Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2022/0718

 

 

  

      2022           09           30                                        128/ШШ2022/0718

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  С.А*********,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Я****,

Хариуцаг,

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн 2102000021 дугаар газар чөлөөлөх тухай албан даалгавар илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я*******, хариуцагч Х.Н******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Нэхэмжлэгч гаргагч С.А******** нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн улсын байцаагчид  холбогдуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн 2102000021 дугаар газар чөлөөлөх албан даалгавар илт хууль бус болохыг тогтоолгох-оор маргасан.  

          2.Хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн улсын байцаагч нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн иргэн Б.О******* аас ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу С.А**********ын /түргэн үйлчилгээний цэгт/ газар эзэмшил, ашиглалтын байдалд шалгалт хийсэн.

          Уг шалгалтаар илрүүлсэн нийтийн эзэмшлийн зам талбай болох автобусны буудал дээр түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаа эрхэлж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласан зөрчилд 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн шийтгэл ногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах тухай 2102000021 тоот даалгавар өгсөн.   

          3. Нэхэмжлэгч нь газар зөвшөөрөлгүй эзэмшсэн үйлдэл болон, тус зөрчлийн дагуу үүссэн шийтгэл болох 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгууль төлөхийг хүлээн зөвшөөрч, газар чөлөөлөхийг даалгасан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Х.Н******ын даалгаврыг эс зөвшөөрч тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн.

          4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

          “...Миний бие, холбогдох хуулийг зөрчиж, газар зөвшөөрөлгүй эзэмшсэн үйлдэл болон, тус зөрчлийн дагуу үүссэн шийтгэл болох 500.000 төгрөгийн торгууль төлөхийг хүлээн зөвшөөрсөн болно.

          Харин газар чөлөөлөхийг даалгасан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн даалгаврыг зөвшөөрөөгүй.

            Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1, 3-т заасан эрхийг хэтрүүлж, Газрын тухай хуулийн 57.3, 57.4-д заасан Засаг даргын эрх хэмжээнд заасан газар чөлөөлөхийг даалгасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны актын шинжтэй, гарсан цагаасаа эхлэн хүчин төгөлдөр бус.гэжээ.

          5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... Газар чөлөөлөхийг даалгасан энэхүү эрх хэмжээг Газрын тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байдаг. Тухайлбал Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна”  гэж тус тус заасан бөгөөд Засаг дарга захирамж гаргаж газрын албан чөлөөлөх зохицуулалттай юм. Хэрэв Засаг даргын захирамж гарч газрын алба чөлөөлнө гээд ирсэн бол үүнд маргаад байх шаардлага байхгүй.” гэв.

          6.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч нь иргэн Б.О*****аас 2021 оны 01 дүгээр сарын 20 өдрийн 09 цаг 42 минутад ирүүлсэн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо 6 дугаар автобусны буудал дээрх түргэн үйлчилгээний цэг нь танай байгууллагаас арга хэмжээ авч, шүүхийн шийдвэрээр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлсөн боловч дахин түргэн үйлчилгээний цэгээ байршуулсан зөрчил нь өнөөдрийн байдлаар үргэлжилж байгааг шалгаж өгнө үү гэх гомдол мэдээллийг хүлээн авч прокурорын зөрчлийн нэгдсэн бүртгүүлэн иргэн С.А******ын /түргэн үйлчилгээний цэгт/ газар эзэмшил, ашиглалтын байдалд шалгалт хийсэн.

          Шалгалтаар 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2120000021 дугаартай зөрчлийн хэргийг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдэж иргэн С.Аын түргэн үйлчилгээний цэг нь газар эзэмших, ашиглах эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй эсэх, холбогдох баримт бичгийг Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02- 03/358 тоот албан бичгийг хүргүүлж, хариуг Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3. 57.4 дэх хэсэгт заасны дагуу газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж түргэн үйлчилгээний цэгийг албадан нүүлгэж газар чөлөөлсөн боловч дээрх зөрчлийг давтан үйлдэж байна. Тухайн түргэн үйлчилгээний цэг нь газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээгүй дур мэдэн газар ашиглаж байгаа талаар 2021 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 15/212 тоот албан бичгээр ирүүлсэн. Мөн 212000021 дугаартай зөрчлийн хэрэгт Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулагч Ю.О****ийн гэрчийн мэдүүлэг, холбогдогч иргэн С.А**********ын мэдүүлэг зэрэг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны 2022 оны 03 сарын 23-ны өдрийн тэмдэглэлд тодорхой дурдагдсан байна.

          Иймд илт тодорхой нийтийн эзэмшлийн зам талбай болох автобусны буудал дээр түргэн үйлчилгээний цэгийн уйл ажиллагаа эрхэлж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх заалтыг зөрчсөн болох нь газар дээрх нөхцөл байдал оролцогчдын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон тул 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн шийтгэл ногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгавар өгсөн болно.

          Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэгт мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 8.1, .... Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяаллыг заасан байдаг.

          Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/53 дугаартай Чиг үүрэг шинэчлэн батлах тухай тушаалын 1-т Тамгын газрын чиг үүргийг хоёрдугаар хавсралтаар, Чиглэл болон Дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтэс,.... чиг үүрэг....хавсралтаар тус тус шинэчлэн баталсан. Үүний хоёрдугаар хавсралтын гуравт Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн чиг үүрэг, орон тоо: Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналт 3 Хяналт шалгалтын дүнг мэдээлэх хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах,...” гэж Байгаль орчин, газар, геодези зураг зүйн байцаагчийн чиг үүргийг баталсан байдаг. Мөн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/44 дугаартай тушаалын 4 хавсралтаар ажлын байрны тодорхойлолтоор Байгаль орчин, газар, геодези зураг зүйн байцаагчийн чиг үүргийг баталсан.

          Иймээс хууль тогтоомжоор олгосон чиг үүргийн дагуу иргэн С.Аод эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1 дэх заалтыг зөрчсөн болох нь газар дээрх нөхцөл байдал холбогдогч, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон тул 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн шийтгэл ногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгавар өгсөн. 2021 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 212000021 зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг танилцуулж, даалгаврыг эс зөвшөөрч байна гэсэн тайлбарыг С.А өөрөө бичсэн байдаг ба холбогдогчийн мэдүүлгийн гомдол гаргах болон эрх үүргийг уншиж гарын үсэг зурсан. 03 дугаар сарын 19-ний өдрийн 0069155 дугаартай шийтгэлийн хуудсанд 2021 оны 04 дүгээр сарын 19-ны дотор гомдол гаргах эрхтэй талаар дурдсан бөгөөд шийтгэлийн хуудасны хувийг болон эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг С.Аод хүлээлгэн өгсөн.

          Дээр дурдсан хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийн дагуу Зөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1 дэх заалтын дагуу 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн шийтгэл ногдуулсан торгуулийг төлөөгүй /2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 0069155 дугаартай шийтгэлийн хуудсанд 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн дотор сайн дураараа төлөхийг даалгасан/, 2021 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 2102000021 зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг /1 сарын дотор/ биелүүлээгүй тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь /Зөрчлийн үр дагаврыг арилгах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд биелүүлээгүй, эсхүл энэ арга хэмжээний зардлыг тогтоосон хугацаанд төлөөгүй бол шүүхэд хүсэлт гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлнэ./ хэсэг, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 8 дахь /Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд тогтоосон хугацаанд шийдвэрийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэхээр эрх бүхий албан тушаалтан харьяалах шүүхэд хүсэлт гаргана./ хэсгийн дагуу 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 02-02/1081 тоот албан бичгээр хүсэлт гаргасан. Хүсэлтийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 0069155 дугаартай шийтгэлийн хуудсаар тавьсан торгуулийг албадан төлүүлэх захирамж гарснаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд 500.000 төгрөгийг иргэн С.А тушаасан байна.

          Харин зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврыг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн шүүгчийн 7654 тоот эрх бүхий албан тушаалтан албан даалгаврыг албадан гүйцэтгүүлэх захирамж гарсан дагуу Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх хуудас хүргүүлсэн тул нийтийн эзэмшлийн зам талбайд зохих зөвшөөрөлгүй газар ашигласан иргэн С.А********ын түргэн үйлчилгээний цэгийг албадан нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх ажиллагаа хийхэд саад учруулан, төрийн байгууллага, шүүхийн байгууллагын шийдвэрүүдийг үл хүндэтгэсэн нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь /Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ./ заалтыг зөрчиж байна.

          Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх захиргааны акт илт хууль бус болох захиргааны актын шинжгүй, гарсан цагаасаа эхлэн хүчин төгөлдөр бус гэх үндэслэлгүй байна.

          Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын 1.2 дахь хэсэгт “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх хүсэлт гаргасан болон эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээд Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, стандарт болон энэ журмыг дагаж мөрдөнө”, 5.2.3.3-д “ТҮЦ нь дүүргээс баталсан байршилд байрлах ба тухайн байршил нь худалдаа эрхлэгчийн ариун цэврийн шаардлагыг хангах боломжтой байх, орчны цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцах” 8.1.15-д “ТҮЦ эрхлэгчид нь инженерийн шугам сүлжээ, зам, талбайд засвар, тохижилтын ажил хийх үед эрх бүхий байгууллагаас өгсөн мэдэгдлийн дагуу газрыг чөлөөлөх”, “9.1.Худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон дүүргийн худалдаа, үйлчилгээ, тохижилт, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан нэгж, мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын газар хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, иргэд, үйлчлүүлэгчдийн ая тух, аюулгүй байдлыг хангуулах арга хэмжээ авна”, 9.2-д “Хяналтын байгууллага энэ журмын 6.1-д заасан мэдээлэлд тулгуурлан эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг төлөвлөж хэрэгжүүлнэ” гэж тус тус заасан. Иймд эрх үүргийнхээ хүрээнд хэрэгжүүлсэн албан даалгаврыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх С.А*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. 

1.С.А нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн улсын байцаагчид холбогдуулан “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн 2102000021 дугаар газар чөлөөлөх тухай албан даалгавар илт хууль бус акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. 

2.Нэхэмжлэгчээс “холбогдох хуулийг зөрчиж, газар зөвшөөрөлгүй эзэмшсэн үйлдэл болон тус зөрчлийн дагуу үүссэн шийтгэл болох 500.000 төгрөгний торгууль төлөхийг хүлээн зөвшөөрсөн болно. Харин газар чөлөөлөхийг даалгасан албан даалгаврыг хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь хуулиар тус албан тушаалтанд газар чөлөөлөхийг даалгах эрх хэмжээ олгогдоогүй” гэж,

3.Хариуцагчаас “хууль тогтоомжоор олгосон чиг үүргийн дагуу С.А*****од эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д заасныг зөрчсөн болох нь газар дээрх нөхцөл байдал холбогдогч, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон тул шийтгэл ногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай даалгавар өгсөн” гэж тус тус тайлбарлан маргасан.

          4.Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн улсын байцаагч нь иргэн Б.О*****аас ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу С.А*******ын ТҮЦ/түргэн үйлчилгээний цэгт/ газар эзэмшил, ашиглалтын байдалд шалгалт хийж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласан зөрчилд 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн  дугаар шийтгэлийн хуудсаар 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн шийтгэл ногдуулж, 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай 2102000021 дугаар даалгавраар нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөхийг даалгажээ.

5.Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн А/53 дугаар тушаалаар Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын байцаагчийн чиг үүрэг болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-т мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэх харьяаллыг тогтоосон бөгөөд газар чөлөөлөх эрх хэмжээг олгоогүй байна.

6.Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх журмын 3.1-т “Дүүргийн нутаг дэвсгэрт энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулж, хангуулах чиг үүрэг бүхий "Худалдаа, үйлчилгээг зохицуулах Зөвлөл" (цаашид "Зөвлөл" гэх) дүүргийн Засаг даргын дэргэд ажиллана.”, 3.4.4-т “ТҮЦ, улирлын чанартай түр, сүүдрэвчтэй худалдаа, үйлчилгээ болон явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэгийн байршлыг тогтоож, дүүргийн Засаг даргын захирамжаар батлуулах;”, 8.1.15-т “ТҮЦ эрхлэгчид нь инженерийн шугам сүлжээ, зам, талбайд засвар, тохижилтын ажил хийх үед эрх бүхий байгууллагаас өгсөн мэдэгдлийн дагуу газрыг чөлөөлөх;10.2-т “Энэ журмыг 3-аас дээш удаа зөрчсөн, холбогдох хууль тогтоомж, стандарт, тавигдах шаардлагыг хангаагүй, зөрчлийг арилгуулах талаар өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд ... дүүргийн Засаг дарга дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхэлж буй ТҮЦ /түргэн үйлчилгээний цэг/-ийн байршлыг тогтоох ба мэдэгдлийн дагуу газрыг чөлөөлнө.” гэж заажээ.

7.Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө. гэж, 60 дугаар зүйлийн 60.1-д “Газартай холбогдон үүссэн дараахь маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ”, 60.1.2-т “Газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга” гэж заасан.

Нэхэмжлэгч нь зохих зөвшөөрөлгүйгээр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд автобусны буудал дээр ТҮЦ /түргэн үйлчилгээний цэг/ ажиллуулдаг болох нь тогтоогдож уг зөрчилдөө торгох шийтгэл хүлээсэн, харин уг газрыг чөлөөлөх тухай мэдэгдлийг дээрх хууль, журамд заасны дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэхээр байна.

8. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн 2102000021 дугаар газар чөлөөлөх тухай албан даалгавар нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж заасанчлан өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар гарсан байх тул илт хууль бус захиргааны актад тооцогдох үндэслэлтэй байна.

9.Нэхэмжлэгч С.А********* нь Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, автобусны 6 дугаар буудал дээр ТҮЦ /түргэн үйлчилгээний цэг/ ажиллуулж, нийтийн эзэмшлийн зам, талбайд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигладаг болох нь тогтоогдсон бөгөөд энэхүү шийдвэрээр С.А*******ын зөвшөөрөлгүй газар ашигласан зөрчлийг зөвтгөөгүй харин Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч эрх хэмжээнийхээ хүрээнд маргаан бүхий газар чөлөөлөх албан даалгаварыг гаргасан эсэхийг хянаж дүгнэлт өгсөн болохыг дурдах нь зүйтэй.

10.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн 2102000021 дугаар газар чөлөөлөх тухай албан даалгавар илт хууль бус акт болохыг тогтоож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 60.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.3заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.А*********ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн 2102000021 дугаар газар чөлөөлөх албан даалгавар илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1,
48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн
тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас
70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.АДЪЯАСҮРЭН