Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/00366

 

“Х ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

    Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

            2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 142/ШШ2017/00936 дугаар шийдвэр,

            Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 167 дугаар магадлалтай,                                                                                                                                             

            “Х ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            “Э ” ХХК-д холбогдох

            Цавууны үнэ 47.151.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгон, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

            Нэхэмжлэгч “Х ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: “Х ” ХХК нь “Э ” ХХК-иас зарласан Композитный состав Мультипласт нийлүүлэх ИХ-2014/06-004-0032 дугаартай тендер сонгон шалгаруулалтанд 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр оролцсон ба үнэлгээний хорооны шийдвэрээр шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй гэж үзэж тендерийг хүчингүй болгож татгалзсан. “Э ” ХХК нь техникийн тодорхойлолтод зааснаас өөр зүйл шаардсан. ОХУ-ын өөр компанитай 430.000 ам.долларын шууд гэрээ байгуулсан. Тус компанийн албан ёсны дилер нь Монгол Улсад байсаар атал үйлдвэрлэгчтэй шууд гэрээ байгуулж худалдан авалт хийсэн нь хууль зөрчсөн. Манай компанийн нийлүүлсэн давирхайн цавууны үнийг төлөхгүй байгаа нь бизнесийн эрх ашиг сонирхолыг зөрчиж хохирол учруулж байна. “Х ” ХХК нь “Э ” ХХК-д дараах 2 төрлийн цавууг 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээлгэн өгсөн болно. Үүнд:

1. ОХУ-ын Промключ компанийн Мультипласт ПК цавуу /400кг/

2. Ирланд Улсын ITW POLYMER TECHNOLGIES компанийн Заливочный Компаунд КОРРОБОНД 65 цавуу /400 кг/

3. 2016 оны 05 дугаар сарын 17-нд Заливочный Компаунд КОРРОБОНД 65 цавуу /170 кг/

нийт 970 кг цавууг нийлүүлсэн бөгөөд цавууны нийт үнэ 47.151.700 төгрөг юм. “Х ” ХХК нь дээр дурьдсан 2 компанийн Монгол Улс дахь албан ёсны дистрибьютер юм. Бид 970 кг-аас 800 кг цавууны үнийг нэхэмжилж “Э ” ХХК-д удаа дараа хүсэлт гаргаад Ерөнхий захирал Ц.Даваацэрэн төлбөрийг төлөх шийдвэр гаргасан. Гэтэл үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Д.Даваасамбуу, ерөнхий механикийн орлогч болон бусад инженерүүд цавууг орлогод авахаас татгалзсаны улмаас барааны үнийг өнөөдрийг хүртэл төлөхгүй байна. Мөн “Э ” ХХК нь 2015 онд 430.000 ам долларын, 2016 онд 180.000 ам долларын шууд гэрээ байгуулсан мөртлөө манай компанийн нийлүүлсэн 47.151.700 төгрөгийн цавууны үнийг төлж барагдуулахгүй хохирол учруулж байгаа тул асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд манай компанийн “Э ” ХХК-д нийлүүлсэн 970 кг цавууны нийт үнэ болох 47.151.700 төгрөгийг “Э ” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч “Э ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгоны шүүхэд гаргасан тайлбарт: “Х ” ХХК-ийн нэхэмжлэл үндэслэлгүй байна. Учир нь “Э ” ХХК-ийн 2014 оны 11 сарын 10-ны өдөр нээсэн Композитный состав мультипласт нийлүүлэх ИХ-2014/06-004-0032 тоот тендерт оролцохоор материал ирүүлсэн компаниуд нь тендерийн шаардлага хангаагүй бөгөөд “Х ” ХХК-тай ямар нэгэн гэрээ огт байгуулаагүй. Харин “Х ” ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 14/339 тоот, 2015 оны 02 сарын 05-ны өдрийн 15/30 тоот албан бичгүүдээр “Э ” ХХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогчид Мультипласт ПК, Корробонд 65-г үйлдвэрийн туршилтад оруулах тухай хүсэлт гаргасан байдаг. Баяжуулах үйлдвэр нь “Х ” ХХК-ийн хүсэлтийн дагуу 2015 оны 03 сарын 20-ны өдөр бутлан тээвэрлэх хэсэгт үйлдвэрийн туршилтийн ажлыг Корробонд 65 гэх цутгалтын материалыг туршилтад оруулахад тус компанийн мэргэжилтнүүдийн оролцоотой явуулж үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг ашиглуулсан. Ингэснээр 2015 оны 08 сарын 02-ны өдөр тус материалыг цутгасан конусын хуяг суларсан тул төлөвлөгөөт хүдэр боловсруулалт 150.000 тонн дутуу байхад засварын ажил гүйцэтгэсэн. Энэ тухай “Х ” ХХК-д мэдэгдэн 2015 оны 08 сарын 07-ны өдөр тус компанийн төлөөлөгч нарыг байлцуулан конусыг задлан Корробонд 65 материал нь цехийн нөхцөлд таарахгүй тухай акт үйлдсэн бөгөөд хүсэлт гаргасан компанийн төлөөлөгчид гарын үсэг зурахаас татгалзсан. “Х ” ХХК нь 2015 оны 09 сарын 15-ны өдрийн 15/366 тоот албан бичгээр дахин туршилт явуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд Баяжуулах үйлдвэр татгалзсан хариуг өгч байсан боловч удаа дараа хүсэлт гарган дарга, захирлуудаар явж асуудлыг хүндрүүлж байсан учир нөхцөл байдлыг бодитой ойлгуулахын тулд 2016 оны 5 сард дахин туршилт явуулахад нь үйлдвэрийн тоног төхөөрөмжийг ашиглуулсан боловч уг цавуу нь манай үйлдвэрийн технологид тохироогүй бөгөөд цавууг туршсанаар цехийн төлөвлөгөөт ажлууд хугацаандаа хүрч ажиллаж чадаагүй. “Э ” ХХК нь Мультипласт ПК болон Корробонд 65 маркийн давирхайн цавуунуудыг худалдан авахаар “Х ” ХХК-тай гэрээ байгуулаагүй бөгөөд төлбөр шилжүүлэх эрх, үүрэг үүсээгүй болно. Иймд “Х ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

             Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 142/ШШ2017/00936 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492 дугаар зүйлийн 492.3, 493 дугаар зүйлийн 493.1, 493.2-т заасныг баримтлан хариуцагч “Э ” ХХК-иас цавууны үнэ 47.151.700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393.708 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 393.708 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

            Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 167 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 142/ШШ2017/00936 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, “Х ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболдын хяналтын журмаар гаргасан гомдолд: Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.10.31-ний өдрийн 167 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хэрэглэх ёстой хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу үнэлсэн зэрэг үндэслэлүүдээр дараах гомдлыг гаргаж байна. ИХШХШТХ-ийн 40.1, 40.2 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

