Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2020/00596

 

“О..” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн          

          2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 132/ШШ2019/00326 дугаар шийдвэр,

          Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 15 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: “О..” ХХК

          Хариуцагч: Булган аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

          Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Батжаргалын гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунгэрэл, нарийн бичгийн даргад Б.Уранзаяа нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016-09-05-ны өдрийн 485 дугаартай захирамжаар О.. ХХК-с 100сая төгрөгийг гаргуулж Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих санд олгуулахаар шийдвэрлэсэн. Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шийдвэрийг биелүүлэх хүрээнд тус газрын тасгын дарга А.Хонгорзулаас 2019-04-04-ний өдөр манай компанид ирүүлсэн мэдэгдлийн дагуу бид албадан дуудлага худалдаанд оруулах хөрөнгөнүүддээ үнийн санал явуулсан билээ. Нэхэмжлэгч тал энэ үнийн саналыг зөвшөөрөөгүй тул тус хөрөнгөнүүдэд үнэлгээ хийлгэхээр Тольдох оюуны өгөөж үнэлгээний компанид ханджээ. Тольдох оюуны өгөөж ХХК-ийн хийсэн үнэлгээтэй бид танилцсан. Газрын хувьд 2017 оны 207 дугаар тогтоолоор батлагдсан 182 дугаар тогтоолыг үндэслэн газрын дуудлага худалдааны анхны үнээр болон одоогийн зах зээлийн ханшаар гэж 2 янзаар бодолт хийж үнэлгээг хийсэн нь бодит үнэлгээ болж чаджээ. Харин энэ үнэлгээний  үйлчилгээний зориулалттай 264,6 мкв барилга, агуулахын зориулалттай 327,3 мкв барилга/ хийсэн үнэлгээг зөвшөөрөхгүй байна. Учир нь: Үнэлгээчний гол зорилго нь захиалагчийн үнэлүүлж байгаа үл хөдлөх хөрөнгө болон газрын өнөөгийн зах зээлийн өртгийг тодорхойлоход оршино. Зах зээлийн өртөг гэдэг бол хөрөнгө, түүний шинж чанар, эрэлт, нийлүүлэлт, ашиг орлого, ирээдүйн боломжийн талаар тодорхойлсон мөнгөн дүн юм. Зах зээлийн өртгийг тодорхойлохын тулд тухайн үл хөдлөх хөрөнгийг барьж байгуулахад зарцуулагдсан нөөц, мөн түүнийг ашиглах явцад гарсан элэгдэл хорогдол, ирээдүйд олж болох ашгийг тооцоолж, тэдгээрийг харьцуулсны үндсэн дээр зах зээлийн дундаж үнийг гаргана. Үнэлүүлж буй обьектын өртгийн дүгнэлтийг гаргахдаа эрэлт хэрэгцээний өөрчлөлтийг орлуулах, хувьсах порпорцын, туйлын бүтээмжийн, хамгийн эрчимт ашиглалтын, орчин тохирох, хүлээлтийн зэрэг үнэлгээний гол зарчмуудыг баримталж, зардлын болон орлогын, зах зээлийн хандлагын аргуудаар тус тус тооцон гаргаж, эцэст нь хооронд нь харьцуулж байж тухайн обьектын зах зээлийн өртгийг гаргах ёстой. Гэтэл энд уг үнэлгээчин нь зөвхөн өртгийн хандлагын аргыг сонгон уг обьектын зах зээлийн үнийг тогтоосон нь зүйд нийцэхгүй байна. Мөн энэ аргыг сонгохдоо шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу сонгосон гэсэн нь шинжээч аль нэг талд үйлчлэхгүй хараат бус байх зарчмыг зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ үнэлгээ нь амьдралаас тасархай, үндэслэлгүй үнэлгээ болсон гэж үзэж байна. Жишээ нь: 1990 онд баригдсан үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 264.6 мкв 8 өрөө бүхий барилгыг 47,6 сая төгрөгөөр, 20-30 тн ногоо хадгалах зориулалттай газар доорх ногооны зоорийг 5,5 сая төгрөгөөр, 327,3 мкв талбайтай одоо ашиглагдаж байгаа, цаашид 20-40 жил бүрэн ашиглагдах боломжтой агуулахын барилгыг л гэхэд дөнгөж 13,1 сая төгрөгөөр үнэлсэн нь амьдралаас хэт тасархай, хүний эд хөрөнгийг дэндүү санаатай гэмээр доош нь хийсэн харагдаж байна. Энэ үнэлсэн хөрөнгөөр эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг одоо барьж байгууллаа гэхэд газар шорооны ажилд нь ч бараг хүрэхгүй шахам мөнгө юм. Иймд  үнэлгээг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

