Шүүх | Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Отгоогийн Одончимэг |
Хэргийн индекс | 132/2019/00018/И |
Дугаар | 132/ШШ2019/00125 |
Огноо | 2019-03-12 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 132/ШШ2019/00125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-өндөр сум, Уурхайчин баг захиргааны 4 дүгээр байр, нэг цэгийн үйлчилгээ 2 дугаар цонхонд байрлах ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймгийн Цагдаагийн газарт холбогдох,
22000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2019/00018/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч: 1986 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, -ийн захирал ажилтай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Цагаан чулуут баг, 21-18 тоотод оршин суух, Долоо овогт түүний өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа,
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1979 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, Булган аймгийн Цагдаагийн газрын Замын тасгийн дарга ажилтай, Булган аймаг, Булган сум, 5 дугаар баг, Цагдаагийн алба хаагчдын байр 27 тоотод оршин суух, Тунгалаг Ерөө овогт Б түүний өмгөөлөгч Х.Ундрах-Оргил,
Гэрч: 1985 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт геодеиз зураг зүйн мэргэжилтэн ажилтай, Булган аймаг, Булган сум, 5 дугаар баг, 9 дүгээр байр 1-5 тоотод оршин суух,
Гэрч: 1974 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, Булган аймаг, Булган сум, 5 дугаар баг, 114 дүгээр байр 2 тоотод оршин суух, Боржигон овогт , нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Би Би Кэй Эйч” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Би Би Кэй Эйч" ХХК нь Булган аймгийн Засаг даргатай 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/331 дугаар захирамжийн дагуу "Авто зам дагуух газруудад хаягийн самбар байршуулах ажлын гэрээ" байгуулсан. Гэрээний салшгүй хэсэг болох 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2018/32 тоот "Улсын чанартай авто зам дагуу хаягийн тэмдгийг стандартын дагуу хийж, байрлуулах ажлын даалгавар"-ын ажлын үндэслэл, техникийн шаардлагыг баримтлан Булган аймгийн нутаг дэвсгэр дээрх улсын чанартай авто зам дагуу 32 байрлалд 64 ширхэг самбарыг хийж гүйцэтгэн байрлуулчихаад улсын комисс ажиллуулах хүсэлтийг Булган аймгийн Засаг даргад хүргүүлсэн байсан.
Булган аймгийн нутаг дэвсгэр дээрх улсын чанартай авто зам дагуу 32 байршилд 64 ширхэг самбар байршуулсан нь замын холбогдох хууль, стандартыг зөрчсөн байна гэж үзэн Булган аймаг дахь Цагдаагийн газар бидэнд мэдэгдэлгүй самбарыг буулгасан байсан. Манай компани Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, стандарт болон гэрээний заалтыг баримтлан 32 байршилд 64 ширхэг самбарыг байршуулсан. Уг ажилд 22000000 төгрөгийг зарцуулсан. 