Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2017/00936

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 19 өдөр Дугаар 142/ШШ2017/00936 Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-нд холбогдох цавууны үнэ 47 151 700 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь *******-иас зарласан Композитный состав Мультипласт нийлүүлэх ИХ-2014/06-004-0032 дугаартай тендер сонгон шалгаруулалтанд 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр оролцсон ба үнэлгээний хорооны шийдвэрээр шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй гэж үзэж тендерийг хүчингүй болгож татгалзсан.

- ******* нь техникийн тодорхойлолтод зааснаас өөр зүйл шаардсан

-ОХУ-ын өөр компанитай 430 000 ам долларын шууд гэрээ байгуулсан. Тус компаний албан ёсны дилер нь Монгол улсад байсаар атал үйлдвэрлэгчтэй шууд гэрээ байгуулж худалдан авалт хийсэн нь хууль зөрчсөн

- Манай компанийн нийлүүлсэн давирхайн цавууны үнийг төлөхгүй байгаа нь бизнесийн эрх ашиг сонирхолыг зөрчиж хохирол учруулж байна.

******* нь *******-нд дараах 2 төрлийн цавууг 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээлгэн өгсөн болно. Үүнд

1. ******* /400кг/

2. Ирланд улсын ITW POLYMER TECHNOLGIES компанийн Заливочный Компаунд КОРРОБОНД 65 цавуу /400 кг/

3. 2016 оны 05 дугаар сарын 17-нд Заливочный Компаунд КОРРОБОНД 65 цавуу /170 кг/

