Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 139/ШШ2021/00178

 

 

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 139/ШШ2021/00178

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж, тус шүүхийн “Б” танхимд  нээлттэй  хийсэн  шүүх  хуралдаанаар

******* аймгийн ******* сумын 7-р баг, ******* ******* ХХК-ий  нэхэмжлэлтэй,

 ******* аймгийн ******* сумын 6-р баг, Малчин 3-3 тоотод оршин суух,  ******* овогт *******гийн *******  /ЗЮ/-д холбогдох 10068900 / арван сая жаран найман мянга есөн зуун  / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2021/00126/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.,   хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  ******* овогтой ******* нь 2020 оны 3 сарын 20-ны өдөр ******* ******* ХХК-ий ломбардтай  2018 оны 12 сарын 24-нд зээлсэн 13000000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 5035000 төгрөгийг сарын 8 хувийн хүүгээр тооцож төлөхтэй холбоотой зээлийн гэрээг  шинэчлэн байгуулсан.  Анх 2018 онд зээл авахдаа ******* ачигч ковш 8225 УБ ХСMG-ZL  хөдөлгүүр 61567С-3-38 /арал 080205178 /  ачигч, өөрөө буулгагч 1806 ДУА норт бенз  барьцаалж барьцааны гэрээ байгуулж байсан. Үүнээс ковшоо  *******  өөрөө худалдан борлуулсан. Зээлийн үлдэгдэл  5035000 төгрөгийн гэрээг шинэчлэн  хийхдээ ачигчаа барьцаалсан.  Гэтэл ачигчийг  ******* бидэнд  мэдэгдэлгүй зарж борлуулсан.  Уг нь ачигчийг   худалдахтай холбоотой    итгэмжлэлийг  нотариатаар  гэрчлүүлж байсан. Гэвч *******   барьцааны гэрээгээ зөрчсөн. Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхтэй холбоотой шаардлагыг удаа дараалан тавьж байсан.  Аймагт оршин суудаг боловч уулзах гэхээр зугтаад уулздаггүй  зээлээ төлдөггүй. Иймд  Б.*******оос үндсэн зээл  5035000 төгрөг, 12 сар 5 хоногийн  зээлийн хүү 4860600 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 173300 төгрөг нийт  10068900 төгрөгийг гаргуулж өгнө үү  гэжээ.

 

Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн *******гийн *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. би түүнд ******* *******” ХХК-иас холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5035000 төгрөг, 12 сар 5 хоногийн хүү 4860600 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 173000 төгрөг, нийт 10068900 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан иргэний хэрэгт дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Хариуцагч Б.******* нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэн Дэжидбалын Өлзийбаяртай “Барьцаат зээлийн гэрээ” байгуулсан байдаг.

Тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д Барьцаатай. УБД: 1806 ДУЭ, NORTH BENZ  ачааны машин, 8225 УБ, ХСMG өөрөөр буулгагч гэж бичигдсэн байдаг. Гэвч тус тээврийн хэрэгслүүдийг хуулийн дагуу барьцаалсан тухай үйлдэл, бичиг баримт байхгүй. Мөн тус гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Гэрээний дагуу дараах байдлаар 7 сарын хүүнд 4385 000 төгрөгийн хүүг төлсөн. Үүнд:  2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Хаан банкны 5465022510 данс руу nymdorjoos” гэх утгатай 650 000 төгрөг,  2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр тус банкны мөн данс руу “nymdorjoos” гэх утгатай 650 000 төгрөг,  2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр тус банкны мөн данс руу “nymdorj huugiiin huutei” гэх утгатай 680 000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр тус банкны мөн данс руу “nymdorj huu” гэх утгатай 650000 төгрөг, мөн өдрөө “nymdorj” гэх утгатай 650 000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр тус банкны мөн данс руу “nymaa” гэх утгатай 1105000 төгрөг, нийт 6 удаагийн үйлдлээр 4385000 төгрөг шилжүүлж төлсөн. Б.******* нь тухайн гэрээний дагуу хүүнд 12 сарын 7800 000 төгрөг төлөхөөс дээр дурдсан байдлаар  4 385 000 төгрөг төлж, төлөөгүй 5 сарын хүү нь нийт 3 415 000 төгрөг болж байна.  Тэрээр зээлийн гэрээний хугацаанд хийх ажилгүй болж, улмаар хүүг дээр дурдсан байдлаар төлж, үлдэгдэл хүүг төлөөгүй. 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тус барьцаат зээлийн гэрээний хугацаа дууссан тул Д.Өлзийбаяр нь зээлсэн мөнгө, зохих хүүг төлөхийг шаардсан.  Улмаар Б.*******ийн найз ******* аймгийн ******* сумын 6-р баг, *******ы 18-22 тоотод оршин суудаг Гантулгын хашаанд байсан түүний 1806 ДУЭ улсын дугаартай Nordbenz машиныг Д.Өлзийбаяр нь хүчээр авч явж, өөрийн тус  тоотод байрлах хашаандаа аваачиж, тус тээврийн хэрэгслийг хурдан зарахыг Б.*******оос шаардсан. Б.******* нь Д.Өлзийбаяраас авсан зээлээ төлөхийн тулд түүний авч явсан тээврийн хэрэгслийг зарахаар хөөцөлдөж, улмаар шахаанд орж зах зээлийн ханшнаас маш хямдаар 2020 оны 3 дугаар сард 17000000 төгрөгөөр фэйсбүүкэд зар тавьж байгаад хотоос ирсэн хүнд зарсан. /Тухайн хүний нэрийг нь санахгүй байгаа гэдэг/   Тус 17 000 000 төгрөгийг Б.******* аваагүй бөгөөд худалдаж авсан хүн нь шууд Д.Өлзийбаярын дансанд шилжүүлсэн байдаг. Б.******* нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Д.Өлзийбаяртай “Барьцаат зээлийн гэрээ” байгуулан авсан 13 000 000 төгрөг, тус мөнгөний төлөгдөөгүй үлдэгдэл хүү болох 3415 000 төгрөг, нийт 16 415 000 төгрөгийг ийнхүү 17 000 000 болгож төлсөн байдаг.  Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн захирал Д.Өлзийбаяр нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зээлсэн 13000000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 5035000 төгрөгийг сарын 8 хувийн хүүгээр тооцож төлөхтэй холбоотой зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан талаар нэхэмжлэлдээ дурджээ.  Гэвч дээр дурдснаар Д.Өлзийбаяр, Б.******* нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан “Барьцаат зээлийн гэрээ” нь зээлдэгч буюу Б.******* нь тус гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлснээр дуусгавар болсон. Гэтэл тус барьцаат зээлийн гэрээг “******* *******” ХХК-ийн захирал Д.Өлзийбаяр нь ямар үндэслэлээр шинэчлэн байгуулсан нь тодорхойгүй байна.  Б.******* нь нэгэнт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байхад тус гэрээг зээлийн үлдэгдэл гэх 5035000 төгрөгийг сарын 8 хувийн хүүгээр тооцож төлөхөөр шинэчлэн байгуулсан нь үндэслэлгүй байна. Мөн Б.******* нь шинэчлэн байгуулсан гэх гэрээгээр 5035000 төгрөгийг “******* *******” ХХК-иас ямарваа нэгэн хэлбэрээр аваагүй болно. Иймд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн барьцаат зээлийн гэрээний үүрэг бүрэн дуусгавар болсон байхад 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “******* *******” ХХК нь иргэн Б.*******той тус гэрээг шинэчлэн “Барьцаат зээлийн гэрээ” байгуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ******* ХХК-аас Б.*******ид холбогдуулж тус шүүхэд дараах нэхэмжлэлийг гаргасан. 2020 оны 03 сарын 20-ны өдөр  урд өмнө нь зээлсэн мөнгө болох  2018 оны 12 сарын 24-ний өдрийн 13000000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 5350000 төгрөг  дээр шинэчлэн гэрээ байгуулсан. 2018 оны 12 сарын 24-ний өдөр 13000000 төгрөгийн зээл авахдаа 5 хувийн хүүтэй байсан бол үлдэгдэл 5350000 төгрөгийг төлөөгүй үлдсэн байсан 8 хувийн хүүтэй болгож гэрээг байгуулсан. Б.******* анх 2018 онд зээл авахдаа ачигч ковш, зэргийг барьцаалж барьцааны гэрээ байгуулж байсан. Эдгээрийг Б.******* нь өөрөө худалдан борлуулсан байдаг. 