Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 55

 

“Бургалтайнбуудай” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00152/и

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 111 дүгээр шийдвэртэй,  

            Нэхэмжлэгч “Бургалтайнбуудай” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч Цоохорууд овогтой Э-ийн Э-

            Хариуцагч Далт овогтой Д-гийн М- нарт холбогдох,

            “Буудайн үнэ болох 19.372.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цэндийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

            2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цэнд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “Бургалтайнбуудай” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цэндээс:

Миний бие “Бургалтайнбуудай” ХХК-ийн нягтлан бодогчоор ажилладаг. Манай компаниас Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүргийн “Орбит комплек” ХХК, “Монгол гурил” үйлдвэртэй буудай өгөх тухай гэрээний дагуу 2014 оны 11 дүгээр сарын 16-нд өгсөн 3 чиргүүлтэй машин буудайнаас, 2 чиргүүлтэй машины 52.2 тн буудайг цавуулаг муутай учир дангаар нь гурил хийх боломжгүй гээд хашаандаа урд нь үнэ тохирч буулгаж авсан 14.7 хувийн цавуулагтай 16 тн буудайн дэргэд буулгаж, хамт хучиж хамгаалаад 68.2 тн буудайг 2014 оны 11 дүгээр сарын 28-нд авч “Чого” ХХК-нд ёзарахаар очиход “Орбит Комплекс” ХХК, “Монгол Групп” гурилын үйлдвэрт буудай авахад нь зуучилж байсан Э.Э- нь Д.М-той хуйвалдан манай компанийн зөвшөөрөлгүйгээр “Орбит Комплекс” ХХК-ийн захиралд “Бургалтайнбуудай” ХХК-ний захирал зар гэсэн гэж худал хэлсэн.

Мөн 2014 оны 11 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд “Зургаан хошуу” ХХК-д зарсан байсныг мэдсэн. Тухайн үед буудайг М.Золзаяа, Э.Э-, Д.М- нар хамт явж зарсан байсан. Би захирал руу залгаад “400.000 төгрөгөөр буудайг зарахаар болсон, 30.000 төгрөгийг нь би өөртөө ашиг болгон авч, 20.000 төгрөгийг нь аваад 350.000 төгрөгөөр зарна” гэж хэлсэн. Энэ буудайны маргаан 500.000 төгрөгөөр зарах буудайг чи яагаад ийм хямдхан зарж байгаа юм гэхэд харин өөрөө хурдан зарж борлуул гэснээр маргаан үүссэн. М.Золзаяагийнд будааг зөөсөн хоёр жолоочийг олоод нэгийг нь дагуулаад гахайн ферм дээр очсон. Би гахайн ферм дээр нь очоод миний буудайг зөвшөөрөлгүйгээр бага үнээр зарсан байна гэдэг учир байдлаа хэлэхэд надад М.Золзаяагийн утасны дугаарыг өгч, түүнтэй ярихад  тухайн үед М.Золзаяагаас буудайг хэдээр зарсан юм бэ гэхэд хэдээр авсан үнээ хэлэхгүй байсан. М.Золзаяа нь би Э.Э- гэдэг хүнийг танихгүй, Д.М- гэдэг хүнээс буудайг худалдан авсан гээд Д.М-ын утасны дугаарыг надад мөн өгсөн. Би Д.М-той ярихад М.Золзаяатай дахин уулзаад танд хариу хэлье гэж хэлсэн. Маргааш нь Д.М- над руу залгаад “М.Золзаяатай будааны үнийн талаар таны ярьж байсан үнээр тохироод 400.000 төгрөгийн үнээр буудайны үнийг төлье” “Зургаан хошуу” ХХК найдвартай гэж хэлсэн. Д.М- ярихдаа “М.Золзаяа нь танай данс руу хийх байсан мөнгийг андуурч, миний данс руу хийсэн уг нь 10.000.000 төгрөг шилжүүлнэ гэж байсан чинь 4.000.000 төгрөг над руу шилжүүлсэн байна. Би дансаа өгөхөд над руу 4.000.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд Д.М- надад нийт 8.000.000 төгрөг өгсөн. Гэрчийн мэдүүлгээр буудайг 400.000 төгрөгөөр зарахаар тохирсон. Э.Э- буудайгаа хэдээр зарах юм бэ гэж асуухад би 350.000-450.000 төгрөгийн хооронд зарна гэж хэлсэн. Э.Э- би өөрөө 2 тн буудайгаа хариуцна харин Д.М-оос 400.000 төгрөгийг авах ёстой. Сүүлд 300.000 төгрөгөөр бодож 1.900.000 төгрөгийг Д.М- нь Э.Э-т өгч, Д.М-оос 1.900.000 төгрөгийн тээврийн хөлс, 2 тн буудайны үнэ 400.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна. Анх 19.372.000 төгрөгийг нэхэмжилснээс 5.000.000 төгрөгийг нь Д.М- шүүх хуралдааны явцад өгсөн. Одоо 14.372.000 төгрөгөөс Д.М-оос нийт 7.580.000 төгрөг нэхэмжилснээс 3.310.000 төгрөгийг М.Золзаяагаас, Э.Э-аас 6.792.000 төгрөгийг тус тус гаргуулж “Бургалдайнбуудай” ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.М-оос:

Э.Э- будаа зараад өгөөч гэж хэд хэдэн удаа ярьж, дээж болон будааны шинжилгээний бичгийг авчирч үзүүлсэн. “Зургаан хошуу” ХХК-д хандахад захирал М.Золзаяа өөрийн биеэр хүрэлцэн ирж үзээд 1 тонныг нь 300.000 төгрөгөөр тооцож худалдаа хийсэн бөгөөд төлбөрийг бага багаар цувуулсаар хэдэн сарын дараа төлбөр надад ирэхэд “Бургалтайнбуудай” ХХК-ийн дансаар шилжүүлж байсан. 2014 оны 11 дүгээр сард тэжээлийн будаа 200.000-250.000 төгрөг болсон гэж хэлсэн. Төлбөр төлөгдөөгүй байх үед буудайн хомсдол болж тэжээлийн буудай 1 тонн нь 450.000 төгрөг хүрсэн. Тухайн үед Х.Цэнд нь 1 тонн буудайг 500.000 төгрөгөөр үнэлж их хэмжээний мөнгө нэхсэн. Буудайг хотоос 120 км явж “Зургаан хошуу” ХХК буулгах хүртэл тээврийн зардал ачиж буулгасан ажилчдын хөлс, дундын зуучлалын зардалд 50.000 төгрөгийг 1 тн тутмаас хасч 16.500.000 төгрөг олгох болсон. Үлдэгдэл 2.500.000 төгрөгийг өгөхөд бэлэн” гэжээ.

            Хариуцагч Э.Э-аас:

Намайг Булган аймагт явж байхад “Бургалтайнбуудай” ХХК-ийн нягтлан бодогч Х.Цэнд залгаж 300-400 тн буудай байна боломжийн үнээр борлуулаад өгөөч гэж хэлсэн. Би Булган аймгаас буцах замдаа “Бургалтайнбуудай” ХХК-нд очиж “Орбит Комплекс” ХХК-ийн захиралтай хамт будааг үзэж дээж авч явсан. Нийт 360 гаруй тонн будааг “Орбит Комплекс” ХХК авсан ба 3 машин буюу 68 тонн буудайн цавуулаг нь 12-14 хувь байснаас болж гурил хийх боломжгүй болсон байсан. Бид Х.Цэндэд будаагаа буцааж авахыг шаардсан боловч будаагаа авахгүй байсаар машины тэвшин дээр 10 гаруй хоносон. Будааны дээжийг авч Мэргэжлийн хорооны ерөнхий газрын лавлагаа лаботорид дахин шинжлүүлж хүнсэнд тохирохгүй гэсэн баталгаа авсан гэж хэлсэн. Тухайн үед тэжээлийн будаа 1 тонн нь 150.000-200.000 төгрөгийн үнэтэй байсан учир Х.Цэнд, Б.М- нар нь хоорондоо будааны үнэ хөлсийг хоорондоо тохиролцсон байсан. Иймээс нэхэмжлэлийн шаарлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч М.Золзаяагаас:  

Манайх будаа дамнан борлуулж, худалддаг компани, гурилын үйлдвэр биш учраас сайн чанарын будаа авах шаардлага байхгүй. 4000 гахайтай, гахайн аж ахуйтай. Зах зээл дээр хамгийн хямд, боломжтой тэжээлийн будаа л хэрэглэдэг компани жилдээ манай компани 1000 гаруй тонн будаа нөөцөлдөг. Баруун бүсээр будаа нөөцөлж явж байгаад манай компаний ажилтнууд Д.М- гэдэг хүнтэй танилцаж, будаа авахаар болоод харилцан тохиролцоод хот руу орж ирэхээрээ надтай уулзаарай гэж ярьсан. Би Х.Цэнд, Хүрэлбаатар, Э.Э- нарын хэнийг нь ч танихгүй, миний будаа авсан харилцагч бол Д.М- юм. Д.М- нь тэр байгууллагаас будаагаа ачаад манай компанид ганц пүүлүүлээгүй, баруун бүсийн бүх ачаа барааг пүүлдэг “Дунд-Уртын хүү” гэдэг газар хүртэл пүүлүүлсэн байгаа гэж хэлсэн. Д.М-той тохирохдоо 1 сарын дотор төлбөр тооцоог төлж барагдуулахаар будааг 350.000 төгрөгөөр бодож, 12 дугаар сарын 31-ний өдөр бүх төлбөр тооцоог хийхээр тохиролцсоны дагуу нийт 27.177.000 төгрөгийг төлсөн. Би Х.Цэнд гэдэг хүнтэй харьцаагүй, хэлцэл хийгээгүй ба манайх гахайн ферм учраас тэжээлийн будаа хэрэглэдэг. Зах зээл дээр 200.000-300.000 төгрөгийн янз бүрийн будаа байгаа. Тэр будаа ачсан өдрөөс хойш би Д.М-ын царайг хараагүй. Х.Цэнд намайг 2.000.000 төгрөг данс руу нь шилжүүлсэн гэж худал ярьж байгаа нь худлаа би дансруу нь нэг ч төгрөг шилжүүлээгүй зөвхөн Д.М- гэдэг хүнтэй харьцаж байсан. Мөнгө шилжүүлсэн бүх баримтууд болон дансны хуулга байгаа. Нэхэмжлэгчийн надад холбогдуулан гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батбуянгаас:  

Х.Цэндийн 68.2 тн будаа нь зах зээлийн үнээр 400.000-450.000 төгрөг байдаг. Гэтэл Д.М-, Э.Э- нарын хувьд 350.000 төгрөгөөр “Зургаан хошуу”ХХК-д зарсан бөгөөд М.Золзаяагийн тайлбараар Д.М- нь будааг 27.177.000 төгрөгөөр зарсан гэж хэлсэн. Д.М-оос “Зургаан хошуу”ХХК-д хэдэн төгрөгөөр будааг зарсан бэ гэдэг тоо баримтын хувьд зөрүүтэй байна. Сүүлд М.Золзаяагийн тайлбараар 27.177.000 төгрөг үүнээс үзэхэд 350.000 төгрөгийн будааг Д.М- нь худалдсан, М.Золзаяа нь 350.000 төгрөгөөр бодож будааг авсан байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар будааг 400.000 төгрөгөөр худалдсан. Тэгэхээр тооцоо хийхэд болон шүүх хурал болохоос өмнө анхны нэхэмжилсэн дүн 19.000.000 төгрөг байна. Энэ 19.000.000 төгрөгөөс 5.000.000 төгрөгийг Д.М- төлсөн. Үлдэгдэл 14.000.000 төгрөгийг хариуцагч Э.Э-, Д.М-, М.Золзаяа нар төлөх ёстой. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд, талуудын гаргаж байгаа тайлбараас харахад нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн баримт байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 111 дүгээр шийдвэрээр:

            Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар Д.М-оос 6 177 000 төгрөг, Э.Э-аас 700 000 төгрөг гаргуулан “Бургалтайн буудай” ХХК-д олгож “Зургаан хошуу” ХХК-ийг хариуцлагаас чөлөөлж, 7,445,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254.810 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М-оос нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 6.177.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 113.782 төгрөг, хариуцагч Э.Э-аас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 700 000 төгрөгт тохирох 21.350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Бургалтайн буудай” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цэнд давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх 7.445.000 төгрөгийг гаргаж бидэнд олгоод үлдэх 11.927.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Хариуцагч нараас манай компанийн 68.2 тн улаанбуудайнаас 66.22 тн улаанбуудай “Зургаанхошуу” ХХК-д өгч, үлдсэн буудайн үнэд 27.117.000 төгрөг авч манай компанид 17.000.000 төгрөг өгч, үлдэгдэл 10.177.000 төгрөгийг хариуцагч Д.М- хувьдаа ашиглаж үлдэгдэл 4.000.000 төгрөгийн хохирол манай компанид учруулсан. 2014 онд улаанбуудайн улсын дундаж борлуулалтын үнэ 540.000 төгрөг байсан. Манай компани улаанбуудай цавуулаг бага гурлын стандартад тохирсон хариу ирсэн болохоор бид урамшуулал авна гэж үзээд 400.000 төгрөгөөр үнэлж 470.000 төгрөгөөр тооцож өгсөн. Харин манай улаанбуудайг “Орбит Комплекс” ХХК тээврээ хариуцаад 460.000 төгрөгөөр авч уг компанитай 21-ээс дээш цавуулагтай буудай байхгүй учир манайхыг авч өөр газар өгөх хүртэл хашаандаа хадгалж байхаар тохиролцсон. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумаас улаанбуудайг Улаанбаатар хүртэл 310 км газар тээвэрлэхэд 1 тн буудайн тээврийн хөлсөнд 60.000 төгрөг төлсөн байна. Манай компани 68.2 тн буудайг 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Чого” ХХК-ний захиралд үзүүлээд 1 тонныг 450.000 төгрөгөөр авахаар тохиролцоод 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр манай компаний Ч.Хангай, н.Энхбат нар улаанбуудайг авч өгөхөөр очиход “Орбит Комплекс” ХХК-ний хашаанд байсан 68.2 тн буудай байхгүй хариуцагч Э.Э-,Д.М- нар “Зургаан хошуу” ХХК-д буудайг хүргэж өгсөн жолооч болон худалдаж авсан авах хүмүүст авч өгөхөөр манай компанийн ажилтан Ч.Хангай 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Зургаан хошуу” ХХК-ний гахайн аж ахуйд очиход буудайн хагасыг савлаад, хагасыг нь савлаагүй овоолтой складанд оруулаагүй гадаа байсан. Иймд “Чого” ХХК-д өгөхөөр тохирсон буудай байхгүй бөгөөд уг компанид 100 гаруй тн буудай хэрэгтэй байсан учир түүнтэй адилтгах улаанбуудайг манайх үтрэм дээрээс 40 орчим тонныг “Чого” ХХК-д 430.000 төгрөгөөр өгсөн падаан, баримт болон “Чого” ХХК-ний захирлын тодорхойлолт, “Орбит Комплекс” ХХК-ний захирлын гэрчилсэн тодорхойлолт үнийг харгалзан үзэлгүйгээр манай нэхэмжилсэн буудайн тээврийн хөлс 3.972.000 буюу үнийн зөрүү болох 3.310.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх “Бургалтайнбуудай” ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.Э-, Д.М- нарт холбогдох буудайны үнэ 19.372.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь судлан үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх дараах алдаа, зөрчлүүдийг гаргасан байна.

Хэргийн 78 дугаар талд авагдсан 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2522 дугаар захирамжаар даалгавар гүйцэтгүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхдээ захирамжийн 1 дүгээр заалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасныг баримтлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулсан нь ойлгомжгүй буюу хууль буруу хэрэглэсэн.

2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 6183 тоот шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээхдээ түдгэлзүүлсэн шалтгаан арилаагүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-т заасныг зөрчсөн.

2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 6184 дүгээр шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дахин түдгэлзүүлж, 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээлгүй хэргийг шийдвэрлэж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилмагц хэргийн оролцогчийн хүсэлт буюу өөрийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай шүүгч захирамж гаргах ба энэ өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх хугацааг үргэлжлүүлэн тоолно” гэж заасныг дахин ноцтой зөрчсөн.

Хэргийн 125 дугаар талд авагдсан 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 537 дугаар шүүгчийн захирамжаар ”Зургаан хошуу” ХХК-ний захирал М.Золзаяаг энэ хэрэгт хамтран хариуцагчаар татсан, гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр түүнд хариуцагчийн эрх, үүргийг тайлбарлаж, нөлөөллийн мэдүүлгийг танилцуулж, 11 дүгээр сарын 14-ний өдөр хариу тайлбарыг холбогдох нотлох баримтын хамт гаргуулж авсан нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2-т заасан эдлэх эрх, хүлээх үүрэг,  мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдэлнэ” гэж тус тус заасныг ноцтой зөрчсөн.

Хэргийн 128-133 талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл шүүх хуралдааныг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр явуулсан байх бөгөөд шүүхийн шийдвэр 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өөр дугаартай бичигдэж гарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 118 дугаар зүйлийн 118.2-т “Удиртгал хэсэгт шийдвэрийг хэзээ, хаана, ямар шүүх гаргаж байгаа, шүүх бүрэлдэхүүн болон шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэргийн оролцогч болон шүүх хуралдааны оролцогчийг нэрлэн заана” гэж тус тус заасныг ноцтой зөрчсөн.

Эдгээр алдаа зөрчлүүдийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх хуулийн боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 111 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

            2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133.510 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулсугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           О.НАРАНГЭРЭЛ 

                                                   ШҮҮГЧИД                                           С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                               Л.АМАРСАНАА