Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 135/ШШ2018/00337

 

 

 

 

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 135/ШШ2018/00337

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2016/00157/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, ............... байрлалтай Б.Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ................ тоотод оршин суух, Ц. овгийн Э. Э./РД:......, утас:......./,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ...... тоотод оршин суух, Д.овгийн Д. М. /РД:., утас:./,

Хамтран хариуцагч: Улаанбаатар хот, . тоотод оршин суух, /З.Х- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч/ Х.овгийн М. З. /РД:..., утас:...../ нарт холбогдох,

 

Буудайн үнэ болох 19.372.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э-, хариуцагч З.Х- ХХК-ийн захирал М.З- шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б- ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

...Миний бие Х.Ц- нь Б.Б- ХХК-ийн нягтлан бодогчоор ажилладаг. Манай компаниас Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүргийн О.К-ХХК, Монгол гурил үйлдвэртэй буудай өгөх тухай гэрээний дагуу 2014 оны 11 дүгээр сарын 16-нд өгсөн 3 чиргүүлтэй машин буудайнаас, 2 чиргүүлтэй машины 52,2 тн буудайг цавуулаг муутай учир дангаар нь гурил хийх боломжгүйгээд хашаандаа урд нь үнэ тохирч буулгаж авсан 14.7 хувийн цавуулагтай16 тн буудайн дэргэд буулгаж, хамт хучиж хамгаалаад байсан 68,2 тн буудайг 11 дүгээр сарын 28-нд авч Ч- ХХК-нд зарахаар очиход О.К-ХХК, Монгол Групп гурилын үйлдвэрт буудай авахад нь зуучилж байсан Э.Э- нь М-той хуйвалдан манай компанийн зөвшөөрөлгүйгээр О.К-ХХК-ийн захирал Х-Ц- гуай зар гэсэн гэж худал хэлж 11 дүгээр сарын 26, 27-нд З.Х- ХХК-д зарсан байсныг бид мэдэж буудайгаа авахаар хөөцөлсөн боловч тухайн үед Д.М-болон З- ХХК-ийн захирал М.З- нь буудайг өгөлгүй надаас зарах үнийг мэдэж 2014 оны 12 дугаар сарын 10-ны дотор мөнгийг өгч, тооцоог дуусгана гэсэн боловч Золзаягаас 12 сарын 12-нд 2.000.000 төгрөг, Д.М-оос 12 сарын 30, 31-нд 8.000.000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 2.000.000 төгрөг нийт 12.000.000 төгрөгийг шилжүүлж манай компанид өгсөн. Гэвч Д.М-З- ХХК-аас буудайны үнийг бүрэн авсан атлаа улаанбуудайн үлдэгдэл мөнгийг хувийн хэрэгцээ бизнесдээ ашиглан төлнөг гэж худал хэлэн хугацаа алдагдуулан өдийг хүрсэн тул Д.М-, Э.Э- нараас буудайны үлдэгдэл мөнгө болох 19,372,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.М-нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.Э- тэжээлийн будаа зараад өгөөч гэж хэд хэдэн удаа ярьж мөн дээж, шинжилгээний бичгийн хамт авчиран үзүүлээд З- ХХК-нд хандахад захирал З- өөрийн биеэр хүрэлцэн ирж үзэхэд 1 тонныг нь 300.000 төгрөгөөр тооцон худалдаа хийсэн бөгөөд тухайн байгууллага нь төлбөрийг бага багаар нь цувуулсаар хэдэн сарын дараа төлбөр төлөгдсөн төлбөр надад ирэх тоолонд Б-ХХК-ийн дансанд шилжүүлж байсан. 2014 оны 11 дүгээр сард тэжээлийн будаа 200.000-250.000 төгрөг байсан. Төлбөр төлөгдөөгүй явж байх хооронд буудайн хомсдол болж тэжээлийн буудай нэг тонн нь 450.000 төгрөг хүрч байсан энэ үед л гэнэт Ц- гэгч хүн нэг тонныг нь 500.000 төгрөгөөр үнэлээд их хэмжээний мөнгө нэхээд маш их зовоосон. Тэгээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж би биеэрээ очиж тайлбар өгч байсан. 66 тонн буудайг 300.000 төгрөгөөр бодож 19.800.000 төгрөг З.Х- ХХК-иас авсан нь үнэн. Үүнээс 14.000.000 төгрөгийг дансаар олгосон. Буудайг хотоос 120 км явж З.Х- ХХК-д буулгах хүртэл тээврийн зардал, очиж буулгасан ажилчдын хөлс мөн дундын зуучлалын зардалд 50.000 төгрөгийг нэг тонн тутмаас хасаж 16.500.000 төгрөг олгох болсон. Гэвч Ц- зөвшөөрөхгүй хэрүүл хийж явсаар өдийг хүрлээ. үлдэгдэл 2.500.000 төгрөгийг төлж барагдуулахад бэлэн байна. Буудайн үнийн өсөлтөөр далимдуулан их мөнгө олох гэсэн атаг санаагаар биднийг олон сар чирэгдүүлж буйд гомдолтой байна гэжээ.

Хариуцагч Э.Э- нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Намайг Булган аймагт явж байхад Ц- утсаар надруу 2014 оны 10 дугаар сарын сүүлчээр ярьж 300-400 тонн улаанбуудай байна боломжийн үнээр борлуулж өгөөч гэсэн юм. Би буцах замдаа бургалтайгаар дайрч Ц- гуайн үтрэм дээр *******ийн захирал Х-тай хамт будааг үзэж авсан. Цавуулаг нь 17 %-20% цэвэрлэгээ нь ийм байвал 1тонн нь 400,000 төгрөгөөр хорогдолгүй өөрчсдийн тээврээр авъя гэж тохироод авсан юм. Нийт 360 гаруй тонн будааг *******оос авахад 3 машин буюу 68 тонн буудай нь цавуулаг нь 12-14%-тай будааны халдварт өвчин байснаас гурил хийх станартад тэнцэхгүй болсон. Ингээд шинжилгээний дүн гаргахаар нь Ц- гуайд хэлж будаагаа буцаан авахыг шаардсан юм. Буцаах талаар Э- болон лобрант Ө- нябо О-нар удаа дараа утсаар хэлсэн боловч авахгүй. Бу будааны дээжийг авч МХЕГ-н лавлагаа лаборторт дахин шинжлүүлж хүнсэнд тохирохгүй гэсэн баталгааг авсан юм. Нябо О-хурдан будааг авч зайлуул гээд надаас шаардаж байсан юм. Энэ үед Мөнхтогтор тэжээлийн будаа байна уу авах газар нь бэлэн байна гэхэд нь тус нотлогдсон тэжээлийн будааны дээжийг үзүүлээд зарж борлуулахаар болсон юм. Тухайн үед тэжээлийн будаа 1 тонн 150.000-200.000 төгрөгийг үнэтэй байсан. Нэг тонн 300.000 төгрөгөөр борлуулъя гэхэд нь би зөвшөөрсөн юм. Энэ тухай Ц- гуайд хэлж М-ын утасны дугаарыг нь авч яриулсан юм. Энэ үед тэжээлийн будааг З.Х- ХХК-нд өгсөн байсан. Дараа нь Ц- гуай М- хоёр будааны тооцоогоо өөх хоорондоо өгөлцөж авч байсан гэж будааны үнэ мөнгөнөөс аваагүй болно. Ц- гуай бид хоёр 30 гаруй жил бие биенээ мэднэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. М-оос будааны үлдэгдэл тооцоогоо авахаар нэхэмжлэх ёстой. Энэ тухай Ц- гуайг сайн мэдэж багйаа болно. Дарханы шүүхээс нэхэмжлэлээ ирсэний дараа буюу 2016 оны 02 дугаар сарын 05ны өдөр Ц- гуай бид хоёр Улаанбаатарт зочид буудалд уулзахад чамаас нэхэмжлэх зүйлгүй М-оос үлдэгдэл мөнгөө авмаар байна гэж надад хэлсэн юм. М-той энэ тухай утсаар ярихад нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй нэг тонн 300.000 төгрөгөөр тооцоо хийж үлдэгдэл мөнгийг нь өгнө гэж хэлж байсан. Хэдэн төгрөг Ц- гуайд өгч хэдэн төгрөгийн тооцоо үлдсэнийг нь би мэдэхгүй. Энэ хэрэгтэй холбоотой өргөдлөө Ц- гуай Сүхбаатар дүүргийн цагдаа, прокурорт хоёр удаа гаргаж 2015 оны 06 дугаар сарын 09-ний 917 тогтоолоор хэрэгсэхгүй болсон юм. Энэ хэрэгт холбогдох баримт материал нь Сүхбаатар дүүргийн прокурорын архивт байгаа авах гэсэн боловч прокурорын архивын ажилтан О-цагаан сарын дараа хүрч ирээд авна уу хууль зүйн хүрээлэнгийн судалгаанд хэргийн материал явсан гэж хэлсэн. Цагаан сарын дараа очтол улс руу явсан гэж хэлээд 2016 оны 03 дугаар сард би өөрөө утсаар яръя гэж хэлсэн юм гэжээ.