Нийт 970 кг цавууг нийлүүлсэн бөгөөд цавууны нийт үнэ 47 151 700 төгрөг юм. ******* нь дээр дурьдсан 2 компанийн Монгол улс дахь албан ёсны дистрибьютер юм. Бид 970 кг-аас 800 кг цавууны үнийг нэхэмжилж *******-нд удаа дараа хүсэлт гаргаад Ерөнхий захирал Ц.Даваацэрэн төлбөрийг төлөх шийдвэр гаргасан. Гэтэл үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Д.Даваасамбуу, ерөнхий механикийн орлогч болон бусад инженерүүд цавууг орлогод авахаас татгалзсаны улмаас барааны үнийг өнөөдрийг хүртэл төлөхгүй байна. Мөн ******* нь 2015 онд 430 000 ам долларын, 2016 онд 180 000 ам долларын шууд гэрээ байгуулсан мөртлөө манай компаний нийлүүлсэн 47 151 700 төгрөгийн цавууны үнийг төлж барагдуулахгүй хохирол учруулж байгаа тул асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд манай компанийн *******-нд нийлүүлсэн 970 кг цавууны нийт үнэ болох 47 151 700 төгрөгийг *******-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Эрдэнэт үйлдэр ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгон шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* нь Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******-ийн 2014 оны 11 сарын 10-ны өдөр нээсэн Композитный состав мультипласт нийлүүлэх ИХ- 2014/06-004-0032 тоот тендерт оролцож, тендерийн дагуу 2015 оны 3 сарын 20-ны өдөр Мультипласт ПК, Корробонд 65 маркийн 2 төрлийн давирхайн цавууг нийлүүлж, цавууны төлбөр 47,151,700 төгрөгийг ******* нь одоо болтол барагдуулахгүй байгаа тухай бичсэн нь огт үндэслэлгүй байна. Учир нь *******-ийн 2014 оны 11 сарын 10-ны өдөр нээсэн Композитный состав мультипласт нийлүүлэх ИХ-2014/06-004-0032 тоот тендерт оролцохоор материал ирүүлсэн компаниуд нь тендерийн шаардлага хангаагүй бөгөөд *******-тай ямар нэгэн гэрээ огт байгуулаагүй. Харин ******* нь 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 14/339 тоот ,2015 оны 02 сарын 05-ны өдрийн 15/30 тоот албан бичгүүдээр *******-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогчид Мультипласт ПК, Корробонд 65-г үйлдвэрийн туршилтад оруулах тухай хүсэлт гаргасан байдаг. Баяжуулах үйлдвэр нь *******-ийн хүсэлтийн дагуу 2015 оны 03 сарын 20- ны өдөр Бултлан тээвэрлэх хэсэгт үйлдвэрийн туршилтийн ажлыг Корробонд 65 гэх цутгалтын материалыг туршилтад оруулахад тус компанийн мэргэжилтнүүдийн оролцоотой явуулж үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг ашиглуулсан. Ингэснээр 2015 оны 08 сарын 02-ны өдөр тус материалыг цутгасан конусын хуяг суларсан тул төлөвлөгөөт хүдэр боловсруулалт 150 000 тонн дутуу байхад засварын ажил гүйцэтгэсэн. Энэ тухай *******-д мэдэгдэн 2015 оны 08 сарын 07-ны өдөр тус компанийн төлөөлөгч нарыг байлцуулан конусыг задлан Корробонд 65 материал нь цехийн нөхцөлд таарахгүй тухай акт үйлдсэн бөгөөд хүсэлт гаргасан компанийн төлөөлөгчид гарын үсэг зурахаас татгалзсан. ******* нь 2015 оны 09 сарын 15-ны өдрийн 15/366 тоот албан бичгээр дахин туршилт явуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд Баяжуулах үйлдвэр татгалзсан хариуг өгч байсан боловч удаа дараа хүсэлт гарган дарга, захирлуудаар явж асуудлыг хүндрүүлж байсан учир нөхцөл байдлыг бодитой ойлгуулахын тулд 2016 оны 05 сард дахин туршилт явуулахад нь үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ашиглуулсан боловч уг цавуу нь манай үйлдвэрийн технологид тохироогүй бөгөөд цавууг туршсанаар цехийн төлөвлөгөөт ажлууд хугацаандаа хүрч ажиллаж чадаагүй. ******* нь Мультипласт ПК болон Корробонд 65 маркийн давирхайн цавуунуудыг худалдан авахаар *******-тай гэрээ байгуулаагүй бөгөөд төлбөр шилжүүлэх эрх, үүрэг үүсээгүй болно.Иймд *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-нд холбогдуулан цавууны үнэ 47 151 700 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:...*******-иас *******-нд шилжүүлсэн нийт 970 кг цавууны үнэ 47 151 700 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.*******-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн, өрсөлдөөнийг дэмжих зорилгоор бус аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгож, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулсан гэдгийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар тогтоосон.Манай шилжүүлсэн цавууг ашиглан ******* хүдэр олборлож, ашиг олсон.Тиймээс шилжүүлсэн цавууны үнийг шаардаж байгаа гэж тайлбарлаж байгаа.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ...*******, *******-иас цавуу худалдан аваагүй, 2 компанийн хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй. ******* тендерт оролцсон боловч тендерт оролцохоор материал ирүүлсэн компаниуд нь тендерийн шаардлага хангаагүй учраас тендерийн хорооноос бүх тендерээс татгалзах шийдвэр гаргасан.Харин ******* цавууг үйлдвэрийн туршилтад оруулах тухай хүсэлт гаргасан байдаг. Үүнийг дагуу цавууг үйлдвэрийн туршилтанд оруулсан. Иймд *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

******* нь *******-ийн 2014 оны 11 сарын 10-ны өдөр нээсэн Композитный состав мультипласт нийлүүлэх ИХ- 2014/06-004-0032 тоот тендерт оролцохоор саналаа холбогдох баримтын хамт тендерийн үнэлгээний хороонд хүргүүсэнийг *******-ийн тендерийн үнэлгээний хороо хянаж шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул бүх тендерээс татгалзсан хариу хүргүүсэн нь зохигчдын тайлбар, тендерт оролцогчидын бүртгэл, тендерийн нээлтийн тэмдэглэл, үнийн санал, 0043/2014 тоот тендерийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл Композитный состав мультипласт, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ЦД-Т-12/321 тоот мэдэгдэл, гэрч Б.Оюунчимэгийн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон.

Дээрхи тендертэй холбоотой асуудлаар нэхэмжлэгч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасныг тус газар хянаад 2016 оны 11 дүгээр сарын 09-ний 1/1244 тоот албан бичгээр 3*******-д ...******* нь ОХУ-ын Мосинтраст ЗАО-той шууд гэрээ байгуулж 2015 онд 430 000 ам доллараар 20 тн, 2016 онд 180 000 ам доллараар 10 тн худалдан авчээ.Захиалагч 2014 онд зарласан нээлттэй тендер шалгаруулалт хүчингүй болсон гэсэн шалтгаанаар 2015, 2016 онд шууд гэрээ байгуулж худалдан авалт хийсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3, 34 дүгээр зүйлийн 34.1, 8 дугаар зүйлийн 8.4-т заасан заалтуудыг тус тус зөрчсөн. Мөн захиалагч нь тендер шалгаруулалтын журмыг сонгохдоо өрсөлдөөнийг дэмжих зорилгоор бус аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгож, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулсан байна гэсэн албан мэдэгдэл хүргүүлж байсан нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 16/288 тоот *******-ийн гомдол, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний 1/1244 тоот албан мэдэгдэлээр нотлогдож байна.

Зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй ч ******* нь 2015 оны 02 сарын 05, 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрүүдэд *******-ийн баяжуулах фабрикийн ерөнхий механикийн хэлтэст Мультипласт ПК, Корробонд 65 цавууг үйлдвэрийн туршилтад оруулах тухай хүсэлт гаргасан, ******* хүсэлтийг хүлээн авч нийт 970 кг Мультипласт ПК, Корробонд 65 цавууг *******-иас хүлээн авсан нь 15/30, 15/64 тоот албан бичиг, гэрч Б.Болор-Эрдэнэ, Ж.Ганзориг нарын мэдүүлгээр тогтоогдсон, хариуцагч нэхэмжлэгчээс 970 кг цавууг хүлээн авсан тухайд маргаагүй.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-дҮүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно гэж заасан.

Дээрхи үйл баримтаас шүүх ******* 970 кг Мультипласт ПК, Корробонд 65 цавууг *******-ийн баяжуулах фабрикийн ерөнхий механикийн хэлтэст хүлээлгэн өгсөн, тус хэлтэсээс Мультипласт ПК, Корробонд 65 цавууг үйлдвэрийн туршилтанд оруулан дээрхи цавуунуудыг бутлан тээвэрлэх хэсэгт хэрэглэхэд тохиромжгүй гэсэн акт гаргасан нь нэхэмжлэгчийн хүсэл зоригт нийцээгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т заасны дагуу хариуцагчид шилжүүлсэн цавуугаа шаардах эрхтэй гэж дүгнэлээ.

******* *******-ийн нийлүүлсэн 970 кг цавуунаас 354,2 кг цавууг үйлдвэрийн туршилтанд оруулж нийт 1,482 тн хүдэр боловсруулсан, үлдэгдэл 615,8 кг цавуу байгаа нь туршилтын явцад хийсэн акт, цавууны үлдэгдэлд тооллого хийсэн актаар тогтоогдож байгаа.

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө....хамаарна, Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2-д үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар буцаан өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө гэж заасан.

Хэдийгээр нэхэмжлэгч нь хариуцагчаас шилжүүлсэн цавуугаа шаардах эрхтэй боловч ...800 кг корробонд 65, мөн мультипласт ПК цавууг 2015 оны 03 сард хүлээлгэн өгснөөс хойш 2 жил гаруй, 170 кг корробонд 65 цавууг 2016 оны 05 дугаар сард хүлээлгэн өгснөөс хойш 1 жил гаруй хугацаа өнгөрсөн.Тиймээс цавуу нь шилжиж ирэх үед байсан шинж чанараа алдсан гэсэн хариуцагчийн тайлбар үндэстэй гэж үзэж, мөн хариуцагч цавууг өөрийнх нь эзэмшилд байх үндэслэлгүй гэдгийг өөрөөр хэлбэл 2015 оны 08, 2016 оны 08 сард тус тус 2 удаа туршилт хийгээд үйлдвэрлэлд ашиглах боломжгүй гэдгийг тогтоосноос хойш үлдэгдэл цавууг нэн даруй *******-д буцааж өгөөгүй, буцаан өгөх үйлдэл хийсэн болохоо нотлох баримтаар нотлоогүй тул үлдэгдэл цавууны үнийг гаргуулахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492 дугаар зүйлийн 492.3, 493 дугаар зүйлийн 493.1, 493.2-д заасныг баримтлан хариуцагч *******-иас цавууны үнэ 47 151 700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-нд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393 708 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 393 708 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

5.Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Р.ҮҮРИЙНТУЯА