Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 218/МА2021/00011

 

Хөрх хайрхан ХХК-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Н.Насанжаргал, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 139/ШШ2021/00178 тоот шийдвэртэй, Хөрх хайрхан ХХК-ны нэхэмжлэлтэй Б.Нямдоржид хариуцагдах зээлийн гэрээний үүрэгт зээл 5035000 төгрөг, зээлийн хүү 4860600 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 173300 төгрөг, нийт 10068900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтандөшийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг оролцов.

 

Нэхэмжлэгч Хөрх хайрхан ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Буйраа овогтой Нямдорж нь 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Хөрх хайрхан ХХК-ий ломбардтай 2018 оны 12 дугаар сарын 24-нд зээлсэн 13000000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 5035000 төгрөгийг сарын 8 хувийн хүүгээр тооцож төлөхтэй холбоотой зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан. Анх 2018 онд зээл авахдаа Нямдорж ачигч ковш 8225 УБ XCMG-ZL хөдөлгүүр 61567С-3-38 /арал 080205178 / ачигч, өөрөө буулгагч 1806 ДУА норт бенз барьцаалж барьцааны гэрээ байгуулж байсан. Үүнээс ковшоо Нямдорж өөрөө худалдан борлуулсан. Зээлийн үлдэгдэл 5035000 төгрөгийн гэрээг шинэчлэн хийхдээ ачигчаа барьцаалсан. Гэтэл ачигчийг Нямдорж бидэнд мэдэгдэлгүй зарж борлуулсан. Уг нь ачигчийг худалдахтай холбоотой итгэмжлэлийг нотариатаар гэрчлүүлж байсан. Гэвч Нямдорж барьцааны гэрээгээ зөрчсөн. Зээлийн гэрээний үүргээ биелүүлэхтэй холбоотой шаардлагыг удаа дараалан тавьж байсан. Аймагт оршин суудаг боловч уулзах гэхээр зугтаад уулздаггүй зээлээ төлдөггүй. Иймд Б.Нямдоржоос үндсэн зээл 5035000 төгрөг, 12 cap 5 хоногийн зээлийн хүү 4860600 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 173300 төгрөг нийт 10068900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтандөш шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Хариуцагч Б.Нямдорж нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэн Дэжидбалын Өлзийбаяртай Барьцаат зээлийн гэрээ байгуулсан байдаг.

Тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д Барьцаатай. УБД: 1806 ДУЭ, NORTH BENZ ачааны машин, 8225 УБ, XCMG өөрөөр буулгагч гэж бичигдсэн байдаг.

Гэвч тус тээврийн хэрэгслүүдийг хуулийн дагуу барьцаалсан тухай үйлдэл, бичиг баримт байхгүй.

Мөн тус гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Гэрээний дагуу дараах байдлаар 7 сарын хүүнд 4385 000 төгрөгийн хүүг төлсөн. Үүнд: 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Хаан банкны 5465022510 данс руу nymdorjoos гэх утгатай 650000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр тус банкны мөн данс руу nymdorjoos гэх утгатай 650000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр тус банкны мөн данс руу nymdorj huugiiin huutei гэх утгатай 680000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр тус банкны мөн данс руу nymdorj huu гэх утгатай 650000 төгрөг, мөн өдрөө nymdorj гэх утгатай 650000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр тус банкны мөн данс руу nymaa гэх утгатай 1105000 төгрөг, нийт 6 удаагийн үйлдлээр 4385000 төгрөг шилжүүлж төлсөн. Б.Нямдорж нь тухайн гэрээний дагуу хүүнд 12 сарын 7800000 төгрөг төлөхөөс дээр дурдсан байдлаар 4385000 төгрөг төлж, төлөөгүй 5 сарын хүү нь нийт 3415000 төгрөг болж байна. Тэрээр зээлийн гэрээний хугацаанд хийх ажилгүй болж, улмаар хүүг дээр дурдсан байдлаар төлж, үлдэгдэл хүүг төлөөгүй. 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тус барьцаат зээлийн гэрээний хугацаа дууссан тул Д.Өлзийбаяр нь зээлсэн мөнгө, зохих хүүг төлөхийг шаардсан. Улмаар Б.Нямдоржийн найз Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р баг, Боржигоны 18-22 тоотод оршин суудаг Гантулгын хашаанд байсан түүний 1806 ДУЭ улсын дугаартай Nordbenz машиныг Д.Өлзийбаяр нь хүчээр авч явж, өөрийн тус тоотод байрлах хашаандаа аваачиж, тус тээврийн хэрэгслийг хурдан зарахыг Б.Нямдоржоос шаардсан. Б.Нямдорж нь Д.Өлзийбаяраас авсан зээлээ төлөхийн тулд түүний авч явсан тээврийн хэрэгслийг зарахаар хөөцөлдөж, улмаар шахаанд орж зах зээлийн ханшнаас маш хямдаар 2020 оны 3 дугаар сард 17000000 төгрөгөөр фэйсбүүкэд зар тавьж байгаад хотоос ирсэн хүнд зарсан. /Тухайн хүний нэрийг нь санахгүй байгаа гэдэг/ Тус 17000000 төгрөгийг Б.Нямдорж аваагүй бөгөөд худалдаж авсан хүн нь шууд Д.Өлзийбаярын дансанд шилжүүлсэн байдаг. Б.Нямдорж нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Д.Өлзийбаяртай Барьцаат зээлийн гэрээ байгуулан авсан 13000000 төгрөг, тус мөнгөний төлөгдөөгүй үлдэгдэл хүү болох 3415000 төгрөг, нийт 16415000 төгрөгийг ийнхүү 17000000 болгож төлсөн байдаг. Нэхэмжлэгч Хөрх хайрхан ХХК-ийн захирал Д.Өлзийбаяр нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зээлсэн 13000000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 5035000 төгрөгийг сарын 8 хувийн хүүгээр тооцож төлөхтэй холбоотой зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан талаар нэхэмжлэлдээ дурджээ. Гэвч дээр дурдснаар Д.Өлзийбаяр, Б.Нямдорж нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан Барьцаат зээлийн гэрээ нь зээлдэгч буюу Б.Нямдорж нь тус гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлснээр дуусгавар болсон. Гэтэл тус барьцаат зээлийн гэрээг Хөрх хайрхан ХХК-ийн захирал Д.Өлзийбаяр нь ямар үндэслэлээр шинэчлэн байгуулсан нь тодорхойгүй байна. Б.Нямдорж нь нэгэнт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. байхад тус гэрээг зээлийн үлдэгдэл гэх 5035000 төгрөгийг сарын 8 хувийн хүүгээр тооцож төлөхөөр шинэчлэн байгуулсан нь үндэслэлгүй байна. Мөн Б.Нямдорж нь шинэчлэн байгуулсан гэх гэрээгээр 5035000 төгрөгийг Хөрх хайрхан ХХК-иас ямарваа нэгэн хэлбэрээр аваагүй болно. Иймд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн барьцаат зээлийн гэрээний үүрэг бүрэн дуусгавар болсон байхад 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Хөрх хайрхан ХХК нь иргэн Б.Нямдоржтой тус гэрээг шинэчлэн Барьцаат зээлийн гэрээ байгуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Сайнбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөрх хайрхан ХХК-аас Б.Нямдоржид холбогдуулж тус шүүхэд дараах нэхэмжлэлийг гаргасан. 2020 оны 03 сарын 20-ны өдөр урд өмнө нь зээлсэн мөнгө болох 2018 оны 12 сарын 24-ний өдрийн 13000000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 5350000 төгрөг дээр шинэчлэн гэрээ байгуулсан. 