Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2018/01725

 

Б.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 605 дугаар шийдвэр

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 73 дугаар магадлалтай

Б.Агийн нэхэмжлэлтэй,

Б.Мт холбогдох

2014 оны 01 дүгээр сарын 27-н өдрийн “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Агийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.М, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвсүрэн, өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2014 оны 01 дүгээр сарын 20-д миний төрсөн эгч Б.М нь байрныхаа ордер гэрчилгээ, иргэний үнэмлэхээ түр өгч байгаач, би хүнд үзүүлчихээд буцаагаад өгье гээд манай эхнэр Одгэрэл бид хоёроос гуйгаад байхаар нь төрсөн эгч Б.Мт итгээд өгөөд явуулсан. Тухайн үед буцаагаад өгчихнө гээд итгэж байтал сүүлдээ гэрчилгээг авчирч өгөхгүй болохоор нь байрны гэрчилгээ авчирч өгөөч, та яасан бэ? гэж асууж сураглахаар манай гэрт байгаа санаа зоволтгүй гээд байсан. Б.М эгчийн гэр нь Дарханд байдаг, манайх Сэлэнгэ аймгийн Хөтөлд байдаг тул тэгж байгаад аваад ирнэ байх гээд тэр хооронд бид хөдөө гадаа ажил төрөл гэж яваад гэрт байгаа гэж ойлгоод яваад байсан. Гэтэл 2015 оны 11 дүгээр сард Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас манай гэрт хүнгүй үед гэрийн хаалган дээр мэдэгдэх хуудас нааж үлдээгээд явсан байсан. Тэгэхээр нь тэр дор нь эгч Б.М руу залгаад юу болоод байгаа юм бэ? Манай байрыг та яасан юм бэ? гэхэд би өрөндөө барьцаанд тавьсан, чи санаа зоволтгүй удахгүй барьцаанаас суллаад өгчихнө гэж хэлсэн. Тэр үед эгч Б.М жирэмсэн том гэдэстэй төрөх дөхсөн байсан бөгөөд удалгүй 2 ихэр хүүхэд төрүүлээд нялх хүүхэдтэй байхад нь санааг нь зовоохгүй муудаж чадахгүй байгаад байсан. Тэгтэл 2018 оны 01 дүгээр сарын 16-д Дарханы Шүүхийн шийдвэр гүйцэтгэлээс над руу дахин залгаж байр чинь шүүхийн шийдвэрийн дагуу ажиллагаанд байгаа шүү гэж мэдэгдсэн. Ингээд эгчийг байр барьцаанаас суллаж өгөхийг цаашид хүлээх шаардлагагүй шүүхээр хандаж байна. Учир нь би өөрийн орон сууцыг эгч Б.Мт худалдахаар тохирч нотариатын газарт огт очоогүй. Манай эгч миний иргэний үнэмлэх, байрны гэрчилгээтэй авч яван орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байсан. Би энэ орон сууц худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зураагүй, миний гарын үсэг биш юм. Тус гэрээний худалдагч талд миний эхнэр Б.Одгэрэлийн нэрийг бас бичиж гарын үсэг зурсан байна. Иймд Б.М, Б.А бидний хооронд хуульд заасан нөхцөл, журмын дагуу хийгдээгүй 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие дүү Б.А болон Б.Одгэрэл нарын өмч болох Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн 20-27 тоот Ү-1310001179 дугаартай үл хөдлөхийн гэрчилгээг түр хэрэглүүлээч гэж гуйж аваад 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймагт худалдах, худалдан авах гэрээ хийгээд өөрийн нэр дээр шилжүүлж авсан юм. Тухайн үедээ дүү Б.А Б.Одгэрэл нарт банкны барьцаанд тавих гэж байгаагаа огт хэлээгүй юм. Уг гэрчилгээг өөрийн нэр дээрээ шилжүүлж аваад 2014-2015 онуудад 2-3 удаа банкны барьцаанд тавьсан юм. Одоогоор энэ дүүгийн байрны гэрчилгээ нь банк бусын барьцаанд байгаа бөгөөд миний бие нь авч өгч чадахгүй байгаа. Дүү нарыг асуухаар нь байгаа санаа зоволтгүй гэж хэлээд байсан юм. Гэтэл шүүхийн шийдвэрээс дүүгийн байрыг битүүмжлэх ажиллагаа явагдсан байсан юм. Иймд би дүү Б.Агийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд маргах зүйлгүй болно гэжээ.

Гуравдагч этгээд “Д” ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх бол хуулийн дагуу барьцаалбар аваад зээл өгсөн. Банкнууд зээл авахдаа гэрээр нь очоод зураг дарсан байдаг. Б.А нь мэдэж байсан болоод гэрийнхээ зургийг даруулсан байлгүй. Эгч дүү 2 нийлээд манай компанийг залилах гэж байна. Энэ бол залилангийн асуудал. Тус барьцаа хөрөнгө 2-3 банк дамжиж явсан. Үүнийг Б.А мэдэж байсан. Б.Агийн гарын үсэг биш гэдгийг нотолсон зүйл байхгүй, эгч дүү 2 л биш гээд байна. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д зааснаар гуравдагч этгээд шударгаар олж авсан учир шударга эзэмшигч гэж үзнэ. Нотариатыг хуураад гэрчилгээ авна гэдэг бол маш том асуудал. Энэ нь залилангийн хэрэг. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т зааснаар барьцаалагч нь давуу эрхтэй. Мөн Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т зааснаар шаардлагаа үүсгээд мөнгөө авсан. Энэ бол эгч дүү хоёр хуйвалдсан асуудал, гэмт хэргийн шинжтэй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 605 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Агийн хариуцагч Б.Мт холбогдуулан гаргасан 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1250 дугаартай шүүгчийн захирамжийн Сэлэнгэ аймаг, Сайхан сум, 2 дугаар баг, Гавшгай хороолол, 27 тоот, улсын бүртгэлийн Ү-1310001179 дугаартай орон сууцанд холбогдох хэсгийг түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ХААН банкны, Төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, 74.750 төгрөгийг нөхөн гаргуулж төрийн сангийн орлого болгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 73 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 605 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “...56 дугаар зүйлийн 56.1.2 ... гэснийг “... 56 дугаар зүйлийн 56.1.8...” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144.950 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Б.А би Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Б.А би Б.Мт орон сууцаа худалдана гэж огт хэлээгүй, би орон сууц худалдах-худалдан авах гэрээнд гарын үсэг зураагүй, Б.Маас 10 000 000 төгрөг аваагүй, “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-г үйлдэгдэх үед нотариатын газар байгаагүй, уг хэлцэл хийгдэж миний байр миний өмчлөлөөс гарсныг би шийдвэр гүйцэтгэлийн газрын мэдэгдэх хуудас надад ирснээр мэдсэн. Энэ тухай хариуцагч Б.М маргаагүй тайлбар нотлох баримтаар анхан шатны шүүх хянан хэлэлцээд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан гэрээ гэж үзсэнийг давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан ...зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд тооцож зөвтгөн миний давж заалдсан гомдлын зарим хэсэг хангасан боловч, Иргэний хуулийн 56.1.5-д зааснаар ...хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг үүсдэг гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэснийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Б.Мтай ямар ч хэлцэл хийгээгүй, хэлцэл хийхэд байлцаагүй тул Б.Мэнбаярын хийсэн хууль бус хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцсоноор миний орон сууцны өмчлөх эрх надад буцаж шилжих ёстой гэж үзэж байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан хэсгийг хангасныг хэвээр үлдээж миний өмч байсан одоо амьдарч байгаа Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, 20 дугаар байр, 27 тоот, 1 өрөө орон сууцыг миний өмчлөлд бүртгэхийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг засч шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцжээ.

Б.А нь Б.Мт холбогдуулан 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрч, маргаагүй байна.    

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-т зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх “56.1.2.” гэсэн заалтыг “56.1.8.” болгон өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч  Б.А нь өөрийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 2 дугаар баг, Гавшгай 20-27 тоот 24мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийг төрсөн  эгч Б.Мыг хүнд үзүүлчихээд өгье гээд гуйхад нь 2014 оны 01 дүгээр сард өгсөн гэх ба Б.М нь тухайн бичиг баримтыг ашиглаж, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Худалдах-худалдан авах хэлцэл”-ээр орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлж, 2014-2015 онд Капитрон, Хас банкны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 удаа барьцаалж, чөлөөлөөд, сүүлд “Д” ХХК-иас авсан зээлийн гэрээний үүрэгт барьцаалж, улмаар “Д” ХХК-д 83 500 000 төгрөгийг төлөх, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж гарч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа үйл баримт тогтоогджээ.

Хариуцагч Б.М нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байх боловч тус орон сууц гуравдагч этгээдийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах хууль зүйн үндэслэлгүй.

Өөрийн өмчлөлийн орон сууцыг Б.Мт шилжүүлээгүй, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Орон сууц худалдах-худалдан авах хэлцэл”-ийг хийгээгүй гэх нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасан “...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн...” үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б.А нь өөрийн өмчтэй холбоотой бичиг баримтыг иргэний үнэмлэхийн хамт эгч Б.Мын хүсэлтээр түүнд өгч явуулсан үйлдэл нь                                       Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2.-т зааснаар нэхэмжлэгчийн зөвшөөрлийг үндэслэн хэлцэл хийгдсэн гэж үзэх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдэл хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн байна.

Харин хоёр шатны шүүх талуудын хооронд хийгдсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн болон, нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэл дангаараа бие даасан шаардлага болж чадахгүй талаар хийсэн дүгнэлт учир дутагдалтай болжээ.

Иймд “...хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг хангасан шаардлагыг хэвээр үлдээж, орон сууцыг өөрийн өмчлөлд бүртгэхийг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 73 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Агийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 144 950 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                   Х.СОНИНБАЯР

  ШҮҮГЧ                                              Х.ЭРДЭНЭСУВД