| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2023/0372/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/02 |
| Огноо | 2024-12-24 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/02
2024 12 24 2025/ШЦТ/
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Ц.Л
Хохирогч Д.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э, С.Б
Шүүгдэгч Б.Л нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Л-д холбогдох эрүүгийн 2325002320*** тоот хэргийг тус шүүхийн 104 танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Б овгийн Б-ийн Л, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ************ ******* төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, ********** *****, ам бүл 5 ээж, хүүхдүүдийн хамт, ********** ********* оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: /********/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Б.Л нь 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******** багийн тоот хаягт байрлах блокны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар тоног төхөөрөмжөө хадгалж байсан агуулахад нэвтэрч хохирогч Д.Б-ын эзэмшлийн 380 вольт цемент зуурагчийн мотор 1 ширхэг, “Кен” брендийн гар хөрөө 1 ширхэг, “Кен” брендийн жижиг гар төмөр тасдагч 1 ширхэг, “Кен” брендийн баттерэйтэй гар дрилл 1 ширхэг, түлхүүр багажны ком 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1 185 000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Л-г орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Л мэдүүлэхдээ “Б машины голын хайрцагт байсан эд зүйлсийг авчих гэж хэлсэн. Тэгээд би авсан. Би Б-ын гаражид токер хийж байсан юм. Зөвшөөрөлгүй орсон зүйл байхгүй” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Д.Б мэдүүлэхдээ “Гаражийн түлхүүрээ олохгүй байсан юм. Хэзээ хаана алга болсныг мэдэхгүй. Л-д өгөөгүй. Л-г гаражид орохыг зөвшөөрсөн зүйл байхгүй” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-ийн 8-10-р тал/
2. Хохирогч Д.Б-ын “Би 2023.05.23-2023.05.26-ны өдрийг хүртэлх хугацаанд Орхон аймгийн Баян-Өндөр сум, ******** багийн самбарын ертөнцийн зүгээр урд талд байрлах хаяг тодорхойгүй төмөр хаалгатай, хятад төмөр цоожтой, бетоноор баригдсан гражид Б-ийн Л гэдэг эртний танилын хамтаар зуурагч машины гол төмрийг шайрганд суулгаж зоруулах ажлыг хийж байх явцад гражийн цоожны илүү байсан нэг ширхэг түлхүүр нь алга болохоор нь хэсэг тухайн хэсэгт хайж байгаад хаясан юм байх гэж бодоод орхисон. Тэгээд 2023.05.26-ны өдрийн өглөө 11 цагийн үед гражаа түгжиж яваад 2023.05.29-ний өдөр би граждаа ирэхэд гражийн хаалганд зүүсэн байж цоож түгжээтэй байсан бөгөөд би өөрт байсан нэг түлхүүрээрээ гражийн цоожийг нээж дотогш ороход 380 вольтоор ажилладаг цемент зуурагчийн мотор 1 ширхэг /2021 онд хувь хүнээс 500,000 төгрөгөөр худалдан авч байсан гэх/, Кэн брендийн гар түрдэг хөрөө 1 ширхэг /Улаанбаатар хотын 100 айлаас 2022 онд 170,000 төгрөгөөр худалдан авч байсан гэх/ жижиг гар төмөр тасдагч 1 ширхэг /Улаанбаатар хотын 100 айлаас 2022 онд 70,000 төгрөгөөр худалдан авч байсан гэх/, баттерэйтэй гар дрилл 1 ширхэг /Улаанбаатар хотын 100 айлаас 2022 онд 80,000 төгрөгөөр худалдан авч байсан гэх/, ком багажны түлхүүр /Орхон аймгийн техникийн захаас 2022 онд 100,000 төгрөгөөр худалдан авч байсан гэх/ тус тус алга болсон байхаар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах эрэн хайж техникийн зах болон хаягдал төмөр авдаг цэгээс тус тус очин асуухад хаягдал төмөр авдаг хүн нь Л надад цемент зуурагчийн моторыг авч ирж худалдсан гэсэн мотор нь зэс голтой болохоор зэсийг нь үнэлүүлээд худалдсан байх шиг байсан, яг хэдэн төгрөгөнд авсанг нь мэдэхгүй байна. Би төмрийн хаягдал авдаг хүнийг танихгүй, харин Лг таниад байсан. Бусад эд зүйлс нь олдоогүй. Тэгээд би эд зүйлсээ хайж дуусчихаад хорооллын эцсийн шатахуун түгээх станц дээр явж байсан чинь Бийн Лтай тааран чи миний эд зүйлсийг хулгайлан авсан байна, эргүүлээд өгчих гэсэн чинь авахын хувьд авсан, гэхдээ хаана яаж тавьсан гэдгээ санахгүй байна гээд байхаар нь дагуулан явж байсан чинь нэг айлын хашаа руу ороод алга болчихсон, дахиж уулзаж болон холбоо тогтоож чадахгүй байгаа. Б.Л бид хоёр бага ангидаа нэг ангид хамт суралцаж байсан эртний танилууд байгаа юм, токарчин мэргэжилтэй болохоор ажилдаа туслуулах гээд л тухайн өдрүүд хамт ажилласан. Гэр нь ******* багийн 35-2 тоотод байдаг, холбоо барих утасны дугаар нь 99353115, эхнэр хүүхэдтэй талаар мэдэхгүй байна. өөр зүйл мэдэхгүй. Миний бодлоор алга болсон цоожны түлхүүрийг Б.Л аваад надад мэдэгдэлгүйгээр нууцаар граж руу нэвтрэн орж миний эзэшмлийг эд зүйлсийг авсан гэж бодож байна, угаасаа өөр түлхүүр надаас өөр хүнд байхгүй байсан. Гомдолтой байна, хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг. /хх-ийн 13-р тал/
