Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 0072

 

 

 

 

 

 

Б.Лд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Г.А

Шүүгдэгч                                                       Б.Л

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Ц.Э

            Нарийн бичгийн дарга                             Б.Маралмаа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамирын даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 384 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Б.Лд холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овогт Б-н Л,

 

Б.Л нь 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд       аймгийн           сумын        багийн         тоот хаягт байрлах блокны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар тоног төхөөрөмжөө хадгалж байсан агуулахад нэвтэрч хохирогч Д.Б-н эзэмшлийн 380 вольтын цемент зуурагчийн мотор 1 ширхэг, Кен брендийн гар түрдэг хөрөө 1 ширхэг, Кен брендийн жижиг гар төмөр тасдагч 1 ширхэг, Кен брендийн баттерэйтэй гар дрилл 1 ширхэг, түлхүүр багажны ком 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,185,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Б.Лгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лд холбогдуулан Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж,

 

Шүүгдэгч Б овогт Б-н Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Лг 1 /нэг/ жилийн хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын  нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Л нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лгийн цагдан хоригдсон 25 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасаж,

Шүүгдэгч Б.Лд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээ авч,

Шүүгдэгч Б.Л нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

... Хавтаст хэрэгт цугларсан хохирогч Д.Б-н “ ... гражид Б-н Л гэдэг эртний танилын хамтаар зуурагч машины гол төмрийг шайрганд суулгаж зоруулах ажлыг хийж байх явцад гражийн цоожны илүү байсан нэг ширхэг түлхүүр нь алга болохоор нь хэсэг тухайн хэсэгт хайж байгаад хаясан юм байх гэж бодоод орхисон.

Тэгээд 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн өглөө 11 цагийн үед гражаа түгжин яваад 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр би граждаа ирэхэд гражийн хаалганд зүүсэн байж цоож түгжээтэй байсан бөгөөд би өөрт байсан нэг түлхүүрээрээ гражийн цоожийг нээж дотогш ороход ... цемент зуурагчийн мотор, гар түрдэг хөрөө, гар төмөр тастагч, гар дрилл, ком багажийн түлхүүр тус тус алга болсон байсан, ... техникийн зах болон хаягдал төмөр авдаг цэгээс тус тус очин асуухад хаягдал төмөр авдаг хүн нь Л надад цемент зуурагчийн моторыг авч ирэн худалдсан гэсэн ... Б-н Лтай тааран чи миний эд зүйлсийг хулгайлан авсан байна.

Эргүүлээд өгчих гэсэн чинь “авахын хувьд авсан, гэхдээ хаана яаж тавьсан гэдгээ санахгүй байна” гээд байхаар нь дагуулан явж байсан чинь нэг айлын хашаа руу ороод алга болчихсон...” гэсэн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан бичгийн бусад нотлох баримтуудад дүгнэлт хийхэд:

Шүүгдэгч Б.Лгийн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл буюу хохирогч Д.Б-н эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай, цоожтой байсан агуулахад зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, тэнд байсан эд зүйлийг нууцаар, хүч хэрэглэлгүйгээр өөрийн болгон авч, захиран зарцуулах бололцоог бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүх хэргийн үйл баримтын талаар “Шүүгдэгч Б.Л нь хохирогч Д.Б-н эзэмшлийн эд зүйлийг хулгайлан авахдаа үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар тоног төхөөрөмжөө хадгалж байсан агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдож байна” гэж дүгнэжээ.

Мөн хохирогч Д.Б-н эзэмшлийн эд зүйлийг хулгайлан авахдаа өөрт байсан түлхүүрийг ашиглан авто гражид нэвтрэн орж эд зүйл авсан нь тогтоогдож байх ба түүнийг хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх үндэслэл хангалттай тогтоогдоогүй. Шүүгдэгч Б.Лд тус гражийн түлхүүр байсан, уг түлхүүрийн талаар хохирогч Д.Б мэдүүлэхдээ “нэг түлхүүр алга болохоор нь хэсэг хайж байгаад хаячихсан гэж бодсон” гэж мэдүүлдэг ба шүүгдэгч Б.Л мэдүүлэхдээ “Д.Б найз Б-тай архи ууж байхдаа надад гражийн нэг түлхүүрээ өгсөн, үүнийгээ одоо өөрөө санахгүй байх шиг байна” гэж зөрүүтэй мэдүүлж ярьдаг гэж тайлбарлан дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүхийн хууль зүйн дүгнэлт хийсэн агуулга нь шүүгдэгч Б.Лг үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Д.Б “ нэг түлхүүр алга болохоор нь хэсэг хайж байгаад хаячихсан гэж бодсон" гэсэн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн атлаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Лгийн “ ... архи ууж байхдаа надад гаржийн нэг түлхүүрээ өгсөн, үүнийгээ одоо өөрөө санахгүй байх шиг байна” гэсэн зөрүүтэй мэдүүлгийг хэрхэн ач холбогдолтойд тооцож, хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийг үгүйсгэж байгаагаа тайлбарлаагүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийг авто гражийн илүү түлхүүрээ хэзээ алга болгож, хаяж гээгдүүлсэн, шүүгдэгчид өгсөн эсэх талаарх байдлыг нарийн шалгаж тогтоогоогүй байдал нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлж, түүнийг агуулахад байранд нэвтэрсэн гэж үзэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдлыг бий болгож, ... гэмт хэргийн зүйлчлэлд шууд нөлөөлөх чухал ач холбогдол бүхий үйл баримт юм гэсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт нотлох баримтаар авч, шинжлэн судалж, дүгнэлт хийсэн хохирогчийн мэдүүлэгт “ ... 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд ... ажлыг хийж байх явцад гражийн цоожны илүү байсан нэг ширхэг түлхүүр нь алга болохоор нь тухайн хэсэгт хайж байгаад хаясан юм байх гэж бодоод орхисон. 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 11 цагийн үед гражаа түгжин яваад 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ирэхэд гражийн хаалганд зүүсэн цоож түгжээтэй, ... дотогш ороход эд зүйлс алдагдсан” байсан талаар маш тодорхой мэдүүлэг өгснийг ... нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж нэг нотлох баримтыг хоёр өөрөөр үнэлж дүгнэлт хийсэн байна.

Мөн “шүүгдэгчийн өрх толгойлсон, бага насны хүүхдүүдийн хамт амьдардаг” зэрэг нөхцөл байдлыг харгалзан Хүүхдийн эрхийг хамгаалах хууль зэргийг үндэслэн “хууль бусаар нэвтэрсэн гэх үндэслэл хангалттай тогтоогдохгүй байна” гэж дүгнэн эрүүгийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг зөрчсөн гэж дүгнэхээр байна.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 384 дугаартай шийтгэх тогтоолоор хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Л тайлбартаа: Би Д.Б-тай 5 дугаар сарын 23-аас 26 хүртэл гражид нь хамт ажил хийсэн.хөдөө явах болоод архи ууж байхдаа надад гражийн түлхүүрээ өгсөн. Би түлхүүрээр нь түлхүүрдэж ороод хулгай хийсэн. Хохирол төлбөрөө төлсөн гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э тайлбартаа: Анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Б.Л Б-н гражид ажил хийж байсан. Архи ууж байхдаа түлхүүрээ өгсөн байдаг тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.А дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Лд холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Б.Л нь 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд        аймгийн          сумын          багийн         тоот хаягт байрлах блокны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар тоног төхөөрөмжөө хадгалж байсан агуулахад нэвтэрч хохирогч Д.Б-н эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,185,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

 Прокуророос шүүгдэгч Б.Лгийн үйлдлийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээтэй гэж дүгнэж түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Л нь өөрийн танил буюу хохирогч Д.Б-н хамт        аймгийн      сумын         багт байрлах төмөр хаалгатай, төмөр цоожтой, бетон гражид хохирогчийн зуурагч машины гол төмрийг зорох ажлыг хийх явцдаа гражийн илүү түлхүүрийг нууцаар авч, Д.Б-н эзгүйд буюу 2023 оны 05 дугаар сарын 26-аас 29-ний өдрийн хооронд гражийн хаалгыг онгойлгон орж эд хөрөнгийг нь хулгайлан авч 1.185.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.д заасан гэмт хэргийн шинжид хамаарч байна.

 

Бусдын байр агуулахад эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар /түлхүүр тааруулах, хаалга цонхны түгжээг эвдлэх, онгорхой байхад нь сэм орох болон бусад аргаар/ нэвтэрч улмаар эд хөрөнгийг нь өмчлөгчид мэдэгдэлгүйгээр авсан тохиолдолд тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар авсан гэж үзнэ.

 

Хэргийн үйл баримтын талаар өмгөөлөх талаас хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байх ба шүүгдэгч Б.Л нь “... гражийн түлхүүрээ согтуу байхдаа надад өгсөн ... ” гэж шүүх хуралдаанд мэдүүлж байгаа боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д.Б-н мэдүүлэгт энэ талаар тусгагдаагүйгээс гадна харин “ ... би нэг илүү түлхүүрээ хаячихсан ... ” гэж тодорхой мэдүүлжээ.

 

Өөрөөр хэлбэл хохирогч Д.Б нь Б.Лтай хамтран ажил хийж байх үедээ түүнд түлхүүрээ өгч, өөрийн эзгүйд гражид орохыг зөвшөөрсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба шүүгдэгчийн дээрх мэдүүлэг нь хохирогчийн өгсөн мэдүүлгээр няцаан үгүйсгэгдэж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэхэд эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Мөн анхан шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхдөө “ ... шүүгдэгчийн өрх толгойлсон, бага насны хүүхдүүдийн хамт амьдардаг ...” зэрэг нөхцөл байдлыг харгалзан Хүүхдийн эрхийг хамгаалах хууль зэргийг үндэслэн “хууль бусаар нэвтэрсэн гэх үндэслэл хангалттай тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай юм.

 

Тодруулбал дээр дурдсан шүүгдэгчийн хувийн байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үздэг.

 

Иймд анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 384 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

3.Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Буяндэлгэрт даалгасугай.

 

4. Шүүгдэгч Б.Лд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.УРАНЧИМЭГ

                        ШҮҮГЧИД                                                                 Л.АРИУНЦЭЦЭГ

 

                                                                                                            С.ЦЭЦЭГМАА