Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2017/01042

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 13 өдөр Дугаар 142/ШШ2017/01042*******

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: *******, 48 настай,*******,*******,******* нэхэмжлэлтэй

Хариуцагч:*******-нд холбогдох ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 14 896 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Төгсбаяр, нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Чинбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Чинбат нь*******-ийн Хүдрийн Ил уурхайд ажиллаж байгаад үндэслэлгүйгээр ажлаасаа халагдаж улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасанаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2016/01555 дугаартай шийдвэрээр ажилдаа эргүүлэн тогтоогдсон байна. Хариуцагч******* нь давж заалдах болон хяналтын гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж гомдолыг хэрэгсэхгүй болгосон байна. Ажил олгогч******* нь шүүхийн шийдвэрийг хүлээн авч Ерөнхий захирлын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Б\891 дугаартай тушаалаар Хүдрийн Ил уурхайн Өрөмдлөг тэсэлгээний хэсэгт тэсэлгээчнээр эгүүлэн авч ажиллуулсан байна. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу М.Чинбат нь ажилгүй байсан бүх хугацааны цалингаа нэхэмжлэх эрхтэй байна. Иймд*******-иас 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 14 896 000 төгрөгийг гаргуулж М.Чинбатад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. Мөн түүнчлэн М.Чинбат нь ажпаас үндэслэлгүй халагдсаны улмаас өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч ажлын хөлсөнд 2 500 000 төгрөг төлсөн тул энэ зардлыг Эрдэнэт Үйлдвэр ХХК-иас гаргуулж М.Чинбатад олгоно уу гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгон шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч М.Чинбатын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

1.******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1555 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 38 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх худалдааны 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 001/ХТ2017/00530 дугаар тогтоол зэргийг үндэслэн нэхэмжлэгч М.Чинбатыг Ерөнхий захирлын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/891 дүгээр тушаалаар Ил уурхайн өрөмдлөг тэсэлгээний хэсэгт 5 дугаар зэргийн тэсэлгээчний ажилд эгүүлэн тогтоосон. Нэхэмжлэгч М.Чинбат нь 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин 14,869,000 төгрөгийг*******-иас гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч М.Чинбатын нэхэмлэлийн шаардлагын дагуу Хууль, эрх зүйн газрын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр М.Чинбатад дээрх ажилгүй байсан хугацаанд урьд нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж үзвэл хэдэн төгрөг олгохоор байгаа тооцоо, судалгааг гаргуулах-аар 130/611 тоот албан бичгээр компанийн Эдийн засгийн хэлтэст хүсэлт гаргасан бөгөөд тус хэлтсээс 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 108/165 тоот албан бичгээр хариу ирүүлсэн.Уг албан бичгээр нэхэмжлэгч М.Чинбатад 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин 12,843,072 төгрөг байхаар тооцоог гаргасан. Иймд нэхэмжлэгч М.Чинбатын нэхэмжлэлийн шаардлага бодитой биш,

2. Нэхэмжлэгч М.Чинбат нь өмгөөллийн үйлчилгээ авсаны хөлс 2,500,000 төгрөгийг*******-иас гаргуулахаар нэхэмжилсэн нь хууль, зүйн үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2 - т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан бөгөөд энэ нь хөдөлмөрийн харилцаатай холбоотой шууд хохирлыг ойлгох бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөллийн үйлчилгээ авсаны хөлс нь уг харилцааны шууд хохиролд тооцогдохгүй гэж үзэж байна Учир нь нэхэмжлэгч М.Чинбат нь өөртөө хуулиар олгосон эрх зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхийн дагуу өөрийн сонголтоор өмгөөлөгч авч гэрээ байгуулан хөлс төлснийг*******-иас учруулсан хохирол гэж үзэх үндэслэлгүй юм.Иймд өмгөөллийн үйлчилгээ авсаны хөлс 2 500 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Чинбат нь Эрдэнэт үйлдвэр ХХК-нд холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 14 896 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2 500 000 төгрөг, нийт 17 396 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүй халагдсан үеийн олговор нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д нийцсэн байна.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг үндэслэн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 12 843 072 төгрөг гаргуулахаар бууруулж, өмгөөлөгчийн хөлс төлсөн 2 500 000 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж оролцсон.

М.Чинбат нь 1992 оноос хойш*******-ийн Хүдрийн ил уурхайн өрөмдлөг, тэсэлгээний тэсэлгээчин-операторын ажилд ажиллаж байгаад*******-ийн Ерөнхий захиралын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1198 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн, тэрээр дээрхи шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан байна.

Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1555 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосныг давж заалдах болон хяналтын шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн ...нэхэмжлэгч М.Чинбатын нэхэмлэлийн шаардлагын дагуу Хууль, эрх зүйн газрын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр М.Чинбатад дээрх ажилгүй байсан хугацаанд урьд нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж үзвэл хэдэн төгрөг олгохоор байгаа тооцоо, судалгааг гаргуулах-аар 130/611 тоот албан бичгээр компанийн Эдийн засгийн хэлтэст хүсэлт гаргасан бөгөөд тус хэлтсээс 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 108/165 тоот албан бичгээр хариу ирүүлсэн.Уг албан бичгээр нэхэмжлэгч М.Чинбатад 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин 12 843 072 төгрөг байхаар тооцоог гаргасан. Иймд нэхэмжлэгч М.Чинбатын нэхэмжлэлийн шаардлага бодитой биш гэсэн тайлбараас Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн зүгээс М.Чинбатад 12 843 072 төгрөгийн цалин олговорыг олгох асуудлаар маргахгүй байна гэж дүгнэлээ.

Иймд Эрдэнэт үйлдвэр ХХК-иас дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 12 843 072 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Чинбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 2 500 000 төгрөг, нэхэмжлэгчийн татгалзсан 2 052 928 төгрөг, нийт 4 552 928 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Үндэслэл нь нэхэмжлэгчийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу өмгөөлөгчид төлсөн хөлсийг хохиролд тооцох боломжгүй.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж хариуцагчаас нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хэмжээнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 220 439 төгрөг гаргуулан төрийн санд оруулах үндэстэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг баримтлан хариуцагч*******-иас 12 843 072 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Чинбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нийт 4 552 928 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Чинбатын гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч*******-иас 220 439 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА