Шүүх | Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
Хэргийн индекс | 132/2019/00216/И |
Дугаар | 132/ШШ2019/00262 |
Огноо | 2019-05-23 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 132/ШШ2019/00262
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1960 онд Улаанбаатар хотод төрсөн, 60 настай, эмэгтэй, Булган аймгийн Орхон сумын 1 дүгээр багт оршин суух, Луузан овогт нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1971 онд Булган аймгийн Булган суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн 12 дугаар байр, 2-22 тоотод оршин суух, Хуримт түшээ овогт холбогдох,
Сүлжээнд тушаасан 540 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2019/216/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч П.Ган-Очир, хариуцагч Б.О, гэрч Б.У, нарийн бичгийн дарга Ж.Ариунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 оны хавар ноолуураа тушаачихаад охин Б.У*******тай хамт зах дээр явж байтал Д.О нөхөр болох М.Б таарсан. М.Б******* хэлэхдээ “Б.Б******* эгчээ танд маш гоё зүйл санал болгоё” гээд машиндаа суулган “ALL MART” дэлгүүрт очиж эхнэр Д.О*******тэй уулзуулсан. Түүний эхнэр сүлжээний бизнесийн талаар хэлж, ийм, ийм боломж байна гээд элсэх талаар санал тавьсан. Би хэлэхдээ “Эгч нь хөдөөний хүн, сайн мэдэхгүй, та хоёрт л найдъя” гээд элссэн. Би 270000 төгрөгийг М.О*******д тоолж өгсөн, харин тэр хажууд сууж байсан төрсөн эгч М.Оюун-Эрдэнэд мөнгийг маань өгсөн. Би эгчийг нь сайн танихгүй ба М.Б, М.О******* нарыг сайн танина. Миний охин Б.У Хөвсгөл аймгийн залуу сүлжээнээс гарсан, түүний нэр дээр орох талаар хэлсэн, охин минь ч мөн адил элссэн. Үүний дараагаар дахин хөдөөнөөс аймагт орж ирээд явж байтал “та мөр нь дээр гарсан, нэг хүний мөнгө өгвөл гарна” гэхээр нь нэмж 270000 төгрөгийг өгсөн. Нийт 540000 өгсөн ба энэ талаар 2013 онд шүүхэд хандсан. М.Б*******аас мөнгийг маань өгөөч гэж олон удаа гуйж байсан. Иймд Д.О*******ээс 540000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.О******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 10 жилийн өмнө өөрөө шийдвэр гаргаж сүлжээний бизнест элссэн мөнгөө надаас нэхэмжилж байна. 2013 онд анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч хандаж хэргийг хэлэлцсэн байдаг боловч давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байдаг. Анхан шатны шүүх тус хэрэг хэлэлцэх шүүх хуралдаан болох үед нэхэмжлэгч Б.Б*******, түүний өмгөөлөгч П.Ган-Очир нар нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд ирээгүй учир нэхэмжлэлийг буцаасан байдаг. Миний бие 2008 онд Булган аймагт анх удаа “Миний дэлгүүр” сүлжээ супермаркетийг нээж байсан. Тухайн үед “Миний дэлгүүр”-тэй байнга интернэтээр холбогдох шаардлага гарч байсан тул “Мэдээлэл холбоо” ТӨХК-ийн Булган салбараар интернэт тавиулсан. Энэ асуудал 2009-2010 онд болсон явдал юм. Миний эгч Д.Оюун-Эрдэнэ надад интернэтийг чинь ашиглаж хийх зүйл байна гэхээр нь илүү ширээ байсан тул зөвшөөрсөн. Миний өрөөнд сууж ажилладаг байсан. Эхэндээ би юу хийж байгааг нь мэдээгүй, түүнээс энэ тухай лавлахад сүлжээний бизнес, интернэтээр хийдэг л гэж хэлсэн. Тухайн үед хүмүүс манай дэлгүүрээр их орж гарч байдаг байсан, тус сүлжээнд 270000 төгрөгөөр элсдэг байсан. Сүлжээнд орж буй хүмүүсийн мэдээллийг гадаад компаний бүртгэлд шивж нэрийг нь оруулдаг байсан ба мөнгө нь тус компаний дансанд орсны дараа компьютерт пирамид үүсч мэдээлэлүүд нь гарч ирдэг байсан. Тухайн үед би “Оюу Оюу” ч билүү, тийм нэрээр орж 2000000 гаруй төгрөгөөр тус сүлжээнд ороод алдсан байдаг. Одоогоос бараг 10 жилийн өмнө болохоор тус сүлжээний зарим зүйлийг нь сайн санахгүй байна. Намайг ажлаа хийгээд сууж байхад их хүмүүс бужигнадаг байсан, сар гаран хугацаанд энэ ажил нь явсан. Нэг өдөр манай нөхөр Б.Б******* гуайтай цуг гаднаас орж ирсэн. Манай нөхөр арьс, шир худалдаж авдаг тул нэхэмжлэгчтэй тус өдөр таарсан байх. Манай нөхөр хэлэхдээ “Энэ хүн сүлжээг сонирхоод байна” гэхээр нь сүлжээний бизнесийн талаар тайлбарлаж өгсөн. Үүнд “ажиглаад байхад 8-10 хүн оруулж байж 1000000 доллар авдаг юм байна, хүн элслүүлэхгүй бол мөнгө авахгүй юм байна шүү” гэж хэлж тайлбарласан. Би сүлжээнд ор гэж ятгах, дарамтлах зүйл хийгээгүй, зүгээр л мэдээлэл өгсөн төдий. Тэр сүлжээг ажиглаж байхад элсэн орсон хүмүүсийн мөнгө тухайн гадаадын компаний дансанд оронгуут тэр хүний нэр, нууц үг интернетээр пирамид хэлбэрээр гарч ирдэг байсан. Мөнгөө шилжүүлээгүй бол нэр нь гарч ирдэггүй. Интернетээр тухайн хүн хаанаас ч нууц үгээрээ ороод өөрийгөө хаана яваагаа хянаад ажиллаад явчих боломжтой тийм л сүлжээ байсан. Сүлжээний хүмүүс Б гэдэг энэ хүний мөнгийг нь тушаагаад нэр, нууц үг зэргийг нь өөрт нь хэлж дэлгэц дээр харуулж байсныг би сайн санаж байна. Тэгэхээр энэ хүн элсэж ороод тэр компанид л мөнгөө өгсөн байж таарна. Чин үнэндээ надад мөнгөө тоолж өгөөгүй, би тус сүлжээг ажиллуулж ч байгаагүй. Би энэ хүнтэй л адил сүлжээнд элсэгч байсан. Энэ хүн манай нөхрийг гудамжинд луйварчин, мөнгө өг гэж орилж хашгирсан гэсэн. Манай нөхөр энэ талаар мэдэхгүй, мөнгийг нь хэн авсныг ч мэдэхгүй. Дараа нь өгсөн 270000 төгрөгийг надтай хамааруулж байна. Би түүнд “та дээшээ гарсан байна дахиад төл” гэж хэлээгүй. Би мөнгийг нь аваагүй, энэ асуудлын талаар мэдэх ч үгүй. Нэхэмжлэгч сүлжээнд орсон хүмүүстэй уулзан мэдээлэл авсныхаа дараа мөрөнд гарсан байна гээд өгсөн байж магадгүй. Би түүнд “мөнгөө өгсөн хүнээ шүүхэд өгөөч ээ, мэдээлэл өгсөн хүнээ өгөөд байна” гэж хэлсэн. Өмнөх шүүх хуралдааны тэмдэглэл, тайлбар гэрчийн мэдүүлэг хэрэгт байгаа. Түүнээсээ одоо нэхэмжлэгч зөрж яриад байна. Сүлжээ гэдэг бол сүлжээ. Тэндээс авсан хүн, алдсан хүн ч байгаа. Бие хүн учир өөрийн гаргасан шийдвэрийнхээ өмнөөс хариуцлага хүлээх үүрэгтэй. Иймд иргэн Б.Б******* бид хоёрын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, би мөнгийг аваагүй тул тухайн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанд гэрч Б.У мэдүүлэхдээ: Хугацааг нь сайн санахгүй байна. 2013 оноос өмнө болсон асуудал. Миний хувьд 2012 он гэж санаж байна. Ээж бид хоёрыг зах дээр ноолуураа өгөөд явж байтал Б******* гуай дуудаад танд нэг гоё юм үзүүлье гэж хэлсэн. Бид хоёр машинд нь суугаад “ALL MART” дэлгүүрт очсон. Тэнд Д.Оюун-Эрдэнэ, Д.О******* нар тэнд сууж байсан. Ээж тэр дор нь 270000 төгрөгөө Д.О*******д тоолж өгсөн. Дараа нь ээжид “эгчээ та мөр нь дээр гараад мөнгө хожих гээд байна, унах гээд байна” гэж хэлэхээр нь ээж дахин 270000 төгрөгийг өгсөн байдаг. Манай нөхөр ч үүнийг мэднэ. Цагдаа учир тухайн үед эсэргүүцэж байсан. Миний дүү чи ч бас орооч Хөвсгөл аймгийн нэг залуугийн нэр дээр ороод 270000 төгрөгөө өгөөрэй ч гэж надад хэлж байсан. Дараа нь М.Б*******тай таараад мөнгөө нэхэхэд “өгнө санаа зоволтгүй” гэж хэлж байсан гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б******* нь Д.О*******ээс сүлжээнд тушаасан 540 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч би сүлжээний талаар мэдээлэл өгснөөс биш Б.Б******* бид нарын хооронд иргэний харилцаа үүсээгүй, би мөнгийг аваагүй, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
2009-2010 оны үед нэхэмжлэгч Б.Б******* нь сүлжээнд элсэж эхний удаа 270 000 төгрөг, дахин 270 000 төгрөг бүгд 540 000 төгрөгийг тушаасан үйл баримт болжээ.
Энэ үйл баримтын талаар талууд маргаагүй, харин хэдэн онд, хэнд мөнгийг тушаасан талаар маргасан байна.
Нэхэмжлэгч нь 2012-2013 оны үед болсон үйл явдал, мөнгийг хариуцагч Д.О*******д өгсөн гэж маргаж байх боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 132 дугаартай шийдвэрт “2010 оны 5 дугаар сард 270 000 төгрөгийг Д.О*******ийн төрсөн эгч Д.Оюун-Эрдэнэд өгсөн” гэж, гэрч Б.У******* “ 2-3 жилийн өмнө болсон асуудал. ...Тэнд Б*******ын эхнэр Д.О*******, түүний төрсөн эгч нар байсан. Тэр эгчид нь 270 000 төгрөгөө тоолж өгсөн” гэж тайлбар, мэдүүлэг өгсөн байгаа нь нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг үгүйсгэж байна. /хх-ийн 20-23/ Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Б.У*******гийн мэдүүлэг өмнөх мэдүүлгээс зөрүүтэй, нэхэмжлэгч Б.Б******* нь сүлжээнд тушаасан гэх 540 000 төгрөгийг Д.О*******д өгсөн гэдгээ нотолж чадаагүй байна.
Иймд хариуцагч Д.О*******ээс сүлжээнд тушаасан 540 000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Б.Б*******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч Д.О*******ээс 540 000 /таьван зуун дөчин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б*******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 16850 /арван зургаан мянга найман зуун тавин/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН