| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 106/2018/0197/Э |
| Дугаар | 338 |
| Огноо | 2018-09-07 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Ц.Насанбат |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 338
Б.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, хохирогч Э.Энхцаг, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 217 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 513 дугаар магадлалтай, Б.Б-д холбогдох 1705015010025 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Батбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Тайж овогт Б-ын Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ял түүний гэм бурууд тохироогүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Батбаяр нар хамтран гаргасан гомдолдоо “Давж заалдах шатны шүүхийн магадлал нь үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, нийгмийн аюулын шинж чанарт тохироогүй гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшин хохирогч Э.Энхцагт учирсан хохирол гэх 5,692,000 төгрөгийг төлж барагдуулсан нь гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, гэмт хэргийн шалтгаан нөхцөлд яаж тохироогүй байгааг тусгаагүй. Мөн магадлалд шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчимд нийцээгүй байна гэж үзжээ. Гэмт хэргийн нийгмийн шинж чанарыг анхан шатны шүүхээс үзэхдээ Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин захын авто зогсоол дээр хохирогчтой маргалдаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан тус үйлдэл нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж тодорхойлсон. Түүнчлэн давж заалдах шатны шүүх яагаад шударга ёсны зарчимд нийцэхгүй байгааг тайлбарлаагүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөх 3 үндэслэлийн алийг нь баримталсан, уг хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2.7-д заасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт, үндэслэлийн талаар тодорхой дурдаагүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр хэлсэн саналдаа “Б.Б нь баримтаар нотлогдсон эмчилгээний зардлыг цалингаа цуглуулаад дээр нь зээл авч байгаад төлсөн. Мөн ажилгүй байсан хугацааны цалинг төлж барагдуулсан, дахин хохирол нэхэмжлээгүй. Миний үйлчлүүлэгч нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хохирогчоос удаа дараа уучлалт гуйж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаагаа илэрхийлсэн. Тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд өмнө ял эдэлж байгаагүй, бага насны 2, 4 настай хүүхэдтэй. Мөн эхнэр нь ажил хийдэггүй, өөрөө ганцаараа ажил хийдэг зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзэхгүйгээр түүний эрх зүйн байдлыг дордуулж байгаад гомдолтой байна. Шүүх шүүгдэгчийг гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага гэж дүгнэсэн байдаг. Гэтэл хуульд хандлага гэж үг байхгүй. Би уг үгийг тухайн шүүгдэгчийн хувийн байдлын талаар дурдаж байна гэж ойлгосон. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдал нь ялыг нь хүндрүүлэх ямар нөхцөл байдал хүргэсэн. Мөн анхан шатны шүүх гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шалгаж тогтоогоогүй гэж үзсэн бол түүнийгээ магадлалдаа тодорхой дурдах байсан. Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар нь тохироогүй гэж заасан. Хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл бүрдсэн учир хэргийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хуульд нийцсэн байх хуулийн шаардлага хангаагүй гэж дүгнэсэн атлаа магадлалдаа уг үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй. Мөн магадлалд шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчимд нийцээгүй байна гэж үзжээ. Гэмт хэргийн нийгмийн шинж чанарыг анхан шатны шүүхээс үзэхдээ Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин захын авто зогсоол дээр хохирогчтой маргалдаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан тус үйлдэл нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж тодорхойлсон. Түүнчлэн давж заалдах шатны шүүх яагаад шударга ёсны зарчимд нийцэхгүй байгааг тайлбарлаагүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, өөрчлөх 3 үндэслэлийн алийг нь баримталсан, уг хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2.7-д заасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт, үндэслэлийн талаар тодорхой дурдаагүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Мөн шүүх хуралдаанд прокурор Ц.Насанбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Давж заалдах шатны шүүх магадлалынхаа хянавал хэсэгт анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байгаа үндэслэлээ тодорхойлохдоо Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчимд нийцээгүй байна гэж дүгнэсэн. Магадлалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсгийг удирдлага болгосон. Мөн магадлалын хяналтын болон тогтоох хэсгийн аль алинд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн аль ч заалтыг дурдаагүй. Давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан эрх нь байсаар байтал хэргийг анхан шатны шүүхэд буцааж байгаа нь хууль зүйн хувьд агуулга муутай харагдаж байна. Хяналтын шатны шүүхэд ял хөнгөдсөн талаар хэн ч гомдол гаргаагүй гэдгийг шүүгчид анхаарна уу. Иймд магадлалыг хүчингүй болгох саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Батбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх шүүгдэгчийн гэм бурууг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн тогтоож, хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хархорин захын авто зогсоол дээр хохирогч Э.Энхцагтай тээврийн хэрэгслийн зогсоолын асуудлаас болж маргалдан зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн уг үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан талаар шүүх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулжээ.
Давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлэх эрхтэй байтал шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ял түүний гэм бурууд тохироогүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-д 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд шүүгдэгчийн зүгээс хохирогчид 3,092,000 төгрөг төлснөөс гадна цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүхээс тухайн зүйл, хэсэгт заасан торгох ялын доод хэмжээний ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Батбаяр нарын гаргасан гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 217 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 513 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН