон. Би өөрөө мөнгийг бэлнээр авч байгаагүй, Мөнгийг нярав зарцуулж байсан. Авсан эд зүйл бүгд анхан шатны баримттай, бараа материалын дансанд орлогоор авагдсан. 2019 оны санхүүгийн тайланд тусгагдсан. Хийсэн ажил маань хэн нэгнийг хохироосон зүйл байхгүй. Хэн нэгэнд эд хөрөнгийн хохирол учруулаагүй тул өөрийгөө сахилгын шийтгэл гаргасан гэж үзэхгүй байна. Хийсэн бүх зүйл маань хүмүүсийн нүдэн дээр ил байхад тогтоох үйл ажиллагаа хийлгүй ажлаас халсныг үндэслэлгүй гэж үзэж байна. Хүн мөрөөдөөд үр дүнд хүрдэггүй. Би урсгалаараа урсагч байхыг хүсээгүй. Элгээ эвхэж суугаад цалин авдаг хүн байхыг хүсээгүй. Хэн ч ордоггүй цэцэрлэгийг түмэн ордог цэцэрлэг болгосон. Ажлаас халагдсандаа гомдолтой байна. Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Д  З.Б  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албанаас Ц ийн 2017, 2018, 2019 оны эхний 7 дугаар сарын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд холбогдох хууль, эрх зүйн актуудын хэрэгжилтийг шалгаж, зөрчил дутагдал илэрсэн тохиолдолд холбогдох хуулийн дагуу шийдвэрлэх, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, цаашид давтан гаргахгүй байх талаар мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөө өгөх зорилгоор Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ж.О  2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж гүйцэтгэжээ. Уг шалгалтаар: Цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 02 дугаар сарын 01 -ний өдрийн Б/2 дугаартай тушаалаар иргэн З.У ыг галч, харуулын албан тушаалд ажиллуулахаар 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс томилсон боловч З.У  нь 2019 оны 03 03, 04, 05, 06 саруудад ажилласнаар хуурамч баримт бүрдүүлэн иргэн З.У ын нэр дээр нийт 2 642 760 төгрөгийн цалин бодож, батлагдсан төсвийг зориулалтыг бусаар зарцуулсан. Цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/29 дугаартай тушаалаар ахлах бүлгийн багш Ч.Н ийг өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргасан гэж чөлөөлж, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/30 дугаартай тушаалаар ахлах бүлгийн туслах багшаар Б.С ийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс томилсон. Гэвч ахлах бүлгийн туслах багш Ч.Н  нь 2018 оны 10 дугаар сард ажиллаагүй, түүний оронд туслах багшаар Б.С ийг ажиллуулсан ч байгууллагын дарга чөлөөлсөн, томилсон тушаал гаргаагүй, харуул Б.Цэрэнтогтох туслах багш Ч.Н ийг ажиллаагүй байхад ажилласнаар, туслах багш Б.С ийг ажилласнаар бүртгэж тэмдэглэсэн мөртлөө ажиллаагүйгээр ажлын цагийн тооцоо гаргаж өгсөн. Эрхлэгч, нягтлан бодогч нар ажлын цагийн тооцоог хянаж, шалгасан хэдий ч туслах багш Ч.Н т 10 дугаар сард бүтэн ажиллснаар гарт 514 770 төгрөгийн цалин бодож олгосон, харин туслах багш Б.С т 10 дугаар сард гарт олгох цалинг 460 391 төгрөгөөр тооцсон ба зөрүү 54 379 төгрөгийг илүү бодож туслах багшаар ажиллаж байсан Ч.Н т олгосон. Цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/12 дугаартай тушаалаар тогоочийн албан тушаалд тогооч бус машинист мэргэжилтэй иргэн Ч.Г ыг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс ажлын 6 өдөр тогоочоор ажиллуулахаар шийдвэрлэн цалин 123 844 төгрөг, мөн эрхлэгчийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/11 дугаартай тушаалаар жижүүрийн албан тушаалд томилсон Ч.Г  гэх иргэн 2019 оны 07 дугаар сард огт ажиллаагүй байхад жижүүрийн албан тушаалд ажилласнаар хуурамч баримт бүрдүүлэн иргэн Ч.Г ын нэр дээр цалин бодож 600 754 төгрөг нийт 724 598 төгрөгийн цалин олгож, батлагдсан төсвийг зориулалт бусаар зарцуулсан.Тус цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байсан Ш.Н  нь 2019 оны 01 дүгээр сараас хойш огт ажиллаагүй байхад чөлөөлсөн шийдвэр гаргалгүйгээр туслах багшийн албан тушаалд 2019 оны 01, 02, 03, 04, 05, 06 дугаар саруудад ажилласнаар хуурамч баримт бүрдүүлэн ажлаас гарсан Ш.Н ын нэр дээр 4 184 266 төгрөгийн цалин бодож, үүнээс туслах багшийн албан тушаалд томилсон шийдвэр гаргалгүй гал тогооны туслах ажилтан Э.Э ыг ажиллуулж, туслах багшаар ажилласан цалингийн зөрүүд 1 586 400 төгрөг өгч, үлдэгдэл 2 597 866 төгрөгийг няравын дансаар дамжуулан авч, батлагдсан төсвийг зориулалт бусаар зарцуулсан. Дээрх зөрчлүүд нь Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны Улсын ахлах байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 20-01-04/18, 20-01-04/19, 20-01-04/20, 20-01-04/23 дугаар актуудаар тогтоогдож, 20-01-04/20 дугаар актыг шалгалтын явцад төлж барагдуулсан тухай тус албанаас хяналт шалгалтын танилцуулга ирүүлсэн тул Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулсны үндсэн дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, Д , Цэцэрлэгийн эрхлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйл /гэрээг өөрчлөх, дуусгавар болгох, цуцлах/-ийн 6.3 /Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан "... ноцтой зөрчил.../-д дараах зөрчлийг тооцож ажил олгогчийн санаачлагаар гэрээг цуцалж ажлаас хална./-ийн 6.3.6 /байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, үрэгдүүлсэн, ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн нь холбогдох байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон/, 6.3.9 /санхүүгийн зөрчил гаргасан нь мэргэжлийн байгууллагуудын акт, дүгнэлтээр тогтоогдсон/ дэх заалтыг үндэслэн Б.М тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан болно. Иймд Ц ийн эрхлэгчийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт холбогдох бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О  шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.М ийг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэлээр Аймгийн Засаг даргын захирамжаар ажлаас нь халсан. Хуурамч бичиг баримт бүрдүүлж цалингийн сангаас мөнгө гаргаж зориулалтын бусаар зарцуулсан. Аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албанаас 7 дугаар цэцэрлэгийн 2017, 2018, 2019 оны эхний 6 дугаар сарын санхүүгийн үйл ажиллагаанд шалгалтыг Санхүүгийн хяналтын улсын байцаагч н.О  хийсэн. Уг шалгалтаар тогооч биш хүнийг тогоочоор авч ажиллуулж 2 642 760 төгрөгийг З.У т, туслах багш  Ш.Н т 10 дугаар сард ажиллаагүй байхад бүтэн ажилласнаар тооцож 514 770 төгрөгийг бодож олгосон. Машинист мэргэжилтэй Ч.Г ыг тогоочоор ажиллуулахаар шийдвэрлэж цалин олгосон. Жижүүрийн албан тушаалд томилсон Ч.Г ыг ажиллаагүй байхад ажилласнаар тооцож цалин олгосон. Мөн туслах багш байхад 4 184 266 төгрөгийн цалин бодож туслах багшийн ажилд томилсон шийдвэр гаргалгүйгээр гал тоооны туслах ажилтан Э.Э ыг ажиллуулж цалингийн зөрүүд 1 586 400 төгрөг өгч үлдэх 2 597 866 төгрөгийг няравын дансаар дамжуулан авч зориулалт бусаар зарцуулсан гэх зөрчлүүд нь Санхүүгийн хяналт аудитын улсын байцаагчийн актаар тогтоогдсон. Ийм зөрчил илэрсэн тул сонсох ажиллагааг явуулж Хөдөлмөрийн гэрээний 6.3.6-д зааснаар ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн, 6.3.9-д зааснаар санхүүгийн зөрчил гаргасан нь баримтаар тогтоогдсон гэж үүзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг баримтлан ажлаас халсан. Эрх мэдлээ хэтрүүлсэн нь санхүүгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон. Олон сайхан зүйл хийснийг үгүйсгээгүй. Зөрчил илрүүлснээс хойш 1 сарын дотор шийтгэл ногдуулна гэсний дагуу ажлаас халсан гэжээ.

   Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн 23 дугаартай шийдвэрээр:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Д д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.М ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.М  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.М  давж заалдах гомдолдоо: “...Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг хэрэглээгүй, Боловсролын тухай хуулийн зүйл заалтыг хэрэглээгүй, зарим заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

1 .Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцлүүдийн нэг болох ажлын байрны тодорхойлолтыг ажил олгогчоос баталж, танилцуулж, хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг байдлаар тодорхойлсон учиртай байтал Булган аймгийн Засаг даргын зүгээс дээрх ажиллагааг гүйцэтгээгүй, ч.хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийг харилцан тохироогүй байна. Энэ талаарх нотлох баримтаа хариуцагч шүүхэд гаргаж өгөөгүй байтал анхан шатны шүүх мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т заасныг хэрэглэлгүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт дурьдагдсан талуудын мэтгэлцээнд дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан сахилгын “ноцтой” тооцогдох зөрчлийг нэхэмжлэгчийг гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд, хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр байгуулсан, уг гэрээний дагуу талуудад харилцан эрх ,үүрэг үүссэн байх учиртай. Гэтэл хөдөлмөрийн гэрээг хүчин төгөлдөр байгуулаагүй байхад ажил олгогчид 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан эрх үүсэхгүй юм. Гэтэл анхан шатны шүүх ажил олгогчид ийнхүү сахилгын шийтгэл ногдуулах, хууль зүйн хариуцлага хүлээлгэх эрх байгаа мэтээр үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Ажил олгогч нь ажилтнаас ажил үүрэг гүйцэтгэхийг шаардах эрхийг олж авахын тулд хүчин төгөлдөр гэрээ байгуулж, улмаар сахилгын зөрчил гарсан эсэхийг тогтоосны үндсэн дээр хуульд заасан хугацаанд шийтгэл оногдуулахаар заасныг анхан шатны шүүх анхаараагүй байна.

3. Хөдөлмөрийн сахилгын зөрчил нь хөдөлмөрийн гэрээг хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэхүй байхаар хуульд заасан бөгөөд Б.М ийн гаргасан гэх зөрчлөөс ажил олгогчид ямар хохирол учирсан, учирхаар байгааг тогтоохгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Ингэж үзэх учир нь 7-р цэцэрлэгээс цалин бодож гаргаж авсан мөнгөн хөрөнгийг буцаагаад тус цэцэрлэгт биет байдлаар хөрөнгө болгож оруулсан нь ажил олгогчид хохирол учраагүй болохыг харуулж байна. Нэхэмжлэгч талаас санхүүгийн тайланг нотлох баримтаар гаргуулан хэрэгт хавсаргуулах хүсэлтийг гаргасан ба дээрх нотлох баримтыг шүүх цуглуулаагүй ч гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон болно.