1. “Х ” ХХК нь “Э ” ХХК-иас зарласан “Композитный состав мультипласт” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ИХ-2014/06-004-0032 тоот тендерт оролцсон. Тухайн үед “Э ” ХХК нь тендерт оролцсон бүх команиудаас татгалзаж тендерийн болон төрийн, орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийг зөрчин Оросын Холбооны Улсын нэгэн компанитай тендерийг дахин хуулийн дагуу хоёр удаа зарлах байсан хэдий ч тендер зарлалгүйгээр шууд худалдан авалтын гэрээ байгуулсан. Уг хуулинд зааснаар бараа материалыг шууд худалдан авах үнийн дүнгийн босго нь 10.000.000 төгрөг байх хэдий ч “Э ” ХХК хууль зөрчин зохиомлоор илт давуу байдал үүсгэн үйлдвэрлэгчээс бус ОХУ-ын Мосинтраст ЗАО гэх ХХК-тай 2015 онд шууд гэрээ байгуулж 20 тн-г нь 430.000.000 ам.доллараар 2016 онд 180.000.000 ам.доллараар шууд худалдан авалт хийсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийн 30.4.3, 34.1.8, 8.4-т заасныг зөрчсөн талаар Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва, Сангийн сайд Б.Чойжилсүрэнд илгээсэн албан тоотоор нотлогддог. Мөн Монгол Улсад мөрдөгдөж байгаа бусад хууль тогтоомжуудыг удаа дараа зөрчснийг Э ийн ерөнхий захиралд албан тоотоор мэдэгдэж зөрчил арилгах талаар сануулсан байдаг. “Х ” ХХК нь тухайн үед тендертэй холбоотой зарга үүсгэх боломжоо алдсан хэдий ч тендертэй холбоотой шудрага бус өрсөлдөөн болон хууль зөрчдөг талаар дурьдах нь зүйтэй гэж үзлээ. “Э ” ХХК нь хамтарсан туршилт хийж байгаа нэр дор дангаар акт үйлдэн уг цавууг үйлдвэрийн ашиглалтад тэнцэхгүй мэтээр харагдуулахыг хусдэг. Нэхэмжлэгч байгууллага нь тендертэй холбоотойгоор маргаан үүсгээгуй бөгөөд Эрдэнэт уйлдвэрийн ерөнхий механикийн хэлтэс, нярав н.Бат-Эрдэнэд гарын үсэг зуруулан хүлээлгэн өгсөн 970 кг цавууны үнийг нэхэмжилсэн юм. Манай компаниас Э т нийлүүлсэн цавуу нь чанарын сертификиад, чанарын гэрчилгээ, техникийн паспорт мөн хадгалах хугацаа, хэрэглээ химийн шинжилгээтэй, 12 жилийн турш ОХУ болон Европын Улс орнуудад өргөнөөр хэрэглэгддэг 20 хэмийн дулаан агуулахад 12 сар хадгалагддаг бүтээгдэхүүн юм. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан “Х ” ХХК-ийн 2016.05.05-ны 16/159 тоот албан бичиг дээр Э ийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн, Э ийн үйлдвэрлэл эрхэлсэн захирап Д.Даваасамбууд журмын дагуу шийдэх гэсэн цохолт тус үйлдвэрийн үйлдвэрлэл эрхэлсэн захирап Д.Даваасамбуу нь А.Отгончулуунд, Э ийн Санхүү эрхэлсэн н.Алтанхуяг захиралд танилцуулж шийдэх гэсэн цохолт, материал техник хангамжийн хэлтсийн дарга н.Энхбаатарын зөвшөөрсөн гарын үсэг, мөн материал техник хангамжийн хэлтсийн орлогч дарга н.Нацагдоржийн зөвшөөрсөн гарын үсэг, тухайн материалыг хариуцсан менежер н.Улаанхүүгийн зөвшөөрсөн гарын үсэг, Э ийн байгууллага хоорондын тооцооны нягтлангийн аванс буюу урьдчилгаа өглөгийг зөвшөөрч зурсан гарын үсэг, гэрээ хийгдээгүй ажилд мөнгө гаргадаг зардлын код 02-16-0009-20245 664300 дугаарыг баталж тавьсан зэрэг нь Э ийн удирдлагууд болон холбогдох олон тооны албан тушаалтнууд чиглэл чиглэлийнхээ дагуу нэгэндээ эрх үүрэг олгож хүлээн зөвшөөрч шийдвэр гаргасныг нотолж тогтоож байдаг.

Мөн “Х ” ХХК-ийн 2016.05.06-ны Э ийн санхүү эрхэлсэн захирал н.Алтанхуяг нь ФО/ финансовое отдель/-санхүүгийн хэлтэст, /оплатить срочно/ яаралтай шилжүүл гэж үүрэг өгч цохсон цохолт нь компани эрх бүхий албан тушаалтан нь шийдвэр гаргасныг хөдлөшгүй баримтаар нотолж байна. Энэ бүхэн нь Компанийн тухай хуулийн 84-р зүйл компани эрх бүхий албан тушаалтан 84.1 компанийн төлөөллөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компани албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компани эрх бүхий албан тушаалтанд тооцно. Талуудын маргаж буй маргааны гол нотлох баримтад “Э ” ХХК-ийн ерөнхий захирлаас эхлэн хариуцсан менежер хүртэлх бүх албан тушаалтнууд мөнгө шилжүүлэхийг зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Мөн хуулийн 83.8-д гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх гэрээ байгуулах компанийг төлөөлөх зэрэг компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна. Иргэний хуулийн 199.3 төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй. Иргэний хуулийн 196-р зүйл. Гэрээг байгуулсанд тооцох 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр, 196.1.2 гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсэг зурсан захидал, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулсанд тооцно гэж заасан. Иймд бидний гомдлыг хүлээн авч, Орхон аймгийн сум дундын анхан шатны шүүхийн 2017.09.19-ний өдрийн 142/ШШ2017/00936 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, 2017.10.31-ний өдрийн 167 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

           Нэхэмжлэгч “Х ” ХХК нь хариуцагч “Э ” ХХК-д холбогдуулан 970 кг цавууны үнэ 47,151,700 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, цавууг үйлдвэрийн туршилтад оруулах хүсэлт гаргасны дагуу туршилтанд оруулсан, “Х ” ХХК-иас цавуу худалдан аваагүй, талуудын хооронд гэрээ хийгдээгүй, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргасан.

          Анхан шатны шүүх хариуцагч “Э ” ХХК-иас цавууны үнэ 47,151,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х ” ХХК-д олгож шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, “Х ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

          “Э ” ХХК-ийн 2014 оны 11 сарын 10-ны өдөр нээсэн “Композитный состав мультипласт нийлүүлэх” тендерт оролцох саналаа “Х ” ХХК нь холбогдох баримтын хамт тендерийн үнэлгээний хороонд хүргүүлснийг тус хороо хянаж, шаардлагад нийцсэн тендер ирээгүй гэж бүх тендерээс татгалзсан хариу хүргүүлсэн нь зохигчдын тайлбар, тендерт оролцогчдын бүртгэл, тендерийн нээлтийн тэмдэглэл, үнийн санал, 0043/2014 тоот тендерийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ЦД-Т-12/321 тоот мэдэгдэл, гэрч Б.Оюунчимэгийн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон ба тендертэй холбоотой асуудлаар нэхэмжлэгч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасныг тус газар хянаад хариуцагч компанид албан мэдэгдэл хүргүүлж байсан тухай баримт хэрэгт авагдсан байна.

        Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч компани дээрх цавууг хариуцагчийн зарласан тендерт зориулан импортоор оруулж ирсэн боловч тендерийн шаардлага хангаагүйгээс талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй байна.     

           “Х ” ХХК нь  2015 оны 02 сарын 05, 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрүүдэд “Э ” ХХК-ийн баяжуулах фабрикийн ерөнхий механикийн хэлтэст Мультипласт ПК, Корробонд 65 цавууг үйлдвэрийн туршилтад оруулах тухай хүсэлт гаргасны дагуу “Э ” ХХК нийт 970 кг Мультипласт ПК, Корробонд 65 цавууг “Х ” ХХК-иас хүлээн авсан нь 15/30, 15/64 тоот албан бичиг, гэрч Б.Болор-Эрдэнэ, Ж.Ганзориг нарын мэдүүлгээр тогтоогдсон, хариуцагч нэхэмжлэгчээс 970 кг цавууг хүлээн авсан тухайд маргаагүй ба “Э ” ХХК цавуунаас 354,2 кг цавууг үйлдвэрийн туршилтанд оруулж нийт 1,482 тн хүдэр боловсруулсан, үлдэгдэл 615,8 кг цавуу байгаа нь туршилтын явцад хийсэн акт, цавууны үлдэгдэлд тооллого хийсэн актаар тогтоогджээ.  

            “Э ” ХХК-ийн баяжуулах фабрикийн ерөнхий механикийн хэлтэст “Х ” ХХК 970 кг “Мультипласт ПК”, “Корробонд 65” цавууг хүлээлгэн өгсөн, цавуунаас 354,2 кг-ыг нь үйлдвэрийн туршилтанд оруулж, уг цавууг бутлан тээвэрлэх хэсэгт хэрэглэхэд тохиромжгүй гэсэн акт гаргасан, үлдсэн цавууг үйлдвэр ашигласан гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байна.

         Анхан шатны шүүх хариуцагч компани нэхэмжлэгчээс хүлээн авсан цавууг 2 удаа үйлдвэртээ туршаад ашиглах боломжгүй гэдгийг тогтоосноос хойш үлдэгдэл цавууг “Х ” ХХК-д нэн даруй буцааж өгөөгүй, буцаан өгөх үйлдэл хийсэн болохоо нотлох баримтаар нотлоогүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу юм.  

         Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн, маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг хэрэглээгүй байх тул шүүхийн магадлалыг Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн гэж үзэхгүй.

           “Э ” ХХК нь “Х ” ХХК-ийн хүсэлтийн дагуу 2015.03.20-ны өдөр Баяжуулах үйлдвэрт КДМ-3000Т-2-ДП№13 бутлуурын хуяг болон бутлах конусын их бие хоорондох зайд компаниудын цутгалтыг “Х ” ХХК-ийн 2 мэргэжилтнийг байлцуулан хийж, 2015.04.26-ны өдөр бутлуурыг ажилд оруулж үйлдвэрийн туршилт хийхэд уг цавуу үйлдвэрийн бутлан тээвэрлэх хэсэгт тохироогүй тул Корробонд 65 давирхайн цавуу мультпласт ПК цавуу үйлдвэрлэлд тохирохгүй байгаа талаар акт үйлдэж “Х ” ХХК-д мэдэгдэж байсан ба 970 кг цавуунаас үлдсэн 615,8 кг цавууг “Х ” ХХК-ийн туршилтанд оролцохоор ирсэн хүмүүс авч яваагүй, үлдэгдэл цавууг ашиглах боломжгүй гэдгийг нэхэмжлэгч тал мэдсэн байна.

           Хэрэгт авагдсан баримтын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зохигчдын хооронд үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна. Хариуцагч компани нь нэхэмжлэгч компаниас 970 кг цавууг хүлээн авсан тухайд маргаагүй ба “Э ” ХХК цавуунаас 354,2 кг цавууг үйлдвэрийн туршилтанд оруулж нийт 1,482 тн хүдэр боловсруулсан, үлдэгдэл 615,8 кг цавуу байгаа нь туршилтын явцад хийсэн акт, цавууны үлдэгдэлд тооллого хийсэн актаар тогтоогдсон байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 1 кг цавуу 48,610 төгрөгийн үнэтэй байна. Хариуцагчийн тайлбараас үзэхэд “Э ” ХХК-д үйлдвэрлэлийн туршилтад хэрэглэх бүтээгдэхүүн худалдан авах тусгайлсан журам үйлчилдэггүй байна. “Э ” ХХК нэхэмжлэгчийн нийлүүлсэн цавуунаас 354,2 кг-ыг үйлдвэрлэлийн туршилтад ашигласан ба үлдэгдэл цавууг буцаан авах, хүлээлгэн өгөх талаар талууд аль аль нь ямар нэгэн үйлдэл хийсэн тухай баримт хэрэгт авагдаагүй байна. Иймээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар үйлдвэрлэлийн туршилтад ашигласан 354,2 кг цавууны үнэ 17,217,662 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй болно.

          Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 167 дугаар магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 142/ШШ2017/00936 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч “Э ” ХХК-иас цавууны үнэ 17,217,662 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 29,934,038 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “393,708” гэснийг “244,038” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч “Х ” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 393.810 /гурван зуун ерэн гурван мянга найман зуун арав/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН