Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 132/ШШ2019/00326

 

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 132/ШШ2019/00326

Булган аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “*******” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг дахь *******т холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2019/00286/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******гийн *******,

Хариуцагч байгуулллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******-*******ын *******,

Хариуцагч байгуулллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******ийн *******,

Шинжээч: Д., нарийн бичгийн дарга Ж.Ариунжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 485 дугаартай захирамжаар ******* ХХК-иас 100 000 000 төгрөгийг гаргуулж Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд олгуулахаар шийдвэрлэсэн юм. Булган аймаг дахь ******* нь дээрх шийдвэрийг биелүүлэх хүрээнд тус газрын тасгын дарга А.*******аас 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр манай компанид ирүүлсэн мэдэгдлийн дагуу бид албадан дуудлага худалдаанд оруулах хөрөнгөнүүддээ үнийн санал явуулсан билээ. Нэхэмжлэгч тал энэ үнийн саналыг зөвшөөрөөгүй тул тус хөрөнгөнүүдэд үнэлгээ хийлгэхээр үнэлгээний компанид ханджээ. “” ХХК-ийн хийсэн үнэлгээтэй бид танилцсан. Газрын хувьд 2017 оны 207 дугаар тогтоолоор батлагдсан 182 дугаар тогтоолыг үндэслэн газрын дуудлага худалдааны анхны үнээр болон одоогийн зах зээлийн ханшаар гэж 2 янзаар бодолт хийж үнэлгээг хийсэн нь бодит үнэлгээ болж чаджээ. Харин энэ үнэлгээний үл хөдлөх хөрөнгөн дээр /үйлчилгээний зориулалттай 264,6 мкв барилга, агуулахын зориулалттай 327,3 мкв барилга/ хийсэн үнэлгээг бид албан ёсоор хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

Үнэлгээчний гол зорилго нь захиалагчийн үнэлүүлж байгаа үл хөдлөх хөрөнгө болон газрын өнөөгийн зах зээлийн өртөгийг тодорхойлоход оршино. “Зах зээлийн өртөг гэдэг бол хөрөнгө, түүний шинж чанар, эрэлт, нийлүүлэлт, ашиг орлого, ирээдүйн боломжийн талаар тодорхойлсон мөнгөн дүн юм. Зах зээлийн өртөгийг тодорхойлохын тулд тухайн үл хөдлөх хөрөнгийг барьж байгуулахад зарцуулагдсан нөөц, мөн түүнийг ашиглах явцад гарсан элэгдэл хорогдол, ирээдүйд олж болох ашгыг тооцоолж, тэдгээрийг харьцуулсны үндсэн дээр зах зээлийн дундаж үнийг гаргана. Үнэлүүлж буй обьектын өртгийн дүгнэлтийг гаргахдаа эрэлт хэрэгцээний өөрчлөлтийг орлуулах, хувьсах порпорцын, туйлын бүтээмжийн, хамгийн эрчимт ашиглалтын, орчин тохирох, хүлээлтийн зэрэг үнэлгээний гол зарчмуудыг баримталж, зардлын болон орлогын, зах зээлийн хандлагын аргуудаар тус тус тооцон гаргаж, эцэст нь хооронд нь харьцуулж байж тухайн обьектын зах зээлийн өртөгийг гаргах ёстой. Гэтэл энд уг үнэлгээчин нь зөвхөн өртгийн хандлагын аргыг сонгон уг обьектын зах зээлийн үнийг тогтоосон нь зүйд нийцэхгүй байна. Мөн энэ аргыг сонгохдоо шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу сонгосон гэсэн нь шинжээч аль нэг талд үйлчлэхгүй хараат бус байх зарчмыг зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ үнэлгээ нь амьдралаас тасархай, үндэслэлгүй үнэлгээ болсон байна гэж бид үзэж байна. Жишээ нь: 1990 онд баригдсан үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 264.6 мкв 8 өрөө бүхий барилгыг 47,6 сая төгрөгөөр, 20-30 тн ногоо хадгалах зориулалттай газар доорх ногооны зоорийг 5,5 сая тагрөгөөр, 327,3 мкв талбайтай одоо ашиглагдаж байгаа, цаашид 20-40 жил бүрэн ашиглагдах боломжтой агуулахын барилгыг л гэхэд дөнгөж 13,1 сая төгрөгөөр үнэлсэн нь амьдралаас хэт тасархай, хүний эд хөрөнгийг дэндүү санаатай гэмээр доош нь хийсэн харагдаж байна. Энэ үнэлсэн хөрөнгөөр эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг одоо барьж байгууллаа гэхэд газар шорооны ажилд нь ч бараг хүрэхгүй шахам мөнгө юм.

