Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 135/ШШ2018/00605

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2018/00224/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... дугаар байр, ... тоотод оршин суух ... овгийн Б. А /РД: ..., утас: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... баг, ... тоотод оршин суух ... овгийн Б.М /РД:..., утас:.../-т холбогдох,

 

“2014 оны 01 дүгээр 27-ны өдрийн “Орон сууц худалдах худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө, хариуцагч Б.М, гуравдагч этгээд Д.ц ББСБ-ын төлөөлөгч Б.П, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

           “...2014 оны 01 сарын 20-нд миний төрсөн эгч Б.М нь байрныхаа ордер гэрчилгээ, иргэний үнэмлэхээ түр өгч байгаач, би хүнд үзүүлчихээд буцаагаад  өгье гээд манай эхнэр О бид хоёроос гуйгаад байхаар нь төрсөн эгч Мт итгээд өгөөд явуулсан. Тухайн үед буцаагаад өгчихнө гээд итгэж байтал сүүлдээ гэрчилгээг авчирч өгөхгүй болохоор нь байрны гэрчилгээ авчирч өгөөч, та яасан бэ? гэж асууж сураглахаар манай гэрч байгаа санаа зоволтгүй гээд байсан. М эгчийн гэр нь ...-д байдаг, манайх ... аймгийн ...-д байдаг тул тэгж байгаад аваад ирнэ байх гээд тэр хооронд бид хөдөө гадаа ажил төрөл гэж яваад гэрт байгаа гэж ойлгоод яваад байсан. Гэтэл 2015 оны 11 сард ... аймгийн ШШГГ-аас манай гэрт хүнгүй үед гэрийн хаалган дээр мэдэгдэх хуудас нааж үлдээгээд явсан байсан. Тэгэхээр нь тэр дор нь эгч М руу залгаад юу болоод байгаа юм бэ? Манай байрыг та яасан юм бэ? гэхэд би өрөндөө барьцаанд тавьсан, чи санаа зоволтгүй удахгүй барьцаанаас суллаад өгчихнө гэж хэлсэн. Тэр үед эгч М жирэмсэн том гэдэстэй төрөх дөхсөн байсан бөгөөд удалгүй 2 ихэр хүүхэд төрүүлээд нялх хүүхэдтэй байхад нь санааг нь зовоохгүй муудаж чадахгүй байгаад байсан. Тэгтэл 2018 оны 01 сарын 16-нд ...-ны Шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс над руу дахин залгаж байр чинь шүүхийн шийдвэрийн дагуу ажиллагаанд байгаа шүү гэж мэдэгдсэн. Ингээд эгчийг байр барьцаанаас суллаж өгөхийг цаашид хүлээх шаардлагагүй шүүхээр хандаж байна. Учир нь би өөрийн орон сууцыг эгч Мт худалдахаар тохирч нотариатын газарт огт очоогүй. Манай эгч миний иргэний үнэмлэх, байрны гэрчилгээтэй авч яван орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байсан. Би энэ орон сууц худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зураагүй, миний гарын үсэг биш юм. Тус гэрээний худалдагч талд миний эхнэр Б.Оийн нэрийг бас бичиж гарын үсэг зурсан байна. Иймд М, Б.А бидний хооронд хуульд заасан нөхцөл, журмын дагуу хийгдээгүй 2014 оны 01 сарын 27-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2014.01.20-ны өдөр Б.М нь дүү Б.А болон эхнэрээс нь байрныхаа ордер гэрчилгээ, иргэний үнэмлэхээ түр өгч бай хүнд үзүүлчихээд буцаагаад өгье гээд аваад явсан боловч буцааж өгөхгүй байсан учир байрны гэрчилгээ яасан бэ гэж асуутал манай гэрт байгаа санаа зоволтгүй гэхээр нь итгээд хүлээж байсан. Гэтэл 2015 оны 11 дүгээр сард ... аймгийн ШШГГ-аас Б.Агийн гэрийн хаалганд нь мэдэгдэх хуудас наагаад явсан байсан. Тэгээд юу болсон талаар асуухад эгч нь өрөндөө байрыг чинь тавьсан удахгүй суллаж өгнө гэсэн боловч суллаж өгөхгүй байсан тул гэрээтэй танилцтал 10 сая төгрөгөнд Б.А эгчдээ худалдсан юм шиг байдлаар хийсэн байсан. Ингээд энэ асуудлаа шүүхээр шийдүүлье гээд нэхэмжлэл гаргасан. Гэрээнд Б.А болон эхнэр нь гарын үсэг зураагүй, 10 сая төгрөгийг эгчээсээ аваагүй энэ гэрээ бодит байдлаар хийгдээгүй. Иймд 2014.01.27-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Б.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Миний бие нь дүү Б.А болон Б.О нарын өмч болох ... аймгийн ... сумын ... багийн ... тоот ... дугаартай үл хөдлөхийн гэрчилгээг түр хэрэглүүлээч гэж гуйж аваад 2014.01.27-ны өдөр ... аймагт худалдах худалдан авах гэрээ хийгээд өөрийн нэр дээр шилжүүлж авсан юм. Тухайн үедээ дүү Б.А Б.О нарт банкны барьцаанд тавих гэж байгаагаа огт хэлээгүй юм. Уг гэрчилгээг өөрийн нэр дээрээ шилжүүлж аваад 2014-2015 онуудад 2-3 удаа банкны барьцаанд тавьсан юм. Одоогоор энэ дүүгийн байрны гэрчилгээ нь банк бусын барьцаанд байгаа бөгөөд миний бие нь авч өгч чадахгүй байгаа. Дүү нарыг асуухаар нь байгаа санаа зоволтгүй гэж хэлээд байсан юм. Гэтэл шүүхийн шийдвэрээс дүүгийн байрыг битүүмжлэх ажиллагаа явагдсан байсан юм. Иймд би дүү Б.Агийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд маргах зүйлгүй болно.” гэжээ.

