Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2020/01057

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүгч Б.Отгонбямба, шүүгч Н.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын .... дугаар баг Зөөлөнд оршин суух Тулга овогт Намсрайгийн ******* /......................./-ийн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 01 дүгээр багийн ................тоотод оршин суух Бэрх овогт Лувсандоржийн Содномхишиг /....................../,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын ..... дугаар баг Зөөлөнд оршин суух Цагаан хуулар овогт Дамдинсүрэнгийн******* /................../,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Ханх сумын 3 дугаар багт оршин суух Улаан хуулар овогт Бадарчийн******* /..................../ нарт холбогдох,

Хариуцагч Д.Отгонбаярын өмгөөлөгч: Шүүхэд төлөөлөх эрхийн 1103 дугаарын үнэмлэхтэй Барнууд овогт Баадайн Батдорж /.................................../

Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, мэдээллийг тараасан хэлбэрээр уучлалт хүсэхийг болон мэдээллийг тараасан цахим хуудсаар дамжуулан няцааж, залруулга хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг, хариуцагч Д.Отгонбаяр, Б.Отгонбаяр, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Батдорж, иргэдийн төлөөлөгч П.Алтмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...2016 оноос эхлэн Рэнчинлхүмбийн идэвхтэй хуудас нэртэй цахим хуудсаар Дамдинсүрэнгийн*******, Бадарчийн******* нар нь миний нэр хүндэд бүдүүлгээр халдаж, ор үндэсгүйгээр гутаан гүтгэж доромжилж ирлээ. Уг цахим хуудсанд Д.Отгонбаяр нь Otloi Damdinsuren, Б.Отгонбаяр нь Otgonbayr Badarch гэсэн хаяг эзэмшдэг юм. Хүн бүр өөрийн нэр төр, алдар хүндийг хамгаалуулах эрхтэй болохыг Хүний эрхийн түгээмэл тунхаглалд тунхаглаж өгсөн бол Хэний ч нэр төрийг гутаан доромжилж болохгүй гэж Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заажээ. Миний бие Д.Отгонбаярын гүтгэлэг доромжлолыг хэрхэн няцаах талаар их удаан хугацаанд бодсоны эцэст асуудлыг шүүхэд хандан шийдвэрлүүлж нэр төрөө сэргээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Д.Отгонбаяр, Б.Отгонбаяр нар нь хүмүүстэй нийлэн намайг ******* чи бол дарангуйлагч, хойд Солонгосын ерөнхийлөгч Ким Жон Ун мөн. Чи хөх цамцат, төсвийн мөнгө иддэг, ард түмнээ дарамталдаг гэх мэтийн гүтгэлгийг маш олон удаа нийгмийн сүлжээнд бичиж байрлуулсан.Үүнийг манай сумын 5000 иргэн, өөр аймаг, сум, хотод амьдардаг болон гадаадад суудаг бүх хүмүүс, надтай хамтарч ажилладаг аймаг, сумдын удирдлагууд бүгд үзсэн байсан. Тэр ч бүү хэл зарим нь Ким дарга гэж дуудах болсон. Үүнээс гадна хамгийн харамсалтай нь энэ үйл явдалд миний хань үр хүүхдүүд маш их эмзэглэж, яах ёстойгоо мэдэхгүй, таньдаг мэддэг хүмүүсээсээ ичиж зовж шаналсаар байдаг болсон. Энэ үйл явдлаас хойш удалгүй эхнэр минь тархинд нь цус харваж нас барсан ба үүнийг би сэтгэл санааны хүнд дарамтад байснаас болсон гэж үздэг. Үүнд би маш их гомдолтой явдаг. Миний бие 1981 онд УБДСургуулийг багш мэргэжлээр төгсөж ирснээс хойш төрийн албаны удирдах албан тушаалд тасралтгүй ажилласан. Ажиллах хугацаандаа төрийн албыг чин шударгаар гүйцэтгэхийн төлөө чармайн, иргэд, хамт олныхоо сайн сайхны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, шударга, зарчимч, зөвд зөөлөн, бурууд хатуу байх зарчмыг баримталж ирсэн билээ. Гэтэл яагаад миний нэр төрд ингэж бүдүүлгээр халдан гүтгэн доромжлоод байгааг огт ойлгохгүй байна. Миний зүгээс дээрх гүтгэлэг, доромжлолд нэг ч удаа няцаалт хийж байгаагүй болно. Аливаа юм хэмжээ хязгаартай байдаг учраас асуудлыг шүүхээр шийдвэрлүүлж нэр төрөө сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна. Иймд шүүхээс хэргийг хянан үзэж Рэнчинлхүмбэ сумын иргэн Д.Отгонбаяр, Б.Отгонбаяр нараар миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, тэдэнд мэдээллийг тараасан хэлбэрээр уучлалт хүсэхийг болон мэдээллийг тараасан цахим хуудсаар дамжуулан худал мэдээллээ няцааж, залруулга хийхийг даалгасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Отгонбаяр шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

... Иргэн Д.Отгонбаяр миний бие сумын ИТХ-д иргэдийн сонголтоор 3 удаа буюу 12 жил сонгогдон хурлын тэргүүлэгчээр 3 удаа сонгогдон ажиллаж байгаа. Уг сонгогдох хугацаанд сумын ИТХ-аас Хяналтын Зөвлөлийн даргаар сүүлийн 8 жил сонгогдон ажиллаж сум орон нутаг, ард иргэдийн төлөө татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг ОНХСан, Сум хөгжүүлэх сангийн зарцуулалт гүйцэтгэлд хяналт тавьж ирлээ. Иргэдээс сонгогдсон төлөөлөгчийн хувьд, зөвлөлийн даргын хувьд сумын удирдлагуудтай санал солилцох, шаардлага тавих, гүйцэтгэлд хяналт тавьж, шаардах, сумын ИТХ болон тэргүүлэгчдийн хурал бүрд харилцан ярилцаж үл ойлголцох зүйлүүд гардаг байсан. Сумын газар төлөвлөлт, зохион байгуулалт мөн бүтээн байгуулалтын тендер, гүйцэтгэл зэрэг зүйлүүдэд санал нийлэхгүй тул маргалдах зүйлүүд байсан.Харин Н.*******тай гэр бүл болон хувь хүний хувьд эд зүйл, мөнгө төгрөг, гэр бүлийн талаар нэг ч удаа маргалдаж хэлэлцэх зүйлүүд огт байгаагүй. Шүүхэд өгсөн нэхэмжлэлийг уншиж үзэхэд миний хувьд иргэн Н.Батсуурийг хувь хүнийх нь хувьд доромжилсон зүйлгүй болно. Сошилаар иргэн хүнийхээ хувьд өөрийн зураг нэр хаяг дээрээс сумын удирдлага болон нутаг орныхоо талаар ил тодоор мэдээллээ өнөөдрийг хүртэл тавьж ирлээ. Иргэн хүний хувьд хуулиар олгогдох эрхийн дагуу үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг нь үнэн. Харин Н.******* гэсэн нэр хаягтай хүнтэй албан ёсоор чатаар нэг ч үг бичилцэж байгаагүй. Мөн нэхэмжлэлд бичсэнээр гэр бүлийн асуудалд гарсан талийгаачийнх нь талаар гомдолтой байна. Тухайн талийгаач Ж.Баттогтох нь Төрийн банкны захирал хийж байх хугацаандаа давхар бизнесийн ажлаа хийж яваад Мөрөн хотын зах дээр бие нь муудаж хот орж 3-р эмнэлэгт эмчлүүлж байхдаа нас барсан гэж сонссон. Түүнээс биш талийгаачтай хувь хүний хувьд уулзах, ямар нэгэн асуудал үүсгэж байсан зүйл үгүй болно.

...Н.******* гэсэн нэр орсон ямар нэгэн мэдээ мэдээлэл сошилд тавьж, бичиж байгаагүй. Энэ хүний нэр төр болон ажил хэргийн нэр төр унасан зүйл огт байхгүй. Харин ч сүүлийн 3 жил сум болон аймгийн шилдэг төрийн түшээгээр шалгарч байгаа. Хэрэв нэр төр болон ажил хэргийн нэр төр унасан бол сум болон аймгаас шалгарахгүй биз дээ. Миний хувьд нэхэмжлэгчээс уучлалт гуйх зүйл байхгүй. Эхнэрийг нь надаас болоод өнгөрсөн гэсэн яриа манай нутаг оронд гарсан байсан. Үүнд би гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Б.Отгонбаяр шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын иргэн Намсрайн ******* нь цахим ертөнцөөр намайг доромжилсон гэж нэхэмжлэл гаргасан тул би энэхүү нэхэмжлэлтэй танилцав. Энэ хүн нь өөрөө цахим сүлжээнд яг өөрийн гэсэн хаяг байдаг ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд хуурамч хаяг нээгээд биднийг ч гэсэн янз бүрээр хэлдэг. Над шиг өөрийн зурагтай өөрийн нэртэй цахим хаягаараа харилцвал болох байсан. Ийм баримт бүрдүүлж шүүхэд өгч байгаа юм чинь далд харилцаж байна гэсэн үг гэж би ойлгодог. Иргэн би бол яг Намсрайн ******* гэсэн хүний хаяганд юм бичсэнээ мэдэхгүй байна. Цахим ертөнцөөр би энэ хүнийг үнэндээ муулъя гэсэн бол нэрээ нууцлаад өөр хаягаас бичиж болох л байсан. Би чөлөөт ардчилсан нийгэмд үзэл бодлоо илэрхийлэхдээ нэрээ нууцлах ёсгүй биз дээ. Би энэ хүнийг илтээр доромжилсноо сайн мэдэхгүй байна. Их туслахтай том хүн юм байна. Надад тийм туслах ч байхгүй. Эхлээд энэ хүн яг ямар нэртэй хаяг нь Батсуурийнх байсан юм. Яаж доромжилсныг тодруулах, өөрөө дээрх 2 хаягт байсан эсэхээ хэлэх хэрэгтэй. Тийм бол намайг ч гэсэн янз бүрээр хэлсэн байгаа шүү. Би энэ хүнийг илтээр доромжлсоноо мэдэхгүй байна.

...Ренчинлхүмбийн идэвхтэй хуудас нэртэй цахим хуудсанд Ким дарга гэж бичсэн миний сэтгэгдлийг нэхэмжлэгч өөрийгөө хэлж байна гэж ойлгож байгаа бол миний хувьд уучлалт гуйж байна. Өөрөөр энэ хүнийг янз бүрээр бичиж нэр төр, алдар хүндийг нь унагаасан зүйл байхгүй гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Хариуцагч нарын зүгээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг няцааж, олон нийтийн сүлжээнд иргэн Н.******* нь төсвийн мөнгө иддэг, ард түмнээ дарамталдаг, төслөөр багаж, тоног төхөөрөмж авч эмнэлэгт шахсан гэх мэт зүйлүүдийг бичиж бусдад түгээсэн үйл баримтуудыг нотлон, түүнийгээ баталгаажуулсан нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байгааг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Иргэн Н.******* нь эхнэрээ нас барсны дараа сумын эрүүл мэндийн төвдөө түүний нэрэмжит тасгийг байгуулж, тоног төхөөрөмж авчирч өгч тохижуулсныг сумын эрүүл мэндийн төв цахим сүлжээнд тавьсныг төслөөр авч нийлүүлсэн гэж мушгин гуйвуулж нэр төрд халдсан гэж нэхэмжлэгч үзэж байгаа юм. Энэ талаар сумын эрүүл мэндийн төвөөс ийм явдал болоогүй гэсэн нотлох баримтыг гаргаж өгсөн байна. Материалыг шүүхэд нотлох баримтаар өгсөн. Мөн төсвийн мөнгө идсэн гэж байгаа нь ор үндэслэлгүй гүтгэлэг байна гэж үзэж байна. Дээрх худал гүжирдлэгүүдийг нэгэнт сошилд тавьсан болохоор маш олон хүнд тарсан нь ойлгомжтой ба нэхэмжлэгч болон түүний гэр бүлийг сэтгэл санааны дарамтад оруулсан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс зөрчигдсөн эрхээ шаардах эрхтэй ба бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараагдсан, уг мэдээ бодит байдалд нийцэж байгааг тараасан этгээд нотолж чадахгүй тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэгтэйг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-т тодорхой заасан байна.

Иймд нэр төрөө сэргээлгэх мэдээллийг тараасан хэлбэрээр уучлалт хүсэхийг болон мэдээллийг тараасан цахим хуудсаараа дамжуулан худал мэдээллээ няцааж, залруулга хийхийг Д.Отгонбаяр, Б.Отгонбаяр нарт даалгаж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн тайлбарыг итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие гаргаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь Д.Отгонбаяр, Б.Отгонбаяр нарт холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, мэдээллийг тараасан хэлбэрээр уучлалт хүсэхийг болон мэдээллийг тараасан цахим хуудсаар дамжуулан няцааж, залруулга хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар шийдвэрлэв.

Үүнд:Хариуцагч Б.Отгонбаяр нь ...Рэнчинлхүмбийн идэвхтэй хуудас нэртэй цахим хуудсанд Ким дарга гэж бичсэн миний сэтгэгдлийг нэхэмжлэгч өөрийгөө хэлж байна гэж ойлгож байгаа бол миний хувьд уучлалт гуйж эвлэрэхэд татгалзах зүйлгүй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг ...хариуцагч Б.Отгонбаяр Ренчинлхүмбийн идэвхтэй хуудас нэртэй цахим хуудсанд бичсэн нэхэмжлэлтэй холбоотой сэтгэгдлээсээ уучлалт гуйж байгааг хүлээн авч эвлэрч байна...гэх тайлбарыг хэргийн зохигч шүүх хуралдаанд гаргаж байх тул талуудын эвлэрлийг баталж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин хариуцагч Д.Отгонбаяр нь ...миний хувьд сошилоор иргэн хүнийхээ хувьд өөрийн зураг, нэр, хаяг дээрээс сумын удирдлага болон нутаг орныхоо талаар ил тодоор санал бодлоо илэрхийлж байсан нь үнэн. Гэхдээ Н.Батсуурийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан ямар нэгэн мэдээ мэдээлэл сошилд тавьж, бичиж байгаагүй. Н.******* нэр төр, ажил хэргийн төр хүнд нь гутаагдсан гэж нэхэмжлэл гаргаж байгаа боловч тэрээр сүүлийн 3 жил сумын болон аймгийн шилдэг төрийн түшээгээр шалгарсан байдаг. Иймд миний хувьд уучлалт гуйх зүйл байхгүй тул эвлэрэх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. ... гэж маргаж байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д заасан эдийн бус гэм хорыг арилгахдаа бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдал нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн буюу бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэжээ.

Нэр төр гэдэг нь тухайн хүний хувийн болон ёс зүй, түүнчлэн ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмж бөгөөд түүнийг хэн ч өөрчлөх, хүчингүй болгох эрхгүйгээс гадна бусдад шилжүүлж болдоггүй.

Ажил хэргийн нэр хүнд гэж иргэн, хуулийн этгээдийн тухайн эрхэлж буй үйл ажиллагааг бусдаас үнэлэх үнэлэмжийг хэлнэ.

Харин Гутаасан мэдээ гэдэг нь бодит байдалд нийцээгүй, иргэн хуулийн этгээдийг хууль болон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн буюу буруу, шударга бус үйлдэл хийсэн гэх агуулгатай мэдээг тарааснаар иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд нөлөөлсөн, үнэлэмжийг доройтуулсныг ойлгох ба нэхэмжлэгч талаас хариуцагч Д.Отгонбаярыг Рэнчинлхүмбийн идэвхтэй хуудас нэртэй цахим хуудсаар дамжуулан Н.Батсуурийн нэр хүндэд бүдүүлгээр халдаж, ор үндэсгүйгээр гутаан гүтгэн доромжилж нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан гэж мэтгэлцэж байх боловч хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр хариуцагч Д.Отгонбаяр нь нэхэмжлэгч Н.Батсуурийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл Д.Отгонбаяр нь Рэнчинлхүмбийн идэвхтэй хуудас нэртэй цахим хуудсанд хандалт хийж сэтгэгдэл бичсэн байгаа байх боловч дээрх сэтгэгдлүүд нь нэхэмжлэгч Н.Батсуурийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан байдалд хэрхэн хамаарч байгаа эсэх, түүнчлэн нэхэмжлэгчийн нэр хүнд, ажил хэргийн нэр хүнд нь ямар байдлаар гутаагдсан болох, тухайн мэдээлэл тархсан хүрээ, уг мэдээллийг мэдсэн хүний тоо болон нэхэмжлэгчийн сэтгэл санаанд ямар хохирол учирсан, түүний улмаас үүссэн үр дагавар зэрэг нь баримтаар нотлогдоогүй болно.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн гаргаж, цуглуулж өгсөн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй эсэх талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гаргадаг бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38 дугаар зүйл заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй юм.

Гэвч нэхэмжлэгч тал нь нэр төр, ажил хэргийн нэр хүнд нь гутаагдсан гэх боловч үүнийгээ баримтаар нотолж чадаагүй тул эдийн бус хохирлыг хариуцагч Д.Отгонбаярт хариуцуулах үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Д.Отгонбаярт холбогдох нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, мэдээллийг тараасан хэлбэрээр уучлалт хүсэхийг болон мэдээллийг тараасан цахим хуудсаар дамжуулан няцааж, залруулга хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Отгонбаяраас 35.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь;

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Н.Батсуурийн нэхэмжлэлтэй, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, мэдээллийг тараасан хэлбэрээр уучлалт хүсэхийг болон мэдээллийг тараасан цахим хуудсаар дамжуулан няцааж, залруулга хийхийг даалгах тухай иргэний хэргийн хариуцагч Б.Отгонбаяр нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишигтэй эвлэрсэн эвлэрлийг баталсугай.

2.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-д зааснаар хариуцагч Д.Отгонбаярт холбогдох нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, мэдээллийг тараасан хэлбэрээр уучлалт хүсэхийг болон мэдээллийг тараасан цахим хуудсаар дамжуулан няцааж, залруулга хийхийг даалгуулах тухай Н.Батсуурийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Отгонбаяраас улсын тэмдэгтийн хураамж 35.100/ зуун гучин таван мянга нэг зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ

ШҮҮГЧИД Б.ОТГОНБЯМБА

Н.БЯМБАСҮРЭН