Хамтран хариуцагч З.Х- ХХК-ийн төлөөлөгч М.З- нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Манай компани нь 2004 оноос хойш гахайн аж ахуй эрхлэн явуулж байгаа бөгөөд фермдээ намрын ургацаас 1000 гаран тонн тэжээлийн будааг хувь хүн болон аж ахуйн нэгжүүдээс худалдан авч өөрсдийн хэрэгцээгээ хангадаг. 2014 оны намрын будаа авалт хийхээр гүйцэтгэх захирал М.Э- нь баруун бүсээр ажиллаж байгаад будаа худалдан борлуулдаг гэх Д.М-той танилцан тэжээлийн будаа худалдан авахаар тохиролцон урьдчилгаа болгож 1.000.000 төгрөг өгсөн байдаг. Ингээд Д.М-нь будаа нийлүүлэхгүй 20 орчим хоногийн дараа буюу 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр танайд нийлүүлэх будаагаа үзэх үү гэж асуун өөрөө залгасан. Түүнийг ярьсны даруй тэр өдрөө би өөрийн биеээр түүний уулзъя гэсэн газар болох Сонгинохайрхан дүүргийн Орбит дахь өвсний фондын залгаа хашаанд очоод тэнд анх будуу Д.М-гэдэг залууг харсан. Гэтэл тэр том хашаанд арваад хэсэг газар будаа нуруулдсан байсан бөгөөд тэндээс гол хэсэгт нь байсан хучлагагүй овоолсон байсан будааг үзүүлэн энэ танайл нийлүүлэх будаа байгаа юм болж байна уу гэж Д.М-асуусан. Уг будаа нь манай тэжээлийн шаардлагад нийцэж байсан тул худалдан авахаар болсон. Тэр хашаанд бас өөр олон хүмүүс будаа шууж цэвэрлэж байсан ба анх тэр газрыг Д.М-ын өөрийнх нь эзэмшлийн компани юм байна гэж бодож байсан. Ингээд Д.М-ын тэнд үзүүлсэн будааны нэг тонн тутмыг нь тээврийн хөлсний хамт 350.000 төгрөгөөр худалдан авахаар болж төлбөр тооцоог нэг сарын дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Тухайн үед уг тэжээлийн будаа нь үнэтэй ч биш хямд чи биш боломжийн үнэтэй байсан. Тэгээд будаагаа пүүлэх газраа уулзахаар тохиролцон би явж Д.М-будаагаа машинд ачихаар үлдсэн. Хэдэн цагийн дараа пүүн дээр уулзаж будаагаа жинлэн тооцож ферм орох зам заахаар будаа ачсан машинд компанийхаа нэг ажилтанаа хамт суулгаж явуулсан. Тэг цагаас хойш манай компани тохирсон хугацаандаа Д.М-оос авсан 66220 кг тэжээлийн будааны үнэ болох 23.177.000 төгрөгийг түүнд бүрэн төлж барагдуулсан. Энэ нэхэмжлэлийн нэхэмжлэгч болох Б.Б- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц- болон нэр дурдагдаж байгаа Э.Э-, н.Х- нарыг огт танихгүй. Э.Э-, н.Х- нартай уулзаж байгаагүй. Харин бүүр сүүлд манай компани Улаанбаатар хот дахь офисс дээр Д.М-ын танай компанид зарсан будааны жинхэнэ эзэн нь байна танайд хэдэн тонн будаа хэдэн төгрөгөөр өгсөн төлбөрийн үлдэгдэл байна уу төлбөр төлсөн баримтуудаа өгөөч гэж Х.Ц- гэх хүн ирэхээр нь бид таныг танихгүй учир таньд баримт гаргаж өгөх боломжгүй гэж тайлбарлаж хэлж Х.Ц- ч ойлгоод явсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц- нь 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.Х- ХХК-ийн захирал М.З- нь надаа будааны үнийг 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулна гэсэн боловч 2014 оны 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 2.000.000 төгрөг шилжүүлсэн гэсэн байна. Гэвч манай компани Х.Ц-тэй худалдаа хийж 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор үнийг төлж дуусгана гэсэн тохиролцоо хийж 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 2.000.000 төгрөг шилжүүлсэн гэдэг нь үндэслэлгүй худал байна. Мөн нэхэмжлэлдээ Д.М-нь З.Х- ХХК-аас будааны үнийг бүрэн авсан атлаа үлдэгдэл мөнгийг өгөхгүй гэж дурьдаж манай компанийгД.М-төлбөрийг бүрэн төлснийг мэдсээр байж манайхыг хамтран хариуцагчаар татаж нэхэмжлэлд илт зөрүүтэй бичиж байгааг нь гайхаж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн хамтран хариуцагчаар татах тухай хүсэлтэнд дурдсанаар 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр З.Х- ХХК-ийн гахайн ферм дээр улаан буудайгаа авахаар очиход хашаанд талыг савалсан хагас нь хучлагатай агуулахад оруулаагүй байхад нь буудайгаа авъя гэж М.З- буудайг өгөхгүй гэж хэлсэн гэсэн байна. Үүнд тайлбар хийхэд манай компани жилд 1000 гаран тонн тэжээлийн буудай хэрэглэдэг энэ хэрэгцээгээ хангахын тулд өөрсдийн шаардлагад нийцсэн буудайг худалдан авдаг эд будаа таталтын үед өдөрт хэдэн ч тонн буудай ферм дээр ирж бууж болно. Мөн Д.М-оос 2014 оны 11 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд худалдан авах будаагаа бүрэн татан авч дууссан байсан тул нэхэмжлэгчийн очсон гэх 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл алдсан гэх буудай нь гадаа байж байх боломжгүй бөгөөд танихгүй хүн ирээд энэ миний буудай буудайгаа авъя гэж хэлэхэд нь өгөөд явуулах үндэслэл байхгүй гэж бодож байна. Манай компани Б.Б- ХХК гэх аж ахуйн нэгж, Ц-, Э.Э-, Х- гэх хувь хүнийг огт мэдэхгүй танихгүй тэжээлийн буудай худалдан аваагүй бөгөөд нэхэмжлэлд дурьдсан шиг бусадтай хуйвалдан бусдын будааг авч цааш худалдан борлуулдаггүй. Нэхэмжлэгчийн бусдаас буудайныхаа үнийг бүрэн авч чадаагүй хохирч байгаа нь манай компаний гэм буруутай үйлдэл биш учир компаний нэр төрд халдан хуулийн байгуулагуудаар явуулж байгаад харамсаж байна. Харин хариуцагч гэх Д.М-оос худалдан авсан буудайны үнийг бүрэн төлж тооцоо дууссан болно. Иймд Б.Б- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц-ийн Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг манай компани хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хамтран хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байх тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:

Манай компани О.К-ХХК-ны хашаанд анх 68,2 тн будааг буулгасан байсан.  Манай компнаний ажилтан Э-, О.К-ХХК-ийн лобрант Лхагвасүрэн нар будаанаас дээж авч Ө- ХХК, С- ХХК  гэх гурилын үйлдвэрт хүргүүлсэн.  Яагаад гэвэл манай будааны цавуулаг нь дангаар гурил хийхэд цавуулаг багатай байна гээд байсан. Тэгээд О.К-ХХК-ийн захирал тус будааг өөрийнхөө хашаанд байлгаж байя гэж байсан. 2014 оны 11 сарын 21-ны өдөр тус будааг Чойгоо гэх гахай шувууны аж ахуйтай хүн үзээд Нэг тонныг 450.000 төгрөгөөр авъя мөнгөө бэлдээд ирье гэж тохиролцоод явсан. 2014 оны 11 сарын 28-ны өдөр Чойгоо компаний захирал Будаа бэлэн байна уу будаагаар авъя гэхээр нь 2 хүн дагуулаад очсон чинь будаа байхгүй байсан. Тэгсэн З.Х- гэдэг компанид Д.М-зарсан байсан. Тэгээд 2014 оны 11 дүгээр сарын 29-ний  өдрийн өглөө будаагаа авъя гээд Төв аймагт З.Х- ХХК дээр очиход гадаа нь хүмүүс будаа шуудайлж байсан. Бид будаагаа авъя гэтэл Танай будааг зөөж байна захиралтай уулз гэж байсан. Би захиралтай нь ярихад Би Д.М-гэдэг хүнээс 66,2 тн будаа авсан гээд хэдэн төгрөгөөр авсан талаар хэлээгүй утсаа салгасан. Тэгээд М-ын утасны дугаарыг өгсөн. Би М-той ярихад тэр Би бас сая М.З-тай ярьлаа, би таньд удахгүй хариу өгье гэсэн. Дараа өдрийн өглөө Д.М- надруу утасдаад М.З- будааг хэрэглэсэн учир буцааж өгөх боломжгүй гэж байна. Таны ярьсан үнээр авъя гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь за тэгвэл маргааш өглөө М.З-тай уулзаад өгч авсан акт үйлдээд явуулчих гэсэн. Маргааш нь Д.М-М.З- завгүй гээд байна гээд байсан. Тэгээд дахин М-той ярихад М.З- таны мөнгийг 2014 оны 12 дугаар сарын 20-ны дотор өгч дуусна гэж байна гэж хэлсэн. Тухайн үед тэгж хэлэнгүүт М.З-руу утасдсан боловч утсаа аваагүй. Тэд нар ч бас байгууллагын хаягийг мэдэхгүй гээд уулзаж чадаагүй. Д.М- М.З-гаас миний дансруу мөнгө хийгээд байсан. Нийт 17,000,000 төгрөг хийсэн. Би дараа нь Золбаяр захирлаас асуухад Би М-той наймаа хийсэн болохоор түүний дансанд мөнгө хийсэн гэж хэлсэн. Э.Э-,Д.М-нарыг хайгаад олохгүй байсан. Дараа нь тэр хоёрыг яаман дээр барьж авсан. Э.Э- Д.М-нар зугтаагаад байсан. Би мөнгөө хэзээ хийж дуусах вэ гэхэд 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор хийж дуусна, та санаа зоволтгүй гэсэн. Тэгээд Д.М- М.З- таны данс руу хийхгүй миний дансруу хийчихжээ гээд миний дансанд шилжүүлээд байсан. Одоо нэхэмжлийн шаардлага маань нийт 68,2 тн будааг 450,000 төгрөгөр тооцож 30,690,000 төгрөг болсон. Үүнээс 2 тонн будааны үнэ 900,000 төгрөгийг Э.Э-аас, 66,2 тонн будааны үнэ 29,790,000 төгрөгөөс надруу М-оос шилжүүлсэн 17,000,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 12,790,000 төгрөгийг М-, М.З- нараас нэхэмжилж байна. Будааны үнийг өнөөдөр нэг тонныг 450,000 төгрөгөөр бодож байгаа нийт нэхэмжлэлийн шаардлага нийт 13,690,000 төгрөг гэв.  

