Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 00031

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

 2020        09             30                                             31

 

                                                                             

ГБХСын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1488 дугаар шийдвэртэй,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

ГБХСын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.М, Ц.Ннарт холбогдох зээлийн төлбөр 33,343,216 /гучин гурван сая гурван зуун дөчин гурван мянга хоёр зуун арван зургаа/ төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.М-ийн хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч А.Ууганбаярын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэрэннадмид, Г.Жавхлан, хариуцагч Д.Мөрөн, хариуцагчийн өмгөөлөгч А.Ууганбаяр, В.Энхболд  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ГБХС шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.Мөрөн, хамтран зээлдэгч Ц.Нямжав нар нь 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ГБХСаас зээл авах хүсэлт гаргаж ЗГ4905103371 зээлийн гэрээ байгуулан 35,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2.1 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч банктай байгуулсан зээлийн гэрээг зөрчин төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тул банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээний дагуу зээлийг төлүүлэхээр дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан үл хөдлөх хөрөнгө болон хариуцагчийн бусад хөрөнгөөс гаргуулах тухай шүүхийн шийдвэрт дурдаж өгнө үү. Үндсэн зээлийн төлбөр 23,364,49.93 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөр 9,276,860.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 702,205.04 төгрөг, нийт 33,343,216 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Д.М, Ц.Н-аас нараас шүүхэд гаргасан тайлбартаа: ГБХС нь Дунгармаагийн М мөн Цэрэндоржийн Н бидэнд холбогдох 2016.12.14-ний өдрийн ЗГ4905103371 тоот зээлийн гэрээний үүрэг болох 33,343,216 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.Энэ нэхэмжлэлийн шаардлагыг дараах шалтгаанаар зөвшөөрөхгүй байна.

Учир нь: Голомт банкны салбартай байгуулсан дээрх ЗГ4905103371 тоот гэрээгээр иргэн надад 35,000,000 төгрөгийн зээл тодорхой нөхцөлөөр бэлэн бусаар олгогдсон мэтээр харагддаг боловч энэ зээлээс надад нэг төгрөг ч орж ирээгүй. Өөрөөр хэлбэл миний зорилго болгосон бизнесийн үйл ажиллагаанд зарцуулагдах мөнгө миний дансанд шилжигдээгүй. Харин миний өмнө авсан зээлд суутгасан. Банкны нэхэмжлэлд тусгагдсанаар дээрх гэрээгээр зээл авахад миний охин Ц.Нямжав оролцоогүй байхад гэрээнд түүнийг төлөөлж гарын үсэг зурсан байгаа. Зээлийн гэрээний 5.7-д зааснаар энэхүү гэрээтэй холбоотой маргааныг банк болон зээлдэгч аль болох хэлэлцээрээр шийдвэрлэх бөгөөд хэрэв ийнхүү шийдвэрлэх боломжгүй бол харьяаллын дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ гэж тусгасан байна.

Иймд энэ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.М шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Мөрөн Голомт банктай 2011 оноос хойш зээлийн харилцагч болж хөрөнгө оруулалтын зээл авч тодорхой үр ашиг төлөвлөн зээл авсан юм. Гэтэл 2012 оноос эдийн засгийн хямрал болж иргэдийн үйлчилгээ, худалдан авах чадвар муудаж, төлөвлөж байсан үр ашиг багасаж, худалдаа үйлчилгээний орлогоор үйлчилгээний төвийнхөө хэвийн үйл ажиллагааг хангах, зээлээ төлөхөд хүндэл учирч эхэлсэн. Гэсэн хэдий ч банкнаас авсан өр зээлээ барагдуулахыг эрмэлзэж бүх орлогоо банканд өгч, өөрийн бизнесийн үйл ажиллагааг тордохгүй, өөд татаж чадахгүй явсаар бизнесийн ашгаараа зээлээ дарж чадахгүй байдалд хүрч улам эрсдэлд орж байсан тул энэхүү нөхцөл байдлаа Голомт банкинд хэлж удаа дараа уулзаж зээлийн төлбөрийн харилцааг зогсоож, хууль шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргаж байсан юм. Энэ байдлыг Голомт банк овжиноор ашиглаж миний төлөөгүй үлдсэн зээлийн төлбөр болох 17,000,000 төгрөг дээр түүний хүү, алданги, нэмэгдүүлсэн хүү зэргийг нэмж нийт дүнгээр 35,000,000 төгрөгийн зээлийг шинээр олгож, өмнөх хэлцэл гэрээг дуусгавар болгох болзол тавьж эхэлсэн. Түүнчлэн анх болзол тавихдаа л энэхүү шинээр үүсгэх 35,000,000 төгрөгийн зээлийг надад шилжүүлэхгүй шууд миний өмнөх өр төлбөрийг дуусгавар болгоход зориулагдана гэж болзол тавьсан нь зээлийн гэрээний хуульд заасан шаардлага болох Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн хэлцэл хийсэн. Дээрх байдлаар хуулийн шаардлагад нийцээгүй болзол нь Иргэний хуулийн 45 дугаар зүйлд заасан болзол тавьж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх нөхцөлийг бүрдүүлсэн байх тул дээрх хэлцэл, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ГБХСын захирал П.Хосбаяр сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Голомт банк нь иргэн Д.М-ийн 2016 оны 12 дугаар сарын 14-нд гаргасан зээлийн хүсэлтийн дагуу ЗГ4905103371 тоот зээлийн гэрээгээр 2011 оны 06 дугаар сарын 30-нд олгосон ЗГ4905005518 тоот Д.М-гийн зээлийн үлдэгдлийн эргэн төлөлтийг хийж, бүтэц шинэчлэх зориулалттай олгосон болно. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жавхлан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Мөрөн нь өмнөх зээлийн үндсэн төлбөрт зориулан зээл авах хүсэлт гаргасан тул 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ГБХСаас ЗГ4905103371 тоот зээлийн гэрээ байгуулан 35,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2.1 хувийн хүүтэй зээлсэн. Гэтэл зээлдэгч банктай байгуулсан зээлийн гэрээг зөрчин төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний хугацаа дууссан тул банк өөрийн санаачилгаар гэрээг цуцалж, зээлийг төлүүлэхээр шүүхэд хандсан.

Нэхэмжлэлийн шаардлагад үндсэн зээлийн төлбөр 23,364,149.93 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөр 9,276,860.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 702,205.04 төгрөг, нийт 33,343,216 төгрөг гаргуулах мөн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан үл хөдлөх хөрөнгө болон хариуцагчийн бусад хөрөнгөөс гаргуулах тухай шүүхийн шийдвэрт дурдаж өгнө үү гэсэн нь шаардлагыг давхар гарсан ба зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан үл хөдлөх хөрөнгө болон хариуцагчийн бусад хөрөнгөөс гаргуулах тухай шүүхийн шийдвэрт дурдаж өгнө үү гэсэн нь шаардлагаасаа татгалзаж байна.

Иймд үндсэн зээлийн төлбөр 23,364,149.93 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөр 9,276,860.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 702,205.04 төгрөг, нийт 33,343,216 төгрөг гаргуулж өгнө үү. Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлээ болзол тавьж хийсэн хэлцэл гэж тайлбарласан байна. Энэ нь болзол тавьж хийсэн хэлцэл биш юм. Иргэний хуулийн 40 дүгээр зүйл, 196 дугаар зүйлд зааснаар талууд өөрсдийн саналаар харилцан тохиролцож байгуулсан гэрээ юм. Үүнд ашиглах боломж олгоогүй гэсэн ойлголт байхгүй. Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн дагуу байгуулагдсан. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т тодорхой заасан байгаа. Тухайн харилцагчийн дансанд мөнгийг шилжүүлснээр зээл олгосонд тооцдог. Банк хууль зөрчөөгүй гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэрэннадмид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жавхлантай санал нэг байна. Хариуцагч 17,000,000 төгрөг гэж тайлбарлаад байна. 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 35,000,000 төгрөгийн зээлийг зээлийн бүтэц өөрчлөхөөр банк олгосон. Өөрөөр хэлбэл хариуцагч 35,000,000 төгрөгийн зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалд орсон байсан тул банк бүтэц өөрчлөх гэрээ байгуулж, зээл олгосон. Энэ нь хэрэгт авагдсан дансны хуулгаараа нотлогдоно гэжээ.

Хариуцагч Д.Мөрөн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг зээлийнхээ агуулгыг ойлгоогүй, дансаар нь мөнгө орсон гэж тайлбарлаж байна. Өмнөх зээлийн үлдэгдэл 17,000,000 төгрөгийг хугацаа хэтэрсэн гэж 35,000,000 төгрөг болгож төлүүлсэн. Дараа нь дахиад хүүнээс хүү тооцоод 35,000,000 төгрөгийн зээл олгосон. Үүнийг би мэдээгүй. Бараг 1 сарын дараа дуудаж гэрээнд гарын үсэг зуруулсан. Зээлийг миний данс руу оруулаад буцаагаад авсан. Би үнэндээ 35,000,000 төгрөгийн зээлийн гэрээний учрыг олоогүй. Мөн манай охины гарын үсгийг хуурамчаар зураад 2018 оноос хойш зээл авах эрхгүй болгож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Анхан шатны шүүх 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1488 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар хариуцагч Д.М, Ц.Ннараас зээлийн төлбөрт 33,343,216 /гучин гурван сая гурван зуун дөчин гурван мянга хоёр зуун арван зургаа/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ГБХСт олгож, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-д зааснаар Д.М-ийн хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324,666 /гурван зуун хорин дөрвөн мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332.950 /гурван зуун гучин хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М, Ц.Ннараас 324,666 /гурван зуун хорин дөрвөн мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ГБХСт олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч А.Ууганбаяр давж заалдах гомдолдоо: Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 155/ШШ/2020/01488 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