4. Төрийн үйлчилгээний албан хаагчдын тухайд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцогч хэдий ч Боловсролын тухай хуулийн 30 дугаар 30.1.15-д зааснаар тухайн Боловсролын соёлын газрын саналыг авахаар заасныг уг хэрэгт хамааралгүй мэтээр анхан шатны шүүх дүгнэж шийдвэрлэсэн нь илт үндэслэл муутай байна. Учир нь Монгол улсын Үнлсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-д зааснаар төрийн үйл ажиллагааны хууль ёсны байх зарчим нь Д д хамаарахгүй мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Иймээс Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 132/ШШ2020/00023 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О  давж заалдах гомдлын хариу тайлбартаа: “...Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлүүдийн нэг болох ажлын байрны тодорхойлолтыг ажил олгогчоос баталж, танилцуулж, хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг байдлаар тодорхойлсон. Цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтыг ажил олгогчоос 2013 онд баталсан. Б.М  нь 2009 онд Э , 2016 онд Ц ийн эрхлэгчээр тус тус томилогдсон бөгөөд цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдох бүрт тухайн ажлыг хүлээлцүүлэх ажлын хэсгээс ажлын байрны тодорхойлолтыг уншиж танилцуулах, тухайн эрхлэгчээр судлуулах ажлыг байнга хийж байна. Б.М ийн хувьд 2009 онд Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 04 сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор батлагдсан "Төсвийн байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх дарга (захирал, эрхлэгч)-ыг сонгон шалгаруулах журам”-ын дагуу сонгон шалгаруулалтад орж, цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон бөгөөд тухайн шалгалтад ороход уншиж судлах эрх зүйн актын жагсаалтад ажлын байрны тодорхойлолт байдаг. Мөн Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 05 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”-ын 2.2.1-д Төрийн албан хаагчийн хузийн хэрэгт байх үндсэн баримтанд ажпын байрны тодорхойлолт багтсан байдаг ба уг журмын 3.1.3-т заасны дагуу хувийн хэргийг тухайн байгууллагад хадгалдаг. Иймд Б.М  нь 2013 онд батлагдсан цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолттой танилцаагүй байх боломжгүй бөгөөд уг ажпын байрны тодорхойлолттой танилцаж, уншиж судлаагүйгээр өөрийн албан тушаалын чиг уургээ гүйцэтгэх боломжгүй юм. Түүнчлэн жил бүр ажил олгогчоос Б.М тэй үр дүнгийн гэрээ байгуулж, түүнийхээ хэрэгжилтийг тооцон ажиллаж ирсэн бөгөөд цэцэрлэгийн эрхлэгч өөрийн ажпын байрны тодорхойлолтоо судалж, тухайн албан тушаалын чиг үүрэг, хэрэгжүүлэн ажиллах зорилго, зорилтоо мэдэгдэхгүйгээр уг гэрээг байгуулах, хэрэгжилтийг тооцох боломжгүй юм. Д , Ц ийн эрхлэгч Б.М  нар нь Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Боловсролын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг үндэслэн харилцан тохиролцсоны үндсэн дээр 2019 оны 01 сарын 02-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 20-ны /Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түунийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно/-т заасны дагуу гэрээг талуудаас цуцлах санал гаргаагүй учир уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсан гэж үзэх үндэслэлтэй юм. Дээрх гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан "... ноцтой зөрчил гэдэгт юуг хамааруулах вэ гэдгийг талууд тохиролцсон. Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоол /Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай/-ын 15.4.2-т “хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4,-т заасан "ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна” гэж тайлбарласан байдаг. Булган аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны Улсын ахлах байцаагчийн 2019 оны 08 сарын 08-ны өдрийн 20-01-04/18, 20-01-04/19, 20-01-04/20, 20-01-04/23 дугаар актуудаар тогтоогдсон зөрчил нь Д , Ц ийн эрхлэгч нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.3.6 /байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, үрэгдүүлсэн, ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн нь холбогдох байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон/, 6.3.9 /санхүүгийн зөрчил гаргасан нь мэргэжлийн байгууллагуудын акт, дүгнэлтээр тогтоогдсон/ заасан зөрчил мөн бөгөөд давхар Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиуд, Сангийн сайдын 2000 оны 69 дугаар тушаалаар батлагдсан “Эд хөрөнгө хариуцагчийн эрх үүргийн дүрэм”-ийг тус тус зөрчсөн үйлдэл юм. Б.М  нь хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчил гаргасан нь баримтаар тогтоогдсон тул ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 07-ны өдрийн 132/ШШ2020/00023 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.М ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ.

Нэхэмжлэгч Б.М нь Д д холбогдуулан Ц ийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл анхан шатны шүүхэд гаргажээ.

Хариуцагч Б.М  нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул нэхэмжлэлийн зөвшөөрөхгүй гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.М  нь 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс Булган аймгийн 7 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаад Булган аймгийн Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн Б/68 дугаартай захирамжаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас нь халсан үйл баримт тогтоогджээ.

Ажил олгогчоос Б.М ийг ажлаас халах тухай захирамж гаргахдаа төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулж, санхүүгийн зөрчил гаргасан нь Булган аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 20-01-04/18, 20-01-04/19, 20-01-04/20, 20-01-04/23  дугаар актуудыг үндэслэн  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-заасныг баримталжээ.

Нэхэмжлэгч дээр дурьдсан актуудыг зөвшөөрөөгүй бөгөөд харьяалах дээд шатны байгууллагад гомдол гаргах шүүхээс гадуур урьдчилан хэлэлцүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасныг зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4., 117 дугаар зүйлийн 117.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:           

1. Нэхэмжлэгч Б.М ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч Б.М  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.   

 

            ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Ё.БЯМБАЦЭРЭН

                              ШҮҮГЧИД                                   Б.БАТТӨР 

                                                                                  М.ХҮРЭЛБААТАР