3. Гэрч Т.Т-ын “Б.Л нь хэзээ билээ миний санаж байгаагаар 2023 оны 05 дугаар сарын сүүлд ганцаараа манай хаягдал төмөр худалдан авдаг ******* багийн 1-1 тоот хаягтай хашаанд ирж жижиг звдэрсэн мотор авч ирээд моторын гадна талын төмөр болон дотор талд нь байдаг зэс утастай нь надад 17,000 төгрөгөнд тооцон худалдаж мөнгийг нь өөрөө аваад явсан. Би Б.Л-гаас ямар учиртай мотор болох талаар тодруулан асуухад миний өөрийн хэрэглэж байсан мотор байгаа юм, эвдэрсэн болохоор нь ашиглахгүй байсан юм, тэгээд худалдаж байна гэж хэлсэн, өөр зүйл хэлээгүй. Б.Л надад мотор худалдахдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй явж байсан. Өөр эд зүйл надад худалдан борлуулаагүй. Б.Л-гийн надад зарсан мотор нь жижиг хэмжээтэй, зуурагчинд ашиглаж болохуйц, саарал өнгийн төмөр гадаргуутай, эвдэрхий дахиж ашиглаж болохооргүй байсан. Тэгээд хэд хоногийн дараа санагдаж байна, Б.Л-д эд зүйлсээ алдсан гээд нэг эрэгтэй хүн түүнийг дагуулан над дээр ирээд зуурагчны мотор танд худалдсан уу гэж асуухаар нь худалдсан талаар хэлэхэд дагуулан хашаанаас гараад явсан, тэгээд уг өдрөөс хойш дахиж Б.Л-тай уулзаагүй. Таны харуулж байгаа Б-ийн Л гэдэг хүнийг зураг нь миний ярьж байгаа хүн мөн байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 17-р тал/
4. Гэрч О.Сийлэгмаагийн “Д.Б нь манай нөхөр Л.Б бид хоёрын эзэмшлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******** багийн 9 дүгээр гудамжны 1а тоот хаягтай 98 мкв гаражийг 2023.05.15-ны өдрөөс 2023.06.15-ны өдрийг хүртэлх хугацаанд 1 сарын 300,000 төгрөгөөр блок үйлдвэрлэх зорилгоор түрээслэхэд нь түүнийг таньдаг болсон юм. Д.Б манай гаражийг түрээслэхэд ямар нэгэн гэрээ байгуулаагүй бид хоёр ярилцаж тохиролцоод түрээслэх болсон юм. Нөхөр Б-ийн нэр дээр л байдаг болохоос бид хоёрын дундын өмч байгаа юм. Хэргийн талаар надад мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг” /хх-ийн 24-р тал/
5. Орхон аймгийн Баян-Өндөр сумын 15-р баг ******** 9-р гудамж 1а тоотын газар өмчлөх эрхийн №000652372 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар. /хх-ийн 25-р тал/
6. Орхон аймгийн Баян-Өндөр сумын 15-р баг ******** 9-р гудамж 1а тоотын үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн №000380000 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар. /хх-ийн 26-27-р тал/
7. “Ашид Билгүүн” ХХК-ний шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №ТХҮ-ОРХ/6874 дугаартай “Багажны зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 05 дугаар сарын байдлаар 1,185,000 /нэг сая нэг зуун наян таван мянга/ төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх дүгнэлт. /хх-ийн 32-36-р тал/
8. Шүүгдэгч Б.Л-гийн хохирол төлсөн баримт. /хх-ийн 94-р тал/
9. Яллагдагчаар Б.Л-гийн “Тухайн үед надад гаражийн цоожны түлхүүр байсан гэдгийг бол санаж байгаа боловч яг хэзээ хэрхэн яаж орж эд зүйлс авсан гэдгээ санахгүй байна, учир нь архи уухаараа би болсон үйл явдлыг санахгүй эрүүл хүн шиг зүгээр яваад байдаг юм. Тэгээд Д.Б-ын хамт төмөр худалдан авдаг хүн дээр очиход миний бие моторыг худалдсан гэдгээ мэдсэн. Тийм болохоор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсанг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 54-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Л нь 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сум, ******** багийн *****тоот хаягт байрлах блокны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар тоног төхөөрөмжөө хадгалж байсан агуулахад нэвтэрч хохирогч Д.Б-ын эзэмшлийн 380 вольт цемент зуурагчийн мотор 1 ширхэг, Кен брендийн гар түрдэг хөрөө 1 ширхэг, Кен брендийн жижиг гар төмөр тастагч 1 ширхэг, Кен брендийн баттерэйтэй гар дрилл 1 ширхэг, түлхүүр багажны ком 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,185,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э дүгнэлтдээ: “Шүүгдэгч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Шүүгдэгч хохирогчийн хүсэлтээр түүний гаражид токерийн ажил хийж байсан. Хохирогч түлхүүрээ өөрөө өгсөн байна. Иймд түүнийг хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх боломжгүй. Хэргийн зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн өмнөх 2 удаагийн шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлөгдсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү” гэв
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б дүгнэлтдээ: “Шүүгдэгчийг орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх боломжгүй. Хуулийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. Мөн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршигийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч Д.Б-ын “380 вольтоор ажилладаг цемент зуурагчийн мотор 1 ширхэг /2021 онд хувь хүнээс 500,000 төгрөгөөр худалдан авч байсан гэх/, Кэн брендийн гар түрдэг хөрөө 1 ширхэг /Улаанбаатар хотын 100 айлаас 2022 онд 170,000 төгрөгөөр худалдан авч байсан гэх/ жижиг гар төмөр тасдагч 1 ширхэг /Улаанбаатар хотын 100 айлаас 2022 онд 70,000 төгрөгөөр худалдан авч байсан гэх/, баттерэйтэй гар дрилл 1 ширхэг /Улаанбаатар хотын 100 айлаас 2022 онд 80,000 төгрөгөөр худалдан авч байсан гэх/, ком багажны түлхүүр /Орхон аймгийн техникийн захаас 2022 онд 100,000 төгрөгөөр худалдан авч байсан гэх/ тус тус алга болсон байхаар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах эрэн хайж техникийн зах болон хаягдал төмөр авдаг цэгээс тус тус очин асуухад хаягдал төмөр авдаг хүн нь Л надад цемент зуурагчийн моторыг авч ирж худалдсан гэсэн мотор нь зэс голтой болохоор зэсийг нь үнэлүүлээд худалдсан байх шиг байсан, яг хэдэн төгрөгөнд авсанг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг, гэрч Т.Тын “Б.Л нь хэзээ билээ миний санаж байгаагаар 2023 оны 05 дугаар сарын сүүлд ганцаараа манай хаягдал төмөр худалдан авдаг ******* багийн 1-1 тоот хаягтай хашаанд ирж жижиг звдэрсэн мотор авч ирээд моторын гадна талын төмөр болон дотор талд нь байдаг зэс утастай нь надад 17,000 төгрөгөнд тооцон худалдаж мөнгийг нь өөрөө аваад явсан” гэх мэдүүлэг, “Ашид Билгүүн” ХХК-ний шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №ТХҮ-ОРХ/6874 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Б.Лгийн хохирол төлсөн баримт, яллагдагчаар Б.Лгийн “Тухайн үед надад гаражийн цоожны түлхүүр байсан гэдгийг бол санаж байгаа боловч яг хэзээ хэрхэн яаж орж эд зүйлс авсан гэдгээ санахгүй байна, учир нь архи уухаараа би болсон үйл явдлыг санахгүй эрүүл хүн шиг зүгээр яваад байдаг юм. Тэгээд Д.Бын хамт төмөр худалдан авдаг хүн дээр очиход миний бие моторыг худалдсан гэдгээ мэдсэн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Л нь 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******** багийн *****тоот хаягт байрлах блокны үйлдвэр байрлах гаражид нэвтэрч Д.Б-ын эзэмшлийн 380 вольт цемент зуурагчийн мотор 1 ширхэг, Кен брендийн гар түрдэг хөрөө 1 ширхэг, Кен брендийн жижиг гар төмөр тастагч 1 ширхэг, Кен брендийн баттерэйтэй гар дрилл 1 ширхэг, түлхүүр багажны ком 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг авч 1 185 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Л нь орон байранд нууцаар хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлан авч нийт 1 185 000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нар “шүүгдэгчийг хохирогч Д.Б-ын түрээслэж байсан гаражид хууль бусаар нэвтрээгүй, хохирогч түлхүүрээ өөрөө өгсөн. Шүүгдэгч нь тухайн гаражид хохирогчийн хүсэлтээр токерийн ажил хийж байсан учир орох эрхтэй байсан” гэж мэтгэлцэж байх боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Д.Б мэдүүлэхдээ ““Гаражийн түлхүүрээ олохгүй байсан юм. Хэзээ хаана алга болсныг мэдэхгүй. Л-д өгөөгүй. Л-г гаражид орохыг зөвшөөрсөн зүйл байхгүй” гэж байх тул шүүгдэгчийг бусдын гаражид өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүй, хууль бусаар нэвтэрсэн гэж үзлээ.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Л-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Л-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Б-т 1,185,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.2-д заасан хохирол төлсөн байдлыг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Б-ийн Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Л-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-гийн цагдан хоригдсон 25 /хорих тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.3, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хүү 2010 оны 2 дугаар сарын 2-ны өдөр төрсөн 14 настай Л.Б-д харгалзан дэмжигч тогтоохыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад даалгасугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А