Хариуцагч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“2014 оны 01 дүгээр сард К банкаас зээл хөөцөлдөөд явж байсан. Гэтэл үл хөдлөх барьцаа дутаад байна гэхээр нь дүү Б.Агийн гэрт нь очоод байрны гэрчилгээ, иргэний үнэмлэхээ өгч бай, хүнд үзүүлчихээд аваад ирье гээд явсан. .... аймгийн нотариат дээр очоод 2 дүүгийнхээ үнэмлэхийг авч очоод өөрөө гарын үсэг зураад худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Тэрнээс хойш дүүгийнхээ байрыг 2 удаа банкинд тавьсан. Сүүлд Х банкнаас чөлөөлөөд Д.ц ББСБ-д барьцаанд тавьсан. Энэ талаараа дүү нартаа хэлээгүй байсан. Манай дүүгийн эхнэр нь ... улсад байдаг. Дүү өөрөө хөдөө ажилладаг байсан. Авч өгнө гэж бодсон боловч авч чадаагүй.” гэжээ.

Гуравдагч этгээд “Д.ц ББСБ” ХХК-ийн төлөөлөгч Б.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манайх бол хуулийн дагуу барьцаалбар аваад зээл өгсөн. Банкууд зээл авахдаа гэрээр нь очоод зураг дарсан байдаг. Б.А нь мэдэж байсан болоод гэрийнхээ зургийг даруулсан байлгүй. Эгч дүү 2 нийлээд манай компанийг залилах гэж байна. Энэ бол залилангийн асуудал. Тус барьцаа хөрөнгө 2-3 банк дамжиж явсан. Үүнийг Б.А мэдэж байсан.” гэжээ.

 Гуравдагч этгээд “Д.ц ББСБ” ХХК-ийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Б.Агийн гарын үсэг биш гэдгийг нотолсон зүйл байхгүй, эгч дүү 2 л биш гээд байна. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д зааснаар гуравдагч этгээд шударгаар олж авсан учир шударга эзэмшигч гэж үзнэ. Нотариатыг хуураад гэрчилгээ авна гэдэг бол маш том асуудал. Энэ нь залилангийн хэрэг. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т зааснаар барьцаалагч нь давуу эрхтэй. Мөн Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т зааснаар шаардлагаа үүсгээд мөнгөө авсан. Энэ бол эгч дүү хоёр хуйвалдсан асуудал, гэмт хэргийн шинжтэй.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Б.Мт холбогдуулан 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г  хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

            Нэхэмжлэгч Б.А нэхэмжлэлийн шаардлагаа ...эгч Б.М байрныхаа гэрчилгээ, иргэний үнэмлэхээ түр өгч бай хүнд үзүүлчихээд буцаагаад өгье гэж гуйхаар нь  итгээд өгсөн. Гэтэл 2015 оны 11 сард .. аймгийн ШШГГ-аас мэдэгдэх хуудас үлдээгээд явсан байсан. 2018 оны 01 дүгээр сарын 16-нд ШГА-аас залгаж байр чинь шүүхийн шийдвэрийн дагуу ажиллагаанд байгаа гэсэн. Эгчийг байрыг барьцаанаас суллаж өгөхийг  хүлээх шаардлагагүй, Худалдах, худалдан авах гэрээнд би гарын үсэг зураагүй миний гарын үсэг биш... гэж тодорхойлж байгаа, хариуцагч Б.М ...гэрчилгээ, иргэний үнэмлэхийг аваад ... аймгийн нотариатчид манай нөхөр бид гарын үсэг зураад гэрээ байгуулж, үл хөдлөхийг өөрийн нэр дээр бүртгүүлэн банк болон банк бусаас зээл авсан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна ...  гэжээ.

            Хариуцагч Б.М Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй боловч  гэрээний зүйл болсон ... аймаг ... сум ... баг ... тоот 24 м.кв орон сууц Д.ц ББСБ-тай хариуцагч Б.Мын байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө,түүнтэы холбоотой эрхийн барьцааны 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15/06 дугаар бүхий гэрээний барьцааны зүйл тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлгүй, энэ талаар гаргасан бие даасан  шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд  гаргасан тайлбар үндэслэлтэй   байна.

            Нэхэмжлэгч Б.М орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай шаардлагаа бие даасан шаардлага гэж тодорхойлсон болно.

            Нэхэмжлэгч Б.М өөрийн өмчлөлд байсан ... аймаг ... дугаар баг ... тоот 24 м.кв орон сууцыг эгч Б.Мт худалдаагүй, одоо амьдарч байгаа, гэрээнд  гарын үсэг зураагүй энэхүү гэрээ  дүр үзүүлэн хийсэн гэрээ гэж байгаа бол Иргэний хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1- 56.10-д заасан нөхцөлд хамаарч, уг нөхцөлөөр байгуулагдсан гэрээ хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус, талуудад  гэрээний эрх, үүргийг үүсгээгүй, дээрхи хэлцлийн дараа орон сууцыг өөрийн өмчлөлд авсан гэх хариуцагч Б.М тухайн орон сууцыг хэд хэдэн удаа зээлийн гэрээний барьцааны зүйл болгосон байна.

Энэ тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6-д зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаж өгөх боломжгүй бол үнийг төлөх, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.

Гэрэний зүйл болсон үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаанаас үзвэл хариуцагч Б.М тухайн орон сууцыг өмчлөлд авснаас хойш 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр К банктай, мөн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний  өдөр Д.ц ББСБ-тай  байгуулсан зээлийн гэрээний барьцааны зүйл болгосон бөгөөд Б.Атэй байгуулсан гэх Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болсноор орон сууцаа буцаан шаардах, боломжгүй тохиолдолд орон сууцны үнэ гаргуулах, гэрээний дагуу   шилжүүлсэн төлбөрөө шаардах, төлбөрийг эргүүлэн өгөх зэрэг  шаардах эрх үүсэх бөгөөд нэхэмжлэгч Б.Агийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь дээрхи шаардах эрхийн үндэслэл буюу нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчээс тодорхойлж байгаа байдал тул дээрхи шаардлага дангаараа нэхэмжлэлийн шаардлага болохгүй.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар нэхэмжлэгч Б.А өөрийнх нь хуульд заасан эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол зөрчигдсөн эсэх буюу Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан “Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна” гэж, 9.4-т “эрхийг хүлээн зөвшөөрөх, эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх, хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх, учруулсан хохирлыг арилгуулах, эдийн бус гэм хорыг арилгуулах, хууль буюу гэрээнд заасан анз төлүүлэх, бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгуулах, иргэний эрх зүйн харилцааг өөрчлөх, дуусгавар болгох, өөртөө туслах, хуулиар тогтоосон бусад хамгаалалтаар хамгаална” гэснээр ямар эрхийн хамгаалалтыг хүсч буй нь тодорхойгүй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-56.10-д заасан нөхцөлөөр байгуулагдсан гэрээ хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан тул шүүх гэрээг дахин хүчин төгөлдөр бус тооцох үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч Б.Агийн хариуцагч Б.Мт холбогдуулан гаргасан 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Орон сууц худалдах,худалдан авах гэрээ”-г  хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 1096 дугаартай “Хүсэлт шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн түдгэлзүүлэх тухай” захирамжаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1250 дугаартай шүүгчийн захирамж, тус шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх тухай 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 256 дугаар захирамж, түүнд үндэслэн олгосон гүйцэтгэх хуудасны дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... тоот, улсын бүртгэлийн ... дугаартай орон сууцанд холбогдох хэсгийг түдгэлзүүлсэн байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1250 дугаартай шүүгчийн захирамжийн ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... тоот, улсын бүртгэлийн ... дугаартай орон сууцанд холбогдох хэсгийг түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Агийн хариуцагч Б.Мт холбогдуулан гаргасан 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1250 дугаартай шүүгчийн захирамжийн ... аймаг, ... сум, ... баг, ... хороолол, ... тоот, улсын бүртгэлийн ... дугаартай орон сууцанд холбогдох хэсгийг түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ХААН банк, Төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, 74,750 төгрөгийг нөхөн гаргуулж төрийн сангийн орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ОЮУНДАРЬ