Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 131/ШШ2021/00057

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* *******т холбогдох

49.850.000 төгрөг, 605 ширхэг барилгын тулаас төмөр тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******, хариуцагч Т.*******, түүний өмгөөлөгч Б.Энхзаяа /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билэгжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Ж.******* би 2017 оны 08-р сарын 14-нд иргэн Т.*******ын хүсэлтээр (өөр барилга дээр ашиглахаар төлөвлөж байсан) сапуднаас 1000 \нэг мянга\-н ширхэгийг Т.*******т хөлслүүлсэн билээ. Эдгээр сапудыг инженер хүргүүлсэн буюу хүлээлгэн өгсөн юм. Нэг ширхэг сапудыг нэг өдрийн хөлслөх үнэ 100 \нэг зуу\ -н төгрөг байдаг бөгөөд энэ үнээр тохиролцсон болно.

Эд хөрөнгө хөлслөгч Т.******* нь манай барилгын сапуд буюу барилгын тулаас төмрийг одоог болтол хүлээлгэн өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл сапуд авч хэрэглээд 3 жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацааны хөлс төлбөрийг тооцвол 65.340.000 төгрөг болж байна. (605x100=60500x1080 хоног=65.340.000 төгрөг)

Гэвч барилга нь өөрөө улирлын шинжтэй, Т.*******тай найзын хувьд барилгад ашигласан хугацааг хэсэгчлэн тооцож эд хөрөнгө ашигласны хөлс 49.850.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн үлдэгдэл 605 ширхэг Солонгос сапудаа нэхэмжилж байна гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.*******   шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өнөөдрийн шүүх хуралдаан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Иргэн Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхой бичсэн байгаа. Тухайлбал Т.*******ын хүсэлтээр сапудаа хөлслүүлсэн байдаг. 2017 оны 08 дугаар сард Т.******* нь барилга барьж байсан тул сапудаа хэрэглүүлээч гэсэн хүсэлт тавьсны дагуу 1000 ширхэг сапудаа хөлслүүлсэн байдаг. Тухайн үеийн жишиг ханшаар өдрийн 100 төгрөгөөр тохиролцсон байдаг. Энэхүү үнийн санал болон хүсэл зоригийн илэрхийллийг Т.******* нь хүлээн зөвшөөрч хүлээн авсан байдаг. Үүнээс хойш хариуцагч сапудаа Ж.******* нь өөрөө хэрэглэхээр надад өгөх үү гэсэн санал хэд хэдэн удаа тавьсан боловч буцааж өгөөгүй тул шүүхэд хандсан. Үүний дараа 250 ширхэг сапудыг гэх хүнээс, 150 ширхэг сапудыг гэх хүнээс авсан. Нийт 395 ширхэг сапудыг авсан 605 ширхэг сапудыг одоог хүртэл өгөөгүй байгаа. Иймд эд хөрөнгө хөлсөлсний төлбөрийг 2017 оны 08 дугаар сараас 2017 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд ашигласан хугацааг 75 хоног гэж тооцсон. 2018 оны хаврын улиралд 115 хоног, 2019 онд 160 хоног, 2020 онд 200 хоног, үндсэндээ өвлийн улирлыг оруулалгүй хасаж тооцсон. Шүүхэд өгөхөөс өмнөх хугацаанд 640 хоног сапудыг хөлсөлж, хэрэглэсэн гэж хэрэгт дэлгэрэнгүй тооцож гаргаж өгсөн байгаа. Нийт мөнгөн дүн 49.850.000 төгрөг гэж тооцсон. Хариуцагч хариу тайлбартаа 1000 ширхэг сапудыг түрээслэн авч хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч мөнгөө төлөхөө илэрхийлсэн. Харин Зүүн шанд ХХК, RMB ХХК, Баялаг орд ХХК-д сапудыг авч түрээсэлсэн хугацааны мөнгийг төлөхгүй гэсэн. Эдгээр компаниудын ашигласан нь Ж.*******тай хамааралгүй, тухайн үед хөлсөлж байсан Т.*******тай холбоотой. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 Хариуцагч Т.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2017 оны 08 сард 5 давхар 30-н айлын орон сууцны барилга угсралтын ажил эхлэхдээ Ж.*******аас 1000 ширхэг сапуд 2017 оны 08 сарын 14-ний өдөр түрээслэн авч хэрэглэснээс хойш 2018 оны 06-р сард барилга угсралтын ажил бүрэн дууссаны дараа тус барилга дээрээс Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ЗДТГ-ын барилга руу Зүүн шанд ХХК, Баянхонгор аймгийн Өлзийт сумын ЗДТГ-ын барилга руу Баялаг Орд ХХК, Баянхонгор аймгийн Богд сумын соёлын төвийн барилга руу RMB ХХК нар нэхэмжлэгч Ж.*******т хэлсэн гээд тус тус авч явсан.

Иймд миний өөрийн түрээсэлсэн 1000 ширхэг сапудын тооцоо 2017 оны 08 сарын 14-ний өдрөөс 2018 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд /ашиглаагүй 10 сарын 20-ны өдрөөс 05 сарын 01-ний өдөр хүртэл улирлын чанартай хоногийг хасаж / нийт түрээсийн төлбөрөөс манайхаас авсан газ, тоосгоны үнийн дүнг хасаж төлбөрийг төлөх болно.

2018 оны 07 сарын 01-ний өдрөөс хойш сапудын түрээсийг Зүүн шанд ХХК, Баялаг Орд ХХК, RMB ХХК-иас тооцож гаргуулах, үлдэгдэл нэхэмжилсэн 605 ширхэг сапудыг Баялаг Орд ХХК, RMB ХХК нэхэмжлэгч Ж.*******т өгөх тул шийдвэрлэж өгнө үү.

Тулаас төмрийг 1 давхарт 15-20 хоног ашигладаг. Барилгын эхний үе шатанд л хэрэглэгддэг зүйл. Би 1000 ширхэг сапудыг Ж.*******аас очиж авахдаа Рэнцэнпэлжээгээс авч Ж.*******ын ашиглаж байсан 400 ширхэг сапудыг нэмж авсан ч би төлбөр төлөөгүй. Хэрэглэж дуусаад л өгөөд явуулсан. Найз нөхдийн харилцаагаар нэгнийгээ дэмжиж аливаа зүйлээр тусалдаг тул тэр байдлаараа л Ж.*******аас авсан. Гэрээ хэлцэл байгуулсан зүйл байхгүй. 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 25-ны хооронд 3 компани ирээд Ж.******* аваарай гэсэн гээд сапудыг ирж авцгаасан. Гэхдээ Ж.******* өгөөрэй гэж надад хэлээгүй. Би Гантулгаас 1500 ширхэг сапудыг бас аваад хэрэглээд өгсөн. Энэ байдлаар, найз нөхдийн хоорондын бие биедээ тус болдог байдлаар л надад сапудыг өгсөн гэж ойлгосон. Одоо 605 ширхэг сапуд нь надад байгаа, сапудыг нь хүлээлгэж өгнө, аваачаад өгье гэхээр шүүхээр шийдүүлсний дараа авна гээд хүлээж авдаггүй, би тэдгээр сапудыг нь харин харж хамгаалж байгаа. Иймд нэхэмжилсэн тулаасны түрээсийн мөнгийг бол зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхзаяа шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ:

Барьсан барилгыг улсын комисс хүлээж авсан баримтууд нь хэрэгт ямар ач холбогдолтой вэ гэсэн асуудал яригдаж байна. Нэхэмжлэгч нарын тайлбарлаж байгаа тайлбар, гаргаж өгч байгаа баримтуудыг үгүйсгэх баримт юм. Эд хөрөнгө хөлсөлсөн үү? Үнэ, шаардлагаа тохирсон уу? гэсэн шаардлагуудыг хэргийн материалуудаас харсангүй. Тулаас төмрөө хэрэглэж дуусаад, барилгаа барьж дуусгаад хүлээлгэж өгсөн нь харагдаж байгаа тул тэр тулаас төмрүүдийг удаан хугацаанд ашиглаагүй гэдэг нь харагдаж байна. Тэр газ авсан асуудал зэрэг нь ач холбогдолтой, эдний хооронд урьдын тогтсон харилцааны хэв маяг байсан гэдгийг харуулж байгаа юм. Иргэний хуулийн 3 дугаар зүйлд хэн ямар эрхтэйг заасан байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд ямар тохиолдолд хэрэг үүсгэх вэ гэдгийг зааж өгсөн байгаа. Иргэний хуулийн 8 дугаар зүйлд зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүссэн байхыг шаардсан байдаг. Эрх зүйн харилцаа нь гэрээ хэлэлцээр, тодорхой тохиролцоон дээр үүсэхийг зааж өгсөн байгаа. Мөн гэрээг амаар, бичгээр байгуулах зэргийг Иргэний хуулийн 43 дугаар зүйлд зааж өгсөн байгаа. Энэ болгон нэхэмжлэлийн шаардлагад байхгүй тул бид хариу баримтуудыг гаргаж өгч байна. Хууль шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахыг шаарддаг. Би нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуухад хугацаа тохироогүй гэсэн, гэтэл хугацаа тохироогүй зүйл дээр шаардах эрх үүсэх үү? Хөлсөлж байгаа үнээ тохироогүй байж миний эрх зөрчигдсөн гэж үзэж болохгүй. Хөлслөх үнээ тохироогүй бол шаардах хууль зүйн боломж олдох уу? Найз нөхдийн хувиар хариуцагч илүү үнэ бүхий зүйлээр тусалж байсан. 1000 ш сапудыг авсан уу гэдэг дээр асуудал үүссэн. Гэтэл авахдаа уламжлалт найз нөхдийн харилцаан дээрээ тулгуурлан авсан байдаг. Гэрээ байгуулаагүй, үнэ тохироогүй, шаардах эрхээ тодорхойлоогүй байж эрх зөрчигдсөн гэж үзэх нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд гэрээгээ өөрсдөө тодорхойлно гэсэн Иргэний хуулийн 189-р зүйлд заасан шаардлагыг хангахгүй байна. Өөрөө үнэ, хугацаа, шаардах эрхээ тодорхойлсон байгаа нь Иргэний хуулийг ноцтой зөрчиж байна. Авсан нь үнэн, хэрэглэсэн нь үнэн, дутуу байгаа нь үнэн түүнийг өгөхөө илэрхийлсэн. Үндэслэлгүй мөнгө шаардаж байна. Ямар гэрээ, ямар үндэслэлээр шаардаж байгаа нь тодорхойгүй байна. Манайхаас аваад хэрэглэсэн тулаас төмрөө өгөхөд бэлэн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн дэлгэцээр харуулж шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* нь Т.*******т холбогдуулан 49.850.000 төгрөг, 605 ширхэг барилгын тулаас төмөр тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Т.******* эс зөвшөөрч Найз нөхдийн журмаар Ж.*******аас 1000 ширхэг сапуд түр хэрэглэхээр авсан. Гэрээ хэлцэл байгуулсан зүйл байхгүй гэсэн тайлбар гаргаж маргажээ.

Т.******* нь 2017 оны 08 сарын 14-ны өдөр Ж.*******аас 1000 ширхэг сапуд /барилгын тулаас төмөр/-ийг барилгын ажилд хэрэглэхээр түрээсэлж авсан, 395 ширхэг сапудыг эргүүлэн өгсөн, 605 ширхэг сапудыг өгөөгүй байгаа болох нь зохигчдын шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар тогтоогдож байна.

Зохигчдын хооронд хийгдсэн дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний шинжийг агуулж байх тул зохигчдын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д: Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ, гэж заасны дагуу нэхэмжлэгч Ж.******* нь 1000 ширхэг сапудыг Т.*******т хүлээлгэн өгсөн тул түрээсийн төлбөрийг нэхэмжлэх эрхтэй боловч зохигчид нь барилгын тулаас төмрийг шилжүүлэхдээ түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй, амаар тохиролцон хүлээлцсэн байна.

Түрээсийн гэрээнд хуулиар хэлбэрийн шаардлагыг заасан ба Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т: Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ,

хуулийн 318.4-т: Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан.

Зохигчдын хооронд байгуулсан хэлцэл нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй болох нь хэрэгт цугларсан баримт болон зохигч талуудын хэн алины гэрээ хэлцэл бичгээр байгуулсан зүйл байхгүй, амаар тохиролцсон гэх тайлбаруудаар нотлогдож байна.

Нэгэнт хуульд заасан түрээсийн гэрээ байгуулах хэлбэрийн шаардлагыг хангаагүй тул дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэв.

Иргэний хуулийн 56-р зүйлийн  56.5-д:  Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэсэн заалтын дагуу өгсөн, авсан зүйлээ харилцан буцаалцдаг үр дагавартай.

Иймд Ж.*******ын нэхэмжлэлийн шаардлагаас 605 ширхэг сапуд /барилгын тулаас төмөр/ гаргуулах шаардлагыг хангаж, сапуд түрээслүүлсний төлбөр 49.850.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3, 318.4, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д тус тус зааснаар Ж.*******ын нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн төлбөр 49.850.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Т.*******аас 605 ширхэг барилгын тулаас төмрийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.*******т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 477.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******аас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т заасныг баримтлан энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ       Д.ОТГОНЧУЛУУН