Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 49

 

Р.Х-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/01634/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 117 дугаар шийдвэртэй,  

           Нэхэмжлэгч Боржигон овогтой Р-ын Х-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Боржигон овогтой Н-ийн Н-д холбогдох

          “Мөнгөн зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 4.838.050 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Нэхэмжлэгч Р.Х-гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.Х-, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Х-:

Н.Н- бид хоёр аман гэрээ байгуулж 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 18.500.000 төгрөгийг тооцоогүйгээр бүрэн дуусгасан. 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 6.000.000 төгрөг, 9 дүгээр сарын 23-ны өдөр 1.724.000 төгрөгийг зээлж авсан. 7.724.000 төгрөгөөс Н.Н- 4.194.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Үүн дээр 3 хонийг нэг бүрийн үнийг 80.000 төгрөгөөр, 50 кг гурилыг 1кг нь 1000 төгрөгөөр тооцож нийт 290.000 төгрөгийн эд бараа өгч надад нийт 4.484.000 төгрөг төлсөн.

Одоо 3.240.000 төгрөг, 1 сарын хүү 486.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 154.790 төгрөг нийт 3.880.790 төгрөгийг нэхэмжилж байна. Сөрөг нэхэмжлэлийн хувьд мөнгөө өгч дуусаагүй байхад дундаас нь дахин мөнгө зээлдэг байсан гэжээ.

Хариуцагч Н.Н-:

2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл нийт 26.177.000 төгрөг дансаар орсон байдаг. Р.Х- 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдөр наадмын мөнгө гэж 550.000 төгрөг зээлээд 380.000 төгрөгийг өгсөн. 170.000 төгрөгийг өөрийнхөө авах ёстой мөнгөөс суутгасан. Мөн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Орос явна гэж 470.000 төгргөийг бэлнээр аваад миний дансанд 230.000 төгрөгийг хийж, үлдэгдэл мөнгийг 7 дугаар сарын 22-ны өдөр авах ёстой байсан мөнгөндөө суутгаж авсан. Би Р.Х-гээс 45 удаагийн үйлдлээр 25.000.000 төгрөг зээлсэн. Хоёр удаагийн үйлдлээр Р.Х- зээлсэн мөнгөө дансаар өгсөн. 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд 101 удаагийн үйлдлээр 23.418.000 төгрөг хийж, бэлнээр 400.000 төгрөг өгсөн. 3 хонийг 240.000 төгрөгөөр, 50 кг гурилыг 50.000 төгрөгөнд тооцож өгсөн. Манай нөхөр Д.Отгончулуун 2016 дугаар сарын 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 24-ний хооронд 17 удаагийн гүйлгээгээр 2.430.000 төгрөг өгсөн. Р.Х- надаас мөнгө зээлдэг байсан. Р.Х-гээс 25.000.000 төгрөг зээлсэн боловч манай нөхөр бид хоёр Х-д 26.177.000 төгрөгийг шилжүүлсэн. 1.777.000 төгрөг илүү төлсөн. Үүнийгээ нэхэмжилж байна гэж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Уламбаяр:

Сүүлийн 9 дүгээр сард өгсөн мөнгөн дүн дээр маргаан үүсч байгаа. Үүнээс өмнөх асуудлыг ярих шаардлагагүй. Нэхэмжлэгч 6 дугаар сард зээлж эхэлсэн үеэс бүх хуулгаа авч хавтасласан. 9 дүгээр сард өгсөн мөнгөнийхөө хуулгыг гаргасан бол хэн хэнд нь ашигтай байх байсан. Р.Х- 7.724.000 төгрөг, Н.Н- 7.000.000 төгрөг гээд байдаг. Н.Н- 6.000.000 төгрөг зээлсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. 9 дүгээр сарын 23-ны өдрийн хуулгаар үзэхэд 862.000 төгрөгөөр 2 удаа гүйлгээ хийсэн. 724.000 төгрөгийг илүү хийсэн. 7.724.000 төгрөгөөс 4.484.000 төгрөгийг хасаад 3.240.000 төгрөг үлдэж байгаа. Үүн дээр хүү болон улсын тэмдэгийн хураамжийг нэмээд 3.880.790 төгрөгийг нэхэмжилж байгаа гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзоригоос:

Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан. Бичгээр гэрээ байгуулсан бол хүү авах ёстой. Гэтэл гэрээг амаар тохиролцсон гэдгийг талууд хэлж байна. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү авах эрхээ алдана гэснээр нэхэмжлэгч хүү авахгүй. 1.777.000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 117 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хариуцагч Н.Н-гаас 516.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Х-д олгож, 4.322.050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, 1.177.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Р.Х- 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ХААН банк төрийн сан 92.360 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Төрийн банк төрийн сан 65.430 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Голомт банк төрийн сан 38.100 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрийн банк төрийн сан 65.430 төгрөгиийг Төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.Н-гаас 16.130 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Р.Х-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Р.Х- давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх миний нэхэмжилсэн мөнгийг дутуу гаргуулж хэргийг шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Н.Н- нь надаас 20.597.000 төгрөгийг дансаар, мөн 1 ширхэг хөргөгч 500.000 төгрөгөөр, 2 ширхэг хөлдөөгч 1.400.000 төгрөгөөр тус тус бодож авсан юм. Н.Н- нь надад нийт 28.497.000 төгрөг өгөхөөс Хаан банкны дансаар 25.141.000 төгрөг, 3 хонь 240.000 төгрөгөөр бодож, 50 кг гурилыг 50.000 төгрөгөөр бодож нийт 25.472.000 төгрөг өгсөн. Одоо надад үлдэгдэл мөнгө болох 3.025.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Р.Х-, хариуцагч Н.Н-д холбогдуулан  мөнгөн зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 4.838.050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч зээлийн төлбөрийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Анхан шатны шүүх Н.Н-гаас 516.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Х-д олгож, 4.322.050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, 1.177.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм.

Н.Н- нь надад нийт 28.497.000 төгрөг өгөхөөс Хаан банкны дансаар 25.141.000 төгрөг, 3 хонь 240.000 төгрөгөөр бодож, 50 кг гурилыг 50.000 төгрөгөөр бодож нийт 25.472.000 төгрөг өгсөн. Одоо надад үлдэгдэл мөнгө болох 3.025.000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн давж заалдсан гомдол гаргасан.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянахад хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Хаан банкны хуулгыг үндэслэн тооцоо нийлээгүй талуудын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдохгүй байна.

Шүүх хариуцагчаас 516.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.Х-д олгосон болон үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 4.322.050 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлага 1.177.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ шүүхийн шийдвэртээ тус тусад нь зааж өгөөгүй байна.

Мөнгөн зээлийн үүргийн биелэлтийг тооцож тооцоо нийлсэн зохигчдын баримт хэрэгт авагдаагүй, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагаас /хэргийн 83 дугаар хуудас/ махны худалдагч Л.Ягаанцэцэгт Н.Н-гийн төлөх ёстой 500.000 төгрөгийг бэлнээр өгсөн, мөн Хаан банкны дансаар 1.055.000 төгрөг бэлнээр өгсөн гэх шаардлагын талаар дүгнэлт  хийж шийдвэрлээгүй орхигдуулсан.

Зохигчдын хоорондын зээлээр өгсөн авсан мөнгөн дүнг тодорхой болгож, хэргийн нөхцөл байдлыг тодруулж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хавтаст хэргийн 215-216, 225-226 дугаар хуудсан дахь шүүгчийн захирамжуудад шүүхийн тамга дарагдаагүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 117 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Х-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 63.350 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                       ДАРГАЛАГЧ

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ 

                                       ШҮҮГЧИД                                                  С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                           С.ОЮУНЦЭЦЭГ