Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2017/01097

 

 

 

 

 

 

 

 

 2017 оны 10 сарын 26 өдөр Дугаар 142/ШШ2017/01097 Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч: 1*******,*******,*******,*******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*******,*******,*******, Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-3-4 тоотод оршин суух Лүндэг овгийн Пүрэвийн Ганчимэгт /регистрийн дугаар ГЮ60072108/ холбогдох худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгэл, хохиролд 41 375 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Эрдэнэчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Ганхуяг, хариуцагч*******, хариуцагчийн өмгөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шарав овогтой Эрдэнэчимэг би 2014 оны 08 сарын 04-нд*******тэй наймаа хийж Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багт байрлах 3-16-27 тоот Алое эмийн санг 380,000,000 төгрөгөөр авахаар тохиролцон урьдчилгаа мөнгө 120 000 000 төгрөг өгсөн. Ингээд үлдэгдэл 260 000 000 төгрөгийг өгөх боломжгүй болсон тул 2014 оны 10-р сард наймаа буцья гэхэд зөвшөөрч 2015 оны 1-р сард 3,4, 5,7,9 гэх мэт ойр ойрхон хугацаа хэлж намайг их хэмжээний мөнгөний өрөнд оруулсан. Би ХААНбанкнаас 100 000 000 нэг зуун сая төгрөг зээлж авсан учир сар бүр банкинд 4 050 000 төгрөгийг төлж эхэлсэн. Энэ их мөнгийг төлөхийн тулд хувь хүн, ААН, ломбард гэх мэт газраас зээл авч хүүтэй мөнгөний өрөнд орсон.******* нь Японы Жайка төслөөс мөнгө авах гэж байгаа гэсээр өдий хүрсэн. Би банкны мөнгө төлж чадахаа байж байгаад өөрийн ажлын байр Орхон аймаг БӨ сум Уурхайчин багт байрлах 3-9-144 тоот 2 өрөө эмийн сангийн байрыг алдсан. Одоо үлдэгдэл 27 555 000 төгрөг 0,5 хувийн алданги 41 375 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Пүрэв овогтой Ганчимэг би 2014 онд хувийн шаардлагаар тухайн үед хувьдаа ажиллуулж байсан 3-рмикрийн16 байрны 27 тоотод байрлах эмийн сангийн байраа худалдахаар төлөвлөж байсан юм. Тэр үед нэхэмжлэгч Шарав овогтой Эрдэнэчимэг 2014 онд Эм импэксийн бөөний төвд ажиллаж байсан ба 2014 оны 3 дугаар сард бөөний төвөөс эм авахаар очиход Эрдэнэчимэгийн надад танай аптекийг манай Эм имнекс компани худалдан авна гэсэн яриа байна, та манай компанид биш надад зараачээ гэсэн санал тавьсан. Би саналыг нь хүлээн авч эмийн сангийн зориулалтаар тохижуулсан ажлын байрыг түүний дотор байгаа бүх тоног төхөөрөмжийн хамт, эмийн сангийн үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөл, тавилга зэргийг оролцуулаад нийт 380.000.000 төгрөөгөөр зарна гэсэн саналаа хэлсэн. Тэрээр хүлээн зөвшөөрч худалдан авах хүсэлтээ амаар баталгаажуулсан. Харин 380.000.000 төгрөгийн гэрээгээ хэзээ хийх вэ гэж би Эрдэнэчимээгээс асуухад Эрдэнэчимэг нь надад би төлбөрөө 100% хувь бэлэн болгочоод тэгээд хоёулаа хийе гэж надад хэлж байсан.Тэрээр хэлэхдээ өөрөө санхүүгийн чавдар 100% боломжтой буюу тодруулбал өөрийн худ болох хүмүүсээс зээлэхээр тохиролцсон ба тэд надад мөнгө өгөхөөр зөвшөөрсөн бэлэн гэж хэлсэн. Би түүнд итгэсэн учраас худалдах худалдан авах хэлцлийг хийхээр амаар зөвшөөрч, түүний хүсэлтээр түр хугацаагаар хүлээхээр болсон ба нийт 5 сарын хугацаанд буюу 2014 оны 3 дугаар сараас 8 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хүлээсэн болно. Энэ хооронд мөн Эрдэнэчимэгийн хүсэлтээр өөрийн эмийн санг худалдах талаар өөр хэн нэгэнд битгий хэлээрээ гэснээр нь хүнд хэлэлгүй түүний хүлээсэн. Ингээд 2014 оны 7 дугаар сар хүртэл ямар нэг гэрээ хэлцэл мөнгө төлбөр хийгдээгүй байж байгаад, 7 дугаар сарын 10-нд надад эхний 20.000.000 төгрөгийг бэлнээр авчирж өгсөн. Ингэхдээ бид хоёр хоорондоо ямар нэг мөнгө хүлээлцсэн баримт үйлдээгүй болно. 2014 оны 7 дугаар сарын 30-нд Ш.Эрдэнэчимэг нь над дээр ирж Би таны төлбөрийг төлөх гээд миний худуудаасаа зээлсэн мөнгө хүрэхгүй байна, тиймээс би үлдэгдэл 100 сая төгрөгийг өөрөө Хаан банкнаас зээл авч танд төлөх шаардлагатай боллоо, гэхдээ уг зээлийг таны ажлын байрыг худалдан авах зээлээр оруулах гэж байгаа учраас, хоёулаа хоорондоо худалдах худалдан авах гэрээгээ хийе гэж надад хэлсэн. Ингэхэдээ гэрээг зөвхөн 100.000.000 худалдан авч байга мэтээр хийж өгөчээ гэж тэр надаас гуйсан. Тухайн үед би уг гэрээг ажлын байраа бодит худалдах үнээс 2 дахин бага үнээр хийж өгөх нь надад эрсдэлтэй гэдгийг би мэдэж байсан хэдийч, Ш.Эрдэнэчимэг нь манай аптекийг худалдаж авахаар ярьж байх үед хоёр газарт аптек ажиллуулж байсан, нилээд их малтай, манай худууд барилгын компанитай УБ хотод Алтай хотхоныг бариулж байгаа гэх мэт өөрийгөө төлбөрийн чадвартай мэтээр надад ярьсан учраас би түүнд нь итгэсэн. Тэгээд Ш.Эрдэнэчимэгт итгэж гэрээг түүний хүссэн 100.000.000 төгрөгий дүнгээр нь гэрээг хийж өгсөн. Тэгээд удалгүй банкнаас зээлээ авчихлаа гээд надад 2014 оны 7 дугаар сарын 30-нд бэлнээр 100 000 000 төгрөг авчирч өгөөд үлдэгдэл 260 000 000 төгрөгөө худуудаасаа авмагц танд бэлэн өгөөд түүний дараа ажлын байрныхаа бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлэн авъя гэж бид тохирсон. Гэхдээ Ш.Эрдэнэчимэг нь би нэгэнт эхний төлбөр болох нийт 120 сая төгрөгөө төлсөн учир, ажлын байраа аваад ашиглаж эхлэе гэж надаас хүссэн. Би ч түүнд зөвшөөрч, тухайн үед түрээсэлж байсан хүмүүсээс түрээсийн (нэг сарын түрээс 1.800.000 төгрөг) гэрээгээ цуцалж, 2014 оны 8 дугаар сарын 1-нд Ш.Эрдэнэчимэгт ажлын байрыг нь бүрэн хүлээлгэж өгсөн. Түүнэс хойш 2 сарын дараа буюу 2014 оны 10 дугаар сард Ш.Эрдэнэчимэг над дээр ирж Худуудаас авах гэж байсан мөнгө бүтэхгүй болсон тул, үлдэгдэл төлбөрийг хийх боломжгүй боллоо гэж хэлээд, наймаагаа буцааж, өмнө нь төлсөн нийт 120.000 000 төгрөгөө яаралтай буцаая аа гэж надаас нэхсэн. Тэр үед би, түүнээс урьдчилгаанд авсан нийт 120 сая төгрөгийг хувийн хэргэцээнд зарцуулсан байсан учраас надад бэлэн мөнгө байгаагүй ба манай хүүхдүүд төсөл хөөцөлдөж байгаа, тэр нь бүтэхээр би хүүхдүүдээсээ мөнгө зээлж авч, чамд чиний мөнгийг эргүүлэн төлье гэж би түүнд хэлсэн. Харин Ш.Эрдэнэчимэг намайг үлдэгдэл мөнгөө төлж дуустал миний аптекийг үргэлжлүүлэн ашиглана, суллаж өгөхгүй гэж надад хэлээд тэрнээс хойш нийт 1 жил 9 сарын хугацаанд ажилуулж ирсэн. Тэр хоороонд Ш.Эрдэнэчимэг нь намайг байнга дарамтлан, өдөр бүр ажил дээр ирж мөнгөө нэхдэг байсан ба хэд хэдэн удаа Би ломбарднаас 10.000.000 төгрөг авчихлаа, Би банк бус санхүүгийн байгууллагаас мөнгө авчихлаа, би аптекид ажилладаг хувь хүнээс 10.000.000 төгрөг авчихлаа, та хүүг нь төлөөрэй гэж удаа дараа над дээр ирсэн, би тэр мөнгөнүүдийн хүүг Ш.Эрдэнэчимэгийн хувийн дансруу тогтмол шилжүүлж байсан. Мөнгө шилжүүлсэн баримтууд надад бий. Над дээр мөнгөө хүүлж байснаас гадна ажил дээр ирж хэл амаар доромжлон, утсаар, мэссэжээр доромжлон сэтгэл санааны дарамт маш ихээр учруулж ирсэн одоо ч үргэлжилсээр байгаа. Дээрх хугацаанд би хүүхдүүдийн мань хөөцөлдөж байсан Жайкагийн төсөл бүтэхээр тэндээс мөнгө авч Ш.Эрдэнэчимэгийн үлдэгдэл мөнгийг төлөхөөр төлөвлөж байсан ч харамсалтай нь төсөл нь бүтэхгүй удааширсаар өдийг хүрсэн. Ш.Эрдэнэчимэгийн мөнгийг төлөхийн тулд би өөрийн амьдарч байсан орон байраа зараад зогсохгүй, аптекийн байраа аргагүй эрхэнд бусдад хямд үнээр зарж олсон мөнгөө нийлүүлснээр 2017 оны 8 сарын байдлаар би Эрдэнэчимэгт нийт 100.750.000 төгрөгийг бэлнээр төлөөд байна. Одоо Ш.Эрдэнэчимэгийн надаас нэхэмжилж байгаа 19.250.000 төгрөгийг би зөвшөөрөхгүй байна, учир нь Эрдэнэчимэг нь миний аптекийг 1 жил 9 сарын хугацаанд ашиглаж байх үедээ тодорхой хэмжээний ашиг олсон мөн надад түрээсийн талбайн хөлс /нэг сарын 1.800.000/ огт төлж байгаагүй. Хэрэв Ш.Эрдэнэчимэг нь тухайн үед надад миний байрыг суллаад өгсөн бол, би 1 жил 9 сар түүнийг ашиглаж байх хугацаанд түрээсийн төлбөр болох 37.800.000 төгрөгийг олоод төлбөрөө гөлж эргэлтийн хөрөнгөтэй болж болох ёстой байсан ба орлогоо алдаж хохирсон гэж үзэх байга. Мөн Ш.Эрэдэнэчимэг нь намайг хэл амаар доромжлон хулгайч луйварчин гэж мөнгө нэхэх үед н би хувь хүнээс болон барьцаалан зээлдүүлэх газраас өндөр хүүтэй мөнгө зээлж нийт зээлсэн мөнгөний хүүнд 37.320.000 төгрөгийг төлж сүүлдээ өөрөө өрөнд орж өөрийн амьдарч байсан байраа зарж эргэлтийн хөрөнгөгүй болсон. Бидний дунд мөнгийг эргүүлж төлөхдөө хүүтэй эсвэл алданги төлнө гэсэн гэрээ хэлцэл огт хийгдээгүй. Иймд нэхэмжилж буй 41.375.000 төгрогийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоо би түрээсийн байранд амьдардаг, мөн ажлын байр түрээслэн ажиллуулж байгаа, Эрдэнэчимэгийн мөнгөний хүүнүүдийг төлөхийн тулд өдөр тутмын олсон орлогоо түүнд шилжүүлсээр байгаад эргэлтийн хөрөнгөгүй болсон мөн худалдах бараагүй болсон. Эрдэнэчимэг нь өөрийн төлөвлөгөө нь бүтэлгүй болмогц над дээр мөнгөө хүүлж ашиг олж байсан төдийгүй тэр ашигаараа, бусдад төлөх ёстой байсан өрөө дарж, банкны хүүгээ надаар төлүүлж байсаныг би түүнийг таних хүмүүсийн ярианаас сүүлд олж мэдсэн. Жишээ нь: тэрээр Эм имнекс ХХК-нд ажиллаж байх хугацаандаа 10.000.000 төгрөгийн өртэй ажлаасаа халагдсан бөгөөд тэр өрөө миний аптекийг ажиллуулж байх хугацаанд олсон ашгаасаа төлж барагдуулсныг Эм импэкст ажиллаж байгаа нэг хүн надад хэлсэн. Дээрх хугацаанд Эрдэнэчимэгийн дарамтаас болж би эрүүл мэндээрээ маш их хохирч, байнга эмнэлэгт очиж байсныг эмнэлгийн бүртгэл болон эмч ажиллагсад гэрчилнэ. Эмнэлэгийн тусламж авах бүрт би тодорхой хэмжээний зардалыг өөрөөсөө гаргаж байсан, түүгээр зогсохгүй сэтгэл санааны маш их дарамтад орсон. Эрдэнэчимэг нэхэмжлэлдээ зөвхөн өөрийгөө маш ихээр хохирсон мэтээр бичиж байгаа хэдий ч, миний бие энэхүү наймааны золиоос болж, одоо орох оронгүй түрээсийн байраар дамжин амьдарч байна. Эрдэнэчимэгийн мөнгийг төлөхийн тулд миний бие маш ихээр хохирол амссан ба их хэмжээний мөнгө хүүтэй зээлснээс болж эргэлтийн хөрөнгөө болон олсон орлогоо Ломбардын хүү төлсөөр үндсэндээ дампуурсан. Жич: Даш овогтой Лхамагаас 2016 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 8.000.000 төгрөгийг 1 сарын 8% ийн хүүтэйгээр, 2017 оны 7 дугаар сар хүртэл 640.000 төгрөг ний хүүг 18 сарын турш хийж, хүүнд нийт 11.520.000 төгрөг төлсөн байна. Иргэн Цэрэннадмидаас 2016 оны 8 дугаар сарын 28-нд 8.500.000 төгрөгийг 1 сарын 8% хүүтэй зээлж аваад 2017 оны 4 дугаар сарын 19 хүртэл 1 сарын 680.000 тогрөгийн хүүтэй нийт 15 сарын турш нийт 10.200.000 төгрөгийн хүү төлсөн. Иргэн Оюун-Эрдэнээс 2015 оны 1 дүгээр сарын 1-ээс 5000000 төгрөгийг 8 % хүүтэй зээлж 2017 оны 7 дугаар сарын 20-нд 34 сарын турш 400.000 төгрөгөөр нийт 13.600.000 төгрөгийн хүүг тус тус төлсөн. Иймд дээрх бүх тооцоогоор бодож үзэхэд би Ш.Эрдэнэчимэгт нийт 136.070.000 төгрөг төлсөн гэж үзэх хангалттай үндэстэй гэж үзээд би сөрөг нэхэмжлэл гаргах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Эрдэнэчимэг хариуцагч*******т холбогдуулан худалдах худалдан авах гэрээний гүйцэтгэл, хохиролд нийт 41 375 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч худалдах, худалдах авах гэрээний гүйцэтгэлд 21 583 900 төгрөг, хохиролд 19 791 100 төгрөг, нийт 41 375 000 төгрөг гэж шаардлагаа тодорхойлсон.

2014 оны 08 дугаар сарын 04-нд Ш.Эрдэнэчимэг нь*******тэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар хороолол 16 дугаар байрны 27 тоотод байрлах Алое нэртэй эмийн сангийн үйл ажиллагаа явуулдаг байрыг 380 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцон Ш.Эрдэнэчимэг*******т 120 000 000 төгрөгийг өгсөн, авсан тухайд, мөн 2014 оны 08 дугаар сарын 01-нээс 2016 оны 05 дугаар сарын 01 хүртэл хугацаанд уг байранд Ш.Эрдэнэчимэг үйл ажиллагаа явуулж байсан талаар талууд маргахгүй байна.

Ш.Эрдэнэчимэг тохиролцсон үнийн дүнгээс 200 000 000 төгрөгийг өгөх боломжгүйн улмаас 2016 оны 08 дугаар сарын 04-нд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар хороолол 16 дугаар байрны 27 тоотод байрлах Алое нэртэй эмийн сангийн үйл ажиллагаа явуулдаг байрыг худалдан авахаас татгалзан энэ тухайгаа хариуцагчид мэдэгдэхэд хариуцагч урьдчилгаа болгон авсан 120 000 000 төгрөгнөөс 43 000 000 төгрөгийг Ш.Эрдэнэчимэгт төлж үлдэгдэл 77 000 000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны дотор төлөхөөр талууд тохиролцон баталгаа гаргасан нь зохигчдын тайлбар, 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн баталгаагаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч одоо худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 21 583 900 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 19 791 100 төгрөг нэхэмжилж байгаа, хариуцагч худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 21 126 650 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж хариуцагчаас 21 583 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хохиролд нэхэмжилсэн 19 791 100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Үндэслэл нь хэдийгээр талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх боловч үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.

Зохигчдын хувьд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авахаар тохиролцож нэхэмжлэгч хариуцагчид байрны үнээс 120 000 000 төгрөгийг төлсөн боловч тэд тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлээгүй нь тухайн хэлцэлийг хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэл болж байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, болохгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан.

Иймд нэхэмжлэгчийн хариуцагчид шилжүүлсэн 120 000 000 төгрөгнөөс тэрээр хариуцагчаас дансаар буцаан авсан, бусдад төлөх зээлээ төлүүлсэн гэж хүлээн зөвшөөрч байгаа, баримтаар тогтоогдсон 98 416 100 төгрөгийг хасч үлдэх 21 583 900 төгрөгийг хариуцагч*******ээс гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй гэж үзсэн.Хариуцагч нэхэмжлэгчид 98 873 350 төгрөг төлсөн гэж маргаж байгаа боловч тэрээр тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан.

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй.

Нэхэмжлэгч нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар хороолол 16 дугаар байрны 27 тоотод байрлах Алое нэртэй эмийн сангийн үйл ажиллагаа явуулдаг байрыг худалдан авахаар тохиролцож урьдчилгаа 120 000 000 төгрөг өгсөн учраас уг байрны өмчлөх эрхийг шилжүүлэн авах хүсэлтээ гаргах эрхтэй байсан боловч тэрээр энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч өмчлөх эрх шилжүүлэх хүсэлт гаргаагүй нь хариуцагчийн буруутай үйлдэлээс шалтгаалаагүй байна.Тиймээс хариуцагчийг хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд гэж үзэж түүнээс хохирол гаргуулах боломжгүй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 364 825 төгрөгийг төрийн санд үлдээж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хэсэгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 265 869 төгрөгийг хариуцагч*******ээс гаргуулан нэхэмжлэгч Ш.Эрдэнэчимэгт олгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч*******ээс 21 583 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Эрдэнэчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19 791 100 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн  364 825 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч П.Ганчимэгээс 265 869 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

4.Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Р.ҮҮРИЙНТУЯА