| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дулмаагийн Оюундарь |
| Хэргийн индекс | 135/2018/00214/И |
| Дугаар | 135/ШШ2018/00604 |
| Огноо | 2018-05-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 135/ШШ2018/00604
| 2018 оны 05 сарын 17 өдөр | Дугаар 135/ШШ2018/00604 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:135/2018/00214/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, шүүгч Д.Алтан*******, шүүгч З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *******од оршин суух******* овгийн ******* *******/*******, утас:*******/
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *******од оршин суух ******* овгийн ******* /*******, утас: *******/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *******од оршин суух******* овгийн ******* ******* /*******, утас:*******/-д холбогдох
Гэм хорын хохирол 7,333,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Б.Баярболд, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ө.Өлзиймаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******, ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Иргэн ******* би өөрийн төрсөн эх ******* хамтран өмчлөл бүхий улсын бүртгэлийн Г-2003004034 дугаартай, 080124770 нэгж талбарын дугаартай 1680.0 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрын хууль ёсны өмчлөгчөөр 2015 оны 08 дугаар сарын 03-нд улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ аван энэхүү газар дээрээ 6*7м харьцаатай байшинг төрсөн дүү *******тайгаа хамжиж өвлийн байшин бариад төрсөн дүү *******ыг эхнэр ******* хүүхдүүдийн хамт барьсан байшиндаа оруулсан байсан. Уг байшиндаа гэрчилгээ авч хараахан амжаагүй байсан. Тэгсэн 2017 оны 06 дугаар сарын 09-нд барьсан өвлийн байшинг маань арын хашааны Д.******* гэж хүүхэн гэрийнхээ хогийг шатаахдаа болгоомжгүй хандаж гал хашаа байшинд авалцаж байшингийн тал нь дүү ******* гэрийн эд хогшил шатаж бидэнд нийт 7.333.500 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан үйл явдал болсон. Хэний буруугаас гар гарсныг Дархан-Уул аймгийн Прокурорын газрын Прокурорын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор тогтоосон боловч хохирлын хэмжээ нь онц их хэмжээнд хүрэхгүй байх тул Эрүүгийн хэрэг үүсгэхээс үндэслэлгүй гэж татгалзсан. Байшин шатсаны дараа гал гарах үед байшинд маань амьдарч байсан дүү нар ******* ******* хоёр тус шүүхээр гэр бүлээ цуцлуулаад гэрлэгчдийн хооронд эд хөрөнгийн маргаангүй гэсэн шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 771 дугаартай шийдвэр гарсан. Ингээд дүү ******* бид хоёр шатсан байшингийнхаа суурийг цэвэрлээд үлдсэн ба Д.*******гаас хохирлоо удаа дараа шаардаж тус шүүхийн эвлэрүүлэн зуучлалаар хүртэл орсон боловч би шатаагаагүй гээд огт тоохгүй юм. Бусдыг орох оронгүй болгочихоод сэтгэл нь зовохгүй байгаа тул арга буюу шүүхэд хандаж байна. Иймд Д.*******гаас шатсан эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээний байгууллагын тогтоосон 7.333.500 төгрөгийг гаргуулж хохирлоо барагдуулах хүсэлт байна. гэжээ.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ө.Өлзиймаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* би өөрийн төрсөн эх ******* хамтран өмчлөл бүхий улсын бүртгэлийн Г-2003004034 дугаартай, 1680 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр 2015.08.03-нд улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авсан. Энэхүү газар дээр 6-7 м харьцаатай байшинг төрсөн дүү *******тайгаа хамжиж өвлийн байшин барьсан. Уг байшинд миний төрсөн дүү *******ыг эхнэр ******* хүүхдүүдийн хамт амьдруулж байсан. Уг байшиндаа гэрчилгээ авч хараахан амжаагүй. Тэгсэн 2017.06.09-нд барьсан өвлийн байшинг маань арын хашааны Д.******* гэж хүүхэн гэрийнхээ хогийг шатаахдаа болгоомжгүй хандаж гал хашаа, байшинд авалцаж байшингийн тал болон дүү ******* гэрийн эд хогшил шатаж нийт 7,333,500 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан. Хэний буруугаас гал гарсаныг Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2017.06.29-ний өдрийн тогтоолоор тогтоосон боловч хохирлын хэмжээ нь онц их хэмжээнд хүрэхгүй байх тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Иргэн Д.*******гаас хохирлоо шаардахаар эхнэр чинь салаад явчихсан. Чамд шаардах эрх байхгүй. Хэрвээ шаардах бол ******* шаардана гэж хэлсэн. Д.******* л хүлээн зөвшөөрөхгүй байгаа болохоос Д.*******гийн нөхөр мод, чулуу бэлдэж байгаа харагдсан гэж ярьдаг. Иймд Д.*******гаас шатсан эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээний байгууллагын тогтоосон 7,333,500 төгрөгийг гаргуулж өгнө үү.
*******, ******* нар нь 2007.10.26-ны өдөр гэр бүл болсон. Өргөдөл, гомдлыг шалгах материалд *******гийн эзэмшилд гэж байгаа. Дархан-Уул аймаг, Дархан сум,*******шатсан байшинд *******, ******* нарт нь хамтын амьдралтай байсан. Гэрлэгчдийн хамтын амьдралын хугацаанд бий болсон байшин 2016.06.19-ний өдөр ил галын улмаас шатсан болохыг цагдаагийн байгууллага тогтоож шалгасан байдаг. Шалгах явцад 4-20 тоот хөрш залгаа иргэн Д.******* гэх айлынх амьдардаг. Гал гарсан өдөр Д.******* гэрийнхээ хогийг кордонин цаасаар асааж, толгой угаасан усаар цацаж унтраасан гэж бодоод гэр рүүгээ орсон. Ингээд гал гарч байх үед гэрээсээ явсан. Энэ хойгоор нь гал маналзаж *******, ******* нарын хамтран амьдарч байсан байшинд гал хүрсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Энэ хэрэгт авагдсан галын дүгнэлт, ус цаг уурын газрын баримтаар нотлогдож байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа олон айл хог шатааж байхад яагаад Д.*******гийн үйлдлээс болсон юм бэ? гэж хэлсэн. Д.******* өргөдөл гомдлыг шалгах үед миний гүйцэтэд унтраагаагүй галын улмаас уг байшин шатсан болохыг хүлээн зөвшөөрсөн гэх тайлбарыг өгсөн байдаг. Тухайн өдөр 33 градус хүртэл халж, 18 цагийн үед салхи шороон шуургатай байсан гэх үндэслэлээр байшинд хүрсэн байх боломжтой гэж Онцгой байдлын газрын галын дүгнэлтэнд дурдагдсан байгаа. ******* яагаад нэхэмжлэлийн шаардлагад холбогдоод байна вэ? гэхээр *******гийн тайлбарт ******* бид хоёр хадам ээжийн хашаанд энэ байшинг барьсан. Байшин дээрээ гэрчилгээ аваагүй, бүртгэлгүй гэж хэлсэн. *******гийн эзэмшлийн байшин шатсан гэх хууль ёсны өмчлөх эрхийн гэрчилгээ хавтаст хэрэгт авагдаагүй. Мөн *******ын өмчлөлд ч байхгүй. Харин *******, ******* нар гэр бүлийн хүмүүс байсан болох нь нотлогдож байгаа. Гэр бүлийн хамтын амьдралын хугацаанд уг байшинд гал гарч шатсан юм уу? гэр бүл цуцлагдсаны дараа байшинд гал гарсан уу? гэхээр 2016.06.12-ны өдөр гал гарсан байхад 2016.07.05-ны өдөр зохигчид шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. Энэ нотлох баримтаар *******, ******* нар нь хамт амьдарч байсан гэдгийг нотолж байна гэж үзэж байна. Гэрлэлтээ цуцлуулаагүй байсан гэх нотлох баримт хэрэгт авагдсан байгаа учраас шаардах эрх нь ******* байна. Одоо хүртэл ******* энэ хаяг дээрээ амьдарч байгаа. Гэрлэлт цуцлах асуудал дээр ******* эд хөрөнгийн маргаангүй болохоо мэдүүлсэн. ******* өөрийнхөө хашаа байшин сэргээн засварлахаар хохирлын мөнгийг Д.*******гаас нэхэхэд би хариуцахгүй, *******гийн эзэмшил болохыг цагдаагийн байгууллага тогтоосон тиймээс төлөхгүй гэж хэлдэг. Д.*******гийн болгоомжгүй үйлдлээс ил гал гарсан. Гэхдээ прокурорын тогтоолд хохирлын хэмжээ хүрэхгүй учраас хэрэгсэхгүй болгосон. Уг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн прокурорын тогтоолд Д.******* ямар нэгэн байдлаар гомдол гаргаагүй үйлдэл нь хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. *******ийн өмчлөлийн газар дээр гарсан гал. *******, ******* хоёр нь овогт нэгтэй төрсөн ах дүү нар байгаа. ******* ганцаараа байшинг бариагүй. *******ын туслалцаа дэмжлэгээр хамжиж барьсан. Иймд Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228, 510 дугаар зүйлд заасан хохирлыг арилгах үндэслэл Д.*******д байна гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
...1. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан 2017.06.29-ний өдрийн 672 тоот тогтоолд ...*******од гал гарч ирсэн Т.*******гийн байшин шатсан... гэжээ. Гэтэл *******, ******* гэх хүмүүс нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь нэхэмжлэх эрхгүй этгээд гэж үзэж байна.
2. 2017.06.14-ний 23/087/09 тоот Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Х/ч С.Нэмэхбаярын дүгнэлтэд ...Т.*******гийн 6х7м харьцаатай өвлийн байшингийн гадна хойд хэсэгт ил галын нөлөөгөөр үүсэж байшингийн хойд талын гадна хана, тааз, дээврийн карказын модон хийцээр дамжин тархсан байх үндэслэлтэй байна... Шинжилгээний явцад өөр зүйл илрээгүй болно гэжээ. Энэ дүгнэлт дээр Д.*******гийн ямар болгоомжгүй үйлдлээс болсон гэдэг нь тодорхойгүй, Д.*******гийн бурууг тогтоосон зүйл алга байна.
3. Прокурорын тогтоол болон улсын байцаагчийн дүгнэлтээр Д.*******г гэм буруутай гэж үзэхгүй бөгөөд гэм буруутай эсэхийг гагцхүү шүүх тогтоодог хуулийн заалт бий.
4. Тухайн үед уг гал нь Д.*******гийн асгасан /хог, үнс/ зүйлээс болсон гэх гарцаагүй нотлох баримт алга байгаа. Тэнд олон айл үнс хогоо асгадаг, алинаас нь ч гал гарах боломжтой. Д.******* тэр өдөр үнс хаясан гэдгээ ярьсан байна, уг зүйлийг асгаж хаяснаас 6 цагийн дараа гал гарсан гэдэг. Үүнээс үзвэл дан ганц *******гийн хогноос болсон гэхэд эргэлзээтэй байгаа. Иймд хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэгдүгээрт: Иргэний хуулийн 129, 126 дугаар зүйлд гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж юу хэлэхийг тодорхойлсон байна. Хэний хашаанд, хэн байшин барьсан нь хамааралгүй. Гэр бүл байх үед үүссэн хөрөнгө учраас ******* нэр дээрээ гэрчилгээг авсан. Нэхэмжлэл 2018.01.24-ны өдөр *******, ******* нар гаргасан. Тэр үед *******, ******* хоёр гэр бүлээ цуцлуулсан. ******* өөрийнхөө олсон хөрөнгийг нэхэмжлэх итгэмжлэл олгоогүй. Ногдол хувь гэдгээ тодорхойлоогүй. Надад огт ч хамаагүй гэж хэлээгүй. Тэгэхээр Улсын бүртгэл дээр *******гийн өмч гээд бүртгэсэн байхад өөр хүн гарч ирээд нэхэмжилж байгаа нь нийцэхгүй. Эрүүгийн хэрэг үүсэхээс татгалзсан прокурорын тогтоол нь шүүхэд нотлох баримт болохгүй. Мөн Д.*******гийн мэдүүлгийг иш татаж байна. Хүчний байгууллага мэдүүлэг авахдаа Д.*******г яаж дарамталж байгаад мэдүүлэг авсан нь тодорхойгүй. Тухайн үед Д.*******гийн эрхийг хамгаалж өмгөөлөгч оролцоогүй. Яаж дарамтлаад байцаалт авсанг би мэдэхгүй байна. Д.******* миний асгасан үнснээс гарсан байж магадгүй гэж хэлсэн. Түүнээс гарчихсан гэж хэлээгүй. Тийм болохоор Д.*******гийн өгсөн мэдүүлэг нотлох баримтын шаардлага хангахгүй. Гуравдугаарт: Д.******* 4 цагт үнсээ хаясан. Гал 19 цагт гэрээсээ гарсан. Энэ 3 цагийн хооронд өөр айл хог хаяагүй болохыг юугаар нотолсон юм бэ? Мөн 3 цагийн хугацаанд цаас юм уу? паинар шатсан байна. Хогийн поошиконд дотор цаас, паинар байсан уу? гэдгийг шалгаагүй. 8,30 см зайнд ямар хэмжээний хүчтэй салхинд үнс нь хийсч очоод айлын дээврийг шаасан эсэх нь тогтоогдоогүй. Хүнээс гэм хорын хохирол нэхэмжилж байгаа бол гарцаагүй байдлаар нотлох ёстой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 41.1-т нотлох баримтыг яаж үнэлэхийг заасан байгаа. Хэрэг үүсэхээс татгалзсан материалаас харахад эргэлзээтэй зүйл их байгаа. Хамгийн гол баримт нь галын нотломж байгаа. ******* 4 цаг үнс хаясан. 7 цагт гал гарсан гэж байгаа. Энэ хугацаанд өөр айл гал гараагүй. Хэрвээ дуулаагүй байсан бол дүүрэн цаас, дүүрэн паниар байсан юм уу. Яар хэмжээний хүчтэй салхинд унасан юм уу? энэ үйлдэл нь тогтоогдоогүй. Хамгийн гол нь галын нотломж байгаа. ******* өөрт ногдох хөрөнгөө нэхээгүй. *******гийн өмч болох нь Улсын бүртгэлийн газраас олгосон гэрчилгээгээр нотлогдож байгаа тул хэдэн нь *******гийн хөрөнгө, хэд нь *******ын хөрөнгө болох нь хуваарлагдсан зүйл байхгүй, тодорхойгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******, ******* хариуцагч Д.*******д холбогдуулан гэм хорын хохирол 7 333 5000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгч *******, ******* нар нэхэмжлэлийн шаардлагаа ...2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр арын хашааны Д.******* гэрийнхээ хогийг шатаахдаа болгоомжгүй хандсанаас байшингийн тал, *******ын гэрийн эд хогшил шатаж бидэнд нийт 7 333 500 төгрөгийн хохирол учирсан... гэж тодорхойлж, хариуцагч Д.******* ...Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолд иргэн *******гийн байшин шатсан гэсэн. Иймд нэхэмжлэх эрхгүй этгээд. Гамшгаас хамгаалах улсын байцаагчийн дүгнэлтэд Д.*******гийн болгоомжгүй үйлдлээс гал гарсан бурууг тогтоогоогүй... гэж маргаж байна.
2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймаг Дархан сум *******од иргэн Т.*******гийн 6х7 харьцаатай өвлийн байшинд гал гарсан гэх үйл явдал гарч Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн Газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгаас шалгасан байна.
Шалгах явцад Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 23/087/09 тоот шинжээчийн дүгнэлтэд ...уг гал түймрийн голомт Т.*******гийн 6х7 м харьцаатай өвлийн байшингийн гадна хойт хэсэгт ил галын нөлөөгөөр үүсэж, байшингийн хойд талын хана, тааз, дээврийн карказын модон хийцээр дамжин тархсан байх үндэслэлтэй... гэж дүгнэсэн байна.
Дархан-Уул аймгийн Прокурорын Газрын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 672 тоот Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолд ...2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 18 цагийн орчимд Дархан сум ******* Чулуутын 1/*******од гал гарч иргэн Т.*******гийн байшин шатсан гэх гомдол мэдээлэлд хойшлуулшгүй ажиллагааг явуулахад иргэн Д.*******гийн ил гал гаргасан болон агаарын температур 33 градус хүрч халсан, борооны өмнө салхи баруун өмнөөс 11/14 м/с хүрч шороон шуурга болсон гэх тодорхойлолт, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 23/087/09 дугаартай дүгнэлт зэрэг материалд авагдсан бичгийн нотлох баримтуудаар иргэн Д.*******гийн болгоомжгүй үйлдлийн улмаас гал гарч Т.*******д 7 333 500 төгрөгний хохирол учирсан нь тогтоогдсон, хохирол нь онц их хэмжээний хохиролд хүрээгүй байх тул гэж дүгнэн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзан, энэ тухай Т.*******, ******* нарт мэдэгдсэн байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 175 дугаар зүйлийн 175.3-т заасны дагуу тогтоолыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор дээд шатны Прокурорт гомдол гараагүй байна.
2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 18 цагийн орчим Дархан сумын *******, Партизаны 1/******* Тогтох овогтой *******гийн байшинг хөрш айлын иргэн Д.*******гийн болгоомжгүй үйл ажиллагааны улмаас шатсан гэх эрүүгийн хэргийг шалгах явцад 2017 оны 06 дугаар сарын 09-ны өдөр хэргийн газар үзлэг хийхэд нэхэмжлэгч ******* хөндлөнгийн гэрчээр оролцсон, 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Т.******* ...Манай нөхөр ******* нэг жилийн өмнө надаас салаад яваад өгсөн энэ байшин нөхөр бид 2 байхдаа 2010 онд хадам ээжийн хашаанд барьж байсан юм. Тэгээд байшиндаа гэрчилгээ аваагүй, бүртгүүлээгүй байсан гэж Шатсан байшин танай эзэмшлийн хөрөнгө мөн үү гэсэн асуултад хариулж тайлбар өгсөн байна.
Тухайн үйл явдал болсон үед нэхэмжлэгч *******, эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад тайлбар өгсөн Т.******* нар Иргэний гэр бүлийн гэрлэсний бүртгэлд бүртгүүлэн хамтран амьдарч байсан гэр бүл бөгөөд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 771 тоот шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан, гэрлэлт цуцлуулах үед эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдсан зохигчдын хаягийг Дархан сум ******* гэж тэмдэглэсэн байна.
Хохирол учирсан гэх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд нэхэмжлэгч *******, *******, Т.******* нар бүртгэгдээгүй бөгөөд иргэн Т.*******гийн 6х7 харьцаатай өвлийн байшингийн гадна хойд хэсэг ил галын нөлөөгөөр шатсан, энэ үйлдэлд хариуцагч Д.*******гийн болгоомжгүй үйлдлийн улмаас хохирол учирсан талаар Дархан-уул аймгийн Прокурорын газрын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 672 тоот Прокурорын тогтоолоор тогтоогдсон, энэ үйлдлийн улмаас учирсан хохирлын үнэлгээг Капитал зууч ХХК 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн үнэлгээний тайланд 7 333 500 төгрөг гэж үнэлсэн байна.
Нэхэмжлэгч ******* гэр бүл Т.*******гаас гэрлэлтээ цуцлуулсан нь өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх эрхгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, хохирол учирсан гэх орон сууцны зориулалттай орон сууцыг тэд хамтран эзэмшиж байсан мөн Дархан сум ******* чулуут 4/*******ын 1680,0 м.кв газар нь Р.Дүрзээ, ******* нар өмчлөгч болох нь тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч *******, ******* нар бусдын үйлдлийн улмаас өөрт учирсан хохирол нэхэмжлэх эрхтэй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...Бусдын эрх, эд хөрөнгөд болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэснээр хариуцагч Д.******* хохирлыг арилгах үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар нэхэмжлэгч *******, ******* зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа мөн хуулийн 9.4.4-т зааснаар учруулсан хохирлыг арилгуулах замаар иргэний эрх зүйн хамгалалтаа тодорхойлсон, 7 333 500 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон, хариуцагч энэ үнэлгээний талаар маргаагүй болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-д зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхөөр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолд ...Д.*******гийн болгоомжгүй үйлдлийн улмаас гэж дүгнэсэн, хохирлын хэмжээнээс хамааран эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, гэм буруугийн талаар хэлэлцээгүй нь иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх эрхийг хязгаарлаагүй, өөрөө буруугуй талаархи нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд ирүүлээгүй, нотлоогүй болно.
Иймд хариуцагч Д.*******гаас гэм хорын хохиролд 7 333 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******, ******* нарт олгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******д хохирол учирсан, өөрөө нэхэмжлэх эрхтэй гэж тайлбарлаж байгаа боловч гэрлэлт цуцлуулах үед нэхэмжлэгч *******тай эд хөрөнгийн талаар маргаангүй байсан, шатсан гэх хөрөнгө түүний өмчлөлийн болон эзэмшлийн байсан энэ талаар маргаантай бол буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нь нээлттэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Д.*******гаас 7 333 500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******, ******* нарт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ХААН банк, Төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан 132,286 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гаас 132,286 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ
ШҮҮГЧИД Д.АЛТАН*******
З.ТУНГАЛАГМАА