Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 00173

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     М.Чинбатын нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Ё.Бямбацэрэн Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2017/01042 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: М.Чинбатын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдох

“Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 14.896.000 төгрөг гаргуулах, өмгөөлөгчийн хөлс 2.500.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгоны гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгон, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч М.Чинбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

М.Чинбат нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хүдрийн Ил уурхайд ажиллаж байгаад үндэслэлгүйгээр ажлаасаа халагдаж улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасанаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2016/01555 дугаартай шийдвэрээр ажилдаа эргүүлэн тогтоогдсон байна.

Ажил олгогч Эрдэнэт үйлдвэр ХХК нь шүүхийн шийдвэрийг хүлээн авч Ерөнхий захирлын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Б\891 дугаартай тушаалаар Хүдрийн Ил уурхайн Өрөмдлөг тэсэлгээний хэсэгт тэсэлгээчнээр эгүүлэн авч ажиллуулсан байна. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу М.Чинбат нь ажилгүй байсан бүх хугацааны цалингаа нэхэмжлэх эрхтэй байна. Иймд Эрдэнэт үйлдвэр ХХК-иас 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 14.896.000 төгрөгийг гаргуулж М.Чинбатад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. Мөн түүнчлэн М.Чинбат нь ажпаас үндэслэлгүй халагдсаны улмаас өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авч ажлын хөлсөнд 2.500.000 төгрөг төлсөн тул энэ зардлыг Эрдэнэт Үйлдвэр ХХК-иас гаргуулж М.Чинбатад олгоно уу гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгон шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч М.Чинбат нь 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин 14,869,000 төгрөгийг Эрдэнэт үйлдвэр ХХК-иас гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч М.Чинбатын нэхэмлэлийн шаардлагын дагуу Хууль, эрх зүйн газрын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр М.Чинбатад дээрх ажилгүй байсан хугацаанд урьд нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж үзвэл хэдэн төгрөг олгохоор байгаа тооцоо, судалгааг гаргуулах-аар 130/611 тоот албан бичгээр компанийн Эдийн засгийн хэлтэст хүсэлт гаргасан бөгөөд тус хэлтсээс 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 108/165 тоот албан бичгээр хариу ирүүлсэн.Уг албан бичгээр нэхэмжлэгч М.Чинбатад 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин 12,843,072 төгрөг байхаар тооцоог гаргасан. Иймд нэхэмжлэгч М.Чинбатын нэхэмжлэлийн шаардлага бодитой биш,

Нэхэмжлэгч М.Чинбат нь өмгөөллийн үйлчилгээ авсаны хөлс 2,500,000 төгрөгийг Эрдэнэт үйлдвэр ХХК-иас гаргуулахаар нэхэмжилсэн нь хууль, зүйн үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан бөгөөд энэ нь хөдөлмөрийн харилцаатай холбоотой шууд хохирлыг ойлгох бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөллийн үйлчилгээ авсаны хөлс нь уг харилцааны шууд хохиролд тооцогдохгүй гэж үзэж байна Учир нь нэхэмжлэгч М.Чинбат нь өөртөө хуулиар олгосон эрх зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхийн дагуу өөрийн сонголтоор өмгөөлөгч авч гэрээ байгуулан хөлс төлснийг Эрдэнэт үйлдвэр ХХК-иас учруулсан хохирол гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд өмгөөллийн үйлчилгээ авсаны хөлс 2 500 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2017/01042 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг баримтлан хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-иас 12 843 072 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Чинбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нийт 4 552 928 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Чинбатын гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-иас 220 439 төгрөг гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгон давж заалдсан гомдолдоо:

Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдох М.Чинбатын “Ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай" нэхэмжлэл нь шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаан биш юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд шүүхээр хянан шийдвэрлэх маргааныг хуульчилсан бөгөөд хуулийн 128.1.6 дахь хэсэгт “ энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гарсан маргаан”-ийг шүүхээр хянан шийдвэрлэхээр заасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “ энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тоггоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж заасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.6 дахь хэсэгт “энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гарсан маргаан” гэдэг нь ажилтан шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоогдож ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг авахаар ажил олгогчид хандаж гаргасан гомдлыг ажил олгогч шийдвэрлээгүй, эсхүл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг ажилтанд олгохоос татгалзсан, энэ асуудлаар ажилтан, ажил олгогч нарын хооронд маргаан үүссэн байхыг шаардах бөгөөд ажил олгогчийн шийдвэрийг ажилтан эс зөвшөөрч хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага буюу Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан, хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандсан байхыг шаардана.

Өөрөөр хэлбэл ажилтан ажил олгогч нарын хооронд ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох эсэх талаар маргаан үүссэн байх ёстой.

Нэхэмжлэгч М.Чинбат нь ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалинтай тэнцэх олговор олгох талаар Эрдэнэт үйлдвэр ХХК-д ямар нэгэн гомдол, өргөдөл, хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд ажил олгогч ажилтан нарын хооронд ажилгүй байсан хугацаанд дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох эсэх талаар маргаан үүсээгүй бөгөөд шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүх М.Чинбатын нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                      ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч М.Чинбат ажилгүй байсан хугацааны цалин олговор -14.869.000 төгрөг, өмгөөллийн хөлс 2.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин -12.843.072 төгрөг байхаар тус компаний Эдийн засгийн хэлтсээс тооцоо гаргаж ирүүлсэн тул түүний нэхэмжлэлийн шаардлага бодитой биш үндэслэлгүй, өөрийгөө өмгөөлүүлэх  эрхийн хүрээнд өмгөөлөгч авч хөлс төлснийг тус компани хариуцах үндэслэлгүй...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Ажил олгогч анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэр, Шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 01/989 тоот мэдэгдэл, нэхэмжлэгчийн өөрийнх гаргасан өргөдөл зэргийг үндэслэн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Б/891 дүгээр тушаалаар нэхэмжлэгч М.Чинбатыг тус компаний Хүдрийн ил уурхайн өрөмдлөг, тэсэлгээний тэсэлгээчин-операторын ажилд нь эгүүлэн тогтоосон байна.

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин олговрыг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаагаар тооцсон байх ба хариуцагч дээрх хугацааны цалин олговрыг нийт 12.843.072 төгрөг байхаар тооцоо хийж тайлбар ирүүлсэн болох нь хэрэгт авагдсан зохигчдын тайлбар, 2017 оны 08 дугаар сарын 18 ны өдрийн тус компаний Эдийн засгийн хэлтсийн 108/165 албан тоот, тооцооны баримт зэргээр тогтоогджээ. /хх-ийн 29-34 тал/

Шүүх хэрэгт авагдсан зохигчын гаргасан тайлбар болон бусад нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгч М.Чинбатын ажилгүй байсан хугацааны цалин олговор 14.869.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 2.052.928 төгрөг, өмгөөлөлийн хөлс 2.500.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруу гэж үзэх боломжгүй юм.

Учир нь нэхэмжлэгч М.Чинбат нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой нотлох баримт болон хариуцагчийн гаргасан тайлбарыг үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй  гэж үзэхээр байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч М.Чинбатыг шүүхийн шийдвэр болон өөрийнх гаргасан өргөдөл зэргийг үндэслэн тус компаний Ерөнхий захирлын Б/891 дугаартай тушаалаар тэсэлгээчин-операторын ажилд эгүүлэн тогтоохдоо түүний ажилгүй байсан хугацааны цалин олговор олгохыг зохих журмын дагуу шийдвэрлээгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу тэрээр 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...ажилгүй байсан хугацааны цалин олговрыг олгох талаар нэхэмжлэгч ажил олгогчид хандаж гаргаагүй эсхүл ажил олгогч олгохоос татгалзсан, энэ асуудлаар маргаан үүссэн байхыг шаардах бөгөөд нэхэмжлэгч шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 142/ШШ2017/01042 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгоны давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 220.440 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.БАТТӨР

 

                     ШҮҮГЧИД                                                            Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