10068900 төгрөг нь 5350000 төгрөгийн хүү нь 4280000 байгаа. Үүнээс 12 сарын хүү болох 2021 оны 03 сарын 20-ыг хүртэл нэг ч төгрөгийн төлөлт хийгдээгүй. Хүү болон үндсэн зээлээ төлөөгүй. Зээлийн гэрээний хугацаа дуусаж мэдэгдэх хуудсыг хүчээр хүргүүлсэн байдаг. Үүргээ гүйцэтгээгүй байгаа үүний дагуу эвлэрүүлэн зуучлагчид хүсэлт гаргасан боловч Б.******* татгалзсан тэгээд шүүхэд хандсан байгаа. Улсын тэмдэгтийн хураамжаа  мөн үндсэн зээл хүү гаргаж өгнө үү гэсэн нэхэмжлэл байгаа. Б.******* нь 2018 оны 12 сарын 24-ны өдөр 13000000 төгрөгийг 5% хүүтэй 1 жилийн хугацаатай гэрээ байгуулан авсан. Зээлийг заасан хугацаанд төлөхгүй дуртай цагтаа өгдөг байсан. 2019 оны оны 07 сарын 15-ны өдөр 105500 төгрөгийг төлсөн, өмнөх зээлийн сарын хүү нь 650000  байсан. 2019 оны 01 сарын 30-ны өдөр 650000 төгрөг, 2019 оны 03 сарын 06-ны өдөр 650000 төгрөг, 2019 оны 04 сарын 08-ны өдөр 680000 төгрөгийг хүүгийн хүүтэй, 2019 оны 05 сарын 17-ны өдөр 650000 төгрөг,  мөн тэр өдрөө 650000 төгрөг, 2019 оны 07 сарын 15-ны өдөр 1050000 төгрөгийг төлсөн үүнээс хойш төлөлт хийгдээгүй. Зээлийн гэрээ дуусгавар болсноор үлдэгдэл мөнгөө 2020 оны 03 сарын 20-ны өдөр төлсөн байдаг. Үндсэн зээлийн үлдэгдэл дээр шинэчлэн гэрээг байгуулсан. Б.******* нь эрх зүйн чадамжтай гэрээн дээр гарын үсэг зурахад ямар хариуцлага хүлээдэг гэдгийг мэддэг хүн гэж бодож байна. Гэрээн дээр гарын үсэг нь байгаа. Төлбөрөө төлөхийг шаардсан боловч өөрөө машинаа зарж борлуулсан байдаг. Хүүгээ тооцож 2 талаас тохиролцож гэрээ байгуулсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  13000000 төгрөгийг 2018 оны 12 сарын 24-ны өдөр Д.Өлзийбаяртай барьцаат зээлийн гэрээ байгуулсан тухайн өдрөө дансаар авсан байдаг. Барьцааг дур мэдэн худалдан борлуулсан гэдэг боловч барьцааг өөрсдөө худалдан борлуулахыг шаардсан байдаг. 2018 оны тус гэрээ өөрөө 1 жилийн хугацаатай байсан гэрээний дагуу нийт 4385000 төгрөгийн хүү төлсөн. 2019 оны 01 сарын 30-ны өдөр 650000 төгрөг, 2019 оны 03 сарын 06-ны өдөр 650000 төгрөг,  2019 оны 04 сарын 08-ны өдөр 680000 төгрөг, хүүгийн хүүтэй,  2019 оны 05 сарын 17-ны өдөр 650000,  мөн тэр өдрөө 650000 2019 оны 07 сарын 15-ны өдөр 1050000 төгрөгийг  нийт зургаан удаагийн үйлдлээр 4385000 шилжүүлсэн байдаг. Төлөөгүй үлдсэн нийт 5 сарын хүү нь 3415000 төгрөг болдог. Тухайн үедээ нүүрс зарах, ачаа тээвэрт явах зэрэг ажил хийж байсан бол тухайн үедээ ажил нь доголдож байсан. Үлдэгдэл зээлийн хүүг төлж чадаагүй мөн үндсэн зээлийг төлж чадаагүй байдалтай явсан байдаг.  Д.Өлзийбаяр нь норт бэнз машиныг  хүчээр авч явж худалдахыг шаардсан байдаг. Үүнийгээ зах зээлийн үнээс маш хямд 17000000 төгрөгөөр зарсан байдаг. Нийт зээлийн хэмжээ 13000000 төгрөг байсан төлөгдөөгүй хүү 3415000 төгрөг байсан, хоорондоо тохироод гэрээ дууссан байдаг. Гэтэл гуравдагч этгээд болох ******* ******* ХХК- нь  5350000 төгрөгийг 8% хүүгээр бодох гэрээ байгуулсан байдаг. Гэрээг ямар шалтгааны улмаас шинэчлэн байгуулсан нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч талыг шаардах эрхээ буруу тайлбарлаж орж ирсэн гэж үзэж байна. Сүүлийн гэрээний дагуу нэхэмжлэл шаардаж орж ирсэн нь өөрөө үндэслэлгүй байгаа. Эхний гэрээний дагуу тооцоо хийгээд ороод ирсэн бол өөр зүйл ярьж  болох байлаа. 22000000 төгрөгөөр зарсан үүнээс 17000000 төгрөг, төлсөн төлөөгүй 5350000 шинэчилж гэрээ хийсэн гэж байгаа, алданги ямар хугацаанаас тооцож байгаа тодорхой тооцоолол байхгүй байгаа. Зээлийн гэрээний хугацаа 2018 онд нэг жилийн хугацаатай хийгдсэн. Сүүлийн гэрээнд 12 сарын 5 хоногийн  гэрээ нь жилийн хугацаатай, тэгэхээр тооцоолол буруу байгаад байна. Манай төлөөлүүлэгч үндсэн зээлээ төлөөд дууссан.  Тухайн үед надаар гарын үсэг зуруулсан гэдэг тэгэхдээ алданги  авахгүй гэж ярьсан байдаг. Сүүлийн гэрээнд алданги тооцно гэсэн юм яригдаагүй. Машин тэрэг заруулах хэмжээнд хүргэсэн байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Б.*******оос зээлийн гэрээний үүрэгт зээл 5035000 төгрөг, зээлийн хүү 4860600 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 173300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч тал нь “Нэхэмжлэлийн шаардлага нотлогдож байгаа. 2020 оны 3 сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу зээл 5035000 төгрөг, зээлийн хүү 4860600 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 173300 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Б.******* нь  2018 оны 12 сарын 24-ний өдөр 13000000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлж барьцаат зээлийн гэрээ байгуулан зээл авсан юм.  Энэхүү зээлийн гэрээний дагуу хүү, алданги болон үндсэн зээлийн хагасыг төлөөд зээл 5035000 төгрөг төлөөгүй үлдсэн тул бид харилцан тохиролцож гэрээг шинэчлэн байгуулсан. 2020 оны 3 сарын 20-ны өдөр байгуулсан 5035000 төгрөгийн зээлийн гэрээ нь 2018 оны 12 сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үлдэгдлийг тооцон шинэчлэн байгуулсан зээлийн гэрээ байгаа юм. Уг гэрээгээр тохирсны дагуу зээл, зээлийн хүүг гаргуулах үндэстэй” гэж;

Хариуцагч тал нь “2018 оны 12 сарын 24-ний өдрийн 13000000 төгрөг зээлсэн барьцаат зээлийн гэрээний дагуу зээл, зээлийн хүү, алдангийг бүрэн төлж дуусгасан. 2020 оны 3 сарын 20-ны өдөр байгуулсан 5035000 төгрөгийн зээлийн гэрээгээр хариуцагч Б.******* нь уг мөнгийг хүлээн аваагүй. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ий захирал энэ гэрээн дээр гарын үсэг зур гэхээр нь гарын үсэг зурсан гэж Б.******* тайлбарладаг. Иймд уг зээлийн гэрээгээр мөнгийг хариуцагчид шилжүүлээгүй, зээлийн гэрээ хүчин төгөлдөр байх нь эргэлзээтэй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тус тус тайлбарлан мэтгэлцэж байна.

Талууд 2018 оны 12 сарын 24-ний өдрийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу зээлийн хүү, гэрээний дагуу алданги, зээлийг төлсний дараа төлөөгүй үлдсэн мөнгийг тооцон 5035000 төгрөгийг төлөхөөр барьцаат зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан, 2020 оны 3 сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр уг мөнгийг хариуцагч Б.*******ийн өмчлөлд шилжүүлээгүй гэх үйл баримт дээр маргахгүй байна. Харин хариуцагч нь 2020 оны 3 сарын 20-ны өдөр байгулсан зээлийн гэрээгээр 5035000 төгрөгийг хүлээн аваагүй учир 5035000 төгрөг, түүнд тооцсон хүүг төлөх үндэслэлгүй гэж  маргаж байгаа болно.