 1-рт: Зээл олгосон, олгоогүй эсэх талаар шүүх хуулийг буруу тайлбарлан  хуулийн өрсөлдөх хэм хэмжээг хийсвэрээр тайлбарлаж Д.М, Ц.Ннар ГБХСаас зээл авсан гэх буруу дүгнэлтэд хүрсэн байна.

Учир нь: Иргэний хуулийн 281, 451 дүгээр зүйлд зээл олгох, авах харилцааг зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шилжүүлснээр хүчин төгөлдөр байхаар зохицуулсан. Харин Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасан нь Иргэний хуулийн дээрх заалтуудтай харьцуулбал банкны зээл олгох үйл ажиллагааг журамласан шинжтэй зохицуулалт юм.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн зохицуулалт нь эд хөрөнгийг шилжүүлсэн эсэх, тухайн шилжүүлсэн хөрөнгийг захиран зарцуулах боломжтой эсэх талаарх илүү нарийвчилсан зохицуулалтыг агуулдаг бол Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зохицуулалт нь харьцангуй үйл ажиллагааны шинжтэй байна.

Иймд энэхүү маргаанд Иргэний хуулийн зүйл заалтыг нарийвчилсан зохицуулалт гэх агуулгаар хэрэглэвэл зохих байсан. Маргаж буй үйл баримтаас харахад Голомт банк нь зээлдэгч нарын зээлийн дансанд мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрх олгохгүйгээр шилжүүлсэн бөгөөд энэ үйл баримтаар зээлдэгч болон зээлдүүлэгч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан Зээлийн гэрээ байгуулагдаагүй, тухайн гэрээ хүчин төгөлдөр бус болохыг нотолж байна.

Түүнчлэн Зээлийн гэрээнд /2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ4905103371 дугаартай 35,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд/ үндсэн төлбөрийг эргэн төлөхөд зориулан зээл авч байгаа гэх агуулга харагдах боловч хавтаст хэргийн 81-85-р хуудсанд авагдсан зээл хаасан баримтаас харахад 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 17,429,596 төгрөгийн зээл хаагдаж, төлөгдөж дууссан байна.

Дээрхээс 35,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан нь үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй бөгөөд Д.М, Ц.Ннар зээл хаагдсан дүнгээр буюу 17,429,596 төгрөгийн мөнгөн дүнгээр гэрээ байгуулах ёстой байсан. Д.М, Ц.Ннар дээрх байдлыг ойлгож хуульд нийцэхгүй гэрээ хэлцэл байгуулсан хэмээн үзэж гэрээний үүргийн үндсэн зээлд 11,635,851 төгрөг, хүүнд 7,464,452 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 29,682 төгрөг, нийт 19,129,985 төгрөгийг төлсөн хойноо гэрээнээсээ татгалзаж, улмаар талууд маргаанаа шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан байна. Харин шүүхийн шийдвэрийн "Үндэслэх" хэсэгт "...зээлийг буцаан төлж байснаас үзвэл хариуцагчийн зээлийн мөнгийг захиран зарцуулаагүй гэх тайлбар үгүйсгэгдэж байхаас гадна нэхэмжлэгч гэрээний дагуу 35,000,000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлсэнд тооцохоор байна" гэж Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагчийг буруутгасан нь үндэслэлгүй. Дээрх заалт нь хиймэгц биелэх гэх мэт хэлцэлд хэрэглэгдэж болох бөгөөд зээлийн гэрээний харилцаа нь заавал эд хөрөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлснээр хүчин төгөлдөр болдог харилцаа тул шүүх Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8 дахь заалтыг хэрэглэсэн нь буруу байна.

2-рт: Сөрөг нэхэмжлэлийн хувьд зөвхөн 17,429,596 төгрөгийн үндсэн төлбөр дээр гэрээ хэлцэл хийх тохиролцооноос өөрөөр 35,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан үйл баримтаас хариуцагч Д.М нь гэрээ, хэлцлийн хувьд төөрөгдсөн, хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг хийсэн болох нь хангалттай нотлогдох боловч энэхүү үйл баримтыг нотлох, хавтаст хэргийн 81-85 дугаар хуудсанд авагдсан Д.Мд ашигтай нотлох баримтын эх хувийг нотлох баримтын шаардлага хангаагүй гэх шалтгаанаар үнэлээгүй байна. Түүнчлэн Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т “...тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцно” гэх заалтыг шүүх шийдвэртээ тусгаж байгаа боловч маргааны шийдэлд ашиглахгүй байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж байгааг нотолж байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 155/ШШ2020/01488 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Д.М, Ц.Ннарын сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

ГБХС нь хариуцагч Д.М, Ц.Ннарт холбогдох зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 33,343,216 /гучин гурван сая гурван зуун дөчин гурван мянга хоёр зуун арван зургаа/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Д.М нь хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч нараас 33,343,216 төгрөг гаргуулж, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т зааснаар хариуцагч Д.М-ийн хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр нь “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан гэж дүгнэв.

Үндсэн зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулах шаардлагын тухайд:

Зээлдэгч Д.М, Ц.Ннарын ГБХСт 36 сарын хугацаатай 35 сая төгрөгийн зээл хүссэн хүсэлтийг үндэслэн Голомт банкны салбар нь 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан ЗГ4905103371 дугаартай зээлийн гэрээгээр 35,000,000 төгрөгийг 36 сарын сарын хугацаатай, жилийн 25.2% хувийн хүүтэй иргэн Д.М-д зээлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон зээлийн дансны хуулга, бусад нотлох баримтаар нотлогдож байна.

Хариуцагч “....миний дансанд 35 сая төгрөгийг шилжүүлсэн мэтээр харагддаг боловч энэ зээлээс надад нэг төгрөг ч орж ирээгүй. Харин миний өмнө авсан зээлд суутгасан....” гэсэн тайлбар гомдол гаргаж байх боловч хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ-4905005518 дугаартай зээлийн гэрээний иргэн Д.М-ийн зээлийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийг хийж, бүтэцийг шинжлэх талаар зээлийн гэрээний 2.1.3-т тодорхой дурьдаж 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ЗГ4905103371 тоот гэрээ байгуулан зээлдүүлэгч, зээлдэгч нар зээлийн гэрээний нөхцөл зориулалтаа харилцан тохиролцсон болох нь хх-83, 139-141, 170, 171 авагдсан хүсэлтүүд, зээлийн эргэн төлөлтөө төлж байсан талаарх дансны хуулга зэргээр үгүйсгэгдэж байна. Зээлдэгч Д.М, Ц.Ннар нь зээлийн гэрээний 3.1.1-д заасан үүргээ биелүүлээгүй байх тул зээлийн гэрээнээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

  Хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 Анхан шатны шүүх хариуцагч Д.М-ийн  “2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ЗГ4905103371 дугаартай зээлийн гэрээг Хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг тухайн үйл баримт, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.   

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.2, 43.2.3-т зааснаар талуудын хооронд хүсэл зоригоо илэрхийлэн бичгийн болон гарын үсэг зуран нотариатаар гэрчлүүлсэн хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн ба Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан хуулийн шаардлага хангасан гэрээ байна гэж үзлээ.

Хариуцагчийн өмгөөлөгч “....хариуцагч Д.М нь гэрээ, хэлцлийн хувьд төөрөгдсөн, хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг хийсэн болох нь хангалттай нотлогдож ....” гэж гомдолд дурдсан байх боловч Иргэний хуулийн 58 дугаар зүйлд зааснаар “ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл” гэдгээ анхан шатны шүүхэд нотолж чадаагүй ба 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ЗГ4905103371 дугаартай зээлийн гэрээг Иргэний хуулийн зургаадугаар бүлэгт заасан “Хүчин төгөлдөр бус хэлцэл” гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн хариуцагч Ц.Н нь “....тус зээлийн гэрээн дээрх хамтран зээлдэгчийн гарын үсэг нь миний гарын үсэг биш тул шаардлагыг зөвшөөрөхгүй....” хэмээн маргаж байх хэдий ч ГБХСт хандсан Ц.Н-ын хүсэлтүүд зэргийг үндэслэж зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр сайн дураараа оролцсон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой хэрэглэж чадаагүй буюу зээлдэгч нар нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийн талаарх Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлаагүй байх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.  

Хариуцагч Д.Мөрөнгийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324,666 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1488 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т гэсний дараа “453 дугаар зүйлийн 453.1-т” гэсэн нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Д.М-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324,666 /гурван зуун хорин дөрвөн мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.СОСОРБАРАМ

                                 ШҮҮГЧИД                                     Н.БАЯРХҮҮ

                                                                                      Л.ЭРДЭНЭБАТ