Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2020/01488

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******ны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн******* сумын 8 дугаар багийн ..... дүгээр гудамжны ........ тоотод оршин суух, ....................... дугаар регистртэй,*******гийн*******,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн******* сумын 8 дугаар багийн 9 дүгээр гудамжны 30 тоотод оршин суух, ...................... дугаар регистртэй, Цэрэндоржийн******* нарт холбогдох зээлийн төлбөр нийт 33.343.216 /гучин гурван сая гурван зуун дөчин гурван мянга хоёр зуун арван зургаа/ төгрөг гаргуулах тухай, хариуцагч Д.Мөрөнгийн хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай *******ны Хөвсгөл салбарт холбогдох сөрөг нэхэмжлэлийг 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 155/2019/00731/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Цэрэннадмид, Г.Жавхлан, хариуцагч Д.Мөрөн, Ц.Нямжав, хариуцагчийн өмгөөлөгч В.Энхболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******ны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Д.Мөрөн, хамтран зээлдэгч Ц.Нямжав нар нь 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр *******ны Хөвсгөл салбараас зээл авах хүсэлт гаргаж ЗГ4905103371 зээлийн гэрээ байгуулан 35.000.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2.1 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч банктай байгуулсан зээлийн гэрээг зөрчин төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тул банк өөрийн санаачлагаар зээлийн гэрээний дагуу зээлийг төлүүлэхээр дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан үл хөдлөх хөрөнгө болон хариуцагчийн бусад хөрөнгөөс гаргуулах тухай шүүхийн шийдвэрт дурдаж өгнө үү.

Үндсэн зээлийн төлбөр 23.364.149.93 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөр 9.276.860.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 702.205.04 төгрөг, нийт 33.343.216 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Д.Мөрөн, Ц.Нямжаваас нараас шүүхэд гаргасан тайлбартаа:

*******ны Хөвсгөл салбар нь*******гийн******* мөн Цэрэндоржийн******* бидэнд холбогдох 2016.12.14-ний өдрийн ЗГ4905103371 тоот зээлийн гэрээний үүрэг болох 33.343.216 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.Энэ нэхэмжлэлийн шаардлагыг дараах шалтгаанаар зөвшөөрөхгүй байна.

Учир нь:*******ны салбартай байгуулсан дээрх ЗГ4905103371 тоот гэрээгээр иргэн надад 35.000.000 төгрөгийн зээл тодорхой нөхцөлөөр бэлэн бусаар олгогдсон мэтээр харагддаг боловч энэ зээлээс надад нэг төгрөг ч орж ирээгүй.Өөрөөр хэлбэл миний зорилго болгосон бизнесийн үйл ажиллагаанд зарцуулагдах мөнгө миний дансанд шилжигдээгүй. Банк нь дээрх зээлийг надад олгоогүй.Харин миний өмнө авсан зээлд суутгасан...банкны нэхэмжлэлд тусгагдсанаар дээрх гэрээгээр зээл авахад миний охин Ц.Нямжав оролцоогүй байхад гэрээнд түүнийг төлөөлж гарын үсэг зурсан байгаа. Зээлийн гэрээний 5.7-д зааснаар энэхүү гэрээтэй холбоотой маргааныг банк болон зээлдэгч аль болох хэлэлцээгээр шийдвэрлэх бөгөөд хэрэв ийнхүү шийдвэрлэх боломжгүй бол харьяаллын дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ гэж тусгасан байна.

