Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 139/ШШ2021/00455

 

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 139/ШШ2021/00455

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дундговь аймгийн ******* сумын 4-р баг, ******* гэх газар оршин суух, ******* овгийн *******ийн ******* /РД:ЗК*******/-ын нэхэмжлэлтэй,

Дундговь аймгийн сумын 3-р баг, гэх газар оршин суух, овгийн ийн /РД:ЗВ/-т холбогдох 6320000 /зургаан сая гурван зуун хорин мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2021/00371/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., хариуцагчийн өмгөөлөгч Б., нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутаг Шилийн худагт нутаглаж, оторлож явахад П. гэх хүн тэр хавиар айлуудаас мал худалдаж авч байна гэж сураг сонсож байсан бөгөөд 2020 оны 07 сарын 26-ны өдөр П. гэх залуу хоёул давхиж ирээд та мал зарах уу гэхээр нь үнэ тохирвол, бэлэн мөнгөөр мал зарна" гэтэл танай малыг үзье гээд мотоциклтой давхиж манай малыг үзэж ирчихээд танай малыг худалдаж авъя. Эр хонийг 170.000 төгрөг, төлөг 100.000 төгрөг, эр ямаа 140.000 төгрөгөнд бодож авъя. Танай мал сайхан тарган байна мөнгийг нь бэлэн өгнө гэхээр нь би огт танихгүй хүнд итгээд наймаа хийхээр тохиролцсон. Тухайн үед манайх өвөл нь Говьсүмбэр аймгийн нутагт оторлож мал сайн орсон. Зун нь мал маш сайхан тарган байсан. Ингээд би 2020 оны 07 сарын 27-нд П. гэх залууд

              180 толгой төлгийг нэг бүрийг нь 100.000 төгрөгөөр

              224 толгой эр хонийг нэг бүрийг нь 170.000 төгрөгөөр

              216 толгой эр ямааг нэг бүрийг нь 140.000 төгрөгөөр бодож

нийт 620 толгой / эр,сувай мал/ бог малыг 86.320.000 төгрөгөөр худалдсан. 2020.07.27-ны өдөр 4-5 бойчин мал хийх хүн дагуулж ирээд өдөржингөө мал ялгуулж туугаад явсан бөгөөд төлбөр тооцоо хийх болтол П. надад хандан Ахаа их мөнгө мобайлдаж шилжүүлж болохгүй байна. Би өглөө эрт банк нээгдэнгүүт таны мөнгийг шилжүүлчихье гэхээр нь би манай энд утасны сүлжээтэй байна. Хэд хуваагаад ч хамаагүй одоо шилжүүлчихэж болохгүй юм уу, би мөнгөө бэлэн авмаар байна гэхэд болохгүй байна. Найдвартай би өглөө мөнгийг чинь шилжүүлье гээд явсан. Ингээд 3 хоногийн дараа 30000000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл 1 жил гаруй хугацаанд хичнээн яриулж, бүр сүүлд нь гэрт нь хүртэл очиж нэхэж байж 10 сая төгрөг 10 сая, 3 сая, 12 сая, 5 сая, 10 саяар нийт 80.000.000 төгрөг цувуулж авсан. Мал худалдаж авсан мөнгөнөөс 6.320.000 төгрөгийг одоог хүртэл өгөөгүй тул П.аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: П. надад холбогдуулан С.*******аас 6320000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан нэхэмжлэлийг би 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гардаж авсан. Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах хариу тайлбарыг гаргаж байна. 2020 оны 8 дугаар сарын эхээр С.******* нь над руу Амьд мал зарах гэсэн юмаа. Ирж үзэх үү гэж ярьсан. Би тухайн үед Говьсүмбэр аймгийн Баянтал суманд мал худалдаж аваад байж байсан. Тэгээд С.*******ынд очиж мал үзсэн. Улмаар бид хоёр наймаа хийхээр болсон. Би С.*******аас эр ямааг нэг толгойг 130000 төгрөг, эр хонь нэг толгойг 170000 төгрөг, төлөг нэг толгойг 100000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцсон. Тухайн үед С.******* нь Би авгайтайгаа хоёулаа байдаг. Мал ялгалцаад өгөх хүн байхгүй байна. Мал ялгалцах хүнтэй ирээд авах уу гэхээр нь би маргааш нь мал ялгах хэдэн хүмүүстэй С.*******ынд очсон. Тэгээд ялгах гэж их юм болсон. Бүүр орой болоод ялгалцаж байсан хүмүүс ч уурласан. Тэгээд ялгасан малаа дахиж бариад шүдлэе гэтэл С.*******ынд ч хүмүүс байгаагүй, нөгөө ялгалцахаар ирсэн хүмүүс ч өдөржингөө мал зөөлөө гээд уурлаад малаа багцаалж авсан. Би С.*******аас 216 тооны эр ямаа, 180 тооны төлөг, 224 тооны эр хонь худалдаж авахаар анх ярьсан. Өөрөөр хэлбэл 620 тооны мал ийм байдлаар худалдаж авахаар тохирсон. Тэгээд тухайн оройноо хашаад, маргааш ирээд туугаад явья гэтэл С.******* нь хашаа байхгүй гээд тэр оройноо авсан малаа туугаад явсан. Гэтэл маргааш нь худалдаж авсан малаа бойлохоор болоод үзэхэд дээрх тооны малаас зарим нь насандаа хүрэхгүй байсан. 216 тооны эр ямаанд 12 тооны эм ямаа, шүдлэн, хязаалан нийлсэн 63 тооны ямаа байсан. Мөн 224 тооны эр хонинд 80 тооны шүдлэн, хязаалан хонь байсан. Би энэ талаар С.*******т хэлэхэд бойлж байсан газар өөрөө ирж надтай уулзсан. Тэгээд тэрээр Бүдүүн эр хонинууд гадуур 180000 төгрөгөөр зарагдаж байгаа. Би чамд 170000 төгрөгөөр бодож өгч байгаа юм чинь чи ингээд авчихаа гэсэн. Би тэгэхээр нь За юу ч гэсэн хийж үзэж байгаад болоё гэсэн. Тухайн үед эм ямаа нэг тоо нь 70000 төгрөгийн ханштай, шүдлэн, хязаалан ямаа нэг тоо нь 70000-80000 төгрөгийн ханштай, шүдлэн, хязаалан хонь нэг тоо нь 110000- 120000 төгрөгийн ханштай байсан. Бид хоёрын тохиролцсоноор бол 216 тооны эр ямаа нь 28080000 төгрөг, 180 тооны төлөг 18000000 төгрөг, 224 тооны эр хонь 38080000 төгрөг, нийт 84160000 төгрөг болно. Үүнд төлөгний хувьд маргадаггүй. Харин 130000 төгрөгөөр бодож худалдаж авсан эр ямаан дотор 70000 төгрөгийн ханштай байсан 12 тооны эм ямаа байсан. Тухайн үеийн ханшаар эм ямааг нэг тоог нь 70000 төгрөгөөр бодвол 12 тооны эр ямаа гэж авсан малд 720000 төгрөгийн зөрүү гарсан. Мөн 224 тооны эр хонь гэж авсан малд 80 тооны 110000-120000 төгрөгийн ханшаар үнэлэгдэж байгаа шүдлэн, хязаалан хонь байсан. Шүдлэн, хязаалан хонийг тухайн үеийн хамгийн өндөр ханшаар буюу 120000 төгрөгөөр бодоход 4000000 төгрөгийн зөрүү буюу хохирол надад бий болсон. Хэрвээ С.******* нь малын насаа надад тохирсон байдлаараа өгсөн бол дээрх 4720000 төгрөгийн зөрүү гарахгүй байсан. Тэгэхээр нь би тухайн үед С.*******т Надад зарсан 620 малыг чинь бүгдийг нь базаад 80000000 төгрөгт авья. Ихэнх мал нь насандаа хүрэхгүй байна. Ингэж тохиръё гэсэн. С.******* ч тухайн үед Тэгье гээд бид хоёр тохиролцсон. Би дээрх 620 тооны малыг бойлуулаад нийт 72741000 төгрөгөөр худалдсан. Мөн бойнд 3100000 төгрөг, тээврийн зардалд 1250000 төгрөг, 4350000 төгрөгийн зардал гарсан. Би малын наймаа хийгээд хэдэн төгрөг олъё гэж бодтол ийнхүү шатаж хохирсон. За ийнхүү би арав гаран сая төгрөгөөр тухайн үед хохирсон. Хохирох болсон шалтгаан нь С.******* надад малаа тохирсон насныхаар нь өгөөгүйд гэж боддог. Гэхдээ би наймаа хийсэн юм чинь гээд нэг их юм бодоогүй өдий хүрсэн. Би С.*******т мал худалдаж авснаасаа хойш 2 хоногийн дараа 50000000 төгрөг, үлдэгдэл мөнгийг би их удаалгүй 3000000, 5000000, 12000000 төгрөгөөр нийт 70000000 төгрөг төлсөн. Нийт зарсан мал маань 72741000 төгрөг болсон тул үлдэгдэл мөнгийг би наймаа хийж олж өгөхөөс өөр аргагүй болсон. Тэгээд 2021 оны 5 дугаар сард 10000000 төгрөгийг С.*******т өгсөн. С.*******т би тохирсон ёсоороо 80000000 төгрөгөө бүрэн төлж барагдуулсан. Тэрээр өөрөө ч гэсэн дээрх мөнгийг авсан гэж бичсэн байна. Тэгэхэд одоо ингээд шүүхэд хандсан байгаад үнэхээр гайхаж байна. Иймд би С.*******т 6320000 төгрөг төлөх ямар ч шалтгаан байхгүй. Наймаа хийгддэгээрээ хийгдээд би түүнд өгөх мөнгөө өгөөд дууссан. Харин ч энэ наймаанаас би шатсан ч гэсэн наймаа л юм чинь гээд С.*******т тохирсон мөнгөө бүгдийг нь төлж барагдуулсан. Мөн эр ямааг 140000 төгрөгөөр худалдаж авахаар тохироогүй. Иймд С.*******ын надаас нэхэмжилж буй 6320000 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 9 сарын сүүлээр Дорноговь аймгийн Хар-Айраг сум руу нүүж тэндээ намаржиж, өвөлжиж, хавар нь Говьсүмбэр аймгийн Шивээ-Говь суманд хаваржсан. Зун Баянтал сум руу ногоо идэж очиж зунжсан. 7 сарын сүүлээр Баянтал сумын ченж гэдэг хүн малын наймаа хийх үү би мал авдаг гээд манайд 2 залуу ирсэн. Тухайн үед манайх хотод орон сууц авах гээд эр сувай мал зарах гэж байсан юм. Санаанд чинь таараад мөнгө чинь бэлэн бол наймаа хийж болно гэхэд малыг чинь үзье гэсэн. Малыг үзээд маргааш иргэж ирнэ, малыг чинь авна гэж тэр үед наймаа тохирсон. Тэр үед эр хонь 200.000 төгрөг, эр ямаа 150.000-аас 160.000 төгрөгийн ханштай байсан. Бид 2 яриад эр хонийг 170.000, эр ямааг 140.000, төлөг 100.000 төгрөгөөр авахаар тохирсон. Маргааш нь 4,5 хүнтэй ирж 2-аа наймаа хийе малыг чинь авах гэж ирлээ гэсэн. Малаа хашаанд тасдаж хийж өг, би өөрөө малаа шилж барина гэсэн. Мал ялгаад өдөржингөө ажил болсон. Эхлээд эр хонийг гаргасан. Дараа нь эр ямааг дараа нь төлгийг гаргасан. 180 төлөг, 216 эр ямаа, нийт 620 толгой мал өгсөн. Нийт 86.320.000 төгрөгөөр худалдсан. Төлбөр тооцоо хийх гээд Отгоо ахаа танаас би 620 толгой мал авсан байна. 86320000 төгрөг болж байна. Мөнгийг чинь би өглөө ажил цуглахаар банкаар бөөн хийе гэхээр нь би энд бүх утасны сүлжээ барьдаг мобайлдаж шилжүүлж болохгүй юм уу гэхэд их мөнгө болдоггүй юм гэсэн. Өглөө нь хийгээгүй, 2 хоногийн дараа 30 сая төгрөг хийсэн. 8 сарын 1-нд Баянтал сум нутаг чөлөөл гээд 16-ын гармаар бүгдийг нь гаргасан. Би бензин тос авах гээд Баянтал суман дээр очсон. Амны ус авдаг газар очиход таараад ах нь ингээд ингээд явж байна. Чи нөгөө бөөн бэлэн хийнэ гэсэн мөнгөө яагаад цувуулаад байгаа юм бэ гэсэн чинь та явж бай би малаа хийгээд зав алга гэхэд нь чи яагаад утсаа аваад нэг ярьчихдаггүй юм бэ гэхэд малаа хийгээд завгүй байхад та залгасан байна. Орой болсон байсан болохоор залгаагүй гэсэн. Та тэгээд явж бай би араас чинь мөнгийг чинь хийнэ гэсэн. Увуулж, цувуулж хийсээр байгаад бүтэн жил болсон. Олон гуйж олон очсон надтай таарч өгөхгүй байсан. Утас нь дууддаг тэгээд утсаа хаана. Алдаг оног мессеж бичнэ. Таны малыг би борлуулсан. Урд Хятад улс руу махыг нь явуулсан. Малын мөнгө орж ирэхгүй өмнө түгжигдээд байна. Та түр хүлээж бай гэдэг байсан. Тэгээд надад 70 сая төгрөг өгсөн. Тэгээд 2021 оны 6 сард Баянцагаан суманд нүүж явж байгаад сумын төв дээр өдөржин явж байгаад олж уулзсан. Одоо миний дүү 16 сая гаран төгрөг үлдсэн тэр мөнгөө хий жил гаран болчихлоо. Чамайг их хүлээсэн ахад нь мөнгө төгрөгний хэрэг болоод байна. Утсаа аваад учраа хэлж болдоггүй юм уу гэхэд ахын мал үнэндээ хүрсэн. Би одоохондоо боломж муутай байна. Одоо 10 сая төгрөгийг хүнээс аваад өгье. Үлдэгдлийг 7 сарын 1 гэхэд таны дансанд хийнэ гэсэн. Чи утсаа авч байлдаа гэхэд би таны дугаарыг алга болгосон та надад дугаараа өгчих гэсэн би 2,3 дугаар өгсөн. 7 сар ч өнгөрсөн. 8 сар ч гарлаа 9 сар болоход би өчнөөн мэссэж хүүхдээр бичүүлэхэд хариу ирэхгүй байсан. Тэгээд би шүүхэд хандсан. Одоо мал зарсны үлдэгдэл мөнгө 6320000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг дэмжиж оролцож байна. П. нь *******аас эр хонийг 170000 төгрөг, эр ямааг 130000 төгрөгөөр, төлгийг 100000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож нийт 620 толгой малыг 80000000 төгрөгөөр худалдаж авахаар ярьсан байдаг. *******ын өгсөн малаас эр хонь, эр ямаа зарим нь насандаа хүрээгүй. Гэвч нэгэнт наймаа хийсэн учир 80000000 төгрөгөө *******т өгсөн байгаа. Үүнийг ******* ч нэхэмжлэлдээ бичсэн байсан. Харин ч П. нь энэ наймаанаас хохирол хүлээсэн байгаа. Гэвч нэгэнт хийсэн наймаа гэдэг утгаараа өгөх ёстой мөнгөө өгсөн гэдэг тайлбарыг хэлсэн. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд, талуудын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбарыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

С.******* нь, П.аас малын үнийн үлдэгдэл 6320000 /зургаан сая гурван зуун хорин мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч тал нь хариуцагч П.т 180 толгой төлгийг нэг бүрийг нь 100000 төгрөгөөр, 224 толгой эр хонийг нэг бүрийг нь 170000 төгрөгөөр, 216 толгой эр ямааг нэг бүрийг нь 140000 төгрөгөөр тооцож нийт 620 толгой малыг 86320000 төгрөгөөр худалдахаар тохиролцож П. нь 620 толгой малыг өөрөө ирж ялгаж авсан. 80000000 төгрөгийг авсан. Үлдэх 6320000 төгрөгийг гаргуулна гэж;

Хариуцагч тал нь нэхэмжлэгч С.*******аас 180 толгой төлгийг нэг бүрийг нь 100000 төгрөгөөр, 224 толгой эр хонийг нэг бүрийг нь 170000 төгрөгөөр, 216 толгой эр ямааг нэг бүрийг нь 130000 төгрөгөөр тооцон нийт 620 толгой эр сувай малыг 80000000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож 620 толгой малыг хүмүүсийн хамт очиж ялгаж авсан. Малаа бойлох явцад зарим мал тохиролцсон насандаа хүрээгүй. Гэсэн хэдий ч тохиролцсон ёсоороо 80000000 төгрөгийг өгсөн учир 6320000 төгрөгийг өгөх үндэслэлгүй гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

Талуудын тайлбараас харахад нэхэмжлэгч С.*******, хариуцагч П. нарын хооронд 620 толгой мал худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Худалдах, худалдан авах гэрээнд талууд үнийг хэлэлцэн тохиролцож болно. Талуудын тайлбараас харахад мал нэг бүрийн нас хүйсээр тооцож нэг толгой төлгийг 100000 төгрөгөөр, нэг толгой эр хонийг 170000 төгрөгөөр, нэг толгой эр ямааг 140000 төгрөгөөр тооцон үнийг хэлэлцэн тохиролцсон байна гэж үзэхээр байна.

Талууд нийт 180 толгой төлөг, 224 толгой эр хонь, 216 толгой эр ямаа , нийт 620 толгой мал худалдаж худалдан авах гэрээ байгуулсан гэх ба 80000000 төгрөгийг өгсөн гэх үйл баримтад маргахгүй байна. Харин 224 толгой эр хонь, 216 толгой эр ямаанаас зарим нь худалдан авахаар тохирсон насанд тохироогүй гэх ба нэг толгой эр ямааг 140000 төгрөгөөр тооцож худалдан авахаар тохирсон гэж нэхэмжлэгч тал, 130000 төгрөгөөр тооцож худалдан авахаар тохирсон гэж хариуцагч тал тус тус тайлбарлан мэтгэлцэж байна.

Талуудын тайлбараас харахад нэхэмжлэгч нь нийт 620 толгой малыг 86320000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон гэх тайлбарыг гаргаж байх ба тооцвол 180 толгой төлөг 18000000 төгрөг, 224 толгой эр хонь 38080000 төгрөг, 216 толгой эр ямаа 30240000 төгрөг болж нийт 86320000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээг байгуулсан гэх тайлбарт нийцэж байна. Хариуцагч нь 620 толгой малыг 80000000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж байх боловч тайлбараар тооцвол 180 толгой төлөг 18000000 төгрөг, 224 толгой эр хонь 38080000 төгрөг, 216 толгой эр ямаа 28080000 төгрөг, нийт 84160000 төгрөг болж байх ба энэ нь хариуцагчийн 620 толгой малыг 80000000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээг байгуулсан гэх тайлбарт нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл худалдах худалдан авах гэрээний зүйл болох 620 малыг тоо толгой бүрээр тооцон нийт үнийг тооцсон байхаар тайлбарыг талууд гаргаж байгаа бөгөөд нийт 620 толгой малыг 80000000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон гэх хариуцагчийн тайлбар баримтаар нотлогдохгүй байна.

Гэрч С.Болормаагийн мэдүүлгээр /хэргийн 38-39-рт/ 224 эр хонь 1 толгойг 170000 төгрөгөөр, 216 толгой эр ямааг 1 толгойг 140000 төгрөгөөр, 180 төлгийг 1 толгойг 100000 төгрөгөөр нийт 620 толгой мал өгсөн. Нийт 86320000 төгрөгөөр худалдсан болох нь нотлогдож байна. Хариуцагч нь нэг толгой эр ямааг 130000 төгрөгөөр тооцож худалдан авсан гэх тайлбарыг гаргаж байх боловч тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй ба хариуцагчийн тайлбар нь гэрч С.Болормаагийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

Мөн хариуцагч нь худалдан авсан эр хонь, эр ямаанаас зарим хэсэг нь насандаа хүрээгүй гэх тайлбарыг гаргаж байх боловч хариуцагч нь өөрөө малыг ялгаж авсан байх тул малыг хүлээн авах үедээ малын нас хүйсийн талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан байх тул худалдан авагч буюу хариуцагч П. нь шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл хариуцагчийн *******ын өгсөн малаас зарим эр хонь, эр ямаа насандаа хүрээгүй. Түүний улмаас би тодорхой хэмжээний хохирол амссан гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзэв. Хэрэгт нэхэмжлэгч талаас ирүүлсэн *******ийн *******ын Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019, 2020 оны тооллого /хэргийн 27-31-рт/ баримтаар нэхэмжлэгч С.******* нь 2020 онд 485 хонь, 300 ямаа зах зээлд худалдан борлуулсан болох нь нотлогдож байх ба энэ нь хариуцагчид худалдсан 620 толгой малаас илүү гарсан тоо байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хотод байр авах гээд дан эр сувай мал худалдсан тайлбар нотлогдож байна гэж үзлээ. Иймд дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулан шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар овгийн ийн /РД:ЗВ/-аас 6320000 /зургаан сая гурван зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулан ******* овгийн *******ийн ******* /РД:ЗК*******/-т олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116070 /нэг зуун арван зургаан мянга далан/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.аас /нэг зуун арван зургаан мянга далан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.УРАНЧИМЭГ