Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 00187

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                               Ш.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч П.Ганчимэгт холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2017/01097 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Ш.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: П.Ганчимэгт холбогдох,

“Худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгэл, хохиролд 41.375.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,

Хариуцагч П.Ганчимэгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ш.Эрдэнэчимэг би 2014 оны 08 сарын 04-нд П.Ганчимэгтэй наймаа хийж Орхон аймаг Баян-Өндөр сумын Уурхайчин багт байрлах 3-16-27 тоот Алое эмийн санг 380.000.000 төгрөгөөр авахаар тохиролцон урьдчилгаа мөнгө 120.000.000 төгрөг өгсөн. Ингээд үлдэгдэл 260.000.000 төгрөгийг өгөх боломжгүй болсон тул 2014 оны 10-р сард наймаа буцья гэхэд зөвшөөрч 2015 оны 1-р сард 3 ,4, 5, 7, 9 гэх мэт ойр ойрхон хугацаа хэлж намайг их хэмжээний мөнгөний өрөнд оруулсан. Би хаан банкнаас 100.000.000 төгрөг зээлж авсан учир сар бүр банкинд 4.050.000 төгрөгийг төлж эхэлсэн. Энэ их мөнгийг төлөхийн тулд хувь хүн, аж ахуй нэгж, ломбард гэх мэт газраас зээл авч хүүтэй мөнгөний өрөнд орсон. П.Ганчимэг нь Японы Жайка төслөөс мөнгө авах гэж байгаа гэсээр өдий хүрсэн. Би банкны мөнгө төлж чадахаа байж байгаад өөрийн ажлын байр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багт байрлах 3-9-144 тоот 2 өрөө эмийн сангийн байрыг алдсан. Одоо үлдэгдэл 27.555.000 төгрөг 0,5 хувийн алданги нийт 41.375.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Ганчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

П.Ганчимэг би 2014 онд хувийн шаардлагаар тухайн үед хувьдаа ажиллуулж байсан 3-16-27 тоотод байрлах эмийн сангийн байраа худалдахаар төлөвлөж байсан юм. Тэр үед нэхэмжлэгч Ш.Эрдэнэчимэг 2014 онд Эм импэксийн бөөний төвд ажиллаж байсан ба 2014 оны 3 дугаар сард бөөний төвөөс эм авахаар очиход Эрдэнэчимэг надад танай аптекийг манай Эм импекс компани худалдан авна гэсэн яриа байна, та манай компанид биш надад зараачээ гэсэн санал тавьсан. Би саналыг нь хүлээн авч эмийн сангийн зориулалтаар тохижуулсан ажлын байрыг түүний дотор байгаа бүх тоног төхөөрөмжийн хамт, эмийн сангийн үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөл, тавилга зэргийг оролцуулаад нийт 380.000.000 төгрөөгөөр зарна гэсэн саналаа хэлсэн. Тэрээр хүлээн зөвшөөрч худалдан авах хүсэлтээ амаар баталгаажуулсан. Харин 380.000.000 төгрөгийн гэрээгээ хэзээ хийх вэ гэж би Эрдэнэчимээгээс асуухад Эрдэнэчимэг нь би төлбөрөө 100% хувь бэлэн болгочихоод тэгээд хоёулаа хийе гэж хэлж байсан. Ингээд 2014 оны 7 дугаар сар хүртэл ямар нэг гэрээ хэлцэл мөнгө төлбөр хийгдээгүй байж байгаад, 7 дугаар сарын 10-нд надад эхний 20.000.000 төгрөгийг бэлнээр авчирж өгсөн. Ингэхдээ бид хоёр хоорондоо ямар нэг мөнгө хүлээлцсэн баримт үйлдээгүй болно. 2014 оны 7 дугаар сарын 30-нд Ш.Эрдэнэчимэг нь над дээр ирж би таны төлбөрийг төлөх гээд миний худуудаасаа зээлсэн мөнгө хүрэхгүй байна. Тиймээс би үлдэгдэл 100 сая төгрөгийг өөрөө Хаан банкнаас зээл авч танд төлөх шаардлагатай боллоо. Гэхдээ уг зээлийг таны ажлын байрыг худалдан авах зээлээр оруулах гэж байгаа учраас, хоёулаа хоорондоо худалдах худалдан авах гэрээгээ хийе гэж надад хэлсэн. Ингэхдээ гэрээг зөвхөн 100.000.000 худалдан авч байгаа мэтээр хийж өгөөчээ гэж тэр надаас гуйсан. Тэгээд Ш.Эрдэнэчимэгт итгэж гэрээг түүний хүссэн 100.000.000 төгрөгийн дүнгээр нь гэрээг хийж өгсөн. Тэгээд удалгүй банкнаас зээлээ авчихлаа гээд надад 2014 оны 7 дугаар сарын 30-нд бэлнээр 100.000.000 төгрөг авчирч өгөөд үлдэгдэл 260.000.000 төгрөгөө худуудаасаа авмагц танд бэлэн өгөөд түүний дараа ажлын байрныхаа бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлэн авъя гэж бид тохирсон. Гэхдээ Ш.Эрдэнэчимэг нь би нэгэнт эхний төлбөр болох нийт 120 сая төгрөгөө төлсөн учир, ажлын байраа аваад ашиглаж эхлэе гэж надаас хүссэн. Би ч түүнд зөвшөөрч, тухайн үед түрээсэлж байсан хүмүүсээс түрээсийн (нэг сарын түрээс 1.800.000 төгрөг) гэрээгээ цуцалж, 2014 оны 8 дугаар сарын 1-нд Ш.Эрдэнэчимэгт ажлын байрыг нь бүрэн хүлээлгэж өгсөн. Түүнээс хойш 2 сарын дараа буюу 2014 оны 10 дугаар сард Ш.Эрдэнэчимэг над дээр ирж худуудаас авах гэж байсан мөнгө бүтэхгүй болсон тул, үлдэгдэл төлбөрийг хийх боломжгүй боллоо гэж хэлээд, наймаагаа буцааж, өмнө нь төлсөн нийт 120.000.000 төгрөгөө яаралтай буцаая гэж надаас нэхсэн. Тэр үед би, түүнээс урьдчилгаанд авсан нийт 120 сая төгрөгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан байсан учраас надад бэлэн мөнгө байгаагүй ба манай хүүхдүүд төсөл хөөцөлдөж байгаа, тэр нь бүтэхээр би хүүхдүүдээсээ мөнгө зээлж авч чиний мөнгийг эргүүлэн төлье гэж би түүнд хэлсэн. Харин Ш.Эрдэнэчимэг намайг үлдэгдэл мөнгөө төлж дуустал миний аптекийг үргэлжлүүлэн ашиглана, суллаж өгөхгүй гэж надад хэлээд тэрнээс хойш нийт 1 жил 9 сарын хугацаанд ажиллуулж ирсэн. Тэр хоороонд Ш.Эрдэнэчимэг нь намайг байнга дарамтлан, өдөр бүр ажил дээр ирж мөнгөө нэхдэг байсан ба хэд хэдэн удаа би ломбарднаас 10.000.000 төгрөг авчихлаа, Би банк бус санхүүгийн байгууллагаас мөнгө авчихлаа, би аптекэд ажилладаг хувь хүнээс 10.000.000 төгрөг авчихлаа, та хүүг нь төлөөрэй гэж удаа дараа над дээр ирсэн, би тэр мөнгөнүүдийн хүүг Ш.Эрдэнэчимэгийн хувийн дансруу тогтмол шилжүүлж байсан. Мөнгө шилжүүлсэн баримтууд надад бий. Ш.Эрдэнэчимэгийн мөнгийг төлөхийн тулд би өөрийн амьдарч байсан орон байраа зараад зогсохгүй, аптекийн байраа аргагүй эрхэнд бусдад хямд үнээр зарж олсон мөнгөө нийлүүлснээр 2017 оны 8 сарын байдлаар Эрдэнэчимэгт нийт 100.750.000 төгрөгийг бэлнээр төлөөд байна. Иймд нэхэмжилж буй 41.375.000 төгрөгийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Жич: Даш овогтой Лхамаагаас 2016 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 8.000.000 төгрөгийг 1 сарын 8% хувийн хүүтэйгээр, 2017 оны 7 дугаар сар хүртэл 640.000 төгрөг ний хүүг 18 сарын турш хийж, хүүнд нийт 11.520.000 төгрөг төлсөн байна. Иргэн Цэрэннадмидаас 2016 оны 8 дугаар сарын 28-нд 8.500.000 төгрөгийг 1 сарын 8% хүүтэй зээлж аваад 2017 оны 4 дугаар сарын 19 хүртэл 1 сарын 680.000 тогрөгийн хүүтэй нийт 15 сарын турш нийт 10.200.000 төгрөгийн хүү төлсөн. Иргэн Оюун-Эрдэнээс 2015 оны 1 дүгээр сарын 1-ээс 5000000 төгрөгийг 8 % хүүтэй зээлж 2017 оны 7 дугаар сарын 20-нд 34 сарын турш 400.000 төгрөгөөр нийт 13.600.000 төгрөгийн хүүг тус тус төлсөн. Иймд дээрх бүх тооцоогоор бодож үзэхэд би Ш.Эрдэнэчимэгт нийт 136.070.000 төгрөг төлсөн гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2017/01097 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч П.Ганчимэгээс 21.583.900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Эрдэнэчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19.791.100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 364 825 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч П.Ганчимэгээс 265.869 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч П.Ганчимэг давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1097 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагч П.Ганчимэг миний бие Ш.Эрдэнэчимэгт түүний гэрээнээс татгалзсанаас болж урьдчилж авсан 120.000.000 төгрөгөөс үлдсэн 21.126.650 төгрөгийг төлөх ёстой юм. Гэтэл шүүх надаас 21.583.900 төгрөг гаргуулахаар шийдсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч Ш.Эрдэнэчимэг бид 2 шүүх хурлаас өмнө харилцан тооцоо хийж тохирсон юм. Гэтэл гэнэт шүүх хурал дээр эргэж буцсан юм яриад байсан тул шүүх түүний үгээр шийдлээ гэж үзэж байна. Иймд миний төлөх мөнгийг 21.126.650 төгрөг гэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна уу гэжээ.

                                                      ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ш.Эрдэнэчимэг нь хариуцагч П.Ганчимэгт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үнэ 21.583.900 төгрөг, гэрээнээс татгалзсанаас үүссэн хохирол 19.791.100 төгрөг, нийт 41.375.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч П.Ганчимэгээс 21.583.900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Эрдэнэчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19. 791.100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Ш.Эрдэнэчимэг нь П.Ганчимэгтэй 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, 3 дугаар хороолол 16 дугаар байрны 27 тоотод байрлах “Алое” нэртэй эмийн сангийн байрыг 380.000 .000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохиролцжээ.

Ш.Эрдэнэчимэг нь хариуцагч П.Ганчимэгт эхний ээлжинд 120.000.000 төгрөг урьдчилж өгсөн болох нь зохигчдын нарын тайлбар болон банкны гэрээгээр нотлогджээ./х/х-ийн 17-21 дүгээр хуудас/,

Нэхэмжлэгч Ш.Эрдэнэчимэг үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар амаар тохиролцсон үнийн дүнгээс 200.000.000 төгрөгийг өгөх боломжгүйн улмаас Орхон аймаг, Баян-Өндөр сум, 3 дугаар хороолол 16 дугаар байрны 27 тоотод байрлах “Алое” нэртэй эмийн сангийн байрыг худалдан авахаа больсон тухайгаа хариуцагч П.Ганчимэгт мэдэгдэхэд хариуцагч урьдчилгаа болгон авсан 120.000.000 төгрөгнөөс 43.000.000 төгрөгийг Ш.Эрдэнэчимэгт буцаан өгч, үлдэгдэл 77.000.000 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны дотор төлөхөөр харилцан тохиролцож баталгаа гаргасан ба энэ талаар талууд маргаангүй болох нь зохигчдын тайлбар, болон 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн баталгаагаар тогтоогдож байна./х/х-ийн 5 дугаар хуудас/,

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчийн хариуцагчид өгсөн 120.000.000 төгрөгнөөс П.Ганчимэгийн дансаар буцаан авсан, бусдад төлөх зээлээ төлүүлсэн гэж хүлээн зөвшөөрч байгаа болон нотлох баримтаар тогтоогдсон 43.000.000+55.416.100= 98.416.100 төгрөгийг хасч, үлдэх 21.583.900 төгрөгийг хариуцагч П.Ганчимэгээс гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хохиролд нэхэмжилсэн 19.791.100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв байна.

Хариуцагч П.Ганчимэг давж заалдсан гомдолдоо надаас 21.583.900 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй шүүхийн шийдвэрт 21.126.650 төгрөг гэж өөрчлөлт оруулж өгнө гэсэн боловч хариуцагч П.Ганчимэг нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан “татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх үүргээ тус тус биелүүлээгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг хянан шийдэрлэсэн, хариуцагч  П.Ганчимэгийн давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй, үндэслэлгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч П.Ганчимэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14.367 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 142/ШШ2017/01097 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч П.Ганчимэгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар  зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч П.Ганчимэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14.367 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                       ШҮҮГЧИД                                                     С.УРАНЧИМЭГ

 

                                                                                             Б.БАТТӨР