Иймд энэ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Мөрөн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие******* *******тай 2011 оноос хойш зээлийн харилцагч болж хөрөнгө оруулалтын зээл авч тодорхой үр ашиг төлөвлөн зээл авсан юм. Гэтэл 2012 оноос эдийн засгийн хямрал болж иргэдийн үйлчилгээ, худалдан авах чадвар муудаж төлөвлөж байсан үр ашиг багасаж, худалдаа үйлчилгээний орлогоор үйлчилгээний төвийнхөө хэвийн үйл ажиллагааг хангах, зээлээ төлөхөд хүндэл учирч эхэлсэн. Гэсэн хэдий ч т банкнаас авсан өр зээлээ барагдуулахыг эрмэлзэж бүх орлогоо банканд өгч, өөрийн бизнесийн үйл ажиллагааг тордохгүй өөд татаж чадахгүй явсаар бизнесийн ашгаараа зээлээ дарж чадахгүй байдалд хүрч улам эрсдэлд орж байсан тул энэхүү нөхцөл байдлаа *******анд хэлж удаа дараа уулзаж зээлийн төлбөрийн харилцааг зогсоож, хууль шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргаж байсан юм. Энэ байдлыг ******* овжиноор ашиглаж миний төлөөгүй үлдсэн зээлийн төлбөр болох 17.000.000 төгрөг дээр, түүний хүү, алданги, нэмэгдүүлсэн хүү зэргийг нэмж нийт дүнгээр 35.000.000 төгрөгийн зээлийг шинээр олгож, өмнөх хэлцэл гэрээг дуусгавар болгох болзол тавьж эхэлсэн. Өөрөөр хэлбэл миний зүгээс тус банканд үүсгэсэн зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг нийлүүлсэн нийт өрийг дахин шинээр өр болгон үүсгэж, өмнөх өр төлбөрүүдийг дуусгавар болгох, намайг найдваргүй зээлдэгчийн ангиллаас гаргаж зээлийн шинэ түүх үүсгэх болзол тавьсан юм.Хэрэв ******* хэлсэн ярьсан болзол, амлалтадаа хүрч өмнөх зээлийн харилцааг төлбөр төлж дуусгасан агуулгаар Монгол банканд өгч миний зээлийн түүхийг цэвэрлэсэн бол би заавал *******тай харилцахгүй өөр банкнаас зээл авч Голомтын өр төлбөрийг дарж дуусгаад маргаангүй цааш явах боломжтой байлаа. Түүнчлэн анх болзол тавихдаа л энэхүү шинээр үүсгэх 35.000.000 төгрөгийг зээлийг надад миний өмчлөлд шилжүүлэхгүй шууд миний өмнөх өр төлбөрийг дуусгавар болгоход зориулагдана гэж болзол тавьсан нь зээлийн гэрээний хуульд заасан шаардлага болох Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн хэлцэл хийсэн. Дээрх байдлаар хуулийн шаардлагад нийцээгүй болзол нь Иргэний хуулийн 45 дугаар зүйлд заасан болзол тавьж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх нөхцөлийг бүрдүүлсэн байх тул дээрх хэлцэл, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч *******ны Хөвсгөл салбарын захирал П.Хосбаяр сөрөг нэхэмжлэлд ирүүлсэн тайлбартаа:

******* нь иргэн Д.Мөрөнгийн 2016 оны 12 дугаар сарын 14-нд гаргасан зээлийн хүсэлтийн дагуу ЗГ4905103371 тоот зээлийн гэрээгээр 2011 оны 06 дугаар сарын 30-нд олгосон ЗГ4905005518 тоот Д.Мөрөнгийн зээлийн үлдэгдлийн эргэн төлөлтийг хийж, бүтэц шинэчлэх зориулалттай олгосон болно. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жавхлан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Мөрөн нь өмнөх зээлийн үндсэн төлбөрт зориулан зээл авах хүсэлт гаргасан тул 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр *******ны Хөвсгөл салбараас ЗГ4905103371 тоот зээлийн гэрээ байгуулан 35.000.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2.1 хувийн хүүтэй зээлсэн.Гэтэл зээлдэгч банктай байгуулсан зээлийн гэрээг зөрчин төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний хугацаа дууссан тул банк өөрийн санаачлагаар гэрээг цуцалж, зээлийг төлүүлэхээр шүүхэд хандсан.

Нэхэмжлэлийн шаардлагад үндсэн зээлийн төлбөр 23.364.149.93 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөр 9.276.860.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 702.205.04 төгрөг, нийт 33.343.216 төгрөг гаргуулах мөн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан үл хөдлөх хөрөнгө болон хариуцагчийн бусад хөрөнгөөс гаргуулах тухай шүүхийн шийдвэрт дурдаж өгнө үү гэсэн нь шаардлагыг давхар гарсан ба зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан үл хөдлөх хөрөнгө болон хариуцагчийн бусад хөрөнгөөс гаргуулах тухай шүүхийн шийдвэрт дурдаж өгнө үү гэсэн нь шаардлагаасаа татгалзаж байна.

Иймд үндсэн зээлийн төлбөр 23.364.149.93 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөр 9.276.860.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 702.205.04 төгрөг, нийт 33.343.216 төгрөг гаргуулж өгнө үү.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйл, 196 дугаар зүйлд зааснаар талуудын хүсэл зоригийн үндсэн дээр гэрээний агуулгыг тодорхойлж энэхүү гэрээг байгуулсан. Талууд гарын үсэг зураад нотариатаар гэрчлүүлсэн байгаа. Зээлийн гэрээний 2.1.3-т зээлийн зориулалтыг тодорхой тусгасан. Бүтэц өөрчилнө гэдгийг Монгол банкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан 2016 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн тушаалд тодорхой заасан. Зээл уг нөхцөлийг хангаж байгаа. Урт нэртэй хуулийн 21.4-т зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийснээр зээлийг олгосонд тооцно гэж заасан. Тэгвэл банк энэ хуульд заасны дагуу зээлийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн. Зээл олгосноос хойш зээлдэгч нар нь тодорхой хугацаанд зээлийг төлж байсан. Үүнээс харахад зээлийн гэрээний агуулгыг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Дээрх гэрээ нь хууль зөрчсөн зүйл байхгүй.

Хариуцагч банк найдваргүй зээлдэгчээс гарна гэхээр нь зээл авсан мэтээр тайлбарлаж байна. Гэтэл банк хариуцагчид илүү ашигтай байдлаар зээлийг олгосон. Үүнийг хариуцагч хүлээн зөвшөөрч зээлд гарын үсэг зурсан гэж ойлгож байна. Шинжээчийн дүгнэлтийн хувьд харьцуулах гарын үсэг гэрээн дээрх гарын үсэгтэй тохирохгүй байна гэсэн болохоос зээлийн гэрээн дээрх гарын үсэг*******ын гарын үсэг биш байна гэсэн дүгнэлт гараагүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлээ болзол тавьж хийсэн хэлцэл гэж тайлбарласан байна. Энэ нь болзол тавьж хийсэн хэлцэл биш юм. Иргэний хуулийн 40 дүгээр зүйл, 196 дугаар зүйлд зааснаар талууд өөрсдийн саналаар харилцан тохиролцож байгуулсан гэрээ юм. Үүнд ашиглах боломж олгоогүй гэсэн ойлголт байхгүй. Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн дагуу байгуулагдсан. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.4-т тодорхой заасан байгаа. Тухайн харилцагчийн дансанд мөнгийг шилжүүлснээр зээл олгосонд тооцдог. Банк хууль зөрчөөгүй. Иргэний хуульд болзол нь хуулийн шаардлагад нийцээгүй буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш эсхүл илтэд биелэгдэх боломжгүй бол хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Энэ ойлголт харагдахгүй байна. Гэрээ байгуулахдаа талууд гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн зэргээс харахад гэрээгээ уншиж танилцсан хуулийн шаардлагад нийцүүлсэн байна. Мөн нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш эсхүл илтэд биелэгдэх боломжгүй хэлцэл гэдгийг хариуцагч тал яаж нотолж байгаа нь ойлгомжгүй байна.Нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш гэдгийг тодорхой болгомоор байна. Мөн энэ хэлцэл нь илтэд биелэгдэх боломжгүй хэлцэл биш.Хариуцагч нар нь 2018 оны 1 дүгээр сар хүртэл зээлээ идэвхтэй төлж байсан байна. Тиймээс хүчин төгөлдөр гэрээ.Мөн сөрөг нэхэмжлэлээ хангалттай дэмжиж нотолж оролцохгүй байна.Болзол тавьж хийсэн хэлцлийн хуулийн агуулгыг буруу ойлгож өөрөөр тайлбарлаж байна... гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэрэннадмид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жавхлантай санал нэг байна. Хариуцагч 17,000,000 төгрөг гэж тайлбарлаад байна. 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 35,000,000 төгрөгийн зээлийг зээлийн бүтэц өөрчилхөөр банк олгосон. Өөрөөр хэлбэл хариуцагч 35,000,000 төгрөгийн зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалд орсон байсан тул банк бүтэц өөрчлөх гэрээ байгуулж, зээл олгосон. Энэ нь хэрэгт авагдсан дансны хуулгаараа нотлогдоно...гэв.

Хариуцагч Д.Мөрөн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би *******тай 2009 оноос эхэлж харилцсан. Зээлээ цаг тухайд нь төлж байсан. Сүүлд дахин зээл авах тухай хүсэлт гаргахад 35,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Гэвч энэ 35,000,000 төгрөгийг огт гар дээрээ аваагүй. Өмнө нь би 55,000,000 төгрөгийн зээлтэй байсан. Уг зээлээ хугацаа хэтрүүлээд хүү алданги тооцуулан 35,000,000 төгрөг болсон. Уг нь төлөөд 17,000,000 төгрөг үлдсэн байсан юм. Тухайн үед биеийн байдал муу байсан болохоор төлж чадахгүй хугацаа хэтрүүлсэн. Үүнээс болоод Монгол банкны хар дансанд бүртгэгдсэн. ******* надад хэлэхдээ танд дахин зээл авч хар данснаас гарах боломж байна гэж хэлсэн. Тэгээд би банктай 35,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Намайг зээл авснаа хүлээн зөвшөөрөөд зээлээ төлөөд явж байсан гэж банк тайлбарладаг. Би хүлээн зөвшөөрсөндөө төлөөгүй. Харин өмнөх зээлээ төлж байгаа гэж ойлгож төлж байсан юм. Банк зээл олгохдоо зээлдэгчдээ уг мөнгийг захиран зарцуулах эрхийг нь өгдөг. Гэвч надад өгөөгүй, мөнгөн дүнгээр өнөөдрийг хүртэл төлүүлж байна. Тиймээс би үүнийг төлөхгүй. Банк зээлийн мөнгийг бэлэн өгч байж түүнээс нь би бизнесээ явуулж ашиг олж, буцаан төлөх нөхцөлийг бүрдүүлэх ёстой байсан. Гэтэл ******* тэгээгүй.

Намайг зээлийнхээ агуулгыг ойлгоогүй, дансаар нь мөнгө орсон гэж тайлбарлаж байна. Өмнөх зээлийн үлдэгдэл 17,000,000 төгрөгийг хугацаа хэтэрсэн гэж 35,000,000 төгрөг болгож төлүүлсэн. Дараа нь дахиад хүүнээс хүү тооцоод 35,000,000 төгрөгийн зээл олгосон. Үүнийг би мэдээгүй. Бараг 1 сарын дараа дуудаж гэрээнд гарын үсэг зуруулсан. Зээлийг миний данс руу оруулаад буцаагаад авсан. Би үнэндээ 35,000,000 төгрөгийн зээлийн гэрээний учрыг олоогүй. Мөн манай охины гарын үсгийг хуурамчаар зураад 2018 оноос хойш зээл авах эрхгүй болгож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

******* хэлсэн ярьсан болзол, амлалтадаа хүрч өмнөх зээлийн харилцааг төлбөр төлж дуусгасан агуулгаар Монгол банканд өгч миний зээлийн түүхийг цэвэрлээгүй. 35.000.000 төгрөгийг зээлийг надад миний өмчлөлд шилжүүлэхгүй хууль зөрчсөн тул хүчин төгөлдөр бус юм.

Надад банк 35,000,000 төгрөгийг өгөөд эргэлдүүлэх боломж олгоогүй. 35,000,000 төгрөг авах хүсэлтийг би гаргасан. Гэхдээ 35,000,000 төгрөгийг аваад үйл ажиллагаагаа явуулаад ашгаасаа үлдэгдэл 17,000,000 төгрөгийг төлнө гэж ойлгож зээлийн гэрээ байгуулсан ба үүнээс үзвэл банк намайг ноцтой төөрөгдөлд оруулж хэлцэл байгуулсан...гэв.

Хариуцагч Ц.Нямжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг би зөвшөөрөхгүй байгаа.Учир нь зээлийн гэрээ байгуулах үед би Улаанбаатар хотод ажиллаж байсан. Зээл авсан тухай мэдээгүй байж байгаад 2018 онд ажлаасаа гарч ирээд зээл авсан гэж мэдсэн. 2019 онд гэрээтэй танилцахад миний гарын үсгийг хуурамчаар үйлдэж хамтран зээлдэгчээр зээлийн гэрээ байгуулсан байсан.

Банк урд авсан 17,000,000 төгрөгийн зээлээ төлж чадахгүй байхад хүү алданги тооцоод шинэ зээл үүсгээд өмнөх зээлийг хаасан. Намайг байхад гарын үсэг зураад нотариатаар батлуулсан гэж тайлбарлаад байна.Шинжээчийн дүгнэлт гарсан.Гэрээ байгуулахад би байгаагүй. Тиймээс хүчин төгөлдөр бус гэрээ.Данс руу мөнгө хийгээд буцаагаад өмнөх зээлийг хаах гэж мөнгө татсан. Бизнесээ явуулаад эргэн төлөлт хийхээр зээлийг олгох ёстой.

Анх ээж маань банкнаас 50,000,000 төгрөгийн зээл авсан. Үүнээс 17,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн. Үүн дээр хугацаа хэтрэлт, хүү алданги нэмж тооцоод 35,000,000 төгрөг болгосон банк. Тэгээд 35,000,000 төгрөгийн зээл дээр шинэ зээл үүсгэсэн гэж ойлгож байгаа.Анх авсан 35.000.000 төгрөгөөс манай ээж Д.Мөрөн төлөөд 23,000,000 төгрөг үлдсэн байхад дахиад хүү алданги тооцоод 33,000,000 төгрөг нэхэмжлээд байгаа юм...гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******ны Хөвсгөл салбар нь хариуцагч Д.Мөрөн, Ц.Нямжав нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 23.364.149.93 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөр 9.276.860.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 702.205.04 төгрөг, нийт 33.343.216 төгрөг гаргуулж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан үл хөдлөх хөрөнгө болон хариуцагчийн бусад хөрөнгөөс гаргуулахаар шүүхийн шийдвэрт тусгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг, хариуцагч Д.Мөрөнгөөс хэлцэл, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар дор дурдсан үйл баримтууд тогтоогдож байна.Үүнд:

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухай:

*******ны Хөвсгөл салбар нь хариуцагч Д.Мөрөн, Ц.Нямжав нарт холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 23.364.149.93 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөр 9.276.860.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 702.205.04 төгрөг, нийт 33.343.216 төгрөг гаргуулж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан үл хөдлөх хөрөнгө болон хариуцагчийн бусад хөрөнгөөс гаргуулахаар шүүхийн шийдвэрт тусгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан үл хөдлөх хөрөнгө болон хариуцагчийн бусад хөрөнгөөс гаргуулахаар шүүхийн шийдвэрт тусгуулах тухай шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Д.Мөрөн, Ц.Нямжав нараас үндсэн зээлийн төлбөр 23.364.149.93 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөр 9.276.860.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 702.205.04 төгрөг, нийт 33.343.216 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

Иргэн Д.Мөрөн, Д.Ариунаа нар нь Голомт банкны Хөвсгөл салбараас 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ЗГ4905005518 дугаартай зээлийн болон барьцаат зээлийн гэрээ байгуулж 90.000.000 төгрөгийг, жилийн 1.4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан байх ба зээлийн гэрээний хугацаа 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дуусахад зээлдэгч нар нь зээлийн үндсэн төлбөрт 35.016.453 төгрөгийн үлдэгдэлтэй байжээ.

Гэтэл Голомт банкны Хөвсгөл салбар нь 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдөр ЗГ4905103371, БГ4905103371 дугаар зээлийн болон барьцаат зээлийн гэрээг иргэн Д.Мөрөн, Ц.Нямжав нартай бичгээр байгуулсан байх ба гэрээгээр зээлдүүлэгч нь 35.000.000 төгрөгийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, улмаар дээрх зээлээр иргэн Д.Мөрөн, Д.Ариунаа нарын 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдөр авсан ЗГ4905005518 дугаартай зээлийн төлбөрийн үлдэгдлийг хийх, зээлдэгч Д.Мөрөн, Ц.Нямжав нар нь гэрээнд заасан графикийн дагуу зээл, зээлийн хүүгийн хамт төлөх үүрийг харилцан хүлээжээ.

Ингэснээр *******ны Хөвсгөл салбараас 1 удаагийн шилжүүлгээр зээлдэгч Д.Мөрөнгийн зээлийн дансанд 35.000.000 төгрөгийг шилжүүлэн зээлийг олгож, гэрээгээр тохирсны дагуу иргэн Д.Мөрөнгийн харилцах данснаас 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдөр авсан ЗГ4905005518 дугаартай зээлийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийг хийж, зээлдэгч нар нь гэрээний дагуу үндсэн зээлд 11.635.851, хүү 7.464.452.46, нэмэгдүүлсэн хүү 29.682.96, нийт 19.129.985.49 төгрөгийг төлсөн байна.

Одоо нэхэмжлэгч нь гэрээний үүргийн биелэлтийн дагуу 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар төлөөгүй үндсэн зээлийн төлбөр 23.364.149.93 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөр 9.276.860.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 702.205.04 төгрөг, нийт 33.343.216 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан ба харин хариуцагч талаас банк 35.000.000 төгрөгийг олгож зээлдэгчийн дансанд шилжүүлсэн боловч өмнөх зээлд суутган авсан тул зээлийг төлөхгүй хэмээн маргасан.

Зээлдэгч нар нь 2016 онд өмнөх зээлээ хаахаар зээл авах хүсэлт гаргаж, зээлийн гэрээний үндсэн нөхцөл, зээлийн зорилго, төлөлт зэргийг харилцан тохиролцож, маргаан гаргах хүртэл хугацаанд зээлээс тодорхой хэмжээний төлбөрийг төлсөн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдлоо.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-д зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасан байх ба хуулийн дээрх заалтаас үзвэл нэхэмжлэгч нь 35.000.000 төгрөгийг зээлдэгчийн зээлийн дансанд 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлснээр зээлийг олгосон гэж үзэх үндэслэлтэй.

Хэдийгээр хариуцагч нар нь зээлийн дагуу олгосон 35.000.000 төгрөгийг захиран зарцуулаагүй гэх боловч 2016 оны 12 дугаар сараас 2018 оны 01 дүгээр сарын хооронд гэрээний үүрэгт нийт 19.129.985.49 төгрөг төлсөн үйл баримтыг үгүйсгэхгүй байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д зааснаар хариуцагч нар нь бодит үйлдлээрээ гэрээний гол нөхцөлийг зөвшөөрч, гэрээний үүрэг буюу зээлийг буцаан төлж байснаас үзвэл хариуцагчийн зээлийн мөнгийг захиран зарцуулаагүй гэх тайлбар үгүйсгэгдэж байхаас гадна нэхэмжлэгч гэрээний дагуу 35.000.000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлсэнд тооцохоор байна.

Мөн нэхэмжлэгч байгууллага нь хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Нямжаваас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар түүнийг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ц.Нямжав нь тус зээлийн гэрээн дээрх хамтран зээлдэгчийн гарын үсэг нь миний гарын үсэг биш тул шаардлагыг зөвшөөрөхгүй хэмээн маргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарын үсгийн шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн ба Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 65 дугаар шинжээчийн дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн зээлийн гэрээнд зурагдсан байх гарын үсэг гар бичвэр харьцуулах загвараар ирүүлсэн Ц.Нямжавын гарын үсэг гар бичвэр гэх чөлөөт болон туршилтын загваруудтай тохирохгүй.

2.Шинжилгээнд ирүүлсэн гарын үсэг гар бичвэрийг зээл олгосон мэргэжилтэн эсвэл хэн нэг хүн*******ын гарын үсгийг өөр баримтаас гэрэлтүүлж буулгах эсхүл техник хэрэгсэл ашиглаж хувилж, хэвлэх, хуулбарлах аргаар дууриалган бичсэн шинж тэмдгүүд илрээгүй болно.

3.Шинжилгээнд ирүүлсэн зээлийн гэрээн дээр бичигдсэн******* гэсэн нэр дээд хэсэгт зурагдсан байх гарын үсэг гэх гар бичвэрийг зээлийн баримт үйлдэх үед эсхүл хэзээ бичигдсэн болохыг тогтоох боломжгүй гэжээ.

Гэвч хэрэгт *******ны Хөвсгөл салбарт 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр...Ц.Нямжав миний бие төслийн зээл авч танай зээл рүү хийх хүсэлттэй байгаа тул Д.Мөрөнгийн хамтран зээлдэгчээс чөлөөлөгдөх хүсэлттэй байна, тусална уу..., 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр...Цэрэндорж овогтой******* миний бие*******гийн*******гийн зээлийг шүүхэд шилжихэд татгалзах зүйлгүй тул*******гийн*******гийн зээлийг шүүхэд шилжүүлж өгнө үү...гэх хүсэлтүүдийг хариуцагч Ц.Нямжав бичгээр гаргаж байсан талаарх баримт авагдсан.

Үүнээс үзвэл тэрээр зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр сайн дураар оролцож, зээлийн гэрээний 3 дугаар зүйлд зааснаар барьцаалагч талын өмнө зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээсэн нь байх тул зээлийн хамтран зээлдэгч биш гэж үзэх боломжгүй, шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримтуудаар давхар нотлогдоогүй, харин дээрх баримтаар үгүйсгэгдэж байгаа тул шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр байгаа болно.

Иймд хариуцагч Д.Мөрөн, Ц.Нямжав нараас зээлийн төлбөрт нийт 33.343.216 /гучин гурван сая гурван зуун дөчин гурван мянга хоёр зуун арван зургаа/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Сөрөг нэхэмжлэлийг шаардлагын тухайд:

Хариуцагч Д.Мөрөн нь нэхэмжлэгчтэй 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдөр иргэн Д.Мөрөн, Д.Ариунаа нарын 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдөр авсан ЗГ4905005518 дугаартай зээлийн төлбөрийн үлдэгдлийг төлөхөөр хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан заалтыг зөрчсөн мөн болзол тавьж хийсэн хэлцэл тул Иргэний хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүсэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-д заасан хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн, ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулсан.

Иргэний хуулийн 58 дугаар зүйлд ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцох тухай заасан ба дээрх хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1-д хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн 58.2.2-т хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн 58.3.1-д хэлцэл хийгч нөгөө тал болох этгээд, түүний хувийн шинж байдал нь хэлцэл хийх гол үндэслэл болсон бөгөөд энэ талаар төөрөгдсөн 58.3.2-т хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн 58.3.3-т хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар төөрөгдсөн 58.3.4-т тохиролцооны зүйл байсан сэдэлтийн талаар төөрөгдсөн бол шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болох тухай заасан.

Нэхэмжлэгч Д.Мөрөн нь шүүх хуралдаанд...Өмнөх 35,000,000 төгрөгийн зээл гэж ойлгоод гарын үсэг зурсан. Тухайн үед би хагалгаанд орсон бие муу байсан. 2 удаа норкозонд орсон болохоор ярьсан зүйлээ мартдаг...гэх тайлбарыг өгсөн боловч тэрээр *******ны Хөвсгөл салбарт...Д.Мөрөн би зээлийн үндсэн төлбөр 34.907.035, хүүнд 120.000 төгрөг төлөхөд зориулан 35 сая төгрөгийн зээлийн 36 сарын хугацаатай олгож өгнө үү. Д.Мөрөн би шинээр авсан зээлийг банктай тохиролцон эргэн төлөлт хуваарийн дагуу хүүний хамт бүрэн төлж барагдуулахыг үүгээр мэдэгдэж байна...гэх хүсэлтийг гаргаж байснаас үзвэл нэхэмжлэгчийг ноцтой төөрөгдөлд орж дээрх хэлцлийг хийсэн гэж үзэх үндэслэлгүй.

Төөрөгдөл гэдэг нь тухайн хэлцлийн хувьд үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болох эрх, үүрэг, тэдгээрийн үр дагаврын талаар хэлцлийн аль нэг тал, хоёр тал урьдчилан буруу төсөөлсөн байхыг ойлгоно.Тухайн хэлцлийн талуудын тэрхүү төөрөгдөл нь өөртөө ноцтой шинжийг агуулсан байх ёстой.

Мөн хэлцлийн аль нэг тал нь нөгөө талдаа тухайн хэлцэлтэй холбоотой эрх үүрэг болон түүнээс үүсэн гарах үр дагаврын талаар зориуд санаатайгаар буруу төсөөлөл бий болгохыг хууран мэхлэх гэж ойлгох бөгөөд хариуцагч талаас нь нэхэмжлэгч Д.Мөрөнг хууран мэхэлж дээрх гэрээнүүдийг байгуулсан гэх хууль зүйн үндэслэл, үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцно гэж заасан байх ба талууд зээлийн гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, зээлдүүлэгч нь зээлдэгчийн зээлийн дансанд мөнгийг шилжүүлсэн, мөн хуулийн 281 дүгээр зүйл нь Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох асуудлыг зохицуулсан зохицуулалт биш ба хариуцагч Д.Мөрөн нь дээрх шаардлагыг гаргахдаа Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зохицуулалт нь тус хуулийн 451 дүгээр зүйлд бүхлээрээ холбогдохгүй байгааг анхаараагүй байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Хавтаст хэргийн 9-11, 52-64, 71-85, 92-122, 127-128, 145-147, 158-161 дугаарт авагдсан зээлийн дансны хуулга, дипозит дансны хуулга, хүү тооцоолол зэрэг баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, нотариатчаар гэрчлүүлээгүй, Д.Мөрөнгийн хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн сар бүрийн барааны тайлан болон орлого зарлагын дэвтэр нь мөнгөн дүнг дарж бичсэн мөн өөр өнгийн балаар хожиж бичсэн үнэн зөв нотлох баримт гэж үзэхэд эргэлзээтэй нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул үнэлээгүй болно.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324.666 /гурван зуун хорин дөрвөн мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332.950 /гурван зуун гучин хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Мөрөн, Ц.Нямжав нараас 324.666 /гурван зуун хорин дөрвөн мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар хариуцагч Д.Мөрөн, Ц.Нямжав нараас зээлийн төлбөрт 33.343.216 /гучин гурван сая гурван зуун дөчин гурван мянга хоёр зуун арван зургаа/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Голомт банкны Хөвсгөл салбарт олгосугай.

2.Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-д зааснаар Д.Мөрөнгийн хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324.666 /гурван зуун хорин дөрвөн мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332.950 /гурван зуун гучин хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Мөрөн, Ц.Нямжав нараас 324.666 /гурван зуун хорин дөрвөн мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ны Хөвсгөл салбарт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