Иймд бид ХХК-ийн хийсэн үнэлгээг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Булган аймаг дахь ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 485 дугаар шүүгчийн захирамжаар “******* ХХК-иас 100,000,000 төгрөг гаргуулж Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төпбер төлөпн "*******" ХХК-ийн барьцаа хөрөнгө болох Булган аймаг, Булган сумын 5 дугаар баг, хуучнаар бөөний бараа баазын хашаанд байрлах дараах үл хөдлөх хөрөнгүүд

1. дугаар бүхий 327.3 м2 талбайтай чулуун агуулах,

2. дугаар бүхий 52 м2 талбайтай цайны газрын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

3. дугаар бүхий үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 264,6 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгө,

4. дугаар бүхий 50 м2 ногооны зоорь,

5. Нэгж талбарын дугаар бүхий 13457м2 талбай бүхий газар 4 тал хашааны хамт битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар хөрөнгийн үнийн саналыг ирүүлэхийг 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 3/293, 3/292 дугаартай албан бичгээр талуудад мэдэгдсэн. Төлбөр төлөгч “*******” ХХК нь зээлийн барьцаа болох үл хөдлөх хөрөнгүүдээ 239 000 000 төгрөгөөр үнэлэх санал өгсөн ба төлбөр авагч Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас тус газарт 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1/279 дугаар албан бичгээр үнийн санал өгөхөөс татгалзаж шинжээч томилуулах хүсэлтээ ирүүлсэн. Талууд үл хөдлөх хөрөнгийн үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-д заасны дагуу 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 18040273/23 дугаартай тогтоолоор “ ХХК-ийг шинжээчээр томилж эрх үүргийг танилцуулж тэмдэглэл үйлдсэн. Шинжээчийн үнэлгээний тайланг 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч тэмдэглэл хөтөлсөн ба 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр төлбөр авагч жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, төлбөр төлөгч "*******" ХХК-нд  тус тус мэдэгдэх хуудсаар мэдэгдэн, дүгнэлтийг танилцуулж, эрх үүргийг нь тайлбарлан, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтлөн ажилласан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйл, Иргэний хуулийн 175 дугаар зүйл, мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар явуулж хөрөнгийн үнийг тогтоосон нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 485 дугаартай захирамжаар ******* ХХК-иас 100 000 000 төгрөгийг гаргуулж жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд олгуулахаар шийдвэрлэсэн юм. Үүний дагуу Д.******* миний нэр дээр байдаг үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан. Эдгээр хөрөнгүүд дээр шүүхийн шийдвэрийн дагуу дуудлага худалдаа явуулахаар болж хөрөнгүүдээ зах зээлийн үнэлгээнд дүйцүүлж үнэлгээ гаргасан. Бидний зүгээс хөрөнгүүдээ 239 000 000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл хариуцагч тал энэхүү үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй мэргэжлийн шинжээчээр үнэлгээ хийлгүүлэх хүсэлт гаргасан. Үүний дагуу хариуцагч байгууллага ХХК-нд компанид хандаж үнэлгээ хийлгэсэн. 1980-аад оны сүүлчээр баригдсан Булган аймгийн Бөөний бараа бааз /хуучнаар/ гэх газрын объёктыг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ барилга нь ашиглалтын хугацаа дуусаагүй, цаашид 50-60 жил ашиглах боломтой барилга юм. Уг барилгууд нь агуулах 327.3 мкв, 264.6 мкв бүхий оффисын зорилалттай барилга, зоорь, 1.3 га газар бүхий объёкт юм. Энэ компани үнэлэхдээ нийт  204 434 500 төгрөгөөр үнэлсэн. Бидний зүгээс газрыг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэл гаргаагүй. Цайны газрын зориулалттай барилгыг бид 2 000 000 төгрөгөөр үнэлж өгсөн. Агуулахын зориулалттай барилгыг 13 185 000  төгрөгөөр үнэлсэн. Энэ агуулах нь ашиглагдаж байгаа, цаашид ашиглах боломжтой барилгыг ийнхүү үнэлсэн нь үндэслэлгүй юм. Мөн 264.6 мкв вакум цонхтой, сантехникийн холболт бүрэн хийгдсэн барилгыг 47 613 929.16 төгрөгөөр үнэлсэн. Энэ үнэлгээг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд “ХХК-ийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн дугаар захирамжаар “******* ХХК-иас 100 000 000 төгрөг гаргуулж Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэсэн. 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр төлбөр авагч талаас хүсэлт гаргасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Төлбөр төлөгч төлбөрийг хугацаандаа гүйцэтгээгүйн улмаас манай байгууллага 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр эд хөрөнгийг битүүмжилсэн. 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр эд хөрөнгө хураах тогтоол үйлдэж, эд хөрөнгүүдийг хураасан. 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр талуудаас үнийн санал авсан ба төлбөр төлөгч тал 239 000 000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр авагч тал энэ үнийн саналтай санал нийлэхгүй тул шинжээч томилж өгөхийг хүссэн. Ингээд  ХХК-ийг шинжээчээр томилсон ба шинжээч 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр үнэлгээний тайланг манай байгууллагад ирүүлсэн. Талуудад энэхүү үнэлгээний тайланг танилцуулсан ба төлбөр төлөгч хуульд заасан хугацаандаа гомдлоо гаргасан. “  ХХК-ийг Булган аймагт салбартай болохоор нь сонгосон. Орхон аймгийн үнэлгээний байгууллагууд Булган аймагт ирэхээс цаараглах тохиолдол гардаг, мөн замын зардлыг хэмнэх үүднээс орон нутагтаа байгаа байгууллагыг томилсон. Үнэлгээ ямар нэгэн хууль зөрчсөн зүйлгүй, үнэн зөв гарсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шинжээч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөрөнгийн үнэлгээг хийхэд хөрөнгийн үнэлгээний өдөр чухал байдаг. Тухайн өдрөөс хойшхи хууль дүрмийг мөрдөх ёстой гэдгээрээ онцлог юм. Шийдвэр гүйцэтгэгч Э.*******ын 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэгчийн хамт тухайн хөрөнгүүд дээр очиж үзлэг хийсэн. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч агуулах болон ажлын газрын  байрыг бага үнээр тогтоосон гэж байна. Үүнд тайлбар хэлье. 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар тогтоолыг үндэслэн чулуун агуулахын мкв талбайн нэгжийн үнээр тооцоолсон. Барилгын хийц нь чулуу биш өөр хийцтэй байсан бол үнэлгээ нь мөн өөр байх байсан. Тухайн барилгын элэгдлийг тооцож, насжилт нь дууссан ч нөхөн сэргээлт хийснийг тооцож 13 585 862 төгрөгөөр үнэлсэн. Эдгээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 2011 он гэсэн байсан боловч холбогдох хүмүүсээс асуухад 1958-1959 оны хооронд баригдсан барилга гэж хэлсэн. Ажлын байрны зориулалт бүхий барилга нь инжинерийн шугам сүлжээнд холбогдсон байсан. Гэхдээ түүнийг холбох уурын зуухын тогоо байгаагүй. Анх нэхэмжлэгч байгууллагын ажлын оффисын барилга 86 570 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Үүнээс 50 жил ашиглах ёстойгоос 28 жил ашиглах хугацаа үлдсэн гэж тооцож 38 956 000 төгрөгөөр үнэлсэн. Энэ ашигласан хугацааг шулуун шугамын аргаар тооцоолсон. Бид 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 тоот тушаалыг үндэслэн нэгж, нормативын үнэлгээг гаргасан. Чулуун агуулахын    хувьд 1 мкв үнийн дүн 119 000 төгрөг, өөр хийцтэй бол нэгжийн үнэ нь 564 540 төгрөгөөр тооцох  байсан болохоор үнийн зөрүү их гарсан гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Булган аймаг дахь *******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Булган аймаг дахь  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 485 дугаартай захирамжаар “*******” ХХК-иас 100 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн Монгол Улсын Аж үйлдвэрийн яамны жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийн шаардлага бүхий хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 485 дугаартай захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байх ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор төлбөр төлөгчийн эзэмшлийн дугаартай 327.3 м2 талбайтай чулуун агуулах, дугаартай 58 м2 талбайтай цайны газрын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, дугаартай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 264.6 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгө, дугаар бүхий 50 м2 ногооны зоорь, нэгж талбарын дугаартай 13457м2 газрыг битүүмжлэх, хураах зэрэг ажиллагааг хийжээ.

Төлбөр төлөгч нь дуудлага худалдаанд оруулах үнийн саналыг 239 000 000 төгрөгөөр өгсөн, төлбөр авагч хэт өндөр үнэ гэж маргасан нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, улмаар шинжээч томилох тухай 18040273/23 тоот тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “” ХХК-ийг шинжээчээр томилжээ.

Шинжээч нь 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дүгнэлтээр дугаартай 327.3 м2 талбайтай чулуун агуулахыг 13 185 862.71 төгрөгөөр, дугаартай 58 м2 талбайтай цайны газрын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 3 521 149.11 төгрөгөөр, дугаартай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 264.6 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийг 47 613 929.16 төгрөгөөр, 0405002168 дугаар бүхий 50 м2 ногооны зоорийг 5 543 559.51 төгрөгөөр, нэгж талбарын дугаартай 13457м2 газрыг 134 570 000 төгрөгөөр үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт...үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно, 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасан хөрөнгийн үнэлгээний олон улсын болон үндэсний стандартад нийцүүлэн энэ хуульд заасан журмын дагуу хөрөнгийн үнэлгээ хийх аргыг бие даан сонгох гэж заасныг баримталсан байна.

Өөрөөр хэлбэл, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлохдоо Үнэлгээний олон улсын стандартууд болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан зах зээлийн хандлагыг ашиглан үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан зах зээлийн үнийг тогтоосон, үнэлгээ үндэслэлтэй гэж дүгнэлээ. Зах зээлийн үнээс хэт доогуур үнэ тогтоосон гэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, шийдвэр гүйцэтгэгч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан журмыг зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг баримтлан Булган аймаг дахь *******т холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                О.ОДОНЧИМЭГ