 

Хариуцагч Д.М-шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие хэдэн жилийн өмнө Э- гуайтай холбогдон тэжээлийн улаан будаа борлуулж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу *******ийн хашаанд байх будааг үзсэн ба Мэргэжлийн хяналтын шинжилгээний хариуны хамт үзэж судлаад З- захирлыг дуудаж үзүүлээд өглөө 10 цагаас эхлэн 2 өдөржин ачиж хүргэж дууссан. Хүргэсэн газар маань Гунийн бригад буюу З.Х- ХХК-ны байранп 150 км газар 2 удаа явж хүргэсэн. 1 тн будааг 350 000 төгрөгөөр борлуулсан. 66,8 тн байсан. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулаад 2 жил болж байна. Үргэлж дарамталж байх юм Ц- гуай. Сэтгэл, санаа зардал чирэгдэл үнэхээр их байна. хуулийн дагуу Зуучлах ажил хийсэн. Мөн хувийн машины түлш, зардал, ачих буулгах , цалин хөлс гээд хангалттай зардал гарсан. Нийт 23 300 000 төгрөгийг З.Х- ХХК-ны төлбөрт авсан. 19 сая төгрөгийг Ц- гуайд төлсөн. Үлдсэн нь 5 тн-ын даацтай 2 машин 2 удаа явсан тээврийн зардал 2 сая төгрөг, *******ийн ачих тоног төхөөрөмж ашигласны хөлсөнд 350 000 төгрөг, хувийн машин, түлш жолооч бусад хүмүүст 2 өдрийн турш хоол авч өгсөн. Ингээд өөрөө тодорхой хувийг нь авсан. Гэтэл гэнэт будааны үнэ өссөн. Үүнийг далимдуулан Ц- гуай маань үнэтэй зарах гэж байсныг чи Э-аас хямд авсан байна гээд гэнэт яриад эхэлсэн. Хурдан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Э- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Сэлэнгэ Б.Б- ХХК-ны будааны маргаан 4 дэх жилдээ буюу СХДүүргийн цагдаад 2 жил шалгагдаад хэргийг хэрэгсэхгүй болгосон. 2 жил Дархан-Уул аймгийн шүүхээр яваад надад жингийн зөрүү 700 000 төгрөг Ц- гуайд өг гэсэн шийдвэр гарсан. Энэ тухайн Ц- гуайтай ярихад чи яахав бид учраа олно гол нь М-ын З-гаас авсан мөнгийг бүрэн авмаар байна чи санаа зоволтгүй гэсэн. Бид 2 олон жил тариа будуу өгөлцөж авч бие биедээ тус дэм болж явсан найз нар тул эвлэрэх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч З.Х- ХХК-ийн захирал М.З- шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Манайх Төв аймгийн Баянцогт суманд 4000 толгой гахайтай. Намрын ургац хураалтаар 1000 гаруй тонн будаа авдаг. Ажилд гарч явахдаа Д.М-гэдэг залуутай танилцаад будаа авахаар тохироод түүнд 1 сая төгрөг өгсөн. Тэгээд Д.М-11 сард надруу залгаад танайд нийлүүлэх будаа байна уулзъя гэсэн. Тэгээд би түүнтэй орбит дахь өвсний фондын хашаад анх уулзсан. Хашаанд ороход хэсэг газар будааг тавьсан байсан. Д.М-тэр будааг миний будаа гэж хэлсэн. Тэгээд нэг тонн будааг 350,000 төгрөгөөр авахаар тохироод би ажилтай байсан тул түүнийг жинлүүлээд явуулчих гэж хэлсэн. Нийт 66220 кг будааг авсан. Будааг 23,177,000 төгрөгөөр авахаар аман тохиролцоог хийсэн. Би Д.М-рүү дансаар нь мөнгө хийгээд байсан 2014 оны 11 сарын 26-нд 1 сая төгрөг өгсөн, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 300,000 төгрөг 2014 оны 11 сарын 27-ны өдөр 2 сая, 4 сая төгрөг, 2014 оны 12 сарын 4-ны өдөр 3 сая төгрөг, 2014 оны 11 сарын 30-ны өдөр 4,8 сая төгрөг гэх мэт хийгээд нийт 25,177,000 төгрөг өгсөн. Үүний 2 сая төгрөг нь өөр будааны мөнгө. Би энэ хүнээс бас араас нь өөр будаа авсан. Яригдаад байгаа Х- Э.Э- нарыг би танихгүй. Манайх өдөр болгох будаа авдаг байсан. Намайг хариуцагч болгож энд будааны мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. Би Х.Ц- эд мөнгө өгөхгүй гэсэн. Яагаад гэвэл би энэ хүнийг танихгүй хэлцэл хийгээгүй учир би таньд өгөх боломжгүй гэсэн. Би ийм л зүйл хэлсэн. Би М-од хэлсэн ийм хүн яриад байна гээд хэлсэн. Тэгсэн Д.М-та надтай наймаа хийсэн болохоос тэр хүнтэй хийгээгүй гэж хэлсэн гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б- ХХК нь хариуцагч Э.Э-, Д.М-, З.Х- ХХК-д холбогдуулан 19 372 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нийт 13 690 000 төгрөгөөс 12 790 000 төгрөгийг Д.М-, З.Х- ХХК-иас, 2 тн будааны үнэ 900 000 төгрөгийг Э.Э-аас тус тус гаргуулах шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц-ийн хүсэлтээр Улаанбаатар хотын О.К-ХХК-д ачуулсан 68,2 тн улаан будаан үлдэгдэл дээжинд шинжилгээ хийж, тухайн үеийн зах зээлийн ханшийг тогтоож дүгнэлт гаргуулахаар Цэгц үнэлгээ ХХК-ийг томилсон байх бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр ...2014 оны байдлаар 1тн таваарын улаан буудайн зах зээлийн үнэ дунджаар 540 000 төгрөг, 68,2 тоннын үнэ 36 828 000 төгрөг гээд, захирамжид заасны дагуу улаан буудайн дээжинд шинжилгээ хийх боломжгүй гэсэн дүгнэлт ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч нь дээрхи шинжээчийн дүгнэлтийн талаар санал, хүсэлт гаргаагүй бөгөөд нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа улаан буудайн үнийг 1 тонныг 450 000 төгрөгөөр тооцож 68,2 тн х 450 000 төгрөг = 30 690 000 төгрөг, үүнээс 66,2х450 000 = 29 790 000 төгрөгөөс Д.М-ын шилжүүлсэн 17 000 000 төгрөгийг хасч үлдэх 12 790 000 төгрөгийг хариуцагч Д.М-, З.Х- ХХК-аас, 2 тонн улаан буудайн үнэ 900 000 төгрөгийг Э.Э-аас нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

 

Хариуцагч Д.М-нь 66,8 тн будааг тонныг нь 350 000 төгрөгөөр борлуулж, 19 сая төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн, бусад нь зардал болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж, хариуцагч З.Х- ХХК-ийн захирал М.З- Б.Б-н ХХК-тай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Э.Э- 2 тн будааны үнэ 700 000 төгрөгийг зөвшөөрнө гэж тайлбар гаргасан болно.

 

2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр О.К-ХХК-ийн хашаанд буулгасан Б.Б- ХХК-ийн 68.2 тонн улаан буудайнаас 66,2 тонныг 350 000 төгрөгөөр З.Х- ХХК-д худалдсан болох нь З.Х- ХХК-ийн будааг пүүлж хэмжиж авсан талаарх ачаа пүүлсэн тодорхойлолт, мөн компанийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн орлогын баримт, будааны үнийг Д.М-од шилжүүлж байсан талаарх ХААН банкны депозит дансны хуулга, орлогын мэдүүлэг, бэлэн мөнгөний зарлагын баримт зэрэг З.Х- ХХК-ийн хариу тайлбарт хавсарган ирүүлсэн нотлох баримтаар тогтоогдож, дээрхи үйл баримтын талаар талууд маргаагүй болно.

 

Хариуцагч Д М-, Э.Э- нар нь Б.Б- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц-ийн зөвшөөрснөөр, түүний гуйснаар буудайг борлуулсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө шаардах эрхтэй, 492.1.1-д ...хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж тус тус зааснаар хариуцагч Д М-, Э.Э- нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 07/34/754 дугаартай дүгнэлтэд ...Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум Б.Б- ХХК-ийн 2014 онд тариалсан улаанбуудайн загвар дээж шинжлэгдсэн үзүүлэлтийн хүрээнд Хүнсний улаан буудай техникийн ерөнхий шаардлага MNS-0097 2010 стандартын чанарын шаардлагыг хангахгүй байна гэжээ.

 

ХариуцагчД.М-нь З.Х- ХХК-аас буудайн үнэ 66,2х350000 = 23 170 000 төгрөг авснаас 19 000 000 төгрөгийг Б.Б- ХХК-ийн ня-бо Х.Ц-эд өгсөн гэж тайлбар гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь 17 000 000 төгрөгийг авсан гэж маргаж байгаа болно.

 

Хариуцагч нь 19 000 000 төгрөгийг шилжүүлсэн талаар нотлох баримт ирүүлээгүй, нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Иймд хариуцагч Д.М-оос 66,2х 450 000 =29 790 000 төгрөгөөс төлбөрт шилжүүлсэн 17 000 000 төгрөгийг хасч 12 790 000 төгрөгийг, хариуцагч Э.Э-аас 2 тн х450 000 =900 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Б- ХХК-д олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Б.Б- ХХК, хариуцагч З.Х- ХХК-ийн хооронд ямар нэгэн хэлцэл хийсэн талаар талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул гэрээний үүргийг шаардах эрхгүй байна.

 

Хариуцагч Э.Э-,Д.М-нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлйин 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар Д.М-оос 12 790 000 төгрөг, хариуцагч Э.Э-аас 900 000 төгрөг гаргуулан Б.Б- ХХК-д олгож, хариуцагч З.Х- ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254.810 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М-оос нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 12 790 000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 219,590 төгрөг, хариуцагч Э.Э-аас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 900 000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 26,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б- ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учиртайг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА