Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 218/МА2022/00002

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 139/ШШ2021/00455 тоот шийдвэртэй, *******ын нэхэмжлэлтэй *******т хариуцагдах 6320000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтулгын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтулга

Нарийн бичгийн дарга Э.Номинцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говьсүмбэр аймгийн Баян тал сумын нутаг Шилийн худагт нутаглаж, оторлож явахад ******* гэх хүн тэр хавиар айлуудаас мал худалдаж авч байна гэж сураг сонсож байсан бөгөөд 2020 оны 07 сарын 26-ны өдөр ******* гэх залуу хоёул давхиж ирээд та мал зарах уу гэхээр нь “үнэ тохирвол, бэлэн мөнгөөр мал зарна" гэтэл танай малыг үзье гээд мотоциклтой давхиж манай малыг үзэж ирээд танай малыг худалдаж авъя. Эр хонийг 170.000 төгрөг, төлөг 100.000 төгрөг, эр ямаа 140.000 төгрөгөөр бодож авъя. Танай мал сайхан тарган байна мөнгийг нь бэлэн өгнө гэхээр нь би огт танихгүй хүнд итгээд наймаа хийхээр тохиролцсон. Тухайн үед манайх өвөл нь Говьсүмбэр аймгийн нутагт оторлож мал сайн орсон. Зун нь мал маш сайхан тарган байсан. Ингээд би 2020 оны 07 сарын 27-нд ******* гэх залууд 180 толгой төлгийг нэг бүрийг нь 100.000 төгрөгөөр, 224 толгой эр хонийг нэг бүрийг нь 170.000 төгрөгөөр, 216 толгой эр ямааг нэг бүрийг нь 140.000 төгрөгөөр бодож нийт 620 толгой / эр, сувай мал/ бог малыг 86.320.000 төгрөгөөр худалдсан.

2020.07.27-ны өдөр 4-5 бойчин мал хийх хүн дагуулж ирээд өдөржингөө мал ялгуулж туугаад явсан бөгөөд төлбөр тооцоо хийх болтол ******* надад хандан “Ахаа их мөнгө мобайлдаж шилжүүлж болохгүй байна. Би өглөө эрт банк нээгдэнгүүт таны мөнгийг шилжүүлчихье” гэхээр нь би сүлжээтэй байна. Хэд хуваагаад ч хамаагүй одоо шилжүүлчхэж болохгүй юм уу, би мөнгөө бэлэн авмаар байна гэхэд болохгүй байна, найдвартай би өглөө мөнгийг чинь шилжүүлье гээд явсан. Ингээд 3 хоногийн дараа 30000000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл 1 жил гаруй хугацаанд хэчнээн яриулж, бүр сүүлд нь гэрт нь хүртэл очиж нэхэж байж 10 сая төгрөг 10 сая, 3 сая, 12 сая, 5 сая, 10 саяар нийт 80.000.000 төгрөг цувуулж авсан. Мал худалдаж авсан мөнгөнөөс 6.320.000 төгрөгийг одоог хүртэл өгөөгүй тул *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* надад холбогдуулан *******аас “6320000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан нэхэмжлэлийг би 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гардаж авсан. Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.

2020 оны 8 дугаар сарын эхээр ******* нь над руу “Амьд мал зарах гэсэн юмаа. Ирж үзэх үү” гэж ярьсан. Би тухайн үед Говьсүмбэр аймгийн Баян тал суманд мал худалдаж аваад байж байсан. Тэгээд *******ынд очиж мал үзсэн. Улмаар бид хоёр наймаа хийхээр болсон. Би *******аас эр ямааг нэг толгойг 130000 төгрөг, эр хонь нэг толгойг 170000 төгрөг, төлөг нэг толгойг 100000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцсон. Тухайн үед ******* нь “Би авгайтайгаа хоёулаа байдаг. Мал ялгалцаад өгөх хүн байхгүй байна. Мал ялгалцах хүнтэй ирээд авах уу” гэхээр нь би маргааш нь мал ялгах хэдэн хүмүүстэй *******ынд очсон. Тэгээд ялгах гэж их юм болсон. Бүүр орой болоод ялгалцаж байсан хүмүүс ч уурласан. Тэгээд ялгасан малаа дахиж бариад шүдэлье гэтэл *******ынд ч хүмүүс байгаагүй, нөгөө ялгалцахаар ирсэн хүмүүс ч өдөржингөө мал зөөлөө гээд уурлаад малаа багцаалж авсан. Би *******аас 216 тооны эр ямаа, 180 тооны төлөг, 224 тооны эр хонь худалдаж авахаар анх ярьсан. Өөрөөр хэлбэл 620 тооны мал ийм байдлаар худалдаж авахаар тохирсон. Тэгээд тухайн орой нь хашаад, маргааш ирээд туугаад явъя гэтэл ******* нь хашаа байхгүй гээд тэр орой нь авсан малаа туугаад явсан. Гэтэл маргааш нь худалдаж авсан малаа бойлохоор болоод үзэхэд дээрх тооны малаас зарим нь насандаа хүрэхгүй байсан. 216 тооны эр ямаанд 12 тооны эм ямаа, шүдлэн, хязаалан нийлсэн 63 тооны ямаа байсан. Мөн 224 тооны эр хонинд 80 тооны шүдлэн, хязаалан хонь байсан. Би энэ талаар *******т хэлэхэд бойлж байсан газар өөрөө ирж надтай уулзсан. Тэгээд тэрээр “Бүдүүн эр хонинууд гадуур 180000 төгрөгөөр зарагдаж байгаа. Би чамд 170000 төгрөгөөр бодож өгч байгаа юм чинь чи ингээд авчихаа” гэсэн. Би тэгэхээр нь “За юу ч гэсэн хийж үзэж байгаад болъё” гэсэн. Тухайн үед эм ямаа нэг тоо нь 70000 төгрөгийн ханштай, шүдлэн, хязаалан ямаа нэг тоо нь 70000-80000 төгрөгийн ханштай, шүдлэн, хязаалан хонь нэг тоо нь 110000-120000 төгрөгийн ханштай байсан. Бид хоёрын тохиролцсоноор бол 216 тооны эр ямаа нь 28080000 төгрөг, 180 тооны төлөг 18000000 төгрөг, 224 тооны эр хонь 38080000 төгрөг, нийт 84160000 төгрөг болно. Үүнд төлөгний хувьд маргадаггүй. Харин 130000 төгрөгөөр бодож худалдаж авсан эр ямаан дотор 70000 төгрөгийн ханштай байсан 12 тооны эм ямаа байсан. Тухайн үеийн ханшаар эм ямааг нэг тоог нь 70000 төгрөгөөр бодвол 12 тооны эр ямаа гэж авсан малд 720000 төгрөгийн зөрүү гарсан. Мөн 224 тооны эр хонь гэж авсан малд 80 тооны 110000-120000 төгрөгийн ханшаар үнэлэгдэж байгаа шүдлэн, хязаалан хонь байсан. Шүдлэн, хязаалан хонийг тухайн үеийн хамгийн өндөр ханшаар буюу 120000 төгрөгөөр бодоход 4000000 төгрөгийн зөрүү буюу хохирол надад бий болсон.

Хэрвээ ******* нь малын насаа надад тохирсон байдлаараа өгсөн бол дээрх 4720000 төгрөгийн зөрүү гарахгүй байсан. Тэгэхээр нь би тухайн үед *******т “Надад зарсан 620 малыг чинь бүгдийг нь базаад 80000000 төгрөгт авъя. Ихэнх мал нь насандаа хүрэхгүй байна. Ингэж тохиръё” гэсэн. ******* ч тухайн үед “Тэгье” гээд бид хоёр тохиролцсон. Би дээрх 620 тооны малыг бойлуулаад нийт 72741000 төгрөгөөр худалдсан. Мөн бойнд 3100000 төгрөг, тээврийн зардалд 1250000 төгрөг, 4350000 төгрөгийн зардал гарсан. Би малын наймаа хийгээд хэдэн төгрөг олъё гэж бодтол ийнхүү шатаж хохирсон. За ийнхүү би арав гаран сая төгрөгөөр тухайн үед хохирсон. Хохирох болсон шалтгаан нь ******* надад малаа тохирсон насныхаар нь өгөөгүйд гэж боддог. Гэхдээ би наймаа хийсэн юм чинь гээд нэг их юм бодоогүй өдий хүрсэн.

Би *******т мал худалдаж авснаасаа хойш 2 хоногийн дараа 50000000 төгрөг, үлдэгдэл мөнгийг би их удаалгүй 3000000, 5000000, 12000000 төгрөгөөр нийт 70000000 төгрөг төлсөн. Нийт зарсан мал маань 72741000 төгрөг болсон тул үлдэгдэл мөнгийг би наймаа хийж олж өгөхөөс өөр аргагүй болсон. Тэгээд 2021 оны 5 дугаар сард 10000000 төгрөгийг *******т өгсөн. *******т би тохирсон ёсоороо 80000000 төгрөгөө бүрэн төлж барагдуулсан. Тэрээр өөрөө ч гэсэн дээрх мөнгийг авсан гэж бичсэн байна. Тэгэхэд одоо ингээд шүүхэд хандсан байгаад үнэхээр гайхаж байна. Иймд би *******т 6320000 төгрөг төлөх ямар ч шалтгаан байхгүй. Наймаа хийгддэгээрээ хийгдээд би түүнд өгөх мөнгөө өгөөд дууссан. Харин ч энэ наймаанаас би шатсан ч гэсэн наймаа л юм чинь гээд *******т тохирсон мөнгөө бүгдийг нь төлж барагдуулсан. Мөн эр ямааг 140000 төгрөгөөр худалдаж авахаар тохироогүй. Иймд *******ын надаас нэхэмжилж буй 6320000 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 9 сарын сүүлээр Дорноговь аймгийн Хар-Айраг сум руу нүүж тэндээ намаржиж, өвөлжиж, хавар нь Говьсүмбэр аймгийн Шивээ-Говь суманд хаваржсан. Зун Баян тал сум руу ногоо идэж очиж зунжсан. 7 сарын сүүлээр Баян тал сумын ченж ******* гэдэг хүн малын наймаа хийх үү би мал авдаг гээд манайд 2 залуу ирсэн. Тухайн үед манайх хотод орон сууц авах гээд эр сувай мал зарах гэж байсан юм. Санаанд чинь таараад мөнгө чинь бэлэн бол наймаа хийж болно гэхэд малыг чинь үзье гэсэн. Малыг үзээд маргааш иргэж ирнэ, малыг чинь авна гэж тэр үед наймаа тохирсон. Тэр үед эр хонь 200.000 төгрөг, эр ямаа 150.000-аас 160.000 төгрөгийн ханштай байсан. Бид 2 яриад эр хонийг 170.000, эр ямааг 140.000, төлөг 100.000 төгрөгөөр авахаар тохирсон. Маргааш нь 4,5 хүнтэй ирж 2-аа наймаа хийе малыг чинь авах гэж ирлээ гэсэн. Малаа хашаанд тасдаж хийж өг, би өөрөө малаа шилж барина гэсэн. Мал ялгаад өдөржингөө ажил болсон. Эхлээд эр хонийг гаргасан. Дараа нь эр ямааг дараа нь төлгийг гаргасан. 180 төлөг, 216 эр ямаа, нийт 620 толгой мал өгсөн. Нийт 86.320.000 төгрөгөөр худалдсан.

Төлбөр тооцоо хийх гээд ******* ахаа танаас би 620 толгой мал авсан байна. 86320000 төгрөг болж байна. Мөнгийг чинь би өглөө ажил цуглахаар банкаар бөөн хийе гэхээр нь би энд бүх утасны сүлжээ барьдаг мобайлдаж шилжүүлж болохгүй юм уу гэхэд их мөнгө болдоггүй юм гэсэн. Өглөө нь хийгээгүй, 2 хоногийн дараа 30 сая төгрөг хийсэн. 8 сарын 1-нд Баян тал сум нутаг чөлөөл гээд 16-ын гармаар бүгдийг нь гаргасан. Би бензин тос авах гээд Баян тал суман дээр очсон. Амны ус авдаг газар очиход ******* таараад ах нь ингээд ингээд явж байна. Чи нөгөө бөөн бэлэн хийнэ гэсэн мөнгөө яагаад цувуулаад байгаа юм бэ гэсэн чинь та явж бай би малаа хийгээд зав алга гэхэд нь чи яагаад утсаа аваад нэг ярьчихдаггүй юм бэ гэхэд малаа хийгээд завгүй байхад та залгасан байна. Орой болсон байсан болохоор залгаагүй гэсэн. Та тэгээд явж бай би араас чинь мөнгийг чинь хийнэ гэсэн. Увуулж, цувуулж хийсээр байгаад бүтэн жил болсон. Олон гуйж олон очсон надтай таарч өгөхгүй байсан. Утас нь дууддаг тэгээд утсаа хаана, алдаг оног мессеж бичнэ. Таны малыг би борлуулсан. Урд Хятад улс руу махыг нь явуулсан. Малын мөнгө орж ирэхгүй өмнө түгжигдээд байна. Та түр хүлээж бай гэдэг байсан. Тэгээд надад 70 сая төгрөг өгсөн. 2021 оны 6 сард Баянцагаан суманд нүүж явж байгаад сумын төв дээр өдөржин явж байгаад олж уулзсан. Одоо миний дүү 16 сая гаран төгрөг үлдсэн тэр мөнгөө хий жил гаран болчихлоо. Чамайг их хүлээсэн ахад нь мөнгө төгрөгийн хэрэг болоод байна. Утсаа аваад учраа хэлж болдоггүй юм уу гэхэд ахын мал үнэндээ хүрсэн. Би одоохондоо боломж муутай байна. Одоо 10 сая төгрөгийг хүнээс аваад өгье. Үлдэгдлийг 7 сарын 1 гэхэд таны дансанд хийнэ гэсэн. Чи утсаа авч байлдаа гэхэд би таны дугаарыг алга болгосон та надад дугаараа өгчих гэсэн би 2,3 дугаар өгсөн. 7 cap ч өнгөрсөн. 8 cap ч гарлаа 9 cap болоход би өчнөөн зурвас хүүхдээр бичүүлэхэд хариу ирэхгүй байсан. Тэгээд би шүүхэд хандсан. Одоо мал зарсны үлдэгдэл мөнгө 6320000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг дэмжиж оролцож байна. ******* нь *******аас эр хонийг 170000 төгрөг, эр ямааг 130000 төгрөгөөр, төлгийг 100000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож нийт 620 толгой малыг 80000000 төгрөгөөр худалдаж авахаар ярьсан байдаг. *******ын өгсөн малаас эр хонь, эр ямаа зарим нь насандаа хүрээгүй. Гэвч нэгэнт наймаа хийсэн учир 80000000 төгрөгөө *******т өгсөн байгаа. Үүнийг ******* ч нэхэмжлэлдээ бичсэн байсан. Харин ч ******* нь энэ наймаанаас хохирол хүлээсэн байгаа. Гэвч нэгэнт хийсэн наймаа гэдэг утгаараа өгөх ёстой мөнгөө өгсөн гэдэг тайлбарыг хэлсэн. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар ******* овгийн *******ийн ******* /*******/-аас 6320000 /зургаан сая гурван зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулан ******* овгийн ийн ******* //-т олгож, 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 -д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116070 /нэг зуун арван зургаан мянга далан/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас /нэг зуун арван зургаан мянга далан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтулга давж заалдах гомдолдоо: Дундговь аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 139/ШШ2021/00455 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш байх тул дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш тухай

Тухайн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хариуцагч нь 620 толгой малыг 80000000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж байх боловч тайлбараар тооцвол 180 толгой төлөг 18000000 төгрөг, 224 тооны эр хонь 38080000 төгрөг, 216 тооны эр ямаа нь 28080000 төгрөг, нийт 84160000 төгрөг гэж” үзэж байгаа нь ИХ-ийн агуулгаас авч үзвэл шүүгч нь гэрээний агуулгыг өөрөө тодорхойлж байгаа үйлдэл бөгөөд энэ нь гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмыг алдагдуулж буй явдал юм. Тухайн гэрээний үндсэн үнийг зөвхөн талууд тодорхойлох эрхтэй байдаг бөгөөд хариуцагчийн зүйгээс гэрээний үнийг 80000000 төгрөг гэж тодорхойлсон. Иргэний хуульд худалдах-худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцох боломжтойгоор хуульчилсан байдаг. Үүнээс үзэхэд хэрэгт үүнийг тодорхой заасан бичмэл нотлох баримт байхгүй байгаа бөгөөд үнийг 84160000 төгрөг гэж гаргаж ирж байгаа нь хариуцагч талын зүгээс үнийг тодорхойлоход ашигласан тооцооллыг тайлбарласан хэрэг болохоос биш нийт малын үнийг тодорхойлж буй тайлбар гэж үзэх боломжгүй юм.

Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Зохигч талууд тухайн мал худалдах-худалдан авах гэрээг байгуулагдсан гэж үзэж гэрээний үнийг 86320000 төгрөгөөр тохиролцсон байна хэмээн дүгнэлт хийсэн нь нэхэмжлэгч талын тайлбарыг үнэлж хариуцагч талын тайлбарыг үнэлээгүй тухайн гэрээний үнэтэй холбогдолтойгоор ямар нэгэн бичмэл нотлох баримт байхгүй бөгөөд ИХШХШТХ-д зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх ёстой байдаг. Гэвч нэхэмжлэгч *******тай хамаарал бүхий этгээд болох түүний эхнэр С.Болормаагийн 224 толгой эр хонь 1 толгойг 170000 төгрөгөөр, 216 толгой эр ямааг 1 толгойг нь 140000 төгрөгөөр, 180 толгой төлгийг 1 толгойг нь 100000 төгрөгөөр, нийт 620 толгой мал өгсөн. Нийт 86320000 төгрөгөөр худалдсан гэх мэдүүлгийг гол үндэслэл болгон шийдвэрлэсэн байгаа нь тухайн нотлох баримт үнэн зөв,эргэлзээгүй гэж үзэхэд хэргийн оролцогчийн зүгээс эргэлзээ төрүүлж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Талуудын тайлбараас харахад мал нэг бүрийн нас хүйсээр тооцож нэг толгой төлгийг 100000 төгрөгөөр, нэг толгой эр хонийг 170000 төгрөгөөр, нэг толгой эр ямааг 140000 төгрөгөөр тооцон үнийг хэлэлцэн тохиролцсон гэж үзэхээр байна” гэж байгаа нь хариуцагч тал нэг толгой эр ямааг 140000 төгрөгөөр худалдан авсныг тайлбараараа хүлээн зөвшөөрч байгаа мэтээр бичсэн нь утга агуулгын хувьд илэрхий алдаатай, хариуцагчийн тайлбарыг мушгиулан гуйвуулж байгаа үйлдэл бөгөөд энэ нь шүүх нь шийдвэр гаргахдаа хэтэрхий нэг талыг барьсан гэж үзэхээр байна. Хариуцагч нэг толгой эр ямааг 130000 төгрөг гэж үнэлж тайлбар өгсөн байдаг.

Иймд тухайн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэх боломжгүй байгаа тул Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 455 дугаар шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагч талын давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн, хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй  байна.  

          Нэхэмжлэгч ******* нийт 620 толгой малын үнэ 86.320.000 төгрөгний үлдэгдэл болох 6320000 төгрөгийг *******аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа “... 2020 оны 07 сарын 27-нд ******* гэх залууд 180 толгой төлгийг нэг бүрийг нь 100.000 төгрөгөөр,  224 толгой эр хонийг нэг бүрийг нь 170.000 төгрөгөөр 216 толгой эр ямааг нэг бүрийг нь 140.000 төгрөгөөр бодож нийт 620 толгой /эр, сувай мал/ бог малыг 86.320.000 төгрөгөөр худалдсан. 2020.07.27-ны өдөр 4-5 бойчин мал хийх хүн дагуулж ирээд өдөржингөө мал ялгуулж туугаад явсан бөгөөд төлбөр тооцоо хийх болтол ******* надад хандан “Ахаа их мөнгө мобайлдаж шилжүүлж болохгүй байна. Би өглөө эрт банк нээгдэнгүүт таны мөнгийг шилжүүлчихье” гэхээр нь би сүлжээтэй байна. Хэд хуваагаад ч хамаагүй одоо шилжүүлчихэж болохгүй юм уу, би мөнгөө бэлэн авмаар байна гэхэд болохгүй байна. Найдвартай би өглөө мөнгийг чинь шилжүүлье гээд явсан. Ингээд 3 хоногийн дараа 30000000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл 1 жил гаруй хугацаанд хичнээн яриулж, бүр сүүлд нь гэрт нь хүртэл очиж нэхэж байж нийт 80.000.000 төгрөг цувуулж авсан. ...” гэсэн бөгөөд нэхэмжлэлийн энэхүү үндэслэлийг гэрч С.Болормаа батлан мэдүүлсэн байна.

Хариуцагч нийт 620 толгой мал авсанаа хүлээн зөвшөөрсөн байх боловч   зарим мал насандаа хүрээгүй учир маргааш нь бойлох явцдаа 620 малыг бүгдийг нь базаад 80000000 төгрөгт авахаар тохирсон. *******т 6320000 төгрөг төлөх ямар ч шалтгаан байхгүй тохирсон мөнгөө бүгдийг нь төлж барагдуулсан. Мөн эр ямааг 140000 төгрөгөөр худалдаж авахаар тохироогүй. ...” гэж тайлбарлажээ.

Хариуцагчийн энэхүү тайлбар нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заасан зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй гэж хуульчилсан. Хариуцагчийн энэхүү эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Хариуцагч талаас шүүх нэхэмжлэгч талын тайлбарыг үнэлж хариуцагч талын тайлбарыг үнэлээгүй тухайн гэрээний үнэтэй холбогдолтойгоор ямар нэгэн бичмэл нотлох баримт байхгүй бөгөөд ИХШХШТХ-д зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ,  25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт хариуцагч  нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх эрхүүдийг хуульчилсан. Хариуцагч хуульд заасан эдгээр эрхээ хэрэгжүүлээгүй байх бөгөөд дээрх нөхцөл байдлын талаар ...шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Зохигч талууд тухайн мал худалдах-худалдан авах гэрээг байгуулагдсан гэж үзэж гэрээний үнийг 86320000 төгрөгөөр тохиролцсон байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Хариуцагчийн төлөөлөгч “...*******тай хамаарал бүхий этгээд болох түүний эхнэр С.Болормаагийн мэдүүлгийг гол үндэслэл болгон шийдвэрлэсэн байгаа нь тухайн нотлох баримт үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэхэд хэргийн оролцогчийн зүгээс эргэлзээ төрүүлж байна гэжээ.

Гэрчийн мэдүүлэгт дурдагдсан үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй нөхцөлд нэхэмжлэгчийн хамаарал бүхий этгээдийн гэрчээр өгсөн мэдүүлгийг үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон  анхан шатны шүүхийн ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэхгүй тул  гомдол үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.2 дахь хэсэгт заасан зарчимд нийцүүлэн дүгнэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан байх тул дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү ” гэх хариуцагчийн төлөөлөгчийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 139/ШШ2021/00455 тоот шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсгийг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116070 /нэг зуун арван зургаан мянга дал/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

  1. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын  журмаар  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Ш.ТӨМӨРБААТАР

 

                                 ШҮҮГЧИД                              Х.ГЭРЭЛМАА

 

                                                Ц.ОТГОНЦЭЦЭГ