Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 135/ШШ2017/00542

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 135/ШШ2017/00542

Дархан-Уул аймаг

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2016/01634

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ....................................... тоотод оршин суух улсын бүртгэлийн хаягтай, ..............................тоотод түр оршин суух, ...................... овгийн Р-ын Х-, /РД:...................., утас:................../-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ............................ тоотод оршин суух, ................ овгийн Н-ийн Н-, /РД:......................, утас:.........................../-д холбогдох

4,838,050 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатэй, 1,321,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц-, хариуцагч Н.Н-, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ш- нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Х- шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:

...Нэхэмжлэгч Р.Х- нь 2016 оны 06 дугаар сарын 15-аас 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагч Н.Н-д 26,197,000 төгрөгийг дансаар шилжүүлэн зээлдүүлснээс гадна 500,000 төгрөгийн үнэ бүхий хөргөгч 1-ийг, тус бүр нь 700,000 төгрөгийн үнэтэй хөлдөөгч 2-ийг буюу 1,900,000 төгрөгийн эд зүйлийг мөн зээлээр өгсөн байна. Дансаар шилжүүлсэн мөнгө болон хөлдөөгч хөргөгчийн үнэ бүгд нийлээд 28,097,000 төгрөг болжээ. Хариуцагч Н.Н- нь Р.Х-гээс зээлсэн мөнгө болон эд зүйлийн үнийг төлөхдөө өөрийнхөө .............. тоот данс буюу нөхрийнхөө ............. тоот дансуудаас бүгд 24,728,000 төгрөгийг шилжүүлж төлсөн бөгөөд 3 хонийг 240,000 төгрөг, 50 кг гурилыг 50,000 төгрөгөнд тус тус бодож өрөндөө өгсөн. Өрөнд бодож өгсөн хонь болон гурилын мөнгө 290,000 төгрөг дээр дансаар өгсөн мөнгийг нэмэхээр 25,018,000 төгрөг болж байна. Надаас авсан бэлэн мөнгө 26,197,000 төгрөг мөн хөргөгч хөлдөөгчийн үнэ 1,900,000 бүгд 28,097,000 төгрөгөөс хасаж тооцоход 3,079,000 төгрөг үлдсэн байна. Иймд өмнөх нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж 3,079,000 төгрөгийг Н.Н-гаас нэхэмжилж байна. гэжээ

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Р.Х- нь Н.Н-д 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл нийт 26,197,000 төгрөг зээлүүлсэн. Мөн 500,000 төгрөгний 1 ширхэг хөргөгч, тус бүрийн үнэ нь 700,000 төгрөгийн 2 хөлдөөгч нийт 1,900,000 төгрөгийн эд зүйлийг мөн зээлээр өгсөн. Зээлдүүлсэн мөнгө, хөргөгч хөлдөөгчний үнэ нийлээд нийт 28,097,000 болсон. Энэ мөнгөнөөс нийт 24,728,000 төгрөг, үүн дээр 3 хонийг нэг бүрийн үнийг 80.000 төгрөгөөр, 50кг гурилыг 1кг нь 1000 төгрөгөөр тооцож нийт 290.000 төгрөгийн эд бараа зэргиййг надад өгч нийт надад төлсөн мөнгө 25,018,000 төгрөг болсон. Нийт 28,097,000 төгрөгнөөс энэ мөнгийг хасаад үлдэгдэл 3,079,000 төгрөгийг хариуцагч Н.Н-гаас гаргуулж өгнө үү. гэжээ

 

Хариуцагч Н.Н- шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Р.Х-гийн нэхэмжилж байгаа мөнгөн дүн нь байнга өөрчлөгдөөд байна, миний бие Р.Х-гээс нийт 25,000,000 төгрөгийг зээлж авч 25,580,000 төгрөг болгож өгсөн. Р.Х-гийн данснаас миний данс руу нийт 26,072,000 төгрөг орж ирсэн байгаа энэ нь ямар учиртай вэ гэхээр Р.Х- над дээр ирж увуулж цувуулж нийт 1,072,000 хавьцаа төгрөгийг надаас авчихаад тэр мөнгөө миний данс руу шилжүүлж эргүүлэн өгдөг байсан. Гэхдээ энэ зүйл нотлох баримтаар нотлогдохгүй байгаа тул одоо Р.Х-гээс миний дансруу нийт 26,072,000 төгрөг орж ирсэн. Надаас Р.Х-гийн данс руу 22,860,000 төгрөг, манай нөхрийн данснаас Р.Х-гийн данс руу 2,430,000 төгрөг, хонь гурилын үнэ 290 000 төгрөг нийт 25,580,000 төгрөг орсон. 26,072,000 төгрөг 25,580,000 төгрөг хоёрын зөрүү болох 492,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед 2 хөлдөөгчийг би мөнгөөр нь авсан. Хөргөгч нь эвдэрхий байсныг янзалж авсан. Р.Х- анх мөнгө нэхэмжилж байсан боловч манай талаас сөрөг нэхэмжлэл гаргахад хөргөгч хөлдөөгчний мөнгө нэхэмжилсэн одоо Р.Х- бид хоёрын дунд хөргөгч хөлдөөгчний ямар ч тооцоо байхгүй. Тухайн үедээ мөнгөөр нь авсан. гэжээ.

Хариуцагч Н.Н- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

...Би Р.Х-гээс 25,000,000 төгрөгийг зээлж авсан. Р.Х-гийн данснаас миний дансанд орж ирсэн мөнгө нь 26,072,000 төгрөг илүү 1,072,000 төгрөгийг Р.Х- надаас бэлнээр ирж аваад миний данс руу хийсэн мөн дэлгүүрээс ирж хүнд авч өгсөн барааны үнэ 128,000 төгрөг гэх мэт нийлээд надаас авсан мөнгө 1,200,000 төгрөг болсон, үүнийг гаргуулна. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц- шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

...Р.Х- нь сүүлд зээлсэн мөнгөндээ хүү тооцоод нэхсэн. Н.Н- нь хүүндээ өгсөн мөнгөө гэрээ хэлцэл байхгүй учир тэр мөнгөө зөрүү гэж гаргаад нэхэмжлээд байх шиг байна. 9 дүгээр сард зээлсэн мөнгөө нэхсэн чинь хүүнд өгсөн мөнгөө үндсэн мөнгөрүү оруулаад байсан, бэлнээр өгсөн мөнгө нь 25,018,000 төгрөгийг нэхэмжлээд хөргөгч хөлдөөгчийг тоохгүй байсан гэсэн гэтэл Н.Н- нь үндэслэлгүй 1,200,000 төгрөг илүү өгсөн гээд байсан учир хөргөгч, хөлдөөгчний мөнгөө гагуулж авъя гэж хэлсэн. Н.Н- нь Р.Х-д мөнгө зээлдүүлсэн гэж байна. Гэтэл Р.Х-д зүгээр зээллээ ч юм уу, мөнгөнөөсөө хасууллаа гэдэг ч юм уу тийм ямар ч баримт байхгүй.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Г- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Манай талаас банкны дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн, мөнгөн дүн бол нэмэгдэж хасагдана гэсэн зүйл байхгүй учир нь программаар гарч ирж байгаа учир тийм боломж байхгүй, бид өөрсдөө хүснэгтээр гаргасан 10 гаран удаа бодож гаргасан. Зөрүү нь 492,000 төгрөг өгөхөөр гарсан. Хөргөгчний асуудалд Р.Х- 1 бүрийн үнэ 700,000 гэж үнэлсэн, гэтэл давж заалдах шатны шүүх дээр хэрэг явж байхад үнийн дүнгээ өөрчилсөн, үнийн дүн тодорхой байх ёстой, үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргасан гэж бодож байна. Өмнөх анхан шатны шүүхийн тэмдэглэлд хөргөгч, хөлдөөгчний талаарх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжихгүй гэж хэлж байсан, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхгүй байна. Н.Н-гийн хувьд 2 хөлдөөгчний мөнгийг төлөөд авсан. 1 хөргөгч нь эвдэрхий хаях гэж байхад нь засуулж авсан гэдэг. Мөн худалдах, худалдан авах гэрээг заавал бичгээр баталгаажуулна гэж практикт болон хуулинд тийм зүйл байдаггүй, ирээдүйд ийм зүйл гарна гэдгийг мэдэхгүй мөнгөө өгсөн байна. гэжээ

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.Х- нь 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх эрхийн дагуу хариуцагч Н.Н-гаас 26,197,000 төгрөгийг дансаар шилжүүлсэнээс Н.Н- өөрийн болон нөхрийн данснаас эргүүлж шилжүүлсэн 25 728 000 төгрөг, 3 хонь буюу 240 000 төгрөг, 50 кг гурил буюу 50 000 төгрөгийг хасаж , 500 000 төгрөгний хөлдөөгч, 700 000 төгрөгний хөргөгч 2 ширхэгийг тооцон зөрүү 3 079 000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлага тодорхойлж байгаа болно.

Хариуцагч Н.Н- нь Р.Х-д мөнгө зээлдүүлсэн гэж байгаа боловч энэ талаар нотлох баримтгүй, Р.Х-гээс шилжүүлсэн мөнгөний сондгой тоо бүхий мөнгө нь надаас авсан мөнгөө буцаан шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч талуудын хооронд хэдийд хэдэн төгрөг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн, Р.Х- нь Н.Н-д тэгш тоотой мөнгө зээлдүүлэх, Н.Н-д сондгой тоотой мөнгө зээлсэн мөнгөндөө шилжүүлж байна гэж тохиролцсон тохиролцооны талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Талууд энэ хугацаанд хариуцагчид зээлийн гэрээний зүйл болсон мөнгийг хэсэгчлэн шилжүүлж байсан бөгөөд хэдий хугацаанд мөнгийг эргүүлэн төлөх, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд тооцох хариуцлагын талаар тусгасан гэрээг бичгээр байгуулаагүй байна.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Х- нь гэрээний зүйл болсон мөнгийг шилжүүлсэн тул гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Хэргийн үйл баримтаас үзэхэд Р.Х- нь өөрийн ...... банк ................... тоот данснаас Н.Н-гийн дансанд 48 удаагийн гүйлгээгээр 26 297 000 төгрөг, хариуцагч Н.Н-гийн .............. тоот, түүний гэр бүлийн ............. тоот данснаас 113 удаагийн гүйлгээгээр Р.Х-гийн дансанд 24 812 000 төгрөг шилжүүлсэн нь хэргийн 40-76, 87-183 дугаар хуудас дахь депозит дансны хуулгаар нотлогдож байна.

Мөн талууд 3 хонь 240 000 төгрөг, 50 кг-ийн гурил 50 000 төгрөг нийт 290 000 төгрөгийн бараа, эд зүйл өгсөн, хүлээн авсан талаар маргаангүй болно.

Талуудын хооронд 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 23-ныг хүртэл 26 297 000 төгрөгииг Р.Х-гээс Н.Н-д шилжүүлж, Н.Н- , түүний гэр бүл 24 812 000 төгрөг шилжүүлсэн нь талуудын шүүхэд гаргасан ...... банкны депозит дансны хуулгаар тогтоогдсон, 3 хонь, 280 000 төгрөг, 50 000 төгрөгт тооцож 50 кг гурил өгсөн талаар маргаангүй байгаа тул эдгээрийг хасаж үлдэх 1 485 000 төгрөгийг Н.Н-гаас гаргуулж нэхэмжлэгч Р.Х-д олгох нь зүйтэй байна.

Мөн хариуцагч Н.Н- нь нэхэмжлэгч Р.Х-г 550 000 төгрөг, 470 000 төгрөгийг бэлнээр аваад, өөрийнхөө авах хүүгээ суутгасан, мөн илүү төлөлт хийсэн тул 1 200 000 төгрөг гаргуулна гэж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нотлоогүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Р.Х- 500 000 төгрөгийн үнэ бүхий хөлдөөгч, 700 000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг хөргөгч үнэ нийт 1 900 000 төгрөг нэхэмжилж байгаа боловч ямар нэр төрлийн, чанар байдал, үнэ, хүлээлгэн өгсөн талаарх нотлох баримтыг ирүүлээгүй, хариуцагч Н.Н- хөлдөөгчийг Р.Х- засуулаад ав гэснийг авсан, үнэ тогтоож өгөөгүй, 2 хөргөгчийг хүн зарах гэж байна гэхээр нь Р.Х-гээс биш өөр этгээд, ломбардаас авч тооцоог дуусгасан гэж маргаж байгаа болно.

Иймд нэхэмжлэгч Р.Х- нь хөргөгч, хөлдөөгчийг өөрийн нэрлэсэн үнээр Н.Н-д хүлээлгэн өгсөнөө нотлоогүй тул хөлдөөгчний үнэ 500 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй, 2 ширхэг хөргөгчний үнэ 1 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд эсэх нь тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 , 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Н.Н-гаас 1 485 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Х-д олгож, 694 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, 1 200 000 төгрөг гаргуулах тухай Н.Н-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Н-гийн хөлдөөгчний үнэ 500 000 төгрөг хариуцагч Н.Н-гаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хөлдөөгчний үнэ 1 400 000 төгрөг хариуцагч Н.Н-гаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Р.Х-гээс 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ...... банк төрийн сан 92 360 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Төрийн банк төрийн сан 65 430, хариуцагч Н.Н-гийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Голомт банк төрийн сан 38 100 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Н-гаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнгээс улсын тэмдэгтийн хураамж 38,710 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Х-д олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учрыг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