Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2022/0819

 

 

 

  

      2022           11           07                                        128/ШШ2022/0819

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  К ф сХХК /РД: /,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ц

Хариуцагч: Сангийн яам,

Хариуцагч: М*** ТӨХК,

Хариуцагч: М*** ТӨХК-ийн тендерийн үнэлгээний хороо,

Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ж, Л.А,

Хариуцагч Сангийн яамны өмгөөлөгч: Т.Э,

Хариуцагч М*** ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Р, Л.Г,

Гуравдагч этгээд: М фХХК /РД:*******/

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Д,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Б.Х

Нэхэмжлэгч К ф сХХК-иас Сангийн яаманд холбогдуулан Сангийн яамны 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Гомдол хянасан тухай 03/5309 дугаар албан бичиг, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай 03/5929 дугаар албан бичгүүдийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох,

   М*** ТӨХК-ийн тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан Агаарын хөлгийн зорчигчийн үнэлгээний хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэл, зөвлөмжийг хүчингүй болгуулах,

М*** ТӨХК-д холбогдуулан М*** ТӨХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 01/1403 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулж, 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 01/1150 дугаар мэдэгдлийн дагуу К ф сХХК-тай гэрээ байгуулахыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагч М*** ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Р, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, түүний өмгөөлөгч Т.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, түүний өмгөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Нэхэмжлэгч К ф сХХК нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1.Сангийн яаманд холбогдуулан Сангийн яамны 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Гомдол хянасан тухай 03/5309 дугаар албан бичиг, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай 03/5929 дугаар албан бичгүүдийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох,

   1.2.М*** ТӨХК-ийн тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан Агаарын хөлгийн зорчигчийн үнэлгээний хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэл, зөвлөмжийг хүчингүй болгуулах,

1.3.М*** ТӨХК-д холбогдуулан М*** ТӨХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 01/1403 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулж, 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 01/1150 дугаар мэдэгдлийн дагуу К ф сХХК-тай гэрээ байгуулахыг даалгахаар маргасан. 

2.Шүүх хуралдааны явцад хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс нэхэмжлэгчийн гаргасан Сангийн яамны 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай 03/5929 дугаар албан бичиг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

          3.Хариуцагч М*** ТӨХК нь М***/202201092 дугаар Зорчигчийн үйлчилгээний кофе, цай нийлүүлэгчийг сонгох нээлттэй тендер шалгаруулалтыг 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр нээж, К ф сХХК уг шалгаруулалтад шалгаран гэрээ байгуулах мэдэгдлийг 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүргүүлсэн.

          Уг тендерт оролцогч М фХХК нь Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яамны 03/5309 дугаар албан бичгээр захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэн бөгөөд тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж, К ф сХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичгийг хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэн, тендерээс татгалзаж, М фХХК-ийг шалгаруулсан байна.

          3.Нэхэмжлэгч К ф сХХК нь хариуцагч М*** ТӨХК-ийн тендерийн үнэлгээний хорооны дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Монгол Улсын Сангийн яамны 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 03/5929 дугаар албан бичгээр хүлээн авах боломжгүй гэсний дагуу К ф сХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн.

          4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

          “Хариуцагч М*** ТӨХК-иас 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр мэйлээр М фХХК-г тендерт шалгарсан тухай М*** ТӨХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн 01/1403 тоот албан бичгийг ирүүлсэн мэдэгдэлд нэхэмжлэгчийн шалгараагүй үндэслэлийг тодорхой дурдаагүй ба зохих хууль тогтоомжийн дагуу нэхэмжлэгчид мэдэгдээгүй.

          Сангийн сайдын 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаар тушаалын хавсралтаар баталсан "Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сангийн бүрдүүлэх журам”-ын 4.2-т “Үнэлгээний хорооны хурал нийт гишүүдийн 75 хувиас багагүй ирцтэй хуралдсанаар хүчин төгөлдөр байна”, 4.9-т “Хуулийн 47.7-д зааснаар үнэлгээний хорооны шийдвэр хурлын тэмдэглэл” гэж заасан байдаг.

          Гэтэл үнэлгээний хорооны ирц 75 хувьд хүрэхгүй байхад, мөн дээрх журмын хавсралт хэсэгт заасан үнэлгээний хорооны дүгнэлтийг батлахыг үнэлгээний хорооны гишүүд дэмжих эсэхээ илэрхийлж, татгалзан бол татгалзсан үндэслэлээ бичиж тухайн шийдвэрийг гаргадаг. Тиймээс энэ журмыг зөрчиж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

          Түүнчлэн М фХХК-ийн шүүхэд ирүүлсэн тендерийг үзэхэд дараах чадвар шалгуур үзүүлэлт, шаардлагыг илт хангахгүй байхад үнэлгээ хийж, тус компанийг шалгаруулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.1-т "Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ” гэж заасантай зөрчилдөж байна.

          1.Тендерийн өгөгдлийн хүснэгт ТШЗ 18.2.5-т "Тохирлын гэрчилгээ" шаардсан байх боловч М фХХК нь ирүүлээгүй байна.

          2.Тендерийн өгөгдлийн хүснэгт ТШЗ 18.2.5-т "Санал болгож буй бараа, бүтээгдэхүүний төрөл тус бүр дээр дээж ирүүлнэ, мөн Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагын 3 дахь хэсэгт "Сав баглаа: 65-70гр хэмжээтэй зориулалтын шүүлтүүртэй уутанд /12смx15cм/ савлагдсан, түүний гадуур ус чийгний хамгаалалттай битүү уутанд битүүмжилсэн байна. Шүүлтүүр уут нь агаарын хөлгийн чанагч төхөөрөмжид зориулагдсан, халуун усны даралтыг тэсвэрлэх сайн чанарын материалаар хийгдсэн байна", 8е дэх хэсэгт "Хайрцаглалт ижил тоо хэмжээтэй, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал алдагдаагүй байх" хэмээн тус тус заасан.

          Мөн М фХХК нь Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагад дурдсанаас өөрөөр буюу 240 гр бүхий бүтээгдэхүүний дээж ирүүлсэн байх ба хэрэв тендерт шалгарсан тохиолдолд зориулалтын шүүлтүүртэй уутанд савлагдан нийлүүлнэ гэж ирээдүй цаг дээр бичсэн байна. Тодруулбал, сав баглаа нь агаарын хөлгийн чанагч төхөөрөмжид зориулагдсан, халуун усны даралтыг тэсвэрлэх сайн чанарын материалаар хийгдсэн эсэх нь тодорхойгүй буюу ямар сав баглаатай бүтээгдэхүүн нийлүүлэх болохоо нотлоогүй байх ба тэр нь нислэгийн шаардлага хангах эсэх нь эргэлзээтэй байна.

          3.Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагын 7 дахь хэсэгт "Химийн үзүүлэлтэд Гарал үүслийн гэрчилгээг ирүүлнэ гэж заасан байх боловч М фХХК нь ирүүлээгүй байна.

          4.М фХХК-ийн Бараа нийлүүлэлтийн хуваарь тодорхойгүй байдаг. Өөрөөр хэлбэл М фХХК-ийн ирүүлсэн тендерээс харвал гэрээ байгуулснаас хойш сар бүрийн эхний 7 хоногт 32,000 ширхэгийг буюу 12 сарын хугацаанд 384,000 ширхэгийг нийлүүлнэ гэж ойлгогдож байна. Харин тус хуваарьт нийт нийлүүлэх ёстой 32,000 ширхэгээс сар бүрийн эхний 7 хоногт яг хэдэн ширхэгийг нийлүүлж, нийлүүлэлтийн тасралтгүй байдлыг хангах болохоо тодорхой заах ёстой байсан. Үүнээс үүдэн бараа нийлүүлэлттэй холбоотой эрсдэл захиалагчид үүсэхийг үгүйсгэхгүй юм.

          Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29.2-т заасан гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа гэрээ байгуулна гэснийг зөрчиж, М фХХК-тай 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байдаг.

          Өөрөөр хэлбэл гэрээ байгуулах мэдэгдлийг 8 дугаар сарын 22-ны өдөр бүх оролцогчдод мэдэгдсэн гэдэг боловч яг үнэндээ 10 дугаар сарын 10-ны өдөр журам заасны дагуу мэдэгдсэн. Тэгэхээр ажлын 6-аас доошгүй өдрийн дараа гэдгийг зөрсөн. Мөн Сангийн яамд 8 дугаар сарын 29-ны өдөр гомдол гаргасан байхад гомдол гаргахаас өмнө буюу 8 дугаар сарын 25-ны өдөр М фХХК-тай гэрээ байгуулчихсан байсан.

          Үүнээс гадна Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, уйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.17-д зааснаар гэрээ байгуулахаас өмнө гүйцэтгэлийн баталгааг байршуулах ёстой байтал 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр байршуулсан байдаг. Гүйцэтгэлийн баталгааг хугацаанд байгуулаагүй тохиолдолд гүйцэтгэлийн баталгааг улсын орлого болгох, гэрээ байгуулах эрхээ хүчингүй болгох журамтай. Yнэлгээний хорооны ирц, шийдвэр холбогдох журмын шаардлага хангахгүй байгаа болон М фХХК нь тендерийн чадвар шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангахгүй байхад шалгаруулсан байх тул тус хорооны хурлын тэмдэглэл буюу шийдвэр, зөвлөмж болон М*** ТӨХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 19 өдрийн 01/1403 тоот мэдэгдлийг хууль бус гэж үзэж байна.

          Сангийн Яамны 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 03/5309 тоот албан бичгийг К ф сХХК-д огт мэдэгдээгүй. Бид М*** ТӨХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 01/1403 тоот мэдэгдлээс анх удаа мэдсэн бөгөөд 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Сангийн яам руу хүсэлт гаргаж, хуулбарыг олж авсан. Үүнээс гадна тус албан бичигт дурдсан К ф сХХК-ийн ирүүлсэн тендерийн материалыг хянан үзсэн 2 болон 3 дахь хэсгийг дараах үндэслэлээр үл зөвшөөрч байна. Үүнд:

          "Ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээний хуулбар ирүүлнэ” болон “Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний мэдээлэл ирүүлэх шаардлагатай” гэж заасантай нийцээгүй гэж үзсэн. Хөдлөх хөрөнгийн тухайд бичгээр гэрээ байгуулахаас илүүтэйгээр төлбөр төлсөн баримт нь худалдан авалтыг нотолж байдаг.

          Мөн тухайн худалдан авагчаас бараа бүтээгдэхүүн нийлүүлж буй тухай албан ёсны тодорхойлолт гаргаж өгсөн байдаг. Гэтэл тус шаардлагыг хангахгүй гэж үзсэн байна. "100 хувь арабика гэж заасныг Миний онцгой холимог нутагласан" гэж заасан нь шаардлагад нийцээгүй гэдэг. Гэтэл далайн түвшнээс 1500 метрээс дээш газарт гар аргаар ургуулж буй кофены сортыг арабика гэдэг ба аль улсад ургуулснаас хатуу, зөөлөн чанар нь өөр өөр байдаг. Тодруулбал 100 хувь арабика сортын Етиоп болон Вьетнам улсад ургасан ногоон кофег хуурч уухад тааламжтай амт гаргаж болох ба үүнийг холимог гэнэ.

          Түүнчлэн "Хадгалалт 2 жилээс багагүй гэснийг 1 жилийн хугацаанд хадгална" гэж заасан нь шаардлагад нийцэхгүй гэж үзсэн. Манай компани техникийн тодорхойлолтдоо "ногоон үр нь ургац хураалтаас хойш 3 жил хадгалах хугацаатай байдаг ба хуурч, боловсруулж, нунтагласнаас хойш 1 жилийн хугацаанд амт чанараа алддаггүй" гэсэн тайлбарыг оруулсан боловч харгалзан үзээгүй байна. Мөн "хууралт сайн чанарын шаргал GOLD шаралттай гэснийг гүн бор" гэж заасан нь нийцэхгүй гэж үзсэн байдаг. Гэтэл шаргал GOLD хууралт гэж огт байдаггүй ба шаргал өнгөөр хуурвал кофе түүхий болох юм. Энэ нь уусдаг кофений нэрийг оруулж ирсэн юм болов уу гэж харж байгаа. Харин Сангийн Яам нь гомдлыг хянахдаа кофены талаар шинжээч томилуулж болон холбогдох албан тушаалтнаас тодруулах эрх нь хууль болон журмаар олгогдсон байдаг. Иймд МУ-ын Сангийн Яам нь 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 03/5929 тоот Гомдол хянасан тухай албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү.

          2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр тендер нээж, манай компани шалгаран гэрээ байгуулах тухай 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 01/1150 тоот мэдэгдлийг 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр худалдан авах ажиллагааны цахим системээр болон мэйлээр тус тус хүлээн авсан.

          Захиалагч М*** ТӨХК нь 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 01/1150 тоот мэдэгдэлдээ оролцсон хоёр компанийг тус тус шаардлагад нийцсэн ба манай компанийн бага үнийн саналаар шалгаруулсан байдаг. Улмаар манай компани 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гүйцэтгэлийн баталгааг Голомт банканд байршуулж, гэрээний төслийг баталгаажуулан гүйцэтгэлийн баталгаа болон гэрчилгээний эх хувийг хавсарган М*** ТӨХК-д хүргүүлсэн.

          2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр М*** ТӨХК-д очихдоо тухайн гүйцэтгэлийн баталгаа болон гарал үүслийн гэрчилгээний эх хувийг эргүүлэн хүлээн авсан байдаг. Манай компанийн зүгээс нийлүүлэх бүтээгдэхүүний тасралтгүй байдлыг хангах үүднээс 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр кофены ногоон үр худалдан авах гэрээг Mtong trading ltd-тай байгуулж, 48.218 орчим ам долларын татан авалт хийсэн.

          2022 оны 8 дугаар сарын байдлаар гэрээнд заасан хуваарийн дагуу нийлүүлэх эхний 3 сарын чанадаг кофег хуурч, савлаж бэлтгэсэн байгаа болно. Гэтэл 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 18:15 минутад үнэлгээний хорооны нарийн бичиг н.Г*****/*******/-ээс "гомдол гарч гэрээ хийхээ түр хойшлуулсан” тухай мессеж ирсэн. Түүнээс хойш манай компани гэрээ байгуулахыг хүлээж байсан.

          Гэвч 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр мэйлээр М фХХК-г тендерт шалгарсан тухай “М***” ТӨХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн 01/1403 тоот албан бичигт дурдсан Сангийн Яамны 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 03/5309 тоот албан бичиг болон дахин үнэлгээгээр шалгарсан М фХХК-ийн ирүүлсэн тендерээс ил болгох материалыг танилцуулахыг М*** ТӨХК-д 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр албан бичгээр хүссэн.

          Гэвч М*** ТӨХК-ийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд бидэнд танилцуулаагүй бөгөөд худалдан авах ажиллагааны цахим системд тавигдаагүй болно. Харин захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагчийн хариу тайлбарын хавсралтаар оролцогч хоёр компанийн тендерийн материал ирсэн байдаг.

          Мөн М фХХК нь Сангийн Яаманд гомдол гаргах хугацааг хэтрүүлж гомдол гаргасан. Учир нь тендерийн тухай хуульд тэдний өдрөөс хойш гэсэн заалт байхгүй. Харин 5 өдрийн дотор гомдол гаргана гэж байдаг. "Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам"-ын 4.1-т "Тендерт оролцогч нь хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан асуудлаар үндэслэл бүхий гомдлыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаа /цаашид "Сангийн яам" гэх/-д гаргана.

          Тендерт оролцогч захиалагчийн шийдвэрийн эх хувийг хэзээ хүлээн авснаас үл хамааран шийдвэрийг цахим системд байршуулсан өдрөөс гомдол гаргах хугацааг тооцно" гэж заасан байдаг. Тэгэхээр захиалагчийн шийдвэр гараагүй байхад гомдол гаргасан, мөн 5 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна.            

        Түүнчлэн 2022 оны 8 дугаар сарын 19-ны өдөр дахин үнэлгээ хийхдээ М фХХК нь тендерийн чадвар шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангахгүй байхад үнэлгээ хийж, тус компанийг шалгаруулсан.

          Хэрэв манай компанийг Сангийн Яамны 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 03/5309 тоот гомдол хянасан тухай актад дурдсан  хоёр зөрчил гаргасан гэж үзвэл тэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөө үзүүлэх хэмжээний зөрчил биш гэж үзэж байна.

          Мөн дээр дурдсан захиалагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс гадна нь Сангийн Яам нь манай компанийн гаргасан гомдлыг хуулийн дагуу хянаж шийдвэрлээгүй нь манай компанийн "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай" болон бусад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу асуудлаа шударгаар шийдвэрлүүлэх эрх, бодит үнэнийг тогтоолгох, тендерт оролцох, тендерт шалгаран бараа нийлүүлэх эрхийг хөндсөн гэж үзэж гэж байна. Иймд М*** ТӨХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 01/1150 тоот мэдэгдлийн дагуу гэрээ байгуулахыг Захиалагч М*** ТӨХК-д даалгаж өгнө үү.

          М*** ТӨХК-д холбогдуулаад 2022 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн мэдэгдлийг 22-ны өдөр ирүүлсэн талаарх шуудангийн дардас байдаг. Мөн 22-ны өдөр албаны мэйлээр ирүүлсэн. Өөр бусад тохиолдлоор мэдэгдсэн зүйл байдаггүй. Тэгэхээр 19-ны өдрөө ирүүлээгүй гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Тэгэхээр хариуцагч М*** ТӨХК-ийн зүгээс андуурсан болов уу гэж үзэж байна.

          Хэрвээ 19-ны өдрөө мэдэгдсэн бол тухайн мэдэгдсэн нотлох баримтаа гаргаж өгөх ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэгч манай компанийн гүйцэтгэх захирал хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биечлэн ирэх боломжгүй байгаа. Гэхдээ шүүх хурлаас өмнө нарийн бичиг н.Г*****ээс ирүүлсэн зурвасыг скрийншот хийгээд хавсаргасан. н.Г***** нь Үнэлгээний хорооны өмнөх нарийн бичиг буюу 8 дугаар сарын 03-ны өдрөөр солигдоод н.О********* болсон байдаг. 8 дугаар сарын 24-ний өдөр н.О*********тай биечлэн уулзаж, манай компани яагаад шалгараагүй талаар, нөгөө компанийн материалыг ил болгоочээ гэж амаар хэлсэн.

          Гэтэл “би шинээр орсон болохоор сайн мэдэхгүй байна. Тодруулаад хэлье. Та албан бичгээр хандчих” гэсэн. Тэгээд би албан хүсэлтээ тухайн үедээ М*** ТӨХК-д гаргасан боловч одоог хүртэл материалыг гаргаж өгөөгүй. Манай компани 9 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргасан байдаг. Сангийн яамнаас 8 дугаар сарын 29-ны өдрийн манай гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүйгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Тиймээс 8 дугаар сарын 03-ны өдрийн албан бичигт холбогдуулаад нэмэлт тайлбар хийе. Хэрвээ эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээд байвал Захиргааны ерөнхий хуулийн 43.1 дэх хэсгийн дагуу “мэдэгдэнэ” гэж заасан байдаг. Хэдий журамдаа мэдэгдэх тухай заагаагүй байсан ч Захиргааны ерөнхий хуулийн дагуу мэдэгдэх боломжтой байсан гэж үзэж байна. Хэрвээ 8 дугаар сарын 03-ны өдрийн албан бичгийг манай компанид мэдэгдсэн байсан бол манайх яг ямар үндэслэлээр тухайн тендерийн шалгуур үзүүлэлтийг хангаагүй талаар мэдэх боломжтой байсан, тухайн албан бичигт холбогдуулаад шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн боломжтой байсан гэж үзэж байна.” гэжээ.          

           5.Хариуцагч Сангийн яамны өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Нэхэмжлэлийн хоёрдугаар шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай албан бичгийг хууль бус байсныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд хүлээн зөвшөөрч болох юм. Учир нь мэдэгдлийг 10 дугаар сарын 10-ны өдөр цахим системд байршуулсан гэдгийг хариуцагч нэхэмжлэгч аль аль нь хүлээн зөвшөөрч байна. Үүнээс хойш гомдол гаргах хугацааг тоолохоор нэхэмжлэгчийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй. Бүх ажиллагааг цахим системд шилжүүлэхтэй холбоотойгоор мэдэгдлийг тэр дор нь байршуулахгүй болохоор цаг хугацааны хувьд зөрүү гардаг. Дээрээс нь мэдэгдлийг байршуулснаар тендерт шалгарч байгаа этгээдийн тендерийг ил болгох үр дагавартай. Тэгэхээр нэхэмжлэгчийн ярьсан тендерт шалгарсан байсан, тендертэй танилцах боломжгүй байсан, гомдол гаргах хугацааг тоолох боломжгүй байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

          Нэхэмжлэгчээс өөрт холбогдож буй 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 03/5309 тоот албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагад тайлбарыг хэлье. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.3-д зааснаар хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлага ямар тохиолдолд гаргадаг вэ гэхээр шүүхэд уг асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргачихсан байгаад тодорхой ажиллагаа явагдаж байхад энэ акт хэрэгжсэн байх тохиолдолд хууль бус байсан болохыг тогтоолгох нь нэхэмжлэгчийн ашиг сонирхолд тодорхой нөлөө байгаа гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргах боломжтой байгаа. Тэгэхээр энэ нэхэмжлэлийн шаардлагыг 106.3.3 дахь хэсэгт заасны дагуу тогтоолгох нэхэмжлэгч өөрөө хараат бусаар гаргасан.

          Өөрөөр хэлбэл шүүх тодорхойлох боломжгүй нэхэмжлэгч өөрөө тодорхойлсон. Тиймээс энэ маргаж буй 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн албан бичиг нь энэ тохиолдолд хамаарахгүй гэж үзэж байна. Энэ гомдол хянан шийдвэрлэсэн албан бичиг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн дагуу урьдчилан шийдвэрлэх журмаар гарсан албан бичиг. Энэ шийдвэртэй холбогдуулаад эс зөвшөөрвөл шүүхэд нэхэмжлэл гаргах талаар тодорхой заасан байдаг. Тухайн компани энэ бичгийн талаар мэдсэн, мэдээгүй талаар маргаан гарч байна.

          Хэрвээ мэдсэн бол тухайн асуудлаараа шууд шүүхэд хандах ёстой болохоос биш энэ шийдвэр биелэгдсэний дараа Сангийн яамд урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хандах ёсгүй. Өөрөөр хэлбэл эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл тухайн асуудлыг хүчингүй болгоод шаардлагаа гаргасан бол шууд Сангийн яамтай шүүхдэж явах боломжтой байсан.

          Гэтэл тодорхой хэмжээнд нэхэмжлэгч нь хариуцагч М*** ТӨХК-ийн дахин гаргасан шийдвэрт холбогдуулан гаргасан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмыг хэрэгжүүлж байхад эцсийн байдлаар тендер шалгаруулалтын бүх хоёр үнэлгээний процессыг бүгдийг нь хамруулан маргаж байгаа нь нэхэмжлэгчийн яг ямар эрх зөрчигдөж байгаа нь ойлгомжгүй байна. Энэ 8 дугаар сарын 03-ны шийдвэр хэзээ хэрэгжсэн бэ гэхээр 8 дугаар сарын 19-ны өдөр хэрэгжсэн. 8 дугаар сарын 22-ны өдөр мэдсэн байсан ч тэр өдөр хэрэгжиж байсан. Одоо шүүхэд хэзээ нэхэмжлэл гаргаж байгаа вэ гэвэл 9 дүгээр сарын 05-ны өдөр. Тэгэхээр энэ 106.3.3 дахь хэсэгт заасан шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хэрэгжсэн байгаа тохиолдол бол манай 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн албан бичигтэй ямар ч хамааралгүй.

          Процессын хуулийн хувьд хэрэгжүүлэх боломжгүй асуудал байна гэж үзэж байна. Хоёрдугаарт нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж буй эцсийн шийдвэр яг хэзээ гарсан гэдэг нь тодорхойгүй байна. 8 дугаар сарын 19-ны өдрийн шийдвэр юм уу аль нь вэ гэдэг нь ойлгомжгүй байна. Шүүхэд бүгдийг нь хүчингүй болгохоор маргасан байна. Сөрөг нөлөөний хувьд Сангийн яамны 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэр бол одоо нэхэмжлэгчийн ямар нэг эрх ашгийг зөрчсөн тухай үйл баримт байхгүй.

          Захиалагчийн татгалзсан шийдвэр 8 дугаар сарын 19-ны өдрийн огноогоор гарчихсан, шүүх дээр хянагдаад явж байна. Тэгэхээр Сангийн яамны шийдвэр ямар нэг байдлаар нэхэмжлэгчид сөрөг нөлөө учруулаагүй, үүнийг хүчингүй болголоо гээд захиалагчийн 8 дугаар сарын 19-нд гаргасан шийдвэрт эрх зүйн нөлөөлөл үзүүлэхгүй, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны шийдвэр юм. Мөн бүр өмнөх үйл баримтыг нэхэмжлэгч ярьж байна. Тухайлбал, М фХХК-ийн 7 дугаар сарын 25-ны өдрийн гомдлыг гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн байхад хүлээн авсан гэж дурдаж байна. Сангийн яам хоёр дахь шаардлагыг хүлээн зөвшөөрөхдөө цахим систем дэх ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор захиалагч болон оролцогчдод бүгдэд нь мэдэгдэх үүднээс цахим системд оруулаагүй л бол гомдол гаргах хугацааг нь тоолохгүй байя гэсэн зарчмын шинжтэй 2022 оны Сангийн сайдын тушаалд орсон зарчмыг баримталсан.

          Энэ зохицуулалт нь М фХХК-ийн хариуцагчид ч мөн адил үйлчилнэ. Хэзээ цахим системд тухайн компанитай холбоотой нийтлэлийг нийтэлсэн байна тэр үеэс нь М фХХК-д холбогдох гомдол гаргах хугацаа тоологдоно.

          Хоёрдугаарт энэ М фХХК-ийн гаргаж буй захиалагчийн шийдвэр нь 2022 оны 7 дугаар сарын  18-ны өдрийн шийдвэртэй маргадаг бөгөөд 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөр огноолсон нь 7 хоног буюу ажлын 5 хоногийн дотор байна. Тэгэхээр энэ гомдлыг шийдвэрлэхдээ эрх зүйн үндэслэл баримталсан эсэх дээр маргаан байхгүй, тендерт оролцогч мөн хуульд заасан хугацааны дагуу гомдол гаргасан. Сангийн сайдын 2019 оны  131 дүгээр тушаалын дагуу гомдлыг үндэслэлтэй гаргана.

          М фХХК нь хэд хэдэн агуулга бүхий гомдол гаргасан. Уг гомдлыг үндэслэл тус бүрээр нь хянасан шийдвэр 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн албан бичиг. Нэгдүгээр үндэслэлийг “үндэслэлгүй байна” гэж дурдсан. Энэ юу вэ гэхээр 2019 оны жилийн эцсийн байдлаар алдагдалгүй ажилласан байх шаардлагыг захиалагч заавал байх шаардлагад заагаагүй бол энэ асуудлаар К ф сХХК-ийг шаардлага хангаагүй гэж үзэх боломжгүй гэдэг. 2, 3 дахь хэсэгтэй маргаж байна гэж үзэж байна. Ер нь бол тендер шалгаруулалтын баримт бичигт тодорхой шалгууруудыг захиалагч өөрөө заагаад энэ заасан асуудлаар тендерийн нээлтээс өмнө сонирхогч этгээд, өөр тендерт оролцогч эсвэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар гомдол гаргах эрх нь нээлттэй байдаг. Ингэж гомдол гаргахгүй явж байгаад тендер нээсний дараагаар тендерийн шаардлагын талаар маргаж байгаа нь зүйд нийцэхгүй. Гэтэл одоо яригдаж байгаа асуудлаар нэхэмжлэгч маргадаггүй.

          Тухайлбал, тендерийн шалгаруулалтад тавигдаж буй шаардлагыг хүлээн зөвшөөрч оролцчихоод тендерт оролцоод шалгаруулалт явагдсаны дараа гэрээний нөхцөл ирүүлэх үүргийг би хэрэгжүүлэх ёсгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Бусад бүх оролцогчдод гэрээ ирүүлэх үүргийг хүлээдэг. Санхүүгийн баримтууд байсаар байхад гэрээний хуулбараар татгалзлаа гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Энэ нь нөгөө талаасаа М фХХК ч гэсэн үндэслэлтэй гомдол гаргаж буй нөхцөл байдал үүсгэж буй хэлбэр.

          Учир нь тухайн компани ч гэсэн адилхан шаардлага тавигдаад түүний дагуу өөрөөс нь татгалзаад явж байхад яагаад нөгөө компаниас санхүүгийн баримтыг нь үзчихээд гэрээ байхгүй гэдэг үндэслэлийг хүлээн зөвшөөрөөд явах ёстой гэж. Ижил төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний мэдээлэл, мөн 100 хувь арабика гэж заасныг 100 хувь арабика гэж байдаггүй гэж тайлбарлаж байна. Хэрвээ үнэхээр тэгж үзэж байгаа бол уг асуудлаарх маргаан тендерээс өмнө явагдах ёстой. өөрөөр хэлбэл дэлхий дээр байдаггүй зүйлийг шаардаж байгаа нь өрсөлдөөнд боломжгүй зүйл гэдэг үндэслэлээр ч юм уу.

          Gold шаргал гэдэг дээр мөн адил. Магадгүй захиалагчид зөвлөгөө өгөх байдлаар хандах боломжтой. Захиалагч тендерийн баримт бичигт энэ талаар өөрчлөлт оруулах эрх нь нээлттэй. Энэ зүйл байдаггүй гэдэг нь өөрөөс нь татгалзах үндэслэл биш гэж маргаж байгаа тохиолдолд бусад компани энэ шаардлагыг гаргаагүй байхад гэрээ байгуулах эрх олгосон гэж маргавал илүү ач холбогдолтой.

          Гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд түдгэлзүүлсэн, түүнтэй холбоотойгоор мэдэгдэх үүрэг захиалагчид хадгалагдана. Захиалагч үүнийгээ мэдэгдсэн гэж үзэж байгаа. Гэхдээ мэдэгдсэн, мэдэгдээгүй гэдэг асуудал бол 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн албан бичгийн хүчин төгөлдөр байдал, түүний хууль ёсны байдалд нөлөөлөл үзүүлэхгүй. Энэ мэдэгдэл бол шүүхэд гомдол гаргах эрхийг хэрэгжүүлэх боломжоор хангаад явж байгаа.

          Тэгэхээр яг энэ мэдэгдсэн мэдэгдээгүй гэх асуудлаар нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол зөрчигдөж зүйл байхгүй гэж үзэж байна. Мөн эцсийн дүндээ бол 2022 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн албан бичиг нэхэмжлэгчид үр дагавар үүсгэж байгаа. Түүнтэй холбоотой урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмыг хэрэгжүүлэх нөхцөл нь бүрдээгүй байхад нэхэмжлэгчээс ирүүлсэн гомдлыг хүлээж аваад түүний огноогоор шийдвэрлэсэн нь  Сангийн яамны ил тод байдлыг хангахтай холбоотой журмыг зөрчсөн гэдэг үндэслэлээр хоёр дахь шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа болохоос биш ямар нэгэн байдлаар заавал гэрээ байгуулах ёстой байсан гэдэг үр дагаврыг үүсгэхгүй. Аль аль компанийн хувьд гомдлоо бичгээр гаргаад хянагдаад явах боломжтой.

          Сүүлд дурдсан жижигхэн хэмжээний зөрүү болохоор Сангийн яам үүнийг тодруулаад эсвэл өөрөөс нь асуугаад явж болно гэж байна. Ийм эрх Сангийн яамд байдаггүй. Энэ бол захиалагчийн бүрэн эрх байгаа. Тендерийн хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хүлээн зөвшөөрөх эрхийг захиалагчид олгосон байдаг. Энэ эрхээ хэрэгжүүлэх эсэхээ Сангийн яамны шийдвэрийн дараа М*** ТӨХК өөрөө шийдвэрлэх эрхтэй. Энэ шийдвэр нь татгалзах шийдвэр байсан гэж ойлгож байна. Тэгэхээр энэ эрхийг Сангийн яам хэрэгжүүлэх ёстой байсан гэж маргах нь үндэслэлгүй. Дараа нь өөрсдөөс нь тодруулах боломж байхгүй.

          Тендер шалгаруулалт бол хязгаартай баримт бичгийн хүрээнд явагддаг. Энэ хүрээнд захиалагчаас ирүүлсэн баримт бичигт тулгуурлан хянан шийдвэрлэдэг. Өөр этгээдийг, тендерт оролцогчдыг оролцуулах боломжгүй байдаг. Тийм байхад сонсох ажиллагаа явуулах нөхцөл үүсдэггүй. Бүх тохиолдол сонсох ажиллагаа хийхгүй. Энэ үндэслэлээр мөн адил Сангийн яамд хамаарахгүй гэж үзэж байна.

          Сангийн яамны мэдэгдэх процессын талаар яриад байна. Нэгдүгээрт, гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хариуцагч М*** ТӨХК нэхэмжлэгчид мэдэгдсэн. Тендер шалгаруулалт хэмжээ хязгааргүй үргэлжилдэг процесс биш. Хуульд заасны дагуу 30 хоногийн дотор үнэлгээ хийж, шаардлагатай бол Сангийн яамнаас 15 хоногоор сунгадаг.

          Тэгэхээр 45 хоногийн хугацаанд захиалагч эцсийн шийдвэрээ гаргах ёстой хуулийн зохицуулалттай. Тэгэхээр нэг сарын дараа 8 дугаар сарын 22-ны өдөр Сангийн яам хэрхэн шийдвэрлэснийг мэдэж байна гээд зүгээр байж байгаад эрхээ зөрчүүлсэн хүн шиг ярьж болохгүй. Учир нь тухайн компани аль аль этгээд нь худалдан авах ажиллагаанд оролцож байгаагийн хувьд хариуцлагатай байхаа хүлээн зөвшөөрч, тодорхой бизнесийн үйл ажиллагаанд оролцож байгаа учраас хариуцлагатай байх, эрэл хайгуул хийх, өөрийн эрх ашиг сонирхлоо хамгаалах, хуульд заасан хугацааг мэдэж байх ёстой. Энэ асуудлаар нэхэмжлэгч хариуцагчтай харилцаад явах эрх нь нээлттэй байхад мэдэгдээгүй гэж ярих нь үндэслэлгүй. Хоёрдугаарт, нэхэмжлэгчийн зүгээс 8 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдсэн үү, 22-ны өдөр мэйлээр мэдэгдсэн үү гэдэг нь одоо хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна. энэ нь шүүхэд нэхэмжлэл гаргах, гомдол гаргах зэрэг хугацаа тоолоход ач холбогдолтой.

          Тиймээс нийтэд нь цахим системд байршуулах талаар ярьж байгаа юм. Харин одоо энэ хугацааны талаар яриад байх ач холбогдолгүй. Одоо яригдаж байгаа нь хэд хэдэн албан бичгүүд дэх нөхцөл байдал байгаа. Жишээлбэл, М фХХК байсан уу, К ф сХХК байсан уу гэдэг нь чухал. Харин шаардлага хангаагүй нь ийм шалтгаантай байсан гэдгийг шүүх хянах боломжгүй. Яагаад гэвэл тендерийн баримт бичигтэй танилцаж байх явцад маргаагүй, хүлээн зөвшөөрч орсон учир захиалагчийн тогтоосон шаардлагын хүрээнд хянах нь үндэслэлтэй гэж үзэж байна.

          Тендерт ирүүлсэн материал болон тендерийн шаардлага хоорондын зөрүүг тайлбарласан нь заавал гэрээг тэр компанитай гэрээ хий гэсэн үг биш. Дахиж үнэл гэсэн үр дагавартай. Тийм байхад маргааныг ингэж сунжруулах нь ач холбогдолгүй гэж үзэж байна.

          Нэхэмжлэгч Сангийн яамны 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэр бол шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө буюу 8 дугаар сарын 19-ны өдрийн байдлаар хэрэгжээд дуусчихсан байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Тэгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.3 дахь хэсэгт заасан тогтоолгох шаардлагын хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл боломж байхгүй. Хоёрдугаарт 8 дугаар сарын 03-ны өдрийн албан бичиг бол гуравдагч этгээдээс ирүүлсэн гомдолд дурдсан үндэслэлийн хүрээнд хянан үзсэн.

          Ингэж тендерийн баримт бичигт юу гэж тусгагдсан байгаа, тухайн оролцогчийн тендерт юу гэж тусгасан байгаа энэ хоёрын зөрүүг гомдолд дурдсан үндэслэлийн хүрээнд хянан үзэхэд зөрүүтэй байсан учир хуулийн 55.3.1 дэх хэсэгт заасан үндэслэлийн хүрээнд шийдвэр гаргаж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн үндсэн дээр нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан шууд эрх зүйн үр дагавар үзүүлээгүй. Энэ шийдвэрээс болоод нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол зөрчигдөөд, татгалзсан юм шиг үр дагавар үүсэхгүй. Тиймээс Сангийн яамд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

          6.Хариуцагч М*** ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

           “М*** ТӨХК-иас зарласан М***/202201092 дугаартай "Зорчигчийн үйлчилгээний кофе, цай” нийлүүлэгчийг сонгох нээлттэй тендер шалгаруулалтыг 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр нээсэн ба К ф сХХК шалгаран гэрээ байгуулах мэдэгдлийг 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүргүүлсэн. Тус тендерт оролцогч М******* ХХК нь холбогдох хууль, журамд заасны дагуу Сангийн яаманд гомдол гаргасан ба 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 03/5309 дугаартай албан бичгээр захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг зохих журмын дагуу дахин хийхийг мэдэгдсэн.

          Сангийн яамны албан бичгийн дагуу тендерийг дахин үнэлэх талаар К ф сХХК-д мөн утсаар мэдэгдсэн болно. Дахин үнэлгээг хийхэд К ф сХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичиг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид хууль гэх/-ийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасан "энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ" гэсэн заалтыг үндэслэн тус тендерээс татгалзаж байгааг 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 01/1403 дугаартай албан бичгээр мэдэгдсэн.

          К ф сХХК нь ижил, төстэй бараа нийлүүлсэн тухай Голомт банкны мэдэгдэл ирүүлсэн боловч гэрээний хуулбар ирүүлээгүй нь тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн 18.2.5-д "Ижил, төстэй бараа нийлүүлсэн гэрээний хуулбар ирүүлнэ.", 18.6.4-д "Ижил, төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний мэдээлэл ирүүлэх шаардлагатай" гэж заасан баримт бичгийг ирүүлээгүй. Мөн чанадаг кофены техникийн тодорхойлолтод найрлага нь 100 хувь арабика орцтой, хадгалалт 2 жилээс багагүй байх гэж заасан байхад найрлага нь холимог нунтагласан орцтой, хадгалалт 1 жилийн хугацаанд гэж тус тус техникийн тодорхойлолтоос зөрүүтэй ирүүлсэн байх тул шаардлага хангаагүй гэж үзсэн.

          Сангийн яамны албан бичгийн дагуу тендерийг дахин үнэлэх талаар К ф сХХК-д утсаар мэдэгдсэн болно. Дахин үнэлсэн тендерийн үр дүнг худалдан авах ажиллагааны системд оруулах боломжгүй тул мэдэгдлийг мэйлээр болон шуудангаар 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүргүүлсэн. Нэхэмжлэгч нь мэдэгдлийг 2022 оны 8 дугаар сарын 22-нд хүлээн авсан талаараа нэхэмжлэл дээрээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Б.Отгоннамар руу тухайн өдөр утсаар ярьж, гомдол гаргах боломжтой эсэх талаар лавласан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

          Сангийн яамны 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 03/5144 дугаартай албан бичгээр гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлсэн бөгөөд энэ талаар нэхэмжлэгчид утсаар мэдэгдсэн. Дахин үнэлсэн тендерийн үр дүнг худалдан авах ажиллагааны системд оруулах боломжгүй тул 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 01/1403 дугаартай мэдэгдлийг мэйлээр болон шуудангаар хүргүүлсэн.” гэжээ.

          7.Хариуцагч М*** ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “М*** ТӨХК нь тендер шалгаруулалтыг 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр нээсэн ба К ф сХХК шалгарч, гэрээ байгуулах мэдэгдлийг 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүргүүлсэн байдаг. Тус шалгаруулалттай холбоотойгоор М фХХК нь 7 дугаар сарын 25-ны өдөр Сангийн яамд гомдол гаргаж 7 дугаар сарын 26-ны өдөр гомдлыг хянаж үзээд шаардлагатай баримт материалыг ирүүлэх, тендерийг түр түдгэлзүүлэх талаар мэдэгдсэн. Тус Сангийн яамны албан бичиг мэдэгдлийг хүлээж аваад 7 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч К*******” ХХК-д гэрээ байгуулах ажил түр зогссон шүү гэдэг байдлаар мэдэгдсэн.

        Сангийн яамны 8 дугаар сарын 03-ны өдрийн 03/5309 тоот албан бичгээр захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг зохих журмын дагуу дахин хийхийг мэдэгдсэн. Тус мэдэгдлийн дагуу дахин үнэлгээг хийхэд К ф сХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичиг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид хууль гэх/-ийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасан "энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ" гэсэн заалтыг үндэслэн тус тендерээс татгалзаж байгааг 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 01/1403 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Тус мэдэгдлийг 8 дугаар сарын 19-ны өдөр эх хувиар шуудангаар хүргүүлсэн байдаг.

          К ф сХХК нь ижил, төстэй бараа нийлүүлсэн тухай Голомт банкны зөвхөн тодорхойлох албан бичгийг ирүүлсэн нь гэрээний хуулбарыг ирүүлнэ гэх шаардлагыг хангаагүй. Мөн тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн 18.2.5-д "Ижил, төстэй бараа нийлүүлсэн гэрээний хуулбар ирүүлнэ.", 18.6.4-д "Ижил, төстэй бараа нийлүүлсэн туршлагыг нотлох гэрээний мэдээлэл ирүүлэх шаардлагатай" гэж заасан баримт бичгийг мөн ирүүлээгүй. Мөн чанадаг кофены техникийн тодорхойлолтод найрлага нь 100 хувь арабика орцтой, хадгалалт 2 жилээс багагүй байх гэж заасан байхад найрлага нь нэхэмжлэгчийн ирүүлсэн техникийн тодорхойлолтод холимог нунтагласан орцтой, хадгалалт 1 жилийн хугацаанд гэж тус тус заасан нь техникийн тодорхойлолтоос зөрүүтэй ирүүлсэн байх тул шаардлага хангаагүй гэж үзсэн. Сангийн яамны 8 дугаар сарын 03-ны өдрийн мэдэгдлийг мэдэгдээгүй гэсэн байдаг.

          7 дугаар сарын 26-ны өдөр Сангийн яамны тендерийг зогсоогоод гомдол гаргасан талаар нэхэмжлэгчид Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга утсаар мэдэгдсэн байдаг. Энэ талаар 8 дугаар сарын 19-ны албан бичгээр 8 дугаар сарын 22-ны өдөр мэдсэн гэж маргаж байна. Тэгэхээр 7 дугаар сарын 26-ны өдрийн гомдол гарсан талаар нэхэмжлэгч мэдсэн бол өөрсдөө тодруулаад Сангийн яамны 8 дугаар сарын 03-ны эцсийн шийдвэрийг мэдэх бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Иймд тендер шалгаруулалт хуулийн дагуу явагдсан, тендерт шалгарсан М фХХК-тай гэрээ байгуулсан нь хууль ёсны байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

          8.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага юу вэ гэхээр Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл болон зөвлөмжийг хүчингүй болгуулах гэсэн байна. Хурлын тэмдэглэл болон зөвлөмж нь бие даасан захиргааны актын шинжийг агуулдаггүй. Үнэлгээг хийсэн болохоос биш үр дагавар нь өөрөө албан бичгээр гарч буй мэдэгдэл байна.

          Өөрөөр хэлбэл захиалагч тухайн Үнэлгээний хорооны зөвлөмжийг хянаж үзээд гэрээ байгуулах, татгалзах эрх хэмжээ нь өөрт нь байх бөгөөд эцсийн үр дагавар нь албан бичгийн хүрээнд буюу мэдэгдэл гэж үзэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн урьдчилан шийдвэрлүүлэх журамтай холбоотой зохицуулалт 55.1 дэх хэсэгт байгаад байдаг. 9 дүгээр сарын 01-ны албан бичигтэй холбоотой шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн нь юуг тодорхой болгож байна вэ гэхээр хуульд заасны дагуу гомдлоо хянан шийдвэрлүүлэх боломж нь хэвээрээ байна гэж үзэхээр байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь юу вэ гэхээр 54.1.3 болон 109.2 дэх хэсэгт тус тус заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцөл байдал бий болсон гэж харж байна.

          Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг аваад үзэхэд нэхэмжлэгчийн яг ямар эрх, ашиг сонирхол хөндөгдсөн бэ? тухайн хөндөгдөж буй ашиг сонирхол нь хууль ёсных мөн үү биш үү гэдэг асуудал дурдагдаагүй байдаг. Гэтэл хуулийн маань зорилт нь захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсвэл зөрчигдөж болзошгүй хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалдаг.

          Тэгэхээр нэхэмжлэгч өөрөө зөрчигдөж буй эрх ашиг сонирхлоо тодорхойлох эрхтэй. Нэхэмжлэгч үүнийгээ тодорхойлоогүй учраас үндэслэлгүй юм гэж үзэж байна. Сангийн яамны 8 дугаар сарын 03-ны өдрийн албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоолгох гэсэн байна. Сангийн яам энэхүү албан бичгээр ямар үр дагавар үүсгэсэн бэ гэхээр М фХХК-ийн гомдлыг урьдчилан шийдвэрлэх журмын хүрээнд хянаж шийдвэрлээд хүргүүлж буй албан бичиг. Урьдчилан шийдвэрлэх журмаар нэгэнт гаргасан шийдвэрийг дахин хянуулахаар шүүхэд хандсан нь буруу гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулгуудыг харахаар өөрийнх нь хэрэгжүүлж буй үйл ажиллагаа нь 8 дугаар сарын 19-ны өдрийн яг энэ үр дагаварт хүргэж буй мэдэгдлийг 8 дугаар сарын 22-ны өдөр мэдсэн гэж үзээд 8 дугаар сарын 29-ны өдөр гомдлоо гаргасан байдаг. Гэсэн атал гуравдагч этгээд М фХХК-ийг 7 хоногийн дотор буюу ажлын 5 хоногийн дотор гомдол гаргаж байгаа нь буруу гэж дурдаад байдаг. Мөн дээрээс нь тендерийн баримт бичигт заасан гэрээ зайлшгүй шаардлагагүй, гүйлгээ хийсэнтэй холбоотой баримт бичиг байхад хангалттай гэж тайлбарладаг атлаа М фХХК-ийг зарим баримт бичгүүдийг гаргаж өгөөгүй гэж буруутгаж байна. Тэгэхээр өөрийнх хэрэгжүүлж буй үйл ажиллагаа нь шүүхээс хүсээд буй хөндөгдсөн эрх ашиг сонирхлоо хамгаалуулах гээд байгаа ашиг сонирхолтой нь харилцан адилгүй болоод байна. Тэгээд эдгээр баримт бичгүүдийг гаргаж өгөөгүй байдаг. Тиймээс энэ агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

          Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага М*** ТӨХК-тэй 7 дугаар сарын 18-ны өдрийн мэдэгдлийн дагуу гэрээ байгуулахыг даалгах гэж байгаа. Гэтэл захиалагч болон Үнэлгээний хорооноос К ф сХХК нь шаардлага хангаагүй гээд үзчихсэн учраас энэ талаар гэрээ байгуулах боломжгүй гэдэг агуулгаар нэхэмжлэлийн гурав дахь шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна.

          Нэхэмжлэгчээс М фХХК-ийг шалгаруулсан нь буруу гээд байдаг. Жишээлбэл, М фХХК гэдэг компани 32.000 ширхэг бараагаа хэзээ, хэрхэн, ямар хэмжээгээр нийлүүлэхээ тусгаж өгсөнгүй гээд байдаг. Гэтэл энэ нь хэзээ нийлүүлэх вэ гэдгийг М фХХК дангаараа тодорхойлох боломжгүй. М*** ТӨХК тухайн 32.000 ширхэг бараанаасаа хэчнээн ширхэгийг тухайн сардаа авах вэ гэдгийг захиална. Тухайн захиалгыг ажлын 7 хоногийн дотор нийлүүлнэ гэдгээ л бичсэн.

          Мөн дээрээс нь савлагааны талаар хэлэхэд чанагч төхөөрөмжид суурилагдсан шүүлтүүртэй уутанд савлагдана гэдгээ баримт бичигтээ тусгаад илэрхийлчихсэн. Үнэлгээний хорооноос үүнийг баримт бичигт нийцсэн гэж үзсэн. Тохирлын гэрчилгээ болон гарал үүслийн гэрчилгээг гаргаж өгөөгүй гээд байдаг. Гэтэл бодит байдал дээр М фХХК нь итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн гээд Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн албаны дүгнэлтийг хүртэл авсан байдаг. Өөрөөр хэлбэл тухайн шаардлагад нийцсэн баримт бичгүүдийг гаргаад өгчихсөн учраас үнэлгээний хороо үнэлгээгээ хийж шалгарсан.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

К ф сХХК-ийн нэхэмжлэлтэй Сангийн яам, М*** ТӨХК болон тус компанийн тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, М*** ТӨХК-ийн тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэл, зөвлөмж, М*** ТӨХК-ийн М******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 01/1403 дугаар мэдэгдлийг тус тус тендерийг дахин үнэлж, шийдвэрлэх хүртэл 1 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэв.

2. К ф сХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр шийдвэрлэсэн болно.

2.1.Сангийн яаманд холбогдуулан тус яамны 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Гомдол хянасан тухай 03/5309 дугаар албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн тухайд.

2.1.1.М*** ТӨХК-иас зарласан тендер шалгаруулалтад оролцогч М фХХК-иас уг тендерт шалгарсан К ф сХХК нь тендерийн баримт бичигт заасан шаардлага хангахгүй байгаа талаар гаргасан гомдлыг Сангийн яамнаас хянаад "К ф сХХК-ийн чанадаг кофены техникийн тодорхойлолтод найрлага 100 хувь арабика гэж заасныг Миний онцгой холимог нутагласан гэж,  Мөн "хууралт сайн чанарын шаргал gold шаралттай гэснийг гүн бор" гэж захиалагчийн техникийн тодорхойлолтоос зөрүүтэй ирүүлсэн байхад шаардлага хангасан гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй гэж үзэн тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг М*** ТӨХК-д 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 03/5309 дүгээр албан бичгээр /1 дүгээр хавтасны 212 дахь тал/ мэдэгдсэн.

2.1.2.Ингээд М*** ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А/242 дугаар тушаалаар тендерийн үнэлгээний хороог шинэчлэн байгуулж, үнэлгээний хорооны 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар /1-р хавтасны 70 дахь тал/ К ф сХХК, М фХХК-ийн тендерийг дахин үнэлж, М фХХК-ийг шалгаруулж, захиалагчид тус компанитай гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлж, захиалагчаас М фХХК-тай гэрээ байгуулсан байна.

2.1.3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3.”захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох;” гэж заасан.

2.1.4.Сангийн яамны 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Гомдол хянасан тухай 03/5309 дугаар албан бичгийн дагуу тендерийн үнэлгээг дахин явуулж, тендерт шалгарсан М фХХК-тай гэрээ байгуулагдаж хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчээс уг тендерийн үнэлгээ болон гэрээ байгуулах тухай шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргаж байгаа тул маргаан бүхий актыг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийг шийдвэрлүүлснээр нэхэмжлэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхүйц нөхцөл байдал үүсэхээргүй байна.

2.1.5.Тодруулбал, Сангийн яамны 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Гомдол хянасан тухай 03/5309 дугаар албан бичиг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.”Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ...“ гэж заасан чиг үүргийг хэрэгжүүлж гарсан акт бөгөөд уг актыг хууль бус байсан болохыг тогтоосноор маргаан бүхий үнэлгээний хорооны шийдвэр, захиалагчийн шийдвэрт нөлөөлөхгүй, түүнчлэн эдгээр шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгчээс маргаж байгаа болно.

2.1.6.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.”Нээлттэй тендер шалгаруулалтын тухайд тендер хүлээн авах эцсийн хугацааг 30 буюу түүнээс дээш хоногоор тогтооно.” гэж заасны дагуу Тендерийн үнэлгээг 30 хоногийн дотор хийж, шаардлагатай бол хуулийн 29.4.”Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 15 хоногоор сунгаж болно.” гэж зааснаар захиалагч дээд тал нь 45 хоногийн дотор шийдвэрлэх ёстой гэдгийг тендерт оролцогч мэдэх үүрэгтэй.

Түүнчлэн тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаас нэхэмжлэгчийн утсанд гомдол гарч Сангийн яаманд явуулсан тухай мэдэгдсэн талаар нэхэмжлэгч тайлбартаа дурдсан зэргээс үзэхэд Сангийн яамны 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Гомдол хянасан тухай 03/5309 дугаар албан бичгийг нэхэмжлэгчид мэдэгдээгүй гэх гомдол үндэслэлгүй.

            2.1.7.Шүүх хуралдааны явцад хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас Сангийн яамны 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай 03/5929 дугаар албан бичиг /1-р хавтасны 31 дэх тал/ хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Сангийн яамны 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 03/5309 тоот албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.2.М*** ТӨХК-ийн тендерийн үнэлгээний хороо болон захиалагч М*** ТӨХК-д тус тус холбогдуулан гаргасан үнэлгээний хорооны 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэл, зөвлөмж, захиалагчийн 01/1403 дугаар мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах, М*** ТӨХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 01/1150 дугаар мэдэгдлийн дагуу К ф сХХК-тай гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

2.2.1.М*** ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн А/242 дугаар тушаалаар /1-р хавтасны 62 дахь тал/ томилогдсон тендерийн Үнэлгээний хорооны 2022 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн хурлаар К ф сХХК, М фХХК-ийн тендерийг дахин үнэлж, М фХХК-ийг шалгаруулж, захиалагчид тус компанитай гэрээ байгуулах зөвлөмж /1-р хавтасны 65 дахь тал/ хүргүүлсэн байна.

2.2.2.М фХХК-ийг тендерт шалгарсан тухай М*** ТӨХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн 01/1403 дугаар албан бичгийг /1-р хавтасны 68 дахь тал/ К ф сХХК-д хүргүүлсэн боловч Монгол шуудан ХК-ийн магадлагаанд /1-р хавтасны 41 дэх тал/ 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр буцаагдсан талаар тэмдэглэгдсэн байна.

2.2.3.Түүнчлэн хариуцагч М*** ТӨХК нь М фХХК-ийг тендерт шалгарсан тухай 2022 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн 01/1403 дугаар албан бичгийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр цахим системд байршуулсан бөгөөд М фХХК-тай 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29.2-т “гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа гэрээ байгуулна.” гэснийг зөрчсөн, мөн хуулийн 5.1.17-д “гэрээ байгуулахаас өмнө гүйцэтгэлийн баталгааг байршуулах” гэснийг зөрчиж, 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр баталгааг байршуулсан, түүнчлэн Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журмын 4.1-т "Тендерт оролцогч нь хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан асуудлаар үндэслэл бүхий гомдлыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана. Тендерт оролцогч захиалагчийн шийдвэрийн эх хувийг хэзээ хүлээн авснаас үл хамааран шийдвэрийг цахим системд байршуулсан өдрөөс гомдол гаргах хугацааг тооцно." гэж заасныг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй.

2.2.4.Нэхэмжлэгчээс М фХХК нь Тендерийн өгөгдлийн хүснэгт ТШЗ 18.2.5-т заасан Тохирлын гэрчилгээг ирүүлээгүй,

Тендерийн өгөгдлийн хүснэгт ТШЗ 18.2.5-т "Санал болгож буй бараа, бүтээгдэхүүний төрөл тус бүр дээр дээж ирүүлнэ,

Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагын 3 дахь хэсэгт "Сав баглаа: 65-70гр хэмжээтэй зориулалтын шүүлтүүртэй уутанд /12смx15см/ савлагдсан, түүний гадуур ус чийгний хамгаалалттай битүү уутанд битүүмжилсэн байна. Шүүлтүүр уут нь агаарын хөлгийн чанагч төхөөрөмжид зориулагдсан, халуун усны даралтыг тэсвэрлэх сайн чанарын материалаар хийгдсэн байна",

8е дэх хэсэгт "Хайрцаглалт ижил тоо хэмжээтэй, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал алдагдаагүй байх" гэж заасан байхад 240 гр хэмжээгээр савласан бүтээгдэхүүний дээжийг тендерийн хороонд ирүүлсэн байдаг. Энэ нь тендерт тодорхойлсон заалтаас тэс өөр байгаа юм. Сав баглаа боодол нь агаарын хөлгийн чанагч төхөөрөмжид зориулагдсан, халуун усны даралтыг тэсвэрлэх сайн чанарын материалаар хийгдсэн эсэх нь тодорхойгүй буюу ямар сав баглаатай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх болохоо нотлоогүй нь нислэгийн шаардлага хангах эсэх нь эргэлзээтэй,

      Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагын 7 дахь хэсэгт Химийн үзүүлэлтэд Гарал үүслийн гэрчилгээг ирүүлнэ гэж заасныг ирүүлээгүй, бараа нийлүүлэлтийн хуваарь тодорхойгүй,

      Нийлүүлэлтийн хуваарь нь  7 хоног бүр 32 мянган ширхэг бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэхээр заасан нь Тендерийн баримт бичигт “нийт 32 мянган ширхгийг нийлүүлнэ” гэж зааснаас илт зөрүүтэй гэх гомдол үндэслэлтэй эсэхийг дахин шалгах шаардлагатай байна.     

      2.2.5.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ” гэж, 27.1.3-т “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”, 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж заасныг тендерийн үнэлгээний хороо бүрэн биелүүлээгүй гэж үзлээ.

  2.2.6.Мөн хариуцагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ.” гэж заасныг зөрчиж, 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 01/1403 дугаар албан бичгийг цахим системд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байршуулсан.

Эдгээр зөрчил нь дээр дурдсан хууль, журмыг зөрчиж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн тул тендер шалгаруулалтын алдааг зассаны үндсэн дээр тендерийг дахин үнэлж,  шийдвэрлэх шаардлагатай гэж үзлээ.

2.2.7.Иймээс нэхэмжлэгч К ф сХХК-ийн Сангийн яаманд холбогдуулан гаргасан тус яамны 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Гомдол хянасан тухай 03/5309 дугаар албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, М*** ТӨХК-ийн тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэл, зөвлөмж, М*** ТӨХК-ийн М фХХК-тай гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн тухай 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 01/1403 дугаар албан бичгийг тус тус тендерийг дахин үнэлж, шийдвэрлэх хүртэл 1 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 27 дугаар зүйлийн 27.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч К ф сХХК-ийн Сангийн яаманд холбогдуулан гаргасан тус яамны 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Гомдол хянасан тухай 03/5309 дугаар албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, М*** ТӨХК-ийн тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэл, зөвлөмж, М*** ТӨХК-ийн М фХХК-тай гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн тухай 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 01/1403 дугаар албан бичгийг тус тус тендерийг дахин үнэлж, шийдвэрлэх хүртэл 1 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхийн шийдвэрээр түдгэлзүүлсэн хугацаанд хариуцагчаас  тендерийг дахин үнэлж шийдвэрлээгүй тохиолдолд М*** ТӨХК-ийн тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэл, зөвлөмж, М*** ТӨХК-ийн М фХХК-тай гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн тухай 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 01/1403 дугаар албан бичиг нь тус тус хүчингүй болох бөгөөд 1 сарын хугацаа нь энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоологдохыг дурдсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.АДЪЯАСҮРЭН