         Хариуцагч тайлбартаа: Шүүхийн шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлөх төлбөрт “О..” ХХК-н барьцаа хөрөнгө болох Булган аймаг, Булган сумын 5 дугаар баг, хуучнаар бөөний бараа баазын хашаанд байрлах дараах үл хөдлөх хөрөнгүүд 1. 327.3 м2 талбайтай чулуун агуулах, 2. 52 м2 талбайтай цайны газрын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 3. үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 264,6 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгө, 4. 50 м2 ногооны зоорь, 5. Нэгж талбарын 13457м2 талбай бүхий газар 4 тал хашааны хамт битүүмжлэн, хурааж ИХ-н 177.1-д зааснаар хөрөнгийн үнийн саналыг ирүүлэхийг 2019-04-04-ний өдрийн 3/293, 3/292 дугаартай албан бичгээр талуудад мэдэгдсэн. Төлбөр төлөгч О.. ХХК нь зээлийн барьцаа болох үл хөдлөх хөрөнгүүдээ 239сая төгрөгөөр үнэлэх санал өгсөн ба төлбөр авагч Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас тус газарт 2019-04-10-ны өдрийн 1/279 дугаар албан бичгээр үнийн санал өгөхөөс татгалзаж шинжээч томилуулах хүсэлтээ ирүүлсэн. Талууд үл хөдлөх хөрөнгийн үнийг харилцан тохиролцоогүй тул ШШГТХ-н 42, 55.2.2-д заасны дагуу 2019-04-11-ний өдрийн 18040273/23 дугаартай тогтоолоор Тольдох оюуны өгөөж ХХК-ийг шинжээчээр томилж эрх үүргийг танилцуулж тэмдэглэл үйлдсэн. Шинжээчийн үнэлгээний тайланг 2019-05-03-ны өдөр хүлээн авч тэмдэглэл хөтөлсөн ба 2019-05-06-ны өдөр төлбөр авагч жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, төлбөр төлөгч “О..” ХХК-д тус тус мэдэгдэх хуудсаар мэдэгдэн, дүгнэлтийг танилцуулж, эрх үүргийг нь тайлбарлан, санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтлөн ажилласан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулж хөрөнгийн үнийг тогтоосон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 132/ШШ2019/00326 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг баримтлан Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

         Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 15 дугаар магадлалаар Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 326 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

        Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Батжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  Бидний нэхэмжлэлийн холбогдогч нь Булган Аймгийн ШШГГ боловч бидний гол гомдол бол “Тольдох оюуны өгөөж” хэмээх ААН-ын манай үл хөдлөх хөрөнгөнд хийсэн үнэлгээг л хүчингүй болгох хүсэлт байгаа юм. ШШГГ нь хуулийн дагуу шинжээч томилон гүйцэтгэх ажиллагаагаа явуулж байгааг бид үгүйсгээгүй буруутгаагүй. Удаа дараагийн шүүх хурлын шийдвэрийг харахад ШШГГ нь хууль зөрчөөгүй, шинжээч томилон үнэлгээ хийлгэсэн гэсэн дүгнэлт л гараад байхаас биш “Тольдох оюуны өгөөж “ ХХК-ын манай үл хөдлөх хөрөнгөнд хийсэн үнэлгээ нь зөв бодитой болж уу? гэдэгт ямар ч дүгнэлт хийгээгүй байдаг. Иймд бидний нэхэмжлэлийн гол зорилго бол өөрсдийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг бодитоор зөв хийлгэхийн тулд өмнөх үнэлгээг хүчингүй болгох явдал юм.Энэ хэргийн талаар хэрэгт тодорхой авагдсан байгаа бөгөөд дахин нуршин дурдвал: Манай О..-ХХК-ны үл хөдлөх хөрөнгөнүүдэд үнэлгээг хийсэн “Тольдох оюуны өгөөж ХХК”-ны шинжээч Д.Отгонцагаан нь тухайн үл хөдлөх хөрөнгөнүүдийг үнэлэхдээ зардлын болон элэгдэл тооцсон орлуулалтын, өртгийн, зах зээлийн харьцуулалтын аргуудыг ашигласан гэж тайлан дээрээ тусгасан боловч эдгээр аргуудаар тооцсон тооцоолол нь байхгүй, ойлгомжтой бус, харьцуулсан харьцуулалт нь дутмаг байсан бөгөөд зөвхөн 2016-12-28-ны өдрийн 203-р тогтоол гэгчийг үндэслэн үнэлгээг хийсэн нь хөрөнгийн үнэлгээний гол гол шаардлагыг хангахгүй байна гэж бид үзэж байна. Д.Отгонцагаан энэ талаар шүүхэд гаргасан тайлбартаа ч зөвхөн дээрх тогтоолыг үндэслэн зөвхөн барилгын хийцийг харгалзан үнэлгээ гаргасан тухайгаа хэлсэн байдаг. Мөн тухайн барилгын баригдсан хугацааг тодорхойлж чадаагүй энэ талаар мэдээлэл авсан гэсэн боловч түүнийгээ нотлож чадаагүй, мэдээлэл авсан хүмүүс нь тодорхой биш, өөрийн санаагаар тухайн барилгын насжилтыг үндэслэлгүйгээр дууссан гэж үзэж энэ санаагаа хөрөнгийн үнэлгээндээ гол үндэслэл болгож насжилт нь дууссан гэж үзэн хямдхан үнэлсэн. Насжилт дууссан гэдгээ огтхон ч нотолж чадаагүй. Энэ үнэлгээ гэгчээр нь: одоо ашиглагдаж байгаа, цаашид 20- 30 жил бүрэн ашиглах боломжтой 327,3 мкв барилгыг дөнгөж 13 сая төгрөгөөр үнэлсэн нь насан туршдаа хөдөлмөрлөж бий болгосон хөдөлмөрийн үр шимийг минь үгүйсгэсэн, бидний хөдөлмөрөө үнэлүүлэх эрхийг хаан боогдуулсан хөнгөн хуумгай дүгнэлт болсон гэж бид үзэж байна. Бид 11 жилийн өмнө тухайн обьектоо мөн эрх бүхий аудитын компани-р үнэлүүлж байсан бөгөөд/ тэр үнэлгээ болон сүүлд хийгдсэн үнэлгээ бүгд хавтаст хэрэгт хавсрагдсан байгаа болно/ тэр үнэлгээ саяны энэ үнэлгээ 2 ын хооронд тэнгэр газар шиг их зөрөөтэй байгаад бид маш гайхаж байна. Зүй нь хөрөнгийн үнэлгээний гол гол аргуудыг ашиглаж тус тусад нь үнэлж гаргаад, дараа нь тэдгээрээ хооронд нь харьцуулж нэгдсэн нэг дүгнэлт гаргах нь хамгийн шударга үнэлгээ байх болов уу гэж бид бодож байгаа билээ. Өмнө нь хийсэн үнэлгээ ч яг ийм зарчмаар хийгдсэн байдаг. Иймд “Тольдох оюуны өгөөж” ХХК-н хийсэн үнэлгээг хүчингүй болгох буюу үнэлгээний хөлс 1,200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлэн Хяналтын шатанд гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

       “О..” ХХК 2019-05-09-ний өдөр Булган аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг шаарджээ.

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       “О..” ХХК-с 100 сая төгрөг төлөх талаар эвлэрснийг Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016-09-06-ны өдрийн 485 дугаар захирамж /хх101/-р баталсан боловч нэхэмжлэгч уг захирамжийг биелүүлээгүй, төлбөр төлөгдөөгүй нь тогтоогдсон байна.

       Төлбөр төлөгч хүчин төгөлдөр захирамжийг сайн дураар биелүүлээгүйгээс албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлж, дурдсан эд хөрөнгийг битүүмжлэн, хураасан нь тогтоогдсон байх бөгөөд энэ талаар зохигч маргаагүй болно. 

        Хураан авсан эд хөрөнгийн талаарх үнийн санал ирүүлэх мэдэгдлийг хариуцагчаас төлбөр төлөгчид хүргүүлэн, үнэлгээ хийх шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан ажиллагаа болно.

       Эрх бүхий этгээд үнэлгээ хийхдээ хууль зөрчсөн гэх байдал нотлогдоогүй, үнэлгээ бодитой болоогүй гэж үзэх баримт хэрэгт байхгүй, нэг аргачлалаар хийсэн үнэлгээний  зарим хэсгийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй байх бөгөөд шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн болон   Иргэний хуулийн 177 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

          Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээнэ. Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хянан шийдвэрлэнэ.

        Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан шаардлага, түүний үндэслэлийг баримтаар нотлож чадаагүй байх тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 116 дугаар зүйлийн 116.2,116.3-т нийцсэн байна.  

        Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримт, нэхэмжлэлийн шаардлага, зохигчийн тайлбарын талаар дүгнэлт хийхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг  хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 132/ШШ2019/00326 дугаар шийдвэр, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 15 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Батжаргалын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