2018 оны 12 сарын 24-ний өдөр 13000000 төгрөгийн зээл авахдаа 5 хувийн хүүтэй байсан бол үлдэгдэл 5350000 төгрөгийг төлөөгүй үлдсэн байсан 8 хувийн хүүтэй болгож гэрээг байгуулсан. Б.Нямдорж анх 2018 онд зээл авахдаа ачигч ковш, зэргийг барьцаалж барьцааны гэрээ байгуулж байсан. Эдгээрийг Б.Нямдорж нь өөрөө худалдан борлуулсан байдаг. 10068900 төгрөг нь 5350000 төгрөгийн хүү нь 4280000 байгаа. Үүнээс 12 сарын хүү болох 2021 оны 03 сарын 20-ыг хүртэл нэг ч төгрөгийн төлөлт хийгдээгүй. Хүү болон үндсэн зээлээ төлөөгүй. Зээлийн гэрээний хугацаа дуусаж мэдэгдэх хуудсыг хүчээр хүргүүлсэн байдаг. Үүргээ гүйцэтгээгүй байгаа үүний дагуу эвлэрүүлэн зуучлагчид хүсэлт гаргасан боловч Б.Нямдорж татгалзсан тэгээд шүүхэд хандсан байгаа. Улсын тэмдэгтийн хураамжаа мөн үндсэн зээл хүү гаргаж өгнө үү гэсэн нэхэмжлэл байгаа. Б.Нямдорж нь 2018 оны 12 сарын 24-ны өдөр 13000000 төгрөгийг 5% хүүтэй 1 жилийн хугацаатай гэрээ байгуулан авсан. Зээлийг заасан хугацаанд төлөхгүй дуртай цагтаа өгдөг байсан. 2019 оны оны 07 сарын 15-ны өдөр 105500 төгрөгийг төлсөн, өмнөх зээлийн сарын хүү нь 650000 байсан. 2019 оны 01 сарын 30-ны өдөр 650000 төгрөг, 2019 оны 03 сарын 06-ны өдөр 650000 төгрөг, 2019 оны 04 сарын 08-ны өдөр 680000 төгрөгийг хүүгийн хүүтэй, 2019 оны 05 сарын 17-ны өдөр 650000 төгрөг, мөн тэр өдрөө 650000 төгрөг, 2019 оны 07 сарын 15-ны өдөр 1050000 төгрөгийг төлсөн үүнээс хойш төлөлт хийгдээгүй. Зээлийн гэрээ дуусгавар болсноор үлдэгдэл мөнгөө 2020 оны 03 сарын 20-ны өдөр төлсөн байдаг. Үндсэн зээлийн үлдэгдэл дээр шинэчлэн гэрээг байгуулсан. Б.Нямдорж нь эрх зүйн чадамжтай гэрээн дээр гарын үсэг зурахад ямар хариуцлага хүлээдэг гэдгийг мэддэг хүн гэж бодож байна. Гэрээн дээр гарын үсэг нь байгаа. Төлбөрөө төлөхийг шаардсан боловч өөрөө машинаа зарж борлуулсан байдаг. Хүүгээ тооцож 2 талаас тохиролцож гэрээ байгуулсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтандөш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 13000000 төгрөгийг 2018 оны 12 сарын 24-ний өдөр Д.Өлзийбаяртай барьцаат зээлийн гэрээ байгуулсан тухайн өдрөө дансаар авсан байдаг. Барьцааг дур мэдэн худалдан борлуулсан гэдэг боловч барьцааг өөрсдөө худалдан борлуулахыг шаардсан байдаг. 2018 оны тус гэрээ өөрөө 1 жилийн хугацаатай байсан гэрээний дагуу нийт 4385000 төгрөгийн хүү төлсөн. 2019 оны 01 сарын 30-ны өдөр 650000 төгрөг, 2019 оны 03 сарын 06-ны өдөр 650000 төгрөг, 2019 оны 04 сарын 08-ны өдөр 680000 төгрөг, хүүгийн хүүтэй, 2019 оны 05 сарын 17-ны өдөр 650000, мөн тэр өдрөө 650000 төгрөг, 2019 оны 07 сарын 15-ны өдөр 1050000 төгрөгийг нийт зургаан удаагийн үйлдлээр 4385000 шилжүүлсэн байдаг. Төлөөгүй үлдсэн нийт 5 сарын хүү нь 3415000 төгрөг болдог. Тухайн үедээ нүүрс зарах, ачаа тээвэрт явах зэрэг ажил хийж байсан бол тухайн үедээ ажил нь доголдож байсан. Үлдэгдэл зээлийн хүүг төлж чадаагүй мөн үндсэн зээлийг төлж чадаагүй байдалтай явсан байдаг. Д.Өлзийбаяр нь норт бэнз машиныг хүчээр авч явж худалдахыг шаардсан байдаг. Үүнийгээ зах зээлийн үнээс маш хямд 17000000 төгрөгөөр зарсан байдаг. Нийт зээлийн хэмжээ 13000000 төгрөг байсан төлөгдөөгүй хүү 3415000 төгрөг байсан, хоорондоо тохироод гэрээ дууссан байдаг. Гэтэл гуравдагч этгээд болох Хөрх хайрхан ХХК нь 5350000 төгрөгийг 8% хүүгээр бодох гэрээ байгуулсан байдаг. Гэрээг ямар шалтгааны улмаас шинэчлэн байгуулсан нь тодорхойгүй байна. Сүүлийн гэрээний дагуу нэхэмжлэл шаардаж орж ирсэн нь өөрөө үндэслэлгүй байгаа. Зээлийн гэрээний хугацаа 2018 онд нэг жилийн хугацаатай хийгдсэн. Сүүлийн гэрээнд 12 сарын 5 хоногийн гэрээ нь жилийн хугацаатай, тэгэхээр тооцоолол буруу байгаад байна. Манай төлөөлүүлэгч үндсэн зээлээ төлөөд дууссан. Тухайн үед надаар гарын үсэг зуруулсан гэдэг, тэгэхдээ алданги авахгүй гэж ярьсан байдаг. Сүүлийн гэрээнд алданги тооцно гэсэн юм яригдаагүй. Машин тэрэг заруулах хэмжээнд хүргэсэн байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх:

1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.5-д зааснаар Боржигон овогт Буйраагийн Нямдорж /ЗЮ87040578/-оос 5035000 /таван сая гучин таван мянга/ төгрөгийг гаргуулан, Хөрх хайрхан ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4860600 /дөрвөн сая найман зуун жаран мянга зургаан зуун/ төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173300 /нэг зуун далан гурван мянга гурван зуун / төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Нямдоржоос 95510 /ерэн таван мянга таван зуун арван / төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хөрх хайрхан ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтандөш давж заалдах гомдолдоо: ...Хариуцагч Б.Нямдорж нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэн Дэжидбалын Өлзийбаяртай Барьцаат зээлийн гэрээ байгуулсан байдаг.

Тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д Барьцаатай. УБД: 1806 ДУЭ, NORTHBENZ ачааны машин, 8225 УБ, XCMG өөрөөр буулгагч гэж бичигдсэн байдаг. Гэвч тус тээврийн хэрэгслүүдийг хуулийн дагуу барьцаалсан тухай үйлдэл, бичиг баримт байхгүй.

Мөн тус гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Гэрээний дагуу 7 сарын хүүнд 4385000 төгрөгийн хүүг төлсөн.

Б.Нямдорж нь тухайн гэрээний дагуу хүүнд 12 сарын 7800000 төгрөг төлөхөөс дээр дурдсан байдлаар 4385000 төгрөг төлж, зээлийн гэрээний хугацаанд хийх ажилгүй болж төлөөгүй 5 сарын хүү нь нийт 3415000 төгрөг болж байна. 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тус барьцаат зээлийн гэрээний хугацаа дууссан тул Д.Өлзийбаяр нь зээлсэн мөнгө, зохих хүүг төлөхийг шаардсан.

Улмаар Б.Нямдоржийн найз Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р баг, Боржигоны 18-22 тоотод оршин суудаг Гантулгын хашаанд байсан түүний 1806 ДУЭ улсын дугаартай Nordbenz машиныг Д.Өлзийбаяр нь авч явж, өөрийн тус сумын Мандалын 8-12 тоотод байрлах хашаандаа аваачиж, тус тээврийн хэрэгслийг хурдан зарахыг Б.Нямдоржоос шаардсан. Д.Өлзийбаяраас авсан зээлээ төлөхийн тулд түүний авч явсан тээврийн хэрэгслийг зарахаар хөөцөлдөж, улмаар шахаанд орж зах зээлийн ханшнаас маш хямдаар 2020 оны 3 дугаар сард 17000000 төгрөгөөр фэйсбүүкэд зар тавьж байгаад хотоос ирсэн А.Өлзийбат гэдэг хүнд зарсан.

Тус 17000000 төгрөгийг Б.Нямдорж аваагүй бөгөөд шууд нэхэмжлэгч талд шилжүүлэн өгсөн байдаг. Б.Нямдорж нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Д.Өлзийбаяртай Барьцаат зээлийн гэрээ" байгуулан авсан 13000000 төгрөг, тус мөнгөний төлөгдөөгүй үлдэгдэл хүү болох 3415000 төгрөг, нийт 16415000 төгрөгийг ийнхүү 17000000 болгож төлсөн байдаг. Нэхэмжлэгч Хөрх хайрхан" ХХК-ийн захирал Д.Өлзийбаяр нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зээлсэн 13000000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 5035000 төгрөгийг сарын 8 хувийн хүүгээр тооцож төлөхтэй холбоотой зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан талаар нэхэмжлэлдээ дурдсан.

Гэвч дээр дурдсанаар Д.Өлзийбаяр, Б.Нямдорж нарын хооронд 2018 оны 12 дугаэр сарын 24-ний өдөр байгуулсан Барьцаат зээлийн гэрээ нь зээлдэгч буюу Б.Нямдорж нь тус гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлснээр дуусгавар болсон.

Гэтэл тус барьцаат зээлийн гэрээг Хөрх хайрхан ХХК-ийн захирал Д.Өлзийбаяр нь ямар үндэслэлээр шинэчлэн байгуулсан нь тодорхойгүй байна.

Б.Нямдорж нь нэгэнт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байхад тус гэрээг зээлийн үлдэгдэл гэх 5035000 төгрөгийг сарын 8 хувийн хүүгээр тооцож төлөхөөр шинэчлэн байгуулсан нь үндэслэлгүй байна.

Мөн Б.Нямдорж нь шинэчлэн байгуулсан гэх гэрээгээр 5035000 төгрөгийг Хөрх хайрхан ХХК-иас ямарваа нэгэн хэлбэрээр аваагүй болно.

Иймд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн барьцаат зээлийн гэрээний үүрэг бүрэн дуусгавар болсон байхад 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Хөрх хайрхан ХХК нь иргэн Б.Нямдоржтой тус гэрээг шинэчлэн Барьцаа зээлийн гэрээ байгуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрдөггүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Нэхэмжлэгч талаас ирүүлсэн 2020 оны 3 сарын 20-ны өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээг, 2018 оны 12 сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг дүгнээд төлөгдөөгүй үлдсэн 5035000 төгрөг дээр шинэчлэн байгуулсан нь гэрээний чөлөөт байдалд харшлаагүй байна. Хариуцагч нь уг зээлийн гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан нь 2018 оны зээлийн гэрээг дүгнээд 5035000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх ёстой байсан болохыг нотолж байна. Иймээс 2018 оны зээлийн гэрээний үүрэгт 5035000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй байна гэж үзлээ... гэсэн.

2018 оны 12 сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний үлдэгдэл ямар учраас 5035000 төгрөг вэ гэдгийг нэхэмжлэгч тал тайлбарладаггүй. Өөрөөр хэлбэл тухайн 13000000 төгрөгийн зээлийн үлдэгдэл, хүү, алдангийн аль нь 5035000 төгрөгт ямар ямар хэмжээтэй байгаа талаар нэхэмжлэгч тал тайлбарладаггүй.

Хэрвээ 5035000 төгрөгийг алданги гэж үзэх юм бол хэрхэн яаж бодогдсон, мөн 2018 оны 12 сарын 24-ний өдрийн зээлийн гэрээнээс үүссэн алданги юм бол энэ өдрийн гэрээгээр алдангиа шаардах эрхтэй.

Гэтэл 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэрээгээр шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болж байгаа. Мөн энэ өдрийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангаагүй тул хүчин төгөлдөр бус болохыг нотлох баримтыг гаргах хууль зүйн шаардлагагүй. Төлөөлөгч би шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд Иргэний хуульд заасан үүргийн гүйцэтгэлийн дарааллын тухай дурдсан. Мөн шүүх шийдвэртээ энэ дарааллыг хэрэглэх нь зүйтэй талаар үндэслэх хэсэгтээ үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

Ийнхүү дүгнэхэд хариуцагчийн нэхэмжлэгчид төлсөн мөнгө нь үндсэн зээл, хүүг хангалттай төлөөд илүү мөнгө хүртэл төлсөн байдаг.

Иймд алданги төлөгдөөгүй үлдсэн бол энэ талаар нэхэмжлэгч тал нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хэлэх ёстой. Гэтэл энэ талаар oгт дурдаагүй, дурдагддаггүй.

Энэ нь Хөрх хайрхан ХХК нь 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээгээр Б.Нямдоржоос 5035000 төгрөгийг шаардах эрхгүй, энэ нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл, хүү, алдангийн аль нь болох нь тодорхойгүй байхад гэрээний чөлөөт байдалд харшлаагүйгээр 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн гэрээг хийсэн байх тул 5035000 төгрөгийг хариуцагч нь төлөх нь үндэслэлтэй байна гэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Иймд Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 178 дугаар шийдвэр Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул тус шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Сайнбилэг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хөрх хайрхан ХХК-ийн Зээлийн гэрээний үүрэгт 10068900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, Б.Нямдоржид хариуцагдах иргэний хэргийн хариуцагч Б.Нямдоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтандөшийн гаргасан давж заалдах гомдолтой холбогдуулан дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Үүнд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо "Б.Нямдорж нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэжээ. Мөн зээлийн гэрээг шинэчлэн байгуулсныг хуульзүйн үндэслэлгүй, барьцааны зүйлийг Хөрх хайрхан ХХК зарж борлуулсан гэхчлэн үндэслэлгүй, нотлох баримтгүй зүйлсийн талаар дурджээ. Хариуцагч Б.Нямдоржийн хувьд зээлийн гэрээний үүрэг бүрэн дуусгавар болоогүй. Учир нь хариуцагч нь анх 2018 оны 12 сарын 24-нд 13 сая төгрөгийг 5 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл, хүү, алданги нийт 22035000 төгрөг төлөх ёстой байсан. Гэвч төлбөрөө барагдуулах боломжгүй хэмээж гэрээгээ сунгах хүсэлт тавьсан. Гэрээг сунгахаас өмнө хүү алдангиа төлсөн. Дараа нь гэрээг хүүг өөрчлөн 8 хувь болгон дахин шинэчилж байгуулахад үндсэн зээлээсээ тодорхой хэмжээгээр төлж улмаар 5035000 төгрөгийн зээл үлдсэн. Хөрх хайрхан ХХК болон зээлдэгч Б.Нямдорж нар нь өөрсдийн хүсэл сонирхлын үндсэн дээр хуульд нийцүүлэн хүүг тохиролцон зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан бөгөөд Б.Нямдорж гэрээний нөхцлийг зөвшөөрч гарын үсгээ зурж гэрээг баталгаажуулсан. Иймд Хөрх хайрхан ХХК нь зээлийн үлдэгдэл төлбөр болох 5035000 төгрөгийг, мөн зээлийн хүүгийн хамт гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлүүлэхээр 2021 оны 1 сараас эхлэн хандахад хариуцагч Б.Нямдорж ирээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт зээлийн гэрээг дүгнээд төлөгдөөгүй үлдсэн 5035000 төгрөг дээр шинэчлэн байгуулсан нь гэрээний чөлөөт байдалд харшлаагүй байна гэж заасан. Улмаар Буйраагийн Нямдоржоос 5035000 /таван сая гучин таван мянган төгрөг/ төгрөгийг гаргуулан Хөрх хайрхан ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Хөрх хайрхан ХХК-ийн зүгээс Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй. Иймд Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдаанаар Хөрх хайрхан ХХК-ны нэхэмжлэлтэй Буйраа овогтой Нямдоржид холбогдох 10068900 төгрөг гаргуулах шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцээд гаргасан сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 139/ШШ2021/00178 тоот шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтандөшийн гомдлын дагуу хянан үзэв.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д зааснаар бүхэлд нь хянан үзэх зарчмыг баримтлав.

Нэхэмжлэгч Хөрх хайрхан ХХК нь иргэн Б.Нямдоржтой 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 5035000 төгрөгийн зээлийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсны дагуу уг гэрээний биелэлт, хүү, алданги зэрэг нийт 10068900 төгрөг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэгэнт хуулийн шаардлагад нийцүүлэн байгуулж талууд чөлөөтэйгээр хэлэлцэж баталгаажуулсан зээлийн гэрээний биелэлтийг шаардах эрхтэй. Нэхэмжлэгч тал ч энэ эрхээ эдлэн шүүхэд ханджээ.

Хариуцагч талын зүгээс нэхэмжлэлийн шаардлагын эсрэг татгалзсан тайлбар гаргаж, үүнийг нотлох тайлбар болон нотлох ажиллагаануудыг шүүхэд хүсэлт гарган хэрэгжүүлжээ.

Хариуцагч татгалзлаа нотлохдоо 2020 оны 03 дугаар сарын 20-ны зээлийн гэрээ гарын үсэг зурагдсан нь үнэн боловч 5035000 төгрөг огт аваагүй, маргаж буй зээлийн маргаан нь 2018 оны 12 сарын 24-нд 1 жилийн хугацаатай зээлсэн 13000000 төгрөгтэй холбоотой бөгөөд энэ зээлийн дагуу 2019 оны 7 сарын хүүд 4385000 төгрөг төлсөн. Зээлийн 13000000 төгрөг ба үлдэгдэл хүү 3445000 төгрөг нийт 16445000 төгрөгөнд Хөрх хайрхан ХХК түүний захирал Д.Өлзийбаяр нь барьцааны зүйл болох 1806 ДУЭ дугаар бүхий Норд бенз машиныг хураан авч улмаар Б.Нямдоржоор хурдан хугацаанд борлуулалт хийлгэн 17000000 төгрөг авсан болон зээлийн гэрээ дуусгавар болсон гэдгийг тайлбарлажээ.

Хариуцагч ч энэ тайлбарыг үгүйсгэхгүй бөгөөд хавтаст хэргийн 42 дахь талд буй бичгэн баримтдаа Хөрх хайрхан ХХК-ны захирал Д.Өлзийбаяр нь хариуцагч зээлийн хүүд 4385000 төгрөг төлсөн, үлдэгдэл хүү 3445000 төгрөг, үндсэн зээл 13000000 төгрөг төлөөгүй байсан бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 17000000 төгрөг төлсөн гэдгийг баталгаажуулжээ.

Шүүхээс 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн гэрээний дагуу зээлсэн мөнгөний асуудлыг шийдвэрлэж байгаа байдал харагдаж байгаа ч хэрэг хэлэлцсэн байдлаас нотлох баримтын бүрдэл, мэтгэлцээний явц зэргээс харахад 2018 оны 12 дугаар сарын 24-нд үйлдсэн гэрээний үр дүн үргэлжлэлийн маргааны маргаанаар хэрэг хэлэлцсэн байдалтай харагдаж байна. Эндээс дүгнэж үзэхэд шүүхийн энэ шийдвэрлэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж гарч чадаагүй байна.

Талуудын тайлбараас үзэхэд 2019 оны 12 дугаар сарын 24-нд зээлийн гэрээ дуусгавар болсны дараа нэхэмжлэгчийн зүгээс барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгслийг хураан авч улмаар Б.Нямдоржоор заруулж 17000000 төгрөгийг авсан үйлдлийг дүгнэхэд уг зээлийн гэрээ нь дуусгавар болсон гэж үзэх үндэстэй хариуцагч талын энэ талаарх тайлбар үндэстэй байна.

2020 оны 03 дугаар сард байгуулсан гэрээ нь үндэслэлгүй нь тогтоогдсон ба 2018 оны байгуулсан гэрээний дагуух маргаан гэж үзэх болсон ба талуудын хооронд байгуулагдсан энэхүү гэрээний бичгэн хэлбэр, талуудын хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан гэрээ хэлцэл нь барьцаат зээлийн гэрээ гэсэн хэлбэр агуулгаар илэрхийлэгдсэн байх бөгөөд нэгэнт талууд харилцан зөвшөөрөлцөн чөлөөтэйгээр хэлэлцэн байгуулсан энэхүү гэрээний хувьд хууль зөрчсөн буюу хуульд нийцсэн эсэх талын асуудал шүүхэд байхгүй, энэ талаар талууд маргаагүй байна. Нэгэнт 2018 оны гэрээнд үндэслэсэн маргаанд явагдсан бөгөөд нэхэмжлэгч буюу барьцаа хүлээн авах тал барьцаа хөрөнгийг хураан авснаар энэ хэрэг дуусгавар болсон гэх үндэслэл байх бөгөөд энэ талаар Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т заан тодорхойлжээ. Иргэний хуулийн 158 дугаар зүйлд: Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах...барьцаалагчийн шаардлагыг хангана. Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид зохих төлбөр хийснээр барьцаалагчийн шаардлагыг хангасан гэж үзнэ гэж заасны дагуу барьцаалсан машиныг 17000000 төгрөгөөр худалдан борлуулж, зээлдүүлэгч Хөрх хайрхан ХХК-д төлбөр хийсэн үйлдлийг хууль болон гэрээний дагуу нэхэмжлэгч талын шаардлагыг хангасан үйлдэл болсон байжээ гэж шүүх үзэх үндэстэй.

Нөгөө талаар шүүх хэрэг шийдвэрлэхдээ зээл болон үлдэгдэл хүү 16445000 төгрөг дээр алданги 5590000 төгрөг нэмж тооцсон гэдгээ шүүхэд хандаж гаргасан тодорхойлолтдоо дурджээ. /хх-ийн 42-р тал/

Үндсэн зээл, хүүд 17000000 төгрөг төлсөн гэж үзвэл энэхүү алдангийн 5 сая гаруй төгрөгийн асуудал дээр зээлийн үлдэгдэл гэж үзэх 5035000 төгрөгийн зээл болгон гэрээ байгуулах, түүнийг 8 хувиар хүүлж 4860600 төгрөгийн хүү зэргийг нэхэмжилсэн гэж үзэх үндэслэл бүхий байна.

Зээлийн болон аливаа гэрээний асуудлыг хянахад хуульд нийцсэн эсэхийг шүүх заавал хянахаас гадна талуудын эрх ашигт нийцсэн болоод үндэслэл бүхий байх явдлыг анхаарах ёстой. Шүүх хариуцагч талаас 5035000 төгрөгийг төлүүлэх шийдвэр гаргахдаа чухам ямар шаардлагын дагуу, аль үүргийг хэрхэн яаж биелүүлээгүйн улмаас төлбөр төлөх шаардлагатай болсныг тодруулж байвал зохимжтой.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлд анз тогтоох түүний хэлбэр, хэмжээг тодорхой заасан.

Талуудын гэрээнээс харахад алдангийн тухай заалт байгаа боловч энэ талаар шүүх огт хэлэлцэж тодруулаагүй, шүүхэд ирүүлсэн баримт дотор 5590000 төгрөгийн алданги тооцож, нийт төлөх дүнг 22035000 төгрөг гэж үзэн үүнээс төлсөн 17000000 төгрөгийг хасаж 5035000 төгрөг дээр шинэчилж гэрээ байгуулсан гэсэн байхад шүүх үүнд бодитой дүгнэлт хийж хянаж үзээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор тогтов.

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 139/ШШ2021/00178 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 95510 /ерэн таван мянга таван зуун арав/ төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгохыг дурдсугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

4.    Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ц.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Н.НАСАНЖАРГАЛ

Ш.ТӨМӨРБААТАР