******* ******* ХХК Б.******* нарын хооронд 2020 оны 3 сарын 20-ны өдөр байгуулсан “Барьцаат зээлийн гэрээ”-нд хариуцагч Б.******* нь гарын үсэг зурсан болохыг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч нь эрх зүйн чадамжтай эсэх, зээлийн гэрээнд гарын үсэг зурсан эсэх, зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэг хариуцагч Б.*******ийн гарын үсэг мөн эсэх талаар маргаагүй байна.

2020 оны 3 сарын 20-ны өдөр байгуулсан “Барьцаат зээлийн гэрээ” нь /хэргийн 2-рт/ хүчин төгөлдөр бус гэж маргаж байх боловч хүчин төгөлдөр бус болохыг нотлох баримтыг хариуцагч талаас шүүхэд ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгч талаас ирүүлсэн 2020 оны 3 сарын 20-ны өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээг, 2018 оны 12 сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг дүгнээд төлөгдөөгүй үлдсэн 5035000 төгрөг дээр  шинэчлэн байгуулсан нь гэрээний чөлөөт байдалд харшлаагүй байна. Хариуцагч нь уг зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан нь 2018 оны зээлийн гэрээг дүгнээд 5035000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх ёстой байсан болохыг нотолж байна. Иймээс 2018 оны зээлийн гэрээний үүрэгт 5035000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч тал нь 2018 оны 12 сарын 24-ний өдрийн “Барьцаат зээлийн гэрээ”-ний /хэргийн 43-рт/  дагуу 2020 оны 3 сарын 20-ны өдөр тооцоог хийж  гэрээний  алданги, зээлийн хүү, зээлийг төлүүлсэн. Алдангиа бүгдийг төлсөн, зээлийн хүүг бүгдийг төлж, үндсэн зээлээс 5035000 төгрөгийг төлөөгүй үлдсэн гэж тайлбарлаж байна. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар эхлээд үндсэн үүрэг, дараа нь хүүг төлүүлэхээр заажээ. Нэхэмжлэгч нь 2018 оны зээлийн гэрээний дагуу эхлээд алдангийг, дараа нь хүүг, эцэст нь үндсэн зээлийг төлүүлэх дарааллаар үүргийг хангуулж үндсэн зээлээс 5035000 төгрөг төлөөгүй үлдсэн гэсэн нь хуулийн дээрхи заалтыг зөрчсөн байна. Иргэний хуульд заасан дээрхи дарааллаар өрийг төлүүлэхэд алданги, хүүгийн төлбөр үлдэх ёстой байсан байна.

Зээлийн гэрээгээр хүү тогтоож болох бөгөөд уг гэрээгээр мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд төлөх үүрэгтэй байна. Гэтэл 2020 оны 3 сарын 20-ны өдөр байгуулсан “Барьцаат зээлийн гэрээ”-гээр зээлдүүлэгч нь зээлдэгчид 5035000 төгрөгийг шилжүүлээгүй байна. Иймд энэхүү гэрээний дагуу зээлийн хүү нэхэмжлэх эрхгүй байна. Мөн алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга болохоос бус зээл бус учраас алдангид хүү тооцон нэхэмжлэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчээс улсын  тэмдэгтийн хураамжид төлсөн 173300 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******оос  5035000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 95510  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож   шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.5-д зааснаар  ******* овогт *******гийн *******  /ЗЮ/-оос 5035000 /таван сая гучин таван мянга/ төгрөгийг гаргуулан, ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4860600 /дөрвөн сая найман зуун жаран мянга зургаан зуун/ төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын  тэмдэгтийн хураамжид төлсөн 173300 /нэг зуун далан гурван мянга гурван зуун / төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******оос 95510 /ерэн таван мянга таван зуун арван / төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.*******