2018 оны 09 дүгээр сард Булган аймаг дахь Цагдаагийн газарт 32 байрлалд 64 ширхэг самбарыг буцаан байршуулахыг шаардсан албан бичиг хүргүүлсэн боловч одоог хүртэл хариу өгөөгүй. Манай компани уг ажлыг бүрэн гүйцэтгэж дууссан бөгөөд улсын комисст хүлээлгэн өгөх ажил үлдсэн байсан. Иймд Булган аймаг дахь Цагдаагийн газраас гэрээнд тусгагдсан үнэ болох 22000000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өнөрбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Хоёр стандарт зөрчилдөөд байгаа учир MNS5283 нь албан байгууллага хаягжуулалтын стандарт, MNS4597 нь замын тэмдэг тэмдэглэгээний стандарт юм. Цагдаагийн газрын баримталж байгаа MNS4597 стандартад ногоон өнгийн тэмдэг тэмдэглэгээ суурин газрын гадна талд тавина гэж заасан байгаа нь суурингийн дотор тавьж болохгүй, тууш замд байрлуулна гэсэн заалттай юм. Тууш зам гэдэг нь маш аюултай автоматаар 100 км цагийн хурдтай явахыг зөвшөөрдөг. Замын тэмдэг тэмдэглэгээний стандарт гэдэг нь олон улсын гэрээ конвенцоор батлагдчихсан, ямар ч орчуулагч хэлмэрчийн шаардлагагүй аль ч улсын иргэн хараад таньж, мөрдөж байх ёстой. Миний бие 2018 оны 04 дүгээр сард Дархан-Уул аймгийн Замын цагдаагийн газарт ахлах зохицуулагчаар ажиллаж байх үедээ ахлах зохицуулагч нарын зөвлөгөөнд сууж байхад Булган аймгийн ахлах зохицуулагчаар ажиллаж байсан хүнийг босгоод танай Булган аймагт ногоон өнгөтэй тэмдэг тавих гэж байна үүнийг болиулаарай гэж шүүмжилж байсан. Өмнөх Замын цагдаагийн тасгийн дарга яагаад самбаруудыг авсан бэ гэхээр Замын цагдаагийн газраас зөвшөөрөл авалгүй, дураараа замын хажууд тэмдэг тавьсан байсан. Замын тэмдэг тэмдэглэгээ тавихад заавал Замын цагдаагийн газраас зөвшөөрөл авсан байх шаардлагатай байсан. Булган аймгийн мэргэжлийн хяналтын авто тээврийн байцаагчаас бас зөвшөөрөл аваагүй. Замын тэмдэг тэмдэглэгээ тавих гэж байж Замын цагдаагийн газарт хандаагүй, зөвлөгөө аваагүй. 2018 онд мөрдөж байсан Замын хөдөлгөөний дүрмэнд замын хөдөлгөөнтэй холбоотой бусад хэм хэмжээний актууд замын хөдөлгөөний дүрэмтэй нийцсэн байна гэж заасан. Даалгавар бичсэн Засаг дарга хоёр янзийн стандартыг холиод тавьсан байсан. Монгол улс Венийн конвенцэд нэгдсэн улс тус конвенцэд хориглох зүйлс дээр бусдыг төөрөгдүүлэх тэмдэг тэмдэглэгээ тавиж болохгүй гэж заасан. Ногоон өнгийн тэмдэг тэмдэглэгээ буруу гэдгийг Тээврийн цагдаагийн алба, геодеүи газарзүйн алба хуралдаад стандарт буруу тавигдсан байна үүнийг шийднэ гэсэн шийдвэр гарсан. Замын цагдаагийн албанаас удаа дараа бичиг ирж байсан. Замын цагдаагийн газрын дарга Дашдорж гэх хүн Булган аймгийн Замын цагдаагийн тасгийн даргад энэ тэмдгийг яаралтай ав гэсэн үүрэг өгсөн. Зам тээврийн осол гарах нөхцөл байдал бүрдсэн байна гэж үзсэн. Хуучин Замын цагдаагийн тасгийн дарга Э******* болохгүй шүү гэж хэлээд байхад бид нар хаягжуулалтын стандартаа барина гэж хэлээд тавьсан байсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ манай хариуцах асуудал биш бид зөрчлийг арилгасан. Захиалагч байгууллага, гүйцэтгэгч байгууллага хоёрын асуудал байна гэв.
Гэрч М.О******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Улсын чанартай авто зам дагуух хаягийн самбар байршуулахтай холбоотой Булган аймгийн Засаг даргын захирамж гарсантай холбоотой “Би Би Кей Эйч” ХХК-тай гэрээ байгуулан ажилласан. Ажлын хяналтын инженерээр ажилласан. Ажиллахдаа хаягийн самбарыг хаана байрлуулах талаар газар дээр нь ажиллаж гүйцэтгэлийг хянаж байсан. Монгол Улсын гудамж зам талбай эд хөрөнгө хаягжуулалтын тухайн стандарт MNS5283:2014 стандартыг баримтал гэж зааварчилгаа өгч байсан. Булган аймгийн хөгжлийн бодлогын хэлтсээс MNS4597:2014 стандартыг нэмж тусгуулсан. Аливаа хаяг тэмдэгийг байрлуулахад замын хөдөлгөөний тэмдэгт саад учруулахгүй гэж оруулсан. MNS5283 гудамж зам талбай, үл хөдлөх хөрөнгөд баримтлах стандарт, MNS4597 стандарт нь авто замын тэмдэг тэмдэглэгээний стандарт гэж ойлгож байна. Ногоон тэмдгийг хаягийн самбар дээр байрлуулдаг. Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллана гэсэн зааварчилгаа байгаагүй учир хамтарч ажиллаагүй. Ажлын хэсэг хүлээж авахаас өмнө самбаруудыг буулгаад авсан байсан учир шалгах боломжгүй байсан. Хаягжуулалтын тухай хууль, Засгийн газрын 2013 оны 280 дугаартай тогтоолоор батлагдсан гудамж зам талбайг хаягжуулах тухай тогтоолоор байршуулсан гэв.
Гэрч Ж.Э******* шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 10 дугаар сарын 17-ний өдөр Замын цагдаагийн тасгийн даргаар томилогдож ирж байсан. 2018 оны 04 дүгээр сард тухайн тэмдгийг ногоон өнгөөр тавих гэж байна үүнийг яаралтай болиул гэсэн мэдээлэл төвөөс ирж байсан. 2018 оны 04 дүгээр сард Булган аймгийн тамгын газрын мэргэжилтэн Нарангэрэл гэх хүнд мэдэгдэж байсан. 2018 оны 06 дугаар сард өөрийн биеэр очиж стандарт зөрчиж байна гэдгийг дахин мэдэгдсэн боловч замын тэмдэг тавигдсан гэж цахим ертөнцөд мэдээлэл гарч ирсэн. Тухайн үед самбаруудыг ав гэсэн үүрэг ирж Булган аймгийн тамгын газрын мэргэжилтэн Нарангэрэлд хэлж мэдэгдэж байсан. Замын цагдаагийн газраас зөвшөөрөл авах ёстой байсан. Замын цагдаагийн байгууллага зам, зам орчны аюулгүй байдлыг хангах, техник замын зохион байгуулалтанд хяналт тавих үүрэгтэй учир зөрчилтэй тэмдгүүдийг авсан. Тэмдэг тэмдэглэгээний стандартыг зөрчиж тавигдсан талаар хэлсэн боловч хаягжуулалтын стандартыг баримтална гэж байсан. Ногоон дэвсгэртэй хөдөлгөөний тэмдэг бол зөвхөн хурдны замд тавигдах тэмдэг юм. Тухайн байгууллагуудыг ногоон өнгө биш цэнхэр өнгөөр соль гэж мэдэгдсэн. Зөрчлийг арилгаагүй байсан бол осол гарч хүний амь эрсдэх аюул үүсч байсан. 2018 оны Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлд “Зам замын хажууд үйл ажиллагаа явуулах бол Замын цагдаагийн албанаас зөвшөөрөл авна” гэж заасан байна. Тэгэхээр хуулиараа Замын цагдаагийн албатай хамтарч замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах байсан. Гэрээг байгуулахдаа оролцуулахгүй байж болно. Гэхдээ үйл ажиллагаа явуулахдаа зөвшөөрөл авах ёстой байсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Би Би Кэй Эйч” ХХК нь Булган аймгийн Цагдаагийн газарт холбогдуулан 22000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч “Би Би Кэй Эйч” ХХК нь улсын чанартай авто зам дагуу хаягийн тэмдэгийг стандартын дагуу хийж, байрлуулах ажлыг техникийн шаардлагыг баримтлан гүйцэтгэсэн байхад цагдаагийн байгууллага хаягийн тэмдэгийг хууль бусаар буулгаж 22000000 төгрөгийн хохирол учруулсан гэж, хариуцагч нь Булган аймгийн нутаг дэвсгэр дэх улсын чанартай авто зам дагуу ногоон өнгийн дэвсгэртэй тэмдгийг байрлуулсан нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, “Авто замын тэмдэг, техникийн ерөнхий шаардлага” MNS 4597:2014 стандарттай зөрчилдөж, тухайн замаар зорчиж байгаа гадаад, дотоодын иргэдийг төөрөгдүүлж, “Тууш зам”-ын хөдөлгөөний горимыг баримтлан 100 км/цаг хүртэл хурдтай явахыг зөвшөөрсөн аюултай нөхцөл байдал бий болгосон бөгөөд цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж хаягийн тэмдэгийг буулгах ажиллагаа явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч “Би Би Кэй Эйч” ХХК нь Булган аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/331 тоот “Гэрээ шууд байгуулах тухай” захирамжийн дагуу 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 62/2018 тоот “Авто зам дагуух газруудад хаягийн самбар байршуулах ажлын гэрээ”-г Булган аймгийн Засаг даргатай байгуулжээ. /хх-ийн 5-11/
Нэхэмжлэгч “Би Би Кэй Эйч” ХХК-ийн Булган аймгийн Рашаант, Баяннуур, Дашинчилэн, Гурванбулаг, Хишиг-Өндөр, Могод, Орхон, Бугат, Булган, Хутаг-Өндөр сумын нутаг дэвсгэр дэх улсын чанартай авто зам дагуу нийт 64 /эсрэг чиглэл орсон/ байршилд байрлуулсан хаягийн тэмдэгийг Булган аймгийн Цагдаагийн газраас буулгаж авсан үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч “Би Би Кэй Эйч” ХХК нь улсын чанартай авто зам дагуу хаягийн тэмдэгийг байрлуулах ажлыг гүйцэтгэхдээ Монгол Улсын хаягжуулалтын тухай хууль, 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 62/2018 тоот “Авто зам дагуух газруудад хаягийн самбар байршуулах ажлын гэрээ”, Булган аймгийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 2018/32 тоот “Улсын чанартай авто зам дагуу хаягийн тэмдэгийг стандартын дагуу хийж, байрлуулах ажлын даалгавар”, “Гудамж, зам, талбай, үл хөдлөх хөрөнгийн хаягийн тэмдэглэгээнд тавигдах ерөнхий шаардлага MNS 5283:2014 стандартыг баримталсан гэж тайлбарлаж байгаа боловч “Гудамж, зам, талбай, үл хөдлөх хөрөнгийн хаягийн тэмдэглэгээнд тавигдах ерөнхий шаардлага” MNS 5283:2014 стандарт нь “Авто замын тэмдэг, техникийн ерөнхий шаардлага” MNS 4597:2014 стандарттай зөрчилдөж байна.
Мөн Монгол Улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан журам стандарт хоорондоо зөрчилтэй бол нэгдэн орсон ОУ-ын гэрээ, конвенцийн заалтыг баримтлах үүрэгтэй бөгөөд МУ-ын нэгдэн орсон “Замын дохио, тэмдэгийн тухай конвец” /Вена,1968/-ийн 4 дүгээр зүйлийн b хэсгийн ”Замын тэмдэг буюу хөдөлгөөн зохицуулах бусад хэрэгсэлтэй андуурагдах, эсвэл тэмдэг дохионы үзэгдэлт ба үр дүнг бууруулах, мөн хөдөлгөөнд оролцогчдыг гялбуулах, тэдний анхаарлыг сарниулах, ингэснээр хөдөлгөөний аюулгүй байдлыг алдагдуулах үзүүлэн чимэглэлийн зүйл, зар сурталчилгааны самбар зэрэг хэрэгслүүд байрлуулах”-ыг хориотой байлгах арга хэмжээ авах үүрэгтэй гэх заалттай нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “Би Би Кэй Эйч” ХХК нь гэрээний дагуу улсын чанартай авто зам дагуу хаягийн тэмдэг байрлуулахдаа MNS 5283:2014 стандартын дагуу тэмдэгийн дэвсгэрийг RGB /0.131.73/ код бүхий ногоон өнгөтэй хийж, суурин газрын нэр, зай, зорчих замын чиглэлийг цагаан өнгөөр бичиж байрлуулсан нь “Замын дохио, тэмдэгийн тухай конвец” /Вена,1968/-д заасан “тууш замын хөдөлгөөний горим тогтоосон авто замд байрлуулах тэмдэг нь ногоон болон цэнхэр дэвсгэртэй байна. Ногоон өнгийн дэвсгэртэй замын тэмдэгийг зөвхөн тууш замаас өөр хөдөлгөөний горимтой замд байрлуулахгүй”, конвецийн 1 дүгээр хавсралтын чиг заах ба мэдээлэн заах тэмдэг хэсгийн 1. “Нийтлэг шинж ба дүрсүүд”-ийн 3-д “Тууш зам ба түүнтэй адилтгах замуудад хэрэглэгдэх замын чигийн урьдчилсан заалт буюу чигийн заалтын тэмдгүүд дээрх дүрс, бичлэг нь цэнхэр буюу ногоон өнгийн дэвсгэр дээр цагаан өнгөтэй байна”, 2. “Чигийн урьдчилсан заалт”-ын 1-д “чигийг урьдчилсан заах жишээ G 1a, G 1a , G 1a ...” тэмдэгүүдтэй адилтгагдаж тухайн замаар зорчиж зам тээврийн хөдөлгөөнд оролцож буй иргэдийг “Тууш зам”-ын хөдөлгөөний горимыг баримтлан явахыг зөвшөөрсөн мэт ойлгогдож, улмаар замын хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж, зам тээврийн осол гарах урьтач нөхцөлийг бүрдүүлэхээр байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдал гэж замын хөдөлгөөнд оролцогчийг зам тээврийн осол, түүнээс үүдэн гарах хор уршгаас хамгаалсан байдлыг ойлгох бөгөөд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөнд оролцогчийн хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг хангаж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргийг цагдаагийн байгууллага гүйцэтгэдэг байна.
Хариуцагч Булган аймгийн Цагдаагийн газар нь “Би Би Кэй Эйч” ХХК-ийн улсын чанартай авто зам дагуу нийт 64 /эсрэг чиглэл орсон/ байршилд байрлуулсан хаягийн тэмдэгийг буулгах ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн албанаас өгсөн үүрэг, чиглэлийн хүрээнд гүйцэтгэсэн /хх-ийн 64, 77/ байх ба хариуцагчийн дээрх үйлдлийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн үйлдэл гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролоо нэхэмжилж байна гэж тайлбарласан боловч цагдаагийн байгууллагын дээрх үйлдэл нь хуулиар хүлээсэн тухайн байгууллагын үүсэж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл байх бөгөөд энэхүү үүргээ биелүүлэхдээ хууль зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй гэдэг нь тогтоогдоогүй ба хариуцагч Цагдаагийн байгууллагын гэм буруутай эсэхийг ердийн харъяаллын шүүх тогтоохгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд “Би Би Кэй Эйч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Цагдаагийн газарт холбогдох, 22000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.4-д зааснаар Булган аймгийн Цагдаагийн газраас 22000000 /хорин хоёр сая/ төгрөг гаргуулахыг хүссэн “Би Би Кэй Эйч” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268950 /хоёр зуун жаран найман мянга есөн зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